Монгол оронд мэргэжлийн  мал эмнэлгийн салбарыг өндөр хөгжилтэй орнуудын  жишгээр бие даалган хөгжүүлэх боломж бий юу?

Монгол оронд мэргэжлийн  мал эмнэлгийн салбарыг өндөр хөгжилтэй орнуудын  жишгээр бие даалган хөгжүүлэх боломж бий юу

Юуны өмнө хэдэн  асуудлыг бүх нийтэд ойлгомжтой болгох нь зүйтэй. Өмнө нь Монголд мал эмнэлгийг зөвөөр буюу олон улсад нийтлэг тогтсон  зүй тогтолтой нь ойролцоогоор хөгжүүлж байсан туршлага бий. Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага буюу OIE-ийн гишүүн 178 орон дунд бараг  Монголоос бусдад нь мал эмнэлгийн мэргэжлийн алба зөв  тогтолцоотой явж байгаа гэдэг. Малчин, нүүдэлчин монголчуудын өдөр тутмын амьдралд хамгийн ойр мэргэжлүүдийн нэг нь мал эмнэлэг. Монголчуудын олонхи нь мал эмнэлгийн талаар ямар нэг хэмжээний мэдлэгтэй. Гэхдээ “хүн хэлэхээс наашгүй” гэгчээр дараах хэдэн асуудлыг нийтэд буюу нийгэмд илүү тодруулж өгөх нь одоо ач холбогдолтой цаг үе гэж үзэж байна.

Нэгдүгээрт: Мал эмнэлэг нь дэлхийд үүсэж бий болсон хамгийн ууган мэргэжлүүдийн нэг мөн. Мал амьтанг гэршүүлсэн  үеэс л  өвчилсөн амьтнаа  хүмүүс өөрсдөө эмчилж эхлэснээс өнөөгийн нарийн мэргэжлийн салбар хүртлэх урт замыг туулсан байна.  Тэгэхээр ардын уламжлалт эмнэлгээс эхлээд  мэргэжлийн буюу шинжлэх ухааны үндэслэлтэй мал эмнэлэг хүртэл хөгжсөөр ирсэн гэсэн үг. Дэлхийд шинжлэх ухааны буюу  мэргэжлийн мал эмнэлэг 1761 онд Франц улсад үүссэн гэж үздэг. Монголд 100 гаруй жилийн өмнө албан бусаар үүсээд, 1923 онд Монгол улсын засгийн газраас шийдвэр гаргаж  мал эмнэлгийн газрыг албан ёсоор байгуулсан байдаг. 1942 онд Монгол улсын их сургуулийг  байгуулаад  анх удаа дээд мэргэжилтэн бэлтгэж эхлэсэн 3 мэргэжлийн нэг нь мал эмнэлэг буюу малын эмч бэлтгэх сургууль. Нөгөө 2 нь багш, хүний эмч.

Хоёрдугаарт: Мал эмнэлэг  бол дэлхийн хаана ч байдаг түгээмэл мэргэжил.  Өөрөөр хэлбэл амьтан амьдарч байгаа бүх л газар нутагт мал эмнэлэг байдаг. Яагаад гэхээр өвчилдөггүй амьтан гэдэг ойлголт бараг байхгүй. Амьтны өвчин л  байж байвал мал эмнэлэг байх ёстой гэсэн үг.

Гуравдугаарт: Мал эмнэлэг бол зөвхөн малын эмнэлэг бус,  мал, амьтны эмнэлэг. Мал амьтан гэдэг бол хүнээс бусад бүх амьтанг хамарсан ойлголт. Бүх сүүн тэжээлтэн, шувуу, хэвлээр явагчид, хоёр нутагтан, загас, сээр нуруугүйтэн,  шавьж  зэрэг амьтад нь мал эмнэлгийн ажил үйлчилгээний объект юм. Монгол хүний оюун ухаан, ой тойнд мал гэхээр адуу, тэмээ, үхэр, хонь, ямаа л гэх ойлголт бууна. Гахай, тахиа, нохой,туулай, усан гахай, хулгана, загас, хавч, зөгийг лав л “мал” гэхгүй. Одоо Монголд мал эмнэлгийн ажил үйлчилгээг зохицуулж байгаа “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хуулинд ч “мал” гэдгийг  “мал, тэжээвэр амьтан” гэж тайлбарласан байгаа. Нийтийн анхааралд хандуулан дахин тэмдэглэхэд мал эмнэлэг бол бүх зүйлийн амьтны эмнэлэг юм. Зөвхөн таван хошуу малын эмнэлэг гэх явцуу утгаар ойлгох аргагүй мэргэжил.

