Нийтийн эрүүл мэндэд аюултай бруцеллёз өвчин тархааж буй үйлдлийг таслан зогсоолгохоор өргөдөл гаргах нь

Монгол улсын Ерөнхийлөгч бөгөөд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ц.Элбэгдорж, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Эрүүл мэндийн сайд Н. Удвал нар танаа

 

Нийтийн эрүүл мэндэд аюултай бруцеллёз өвчин
тархааж буй үйлдлийг таслан зогсоолгохоор өргөдөл гаргах нь

2014.01.28

 

Аливаа нийгмйин хамгийн үнэт зүйл нь эрүүл саруул биетэй, эрдэм боловсролтой хүн юм гэдэг.   Монголын  төр засаг ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах  бодлого баримтлах ёстой. Харин хүн амынхаа  эрүүл мэндийн эсрэг чиглэсэн үйл ажиллагаа явуулах ёсгүй.  Нийт хүн амын  эрүүл мэнд нь үндэсний хэмжээнд анхаарал хандуулах асуудал мөн гэж үзэж байна.

Манай улсын нийт иргэдийн эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал нь мал, амьтны гаралтай мах, сүүний эрүүл, аюулгүй байдлаас ихээхэн хамааралтайг та бүхэн андахгүй.

Сүүлийн жилүүдэд улсын төсвөөс буюу ард иргэд, татвар төлөгчдийн мөнгөнөөс  санхүүжүүлж буй мал сүргийг  бруцеллёзоос эрүүлжүүлнэ  гэх уриа лоозонтой вакцинжуулалтын арга хэмжээ нь Монгол орныг  бруцеллёз гэх аймшигт, гамшигт халдварт өвчинд бүрэн нэрвүүллээ.

УИХ-ын 2010 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол мал” үндэсний хөтөлбөрт мал сүргийг бруцеллёзоос бүрэн эрүүлжүүлэхээр тусгасан байгаа.

Гэтэл 2011 оноос эхлэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг, үржлийн газар нь батлагдсан ямар нэгэн хөтөлбөргүйгээр,  төлөвлөгөөгүйгээр,  удирдамжгүйгээр, зааваргүйгээр бруцеллёзоос сэргийлэх вакциныг үлэмж ихээр буюу үйлдвэрлэлийн хүчин чадлаас нь бараг 2 дахин их  хэмжээгээр  “ид шидийн нөлөөлөл”-өөр  үйлдвэрлүүлээд худалдан авч, аймаг, нийслэл, сум, дүүргийн  мал эмнэлгүүдээр дамжуулан хүн амд өвчин үүсгэдэг амьд бруцеллийг маш өргөн хүрээтэйгээр тараагаад байна.

Ингэхдээ бог малыг бруцеллёзоос сэргийлэх Brucella melitensis Rev.1 болон үхрийг бруцеллёзоос сэргийлэх  Brucella abortus 19 вакцинуудыг үндэсний стандартыг нь зөрчин үйлдвэрлэж, мал амьтанд тарьж олгодог аргыг нь нүдэнд дусаах аргаар ямар ч туршилт, судалгаагүйгээр өөрчлөн, өөрчилсөн тэр аргаар нь уг вакциныг хэрхэн хэрэглэх тухай зааваргүйгээр, нүдэнд дусаахдаа нэг тун вакциныг хэдэн микролитр, ямар найрлагатай шингэлэгчээр шингэлэх тухай судалгаа, туршилтгүйгээр, нэг дусал нь ямар хэмжээтэй байх нь тодорхой бус буюу хэмжээсгүй, стандартгүй дусаагуурыг ашиглан (зүйрлэбэл, хэмжээсгүй тариураар тарилга хийж буйтай ижилхэн юм уу даа!!!), ямар нас, хүйсний малыг хэдийд вакцинжуулах талаар огт ойлголтгүйгээр, манай улсын аль аймгийн аль сумынх  нь  мал сүрэгт бруцеллёзын халдварлалт хэр хэмжээний тархалттай байсан талаар судалгаагүйгээр, одоо байгаа халдварлалтын хувь хэмжээг хэд байгааг ямар хугацааны дараа хэд болохыг тооцсон үндэслэлтэй төлөвлөгөөгүйгээр, тухайн орон нутагт ажиллаж буй мал эмнэлгийн байгууллагууд болон малын эмч нарын үндэслэлтэйгээр гаргасан санал, дүгнэлтийг  огт авч хэлэлцэхгүйгээр энэхүү бруцеллёзын эсрэг вакцинжуулалт гэх халдвар тархаалтыг  явуулсаар ирлээ.

