Мангасжихаас мангас үүсэхүй

Мангасжихаас мангас үүсэхүй

Одоогоос  10 гаруй жилийн өмнө манай ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуайн “Орчлонгийн хүрд” гэдэг ном уншиж байлаа. Энэ номд хүнийг амьдрахуйн төрх байдлаар нь “Бурхан” хүн, жирийн хүн, “мангас хүн” гэх мэтээр ангилж болох юм шиг санаа бичсэн байсныг саналаа. Үлгэр домогт ихэвчлэн тохиолддог мангас гэдэг энэ үгийн утгыг эргэцүүлвээс идэж, ашиглаж, үрэн таран хийхээс өөр шинж үгүй тийм мөн чанар. Амьтны ертөнцөд ийм шинж бүхий цор ганц төрөл зүйл байх аж. Тэр амьтныг дэлхийн байгаль судлаачид вирус гэх билээ. Монгол гадаадаар хольж бавтнаж байхын оронд шулуухан мангас нэр оноогоод ярьж бичээд дадчихвал нэг талдаа гарах юм шиг.

Олж авсан диплом, мэргэжил, өсөж торнисон ахуй аль ч талаа бодсон, сүүлийн бараг 20 шахам жил мангаст (вирус) боорлуулах болсон мал сүрэгтээ сэтгэл чилээхгүй байхын аргагүй боллоо. Шүлхий, мялзан, цэцэг, арьс товруутах гэх дөрвөн төрлийн мангас өргөн дэлгэр нутагт минь оочин цоочин гарч малчин, малын мэргэжилтнүүдийг сандралд оруулж байна.  Ийм байхын ойрын хор холбогдол нь гадаадууд тэдгээр өвчнөөр далимдуулан хэдэн малыг маань үнэгүйдүүлж, бидний өөрсдөө авч хэрэглэдэгээс ч бага үнээр сорчлон авах болсон явдал юм. Алсын хор холбогдол дээрхээс долоон дор байх төлөвтэй. Орон нутагт малын мэргэжлээр ажиллах хүн хүч олдохоо болих шинж тэмдэг ажиглагдаад эхэлсэн бололтой. Цаашдаа мал маллах хүнгүй болох вий гэх айдас бас хургаастай. Байдлаас гарах арга замаа зөв тодорхойлоосой гэдэг үүднээс малд мангас үүрлэх шалтгааныг эрж хайх хэрэгтэй болж буй юм. Үүний шалтгааныг дарвинист биологийн хүрээнд эрээд олдохгүй. Шалтгаанаа зөв олохгүй бол салах аргаа олохгүй.

Ингэхлээр ертөнц өөрөө болон түүн дээрх оршихуйнууд  нь яаж үүссэн байх вэ гэдэг рүү хөтлөх билээ. Онолын физикийн салбарт багтах үүсэлтэй холбоотой хоёр онол (Их тэсрэлтийн онол, Физик вакумын онол) бий. Тэдгээр онолууд ертөнц (матери) хоосноос үүссэн гэх бөгөөд хоосон нь мэдээлэл байжээ гэдгийг барин тавин нотолж буй юм. Товчоор хэлбэл мэдээлэл ухаанжих замаар ертөнц гэх матери үүсчихээд байж байгаа хэрэг.

Тэгвэл малд үүрлэсэн дээрх мангас амьтад (вирус) ямар мэдээллээс үүсээд байна вэ гэдгийг бодох хэрэгтэй болно. Бид өөрсдөө гайгүй сайн мангасжсанаас болоод хэдэн малаас мангас (вирус) салахаа больж байна уу гэдгийг сайтар эргэцүүлэх хэрэгтэй болж байна.  Эргэцүүлэл, нутаг, мал, хүн, хэрэглээ, тэдгээрийн харилцаа уялдаа холбооны бодит байдал мэтэд түшиглэж шинжлэх ухааны хүрээнд өрнөх юм. Мал ахуй тойрсон мангасжилтын ямар шинж тэмдгүүд байгааг эхлээд олж тогтоох хэрэгтэй байх.

