Ц.Өлзийтогтох: Нүүдлийн соёл иргэншил ирээдүйд дэлхий ертөнцийг, хүн төрөлхтөнийг аварна
-Та мал аж ахуй, мал эмнэлгийн салбарт анхаарал тавьж, санаа зовниж явдаг хүн. Танаас нэг зүйлийг асууя гэж бодоод байсан юм. Уул уурхайд та нэг л сүсэггүй ханддаг. Яагаад тэр вэ?
-Манай дэлхийд хоёр соёл иргэншил байгаа юм. Нэг нь хөдөлгөөнгүй буюу суурин амьдралын соёл иргэншил. Нөгөө нь хөдөлгөөнтэй буюу нүүдэллэж амьдардаг соёл иргэншил. Суурин соёл иргэншил бол байгалийн хуультай зөрчилдөж, биологийн олон янз байдлын унаган төрхийг алдагдуулж, байгалийн амьд болон амьгүй бүхэнтэй дайсагнаж, байгалийг өөрсдийнхөө хэрэгцээ, хүсэл, шаардлагад нийцүүлж оршин тогтнох гэж үзэж алдаж буй юм. Суурин соёл иргэншлийн үзэл баримтлал нь өнөөгийн дэлхий дахины олонхи улс орнуудыг, түүний дотроос өндөр хөгжилтэй гэх бараг бүх улс үндэстэнийг хамарсан байна. Байгаль дэлхийн үндсэн хуульд нийцдэггүй энэ суурин соёл иргэншлийнхээ онол, үзэл баримтлалаас хүн төрөлхтөнг гаргахгүй байх, ингэж явсаар дэлхийгээ мөхөөж устгах оюун санааны болон эдийн засгийн колоничлогчдын бодлогод олон улс орнуудын удирдлага татагдан орж дэлхийн 8 тэрбум гаруй хүний үнэмлэхүй олонхи нь суурин соёл иргэншлийн бохир намаг балчигт илүү шигдэж бохирдож бузарлагдсаар л байна. Энэ байгаль дэлхийд дайсагнагч суурин соёл иргэншлийн хамгийн гол зэвсэг нь уул уурхай юм. Хөгжиж буй болон буурай хөгжилтэй улс орнуудын газрын баялаг, алт, эрдэнэсийг уул уурхайн хөрөнгө оруулалт гэгч тархи угаалтаар дамжуулан цөлмөж, байгаль дэлхийг нь сүйтгэж буйг том агуулгаар нь харвал аймшигтай. Зөвхөн тухайн улс орныг сүйтгэх бус, хүн төрөлхтөн биднийг тээж яваа дэлхий ээжийнхээ үхлийг л хурдасгаад буй хэрэг юм. Би хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнийхээ хувьд олон жилийн өмнөөс энэ сэдвээр өөрийнхөө хэр хэмжээнд дуугараад л явдаг юм. Биологийн чиглэлийн мэргэжилтнийхээ хувьд ч дэлхий ээжээ хамгаалах үзэл санааны үүднээс дэлхийн анатоми нь бүрэн бүтнээрээ байж л физиологийн үйл ажиллагаагаа бүрэн гүйцэд явуулдаг юм шүү. Дэлхий ээжийнхээ анатомийн чухал бүрэлдэхүүн хэсгийг нь ухаж цөлмөж эрэмдэг зэрэмдэг болгочихоор үүрэг үйл ажиллагаагаа гүйцэтгэх чадваргүй болчихдог юм шүү. Сүүлийн хэдэн арван жилийн уул уурхайн хайгуул, олборлолт, ашиглалт чинь дэлхий дээр хичнээн их зүй бус, гай гамшиг, эвдрэл сүйрлийг дагуулж байгааг ухаараач дээ. Ялангуяа, байгалийн мал аж ахуйн оршин тогтноход шаардлагатай бүхэнд уул уурхай л хамгийн том дайсан нь боллоо шүү л гэдгийг сануулаад буй юм. Тиймээс би уул уурхай ашиглалтыг зөвхөн Монголд төдийгүй, хүн төрөлхтөн зогсоох ёстой гэж үздэг. Зайлшгүй байна гэж үзвэл зөвшөөрөгдөх хамгийн минимум түвшинд л ашиглаж болох юм. Уул уурхай шаардлагагүйн ганцхан жишээг дурдахад энэ их алт олборлолт. Алтгүйгээр хүн төрөлхтөн оршин тогтнох боломжтой юу гэвэл боломжтой. Тэгэхэд алтны хайгуул, олборлолт, алтны худалдаа, хадгаламжийн төлөө дэлхийгээ устгахад бэлэн байна шүү дээ. Ийм тэнэглэл байж болох уу?. Иймээс ганцхан би ч бус, хүн бүхэн уул уурхайг эсэргүүцэх ёстой.
