Вакцинжуулалтаар халхавчилсан луйвар

Вакцинжуулалтаар халхавчилсан луйвар

Вакциныг хэрэглэх зориулалт нь юу вэ. Английн эмч Эдуард Жэннер 1798 онд  вакцин, вакцинжуулалтын зарчмыг нээж, 1879 онд Францын Луй Пастер жинхэнэ мөн чанарыг нь хүн төрөлхтөнд ойлгуулснаас  хойш энэ бүтээгдэхүүнийг халдвараас сэргийлэх зорилгоор л хэрэглэсээр ирсэн байдаг. Монголын мал эмнэлгийн салбар вакцин гэх  энэ биобүтээгдэхүүний зориулалтыг нь нилээд ихээр алдагдуулж, будлиантуулан манай улсын эдийн засагт үлэмж хохирол учруулсаар улмаар зарим тохиолдолд нийтийн эрүүл мэндэд онц ноцтой хохирол учруулахуйц түвшинд хүрчихээд байна. Эм, вакцины хэрэглээн дээр хүлээн зөвшөөрч болохуйц алдаа гардаг л даа. Өнгөрсөн хэдэн арван жилийн туршид мал эмнэлгийн зориулалттай вакцины хэрэглээтэй холбоотой алдаа дутагдал олонтаа  гарсаар ирсэн байдаг. Гэхдээ 2011, 2012, 2013, 2014 онуудад бруцеллёз, шүлхийгээс сэргийлэх вакцинжуулалтын эргэн тойронд гарч байсан шиг тийм гамшиг, хорлон сүйтгэлийн хэмжээнд хүрч байсан нь үгүй юм. Одоо энэ гамшгийг таслан зогсоохгүй болбол нөгөө худал, буруу зүйлийг олон удаа давтахаар үнэн, зөв юм шиг болчихдог гэдэгчлэн аливаа вакциныг ямар нөхцөлд, ямар нас, хүйсний, хэдэн толгой малд, ямар тунгаар хэрэглэхийг ойлгодоггүй мал амьтны эрүүл мэндийн асуудал эрхэлдэг яам, агентлаг хавиар үүрлэсэн  нөхдүүд нь  үргэлжлүүлэн гамшиг тарьж, хорлон сүйтгэл учруулсаар байх бололтой.

Ингээд бруцеллёзоос сэргийлэх вакцины захиалга, хэрэглээний эргэн тойронд гарч байсан болон байгаа алдаа завхралуудыг дахин  тодотгож, цаашид алдаанаас ангид байж  зөв замаар явахад нь  бага ч атугай тус болох болов уу гэсэн хэдэн ойлголт, зарчмыг хүргэе.

Юуны өмнө ойлгох ёстой асуудал бол бруцеллёзоос сэргийлэх вакцинаар үхэр, хонь, ямааг зөвхөн нэг л удаа вакцинжуулдаг. Давтан вакцинжуулах заавар байхгүй. Нэг талаас дархлааны үргэлжлэх хугацаа, санамж нь харьцангуй урт, нөгөө талаас хэрэгцээлэх малын амьдралын хугацаа нь богино. Ерөнхийдөө 3-6 сарын настай охин төлийг л вакцинжуулдаг. Тодорхой шаардлага, бодлого, хөтөлбөртэй байсансан бол нас гүйцсэн малыг нэг удаа вакцинжуулж болно. Тэгэхдээ хөнгөлчихсөн эр хонь, ямаа, үхэр буюу ирэг, сэрх, шарыг вакцинжуулах ямар ч шаардлагагүй. Учир нь тэдгээр нь үржлийн чадваргүй болчихдог юм. Тиймээс өөр мал амьтанд халдвар тархаах эрсдэл, аюул байхгүй.  Мөн хөнгөлчихсөн эр малаас сүү гарахгүй тул түүхий сүү, түүний гаралтай бүтээгдэхүүнээр дамжин хүн халдварлах эрсдэлгүй.  Төллөхгүй учраас хаг, зулбадасаар дамжин хүн халдварлах аюулгүй. Хуц, ухна болгохгүй эр хурга, ишгээ малчид 2-3 сарын настайд нь хөнгөлчихдөг. Ном уншдаггүй, мал мэддэггүй, мэргэжлийн мэдлэг, мэргэшлийн ур чадварын талаар ойлголтгүй, хаана, юунд оролцох ёстой болон ёсгүйгээ ялгаж мэддэггүй, мэдээ мэдээлэл хүлээн авч боловсруулах оюуны чадамж султай буюу ерөнхийдөө мал эмнэл зүйн ухааны мэргэжил эзэмшилтийн түвшин доогуур  мал эмнэлгийн бодлого тодорхойлж хэрэгжүүлэгчиддээ ингэж л хэлж өгөхгүй бол болохгүй нь.