Дөрөвдүгээрт: Мал эмнэлгийн мэргэжлийн ажил, үйлчилгээний  хамрах хүрээ  нь зөвхөн мал, амьтны эрүүл мэндийг хамгаалахаар хязгаарлагддаггүй юм байна. Монголд социализмын үеэс эхлэн  мал эмнэлэг, малын эмч гэхээр малын өвчинг л эмчилдэг мэргэжил, мэргэжилтэн гэдэг  ойлголт амь бөхтэй оршсоор байна. Харин ч мал эмнэлэг бол маш өргөн хүрээг хамардаг мэргэжил юм.  Өнөөдөр магадгүй  Монголд тийм байж чадахгүй байгаа ч, ирээдүйд тийм байхаас өөр гарцгүй.

Тавдугаарт: Мал эмнэлгийн мэргэжлийн  ажил үйлчилгээний хамрах хүрээнд: (1) мал, амьтны гаралтай түүхий эд,  хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, (2) мал, амьтнаар дамжин хүнийг өвчлүүлдэг өвчнүүдээс нийтийн буюу нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, (3) мал, амьтан болон тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүний гадаад, дотоод худалдааны чөлөөт байдалд баталгаа гаргах, (4) мал, амьтантай энэрэнгүй харьцах буюу  тэдгээрийг тарчлаан зовоохоос сэргийлэх аргачлал, зөвлөмжөөр хангах, эдгээр чиглэлийн ажил үйлчилгээг үзүүлэх маш өргөн хүрээг хамарсан нарийн мэргэжлийн салбар юм байна.  Эдгээр хамрах хүрээ тус бүрт нэг жишээ дурдая. (1) Мах, сүүний аюулгүй буюу халдваргүй, хоргүй гэдэгт  гарал, үүслийн талаас нь зөвхөн малын эмч л баталгаа гаргана,   (2) хүнийг өвчлүүлж улмаар үхэлд хүргэдэг зэрлэг болон тэжээвэр шувуудаар дамжин халдварладаг “шувууны томуу” гэх аюулт өвчнөөс нийтийн буюу нийгмийн эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагааны эхний эгнээнд малын эмч ажиллаж, өвчилсөн шувуутай “нүүр тулж”  ажилладаг юм. (3)  экспортлож, импортлож буй  мал амьтан, тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүн  эрүүл гэдэгт  тухайн улсын мал эмнэлгийн холбогдох салбарын байгууллага, малын эмч л баталгаа гаргадаг,  (4) мал, амьтанг урт холын замд онгоц, вагон, машинаар тээвэрлэхэд тухайн амьтанг стрессорын нөлөөлөлд бага өртүүлэх аргачлал, зөвлөмжөөр мал эмнэлгийн мэргэжлийнхэн хангадаг болно. Энэчлэн  мал, амьтны эмнэлэг бол маш өргөн хүрээг хамарч ажил, үйлчилгээ явуулдаг мэргэжлийн салбар юм байна.

Зургаадугаарт: Монгол улсын Үндсэн хуулийн 5.5-т байгаа  “Мал сүрэг нь үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтанд байна” гэх заалтыг буруугаар буюу хүн бүр хүссэнээрээ тайлбарладаг явдлыг таслан зогсоох шаардлагатай байна. Болдогсон бол  Үндсэн хуулийн энэ зүйлийг хасаж хаямаар байгаа юм. Яагаад гэвэл хуулийн  энэ зүйлийг  улс төрчид, сонгуульд нэр дэвшигчид нь малчид, мал бүхий иргэдэд таалагдахын тулд  популист амлалтандаа олон жилийн турш ашигласаар  ирсэн. Ингэснээр 1990 он гэхэд олон талаараа хөгжлийн нилээд өндөр түвшинд хүрсэн байсан шинжлэх ухааны үндэслэлтэй буюу мэргэжлийн мал эмнэлгийн сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн салбаруудыг   доройтуулах, улмаар бараг устгах зам руу оруулсан. Хөгжил ба  өрсөлдөх чадвараа дээшлүүлэхийн төлөө явах хүсэл, бодол, замыг нь хаачихсан.  Учир нь төр, засгийн оролцоотой мал эмнэлгийн бүх үйл ажиллагаа шинжлэх ухаан, мэргэжлийн мэдлэгт тулгуурлан төлөвлөгдөж, зохион байгуулагдах бус, голдуу  улс төрийн популизм, хулгайч луйварчдын  наймааны захиалганд үндэслэгдэж явагддаг болсон. Одоо ч энэ байдал үргэлжилж байна.

