Мал эмнэлгийг зүй тогтолоор нь хөгжүүлье
Мал эмнэлгийн мэргэжлийн үндсэн үүрэг:
Мал эмнэлэг бол дэлхийн ууган мэргэжилүүдийн нэг. Монголд ч бас бусад мэргэжилүүдтэй харьцуулахад эрт үүсч хөгжсөн мэргэжил. Мал эмнэлэг бол нилээд глобалчлагдсан мэргэжил. Энэ үүднээс нь авч үзвэл Монголын мал эмнэлэг нь дэлхийн мал эмнэлгийн нэг хэсэг. Хүнээс бусад бүх амьтны өвчнүүдтэй тэмцэх; амьтдын гаралтай хүнсний бүтээгдэхүүний эрүүл, аюулгүй байдалд баталгаа гаргах; гадаад, дотоодын зах зээл дээр амьтад ба тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний худалдааны чөлөөт байдлыг хангах; нэг талаас хүнээс амьтанд халдварладаг, нөгөө талаас амьтад, тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүнээр дамжин хүнд халдварт, хордлогот өвчин үүсгэдэг хүчин зүйлсээс нийтийн эрүүл мэндийг хамгаалах; амьтдын амар тайван байдлыг хангаж, тэдэнтэй зүй бусаар харьцахгүй байх зөвлөмжөөр хангах зэрэг нь бидний нэрлэж заншсанаар “мал эмнэлэг”-ийн, дэлхий дахины мэддэгээр veterinary service-ийн үндсэн үүрэг юм. Мал эмнэлэг нь ийм өргөн хүрээг хамарч ажилладаг мэргэжлийн салбар.
Шууд ба дам утгаараа мал эмнэлэг нь хүний, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах үүрэгтэй мэргэжлийн алба гэдэг нь эндээс харагдаж байна. Тийм ч үүднээс хүний эмч зөвхөн хүнийг эмчилдэг бол малын эмч хүн төрөлхтөнг эмчилдэг гэх хэлц үг гарсан биз. Мал аж ахуй (зөвхөн таван хошуу мал бус, бүх амьтны аж ахуй) эрхлэлт хүн амынх нь амьжиргаанд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг орны хувьд мал эмнэлэг нь эдийн засагт үлэмж нөлөөтэй байдаг.
Дэлхийд мал эмнэлэг үүссэн тухай болон олон улсын мал эмнэлгийн байгууллагуудын нэгдсэн тогтолцоо:
1761 онд анхны мал эмнэлгийг Францад бий болгосон нь дэлхийн мал эмнэлгийн үүсэл байсан гэдэг. Дэлхийд мал эмнэлэг үүсч байгуулагдсаны 250 жилийн ойг 2011 онд Францад тэмдэглэж өнгөрүүлсэн. Дэлхийн мал эмнэлгийн холбоог 1863 онд Германы Хамбургт үүсгэн байгуулсан байдаг. 2013 оны 09 сард Чехийн Прагт дэлхийн мал эмнэлгийн холбооны 150 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн. Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага (world animal health organization) буюу OIE нь 1924 онд үүсгэн байгуулагдсан. Энэ байгууллагыг үүсгэхэд хүргэсэн үндсэн шалтгаан нь үхрийн мялзан өвчин юм. Тухайн үед дэлхий даяар тархсан байсан үхрийн мялзан өвчинтэй хамтарч тэмцэхгүй бол халдварыг хориглож дийлэхгүй, урт хугацаа зарцуулах зэрэг бэрхшээлүүд байсан учраас олон улсын хамтын байгууллага байгуулж, түүнийхээ удирдлага дор нийлж тэмцэхээс өөр аргагүй болсон. Ийнхүү олон улс орнууд нэгдсэн хэлэлцээрт хүрсэн. Одоо энэ байгууллага эгнээндээ 178 гишүүн орон багтаадаг. Амьтны халдварт өвчнүүдтэй тэмцэх болон мал эмнэлгийн мэргэжлийн хууль эрх зүй, боловсрол зэрэгтэй холбоотой асуудлуудаар гишүүн 178 орноо буюу ерөнхийдөө дэлхийг мал эмнэлгийн мэргэжлийн ажил, үйлчилгээний арга зүй, удирдамжаар ханган ажилладаг.