Хүн амын эрүүл мэндийн эсрэг чиглэсэн энэ аймшигт халдвар тархаалтыг хэний эрх ашгийн төлөө үргэлжлүүлсээр байна вэ?!.

Ингэж асуухын учир нь Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөл, түүний дэргэдэх мал, амьтны эрүүл мэнд, биологийн аюулгүй байдлыг хариуцсан алба, мэргэжилтэн нар болон үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, эрүүл мэндийн яамны удирдлагууд болон тэнд халдварт өвчний талаархи бодлого, төлөвлөлт, эпидемиологи, эм биобэлдмэлийн хэрэглээг хариуцдаг алба, мэргэжилтнүүд нь ч хүн амын эрүүл мэндийн эсрэг чиглэсэн бөгөөд зориудаар хийж буй ч гэж үзэж болох энэ үйлдлийн талаар хангалттай мэдээлэлтэй байгаа мөртлөө огт анхаарахгүй, авч хэлэлцэхгүй байгаад оршино.

2011-2012 оны өвөл хавар үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн асан, хөдөө аж ахуйн яамны дэд сайд асан эрхмүүд тэргүүтэй албаны олон түшмэлүүд баруун аймгуудад бруцеллёзын эсрэг  вакцинжуулалтын алдаанаас шалтгаалж 120000 гаруй толгой мал хээл хаясан талаар газар дээр нь очиж малын эмч нар, малчдаас өөрсдөөс нь сонсоод ирсэн билээ. Түүнээс хойш уг вакцинжуулалтын ажлын  эргэн тойрон дахь бүх алдаануудын нэгээс бусад нь яг хэвээрээ үргэлжилж байхад ямар ч арга хэмжээ авахгүйгээр нүд, чихгүй юм шиг байсаар л байна.

Энэ хугацаанд үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг, үржлийн газрынхан хүн амын эрүүл мэндийн эсрэг чиглэсэн бруцеллийн халдвар тархаалтаа үргэлжлүүлсээр байна.

Энэ халдвар тархаалт нь цаашид ч үргэлжлэхээр төлөвлөгдсөн бололтой.

Саяхан 2014 оны 01 сард л үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг мал эмнэлэг, үржлийн газрынхан бруцеллёзын эргэн тойронд болж буй энэ аймшигт хорлолынхоо  тухай нэг удаа авч хэлэлцэн  хэдэн жилийн турш явуулж ирсэн энэ алдаа завхралынхаа заримыг нь ойлгох шиг болсон юм. Гэхдээ алдаануудаа бүрэн ойлгох хүртлээ урт хугацаа шаардах бөгөөд тэдгээрийгээ засаж залруулахын тулд  заавал  “дээрээс” зөвлөмж хараад байх шиг байна. 