Долоодугаарт: Монгол улсын “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хуулийг даруй өөрчлөх шаардлагатай. Яагаад гэвэл  ер нь хуулиар зохицуулах боломжгүй бөгөөд шаардлагагүй “удмын санг хамгаалах” гэгч “ямар юм” хамгаалах гээд байгаа нь ойлгомжгүй бөгөөд бодит байдал дээр бараг байхгүй шахам, нэгэн зүйл “зохиомол салбар”-ыг  хамгаалах гэж оролдсон, нөгөө талаас заавал хуулиар зохицуулах шаардлагатай “малын эрүүл мэндийг хамгаалах” гэдэг эрх зүйн зохицуулалт байгаа бөгөөд  тэс өөр  “зохиомол”  болон “бодит” хоёр салбарыг хольж хутгаад бантагнуулаад, зохицуул гэж тулган хүлээлгээд орхичихсон. Улс төрчдөд хялбаршуулж ойлгуулахын тулд “малын эмч”,  “мал зүйч” гэдэг хоёр мэргэжил чинь бараг адилхан юм аа, худлаа гэвэл хоёулангийнх нь нэрэнд “мал” гэдэг үг орж байгаа биз дээ гэж ухуулсаар л ийм завхралыг хуулиар баталгаажуулж авсан юм гэсэн. Одоо олон жил ийм байдлаар яваад байвал мал эмнэлэг нь ч, мал зүй нь ч  дампуурах нь тодорхой болоод, нэг хуулиар зохицуулах боломжгүй нь амьдрал дээр батлагдчихсан байгаа учраас уг хуулийг яаралтай өөрчилж дэлхий, олон улстай хөл нийлүүлэх хэрэгтэй байна. Дашрамд дурдахад “зоотехникч” буюу “мал зүйч” гэдэг зохиомол мэргэжил нь социализмын үед Орос, Монгол хоёрт л байдаг, дэлхийд өөр хаана ч байдаггүй “ховор мэргэжил” юм гэсэн. Одоо бол дэлхийд  зөвхөн Монголд л үлдсэн байлгүй дээ. Моод Монголоор дуусдаг гэдэг хойно доо.  Мал зүйч гэдэг “зөвхөн Монголдоо үлдсэн” тэр  мэргэжлийн хүмүүс нь мал эмнэлгийн шинжлэх ухаанаар бараг “А” ч байхгүй. Гэтэл төр, засгийн зүгээс мал эмнэлгийн асуудал хариуцсан хамгийн том албан тушаалд нь тухайн шинжлэх ухааны талаар огт ойлголтгүй буюу мэргэжлийн бус  “мэргэжилтэн” болох “мал зүйч”-дийг л томилж ажиллуулдаг болсон.  Өнөөдөр ч Ерөнхийлөгчийн дэргэд мал эмнэлгийн асуудал хариуцсан зөвлөх албан тушаалтан нь мал зүйч, Засгийн газрын бүрэлдэхүүнд мал эмнэлгийн асуудал хариуцсан  хамгийн том албан тушаалтан нь мал зүйч. Тэд нар нь бүр нэг ангийн андууд. Энэ бол нэг л жишээ. Бодит байдал ийм л байна. Бодлогыг нь ийм этгээдүүд тодорхойлохоор төр засгийн оролцоотой мал эмнэлгийн  мэргэжлийн ажил үйлчилгээ ямархуу түвшинд явагдах нь ойлгомжтой байгаа биз.

