ОҮБХ-ын үеэр Биокомбинат “ТӨҮГ”-т үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнүүдтэй холбоотойгоор гаргаж байсан зөвлөмжийн мөрөөр 1

Өмнөх жилүүдэд зохион байгуулсан ОҮБХ-ын үеэр Биокомбинат “ТӨҮГ”-т үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнүүдтэй холбоотойгоор гаргаж байсан зөвлөмжийн мөрөөр

 

Ц. Өлзийтогтох, М. Хашбилэг

Биокомбинат ТӨААТҮГ

 

  • 2000 оны дугаар № 5 (34).

 

“Баруун бүсийн мал эмнэлгийн чухал асуудлууд” ОҮБХ

Зөвлөмж  1. Сохор доголын вакцин нь дархлаа үүсгэх чадваргүй болох нь үйлдвэрлэлийн ажлын үр дүнгээр батлагдсаар байгаа тул одоогийн хэрэглэж байгаа вакцины үйлдвэрлэлийг зогсоох хүртэл хянаж үзэх, дархлаа үүсгэх чадвартай омог гарган авч үйлдвэрлэлд ашиглах талаар анхаарах. 

Зөвлөмж1.-ийн мөрөөр.

Уг вакцины хамгаалах идэвхи сул байгаа талаархи орон нутагт үйлдвэрлэл дээр ажилладаг мэргэжилтнүүдийн ажиглалт, санал, дүгнэлтийг үйлддвэрлэгч бид авч үзэхдээ хамгийн гол нь тухайн вакцины үйлдвэрлэлд ашигладаг омогт анхаарлаа хандуулсан. Ингээд эхлээд орон нутагт ажилладаг мэргэжилтэн нарын хүсэлтийг харгалзан сохор доголын голомттой бүс буюу аймгуудаас уг өвчнөөр өвчилсөн малаас үүсгэгч бүхий эмгэгт материал авчирч үүсгэгчийн цэвэр өсгөвөр буюу нутгийн омог гарган авсан. Тухайлбал, Баянөлгий,  Говьалтай, Баянхонгор, Завхан, Өвөрхангай, Дундговь зэрэг аймгууд руу мэргэжилтэн нараа явуулж материал авхуулж байсан. Ингээд гаргаж авсан цэвэр өсгөвөр буюу нутгийн омгуудаа сохор доголоос сэргийлэх вакцины үйлдвэрлэлд  хэрэглэснээр бага сага дэвшил үр дүн гарсан боловч тус  вакцины  идэвхийг сайжруулах тал дээр дорвитой шийдэл болсонгүй.  Эндээс хийх дүгнэлт нь юу байх вэ гэвэл:  уг өвчний голомттой аймаг бүрээс, уг өвчний  голомттой сум бүрээс, уг өвчний голомттой баг бүрээс, уг өвчний голомттой хот айл бүрээс эмгэгт материал авчирч цэвэр өсгөвөр буюу нутгийн омог ялган авч үйлдвэрлэлд хэрэглэснээр вакцины идэвхит чанар дээшилчихдэггүй болох нь  голомттой бүс нутаг  бүрээс нутгийн омог ялгаж үйлдвэрлэлд хэрэглэх нь чухал болох талаар санал гаргагч  нарт ойлгомжтой болсон байх гэж найдаж байгаа. Өөрөөр хэлбэл вакцины үйлдвэрлэлд ашигладаг омгийн тухайд тухайн халдварт өвчинг үүсгэгч бичил биетний төлөөлөл бүрэн орсон л байвал болоо. Түүнээс бус голомттой бүс бүрээс нутгийн омог ялган авч вакцины үйлдвэрлэлд ашиглах шаардлагагүй. 

Гадаадын судлаач нар шинжлэх ухааны ном хэвлэл, судалгааны ажлын үр дүндээ тусгаснаар ч ямар нэгэн халдварт өвчний голомттой бүс бүрээс, өвчилсөн мал амьтан бүрээс үүсгэгчийнх нь цэвэр өсгөвөр буюу нутгийн омгийг ялгаж  аваад вакцины үйлдвэрлэлд ашиглаад байвал вакцины идэвхи сайжраад  байх тухай ойлголт байдаггүй болно. Харин уг халдварт өвчний үүсгэгч хэдэн хэвшилтэй байна вэ?  тэд нь хоорондоо эсрэгтөрүүлэгч чанараараа хэр зэрэг ялгаатай байна вэ? гэх зэргээс шалтгаалан тухайн халдвараас сэргийлэх вакцины үйлдвэрлэлд хэдэн омог оруулах тухай ойлголт байдаг. Үүнийг шийдэхийн тулд халдвар үүсгэгч бичил биетний биохимийн шинж чанар, эсрэгтөрүүлэгч чанар зэрэгт үндэслэж тогтоодог солбицож урвалдах чанар (cross-reaction) гэдэг ойлголтыг сайтар анзаарах ёстой юм.

Үүний дараа сохор доголоос сэргийлэх вакцины идэвхийг дээшлүүлэхтэй холбоотойгоор үйлдвэрлэгчийн санаачилж хийсэн бас нэг  ажил бол  уг өвчнөөс сэргийлэх вакцины үйлдвэрлэлд ашиглаж буй үүсгэгч Mycoplasma agalactiae- н омгуудыг иж бүрэн ялгаварлан танилт хийж тогтоох явдал байсан. Энэ зорилгоор үйлдвэрлэгчийн зүгээс тухайн ажилтай холбоотой судалгааны сэдвээр өөрийн нэгэн мэргэжилтэнг мал эмнэлгийн ухааны мастер курст элсэн суралцахыг зөвлөж  мал эмнэлгийн хүрээлэнгийн зарим судлаачидтай хамтран ажиллуулж уг судалгааны ажилд шаардагдах зүйлст санхүүгийн тодорхой дэмжлэг үзүүлж гүйцэтгэсэн болно. Уг судалгааны ажлын талаар  Монголын мал эмнэлэг сэтгүүлийн 2009 оны №5 (58) дугаарт хэвлэгдсэн байгаа. Энэхүү  ажлыг гүйцэтгэхээс өмнө 1980-аад онд сохор доголоос сэргийлэх вакцин үйлдвэрлэх  технологийг мал эмнэлгийн хүрээлэнгийн судлаач агсан Ч. Дамдинсүрэн манай мэргэжилтнүүдийн туслалцаатайгаар үйлдвэрлэлд нэвтрүүлэх үедээ ч, түүнээс хойш ч  уг вакцины үйлдвэрлэлд ашигладаг нутгийн омгууд буюу цэвэр өсгөвөрүүдээ ерөнхийдөө Mycoplasma гэдгийг нь тогтоож байсан болохоос бус   Mycoplasma agalactiae яг мөн гэж найдвартайгаар тогтоож байгаагүй юм байна лээ. Тэр үеийн судалгааны арга, багаж хэрэгслийнх нь  мэдрэмж, чадамж ч тэгэж нарийвчилж тодорхойлоход хангалттай бус байсан биз. Тэгээд яагаад тэдгээр омгуудыг  вакцины үйлдвэрлэлд итгэлтэйгээр ашиглаад байсан талаар манай ахмад мэргэжилтнүүдээс асуухад 1-рт: сохор догол өвчний эмнэл зүйн шинж тэмдэгийг илэрхийгээр үзүүлж өвчилсөн мал амьтнаас эмгэгт материал авч түүнээсээ нутгийн омог буюу цэвэр өсгөвөрүүдээ ялгаж авдаг байсан, 2-рт: Уг эмгэгт материалаас үүсгэгч бичил биетэнг дангаар нь ялгахдаа зөвхөн микоплазмд байдаг бөгөөд бусад бичил биетнүүдэд нийтлэг байдаггүй шинж чанарууд болох нян нэвтэрдэггүй шүүрээр нэвтрэх, антибиотикт тэсвэртэй байх, тэжээлт орчинд өсгөвөрлөгдөх зэрэгт нь үндэслэж цэвэр өсгөвөр гаргадаг байсан гэж хариулдаг. Ингэхээр гаргалгаа нь уг омгийг  сохор доголоор өвчилсөн мал амьтнаас ялгаж гаргасан, цэвэрлэж ялгасан арга нь зөвхөн микоплазм гэдгийг батална. Тиймээс гарцаагүй Mycoplasma agalactiae мөн л гэж тайлбарладаг байсан. Түүнийг нь үгүйсгэхэд ч бас төвөгтэй. Гэхдээ энэ бол логикийн үүднээс  тайлбар мөн боловч хараахан шинжлэх ухаанч тайлбар биш байсан болно. Иймээс уг судалгааны ажлыг манай мэргэжилтэн нар бусад байгууллагын мэргэжилтэн нартай хамтран гүйцэтгэсэн байгаа. Энэ судалгааны ажлын үр дүнд Mycoplasma-уудыг ялган таних чиглэлд ихээхэн дэвшил гарсан гэж бодож байна.