Монголын мал эмнэлэг.
Монголд мэргэжлийн буюу шинжлэх ухааны мал эмнэлгийг 1900-аад оны эхээр Оросын мэргэжилтнүүд үүсгэн ажиллуулж байсан баримт бий. 1923 оны 04 сарын 06-ны өдөр тухайн үеийн засгийн газрын шийдвэр гарч манай улсад мал эмнэлгийн албыг байгуулсан байдаг. Ийнхүү манай улсад мал эмнэлгийг албан ёсоор байгуулсны 90 жилийн ойг өнгөрсөн намар тэмдэглэсэн.
Ингэж байгуулагдсан мал эмнэлгийн мэргэжлийн салбар нь гадаад, дотоодын мэргэжилтнүүдийн оролцоотойгоор, төр засгийн болон олон улс орны туслалцаа, дэмжлэгтэйгээр 1990 он гэхэд сургалт, судалгаа, үйлдвэрлэл, үйлчилгээний бүх л салбартаа боловсон хүчин- хүний нөөц, технологи-арга зүй, тоног төхөөрөмж-хэрэглэгдэхүүн, ажиллах байр – объектын хувьд нилээд боломжийн бааз суурьтай болсон байсан. 1990 оноос манай улсад эхлэсэн нийгмийн тогтолцооны шилжилт нь мал эмнэлгийн салбарыг ардчилсан зах зээлийн нийгэмд зохицож ажиллахыг шаардсан. Ингээд 1999 оноос мал эмнэлгийн салбарыг хувьчилснаар анхан шатны бүх нэгжүүд хувьд шилжсэн. Шинээр хувийн мал эмнэлгүүд ч олноор бий болж эхлэсэн. 2013 оны 09 сарын байдлаар манай улсад 800 гаруй мал эмнэлгийн ажил, үйлчилгээ эрхэлдэг нэгж байна. Хувьчлалын өмнөхтэй харьцуулахад тоо нь өссөн. Дундачаар нэг суманд 2-3 мал эмнэлгийн нэгж ажиллаж байна гэсэн үг. Тоон үзүүлэлтийг нь харахаар боломжийн харагдаж байгаа ч чанарын талаас нь авч үзэхээр өрөөсгөл байдаг. Учир нь анхан шатны зарим мал эмнэлгийн нэгжид ажиллаж байгаа малын их, бага эмч нарын мэргэжлийн мэдлэг, мэргэшлийн ур чадвар, түүнийгээ сүүлийн үеийн шинжлэх ухааны ололт, мэдээллээр баяжуулж, шинэчилж байгаа байдал, олон зүйлийн амьтны олон янзын өвчин эмгэгийг таниж, оношлоход хэрэглэж буй оношлогооны дэвшилтэт аргууд, түүнийг хэрэглэж дүгнэлт гаргах чадвар, өвчин эмгэгтэй мал, амьтанг эмчилж эдгэрүүлэх үйлчилгээний хандлага, аргачлалын сонголт, чадамж, ур дүй; мал, амьтанг янз бүрийн өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэхээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний төлөвлөлт, боловсруулалт, зөвлөмж зэрэг нь одоогоор тухайн асуудлыг шийдвэрлэх үед олон улсад тавигддаг шаардлагаас нилээд зөрүүтэй, олонхи тохиолдолд итгэл үнэмшилтэй өөрийн мэдлэгт тулгуурласан бус, бусдаас сонссон, хэн нэгний зөвлөмж болгосон буюу баталгаа нотолгоотой үндэслэл нь тодорхой бус байгаа. Үүний шалтгаан нь дээр дурдсан зарим субъектив хүчин зүйлүүдээс шалтгаалахаас гадна, материаллаг хүчин зүйлүүдээс ч нилээд их хамааралтай байгаа юм. Тухайлбал, мал эмнэлгийн ажил, үйлчилгээ явуулах байр байшингийн хүрэлцээгүй