Наймдугаарт: “Мал сүрэг төрийн хамгаалалтанд байна”  гэхээр тухайн мал буюу сүрэг нь эрүүл буюу өвчтэй, эсвэл өвчин тохиолдох  эрсдэлтэй буюу эрсдэлгүй  орчин, бүс нутагт байгааг нь үл харгалзан үнэгүй  буюу төрөөс үнийг нь төлчихсөн эм, вакцин тарих, эсвэл уулгаж, угаадаг гэх буруу ойлголт улс төрчид, дарга нарын дунд түгээмэл байна. Тэр ч бүү хэл үндсэн хуулийн энэхүү заалтыг дээрхи байдлаар тайлбарладаг малын эмч мэргэжилтнүүд ч байна. Өвчингүй байхад нь мал, амьтанд эм тарьж, уулгаад байгаа нь хэн ч бодсон зөв биш биз дээ. Уг нь Монгол мал бол дэлхийд хамгийн эрүүл мал байх олон үндэслэл бий. Эм бол хор гэдгийг хүн бүр мэднэ. Хор тарьж, уулгаад хордуулчихсан малын мах, сүү хортой байх нь ойлгомжтой. Ийм л юм ойлгохгүй явсаар олон жилийн нүүр үзэж байна даа. Вакциныг зөвхөн халдварын эрсдэлтэй бүс нутагт байгаа мал, амьтанд л тарих ёстой. Тухайн халдварт өвчин тохиолдоггүй бүс нутгийн мал, амьтанг уг өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтанд хамруулах ямар ч шаардлагагүй. Энэ бол маш энгийн логик. Хүнтэй харьцуулая л даа. Жишээ нь ямар нэгэн өвчингүй хүмүүст  эм тарьж, уулгаад байдаггүй биз дээ. Яг л үүнтэй утга чацуу ойлголт. Вакцин ч ялгаагүй. Олон улсын жишгээс үзэхэд төр, засаг нь ямар вакцины үнийг төлж байна вэ? гэхээр хүн ба мал, амьтанг аль алиныг нь өвчлүүлдэг зооноз халдварт өвчнүүдээс сэргийлэх,  түүнчлэн  хүнд халдаж өвчин үүсгэдэггүй  ч тодорхой зүйлийн мал, амьтанд халдварт өвчин үүсгэдэг  бөгөөд тэр нь  олон улсын худалдааны хорио цээрт өвчнүүдийн жагсаалтанд орчихсон халдварт өвчнүүдээс сэргийлэх вакцины үнийг л төлдөг юм байна. Гэтэл Монгол улсад яаж байна вэ?  гэхээр  нэрийг нь мэддэг бүх халдварт өвчнүүдээс сэргийлэх вакцины үнийг төрөөс буюу татвар төлөгчдийн мөнгөөр төлүүлэхээр хуульчилсан байгаа. Үүнийг засаж залруулах ёстой. Зөвхөн ганц хоёрхон зүйлийн цөөхөн мал, амьтан  өвчилдөг, хүнд халдварлах ямар ч аюулгүй халдварт өвчнүүдээс сэргийлэх вакцины үнийг ч өнөөдөр төрөөс төлөөд л явж байна. Малчин, малын эзэн нь хүнд аюулгүй тэдгээр халдварт өвчнөөс сэргийлэх вакциныг малдаа тариулахыг, хэрэглэхийг  үнэхээр хүсээд байвал вакцин болон үйлчилгээнийхээ үнийг өөрсдөө төлөөд вакцинжуулалтанд малаа хамруулах эрх нь нээлттэй байгаа. Одоо Монгол улсад бараг бүх мал хувьчлагдсан бөгөөд  мал сүрэг бол малчин, малын эзний хувийн өмч шүү дээ. Хувийн өмчөө хамгаалах нь эзний л үүрэг. Ийм л харилцааг хуулиар ялгаж зааглаад өгчихмөөр байгаа юм.

Өчиглөл:

Монголд жил бүр олон мянган хүн хорт хавдрын улмаас хорвоог орхиж байна. Тэдгээрийн олонхийнх нь шалтгаан хоол хүнсээр дамжсан хорны  буюу ужиг хордлогын гаралтай байгаа нь тодорхой. Тэгвэл монгол хүний үндсэн хүнс нь мал, амьтны гаралтай мах, сүү л байгаа шүү дээ. Мах, сүүнд  байгаа хорыг нь идэж буй хүн  хараад, үнэрлээд, амтлаад тодорхойлох боломжгүй. Тухайн мах, сүү нь хэдийд ямар хортой, аюултай эм, вакцинаар таригдсан, угаагдсан, боловсруулагдсан, вакцинжуулагдсан малын гаралтай вэ гэдгийг  мэдэх тогтолцоо өнөөдрийн Монголд алга. Төр засгийн зүгээс мал эмнэлгийн салбарынханд мэргэжлийн ажлаа хийх боломжыг нь олгоогүйгээс, малын эмч нарын мэдлэг, чадварын дутуугаас, малчин, малын эзний хариуцлагагүйгээс шалтгаалж хичнээн хүний эрүүл мэнд хохирч, улмаар тэднийг үхлийн замд нь илгээж байгаа бол гэж бодохоор үнэхээр харамсалтай. Мал эмнэлгийг буруу замаар явуулж буй нүгэлтнүүд нүглээ аль болох л эртхэн наминчлах хэрэгтэй. Ялангуяа, мал эмнэлгийн салбар дотор ажиллагсад юуны түрүүн гэмших сэтгэл төрдөг. Уг нь ард түмэн бидэндээ хязгааргүй хайртай гэж сонгогдсон улс төрчид маань тэр “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хуулийг нь даруй өөрчлөөд, дэлхий,  олон улсын жишгээр мал эмнэлгээ бие даасан тогтолцоотой болгоод, зөв голдиролд нь оруулаад, нөгөө талаас нь өмчийн эзэн буюу малчид, малын эзний  хариуцлагыг уг хуулиндаа тодорхой заагаад өгчихвөл Монголын мал эмнэлэг нь дээр дурдсан олон үүргээ гүйцэтгээд  явчихна л даа. Одоо бол үндсэн үүргээ биелүүлэх ч үгүй, зарим үүргээ мэдэх ч үгүй л тогтолцоо, бүтэц, бүрэлдэхүүнтэй явж байна шүү дээ.

Зарим хүмүүс ойлгохдоо мал эмнэлгийг нь салгаад хуульчилчихаар,  “малын удмын сан” нь яах юм бэ?   гэх асуулт тавьж болох юм. Гаргалгаа нь маш хялбар. Зүгээр л орхичих хэрэгтэй. Энэ үйл ажиллагаа нь хуулиар зохицуулагддаг зүйл биш юм. Дэлхий буюу олон улс ийм л жишигтэй.  Бодоход ч ойлгомжтой. Малын удмын санг хамгаална гэхээр монгол малын удмын санг л хамгаалах гэж ойлгоно биз дээ. Монгол орны эрс тэс уур амьсгалтай, бэлчээрийн маллагаатай нөхцөлд бараг амьдрах чадваргүй  гадаадаас оруулж ирсэн янз бүрийн үүлдрийн цөөхөн  толгой мал болон тэднийг монгол малтай эрлийзжүүлж гаргасан  цөөн тооны хэдэн эрлийз малыг хамгаалахаа “удмын санг хамгаална” гэж ойлгож байгаа хүн бараг байхгүй гэдэгт итгэлтэй байна. Тэгээд хаана байгаа, хэний мал сүргийн удмын санг хамгаалах гээд байгаа нь тодорхойгүй. Бүх аймгийн, бүх сумын, бүх малчны хотонд байгаа  бүх малын удмын санг хамгаалж чадах уу?  гэвэл чадахгүй нь тодорхой. Цаашид ч чадахгүй. Тэгээд ч төр засгийн зүгээс оролцоод, хэдэн зоотехникч буюу мал зүйчид ажилласнаар  монгол малын удмын сан хамгаалагдана гэвэл тийм гэнэн ойлголт байхгүй нь хэнбугайд ч ойлгомжтой.  Харин төр засгийн зүгээс оролцохгүй байвал, монгол малын удмын сан илүү найдвартай хадгалагдах магадлалтай. Социализмын үеэс эхлэн зоотехникч буюу мал зүйч нар нь монгол малын удмын санг хамгаалах бус, харин ч гадаадын янз бүрийн үүлдрийн мал амьтантай эрлийзжүүлж удмын санг нь эвдэж, доройтуулсан байх. Гадаадаас авч ирсэн мал амьтад нь манай оронд байгаагүй олон халдварт өвчинг ч тээж ирж тараасан гэлцдэг. Ялангуяа, Улаанбаатар хотын эргэн тойронд байсан саалийн механикжсан фермүүдээр дамжиж хүрээгээ тэлсэн өвчнүүдийн жишээнд лейкоз, бруцеллёзыг эхний эгнээнд нэрлэдэг. Мах, сүүний өндөр гарцтай, үр ашигтай мал, амьтан өсгөж үржүүлэх шаардлага байвал зоотехникч буюу  мал зүйчдийн оролцоогүйгээр гадаад, дотоодын бизнесменүүд аваад,  хийгээд л явчихна. Угаасаа энэ нь бизнесийн үйл ажиллагаа гээд байгаа нь ийм утгатай. Одоо жишээ нь шинэ цагийн монгол адуу гэж нэрлэхээр түвшинд хүртлээ олшроод байгаа гадаад үүлдрийн ба монгол адууны хоорондын хяналтгүй эрлийзжүүлгийн үр дүнд бий болсон эрлийз адуунууд нь зоотехникч буюу мал зүйчдийн мэргэжлийн үүднээс, бодлого, төлөвлөгөөтэйгээр, хуулийн дагуу явуулсан үйл ажиллагааны үр дүн бус, нэр бүхий хэдхэн баян уяач, бизнесмен, улс төрчдийн хүсэл, сонирхлоор хийгдсэн бизнес үйл ажиллагааны үр дүн гэдэгтэй санал зөрөх хүн байхгүй гэдэгт эргэлзэхгүй байна. Яг л энэ жишгээр мал, амьтны үржил, селекцийн ажил, үйлчилгээ явчихаар байгаа юм. Түүнд нь төрийн ч оролцоо хэрэггүй, мал зүйчийн ч оролцоо хэрэггүй. Хэрэв төр заавал оролцохыг хүсээд байвал, өндөр ашиг шимтэй мал, амьтан худалдаж авахад нь бизнесийн шугамаар бага хүүтэй, урт хугацаатай зээлээр дэмжих хэрэгтэй байх, нөгөө талаас нь мал зүйч буюу зоотехникч нарын оролцоо хэрэгтэй бол зохиомол хээлтүүлэг хийх гэх мэт мэргэжлийн үйлчилгээгээ харилцан тохиролцоо,  гэрээний үндсэн дээр үзүүлээд явчих бололцоотой.