 Одоо Монголд үйлдвэрлэн хэрэглэж байгаа бруцеллёзоос сэргийлэх зориулалттай хоёр амьд вакцин нь дэлхийн олон улсад ашиглагддаг омгоор, нийтлэг технологийн дагуу үйлдвэрлэгддэг бөгөөд дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага-OIE-ийн зөвлөмж болгодог вакцины стандартуудын гарын авлагад эдгээр вакцины  хэрэглээтэй  холбоотой мэдээллүүд нь байнга хадгалагддаг.

Монгол улсын Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр 2013 оны эцсийн мал тооллогын нэгдсэн дүнгээр манай улсын нийт малын тоо 45 144 324 толгойд хүрсэн. Малын тоог 5 төрлөөр авч үзвэл адуу 2 619 377, үхэр 2 909 456, тэмээ 321 480,  хонь 20 066 428,  ямаа 19 227 583 толгой байна. Одоогийн байдлаар төлтэйгээ нийлээд 62 сая орчим толгой мал байгаа бололтой. Эндээс 17 сая орчим төл байгаа нь харагдаж байна. Үүнийг өнгөрсөн оны сүүлийн тоогоор нийт малд таван төрөл тус бүрийнх нь эзлэх хувиар баримжаалан тооцвол унага 986 000, тугал 1 088 000, ботго 119 000, хурга 7 548 000, ишиг 7 242 000 орчим байх.  Магадлалаар нийт төлийн 50% нь эр, 50% нь охин төл байгаа. Ингэхээр одоо манай улсад 8.5 сая  орчим толгой охин төл байна. Үүнээс нийт  охин хурга, ишиг  нь 7 395 000 орчим толгой байна. Охин тугал нь 540 000 орчим толгой.

            Brucella melitensis Rev.1 омгийн амьд вакцинаар зөвхөн 3-6 сарын настай охин хурга, ишгийг л вакцинжуулах заавартай. Brucella abortus 19 омгийн амьд вакцинаар мөн 3-6  сарын настай тугалыг вакцинжуулдаг. Энэ бол олон улсад дагаж мөрддөг стандарт заавар.

            Хамгийн гол нь бруцеллёзоос сэргийлэх вакцинаар зөвхөн бруцеллёзын халдварын эрсдэлтэй бүсийн, нутгийн, хот айлын мал сүргийг л вакцинжуулна. Жишээ нь бруцеллёзын халдварын голомтгүй гэж үздэг Өмнөговь аймгийн хонь, ямаа, үхэр сүргийг бруцеллёзын вакцинтай хутгаж халдвар тархаах ямар ч шаардлагагүй. Энэ мэтчилэн халдварын эрсдэлгүй мал сүрэгт вакцин хэрэглэхгүй.

            Сүүлийн жилүүдэд аймгуудын мал эмнэлгийн мэргэжилтнүүд санамсаргүй түүвэрлэлтийн аргаар цуглуулсан сорьцонд хийсэн шинжилгээгээр тухайн аймгийн нийт мал сүрэгт бруцеллёзын халдварлалт 0.1-2.0 хувь орчим л байгаа үр дүн гарсан байдаг. Энэхүү халдварын эргэн тойронд байгаа эрсдэлтэй малыг тооцвол баримжаагаар 10 хувиас хэтрэхгүй нь тодорхой. Эпидемиологийн судалгааны орчин үеийн тооцоолуурт суурилсан аргачлалаар тооцвол түүнээс ч бага үзүүлэлт гарах нь эргэлзээгүй. Бруцеллёзын халдварын эрсдэлгүй бүс, нутаг, хот айлын мал сүргийг бруцеллёзоос сэргийлэх вакцинаар вакцинжуулах ямар ч шаардлагагүй. Ингэж үзвэл тухайн жилд  нийт  8 сая охин төлийн 10 хувь буюу 800000 толгой төлийг л вакцинжуулах бодит шаардлага байж болно. 45 сая гаруй толгой малтай байхад 1 сая ч хүрэхгүй тун бруцеллёзын вакцин хэрэглэх бодит тооцоо гарч байна.