байдал, техник-тоног төхөөрөмжийн хоцрогдол, дутагдалтай байдал, оношлогоо, эмчилгээ, сэргийлэлтэнд ашиглаж буй урвалж, эм, бодис, биобэлдмэлийн чанар харьцангуй доогуур үзүүлэлттэй, сонголт нь хязгаарлагдмал, тэдгээрийг хадгалах, тээвэрлэх орчны стандарт шаардлага хангаагүй байдал, малын эмч нар том амьтадтай харьцаж ажиллах гадна орчны тохь тухгүй байдал, хагас зэрлэг, хангал догшин мал, амьтантай тулж, харьцаж ажилладаг байдал зэрэг ажлын байрны орчны дутагдал, хомсдол, аюулгүй ажиллагааны наад захын шаардлага хангаагүй байдал зэрэг нь мал эмнэлгийн ажил, үйлчилгээний чанарыг доошлуулахад ихээхэн үр нөлөөтэй.
Мал эмнэлгийн эрх зүйн орчин:
1923 онд байгуулагдсан мал эмнэлгийн салбарын үйл ажиллагааг 1993 он хүртэл “Мал эмнэлгийн дүрэм”-ээр зохицуулж ирсэн байдаг. 1993 онд Монгол улсын их хурал “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хуулийг баталснаар манай улсын мал эмнэлгийн салбарын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны төлөвлөлт, хяналтыг уг хуулиар зохицуулах болсон. Уг хууль хэрэгжиж эхлэснээр мал эмнэлгийн зарим үйл ажиллагааг хэн нэгэн сайд, дарга, эрх мэдэлтний хүсэл тааллаар бус, хуулийн дагуу зайлшгүй хэрэгжүүлдэг давуу талтай болсон ч, мал эмнэлгийг нарийн мэргэжлийн алба буюу мэргэжлийн бус, мэргэжилгүй этгээд эрхэлж болдоггүй ажил, үйлчилгээ гэдгийг нь алдагдуулсан, бүх шатандаа уялдаа холбоотой байж үүрэг өгдөг, биелүүлдэг нэгдмэл удирдлагагүй болгосон, зарим үүргийг нь өөр субъектүүдэд харьяалуулсан, гүйцэтгэх ёстой үүргийг нь хязгаарласан, орхигдуулсан, санхүүгийн ямар ч эрх мэдэлгүй болгосон зэрэг олон давуу бус талуудыг мал эмнэлгийн салбарт бий болгосон. Ингэснээрээ “мал эмнэлгийн дүрэм”-ээр үйл ажиллагааны хувьд нэгдмэл зохион байгуулагдаж байсан салбар нь “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хууль хэрэгжих явцад мэргэжлийн салбар, мэргэжлийн ажил үйлчилгээ гэдэг утгаа алдсан. Тухайлбал, уг хуулинд зааснаар мал, амьтны нэг ч өвчнийг оношлох арга мэдэхгүй, нэг ч өвчтэй мал эмчилж үзээгүй, нэг ч эмийг хэрэглэх рецепт бичихийг заалгаагүй “зоотехникч” буюу “мал зүйч” мэргэжилтэн мал эмнэлгийн ажил, үйлчилгээ эрхлэх хуулийн зохицуулалт бий болсон. Мал эмнэлгийн мэргэжлийн салбарыг тухайн мэргэжлийн талаар “А” ч байхгүй, мэргэжлийн бус этгээдүүд удирдах боломжтой болсон. Энэ жишгээр манай улсын мал эмнэлгийн хэрэглээнд хэрэглэх эм, биобэлдмэлийг бүртгэж, дотоодын зах зээлд худалдах “зөвшөөрөл”-ийг олгодог “Малын эмийн салбар зөвлөл”-ийг машин, техникийн инженер, мөнөөх ганц рецепт бичих чадваргүй зоотехникч