МАЛЫН СЭГ ЗЭМНИЙ МӨНГӨ

 

МАЛЫН СЭГ ЗЭМНИЙ МӨНГӨ

О. Уламбаяр

Монгол Улсад орон даяар төрийн амьтны эрүүл мэндийн алба, амьтны анагаах ухааны үйлдвэрийн орон зайг эзлэн хөгжиж буй малын өвчин барьцаалсан худалч бөгөөд хулгайч тогтолцоо олон бүлэглэлтэй, тухайлбал шүлхий барьцаалсан, хонины цэцэг барьцаалсан, богийн мялзан барьцаалсан, бруцеллёз барьцаалсан, ям барьцаалсан, адууны нийлүүлгийн өвчин барьцаалсан, хамуу барьцаалсан, хачиг барьцаалсан, хорхой барьцаалсан, гарал үүслийн бичиг барьцаалсан, малын эмчийн бүртгэл барьцаалсан, эмийн сангийн бүртгэл барьцаалсан, эмийн бүртгэл барьцаалсан, хүнсний захын орц, лангуу барьцаалсан гэх мэт. “Ариутгалын бодис” гээчийг сум бүрт шахаж төсөв хулгайлдаг, малын хүүр, сэг зэм барьцаалсан “ариутгалын бүлэглэл” гэж бий.

Ойрын өдрүүдэд Засгийн газар өлдөж, осгож буй малаас илүүтэй үхсэн малын хүүрэнд их анхаарч байгаа гэнэ. Малын хүүр, сэг зэмийг “ариутгаж” аюулгүй болгох нэрээр татвар төлөгчдийн 900 сая төгрөгийг үрэх гэнэ. Их наядаар нь хулгайч тэжээдэг Засгийн газарт энэ юу ч биш байх, харин “ариутгалын бодис шахаач” нарт бол тэнгэрийн умдаг атгах гэгч болой. Зуд болоход зоолдог хэдэн “ариутгагч” хулгайчийг үйлдэл дээр нь гардан барьж, гэсгээхсэн.

Засгийн газрын шийдвэрийн төсөл боловсруулагч нар зудад үхсэн малын хөлдүү хүүрнээс ямар өвчний вирүс, нян тарж байсныг, тарж байгааг, тарах гээд байгааг хэлж чадахгүй, дээр нь ариутгал хийгээд халдваргүйтгэл хоёрыг ялгахгүй, эмийн бэлдмэл ба бодис хоёрыг ялгахгүй. Өмнөх зуднуудын үед өлдөж, осгож үхэж буй малд төрийн шагналт “тарга бэлдмэл”, “шидэт эм”, Засгийн газрын ба Шинжлэх ухааны академийн шагналт “ивомек”, “туулга”, “угаалгын бодис”, “ариутгалын бодис” гээчдийг шахаж, төсөв, хандив хулгайлж байгааг тухайн үед, 2004, 2010, 2016 онд сануулж л байлаа. Харин энэ жил малын хүүр “ариутгах” хулгайг шүүмжилсэн, дургүйцсэн хүмүүс мэр сэр дуугарч байгаа нь сайн хэрэг.

Өлдөж, осгож, турж үхсэн малын хөлдүү хүүр мал сүрэгт, хүрээ орчинд, хүмүүст ямар ч аюулгүй. Цасанд дарагдсан хөлдүү хүүрэнд ямар ч вирүс, нян, мөөг хоргодохгүй, үржихгүй, тарахгүй. Сая сая малын хүүр бол байгалийн асар их нөөц мөн. Хавар газар гэсэх, цас хайлах, нар ээх цагт агаар, хөрс, усны нян, эгэл биетэн, мөөг, хорхой, шавьжнаас эхлээд араатан, жигүүртэн олон амьтны идэш хоол болно. Хөрсийг бордож, ургамалын шим тэжээл болно. Олон хүүр, сэг зэмийг нэг дор цуглуулах хэрэггүй, харин ч тарааж хаях хэрэгтэй, хад чулуу, элс хайрга, шал тойром зэрэг ургамалгүй газар орхивол бүр сайн. Нүх ухаж, газар гэмтээж булах, далдлах хэрэггүй, агаар, нар, хурын ус, нян, мөөг, хорхой, шавьж, араатан, жигүүртэнд ил орхих хэрэгтэй. Халдваргүйтгэлийн бэлдмэл гарздаж, газар хордуулж, агаар, хөрс, усны ашигтай нян, бичил биетэн, мөөг, хорхой, шавьжийг устгах хэрэггүй.

Засгийн газар огт санаа зовох хэрэггүй, нэг ч мөнгө зарах хэрэггүй асуудал бол тараая ч гэхнээ тарах өвчин үүсгэгчгүй, хорлоё ч гэхнээ хоргүй, хөлдүүгээрээ борц болсон малын хүүр, сэг зэм болой. Татвар төлөгчдийн мөнгөөр зудад үхсэн малын хөлдүү хүүр цуглуулж, булж, “ариутгахад” бус, өлдөж осгож буй малаа аврахад нь малчдад дэм болохсон.

2024.02.22