Гэтэл 2011 онд 14.2 сая, 2012 онд 25 сая, 2013 онд 19 сая, 2014 онд  16 сая толгой малыг вакцинжуулахад  хүрэлцэхүйц бруцеллёзын вакциныг  татвар төлөгчдийн мөнгөөр худалдаж аван буруугаар хэрэглүүлэн халдвар тараалаа. Сүүлийн 3 жилд л 60 орчим  сая тун вакцин худалдаж авсан байдаг. Энэ нь бруцеллийн халдалтанд  мэдрэмтгий манай улсын нийт малын тооноос хавьгүй хол давчихсан байдаг. 2015 онд 37 сая толгой малд хэрэглэх бруцеллёзын вакцин худалдаж авахаар ҮХААЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг үржлийн газрынхан төлөвлөөд явж байна. Хаана юунд хэрэглэх юм бол?. Энэ бол хэрээс хэтэрсэн солиорол тэнэглэл.

2014 оны жилийн эцсийн тооллогоор манай улсын мал сүрэг 10% л өснө биз дээ. Тэгэхэд л Brucella melitensis Rev.1 омгийн амьд вакцины бодит хэрэгцээ 1 сая орчим тун л байна шүү дээ. Монгол улсын бүх охин тугалыг бүгдийг нь вакцинжуулая гэж тооцоход л Brucella abortus 19 омгийн амьд вакцины нийт  хэрэгцээ шаардлага 550 000 тунгаас хэтрэхгүй. Эрсдэлтэй хот айлын охин тугалыг вакцинжуулая гэвэл 55 000 тун л шаардлагатай.

Мал эмнэлгийн салбарын бодлого тодорхойлж хэрэгжүүлэгчид, мэргэжлийн болон мэргэжлийн бус хянагчид анхаарлаа хандуулах бас нэг зүйл байгаа нь тэр бруцеллёзын вакциныг үйлдвэрлэгчийнх нь хүчин чадал. Аливаа үйлдвэрлэгч нь захиалагч хэрэглэгчийнхээ ирүүлсэн захиалгыг хүлээн авч хүч хүрэх эсэх, цаг хугацааны хувьд хэдийд ямар хэмжээгээр нийлүүлэх боломжтой гэх мэтийг өөрийнхөө үйлдвэрийн хүчин чадал, нөөц боломжинд  тохируулан тооцох учиртайсан даа. Их хэмжээний захиалга хүлээж авбал ажилчдынхаа тоог олшруулах, байр байшингаа томруулах гэх мэт наад захын өөрчлөлт хийх байх л даа. Тэгэхдээ тус үйлдвэрлэгчийн тухайд ганцхан байдаг  хөлдөөж-хатаан-хуурайшуулагч машин, түүний ажиллах горим, багтаамж  гэх мэт  хэнбугай ч өөрчилж чадахгүй үйлдвэрлэлийн технологийн дэс дараалал, цаг хугацаа гэх мэт бусад зүйлс бас байдаг  юм. Тэр үүднээс нь бусад эрсдэлт хүчин зүйлсийг бараг харгалзахгүйгээр  тооцож үзвэл тус үйлдвэрт тухайн жилд бруцеллёзын вакциныг сайн чанартайгаар, стандартад нь нийцүүлэн үйлдвэрлэх максимум хүчин чадал нь 15 сая тун. Ийм байхад өнгөрсөн жилүүдэд хэрхэн 19 сая тун, 25 сая тунг үйлдвэрлэсэн нь ойлгомжгүй байгаа юм. Тэндээс лав л стандартад нийцсэн вакцин гараагүй нь тодорхой. Тэгээд одоо бүр 2014-2015 оны үйлдвэрлэлийн жилд 37 сая тунг захиалж  үйлдвэрлүүлнэ гэх солиорол руу явж байна.

Мөнгөөр  хэмжигдэхгүй л болбол ямар ч сүйрэл учруулж байсан авч хэлэлцдэггүй, хариуцлага ярьдаггүй болсон цаг үе учраас одоо жаахан мөнгөний тооцоо хийж үзүүлье. Brucella melitensis Rev.1 омгийн амьд вакцины нэг тун нь 150 төгрөг.  Brucella abortus 19 омгийн амьд вакцины нэг тун нь 254 төгрөг. Нэг бог малд вакцин олгох үйлчилгээний хөлс нь 150 төгрөг. Нэг бод малд вакцин олгох үйлчилгээний  хөлс нь 200 төгрөг.