Уг судалгааны ажил Монголд явагдаж байхын зэрэгцээ сохор доголоос сэргийлэх вакцины үйлдвэрлэлд ашигладаг зарим омгийг Австри улсын Вена хот дахь Мал эмнэлгийн их сургуулийн судлаач М. Мөнхцэцэгийн тусламжтайгаар тус сургуулийн лабораторит ялган танилт хийлгэхэд нутгийн зарим омог нь Mycoplasma agalactiae-аас өөр зүйлийн микоплазмтай холилдсон байдалтай байсан талаар хариу ирүүлсэн. Тийм ч байх магадлалтай. Дээр дурдсанаар уг нутгийн омгийг ялгаж гаргасан эмгэгт материалыг авсан мал амьтан сохор доголоор өвчлөхийн зэрэгцээ өөр микоплазмын халдвар тээж байсан бол нутгийн омгоо ялгах үедээ хамтад нь ялгаж авсан байх магадлал нэн өндөр. Микоплазмын бохирдол бол эсийн өсгөвөр ашиглаж үйлдвэрлэдэг вирусийн амьд вакцин болон микоплазмын гаралтай амьд вакцин үйлдвэрлэлд хүндрэл учруулдаг том асуудлуудын нэг шүү дээ. Өөр ч шалтгаан бас байж болно.

Мөн сохор доголоос сэргийлэх вакцины хамгаалах идэвхитэй холбоотой асуудлыг бас нэгэн удаа авч хэлэлцсэн тохиолдол нь  2008 онд Австри улсын Mycosafe лабораторийн захирал,  Вена хот дахь Мал эмнэлгийн их сургуулийн профессор Renate Rosengarten, түүний шавь судлаач М. Мөнхцэцэг нарыг Монголд ирэх үед  МҮМЭХ, УМЭҮГ, УМЭАЦТЛ, МЭХ, МЭЭСБУЛ,  Биокомбинат ТӨААТҮГ-ын  мэргэжилтэн нартай  УМЭАЦТЛ-т уулзалт ярилцлага зохион байгуулсан. Тэрбээр дэлхийн олон оронд танигдсан нэр хүндтэй, хамгийн гол нь mycoplasma-ийн талаар ихээхэн мэдлэгтэй,  судалгааны бүтээлтэй судлаач байсан бөгөөд тэр ч хэрээрээ микоплазмын талаар  дэлхий, олон улсын хэмжээний мэдээлэлтэй профессор гэдэг нь бидэнд анзаарагдаж байсан.  Уг уулзалтын үед  дэлхийн аль орны ямар нэртэй үйлдвэрт сохор доголын эсрэг маш сайн хамгаалалт олгодог идэвхгүйжүүлсэн ба амьд вакцин байна вэ? гэж би  Renate Rosengarten профессороос асуусан. Яагаад би тэгэж асууж байгаагаа тайлбарлахдаа “Манай үйлдвэрт үйлдвэрлэдэг сохор доголоос сэргийлэх амьд ба идэвхгүйжүүлсэн вакцины идэвхит чанарын талаар хэрэглэгчид сэтгэл дундуур байдаг болно. Иймээс тийм сайн вакцин үйлдвэрлэдэг үйлдвэр байвал  туршлага судлах, нөгөөтэйгүүр тийм сайн вакцин байдаг бол дор хэлж манай үйлдвэр 5 литрийг худалдаж авч ирээд өөрийн үйлдвэрлэдэг вакцинтайгаа харьцуулж идэвхит чанарыг нь туршиж үзмээр байна гэж хэлсэн. Хариуд нь: Renate Rosengarten  профессор хэлэхдээ: Тийм сайн вакцин түүний мэдэхээр дэлхийн аль ч улсад байхгүй гэсэн. Мөн тэрээр сохор доголоос сэргийлэх идэвхит чанар сайтай амьд вакцин байх боломж бүр бага гэдгийг ч хэлсэн. Тэрээр цааш нь ярихдаа Mycoplasma agalactiae-ийн халдалтаас сэргийлэх маш сайн чанартай буюу идеал вакцин үйлдвэрлэх боломж өнөөгийн шинжлэх ухааны түвшинд байхгүйг тэмдэглээд одоогийн Биокомбинат ТӨААТҮГ-т үйлдвэрлэж байгаа  сохор доголоос сэргийлэх идэвхгүйжүүлсэн вакцин буюу  “коктейл” вакцин нь  хэдийгээр хамгаалах идэвхи тийм сайн биш ч олон улсад үйлдвэрлэж байгаа хамгийн энгийн, аюулгүй, харьцангуй  сайн вакцин гэдгийг ч хэлсэн болно. Түүний хэлсэн тэдгээр санал дүгнэлтүүдтэй би 100% санал нэг байсан. Учир нь Монголд үйлдвэрлэдэг бүх  вакцины үйлдвэрлэлийг сүүлийн 10-аад жил удирдаж байгаа мэргэжилтний хувьд ч, хэдийгээр дэлхийн олон оронд үйлдвэрлэдэг Mycoplasma agalactiae-ийн халдалтаас сэргийлэх амьд  болон идэвхгүйжүүлсэн  вакцины талаархи мэдээлэл надад бүрэн  байхгүй  ч гэсэн ер нь  вакцин ямар шалгуур хангаж байж сайн чанартай болдогийг “гадарлахын” хувьд ч, Renate Rosengarten  профессор тийм хариулт хэлнэ гэдгийг  би урьдчилан мэдэж байсан болно.  Гэхдээ бидний  энэ дүгнэлт вакцин үйлдвэрлэлийн технологийн хөгжлийн  өнөөгийн түвшинд шүү дээ. Тиймээс тэр уулзалтын үед Renate Rosengarten профессорын яриаг манай мал эмнэлгийн салбарын удирдлага, судалгаа, оношлогоо, үйлдвэрлэлийн байгууллагын голлох  мэргэжилтнүүд сонссоны дараах яг тэр мөчид  би УМЭҮГ-ын Мал эмнэлгийн албаны дарга Д. Оргилд хандаж 2009-2010 оноос эхлэн сохор доголоос сэргийлэх амьд вакциныг үйлдвэрлэхээ зогсоох саналтай байгаагаа илэрхийлсэн. 2009 онд Баянхонгор, Увс аймаг болон Улаанбаатар (Найрамдал зусланд)  хотод зохион байгуулсан ОҮБХ-д оролцогч нарт ч хандаж  тийм саналтай байгаагаа илэрхийлж тус вакциныг захиалахгүй байхыг малын эмч нартаа уриалж байсан.  Түүний оронд сохор доголоос сэргийлэх идэвхгүйжүүлсэн вакцинаа захиалж хэрэглэх нь илүү дээр гэдгийг ч сануулж байсан. Харамсалтай нь 2010 оны захиалгад зарим аймгууд сохор доголоос сэргийлэх амьд вакциныг тодорхой хэмжээгээр захиалаад төсөв, төлөвлөгөөндөө аль хэдийн тусгачихсан байсан. ХХААХҮЯ, УМЭҮГ манай үйлдвэртэй эм биобэлдмэл худалдаж авах, нийлүүлэх тухай гэрээ байгуулах үед бид саналаа хэлсэн боловч бүтээгдэхүүний үнэ, вакцинжуулалтанд хамрагдах малын тоо толгой, вакцинжуулах ажлын үйлчилгээний хөлс зэргийг хөдөлгөх боломжгүй гэснээр 2010 онд бага хэмжээгээр үйлдвэрлэсэн  болно.

