ШИНЭЧЛЭЛИЙН ХӨЛДҮҮ ҮР ХӨВРӨЛ

ШИНЭЧЛЭЛИЙН ХӨЛДҮҮ ҮР ХӨВРӨЛ

О. Уламбаяр

Олноо өргөгдсөн Монгол улсын Ардын засгийн газрын Дотоод явдлын яамны дэргэд 1923 онд Малын зүйлийг эмнэлэх хийгээд боловсруулан сайжруулах газар байгуулж, тус газрын даргаар орос малын их эмч А. А. Дудукаловыг 7-р сарын 27-нд томилсон нь өнөөгийн төрийн мал эмнэлгийн албаны хөгжлийн үр хөврөл болов.

И. Д. Синицин, М. С. Коркин зэрэг Хиагтын худалдаачдын хувь нийлүүлсэн хөрөнгөөр Ерөө голын Корнаковка сууринд мялзангийн станц байгуулж, 1903 оны 7-р сарын 17-нд эрхлэгчээр нь малын их эмч А. А. Дудукаловыг томилсон нь Монгол орны мэргэжлийн мал эмнэлгийн албаны хөгжлийн үр хөврөл болов. Тус станцын малын эмч нар 1903 – 1907 онд Хиагт, Бийск, Манжуурын орос худалдаачдын бэлтгэлийн үхэрт мялзангаас сэргийлэх тарилга хийхийн хамт Өргөө – Хиагтын зам дагуух болон Сэлэнгэ мөрөн, Хөвсгөл нуур, Тэсийн голын сав нутгаар монгол малчдын малыг тарьж, эмчилж байснаар монголчууд мэргэжлийн мал эмнэлгийн үйлчилгээг худалдан авч, хэрэглэж эхлэв.

Читийн мялзангийн станцын тус бүр нэг их эмч, хоёр бага эмчтэй 4 – 10 мал эмнэлгийн экспедиц 1910 – 1915 онд зургаан жил дараалан Монголд ажиллав. Эдгээр экспедицийг зохион байгуулж, удирдсан Читийн мялзангийн станцын эрхлэгч А.А.Дудукаловыг Олноо өргөгдсөн Монгол улсын Богд хаан Жавзандамба хутагт “Эрдэнийн очир” одонгоор шагнаж, гүнгийн зэрэг олгожээ. Мөн энэ ажилд олон жил хичээн зүтгэсэн орос малын эмч нарыг хөхиүлэн шагнаж, түшмэлийн зэрэг дэв олгож, мялзангийн станц, мал эмнэлэг байгуулахыг зөвшөөрч, тэд 1915 онд Сонгины буланд хувийн мялзангийн станц, Нийслэл хүрээнд хувийн мал эмнэлэг байгуулж, монгол иргэд орос эмчээр малаа эмчлүүлдэг болжээ.

Орос улсын Засгийн газраас Армийн хэрэгцээнд мал бэлтгэх Монголын экспедицийг (Монголэкс) байгуулж, 1915 – 1918 онд тус экспедицийн конторууд Өргөө, Ховд, Улиастай, Заяын хүрээ, Вангийн хүрээ, Хатгал, Цэцэн ханы хүрээ, Сан бэйсийн хүрээ зэрэг газар ажиллав. Бүх Оросын эд хэрэглэгчдийн нийгэмлэгүүдийн Төв Холбоо (Центрсоюз) 1919 – 1922 онд тус экспедицийн конторуудын эд хөрөнгө, ажиллагсад, үйл ажиллагааг нь өвлөн авч ажиллав.

Эдгээр экспедицийн малын эмч нар тухайн жилийн хоёрдугаар сараас аравдугаар сар дуустал Монголд ажиллаж, бэлтгэсэн үхэрт мялзангийн тарилга хийж, хилийн хөл хорионы салбарууд дээр мал, шар тос, өөхөн тос, бодын шир, нэхий, ноос, ангийн арьс, өвс шалган нэвтрүүлж, шаардлага гарвал халдваргүйтгэл хийдэг байсан. Малын эмч нар хоёр нарны хооронд хол явж, олон мал тарьж, монголчуудын олон малыг эмчилж, ядуу айлуудын малыг хямд юмуу төлбөргүй тарьж, нийт малчдын талархлыг хүлээж байжээ. Монголчууд ч европ амьтны эмнэлгийн ач тусыг маш түргэн мэдэрч, хүлээн зөвшөөрч, мал эмнэлгийн үйлчилгээнд идэвхтэй оролцож, тэр хирээр наймаа нь өргөжиж, орлого нь нэмэгдэж байв (Е. М. Даревская, 1994).

