Увс сүйрлийн ирмэг дээр

Увс - сүйрлийн ирмэг дээр
Увс нутагтаа аж төрөн суугаа эрхэм таны амар мэндийг эрье. Хүрээлэн буй байгаль орчин, цаг уур, түүх, соёл, ёс заншил, аж амьдралын өвөрмөц  хэв шинж зэргээрээ онцлог ард түмэн гэдгээрээ Увсчууд бид хаана ч бахархдаг билээ. Тэгвэл бидний тэрхүү бахархалт газар нутаг, нуур цөөрөм, гол булаг шанд,  бэлчээр, зэрлэг ба тэжээвэр амьтад, олон янзын ургамлын зүйлийн бүрэлдэхүүн болон хүмүүсийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэнд ноцтой асуудал тулгараад байна. Монгол улсын үндсэн хуулиар байгалийн нөөц, газрын хэвлийн баялаг  ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна гэж Увсчууд та бүхэнд олгогдсон халдашгүй дархан эрхийг манай Засгийн газар үл ойшоож 2015 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр тогтоол батлан Увс аймагт газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулах эрхийг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Монголиа гладвилл Увс петролиум” ХХК-д олгожээ.
“Монголиа гладвилл Увс петролиум” компанид олгосон газрын тосны хайгуулын талбай нь Увс аймгийн 19 сумын 14 сумынх нь газар нутгийг хамраад зогсохгүй Увс аймгийн 69585 км хавтгай дөрвөлжин талбайтай газар нутгийн ойролцоогоор гуравны нэгтэй нь тэнцүү буюу 19720 км.кв талбайг харийн эзлэн түрэмгийлэгч  компанийн мэдэлд өгөхөөр болжээ. “Монголиа гладвилл Увс петролиум” компани 2015 оноос хойш Увс аймагт явуулсан үйл ажиллагаа, орон нутагтай байгуулсан гэрээ зэрэг нь Монгол Улсын олон хууль, Монгол улс нэгдэн орсон олон улсын гэрээнүүд, холбогдох эрх зүйн актуудыг зөрчсөн төдийгүй төрөлх нутагтаа оршин сууж буй уугуул иргэд - Увсчуудын язгуур эрхэнд ноцтойгоор халдсан хууль бус ажиллагаануудыг  зохион байгуулж явуулсаар байна.
Эдгээр олон хууль бус ажиллагаа, Увс нутгаа бид хамгаалах үндэслэлүүд, байгаль орчинг хамгаалах чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг дэлхийн, олон улсын байгууллага, эрдэмтэн судлаачдын зүгээс Увс нутаг, Увс нуурыг хамгаалах шинжлэх ухааны үндэслэл бүхий судалгаануудын үр дүн, зүй ёсны шаардлага зэрэг олон төрлийн мэдлэг, мэдээлэл бүхий судалгааны үр дүн, баримтат нийтлэлийг багцлан нутгийнхаа төлөө цохилох зүрхтэй увсчууд та бүхэнд илгээж байна.
Увс нутаг маань сүйрлийн ирмэгт тулж ирээд, аюулын харанга дэлдэж байна. Чухам эзэн нь болсон уугуул, суугуул иргэн танаас л төрж өссөн газар нутаг маань бүрэн бүтэн үлдэх, үр хойч тань энэхүү бахархалт эх нутагтаа хэдэн зуунаар үе дамжин энх, тунх амьдран суух эсэх нь шалтгаалах болоод байна.
Магадгүй та өөрөө ч юмуу, хэн нэгэн ухуулснаар  одоо л уул уурхайг эхлүүлж нутаг орныхоо байгалийн баялгийн нөөцийг мэдье, нутгаа хөгжүүлэх ёстой гэж бодогдож  байж магад.  Харамсалтай нь манай улсын, орон нутгийн одоогийн удирдлага, шийдвэр гаргах түвшинд байгаа сонгогдсон болон томилогдсон албан тушаалтан, эрх мэдэлтэн, түшмэл нар нь  Монгол Улсад орж ирж уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын компаниудад Монгол Улсын хууль,  эрх зүйн актуудыг биелүүлэх шаардлага тавьж ажиллах, хариуцлагатай уул уурхай эрхлэх, орчин үеийн шинжлэх ухааны үндэслэлтэй, дэвшилтэт техник технологи ашиглах, уул уурхай эрхлэхээс өмнө тухайн орон нутгийн дэд бүтцийн асуудлыг шийдсэн байх, хүрээлэн буй байгаль орчин буюу бүх амьд, амьгүй байгалийн нарийн зүй тогтолт харилцааг эвдэхгүй байх талаархи судалгаа шинжилгээ үнэлгээг жинхэнэ шинжлэх ухаанчаар хийлгэж гүйцэтгүүлэх зэрэг ард иргэд та биднийг төлөөлөн шаардлага тавьж, бидний талд бат зогсож хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, эвлэлдэн нэгдсэн байдлыг эрхэмлэн дээдэлж ёс зүй, мэдлэг, мэргэшлээрээ өндөр түвшинд, хариуцлагатай байх байдал дадал хэвшил болж тогтоогүй байгааг хэзээ ч мартаж болохгүй. Үүний тод жишээг газрын тосоо олборлуулсаар байгаа мөртлөө хөгжиж чадахгүй байгаа Дорнод аймгийн Матад сум, “Алт-1” хөтөлбөр нэрээр 20 гаруй жил газар нутгаа сэндийчүүлсэн Төв аймгийн Заамар сумынхан зэрэг олон олон  бэлээхэн жишээг та дуулсан биз ээ.
Уул уурхайн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл өгөх төдийд л үй олон хууль дүрэм журмыг уландаа гишгиж, газар нутгийн эзэн болсон иргэн танаас ч ямар нэгэн санал, зөвшөөрлийг хүсэхгүй байгаа төр засаг, шийдвэр гаргах түвшний хүмүүс, гадаадын компаниуд цаашлаад юу хийж, ямархуу хандлагаар ажиллах нь ойлгомжтой.
Увсчууд бид өнгөрсөн олон зууны туршид газар нутгаа сэндийчүүлж биш өөрсдийн хөдөлмөр, зүтгэлээр амьдрал ахуйгаа авч явсаар ирсэн билээ. Заавал газрын хөрсийг хөндөж биш, уламжлалт болон орчин үеийн олон хэлбэрийн мал, амьтны аж ахуй, газар тариалан, аялал жуулчлал эрхлэх гэх мэт байгаль орчноо сүйтгэхгүйгээр нутаг орноо хөгжүүлэх олон боломж байна. Харин  төр засаг нь Монгол Улсынхаа эзэн шиг байж, хуулиа бүх нийтээрээ жигд дагаж мөрддөг,  эрх мэдэл, хөрөнгө мөнгө, бэл бэнчинг ялгаварлахгүйгээр үйлчилдэг болсон цагт бид газрынхаа баялгийг ашиглуулж болох байх. Одоо тэрхүү цаг үе нь биш гэдгийг та тунгаан бодно уу.
Бахархалт сайхан нутаг, дэлхийд хосгүй Увс нуур, түүний эргэн тойрон дахь байгалийн олон янз байдлын цогцолбор, онгон дагшин бүс газар, хөрс шороогоо харийнхан ба тэдэнтэй зөвхөн мөнгөөр сүлбэлдэгсдээс  энэ газар нутаг дээрээ эзэн нь болж төрөөд амьдарч байгаа иргэн та л хамгаалж чадна. Үүний төлөө хамтдаа тэмцэцгээе.
“Дэлхийн өв Увс нуур төв” ТББ.
2017.05 сар.