Вакцинтай холбоотой иймэрхүү саналыг манай талаас гаргахад олонхи хүмүүс үйлдвэрлэгчийн “ашиг сонирхолын зөрчил”-ийн үүднээс хараад байх шиг байгаа юм. Сохор доголын вакцинтай холбоотой эдгээр санал ч үйлдвэрлэгчийн байр сууринаас хандсан  гэхээсээ илүүтэйгээр  вакцины чанар, хэрэглээний ач холбогдолын  талаар  манай салбарын олонхи мэргэжилтнүүдтэй харьцуулахад тухайн чиглэлийн талаар арай илүү мэдлэг, мэдээлэлтэй мэргэжилтний байр сууринаас хандаж байгаа болно. Ер нь ганц вакцин ч бус, аливаа бүтээгдэхүүний чанар сайн, саар байх талаархи хамгийн үнэн зөв мэдээллийг зөвхөн үйлдвэрлэгч л өгч чадна. Тэр л үүднээс хандаж байгаа болно. Түүнээс бус хяналт шалгалтын байгууллага ч юмуу, төрийн захиргааны байгууллага ч юмуу хянаж шалгаад, үүрэг даалгавар өгөөд чанарыг нь сайжруулчихдаг ойлголт бараг үгүй.

Ингэж хэлэхийн учир нь манай үйлдвэр болон миний зүгээс сохор доголоос сэргийлэх амьд вакциныг үйлдвэрлэхээс татгалзаж байгаагаа илэрхийлснийг тэр уулзалтын үед сонссон зарим этгээдүүд  Биокомбинат ТӨААТҮГ уг вакциныг үйлдвэрлэж чадахгүй гэсэн тул бид сохор доголоос сэргийлэх сайн чанартай амьд вакцин үйлдвэрлэнэ гэж дэмийрч балайраад лав л вакцин бус юу нь мэдэгдэхгүй “юм”-ны стандарт батлуулна гээд ХХААХҮЯ-ны дэргэдэх Малын эмийн салбар зөвлөл болон Стандартчилал хэмжил зүйн үндэсний төвийн  дэргэдэх Хөдөө аж ахуйн техникийн хороогоор хэлэлцүүлээд явж байсан болно.

Иймэрхүү шунахай сэтгэлийн үүднээс, хэрэглэгчдийн мэргэжлийн  мэдлэг хязгаарлагдмал байгааг далимдуулж, танил тал болон  зарим увайгүй нөхдийнхөө албан тушаалын дулдуйдлыг  ашиглаж “дэлхийд байхгүй сайн чанартай вакцин” үйлдвэрлэнэ гээд яваад байгаагаас сэрэмжлүүлэх үүднээс дээрхи тайлан шиг юмыг бичихэд хүрээд байна.  

Биокомбинат ТӨААТҮГ  үйлдвэрлэж чадахгүйдээ  сохор доголоос сэргийлэх амьд вакциныг үйлдвэрлэхээс татгалзаад байгаа юм биш. Угаасаа өнөөдрийн байдлаар дэлхий дахинд сохор доголоос сэргийлэх сайн чанартай амьд вакцин үйлдвэрлэх боломжгүй юм байна гэдгийг ухаараад, хэрэглэгчид ч түүнийг нь практикт батлаад шүүмжлээд байгааг хүлээж аваад, дэлхийд нэртэй  микоплазм судлаачийн зөвлөгөөг хүлээн зөвшөөрөөд, вакцин үйлдвэрлэгчийн хувьд тус бүтээгдэхүүнийг сайн чанартай хийхэд ихээхэн төвөгтэй бөгөөд бараг боломжгүйг ойлгоод татгалзаж байхад түүнийг буруугаар ойлгож, тайлбарлаад яваа этгээдүүдээс сэрэмжлүүштэйг малын эмч нартаа мэдэгдэх нь зүйтэй  гэж үзсэнийх  болно. Шаардлагатай болбол илүү өргөн хүрээнд ч мэдээлэхэд бэлэн байгаа.

Ер нь сохор доголоос сэргийлэх вакцины идэвхит чанар сул байгаа нь уг вакциныг анх үйлдвэрлэлд  нэвтрүүлэх үедээ Мал эмнэлгийн хүрээлэнгийн судлаач агсан  Ч. Дамдинсүрэн нар судалгаа, туршилтаа бүрэн хийгээгүйтэй холбоотой. Хамгийн гол нь тунгийн асуудал. Түүнчлэн үүсгэгчийн эсрэгтөрүүлэгч чанар харьцангуй сул гэдгийг анхаарч үзээгүй бөгөөд тунг тогтоохдоо дархлааны анхдагч бөгөөд хоёрдогч хариу урвал гэдэг ойлголтыг анзааралгүй  орхигдуулсан байдаг.

Энэхүү вакцины эдгээр дутагдалтай талуудыг үйлдвэрлэгч бид нар анзаарч байгаа. Энэ талаар өмнө нь 2003 онд Ховд хотод зохион байгуулсан ОҮБХ-ын үед хэвлэгдсэн хурлын илтгэлүүдийн эмхэтгэл болон 2008 онд хэвлэгдсэн Биобэлдмэлийн гарын авлагад тусгахдаа уг вакциныг хоёрдогч, гуравдагч тунгаар таривал одоогийн зөвхөн анхдагч тунг олгож байгаатай харьцуулбал хавьгүй илүү сайн дархлаатай болох шинжлэх ухааны үндэслэл байгаа талаар дурдсан байгаа. Энэ бол ойлгож ядаад, шийдэж цөхөөд байх асуудал биш юм. Бусад зарим вакцинтай жишээд үзэхэд ч ойлгогдохоор байгаа юм.  Үүсгэгч Mycoplasma agalactiae-ийн омгууд нь үйлдвэрлэлийн дамжлаганд  тэжээлт орчинд өсгөвөржих чадвар харьцангуй султай бөгөөд эсрэгтөрүүлэгч нь харьцангуй хүч султайд л асуудлын хамгийн гол нь байгаа юм.

Мэдээж аливаа идэвхгүйжүүлсэн вакцин бүхэнд л ярьдаг ус-тосон адъювант, эсрэгтөрүүлэгчийн концентрацижуулалт гэх мэтээр өөр хүчин зүйлс байгаа л байх. Гэхдээ л дахин сануулахад хоёрдогч, гуравдагч тунгийн асуудлыг шийдэх нь уг вакцины идэвхийг дээшлүүлэхэд нөлөө үзүүлэх хамгийн чухал хүчин зүйл гэдгийг хэлэхийг хүсэж байна. 

Уг вакцины идэвхит чанар харьцангуй сул байгаагийн учир шалтгааны талаар ямар ч ойлголтгүй нөхдүүд  яаж байна гэхээр: орон нутагт ажилладаг мэргэжилтэн та  нар тэр тухай санал шүүмжлэл гаргахаар түүнийг нь өлгөж аваад  тус асуудлыг шийддэг хүн болж жүжиглэн түүгээр  мөнгө олдог хэрэгсэл болгох явдал нилээд бий болж байна. Жишээ нь энэхүү сохор доголоос сэргийлэх вакцины үйлдвэрлэлийн технологийг сайжруулна гэдэг нэрээр ХХААХҮЯ-ны МЭГ болон Мал эмнэлгийн хүрээлэнгийн нэр бүхий хүмүүс хуйвалдан хэдэн арван сая төгрөгийг улсын төсвөөс авсан мэдээлэл байдаг. Ингэхдээ нөгөө шүүмжлүүлээд байгаа, технологийг нь сайжруулах гээд байгаа вакциныг нь үйлдвэрлэдэг Биокомбинатдаа огт сонсгохгүй байгаа нь хачирхмаар. Эндээс үзэхэд  уг вакцины үйлдвэрлэлийн технологи болон вакцины чанарыг  нь сайжруулчихая гэж үнэн сэтгэлээсээ бодоогүй болох нь илэрхий.  Хамгийн хөгтэй нь тэр вакциныг нь одоо ямар технологиор ямар дамжлагаар яаж үйлдвэрлэж байгаа талаар огт ойлголтгүй нөхдүүд технологийг нь сайжруулна гээд нэг нь захиалга өгөөд, нөгөө нь захиалгыг нь хүлээж аваад байгаа явдал. Тэр захиалгыг нь хүлээж аваад мөнгө төгрөгийг нь авснаас хойш нилээд хэдэн жил өнгөрч  байгаа ч одоо хүртэл сохор доголоос сэргийлэх вакцины идэвхит чанарыг сайжруулах талаар өгсөн ганц ч зөвлөмж алга л байна. Арга ч үгүй юм. Тэр захиалга авсан нөхдөд вакцины талаар зөв ойлголт байхгүй. Түүнийг зөвхөн мөнгө олох  арга хэрэгсэл л болгосон. Цаашид ч тэднээс зөв зүйтэй зөвлөмж ирнэ гэж горьдоод хэрэггүй. 