-Газар улсын үндэс гэдэг шиг мал бол манай эдийн засаг. Энэ өөрчлөгдөхгүй гэх юм. Энэ талаар юу хэлэх вэ?
-Мал сүрэг, тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүн, түүхий эд бол Монголын эдийн засгийн гол эх үүсвэр байсан цаг үе бий л дээ. Одоо бол Монголын эдийн засагт мөнгөн дүнгээрээ мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, үйлдвэрлэл нь том байр эзлэхгүй. Гэхдээ Монголчуудын амьдралыг гадаадаас хараат бус байлгах, тусгаар тогтнолын нэгэн том баталгаа нь байгалийн мал аж ахуй юм гэдгийг огт мартаж болохгүй. Цаашид ч ийм бодлогыг Монголын төр, засаг тасралтгүй хадгалж яваасай гэж боддог.
-Малыг маллаж өсгөөд, мах идэж, сүү уугаад байх нь өнөөдөр уламжлал боловч хөгжил биш гэж харагдах боллоо. Тэгвэл малыг амьжиргааны биш хөгжлийн тулгуур болгохын тулд яах ёстой юм бэ?
-Хөгжил гэж юуг хэлээд байгаагаа сайтар ухаарах хэрэгтэй. Энэ талаар хөгжил гэж үүнийг хэлнэ гэх тов тодорхой тодорхойлолт гаргаад хэлчих хүн Монголд нэг ч байхгүй. Олон улсад ч гэсэн тийм нэгдсэн ойлголт байхгүй. Монголд хөгжил гэдгийг Д.Пүрэвдорж гуайн найраглалд гардагчлан “.. Халуун ус хананаасаа аваад, цахилгаан зууханд цайгаа чанаад...” хулганы нүх шиг шавар амбааранд бөөгнөрөөд гар, булчин ажиллуулахгүй хэвтэхийг гэж ухаарч буй нь үнэмлэхүй олонх байна. Саяхан 2023 оны зургаа, долоон сард, 2024 оны нэгдүгээр сарын эхэнд хоёр ч удаа УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэн батлахыг завдаад, нийгмийн тодорхой хэсэг бүлэг, иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад одоохондоо хойшлуулчихаад байгаа гадаадын хөрөнгө оруулагчдад газар нутгаа 100 хүртэл жилээр эзэмшүүлж, ашиглуулах хууль гэгч нь Монгол улсыг өндөр хөгжилд хүргэнэ, Монголчуудыг сайн, сайхан амьдралд умбуулахад л онцгой ач холбогдолтой юм гэх “тархи угаалт”-ын цаана нуугдаж буй эцсийн зорилго бол нөгөө л гамшигт уул уурхайг дэмжих харийн колоничлогчдын бодлогын хэрэгжилтийг Монголын төрийн эрх барих дээд байгууллагуудад шургалсан гадаадынханы гар хөлүүдээр дамжуулан явуулж буй нь тэр юм. Ийм байр суурь, үзэл бодлын үүднээс харахаар л Монголын байгалийн мал аж ахуй хөгжил биш болж харагдаад байгаа юм л даа. Ирээдүйн хөгжлийн хандлага ямар байх бэ?. Байгаль дэлхийдээ дайсагнахгүй, хэт их шунал, хэрэглээг дээдлэхгүй, хэр хэмжээндээ таарсан хэрэглээтэй, хувь хүний оюуны хөгжлийг дээдэлсэн, байгаль дэлхийтэйгээ аль болох ойр байж, зохицож нийцсэн, хөдөлгөөнтэй, нүсэр биш, энгийн амьдралын хэлбэр л илүү урт хугацаанд хохирол сүйрэл багатайгаар оршин тогтнох байхаа гэж боддог. Ер нь ч тийм байхаас өөр гарц үгүй. Ийм тохиолдолд байгалийн мал аж ахуй эрхлэлт, мал, амьтдынхаа гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдийг олон улсын худалдаанд тавигддаг шаардлагууд, хүнсний аюулгүй байдлын стандартад нийцүүлээд үйлдвэрлэж, боловсруулаад явахад Монголчууд амь амьжиргаагаа асуудалгүй залгуулаад явчихна. Энэ бол мэргэч төлгөч байр сууринаас бус, эрүүл ухаанаар бодож тооцоолж судлахад л харагдаж буй асуудал, шийдэл юм.
-Тэгвэл малыг жинхэнэ мал, “орчин үеийн” мал болгоход мал эмнэлэг гол үүрэг гүйцэтгэнэ. Гэтэл та Монголын мал эмнэлгийн салбар сүйрч дампуурсан гэдэг? Чухам яах ёстой юм бэ?
- Товчхоноор хариулахад мал эмнэлгийн шинжлэх ухааныхаа салбарыг ерөнхийд нь бүрэн бүтнээр нь судалсан нэг ч эрдэмтэн, судлаач, мэргэжилтэн манайд байхгүй болсон. Ядахдаа малынхаа хэдэн төрлийн өвчинтэй хэрхэн тэмцэх, яаж оношлох, эмчлэх, сэргийлэх талаар иж бүрэн ойлголттой малын эмч мэргэжилтэн алга. Тийм малын эмч бэлтгэх тогтолцоог нь устгаад дуусаж байна. Ийм болгохыг Монголын төр, засаг зориудаар зохион байгуулж, тийм бодлого үйл ажиллагааг явуулсаар ирлээ. Энэ нь мөн л гадаад, дотоодын хорлон сүйтгэгч бүлэглэлийн оролцоотойгоор хэрэгжиж байна. Тийм этгээдүүдээ Монгол улсын ерөнхийлөгчийн дэргэд, засгийн газарт, салбарын яаманд, агентлагт болон сургалтын, судалгааны, үйлдвэрлэлийн, лабораторийн, орон нутгийн, бизнесийн байгууллагуудад тараан байршуулчихсан байна. Монгол улсын мал эмнэлгийн салбарыг уруудан доройтуулах, байгалийн мал аж ахуйг устгах зорилготой гадаадын байгууллагуудын төлөөллийг Монголд авчраад байрлуулчихсан, тэдгээр нь үйл ажиллагаагаа эрчимтэй явуулж байна. Ийм тохиолдолд зөв хөгжлийн замд ороход их хэцүү. Мал сүргийн тухайд монгол мал сүргийг “орчин үеийн” буюу “эрчимжсэн” гэх гажигтай, генийн өөрчлөлттэй, цус ойртолттой, “шоронгийн хоригдол” мал болгох шаардлага огт байхгүй. Тийм мал Монголд хэзээ ч оршин тогтнохгүй. Ирээдүйд тийм “орчин үеийн” буюу “эрчимжсэн” гэх мал аж ахуй нь хүн төрөлхтөнд ч огт хэрэггүй болно.
-Та Монголын Мал Эмнэлгийн холбоонд алба хашаад байгаа. Бодлогод нөлөөлөх боломж юм биш үү?.
- Монголын мал эмнэлгийн холбоо бол төрийн бус байгууллага. Уг нь малын эмч нарынхаа дуу хоолой нь болж, тэднийхээ эрх ашгийг хамгаалж, төр болон хувийн хэвшлийг холбож, нэг талаас төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд нь туслаж, нөгөө талаас малын эмч нар мэргэжлийн ажил, үйлчилгээгээ эрхэлж орлогоо нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэхийн төлөө л ажиллах үүрэг хүлээж байвал зохистой байгаа юм. Гэтэл сүүлийн жилүүдэд манай мал эмнэлгийн холбооны үндсэн үйл ажиллагаа дампуурсан байдалтай л байна. Манай нэг доктор саяхан “мал эмнэлгийн холбоо бусдын гарт амь үрэгдэв” гэдэг өгүүлэл бичсэн байсан нь энэ байгууллагын өнгө төрхийг тодорхойлсон нь тэр. Тиймээс энэ байгууллагыг “байгууллага төрхт төлөв байдал”-д нь оруулах оролдлого хийж л байна. Алба хашиж буй хугацаандаа хичээж ажиллана. Аливаа зүйлийг нураахад амархан юм. Сэргээж босгоход амаргүй, хугацаа их зарцуулах бололтой. Ер нь нэг зүйл анзаарагдаж байна. Аливаа байгууллага, салбар, улс орныг сүйрүүлэхийн тулд хүний нөөц – боловсон хүчнийг нь үгүй хийчихдэг юм байна. Өнгөрсөн 30 гаруй жилд манай мал эмнэлгийн салбарын аль гайгүй мэдлэгтэй чадвартай малын эмч мэргэжилтнүүдийг нь энэ салбарын сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн байгууллагуудаас шахаж хавчих, хөөж гаргах, ажлыг нь булааж авах бодлогыг төр, засгийн байгууллагуудад ажиллаж байсан бөгөөд байгаа мэргэжил нэгтнүүд маань хулгай, луйвар, улс төрийн сүлжээтэй хамтран хэрэгжүүлж ирсний үр дүнд мал эмнэлгийн салбар сүйрлийн байдалтай л байгаа юм. Тиймээс өнгөрсөн хугацааны Монголын төр, засгийн,ялангуяа, мал эмнэлгийн салбарт хэрэгжүүлж буй бодлого нь энэ салбарын нэрийг ашиглаж хэрхэн хулгай, луйвар хийх вэ л гэх ганц бодлогоор явагдаж буй юм. Тиймээс мэргэжилтнийхээ хувьд ч, төрийн бус байгууллагын зүгээс ч улс орны хэмжээний эерэг, зөв бодлого гаргах, хэрэгжүүлэхэд нөлөөлөх бололцоо хомс байна. Цаашид хэрхэхийг тэнгэр мэднэ гэдэг шиг л байна даа.