Ардын Засгийн газар Сонгины мялзангийн станцыг 1923 онд худалдан авч, Орос улсын “Монголэкс”, “Центрсоюз” байгууллагын конторуудын суурин дээр 1923 онд Нийслэл хүрээнд, 1924 онд Сан бэйсийн хүрээ, Алтанбулаг, Заяын хүрээ, Хатгалд, 1925 – 1929 онд Цэцэн ханы хүрээ, Вангийн хүрээ, Ховд, Улиастай, Засагт ханы хүрээ, Улаангомд мал эмнэлгийн хороо байгуулж, орос малын эмч нарыг томилов.

Бие сэтгэл, мэдлэг чадвар, авьяас билиг, эрч хүч, хөдөлмөр зүтгэлээ Монгол Улсын, монголчуудын, Монголын мал сүргийн эрүүл мэндийн төлөө харамгүй зориулсан эрхэм хүн бол Оросын монголч малын эмч Андрей Александрович Дудукалов гуай билээ. Түүний удирдсан алба 19-р зууны сүүлч, 20-р зууны эхээр жар орчим жил үргэлжилсэн Евразийн үхрийн мялангийн цар тахлын цалгиаг Монгол нутагт сөрөн зогсоосон болой. Монгол оронд 1899 – 1931 онд гуч гаруй жил монголчуудтай ойр дотно амьдарч, ажиллаж, тус оронд мэргэжлийн мал эмнэлгийн алба үүсгэн хөгжүүлэхэд бүхнээ зориулсан энэ хүнийг бид судлах, дурсах, хүндэтгэх ёстой болой.

МҮАН – МСДН – ын Ардчилсан Холбоо Эвслийн Засгийн газар (1996 – 2000) 9 яамтай, 21 агентлагтай, хамгийн цомхон, оновчтой бүтэцтэй байв. Уламжлалт Хөдөө аж ахуйн яамыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Хөдөө аж ахуйн газар болгож, мөн яамны дөрвөн газрыг тус агентлагийн дөрвөн алба болгон шинэчлэхэд Мал эмнэлгийн албаны ерөнхий газар нь Улсын мал эмнэлгийн алба болсон билээ. Энэ нь үндэсний хийгээд аймаг, сумын түвшинд хамгийн цомхон алба байсан. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, дотоод, гадаад худалдаа, тээвэр, нийгмийн эрүүл мэнд, байгаль орчин, хил хамгаалах, онцгой байдал, батлан хамгаалах, тагнуул, мэргэжлийн хяналт, цагдаагийн ижил түвшний байгууллагатай хамтарч ажиллахад дорд үзсэн, гадуурхсан, эс тоосон байдал гараагүй, энэ хүмүүстэй нэг зиндаанд байсан ч болоосой гэх харуусал төрөөгүй бөгөөд мөнгөний сүйтгэлд гарын үсэг зурахгүй байх нь нэн амар байсан. Засгийн газрын мал эмнэлгийн алба нь амьтны эрүүл мэнд, амар амгалан, нийгмийн эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, чөлөөт худалдааны талаар шийдвэр гаргагчдыг мэдээллээр хангах (i), оноосон шийдвэрийг хэрэгжүүлэх (ii), шийдвэрийн хэрэгжилтийг хянан шинжлэх, үнэлэх, эргэж мэдээлэх (iii), дотоод, гадаадад засгийн газрыг төлөөлөх, үндэсний ашиг сонирхлыг, байр суурийг хамгаалах (iv), төрийн мал эмнэлгийн албаны хариуцсан асуудлаар мал эмнэлгийн үйлдвэрт (практикт) зөвлөх, чиглүүлэх, сургах (v) үүргээ ухамсарласан болой. Хөгжих хирээр Засгийн газрын оролцоо бага, оновчтой, бүтэц нь цомхон, зохистой болдог ажээ. Засгийн газрын хийгээд аймаг, сумын мал эмнэлгийн албаны байрлал, харьяалал, дарга, түшмэлийн тоо, татвар төлөгчдийн сангаас (төсвөөс) сүйтгэх мөнгөний хэмжээнээс үндэсний мал сүргийн эрүүл мэндийн байдал, өвчлөлийн түвшин нь хамаарал багатайг нотлосон билээ. Энэ тогтолцоо (1996 – 2000 оны) том дарга байх, том даргыг ашиглаж төсвөөс их идэх дуртай хүмүүст чамлахаар байсан нь мэдээж. Сүүлийн хэдэн жилд “өөрийн тусгаар хулгайч тэжээдэг хуультай”, олон “том” даргатай, олон түшмэлтэй, төсвийн их мөнгийг сүйтгэдэг, аймаг, суманд олон дарга, түшмэл бүхий “том” агентлагтай болоод улсын мал сүргийн амар амгалан, эрүүл мэндийн байдал сайжирсангүй. Хамгийн олон аймаг, олон сум шүлхийн, богийн мялзангийн, хонины цэцэгийн, үхрийн арьс товруутахуйн вирүстэй боллоо. Бүх сумын мал сүрэг шүлхийн, хамгийн олон сумын мал сүрэг цэцэгийн, мялзангийн, арьс товруутахуйн вакцины халдлагад өртөөд байна. Мал аж ахуйн зах зээлийн хориг, хязгаарлалт хот айл бүрт хүрч тэллээ, мал, бүтээгдэхүүний борлуулалт, үнэ цэн хамгийн доод түвшинд байна.