Зөвлөмж 2.  Одоо хэрэглэж байгаа Цусан халдварын вакцин нь 2 удаа тарих, тарих тун их зэргээс шалтгаалан өргөн хэмжээгээр хэрэглэхэд ихээхэн бэрхшээлтэй байгаа тул үйлдвэрлэлийг сайжруулан хэрэглэхэд хялбар тарилга үйлдвэрлэхэд анхаарах.

Зөвлөмж 2.-ийн мөрөөр. Цусан халдвараас сэргийлэх идэвхгүйжүүлсэн вакцинтай холбоотойгоор хэрэглэгчдээс ирүүлдэг санал шүүмжлэлийн гол нь анхдагч болон хоёрдогч тунгийн хэмжээ их байгаа бөгөөд түүнээс улбаалан тарьж олгосон хэсэг газарт хавдалт, буглаа үүсгээд байгаа үр дагавар гэдэг. Бид хэрэглэгчдийн тэдгээр санал нь гарцаагүй үнэн гэдгийг хүлээн зөвшөөрөөд 2000 оны үеэс эхлэн зохих арга хэмжээ авахыг хичээж эхэлсэн. Юуны өмнө олонхи  цувралын вакциныг мал амьтанд тарьж олгох үед хавдаж, буглахгүй байхад зарим цувралын вакциныг тарьж олгох үед хавдаж, буглаад байгаа нь маш ойлгомжгүй байсан. Үүний шалтгааныг судлаж үзэхэд инактивант химийн бодисын чанартай холбоотой байгаа нь тогтоогдсон. Инактивантыг удаан хадгалахгүйгээр жил бүрийн үйлдвэрлэлийн эхэнд шинээр бэлтгэдэг болсноор тэр асуудлыг шийдсэн.  Тэгээд хийж эхэлсэн анхны судалгааны  ажил нь 2001 оноос тус үйлдвэрийн бактерийн гаралтай вакцин үйлдвэрлэлийн цехийн эрхлэгчээр ажиллаж байсан Б. Дуламсүрэнг “цусан халдвараас сэргийлэх вакцины үйлдвэрлэлийн технологийг боловсронгуйжуулах” чиглэлээр ОХУ-ын Владимирын институтэд мал эмнэлгийн ухааны доктор курст элсүүлэн сургаж (2001-2005 оны хооронд) судалгаа туршилтын ажил хийлгэсэн. Түүний суралцах хугацааны бүх зардлыг (ОХУ руу явж, ирэх бүрийн онгоцны тийзний зардал, гадаадад байх үеийн байр, хоолны зардал, судалгааг удирдсан багшийн цалин хөлс, судалгаа туршилтанд хэрэгтэй зарим эм урвалжийн үнэ, тухайн үеийн цалин хөлс, томилолтын зардал гэх мэт) Биокомбинат ТӨААТҮГ 100% төлсөн байдаг. Гэвч харамсалтай нь манай үйлдвэрийн зардлаар суралцаж, гүйцэтгэж ирсэн судалгааны ажлын үр дүнгээсээ  манай үйлдвэрт үйлдвэрлэж байгаа цусан халдвараас сэргийлэх вакцин үйлдвэрлэлийн технологид  нэвтрүүлж хэрэгжүүлэхгүйгээр Цагаан залаа агвет ХХК нэртэй хувийн компанид шилжүүлж, түүгээр ч үл барам манай үйлдвэрийн үе үеийн мэргэжилтнүүд бие дааж болон гадаадын судлаач, мэргэжилтэн нартай хамтарч бүтээсэн манай уламжлалт технологитой холбоотой нууц мэдээллүүдийг мөн хамтад нь задруулснаар  бидний итгэлийг хөсөрдүүлж уг вакцины чанарыг сайжруулахтай холбоотойгоор хийж оролдож байсан манай үйлдвэрийн талаас гаргаж байсан нөр их хичээл зүтгэлийг  үр дүнгүй болгосон болно.

Тэглээ гээд манай үйлдвэрийн хамт олон уг вакцины технологийг сайжруулахтай холбоотойгоор төлөвлөж, хийж  гүйцэтгэж байсан ажлууд болох омгийн сонголтонд анхаарах, ондоошилтгүй өсгөвөр бэлтгэх, өсгөврөөс гол эсрэгтөрүүлэгчийг концентрацижуулах ба тэгснээр тунгийн хэмжээг багасгаж тогтоох, концентрацижуулах эсрэгтөрүүлэгчийн хэмжээ буюу кило дальтоныг (kDa) тогтоох, өсгөвөр адъювантын харьцааг тогтоох, ферментацийг автомат ферментёрт явуулах, ультрафильтрацийн аппарат худалдаж авч суурилуулах, хагас мембран хавтангийн шүүлтийн хэмжээг зөв тодорхойлж сонголт хийн худалдаж авах, адъювантын өөр хувилбар судлах, технологич мэргэжилтэн  бэлтгэх гэх мэт ажлуудаа  хойш тавихгүйгээр шат дараатай хийсээр л байгаа. Үр дүн нь дээр дурдсан мэт олон хүчин зүйлсээс шалтгаалаад харьцангуй удаашралтай байгаа дутагдал бидэнд бий.

Гэхдээ малын эмч та бүхэндээ олон улсад нийтлэг тогтсон нэгэн жишиг мэдээлэл дуулгахад технологи бол маш олон бүрэлдэхүүнтэй цогц шийдэл учраас нэг вакцины технологи боловсруулах нь ойролцоогоор 12-14 жил байдаг гэж үздэг юм байна. Тус хугацааны 60-70 % нь уг вакцины тунгийн хэмжээг тогтоох, дархлааны үргэлжлэх хугацааг тогтоох гэх мэт судалгаа туршилтанд зарцуулагддаг гэсэн.

Энэ зүй тогтлыг сануулах гээд байгаагийн учир нь манай үйлдвэрт үйлдвэрлэдэг вакцинуудаас анхдагч ба хоёрдогч  тунгийн хэмжээ нь нийлээд харьцангуй  их буюу 10 мл-ээс дээш хэмжээтэй байгаа ганц вакцин болох цусан халдвараас сэргийлэх идэвхгүйжүүлсэн вакцинтай холбоотой хэрэглэгчдээс гаргадаг үндэслэлтэй бөгөөд үндэслэлгүй шүүмжлэл дээр дөрөөлж нэг удаа тарьдаг, маш урт хугацааны дархлаа тогтоодог гэх мэт үлгэр зохион  тоглолт хийгээд ямар ч судалгаа, туршилтгүй нэгэн  “вакцин нэртэй хуурамч бүтээгдэхүүнийг сүүлийн жилүүдэд зарим аймагт ажилладаг танил тал, “хүүхэлдэйнүүд”-ээрээ дамжуулж захиалуулан УМЭҮГ-ын зарим мэргэжилтэн нартай хуйвалдан “шахан борлуулалт” хийсээр байгаа. Энэ нь хэрэг дээрээ муу нэртэй байгаа манай вакцинаас хавьгүй муу чанартай  байгаа нь эргэлзээгүй.  2008 оны 10 сард МЭЭСБУЛ, УМЭҮГ, МХЕГ, МЭХ, УМЭАЦТЛ-ийн нэр бүхий мэргэжилтэн нар багтсан ажлын хэсэг  тэр цусан халдвараас сэргийлэх амьд вакцин гэгчийнх нь идэвхи буюу хамгаалах чадварыг нь тогтоох туршилтыг хийгээд хурц сорил тавих шатанд вакцинжуулсан болон хяналтын бүх хонь, хулгана  нь 24 цагийн дотор 100% үхсэнийг тэр үед гадаад руу надтай хамт явж байсан, тэр ажлын хэсэгт нь багтсан  МЭЭСБУЛ-ын мэргэжилтэн ярьж байсан болно. Ийм л “нохойн баас” шиг  юмыг та бүхэнд “шахсаар” байгаа юм. Хэрэглэгчийн мэргэжлийн төлөөлөл болох та бүхэн л хэрэглэх гэж буй бүтээгдэхүүндээ мэргэжлийн үнэнч байр сууринаас хандаж сонголт хийхэд нь дуу хоолойгоо хүргэж байхгүй болбол цаашид ч ийм бүтээгдэхүүнийг ээлж дараагаар бүтээн “шахсаар байх” хандлага нэгэнт бий болчихоод байгааг анхааруулая. 