Зөвхөн нүдэнд дусаах аргыг нь  арьсан дор тарих аргад нь буцааж шилжүүлчихээд бодлогогүй, төлөвлөгөөгүй, ямар үр дүнд хэзээ, яаж хүрэх нь ойлгомжгүй Монгол орон даяар тарааж буй бруцеллёзын халдварлалтаа лав л 2014 онд үргэлжлүүлнэ гэж муйхарласаар явж байгаа мэргэжлийн мэдлэггүй, мэргэшлийн ур чадваргүй, төр, засгийн ажлыг төлөвлөж, зохион байгуулах удирдахуйн наад захын мэдлэггүй  ҮХААЯ, ЗГХАМЭҮГазарт үүрлэсэн этгээдүүдийн энэ хорлонт, аюулт үйл ажиллагааг таслан зогсоох шаардлагатай байна.

2011 онд 13 сая гаруй, 2012 онд 25 сая гаруй, 2013 онд 20 сая орчим тун бруцеллёзоос сэргийлэх вакциныг Биокомбинатад үйлдвэрлүүлж, вакцины үнэ болон түүнийг хонь, ямаа, үхрийн нүдэнд дусаах үйлчилгээний хөлсөнд  шаардлагатай 10 орчим тэрбум төгрөгийг улсын төсвөөс гаргаж энэхүү нийтийн эрүүл мэндийн эсрэг чиглэсэн халдвар тархаалтандаа зарцуулжээ. 2014 онд нэмж 4 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөж байна.

Энэ бруцеллийн халдвар тархаалтад хамгийн эхлээд өртсөн хүмүүс нь малын эмч нар юм. Нүдэнд дусаах аргаар, дээр дурдсанаар бүх арга ажиллагаа нь заавар, журамгүйгээр бэлчээрийн мал сүрэгт уг вакциныг хэрэглэх үед малын эмч нар амьд вакцинд агуулагдах  бруцеллээс халдвар авсан талаархи гомдол, санал маш ихээр гарсаар байгаа юм. Баримжаагаар уг вакциныг малын нүдэнд дусаах аргаар олгосон малын эмч нарын 80%-ийнх нь нүд өвдсөн гэдэг. Нүд өвдсөн нь халдвар авсны илрэл, эмнэл зүйн шинж тэмдэг гэдгийг мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрч байгаа.

Тиймээс эрүүл мэндийн яамнаас  бруцеллийн халдвар авч  нүд нь өвдсөн тэдгээр малын эмч нар болон ер нь нүдэнд дусаах аргаар мал вакцинжуулсан бүх малын эмч нар, уг вакцинжуулалтын ажилд гар бие оролцож ажилласан малын эмч нартай хамтрагч  мэргэжилтнүүд, мал баригчид, шаардлагатай тохиолдолд малчдыг бруцеллёзын шинжилгээнд хамруулах зайлшгүй шаардлага байна гэж үзэж байна.

Одоогийн байдлаар 2011-2012 онд баруун аймгуудад 120000 гаруй толгой хээлтэй мал хээл хаясан бөгөөд түүний шалтгаан нь бруцеллёзын эсрэг вакцинжуулалтыг  буруу цаг хугацаанд буюу мал хээлтүүлгийн үед, хээлийн эхний хагастаа буюу эмзэг  байх үед нь вакцинжуулсан, стандарт бус аргаар, зааваргүйгээр вакциныг хэрэглэсэнтэй шууд холбоотойг аймгийн түвшний зарим лаборатори болон мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагчдын дүгнэлт, улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн шинжилгээний дүгнэлтүүдээр тус тус тогтоосон байгаа.

Иймд 2011, 2012, 2013 онуудад 60 орчим сая толгой малд хэрэглэх вакциныг үндэслэлгүйгээр захиалга өгч худалдан аваад  улсын төсвийн хөрөнгийг хууль бусаар, зүй бусаар зарцуулж байсан бөгөөд байгаа Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг мал эмнэлэг, үржлийн газрын холбогдох мэргэжилтнүүдийн нэрсийг тодруулж, хариуцлага тооцох шаардлагатай байна.