Ийм л ойлгомжтой юманд төр засгийн оролцоо шаардлагагүй байхад “эсгий хийх газар нохой хэрэггүй” гэгчээр оролцоод, зайлшгүй оролцоотой газраа мэргэжлийн мэдлэггүйгээр, шинжлэх ухааны үндэслэлгүйгээр оролцоод л тэр нь нийт ард түмэндээ мал амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүнээр дамжин аюул, хорлон сүйтгэл болж очсоор л байна. Хүсвэл үүнийг шийдэх арга зам нь тодорхой бөгөөд богино хугацаа туулаад хэрэгжиж болохоор байгаа юм.

Энэ талаар Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага буюу OIE-ээс Монголын засгийн газрын урилга, хүсэлтээр  ирж ажилласан экспертүүдийн баг 2007, 2010 онуудад 2 удаа дүгнэлтээ гаргахдаа Монгол улс мал эмнэлгийн мэргэжлийн тогтолцоогоо дэлхийн олон улсын жишгээр бие даасан хэлбэрээр, мэргэжлийн удирдлагын сүлжээгээр ажиллуулах шаардлагатайг онцгойлон зөвлөмж болгосон байдаг. 2011 онд Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс ч зөвлөмж гаргасан байдаг юм. Энэ бүхнийг харгалзаад, бодит байдалд тэс өөр хоёр мэргэжлийн салбарыг хольж явуулах нь боломжгүй болоод дампуурч байгааг ойлгоод, цөөхөн хэдэн хүний эрх ашгаас үндэснийхээ эрх ашгийг дээгүүр тавиад Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийг яаралтай өөрчлөх шаардлага байгааг улс төрчид маань ухаараасай. Одоогийн энэ хуулийн хүрээнд ч зохицуулах  гол асуудлаа зөв ойлгоод, түүнийг ямар мэргэжлийн мэргэжилтнээр гүйцэтгүүлэх ёстойг нь сайн ухаараад, нийтийн эрх ашгийг тэргүүн эгнээнд тавиад, зөв шийдэл гаргаад, цөөн хүний  шуналыг хязгаарлаж чадвал мал эмнэлгийг зөв тогтолцоогоор ажиллуулах боломж байгаа юм шүү. Зөвхөн зөв шийдвэр л шаардлагатай байна .

Өдрийн сонин. 2013.11.26 сар.