удирдаж, даргалдаг болсон. Одоо тэрхүү зөвлөлийг нь математикийн багш даргалж, малын эмч бус нэгэн этгээд нарийн бичгийн даргаар нь ажиллаж байна. Мал эмнэлгийн салбарын ажил үйлчилгээ “нэг л биш ээ” гэдгийг мэдэж, ярилцаж байгаа хүмүүсийн тоо цөөн биш. 2010 онд УИХ “Монгол мал” хөтөлбөрийг батлахдаа ч түүнийг анзаарсан бололтой байдаг. Тэгээд тэр “болохгүй” байгаа мал эмнэлгийн тогтолцоог засах гэхдээ “социализм”-ын үе рүү нь буцааж оруулах аргыг бодож олсон байдаг. Тэгээд Монгол улсын бүх аймгийн бүх суманд “мал эмнэлэг, үржлийн тасаг”-ийг бий болгож өгсөн. Татвар төлөгчдийн мөнгөөр хийх ажилгүй, “ажлын байрны тодорхойлолт” нь хоосон 1000 гаруй хүнийг нэмж цалинжуулахаар шийдвэрлэсэн. Тэдгээр ажлын байрны олонхид нь малын эмч, зоотехникч ажиллах бус инженер, агрономич, эдийн засагч, ямар мэргэжилтэй нь тодорхой бус хүмүүс ажиллаж цалин аваад зүгээр сууж байна. Малын эмч, зоотехникч нар нь ч ямар ажил хийхээ мэдэхгүй сууцгааж байна. Цалингаас өөр ямар ч төсөвгүй. Юу хийхээ мэдэхгүй. Зарим нэг нь ганц эвдэрхий машинтай. Нэг ч литр бензин худалдаж авах төсөвгүй. Ийм л байдалтай.
Мал эмнэлгийн тогтолцооны дампуурал:
Хэдийгээр хуультай болоод тэр нь хэрэгжиж эхлэсэн ч 2000-аад он хүртэл мал эмнэлэг мэргэжлийн удирдлагатай, бие даасан статустай байсан юм.Тэгэж явтал 2000-аад оны дунд үеэс эхлэн “мал эмнэлэг”-ээр бизнес хийх “их аян” эхлэсэн. Энэ үеэс улс төр, бизнесийн бүлэглэлийнхэн мал эмнэлгийг мэргэжлийн ажил үйлчилгээ гэж үзэхээ болисон. Тэдэнд мал эмнэлэг мөнгө олох хэрэгсэл болж харагдсан. Зөвхөн зоосны нүдээр хардаг болсон. Ийнхүү мал эмнэлгийн салбар нь хууль бусаар, хуйвалдаанаар бохир мөнгө олох луйварчдын хэрэгсэл болж хувирсан. 2000-аад оны эхэн үе хүртэл Монгол улсын мал эмнэлгийн салбарын удирдлагад тухайн салбартаа танигдсан, мэдлэг, ур чадвар, туршлагаараа тэргүүний хүмүүсийг томилж ажиллуулдаг байсан. Энэ үеэс эхлэн улс төрчид, луйварчдын бүлэглэлийн хамаатан садан, хамсаатнуудыг авчирч суулгадаг болсон. Бүлэглэл, компаний төлөөлөгчдийн цуглуулга болсон. Бүр сүүлдээ мал эмнэлгийн мэргэжлийн өчүүхэн ч совесть байхгүй мэргэжлийн бусчуудыг манай салбарын удирдлагад томилдог болсон. Түүнийг нь малын эмчийн дипломтой томоохон луйварчид ч өөгшүүлэн дэмждэг болсон. Учир нь тэдэнд мэргэжлийн үүднээс өчүүхэн төдий ч эсэргүүцэл үзүүлэхгүй амар байх шиг болсон. Луйварчдын бүлэглэлийнхэнд мэргэжлийн ажил,үйлчилгээний зөв сонголт, сайн чанартай бүтээгдэхүүнийг зааж өгөөд, авчирч туршиж үзүүлээд ч тусыг эс олно. Харин сайн бүхнийг зах зээлээс хурдан хөөж гаргах арга хэмжээ авна. Гадаад, дотоод түншийг нь соёлтойгоор булааж авахаар аргадаж нэг үзнэ. Эсвэл айлгаж, дарамтлах ба хууль бус, бохир аргуудыг хэрэглэж голдуу далдуур тэмцэнэ. Шударгаар, хуулийн дагуу, зах зээлийн жамаар, боломжийн үнэ, чанараар өрсөлдөх тухай ойлголт тэдэнд байхгүй. Тэдэнд авлигал, бохир аргаар мөнгө олох нь чухал болохоос ажиллаж буй салбартаа сайн, чанартай бараа, ажил, үйлчилгээтэй болох нь ач холбогдолгүй. Хуулийн заалттай, засгийн газрын тогтоолтой, үндэсний хэмжээний хөтөлбөртэй, улсын төсөвт бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээнийх нь нэрийг заагаад тусгадаг болтлоо мал эмнэлгийн арга хэмжээгээр халхавчилсан луйврын сүлжээ бэхжсэн. Үүнийг задлах гэж цөөхөн хэдэн малын эмч мэргэжилтэн тэмцсээр байгаа боловч авлигал, луйврын “аалзны тор”-ыг задлаж чадахгүй хүчин мөхөсдөж байна. Энэ луйварчдын сүлжээтэй тэмцсэн бүхэн гудамжинд лааз өшиглөх хувь заяаг тойрдоггүй, дайрсаар л. Саяхнаас л энэ авлигалын сүлжээ хүчний байгууллагуудын хараанд өртөх шиг боллоо. Шүлхийний эргэн тойронд олон жил бугшсан хууль бус үйлдлийн “ач буян”-аар. Өмнө нь төр засгийн бүх томчуудад хандаж тэдний үйлдэж буй тэрбумаар хэмжигдэх хулгай, луйврыг үйлдэл дээр нь бариад өгч байхад л нүдэн балай, чихэн дүлий өнгөрөөдөг л байлаа. Манай мал эмнэлгийн салбар одоо л нэг зөв зам руугаа орох нь уу гэх бодол төрж, хонгилын үзүүрт гэрэл ч харагдах шиг.
Мал эмнэлгийг зөв голидролд нь оруулах талаар:
Одоогийн энэ дампуурсан тогтолцооноос гарахын тулд юуны өмнө хууль эрх зүйн орчинг өөрчлөх хэрэгтэй. Үүнийг олж харсан Монголын Мал эмнэлгийн холбооны удирдах зөвлөлийн зарим гишүүд болон өнгөрсөн жилүүдэд мал эмнэлэгт нүүрлэсэн мэргэжлийн бус бодлого, хууль бус үйлдлүүдийг засаж залруулахаар тэмцэж ирсэн үнэмлэхүй цөөнх малын эмч нарын зүгээс олон улсын болон дотоодын холбогдох байгууллага, албан тушаалтан нарт хандаж дэмжлэг хүссэнээр 2013 оноос дунд үеэс эхлэн сайдын тушаалаар байгуулагдсан “ажлын хэсэг” нь “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хуулийг өөрчилж зөвхөн мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах; мал, амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүний эрүүл, аюулгүй байдалд баталгаа гаргах; мал, амьтан болон тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүний гадаад, дотоод худалдааны чөлөөт байдлыг хангах; мал, амьтан, тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүнээр дамжин хүнд халдварт, хордлогот өвчин үүсгэх хүчин зүйлсээс нийтийн эрүүл мэндийг хамгаалах; мал, амьтантай зүй бусаар харьцахгүй байх, энэрэнгүй