Халдварын голомтыг бүрэн устгаагүй нөхцөлд шүлхийгээс сэргийлж чадахгүй.

Халдварын голомтыг бүрэн устгаагүй нөхцөлд шүлхийгээс сэргийлж чадахгүй

Монголын Мал эмнэлгийн холбооны ерөнхийлөгч Ц.Өлзийтогтохтой ярилцлаа.

 
А.Шүлхийн талаар товчхон ярьж өгөөч?
Х. Юуны өмнө мал эмнэлгийн  мэргэжлийнхэн болон мэргэжлийн бусчууд, нийт иргэд бүгдээрээ шүлхий гэдэг ямар өвчин болох талаархи ойлголтоо нэг мөр болгох хэрэгтэй. Шүлхий нь гоц халдварт өвчин. Салаа туруутан мал, амьтан өвчилдөг. Битүү туурайтан өвчлөхгүй. Энэ өвчний үүсгэгч нь вирус. Манай дэлхий дээр одоогоор уг өвчинг үүсгэгч  вирусийн  7 хэвшил бүртгэгдсэн байна. Эдгээр нь А, О, С, Ази-1, SАТ 1, SАТ 2, SАТ 3 хэвшлүүд юм. Шүлхийгээр хүн өвчлөхгүй. Арчилгаа, маллагаа сайтай бөгөөд мал, амьтны тарга хүч дунд зэрэг, түүнээс дээш байвал шүлхийн халдвар авсан байсан ч үхэх тохиолдол маш бага. Шүлхийн халдварын нууц үе нь арваад хоног. Өөрөөр хэлбэл халдвар авснаас хойш арваад хоносны дараа өвчний шинж тэмдэг илэрч эхлэнэ. Энэ хугацаанд халдвараа тээсээр, тараасаар л явна гэсэн үг.
А. Шүлхийн дэгдэлт Сүхбаатар аймгаас эхлээд одоогоор  хүрээгээ тэлээд  гурван  аймагт оношлогдчихоод байна?. Үүний шалтгаан, тэмцэх арга хэмжээний  талаар олон янзын санал, бодлууд байна?. Энэ талаархи таны бодлыг сонсоё?.
Х. Шүлхийн дэгдэлтийн шалтгаан нь тэндээс гаралтай тэр гэж  шууд дүгнэлт хийх боломжгүй. Надаас хэвлэл мэдээллийнхэн асуухдаа энэ дэгдэлтийн шалтгаан нь вакцины хэрэглээтэй холбоотой эсэхийг илүүтэй тодруулах гээд байна л даа. Учир нь Монгол улсад мал эмнэлгийн зориулалттай вакцин үйлдвэрлэдэг ганц үйлдвэрийг нь мэргэжлийн удирдлагаар хангаж, ерөнхий технологичоор нь ажиллаж байсан хүн гэдэг утгаар нь намайг вакцины талаар бусдаас илүү мэдээлэлтэй байгаа болов уу л гэж үзээд надад хандаад байх шиг байна. Хэвлэл мэдээллийнхэн надад хандахаасаа өмнө Сүхбаатар аймгийн мал сүрэг 3-4 сарын өмнө шүлхийгээс сэргийлэх вакцинжуулалтанд хамрагдчихсан байсан  бөгөөд  бүрэн дархлаатай байх ёстой мал сүрэг яагаад шүлхийгээр өвчилсөн бэ?, бас дээр нь вакциных нь хүчинтэй хугацаа дуусаж байгаа юм байна гэх зэрэг мэдээллүүдийг авчихсан байсан гэж  би ойлгосон. Тэгээд би тэр талаархи мэдээллүүдийг нь нягталж үзсэн л дээ. 2013 онд Говьсүмбэр аймагт 3500 гаруй литр шүлхийгээс сэргийлэх вакциныг зориулалтын бус газар хадгалаад хөлдөөчихсөн. Хоёр сарын турш хөлдүү өрөөнд хадгалаад хөлдөөчихсөн тэдгээр вакциныхаа хагасыг нь хөлдсөн байна гэж устгачихаад, хагасыг нь хөлдөөгүй байна гэж ялгаж аваад үлдсэн гэдэг мэдээлэл би сонсож байсан л даа. Дараа нь тэр вакциных нь хөлдчихсөн  дээжийг олж үзсэн. Энгийн логикоор бодоход  хөлдүү нэг өрөөнд 2 сарын турш хадгалсан вакцины хагас нь хөлдөөд, хагас нь хөлдөөгүй гэхэд итгэх хүн гарах болов уу?  гэж тэр дээжийг бариад зогсож байсан мэргэжилтэнд  тухайн үед нь хэлж л байлаа. 