Мөн сүүлийн үед манай үйлдвэрийн вакцины технологийг хоцрогдсон гэж өөрсдөө болон бусдаар хэвлэл мэдээллээр цацуулаад тэр хоцрогдсон гэх технологио хулгайлуулж аваад түүнийг ашиглаж цөөхөн сарын дотор маш сайн чанартай вакцин үйлдвэрлэнэ гэж янз бүрийн мэдлэг, мэдээлэлгүй хүмүүс, эрх дархтануудын толгойг эргүүлээд яваад байгаа этгээдүүд байгааг ч  та бүхэн мэдэж байгаа гэж бодож байна. Хэд хэдэн вакцин үйлдвэрлэлийн технологийг боловсруулж эзэмшээд сайн чанартай вакцин  үйлдвэрлэх нь  цөөхөн сарын дотор хийгээд гүйцэтгэчихдэг ажил биш гэдгийг ч анзаарч мэдэх ёстой. Түүхэн талаасаа аваад үзсэн ч манай улсын мал эмнэлгийн сургалт,судалгааны байгууллагуудын хөгжлийн түүхэнд 1950-1960-аад оноос хойш ердөө 3-4 вакцины  технологийг хагас дутуу боловсруулж Биокомбинатын мэргэжилтнүүдийн дэмжлэгтэйгээр  үйлдвэрлэлд нэвтрүүлсэн нь одоо ч  учир дутагдалтай  хэвээрээ, зарим нь үйлдвэрлэлийн  наад захын шаардлага хангахгүй болоод хэрэглээнээс хасагдсан байгаа. Заримыг нь манай мэргэжилтнүүд сайжруулж засаж залруулаад явж байгаа. Вакцины технологи боловсруулах нь угтаа ийм л урт хугацаа, нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл, уйгагүй оролдлого, мэргэжлийн нарийн мэдлэг, мэргэшлийн өндөр зэрэглэлийн ур чадвар, туршлага шаарддаг ажил байгаа юм. Үүнийг малын эмч,  хэрэглэгч нар бодож, санаж байхад буруудахгүй.                               

Зөвлөмж 3.  Вакцин, тарилгын савлалтын хэмжээг багасгах, таглаа, бөглөөний битүүлэг чанарыг хангах зэргээр бүтээгдэхүүний чанарыг сайжруулах.

Зөвлөмж 3.-ийн мөрөөр.

2003 оны үйлдвэрлэлээс  эхлэн өмнө нь 500 мл хэмжээгээр савлаж байсан бүх идэвхгүйжүүлсэн вакцин, эсрэг ийлдэс, шингэлэгч уусгамалуудыг 200 мл хэмжээгээр савлаж байгаа. Мөн тэр үеэс  эхлэн  хуурайшуулсан вакцины савлагааг ч багасгаж  нэг цодонд аль болохуйц цөөн тун савлах бодлого барьж байгаа. 2004 оноос эхлэн шөвөг яраас сэргийлэх амьд вакциныг нэг цодонд 300-400 тун савладаг байсныг багасгаж 2005 оноос эхлэн 200 тунгаар савладаг болсон бол 2009 оноос эхлэн 100 тунгаар савлаж байгаа. Цаашид шөвөг яр, галзуугаас сэргийлэх амьд вакцинуудыг 50 тунгаар савлахаар төлөвлөж байна. 2010 оны зарим цувралыг туршилтын байдлаар 50 тунгаар савласан байгаа.   Өмнө нь шингэн вакцин болон бусад бэлдмэлүүдийг нэг модон  хайрцагт 10-12 литрээр хайрцагладаг байсан бол 2005 оноос эхлэн цаасан хайрцаг ашигладаг болж нэг хайрцагт 6 литрээр хайрцаглаж байгаа. 2002-2003 оны үйлдвэрлэлийн жилээс эхлэн дотоодын ЧХШЛ-ыг шинээр нээж ажиллуулж эхэлснээс хойш ямар нэгэн бүтээгдэхүүний ариун чанар, бөглөө таглааны битүүмжлэлтэй холбоотой гологдол доголдол гарахгүй болсон. Түүнчлэн савлагааны лонх ба цодонгийн зурагны нарийвчлал ч нилээд сайжирсан. Бөглөө дарагч машиныг ч байнга шинэчилж байгаа.  Хуурайшуулсан вакциныг үйлдвэрлэхэд ашигладаг лиофилизаторын багтаамж, хүчин чадлаас хамааран, мөн санхүүгийн хүрэлцээгүйтэй холбоотойгоор вакциныг цөөн тунгаар савлахад бэрхшээлтэй байгаа. Гэвч савлалтыг багасгахын төлөө ажиллана.  Аль болох цөөн тунгаар савлах нь хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцнэ гэдгийг бид сайн ойлгож байгаа.

Зөвлөмж 4. Үйлдвэрлэлийн малын эмч нар Биоүйлдвэрийн хэрэглэгч болдгийн хувьд тус үйлдвэрийн удирдлага, технологийн ажилтнуудтай ОҮБХ-ын үеэр тогтмол уулзан санал бодлоо солилцох хүсэлтэй байдгийг харгалзан нааштай хандана гэдэгт найдаж буйгаа илэрхийлэх.

Зөвлөмж 4.-ийн мөрөөр.  Монголын үндэсний мал эмнэлгийн холбооноос бүсчилж  зохион байгуулдаг  ОҮБХ-уудад 2003-2004 оны үеэс эхлэн манай үйлдвэрийн удирдлага, технологийн голлох мэргэжилтэн нараас төлөөлөл байнга оролцсоор ирсэн. Мөн  ОҮБХ-ыг амжилттай зохион байгуулахад нь зориулж тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэгийг ч үзүүлсээр ирсэн. Үйлдвэрлэгч хэрэглэгч нар уулзаж санал бодол, мэдээллээ солилцоход ч ач холбогдолтой гэж манай үйлдвэрийн удирдлага үздэг.

  • 2003 оны дугаар № 3 (50)

“Говийн бүсийн мал эмнэлгийн чухал асуудлууд” ОҮБХ 

Зөвлөмж 1. Зарим төрлийн эм бэлдмэлийн савлалтын технологи, тунгийн хэмжээг багасгах замаар боловсронгуй болгох. Шөвөг ярын вакцины савлагааг 100 тун хүртэл багасгаж савлах арга хэмжээ авах.

Зөвлөмж 1.-ийн мөрөөр.  

Дээр дурдсантай ижил.

2003 оны дугаар № 5(52)

“Зүүн бүсийн мал эмнэлгийн чухал асуудлууд” ОҮБХ

Зөвлөмж 1. Өргөн хэрэглэгддэг вакцинуудын хамгаалах идэвхийн хувийг тодорхой тогтоон түүнийг баталгаажуулан нийтэд мэдээлэх.

Зөвлөмж 1.-ийн мөрөөр.  