2011 онд бруцеллёзын вакциныг буруу хэрэглэн, манай улсыг туршилтын талбар болгон хэдэн сая толгой мал, олон зуу, мянган хүнд халдвар тархааж, 120 000 гаруй толгой эх мал хээл хаяж, 120 000 гаруй толгой хурга, ишгийг устгаж, түүгээр дамжуулан олон зуун малчдад халдвар тархааж, гоц халдварт бус өвчнийг гоцоос гоц халдварт өвчин болтол нь халдвар тархааж чадсан. Мөнгөөр илэрхийлж болшгүй тэр их хүн, мал амьтны эрүүл мэндийн хохирлын асуудлыг яах вэ?. 2011 онд 14.2 сая тун вакцины үнэд 1 331 873 813 төгрөг төлсөн.  Уг вакциныг малд олгох  үйлчилгээний хөлсөнд 2 182 010 000 төгрөг зарцуулжээ. 2011 онд бруцеллёзын вакцин, вакцинжуулалтанд нийтдээ 3.5 тэрбум төгрөг зарцуулав.

2012 онд 25.5 сая тун бруцеллёзын вакциныг 2 395 200 000 төгрөгөөр худалдан авчээ. Энэ вакциныг малд олгох үйлчилгээний хөлсөнд 3.4 тэрбум төгрөг зарцуулсан. 2012 онд нийтдээ бруцеллёзын вакцин, вакцинжуулалтанд 5.8 тэрбум төгрөг зарцуулсан байна. 2013 онд 19.4 сая гаруй тун бруцеллёзын вакциныг 1 784 750 000 төгрөгөөр худалдан авсан. Түүнийг малд олгох үйлчилгээний хөлсөнд 2 920 000 000 төгрөг төлсөн. 2013 онд нийтдээ 4.7 тэрбум төгрөгийг зөвхөн  бруцеллёзын вакцин, вакцинжуулалтанд зарцуулжээ. 2014 оноос бруцеллёзоос сэргийлэх вакцинуудын үнийг нэмж байгаад  16 сая гаруй тун вакциныг  2 516 514 600 төгрөгөөр худалдаж авчээ. Энэ вакциныг малд тарьж олгох үйлчилгээний хөлс нь 2 458 000 000 төгрөг. 2014 онд нийтдээ  бараг 5 тэрбум төгрөг бруцеллёзод зарцуулжээ.

2011-2014 оны хооронд бруцеллёзын халдвар тархаалтанд зориулж 20 орчим тэрбум төгрөг төсвөөс зарцуулсан байна. Энэ бол зөвхөн вакцин, вакцинжуулалтанд зарцуулсан мөнгө. Бруцеллёзод зарцуулсан мөнгө үүгээр хязгаарлагдахгүй цаана нь бас байгаа шүү дээ. Ирэх жил 12 тэрбумыг зарцуулахаар төлөвлөж байна. Хайран мөнгө. Бруцеллёзын вакцинжуулалтанд мал сүргээ хамруулая гэж хүсч байгаа нэг ч малчин, эзэн байхгүй шүү дээ. Малчид болон малын эмч нар  энэ хорлон сүйтгэлээс бүр залхчихсан байна.  Мал бүгд хувийн өмч. Хүний хувийн өмчид халдаж, халдвар тараагаад л. Арай дэндэж байгаа биз. Малаа барьж өгч вакцин тариулдаг нэг ч малчин байхгүй болсон. Малын эмч нар гуйж байж л энэ вакциныг нь тарьж далд оруулцгаана. Малчдын өмнөөс төсвөөс олгож байгаа үйлчилгээний хөлсийг нь авахын тулд.

2015 онд 37 сая гаруй тун вакцин төсвийн буюу татвар төлөгчдийн мөнгөөр худалдаж авахаар төлөвлөөд явж байна. Вакцин худалдаж авах үнэ нь 5 804 943 830 төгрөг. Вакциныг малд тарьж олгох үйлчилгээний хөлс нь 5 687 030 000 төгрөг. 2015 онд бруцеллёзод зориулж 11.5 тэрбум төгрөг буруу замаар оруулахаар төлөвлөж байна.

Ийм аймаар өндөр үнэтэй хорлон сүйтгэлийг ҮХААЯ, ЗГХАМЭҮГ, ШХА-ийн малын эрүүл мэнд төсөлд шургалсан дотоод, гадаадын авлигачин, луйварчид, тэдний гар хөл бологсод зөвлөмж болгож, гардан  үйлдсээр байна. Үүнийг одоо л таслан зогсоох ёстой.