2014 оны 02 сар гэхэд хүчинтэй хугацаа нь дуусна гэж шошго, заавар дээрээ байгаа юм байна. Тэгэхээр 2014 оны 02 сарын 01-нд хугацаа нь дуусна гэж үзэх үү?, 2014 оны 02 сарын 28-нд хугацаа нь дуусна гэж үзэх үү?, гэх зэргээр эргэлзээтэй асуудал малын эмч нар, малчид, иргэд, хэвлэл мэдээллийнхэний дунд байгаа юм билээ. Энэ нь ч зүйн хэрэг. Оросоос мэргэжилтэн урьж ирсэн чинь тэр хүн нь вакциныг гаднаас нь хараад 2014 оны 02 сардаа багтаагаад хэрэглэж болно гэдэг “зарлиг” буулгаж гэнэ л дээ. Энэ ертөнцөд ямар ч шидтэн байсан 18 сар хадгалчихсан,  лонхонд савлачихсан  вакциныг гаднаас нь хараад сайн, муу чанартай гэдэг дүгнэлт гаргах боломжгүй л дээ. Зөвхөн өндөр хүчин чадалтай лабораторит л вакцины чанарыг шалгасны үндсэн дээр, хэрэглэж болох эсэх, идэвхитэй буюу идэвхигүйг нь тогтоох боломжтой байдаг юм. Үүнийг л манай МЭҮГ-ынхан ойлгодоггүй учраас тийм яриа гаргаж  байгаа байх. Тэгээд вакцины хадгалах хугацаа нь тухайн хүчинтэй сарынхаа эхний өдрөөр дуусгавар болох учиртай.
Мөн манай улсын хэрэгцээнээс хавьгүй илүү, огт шаардлагагүй вакцин илүүдэл хэмжээгээр захиалж авч ирсэн гэдэг мэдээллийг ч  өмнө нь авсан байсан.
Энэ вакциныг 2011 оны 05 сард Монгол улсын Малын эмийн улсын бүртгэлд  хууль бусаар оруулах үед нь ч 50% хүрэхгүй хамгаалах идэвхитэй вакциныг бүртгэж болохгүй гэдэг саналыг малын эмийн салбар зөвлөлийн хэдэн гишүүд гаргаж, улсын бүртгэлд бүртгэхийг эсэргүүцэж байсан болно.
Дээр дурдсан  болон бусад баталгаатай мэдээллүүд байсан учраас би дүгнэлтээ хийсэн л дээ. Шүлхийн эсрэг тэмцэж буй одоогийн арга нь мал эмнэлгийн шинжлэх ухааны үндэслэл муутай, дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагаас гишүүн орнууддаа өгдөг зөвлөмжийг зөрчсөн, Монгол улсын мал аж ахуйн өвөрмөц онцлогт тохирохгүй, мал эмнэлгийн мэргэжлийн ёс зүйд харшилсан, манай улсын эдийн засагт үлэмж их хохиролтой, үргүй хөдөлмөр зарцуулалт ихтэй байгаа. Ийм их зардал гаргаад ч шүлхийгээс сэргийлж чадахгүй, халдварын голомтоо бүрмөсөн устгадаггүй учраас л энэ явуулж байгаа мал эмнэлгийн мэргэжлийн үйл ажиллагаа  нь ямар ч  үр дүнгүй байгааг л ойлгуулах гэж чармайгаад, буруу үйл ажиллагааг нь залруулахын төлөө  сануулж зөвлөөд байгаа юм. Монголын мал эмнэлгийн холбоо нь малын эмч нарын мэргэжлийн эрх ашгийг хамгаалдаг төрийн бус байгууллага юм. Бид шүлхийтэй яаж тэмцэх талаар шийдвэр гаргахгүй нь ойлгомжтой. Бидний мэргэжлийн буюу шинжлэх ухааны үндэслэлтэй гаргаж буй санал, зөвлөмжийг шийдвэр гаргагчид шүлхийтэй тэмцэх шийдвэртээ тусгаж авбал манай улсын эрх ашигт илүүтэй нийцнэ л гэж үзээд дуу хоолойгоо гаргаад байгаа юм.
А. Шүлхий гарсан үед  мал эмнэлгийн мэргэжлийнхэнээс илүү онцгой байдал, мэргэжлийн хяналт гэх мэт өөр бусад  салбар, байгууллагынхан л  их сүржигнэх юм. Мэргэжлийн удирдлагыг нь бие даан шийдвэр гаргуулахгүй байгаагаас бас их алдаа гарч байх шиг байна уу, үгүй юу?