ЗХУ 1989 оны зунаас Монголын мал, махны импортыг (экспортыг) таслан зогсоов. Жил бүрийн 1.2 сая мал, 1.2 сая малын махны экспорт зогссоноор мал сүрэг өсч, 1999 онд Монгол Улс 33 сая малтай болов.  Мал өсгөх, малын зүй бус хорогдлыг багасгах нь амин чухал бөгөөд үндсэн зорилго биш болов. Мал аж ахуйн салбарын вакцины хэрэглээ 1999 онд 15 сая тун болж, 1990 оныхоос хоёр дахин багасав, шимэгчгүйтгэх эмчилгээг 18 сая малд хэрэглэж, 1990 оныхоос гурав дахин цөөрөв. Вакцин тарьсан, креолинтэй онгоцонд дүрсэн, үсэнд нь дүүст цацсан, хорхой үхүүлэх эм уулгасан малын тоо амжилт, хөгжлийн үндсэн үзүүлэлт байхаа болив. Амьтан тарих нь 30 – аас 10 хувь болон цөөрч, амьтны тоо тарих нь 70 – аас 90 хувь болж өсөв. Амьтан “угаах”, “туулгах” нь 40 – өөс 20 хувь болон цөөрч, амьтны тоо “угаах”, “туулгах” нь 60 – аас 80 хувь болж өсөв. Мал тарих, “угаах”, “туулгах”, “ариутгах” төсвийн зардлыг багасгах, улмаар зогсоох, үүнийг малын эзэн төлдөг болох зарчмыг дутуу журамласан нь харамсалтай. Вакцин тарих зардлыг амьтан эзэмшигч бүрэн хариуцдаг (төлдөг), шаардлагатай бол дараа нь түүнд нөхөн төлбөр олгодог, эсвэл төлбөрийг хөнгөлдөг байх зарчмыг хэрэгжүүлэх байлаа. Амьтны эрүүл мэндийн хуулийг шинэчилж, малын өвчин барьцаалж улсын төсвөөс хулгай, дээрэм санхүүжүүлдэг заалтыг өөрчилж, хасуулж чадаагүй нь харамсалтай. Хуулинд шургуулсан ганц хулгайч заалт үндэсний хэмжээний малын өвчин барьцаалсан худалч, хулгайч тогтолцоог үүсгэж, тэжээж, хөгжүүлж байгааг харсан ч хараагүй мэт, сонссон ч сонсоогүй мэт, мэдсэн ч мэдээгүй мэт араншин хэвшжээ.