2003 онд Биокомбинат ТӨААТҮГ-ын үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн, Ерөнхий эмч Ц.Өлзийтогтох “Оношлогооны аргууд болон биобэлдмэлүүдэд тавих шаардлагуудын гарын авлага ба биобэлдмэлүүдийг хэрэглэх заавар”,  2008 онд “Биобэлдмэлийн гарын авлага” зэргийг эмхэтгэн боловсруулж малын эмч-хэрэглэгч та бүхэнд хүргэсэн бөгөөд эдгээр номонд вакцинуудын хамгаалах идэвхийн хугацааг баталгаажсан технологийн заавар,  үндэсний стандарт, ОУ-ын мэдээллийг үндэслэн тодорхой дурдсан болно. Харин хамгаалах идэвхийн хувийг тухайн вакцины шалгах заавар, холбогдох стандартад дурдсан үзүүлэлттэй нийцэж буйг МЭЭСБУЛ-ийн дүгнэлтээс шаардлагатай тохиолдолд мэдээлж болох юм.  Бид үйлдвэрлэсэн вакциныхаа бүх цувралыг дотоодын ЧХШЛ болон хөндлөнгийн хараат бус МЭЭСБУЛ-д чанарын хяналтанд хамруулсаар ирсэн. Хэрэв хэрэглэгч хүсвэл тухайн цувралын вакцины “сорилтын лабораторийн дүгнэлт”-ийн хуулбарыг илгээхэд татгалзах зүйлгүй.

Энд нэг зүйлийг тэмдэглэхэд одоо Монгол улсын мал эмнэлгийн тогтолцоон дахь вакцины идэвхийг тогтоох арга зүй, вакцины идэвхит чанарын талаархи  судлаач (эрдэмтэн, мэргэд гээд байгаа хүмүүс), мэргэжилтнүүдийнх  нь ойлголт олон улсын судлаач, мэргэжилтнүүдийнхээс ихээхэн ялгаатай байгаа юм. Тийм учраас л 5-10 толгой лабораторийн амьтанд вакцин тарьж тодорхой хугацааны дараа халдвар хийчихээд тэдгээрийн хэдэн хувь нь амьд үлдэж байгаагаар вакцины хамгаалах идэвхийн хувийг тогтоогоод байгаа, вакцины идэвхит чанар гэхээр дундачаар 75-80%-аас доошгүй гээд байгаа зэрэг нь их л эргэлзээтэй ойлголтууд байгаа юм. Үүнийг өөрчлөхөд наад зах нь хурц сорилд хэрэглэж байгаа амьтнаа 5-10 толгой бус 50-100 толгой болгох хэрэгтэй,   75-80% гэдэг нь юу гэсэн үг, ойлголт болохыг илүү тодорхой болгох хэрэгтэй байгаа юм. Үүнийг зөвтгөж засаж залруулахад бидний ч оролцоо  хэрэгтэй  байх.

Ийм буруу зөрүү ойлголт тогтчихоод байгаа учраас халдварт өвчний үүсгэгчийн өсгөврийг  тогтворжуулан-хамгаалах орчинтой эсвэл адъюванттай холиод савлачихвал вакцин гэж ойлгоод байгаа, хэд хэдэн халдварт өвчний үүсгэгчийн өсгөврийг хооронд нь хольж савлаад нэг бус олон өвчнөөс (заримдаа бараг бүх өвчнөөс сэргийлдэг ганцхан вакцинтай байх тухай ярьж байгаа дарга ч бий) нэгэн зэрэг хамгаалдаг “супер” вакциныг хэдхэн сарын дотор хэд хэдээр нь бүтээж үйлдвэрлэж болдог гэж ойлгоод байгаа, тэрхүү “супер” вакциныг нь ганцхан удаа тариад л аймаар урт хугацаатай  дархлаа  (бараг насан туршийн дархлаа гэх нь холгүй байгаа) тогтоочихдог гэж ойлгоод байгаа судлаач, мэргэжилтэн, түшмэл,  ноён-дарга нар олшрох төлөвтэй байгаа шүү.

Ийм учраас аливаа юм чинь зохицож таарсан хэр хэмжээтэй (affordable) байдаг гэдгийг  дээр доргүй л ухаарах хэрэгтэй байна. Идеал вакцин гэж дэлхийн бөмбөрцгийн хаана ч байхгүй гэдгийг би дээр дурдсан. Бүх вакцинд л давуу болоод сул талууд бий. Амьд ба идэвхгүйжүүлсэн,  дан ба хам, ганц ба олон цэнэт, уламжлалт ба шинэ технологийн вакцинуудад бүгдэд нь давуу ба сул талууд бий шүү. Дээр дурдсан сайн гэж рекламдаад байгаа юм чинь ямар ч идэвит чанаргүй эсвэл сайнаасаа саар тал нь давамгайлчихсан л юм байгаа шүү. Та нарт сайн гэж ухуулан таниулаад байгаа юмсыг  сайтар эргэцүүлэн  бодож байнга л эргэлзсэн байдалтай хүлээж авч сайн нь аль вэ? саар нь аль вэ?  гэдгийг заавал тодруулж байх хэрэгтэй. Мөн яаж баталгаажуулсан баримтыг ч шаардах нь зүй ёсны.

“Баруун бүсийн мал эмнэлгийн чухал асуудлууд “ ОҮБХ

Зөвлөмж 1. Биокомбинатад үйлдвэрлэж буй биобэлдмэлийн савлагааг зохистой хэмжээ, хэрэгцээнд нийцүүлэн боловсронгуй болгох, ялангуяа РЕВ-1 вакцины тун, шингэлэгчийн хэмжээг харилцан адил хэмжээтэй болгож, уялдуулан захиалгын үндсэнд үйлдвэрлүүлэх асуудлыг боловсронгуй болгох.

Зөвлөмж 1.-ийн мөрөөр.  

Хуурайшуулсан амьд вакцины савлалт буюу нэг цодонд агуулагдах тунгийн хэмжээг, шингэлэгчийн хэмжээтэй уялдуулах саналыг хэрэглэгчид нилээд тавьдаг. Ялангуяа Br.melitensis Rev.1 омгийн вакцины шингэлэгч нь 200 мл-ээр савлагдаж байгаа боловч вакцин нь нэг цодондоо тухайн цуврал бүрт ойролцоогоор  100-300 тунгаар савлагдаж байгаа. Үүнийг зохицуулахад нэг цодонд агуулагдах тунг яг хэд байхыг нь тааруулж удирдахад жаахан бэрхшээлтэй. Гэхдээ тухайн үйлдвэрлэлийн жилийн эхэнд  туршилтын үйлдвэрлэл явуулсны үндсэн дээр удирдах боломжтой гэж үзэж байгаа. Цаашид нэг цодонд 100 тунгаар савлахаар туршилт, судалгаа хийж байгаа.

Зөвлөмж 2. Шөвөг яр, сохор доголоос сэргийлэх вакцины хамгаалах идэвхийг сайжруулахад чиглэсэн судалгаа, туршилт хийх.  

Зөвлөмж 2.-ийн мөрөөр.  

Өмнө нь олон жилийн турш шөвөг яраас сэргийлэх амьд вакцины идэвхит чанар, хоруу чанарын шалгалтыг нас гүйцсэн  ямаа ашиглан гүйцэтгэж ирсэн байдаг. Үүнээс шалтгаалан практикт уг вакцинаар нялх буюу 21 хоног хүртэлх насны хурга, ишгийг вакцинжуулах үед нэг тунд агуулагдах вирусийн таньц өндөр байснаас төл малыг вакцинжуулах үед өвчлөх хандлага гарч байгаа байх гэдэг  логик дүгнэлтийг хийсний үр дүнд вирусийн таньцыг нь одоогийн технологи, стандартынх хүрээнд зөвшөөрөгдөх хамгийн доод түвшинд нь хүртэл бууруулж тохируулах үүргийг зөвлөх болон технологич мэргэжилтэн нартаа өгч ажиллуулсны үр дүнд вакцинжуулах үед вакцины үлдэц хоруу чанарын улмаас гардаг хүндрэлийг шийдэж чадсан байх гэж бодож байгаа. 2009-2010 оны үйлдвэрлэлээс эхлэн мөн зөвлөх мэргэжилтэн болон дотоодын ЧХШЛ болон Вирусын гаралтай биобэлдмэл үйлдвэрлэлийн цехийн эрхлэгч, шинжээч, технологич нарт хандаж уг вакцины идэвхит чанарын хяналтыг 1 сараас доош насны хурга, ишгэн дээр гүйцэтгэж туршиж үзэх үүрэг чиглэл өгөөд ажиллаж байгаа. Энэхүү туршилтын ажлын дараа тус вакцины идэвхит чанар, нэг тунд агуулагдах вирусийн таньцыг илүү нарийвчилж тодорхойлж тогтоох  боломж бий болно гэж бодож байна.