Жишээ нь 37 сая тун бол одоо Монголд байгаа ганц үйлдвэрлэгч яагаад ч үйлдвэрлэж хүч хүрэхгүй захиалга, төлөвлөгөө гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Үүний цаана одоогийн үйлдвэрлэгчээс вакцины үйлдвэрлэлд ашиглагддаг омгууд болон технологийн заавар, баримт бичгийг  нь хулгайлаад бруцеллёзоос сэргийлэх вакцины стандартаа боловсруулчихаад, вакцин нийлүүлэх захиалгаа яам, агентлагт шургалуулаад суулгачихсан байгаа компанийхаа төлөөлөгчөөр дамжуулж  өгчихөөд,  хариугаа хүлээгээд сууж байгаа авлигачид, луйварчдын бүлэглэл болон тэдний гар хөл бологсдын боловсруулсан төлөвлөгөө гэдэг нь тодорхой байгаа юм. Тэр өндөр захиалга төлөвлөгөөнөөс одоогийн ганц үйлдвэрлэгч нь үйлдвэрлэж чадах хэмжээгээ сонгохоор үлдсэнийг нь тэдгээр авлигачин, луйварчдаас авна. Эсвэл тэднээр дамжуулж гадаадаас авна гэх төлөвлөгөө л явагдаж байгаа нь энэ. Өмнөх засгийн газрын үед буюу 2011 оны үеэс эхлэн хэсэг авлигачин, луйварчдын аалзны торны нөлөөллөөр төсвөөс үлэмж их хэмжээний мөнгө хулгайлах зорилгоор үүсэж бий болсон энэ хууль бус, мэргэжлийн бус, шинжлэх ухааны үндэслэлгүй үйлдлийг одоо таслан зогсоогооч ээ. Авлигатай тэмцэнэ, шилэн данс гэж яриад байгаа төрийн тэргүүнээсээ эхлээд төр, засгийн байгууллагуудад ажиллаж буй албан тушаалтан, түшмэлүүд миний илрүүлэн зааж өгөөд байгаа энэ мэт авлигалын сүлжээний  хаагуур нь өнгөрөөд байна вэ?. Эсвэл тэмцдэг авлигал, тэмцдэггүй авлигал ялгаатай байна уу?. Эргэн тойронд нь авлигачидаар дүүрчихсэн байгааг энгийн иргэдээс  өгсүүлээд Ерөнхий сайд асан хүртэлх бараг бүх хүн хэлж сануулсаар байхад хоосон лоозогноод суумааргүй байна шүү дээ.

Хэдэн арван жилийн өмнө манай нутгийн нэгэн зальжин өвгөн аймгаас ирсэн нэгэн дарга хууль чанга, нарийн зүйлүүдтэй  болсон тухай яриа хийгээд явсны  дараа  “хуулийн арга нарийсахаар хулгайн арга нарийсна” гэж байсан гэлцдэг. Тэрчлэн авлигал, луйврын сүлжээний арга улам нарийсаад байгааг холбогдох хууль, хяналтын байгууллагууд анхааралдаа авмаар байна. Хууль хяналтынхан зөвхөн хууль, эрх зүйн актууд уншаад суухгүйгээр  гэмт хэрэг гарах магадлалтай мэргэжлийн чиглэлүүдээр давхар мэргэжих шаардлага ч байна гэж бодогдох юм. Тухайлбал хүн ба мал эмнэлгийн зориулалттай эм, биобэлдмэлийн талаар. Замбараагүй, хяналтгүй, хариуцлагагүй үйлдэл маш их байна.  

Уг нь шинжлэх ухааны үндэслэлтэйгээр бруцеллёзтой тэмцдэг байсансан болбол нэг жилд түүнд зориулж 300-400 сая төгрөг зарцуулахад хангалттай байж л дээ. Ийм байхад бодит хэрэгцээ  шаардлагаас 10-30 дахин их төсөв зарцуулаад л.

Монгол улс маань эдийн засаг, мөнгө, санхүүгийн хувьд сайнгүй байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр олонтаа мэдээлж байна. Мөнгөтэй байсан ч ийм хорлон сүйтгэл, авлигал, луйварт зориулж татвар төлөгчдийн буюу төсвийн мөнгийг үрэхгүй байхыг Ерөнхий сайд, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдад хандан уриалж байна. Мөнгө байгаа болбол эрүүл, аюулгүй мах, сүүг гадаад, дотоодын зах зээлд нийлүүлэх баталгааг гаргадаг дэлхийн чиг хандлагад нийцсэн мал эмнэлгийн тогтолцоо болон хариуцлагатай мал аж ахуй эрхлэлтийг  бий болгох эрх зүйн орчинг бүрдүүлэхийн төлөө зарцуулмаар байна.   

Өдрийн сонин
2014.10.09