Монгол Улсын Засгийн газар Европын Холбооны орнуудад мах экспортлох санал тавьсаны хариуд  1998 оны хавар тус Холбооны Мал эмнэлгийн хорооны шинжээчдийн баг манай улсад ажиллаж, тус улсын мал эмнэлгийн албыг үнэлэв. Англи, Герман, Итали улсын гурван шинжээч бүхий энэхүү хөндлөнгийн мэргэжлийн хараат бус багийн ажлын тайланг үндэслэн гаргасан Европын Холбооны 24 зүйл бүхий Зөвлөмж нь Монгол Улсын төрийн мал эмнэлгийн албаны чиг үүрэг, хариуцлагыг бүрэн шинээр томъёолох шинэчлэлийн үндэслэл болов. Амьтны эрүүл мэнд, амар амгалан, нийгмийн эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, мал аж ахуйн дотоод, гадаад зах зээл, мал, бүтээгдэхүүний чөлөөт худалдааны цогц, зохистой, оновчтой дэмжлэг, хяналт, тохируулга нь төрийн албаны үндсэн чиг үүрэг (функц) болов. Засгийн газар 2000 онд “Малын эрүүл мэнд” үндэсний хөтөлбөр батлав, аймаг, сум бүр “Малын эрүүл мэнд” дэд хөтөлбөртэй болов. Амьтны хил зөрчдөг, худалдаа хоридог, амьтнаас хүнд дамждаг өвчнөөс сэргийлэх, эрүүл сүргээ, нутгаа хадгалан хамгаалах нь улсын мал эмнэлгийн албаны гурван шатны гол зорилго, үүрэг, хариуцлага гэж тодорхойлов. Мал аж ахуйн дотоод, гадаад зах зээлийн хэмжээ, борлуулалт, үнэ нь аймаг, сумын хөгжлийн ба өрсөлдөх чадварын, мөн мал эмнэлгийн үйлчилгээний хөгжлийн нэгдүгээр шалгуур үзүүлэлт болох байв. Малчид болон мах, сүү, хүнс үйлдвэрлэгчдийн, ноос ноолуур, арьс шир боловсруулагчдын, амьтны тэжээл үйлдвэрлэгчдийн холбоодтой нягт хамтарч ажиллах эхлэлийг тавьсан. Дарга, түшмэл хийгээд мэргэжил барьцаалагч нарт ашиггүй, хуурах хулгайлах бус, ажил хийх төсөл байсны дээр Ардчилсан Холбоо Эвслийн Засгийн газрын шийдвэр гэдэг хандлагын улмаас энэ хөтөлбөр хэрэгжээгүй билээ.

“Монгол мал” хөтөлбөр (2010), малын ашиг шим болон эрүүл мэндийг барьцаалсан “мэргэжлийн”  хоёр алба нь тусгаар хуультай, “том” агентлагтай, аймаг, суманд урт гар хөлтэй болох шинэчлэл (2017) нь сум бүрт мал, бэлчээр, малын өвчин барьцаалсан 3 – 5 түшмэлтэй, 1 – 2 даргатай, мэргэжлийн практикаас зугатагсдын асрамжийн нүсэр том тогтолцоог үүсгэв. Дарга, түшмэл нарын амжилтын гол шалгуур нь малын ашиг шим, өвчин барьцаалж төсвөөс “салгах” мөнгөний хэмжээ, ээмэгний мөнгө, бог тарих мөнгө, бод тарих мөнгө хэмээх төсөв идэх тарифын хэмжээ болжээ. Жил бүр вакцинд өртсөн малын тоо 1990 оныхоос хоёр – гурав дахин, 1999 оныхоос дөрөв – тав дахин олширч, “угаалга”, “туулга”, “ариутгал”-ын эмэнд бузартсан малын тоо 1990 оныхоос хоёр дахин, 1999 оныхоос зургаа – долоо дахин олшров. Хот айл, аравт, сум, аймгийн амьтны эрүүл мэндийн чансаа жилээс жилд доройтож, хамгийн доод түвшинд хүрч унав. Мал сүргийг хил зөрчсөн дөрвөн вирүсээс цэвэршүүлэх боломж ойрын долоон жилд бүрмөсөн арилж, вакцинаас, “угаалгын”, “туулгын”, “ариутгалын бодис”-ын бузраас сүргээ, нутгаа цэвэршүүлэх хэцүү сорилт малтай айл бүрийг зовоож эхэллээ.