Х. Маш зөв асуудал хөндөж байна. Ер нь ганц мал эмнэлэгт ч бус, манай улсын  нарийн мэргэжлийн олон салбарт мэргэжлийн удирдлага алдагдсанаас ихээхэн завхрал гарч байна. Шүлхийн дэгдэлтийн үед гарсан саяхны нэг тохиолдлыг дурдая л даа. Хэдхэн сарын өмнө буюу 2013 оны 07 сард Баянөлгий аймагт шүлхийн дэгдэлт тохиолдох үед Монгол улсын мал эмнэлгийн албаны дарга, манай улсын малын ерөнхий эмч, дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын өмнө Монгол улсыг төлөөлдөг Т.Баатар даргаа Баянөлгийн шүлхийн голомтонд аваачиж хорьчихоод, Улаанбаатар хотоос мэргэжлийн бус хүмүүс нь удирдаад байгаа байдал ажиглагдаж байсан л даа. Ийм мэтчилэн мэргэжлийн удирдлагаа үл ойшоодог, мэргэжилгүйгээр удирдаж завхрал гаргадаг байдал олон жил үргэлжилж байна. Иймээс буруу, зөвөө ялгаж ойлгодоггүй, алдаагаа ухаарч засах чадваргүй тогтолцоо үргэлжлээд л байж байна. Түүнчлэн  мэргэжлийн дипломтой ч мэргэжлийн мэдлэггүй, чадваргүй мөртлөө нэгэн ухаантны хэлснээр “мэддэггүйгээ мэддэггүй” олон мэргэжилтний баг манай салбарын толгойлох байгууллагад цуглараад олон жилийн нүүр үзэж байгаагийн улмаас төр, засгийн зүгээс явуулж буй  ажлыг цалгардуулдаг, завхруулдаг явдал оршсоор. Мэргэжлийн болон мэргэжлийн бусчууд нийлж  хэрхэн үр дүнтэй тэмцэх вэ гэхээсээ илүүтэй их сүржигнэх байдал анзаарагдаж байгааг нуугаад яахав. Шалтгаан нь дээр дурдсантай л холбоотой. Бас хувь хүн, бизнесийн бүлэглэлийн том,жижиг эрх ашиг ч байдаг бололтой юм. Зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр МЭҮГ-ынхан болон мэргэжлийн хяналтын зарим нөхдүүдийн ярьж байгаагаас харахад  шийдвэр гаргагчдыг зөв мэдээллээр хангах ёстой манай мэргэжлийн салбарынханд шийдвэр гаргах эрхийг нь өгсөн ч зөв шийдвэр гаргаж чадахгүй юм байна гэдэг нь ч бас харагдаад байна л даа. Тэгэхээр шүлхийтэй тэмцэх зөв замаа олно гэдэгт эргэлзэж байна.
А. Шүлхийтэй тэмцэж байгаагийн эргэн тойронд засаж залруулах асуудал хэр олон байна?
Х. Олон байна. Тухайлбал,  дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагынхаа зөвлөмжийг хэрэгжүүлэхээр  болбол  үйлдэл, үйл ажиллагаа бүрийн мөн чанарыг нь бүрэн ойлгосны үндсэн дээр Монголынхоо онцлогтой уялдуулж дагаж мөрдөх боломж байгаа эсэхээ шийддэг болох, хөл хорио тогтоохдоо анхаарах асуудлууд, өвчтэй малыг ялгаж устгахын утга, мөн чанарыг ойлгох, халдваргүйтгэлийг зөв, бүрэн явуулж буй эсэх, вакцин хэрэглэх эсэхээ шийдэх, хэрэв вакцин хэрэглэвэл түүнийгээ зөв сонгох, чанарыг нь хянадаг тогтолцоотой болох,  захиалах хугацаа, тоо хэмжээгээ оновчтой тодорхойлох, вакцинжуулалтаа зөв явуулдаг болох, хэрэглэх зааврыг нь мөрддөг болох, ер нь олон төрлийн вакцинуудын талаар зөв ойлголттой болох, шүлхийн чөлөөт бүс гэх мэт асуудлын талаар мөн чанарыг нь ойлгож хэрэгжүүлэх эсэхээ шийддэг болох, шүлхийн дэгдэлтийн улмаас учрах хохирол, тэмцсэний үр дүнд гарах  эдийн засгийн үр ашгийг харьцуулж тооцдог болох гэх мэтээр зөвтгөх асуудлууд нилээд байна гэж үздэг. 

....Мэдээлэл өгсөнд баярлалаа

Хөдөө аж ахуйн маргааш сонин.
2014.02 сар