Сохор доголоос сэргийлэх вакцины талаар дээр дурдсан болно.

 2004 оны дугаар № 5(58)

“Баруун бүсийн мал эмнэлгийн чухал асуудлууд “ ОҮБХ

Зөвлөмж 1. Сохор доголоос сэргийлэх вакцины хамгаалах идэвхийг сайжруулахад чиглэсэн оношлогоо, технологийн судалгаа, туршилтын ажлыг 2004-2005 онд хийж хамгаалах идэвхи өндөртэй биобэлдмэлийг 2006 онд үйлдвэрлэн нэвтрүүлэх.   

Зөвлөмж 1.-ийн мөрөөр.  

Сохор доголоос сэргийлэх вакцины талаар дээр дурдсан болно.

  • 2005 оны дугаар № 4(63)

“Говийн бүсийн мал эмнэлгийн чухал асуудлууд” ОҮБХ

Зөвлөмж 1. Өөрийн байгууллагын нийлүүлдэг эм бэлдмэлийг хэрэглэхэд ашигладаг чанартай багаж-тариур, эм олгогч, шүрших багаж зэргийг Хувийн мал эмнэлгүүдэд нийлүүлэх зэргээр мал эмнэлгийн үйлчилгээг чанартай болгоход хувь нэмэр оруулах.

Зөвлөмж 1.-ийн мөрөөр.  

Багаж, тариур, эм олгогч, шүрших багаж зэргийг манай үйлдвэрийн одоогийн санхүүжилтийн тогтолцоо хэвээрээ байгаа, бүх бүтээгдэхүүний үнийг ХХААХҮЯ-аас хянадаг механизм үйлчилж байгаа, үнийг чөлөөлөөгүй байгаа тохиолдолд шийдэх нь бэрхшээлтэй. Үйлдвэрлэгч, хэрэглэгчийн алинаас нь ч зөв санал санаачилга гарсан байлаа ч санхүүгийн асуудлыг нь шийдэхгүй бол бүгдийг нь “санхүү” татаж унагаад байна шүү дээ.

Зөвлөмж 2. Байгууллагынхаа нийлүүлдэг эм, бэлдмэлийг малын эмийн зах дээр байнга байлгах талаар анхаарч ажиллах.

Зөвлөмж 2.-ийн мөрөөр.  

Энэ зөвлөмжийн утга  агуулга нь мал бүхий иргэд, аж ахуйн нэгжүүд вакцинжуулалтанд хамруулах шаардлагатай мал сүргээ бүрэн гүйцэд вакцинжуулж чадахгүй байна гэсэн үг. Монгол улсын Үндсэн хууль, Малын удмын сан эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн тодорхой зүйл заалтын дагуу мал сүрэг төрийн хамгаалалтанд байж, нэр бүхий халдварт өвчнүүдээс сэргийлэх зардлыг төр хариуцахаар заасан байдаг. Үүнийг ч манай улсын мал бүхий иргэд, аж ахуйн нэгжүүд маш сайн мэддэг. Тиймээс тэдний сэтгэхүйд  вакцин бол үнэгүй гэдэг ойлголт бат суусан байдаг юм байна лээ. Иймд вакциныг худалдах тухай ойлголт одоогийн нөхцөлд бараг байхгүй бололтой.  Нөгөө талаас манай мал бүхий иргэд, аж ахуйн нэгжүүдийн худалдан авах чадвар ч сайнгүй байгааг та бид мэдэж байгаа. Нарийн мэргэжлийн хэрэглээний бүтээгдэхүүн болох талаас нь авч үзвэл  ялангуяа амьд вакциныг мэргэжлийн бус хэрэглэгчдэд худалдах нь эрсдэлтэй. Учир нь мал эмнэлгийн зориулалттай амьд вакцинууд тухайн зүйл амьтандаа халдварын эрсдэлгүй боловч  өөр зүйлийн амьтан болон хүнд халдвар үүсгэх эрсдэлтэй. Тиймээс лав л амьд вакциныг малын эмчээс өөр хүнд худалдаж болохгүй. Тэгээд ч амьд вакцин бол хэрэглээ, арчилгаа, хадгалалт зэрэг талаасаа ч нилээд эмзэг бүтээгдэхүүн. Энэ мэт олон хүчин зүйлээс шалтгаалан вакцины борлуулалт маркетингийн менежмент бусад эм бэлдмэл, бүтээгдэхүүнээс арай өөр байх ёстой гэж боддог. Манайх 2008 оноос эхлэн маркетингийн менежер ажиллуулж судалгаа хийлгэж байгаа.

  • 2010 оны дугаар № 2 (91)

“Говийн бүсийн мал эмнэлгийн чухал асуудлууд” ОҮБХ

Зөвлөмж 1. Сохор доголоос сэргийлэх зэрэг зарим нэрийн вакцины үйлдвэрлэлийн технологид өөрчлөлт оруулж, үйлдвэрлэлийн шаардлагын түвшинд хүргэн сайжруулах арга хэмжээ авах.

Зөвлөмж 1.-ийн мөрөөр.  

Сохор доголоос сэргийлэх вакцины талаар дээр дурдсан болно.

Зөвлөмжтэй холбоотой хийгээд холбоогүйгээр

Төгсгөлд нь цохон тэмдэглэхэд манай малын эмч нар хоорондоо  мэргэжлийн мэдээллээ сайтар солилцдог баймаар байна. Нэгнийхээ бичсэн, хэлсэн мэдээлэлийг сайтар тунгааж авах гээхийн ухаанаар хандаж ялангуяа авах хэсгийг нь авч хэрэгжүүлэх боломжтой хэсгийг нь практикт нэвтрүүлж баймаар байна. Тэгэхгүйгээр авах гээхийн ухаанаар хандахдаа бүгдийг нь гээчихээд баймааргүй байна.  Зүгээр л дээрээс тэгэж хэлсэн (үндэслэлтэй, үндэслэлгүй нь бүү мэд) гээд шууд даган баясдаг амьгүй албат нар баймааргүй байна. Ийм байдал түгээмэл бий болсноос л бүгд дор дороо амь аргацаасан байдалтай л явцгааж байна шүү дээ. 