Дорноговь аймгийн Улаанбадрах, Хөвсгөл суманд 2000 оны хавар шүлхийн дэгдэлтийг өвчилсөн 906 малыг устгаж унтраав, арван сумын 917600 малд вакцин хэрэглэв. Вирүстэй олон мал үлдсэнийг, вакцины хэрэглээ илүүдсэнийг албаны дараагийн дарга нарт аминчлан захисан билээ. Сөрөг хүчин энэхүү дэгдэлтийг 1970 – 1980-аад оны хавар, намрын 17 ажил зогссоны хийгээд мал эмнэлгийн үйлчилгээний салбарын хувьчлалын үр дагавар гэж баяртай зарлав. Түүнээс хойш хил зөрчдөг өвчнийг эрт илрүүлэх, хөл хорих, мал сүрэг ба бэлчээр нутагт вирүс устгах сонгодог дөрвөн ажиллагааг хэрэгжүүлэхэд, вакциныг онож хэрэглэхэд ахиц гарсангүй. 2022 – 2023 оны шүлхийн харанхуй хомрого вакцинжуулалт Монгол орны газрын зургийг бүхэлд нь “нэг ч эрүүл сүрэгтэнгүй эндемик орон”-ы улаан өнгөөр будаж, мөн хонины цэцэг, богийн мялзан, үхрийн арьс товруутах өвчний вирүсийн эндемик орон гэж будсан зургийг дэлхий даяар харж байна.

Хөдөө аж ахуйн нэгдэл, сангийн аж ахуй, тэжээлийн аж ахуй тарсанаар тэдгээрийн харьяа малын эмийн сан, эмчилгээ – тэжээлийн цэг, бригад, фермийн малын бага эмчийн салбар, сум дундын оношлох кабинетын үйл ажиллагаа 1993 – 1994 онд зогсов, улсын төсвөөс санхүүждэг сумын мал эмнэлгийн тасаг л үлдэв. Тэжээгчээ алдсан зоотехникч нар төсвөөс цалин авч буй малын эмчийнд ороод хэвтчихэв. Засгийн газрын тогтоолоор 1997 онд төсөвт байгууллага – сумын мал эмнэлгийн тасгийг аж ахуйн нэгж – улсын үйлдвэрийн газар болгов. Мал эмнэлгийн тасаг – УҮГ-ыг хувьчлах тухай Засгийн газрын 198-р, Төрийн өмчийн хорооны 898-р тогтоол 1998 онд гарч, 1999 онд 335 улсын үйлдвэрийн газрыг хязгаарласан дуудлага худалдаагаар хувьчлав. Малын эмч өмчлөх, үйлдвэрлэх, үйлчлэх, борлуулах, зах зээлд өрсөлдөх буюу мэргэжлийн бизнес эрхлэх эрхтэй болов. Мал эмнэлгийн тасгийн хөрөнгийг хувь хүнд биш, мэргэжилтний багт зарах байсан, үүнийг хэрэгжүүлж чадаагүй нь харамсалтай. Герман – Монголын хамтын ажиллагааны “Мал эмнэлгийн үйлчилгээний хувьчлалыг дэмжих төсөл” хэрэгжиж эхлэв. Энэ төслийн гол зорилго нь малчид мал эмнэлгийн үйлчилгээний хэрэгцээгээ тодорхойлж, хэрэгтэй үйлчилгээгээ сонгож захиалдаг болсон байх (i), мал (амьтны) эмнэлгүүд үйлчлүүлэгчийнхээ хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг санал болгох чадвартай болсон байх (ii), малын эмч нарын мэргэжлийн холбоо нь гишүүдийнхээ хэрэгцээнд нийцсэн сургалтын хөтөлбөрүүдийг санал болгох чадвартай болсон байх (iii), төрийн ба хувийн хэвшлийн мал эмнэлэг, үйлчлүүлэгч, хэрэглэгчдийн хамтын ажиллагааны үр дүн сайжирсан байх (iv), мал эмнэлгийн үйлчилгээний эрх зүйн орчин сайжирсан байхад (v) техникийн дэмжлэг үзүүлэх байв. Хотод гэрийн амьтны эмнэлэг, хот орчмын бүсэд үнээний фермийн, гахайн фермийн, шувууны фермийн, адууны жүчээний эмнэлэг хөгжиж байна, тэнд амьтны сайн эмч нар ажиллаж байна. Суманд, бэлчээрийн мал аж ахуйд амьтны эмнэлэг (animal hospital, animal clinic) хөгжсөнгүй, харин вакцины нэгж хөгжиж байна. Вакцины нэгжийн хөгжил нь мал аж ахуйн хөгжлийг чөдөрлөж, зах зээлийг хориглож, мал, бүтээгдэхүүний болон үйлдвэрлэгчид, худалдаачдын нэр хүндийг гутааж, хорлож байна. Амьтны эрүүл мэндийн хуулийн буруу томъёолсон ганц заалт мал эмнэлгийн үйлдвэрийн (практикийн) хөгжлийг гажуудуулж, чөдөрлөж байна. Вакцины нэгжийн санхүүгийн тайланг үзвэл орлогын дийлэнх хувь нь төсвийн хулгай байдаг. Тэдний ганц бэрхшээл нь вакцины мөнгөний буюу бод, богийн тоо тарих тариф нь ганц аяга бор цайны үнэд хүрэхгүй байгаа явдал ажээ.