Төрийн албанд ажиллаж байгаа мөртлөө хувийн компаний төлөөлөгч, луйварчны гар хөл, төсвийн мөнгийг хамтран хулгайлагчийн үүрэг гүйцэтгэж, олон жилийн турш “мал эмнэлгийн мэргэжлийн албаны алуурчин”-аар ажиллаж байгаа этгээдүүдийг хэний, юуны нөлөөллөөр хамгаалж, хаацайлсаар байна вэ?.

Хариуцлага тооцоход шаардлагатай холбогдох бүх баримтат материалууд  бүгдээрээ, шинэхэнээрээ ҮХААЯ болон ЗГХАМЭҮГ-т хадгалагдаж байх ёстой бөгөөд энэ халдварт өвчнийг тархаах  төлөвлөгөөг гаргасан, вакцины захиалга өгсөн, аймгуудын мал эмнэлгийн албадуудад  үүрэг өгч  вакциныг стандарт бусаар, зааваргүйгээр хэрэглүүлсэн бөгөөд  тэр ч бүү хэл бруцеллёзын вакцины хэрэгцээ огт байхгүй байхад улсын нөөцөд вакцин худалдаж авах хуурамч гэрээ байгуулан, аймгуудаас хуурамчаар орлого, зарлагын баримт бүрдүүлээд, түүнийгээ ганцхан сарын дотор  дүгнээд 726 сая төгрөгийг улсын төсвийн хөрөнгөнөөс зувчуулж, бүтэн жил гаруйн турш “эргэлдүүлэх” боломжийг олгосон, эдгээр хууль бус үйлдлийг  хамтран болон  гардан гүйцэтгэсэн  этгээдүүд нь одоо ч энэхүү нийтийн эрүүл мэндийн эсрэг онцгой аюултай үйл ажиллагаагаа  үргэлжлүүлсээр явж байна.

Үүний эзнийг тогтоож, хариуцлага тооцоод, цаашид үргэлжлүүлэхээр төлөвлөж буй малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, Монгол улсын хүн амын эрүүл мэндэд аюул занал учруулж,  мал амьтны гаралтай бүтээгдэхүүний гадаад, дотоод худалдааны чөлөөт байдалд хориг саад болж, мал эмнэлгийн мэргэжлийн албаны нэр хүндэд харшилж байгаа шинжлэх ухааны үндэслэлгүй, гадаадын төслийн мэргэжлийн бус нэгэн зөвлөхийн өгсөн зөвлөмжийг даган “өөрийн толгой”-гүйгээр явж байгаа энэхүү халдвар тархаах үйлдлийг даруй таслан зогсоох зайлшгүй  шаардлага байна.

Ийм аюултай, хортой үйлдлийг цаашид үргэлжлүүлэхэд гар бие оролцохгүй байхыг Монголын малын эмч нартаа ч уриалах болно.

Өнгөрсөн жилүүдэд мэргэжлийн мэдлэг дутуугаас, төрөө дээдэлдэг Монголын ард түмний сэтгэхүйгээр ҮХААЯ, ЗГХАМЭҮГ-аас үүрэг болгосныг даган биелүүлж, хэдийгээр энэ үйл ажиллагааны бурууг мэдэж байсан ч удирдлагынхаа өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх “хүчинд автагдаж”, амьдралд зайлшгүй хэрэгцээтэй мөнгө олох шаардлага зэрэг шалтгаан, нөлөөллийн  улмаас  хөдөө орон нутагт, практикт ажиллан  энэхүү бруцеллёз тархаах гэмт үйлдэлд гар биеэрээ оролцож, өөрсдөө ч эрүүл мэндээрээ хохирч, бусдын ч, улмаар нийгмийн эрүүл мэндийг хохиролд учруулсан  аюултай, гамшигт  “захиалгат ажил”-д  нэр холбогдсон  нийт малын эмч нараа буруутгах үндэслэл алга.

Миний өргөдөлд “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай” хуулийн дагуу хариу өгөхийг хүсье.

Өдрийн сонин
2014.01.28