  1. Нийгэм солигдох мөчид нийтийн өмчлөлд байсан мал сүргийг хувийн эзэмшилд өгөөд баяжицгаа гэсэн. Малчин түмэн уйгагүй хөдөлмөрлөсний дүнд 20 сая толгой мал маань өвөлдөө 70 сая, зун намартаа төлтэйгөө 90 гаруй сая толгойд хүрсэн. Хонин толгойд шилжүүлбэл 140-150 сая болно. Харагдах байдлаараа хөдөө тал малаар дүүрэн хичнээн сайхан байвчиг айхтар сөрөг муу үр дагавар бас байх аж. Биогеоценоз буюу сав шимийн ертөнцийн зохистой тэнцвэр алдагддаг юм байна. Үр дүнд нь нутаг бэлчээрийн ургамлын нөмрөгийн бүтэц ядуурч цөлжих процесс эргэлт буцалтгүй болж байна. Нутаг чанаргүйдэж байгаа гэсэн үг. Нутаг маань зүгээр нэг чанаргүйдээд ёолоод байж байдаггүй, чанаргүйтэл нь өөрөө мэдээлэл байдаг, тэр мэдээлэл ухаанжих замаар нутаг өөрийгөө хамгаалах буцах холбооны механизм ажилладаг, энэ хүрээнд мангас (шүлхийн вирус) үүсдэг хэрэг юм.
  2. 11 сарын сүүлч 12 сарын эхээр малчид их бой хийж хэдэн төгрөгтэй болж амьжиргаагаа залгуулахаас гадна малаа онд оруулах өвс тэжээл бэлдэнэ. Дотор эрхтнүүд, толгой шийрийг нь хууд нь жалганд овоолж хаяад хэдэн гулуузаа ченжэд тун шалихгүй үнээр өгч салж авна. Мөнөөх гулуузуудыг хотын бид бүгдийг ашиглана гэж бараг үгүй. Тарган иргийн ууцны өөх, сүүл, өвчүү хогийн пункерт орох энүүхэнд. Үлдсэнээр нь лапшагаа хийх боловч өөхийг нь мөн л ялгаад хаяж орхино. Ийм нэг аархуу, давилуун байдал бидний амьдралын хэм хэмжээ боллоо. Энэ их ааг аархал давилуун байдал нь мэдээлэл мөн учраас бас л ухаанжиж таарна. Үр дүнд нь мялзан гэх ерөнхий нэртэй годрон, хорхирооны мангас (вирус) салахгүй дагана. Энд бас л буцах холбооны механизм ажиллах бөгөөд хаяж байгаа юмс маань хүний ходоодонд орохоороо жаргалтай болдог, эс орохоороо зовлонд унадагт байгаа юм. Толгой цувдай зовж жаргах гэж юугаа яриад байна вэ гэж бодож магадгүй. Энэ тухай хойно нэг мөр хэлэлцэнэ.
  3. Энэ улс орон жилдээ 15 сая орчим мал муулж байгаа болов уу гэж багцаалж байна.  Төдий тооны арьс шир гарч байгаа. Нэг сая арьс шир боловсруулж чадаж байгаа юу. 10 хувь ч хүрэхгүй. Хятадууд ачаад явчихдаг байсныг болиулснаас болоод даахгүй нохой булуу хураана гэгч болох нь тэр.  Цаана нь бодвол үндэсний үйлдвэрлэл дэмжих гэдэг сайхан сэтгэл бий байх. Судалгаа тооцоололгүй сайхан сэтгэл буруугаар эргэх нь бий аж. 10 илүү саяар тоологдох малынхаа арьс ширийг зүгээр л хаячихдаг бид чинь бас л лаг “баян” байгаа хэрэг шүү. Үр дүнд нь мөн л дээрх мялзан мангас (вирус) үүсэхтэй төстэй механизм ажиллана. Бүтээгдэхүүн эд эдлэл болсон арьс шир жаргалтай болдог, жалганд хаягдсан нь зовлонд унадаг зүй тогтогтолтой байдаг учраас хэдэн арван саяар тоологдох арьс ширний зовлонгийн мэдээлэл цэцэг, арьс товруутах мэт мангас  (вирус) болон хувирч эргээд мал сүрэг дээр маань бууж байна.

Малын буяныг зөв эдлэх тухай өвөг дээдсийн маань ухаан төгөлдөр сургаал, үзэл санаа бэлхнээ бий. Өнөөгийн сенсор материалист үзэлтэй болчихсон бид улирсан баларсан юм гээд тоохгүй, залуу тал руугаа үүнийг мэдэх ч үгүй болчихож.  Толгой цувдай, өөх тос, арьс шир зориулалтын дагуу байхаараа оршихуйн түгээмэл зарчимд нийцдэг байгалийн өгөгдөлтэй юм. Зөрчигдсөн байгалийн өгөгдөл бүхэн үр дагавар дагуулж байгаа нь малын маань эсэд мангас (вирус)  үүсэх байдлаар хэрэгжиж байна. Зүгээр нэг таагаад ингээд хэлчихэж болохгүй болохыг сайн ойлгож буй тул үндэслэлийг нь шинжлэх ухаанчаар бүрдүүлж өгөх хэрэгтэй болно. Энэ тухайд үүслийн тухай эхэнд дурдсан хоёр том онолоос гадна өөр нэгэн сонгодог онолд тулгуурлан тайлбарлах гэж оролдъё. Энэ онол нь Ертөнц голограмм болох тухай Америкийн нэгдсэн улсын нэрт физикч Дэвид Бомын онол болой. Энэ онолыг түшиж байгаа нь дээр дурдсан тохиолдлуудад буцах холбооны механизм хэрхэн ажиллаж буйг тайлбарлах зорилготой юм.