Эм биобэлдмэлийн борлуулалттай холбоотой ажиглагддаг нэг зүй тогтол бол үйлдвэрлэгч, борлуулагчаас жаахан урамшуулал авчихсан, эсвэл тухайн эмийг борлуулалтаас жаахан ашиг олж л байвал тэр эм сайн гэдэг нийтлэг хандлага байгаа юм. Малчиддаа тэр л эмийгээ сайн гэж сурталчилдаг байдал анзаарагддаг. Малын эмч нарт ашиг багатай л байвал тухайн эмийн чанар хичнээн сайн байгаад ч нэмэргүй, зах зээл дээр нэвтрэх бололцоо муутай байгаа нь мэдрэгддэг. Хэн бүхэнд илэрхий байгаа ганц жишээ нь  ивермектиний бэлдмэлүүдийн борлуулалт. Хэдэн жилийн өмнө манай үйлдвэр Унгар улс дахь Францын Санофи-Филакси үйлдвэрийн ивермектинийг 1 литрийг нь 80000-85000 төгрөгөөр борлуулж байхад худалдан авалт бараг байхгүй болоод ихэнхийг нь бараа, түүхий эдийн солилцоогоор борлуулсан билээ. Тэр үед  Монголд болон Хятадад үйлдвэрлэсэн  25000-35000 төгрөгний үнэтэй дууриамал хуурамч ивермектиний борлуулалт харьцангуй их байсан. ХХААЯ ч олон жилийн турш тэр дууриамал, хуурамч ивермектинийг их хэмжээгээр худалдаж авсан даа. Малын эмч нар тэр ивермектиний бэлдмэлүүд нь мал амьтны 50 кг амьдын жин тутамд нь 1 мл-ийг тарих заавартай ч 5 мл-ийг ч тариад үйлчлэхгүй байна гэж хэлж ярьдаг мөртлөө ХХААЯ үнэгүй өгч байгаа юм чинь гэж  аваад л цааш нь худалдчихдаг байсан болно.    Ийм хандлагаар цааш  явбал манай улсын мал эмнэлгийн эмийн зах зээл сайн чанартай эм, бэлдмэлээр хангагдах нь нилээд урт замыг туулах байх. Өмнөх жилүүдэд О. Уламбаяр доктор гэх мэт олон мэргэжилтэн манай  мал эмнэлгийн салбарын хууль эрх зүйн орчин буруу, хэрэгжүүлж буй бодлого нь алдаатай, эм биобэлдмэлийн захиалга хэрэглээний бодлого зөв биш, чанар хангалтгүй байгаа гэж ярьж бичсээр байсан ч түүнийг нь анзаарч тоож үзэж байгаа хүн бараг байхгүй байна. Мань  мэт нь ч бас дуугүй байхгүй хааяа ганц нэг хурал цуглаан дээр ярих боломж олдвол сонсгож, ганц хоёр өгүүлбэр мэргэжлийн ганц сэтгүүлдээ болон ОҮБХ-ын илтгэлүүдийн эмхэтгэл, гарын авлага зэрэгт бичсэн ч мөн л тоож сонсож, харж түүнээс санаа авч  байгаа хүн алга. Алдаа дутагдлыг маань хэлж засаж өгч байна гэх хандлагаасаа илүү дургүйцэж занаж зандарч үзэн ядсан нь олон байх юм.   Ийм нөхцөлд хүмүүс хаанаас зөв мэдээлэл олж авч манай салбарын ажил зөв голдиролдоо орох нь ихээхэн бүрхэг байна. Манай салбарын хууль эрх зүйн орчиноо, бүтэц тогтолцоогоо, мал эмнэлгийн сургалтаа, судалгаагаа, үйлдвэрлэлээ, үйлчилгээгээ, хяналт шалгалтаа бид ярихгүй нэг нэгэндээ тал засаж дуугүй байсаар байтал монголын мал эмнэлэг бүрэн дампуурахад хүрээд байна. Бид дотооддоо мэргэжлийн алдаа дутагдлаа ярихгүйгээр нууж ил гаргахгүй байсаар байтал өөр мэргэжлийн хүмүүс мал эмнэлгийн ажлыг хийдэг болоод хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч өөр мэргэжлийн болон ямар ч мэргэжилгүй хүмүүс мал эмнэлгийн ажилд үнэлгээ өгдөг болсон байна.  Саяханы жишээ гэвэл 2010 оны 05 сард Монгол улсын ерөнийлөгч асан Н. Энхбаяр “Зууны мэдээ” сонинд өгсөн ярилцлагандаа мал эмнэлгийн анхан шатны нэгжүүд хувьчлагдсанаас болоод мал эмнэлэг устаад малын өвчлөл ихсээд Монгол мал давжаарсан тухай бичсэн. Хаанаас авсан ойлголт юм бүү мэд. Малыг давжааруулдаг ямар өвчин байгааг хэн хэзээ хаана тогтоочихсон нь нууц.  2010 оны 06 сард ХХААХҮЯ-ны сайд Ж. Бадамжунай нар УМЭАЦТЛ-т төслийн хаалтын арга хэмжээнд оролцож яваад  МҮМЭХ-ны байраар орох үед нь  явуулж буй үйл ажиллагаагаа дэд ерөнхийлөгч нь товчхон танилцуулахыг сонсоод хариулахдаа: та нар сайн ажиллаад мал эмнэлэг хөгжөөд байгаа тухай яриад байх юм. Үндсэндээ мал эмнэлэг чинь устаж алга болоод  байгаа юм биш үү? гэж ярьж байсан. Сайдыг тэгэж ярих үед БОАЖЯ-ны ТНБДарга, ХХААХҮЯ-ны нилээд хэдэн дарга, мэргэжилтэн нар, УМЭҮГ-ын дарга, Мал эмнэлгийн зарим байгууллагаас удирдлага, мэргэжилтэн  нар ч сонсож байсан болно. Сайдад эргэн тойронд нь байгаа хүмүүс мал эмнэлгийг тэгж л ойлгуулсан байна. УИХ-аар сүр дуулиантай баталсан “Монгол мал” нэртэй  хөтөлбөрийг санаачилж батлуулсан гэх УИХ-ын нэгэн гишүүн уг хөтөлбөрийг хэрэгжүүлчихвэл Монгол мал бүгд ямар нэгэн өвчингүй болж эрүүлжээд мах болон малын гаралтай бүтээгдэхүүний борлуулалт  гадаад, дотоодын зах зээлд үлэмж нэмэгдээд малчид бүгдээрээ баяжаад явчих юм яриад сууж байсан. Бас л хэн нэгэн тэр хүнд тэгэж ойлгуулсан байх.  Мал нь бүгд өвчтэй учраас малын гаралтай бүтээгдэхүүн борлохгүй байгаа гэж итгүүлчихсэн юм байна лээ. Бид аливаа юмыг дандаа хэлбэр талаас нь өнгөцхөн  харж агуулгыг нь бүрэн орхигдуулдаг нөгөө л тогтсон зуршил энэ бүхнээс тодорхой харагдаж байгаа юм.  Иймэрхүү л байдалтай та бидний ажил явж байна даа. Яах вэ гэдэгт хариулж шийдэж явах бол уг нь  та бидний л үүрэг баймаар?!.

Ер нь бид ОҮБХ-ын үеэр  цуглаад ярихаарай үндэсний ганц үйлдвэр болох Биокомбинатынхаа 2-3 нэрийн вакцины (шөвөг яраас сэргийлэх амьд вакцин, цусан халдвараас сэргийлэх идэвхгүйжүүлсэн вакцин, сохор доголоос сэргийлэх амьд болон идэвхгүйжүүлсэн вакцин) муу муухайг шүүмжлэх далимаар Биокомбинатаа устгаж авах, бүгдээрээ юу ч хийж бүтээхгүйгээр хэрэгцээтэй бүх вакцин, оношлуур, эсрэг ийлдсээ бүгдийг нь гаднаас импортлох бодлого ч яриад байгаа юмуу гэмээр ойлгомж муутай нэг л юмаа байнга давтаж яриад биднийг буруутгах гээд байгаа нь өнгөрсөн жилүүдэд ажиглагдаж байсан бөгөөд Монголын мал эмнэлэг сэтгүүлийн сүүлийн 10 жилийн дугааруудад хэвлэгдсэн ОҮБХ-аас гаргасан зөвлөмжүүдээс ч тодорхой харагдаж байна. Манай үйлдвэр 60 гаруй нэрийн биобэлдмэл үйлдвэрлэдэг бөгөөд тэдгээрийн 20-оод нь олон улсын стандартад нийцэхүйц чанартай байгаа гэдгийг хэлэхийг хүсэж байна. Бусад нь үндэсний стандартын шаардлагаа хангаж байгаа. Ганц хоёрхон харьцангуй чанар муутай бүтээгдэхүүнээр нь далимдуулж бүгдийг нь харлуулж болохгүй шүү. Биокомбинат бол Монгол улсын, та бидний үйлдвэр юм. Үндэсний үйлдвэртэй байна, өөрсдөө юм хийж бүтээж чадаж байна гэдэг нь хамгийн том бахархал шүү. Хөгжил бол ерөнхийдөө товчхоноор хэлбэл хийж бүтээх л байгаа юм.  “Туулайн чинээ хараар уулын чинээ цагаан”-ыг баллуурдаж болохгүй гэж бодож байна. Цаана нь бид олж харж чаддагсан бол монголын мал эмнэлгийн тогтолцоонд маань  болж бүтэж байгаа нь  туулайн чинээ,  болж бүтэхгүй байгаа нь уулын чинээ байна шүү дээ. Тэр бүхнийг л засаж залруулахсан. 

 

Завхан, Улиастай хот. 2010 он. ОҮБХурлын эмхэтгэл