Монгол оронд мал сүргийн амар амгалан, эрүүл мэнд 1923 оноос өмнө, харахад нүд хальтрам өрөвдөлтэй, бүх айлын мал хамуурсан, шүлхийрсэн, мялзантсан, годронтсон, цэцэгтсэн бөгөөд мөхлийн ирмэгт байсан гэж 1960 оноос хойших бүх л баярын хурлын илтгэл, бүх байгууллагын “түүхэн” танилцуулга, олон шагналын тодорхойлолт, олон судлагааны тайлан, олон диссертацийн оршилд бичжээ. 1921 оноос өмнө төр засгийн үйл ажиллагаа авах юмгүй, дан дарлал, хорлол, мөлжлөг байсан, малчид таг харанхуй, малаасаа ялгарах юмгүй шахам, хар ба шар феодал, чинээлэг малчид болон гадаад, дотоодын мал, бүтээгдэхүүний худалдаачид бүгд луйварчин, мөлжигч, цөлмөгч байсан гэдэг. Бодит түүхийн баримтууд өөр ажээ. Тэр цагт бүх айл ногоон бэлчээртэй, ногоон сүрэгтэй, цэвэр нутгаа, эрүүл мал сүргээ хадгалан хамгаалж чаддаг байжээ. Мал аж ахуйн зах зээл өргөн, мал, бүтээгдэхүүний борлуулалт сайн, үнэ өндөр байжээ. Үхрийн мялангийн вирүс, ямааны годронгийн нян зэрэг цуутай үхүүлэгчид байгалийн жамаар амиа хорлочихдог, амьтны сүрэг нь арьсны хачиг зэрэг бүх шимэгчийн хэт халдвараас өөрийгээ цэвэрлэдэг, үүгээр нутаг цэвэршиж, сүрэг чийрэгждэг байжээ. Амьтны амар амгалан, эрүүл мэнд, нутгийн өнгө, газрын шим өнөөгийнхөөс хавьгүй сайн түвшинд байжээ. Эдүгээ цагт бүх айлын мал сүрэг хэрэгцээгүй вакцины халдлагад арав хорин жил, гуч дөчин жил дараалан, “угаалга, туулга, ариутгалын бодисын” бузарлагад тавь жаран жил дараалан өртсөн өрөвдөлтэй байдалд орж, мал сүрэг нь вакцинаас, “эмнээс” цэвэрших найдлага ойрын долоон жилд тасарч, ээлжит хулгайн вакцины халдлага, шахааны эмийн бузарлагыг хүлээн, малаа тариулаагүй, ивомекжүүлээгүй, “угаалгаагүй, туулгуулаагүй, ариутгуулаагүй” бол мал, махны гарал үүслийн бичиг өгөхгүй гэх хоригонд хоног төөрүүлж байна.

Монгол Улсын төрийн амьтны эрүүл мэндийн бодлого хөгжлийнхээ хоёр дахь зууны босгон дээр эрс шинэчлэгдэхийн ерөөлийг өргөн дэвшүүлье. Өнөөгийн эрх баригчдаас эсэргүү үзэл бодолтой сөрөг хүчинд шийдвэр гаргах боломж олгохыг нийт амьтан эзэмшигч, үйлдвэрлэгч, худалдаачин, хэрэглэгч нарт уриалж байна.

2023.09.01

Оргил хотхон