Материаллаг ертөнц хатуу, шингэн, хий, плазм гэх дөрвөн төлөвтэйг бид мэднэ. Дэвид Бом нь плазмын физикт ажиллаж байсан эрдэмтэн юм билээ. Тэрээр материйн төлвүүд дээрх дөрвөөр хязгаарлагдахгүй, тав дахь төлөв бий гэж үздэг, квантад механик үгүй гэж мэдэгдэж байсан байдаг. Ертөнц голограмм юм гэдгийг зөв ойлгож хэрэглэх нь бидний хувьд маш чухал. Голограмм гэхийг орчлон ертөнц нэгдмэл нэгэн цул мөн чанар хэмээн ойлгодог. Бидний ярьж буй мал ахуйн асуудал байна. Жалганд хаячихсан малын толгой цувдай, арьс шир бэлчээрт байгаа амьд малтай яахаараа нэг болчихдог юм бэ гэж асуух нь лав. Харсаар байтал тусдаа гэдэг тодорхой. Тэгвэл тусдаа мэдрэгддэг бүх юмсыг нэгдмэл нэгэн цул болгодог түгээмэл ментал буюу түгээмэл оюунт чанар ажиллаж байдгийг энэ эрдэмтэн томьёолсон хэрэг юм. Ингэхлээр энэ ертөнцийн бүх юмс физик чанараараа тусгаар мэт боловч түгээмэл оюунт чанараараа нэг юм. Юм бүхэнд байдаг энэ чанарт ялгамж үгүй. Жалганд хэвтэж буй хонины нэхий, толгой цувдай, бэлчээрт буй мал сүрэг,  Зайсан толгойн бэлд буй бөөрөнхий чулуу, ид гялалзаж яваа эрдэмтэн академич бүгдийн атомын бүрдэл хэсгүүд эн чацуу оюунт чанар агуулж байгаа бөгөөд тэдгээр нь гагцхүү мэдээллээрээ ялгаатай болж таардаг. Малын бүтээгдэхүүний байгалийн өгөгдлийг нь зөрчихөөр үр дагавар нь амьд малынхаа эсэд мангас (вирус) үүсэх байдлаар илэрч болохыг гайхах хэрэггүй. Энэ бол голограммын хүрээнд болж буй зүй тогтолт үзэгдэл юм.  Нутаг бэлчээр, мал сүрэг ч ялгаагүй түгээмэл ментал чанараараа нэг болчихдог. Энэ хүрээнд ямархан зөрчилт байдал үүсээд байгааг бид бүгдээр харж байгаа билээ. Энэ мэт зөрчилт мэдээллүүд малд мангас (вирус) үүсэх шалтгаан болж байгаа.  Харамсалтай нь байгалийн ухааны дурдсан гурван амин онол (Их тэсрэлт, Физик вакум, Ертөнцийн голограф бүтэц) боловсрол руу, хэрэглээ рүү ороогүй байдаг учраас хүмүүс ментал чанар, мэдээлэл мэт метафизик түвшин рүү тэр бүр орж амжаагүй байдаг. Шалтгаан нь сенсор материализмыг  хамгаалах үзэл сурталтай холбоотой.

Мал сүргээ нутгийнхаа даац чадвараас хэтрүүлээд өсгөчихдөг, өсгөсөн малынхаа үр шимийг хог болгон хаядаг улс орон манайхаас өөр байдаггүй л болов уу. Мал нь тоо толгойн олноосоо болоод байгальдаа хор хүргэдэг, хүн нь бардам түрэмгий болж мангасжсанаас болоод малынхаа тэн хагасыг хог дээр хаячихаж байгаа нөхцөл байдлыг мал аж ахуйг нуруун дээрээ үүрч яваа малчидтай холбож ойлгох хэрэггүй. Бодвол идэж уудаг хотын бид цувдай толгой идэж доошоо орохгүй гэж  ихэмсэглэснээс, бизнесүүд олох ашгаа чамлах мангас сэтгэлгээнээс үүдэлтэй байх. Энэ байдлаараа байгаад байвал малыг маань мангас (вирус) сүүдэр шиг дагах болно. Ингэхлээр малаа мангасаас (вирусээс)  салгаж авахын тулд төрийн бодлого хэрэгтэй болчихож байна. Тэр бодлого нь вакциндалт биш шүү. Сенсор материализмд хоригдоогүй, байгалийн ухааны бүтэн мэдлэгт түшиглэсэн бэлчээрийн мал аж ахуйн зохистой (тоо толгой), хаягдалгүй технологийн загвар, түүний хэрэгжилт байх болно.

ХАА-н ухааны доктор (PH) Н.Бэгзжав

2024.03.25