харьцах зэрэг харилцааг зохицуулах “Мал амьтны эрүүл мэндийг хамгаалах тухай” хуулийг дангаар нь буюу одоогийн хуулийнх шиг малын удмын сантай холбоотой харилцаатай холиод хутгачихсан бус (тэр нь шаардлагатай бол өөр хуулиар зохицуулагдах байх), түүнээс нь ангид бие даасан байдлаар зохицуулалттай болгохоор хуулийн төсөл дээр ажиллаж байна. Улс төр, бизнесээр халхавчилсан луйварчдын бүлэглэлийн лоббинд өртөөд, зүсийг нь танихгүй болтол хувиргачихгүй л болбол манай салбарын ажил, үйлчилгээг зохицуулах боломжийн хуультай болчих болов уу гэсэн хүлээлт малын эмч бидэнд байна. Энэ хуулийн гол онцлог нь уг хуулийн зохицуулалтанд хамааралтай бүх этгээдүүдийн эрх үүргийг тодорхойлоод, түүнийгээ биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг зөв тусгаж өгөхөд оршино гэж үзэж байгаа. Мал эмнэлгийн салбар улсын хэмжээнд удирдлагын нэгдмэл тогтолцоотой болно. Түүнчлэн энэ мэргэжлийн салбарын бүх үйл ажиллагаанд оролцогчдын заавал оролцох ёстой болон оролцох ёсгүй харилцааг ялгаж, салгана. Мөн хуулиар зохицуулах шаардлагатай болон шаардлагагүй харилцааг зааглаж өгөөсэй гэж хүсэж байгаа. Одоогийн хуулийн дагуу оролцох шаардлагагүй бөгөөд ямар ч зохицуулалтгүй харилцаанд төрийн гэх байгууллага, албан тушаалтнууд оролцох нь нилээд түгээмэл байгаа. Хамгийн ойрын ганц жишээ дурдахад төр засгийн байгууллагуудын зүгээс шахаасаар нийлүүлж байгаа эм, вакциныг малын эмч нар хүлээж аваад мал, амьтанд тарих буюу олгох ёстой гэх хуулийн заалт байхгүй. Гэтэл шууд тулган хүлээлгэсээр л явж байна. Харилцаанд оролцогчид нь тэгэх ёстой л юм шиг ойлголттой. Ингэхээр хувийн малд, хувийн мал эмнэлгийн малын эмчээр үйлчилгээ үзүүлэхийг зохицуулах гэж оролдох уу?, өөр механизм ашиглах уу? гэх мэт хуулиндаа бодож тусгах асуудал нилээд олон байгаа юм. Гэхдээ ганцхан хуулийг өөрчилснөөр бүх асуудал шийдэгдэхгүй. Мал эмнэлгийн ажил үйлчилгээнд оролцогчид, тэднээс бүтээгдэхүүн үйлчилгээ хүлээн авагчдын сэтгэлгээг юуны түрүүнд өөрчлөх шаардлага бас бий. Мэдээж мал эмнэлгийн үйлчилгээний бодлого боловсруулагчид, төлөвлөгчид, хэрэгжүүлэгчид, үйлчилгээ үзүүлэгчид нь мэргэжлийн мэдлэг, мэргэшлийн ур чадвараа дээшлүүлэх, одоогийн буруу тогтсон ойлголт, хэвшлээ засаж залруулах, өөрсдийн “тархины багтаамж”-аа зөв үнэлж түүндээ таарсан ажил үүргийг гүйцэтгэх, даахгүй нохой булуу хураахгүй байх, хөгжил дэвшлийн өгсүүрт замын бөглөөс, шаврын хаалт болохгүй байх, энэ бүхнийг нь зөв үнэлэмжээр шалган тогтоож чиглүүлж байдаг “мал эмнэлгийн мэргэжлийн зөвлөл”-тэй болох гэх мэт олон асуудлуудыг шийдэх шаардлага тулгарна.