-Л.Оюун-эрдэнийн Засгийн газар мэргэжлийн хүмүүсийг, салбараа мэддэг хүмүүсийг дэмжээд байгаа юм биш үү?
-Энэ хүний удирдсан засгийн газар гоё гоё уриа лоозон хааяа сонсгодог боловч түүний удирдлагад ажиллаж буй яам, агентлаг нь яг түүний хэлсний эсрэгээр бодлогыг нь хэрэгжүүлж байна. Ийм байдал ганцхан манай салбарт ч биш, бүх салбарт ажиглагдаад байгаа юм. Дипломтон, мэргэжилтэн хоёроо ялгадаггүй. Өнгөрсөн 30 жилийн турш бараг л 100 хувь дипломтон бэлтгэсэн шүү дээ. Мэргэжилтэн маш цөөн. Тэдгээр мэргэжилтнүүдээ ялгаж салгаж олж авахгүй байна. Социализмын үед бол жинхэнэ мэргэжилтнүүдээ эрж сураглаад олоод авдаг байсан юм билээ. Одоо тийм л тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй байна. Сайн мэргэжилтнүүдийг сураглаж, олж, уриж ажиллуулдаг болчихвол улс орны хөгжилд тустай юм. Бүх салбарт ийм бодлого хэрэгжүүлмээр байна.
-Анхны цас, 12 дугаар сарын эхний хүйтэн өдрүүд зуд нүүрлэх дохиог өгчихсөн. Малчид малаа нядалж, ченжүүд тэр чөлөөг овжин ашиглаж байна гэж ярилцах юм. Малаа бүгдий нь нядлалтай биш. Заримы нь онд мэнд оруулах хэрэгтэй биз дээ?.
-Зуд бол хийсч биш, хэлж ирдэг “зовлон” учраас тодорхой хэмжээнд сэргийлэх боломж бий. Бүх малаа нядлах, эсвэл бүх малаа “ичээ”-нд оруулах боломж үгүй. Бэлчээрийн мал аж ахуйд байгаль цаг уурын гамшиг буюу давагдашгүй хүчин зүйлийн эрсдэл учрах явдал бас байна аа. Өөрөөр хэлбэл, хэдийгээр бэлчээр хүрэлцээтэй, малчид, мал аж ахуй эрхлэгчид боломжийн хэмжээний хадлан бэлтгэсэн үед нь их хэмжээний цас орох, хэт хүйтрэлт урт хугацаагаар үргэлжлэх, салхи шуурга олон хоног үргэлжлэх гэх мэт гамшигт эрсдэл учирвал засгийн газар, нийгмийн тодорхой бүлгийн зүгээс туслах дэмжих явдал байлгүй яахав. Түүнээс биш нутаг бэлчээр нь доройтчихсон, оторлож очих аймаг, сум нь тодорхойгүй, отрын бүс нутгийн захиргаатайгаа гэрээ хийгээгүй, оторлох бүс нутаг дахь бэлчээрт нь нүүдэллэж очих малчдын мал бэлчээрлэх даац байгаа эсэх талаар төр, засгийн болон орон нутгийн захиргааны зүгээс тооцоо судалгаагүй, малчид, мал аж ахуй эрхлэгчид нь ч малын тоо толгой ба бэлчээрийн даацынх нь талаар баримжаагүйгээр,түүнчлэн зарим аймаг, сумын малчид нь оторлогчдыг оруулахгүйгээр хөөж туулаа гэх мэтээр жил бүр гарч байдаг яриа бол байгалийн зуд биш “тархины зуд” юм. Энэ талаарх төр, засгийн бодлого, шийдвэр гаргагчид болон хэрэгжүүлэгчдийн “дампуурлын зуд” юм. Тиймээс л би зудаас сэргийлж, их хэмжээний хохирол амсахгүйгээр, хэдэн саяар тоологдох үхсэн малын зовлого, сэг зэм овоолохгүй онд орох боломж байна гэж үздэг юм.
- ХҮХХААЯ-аас малчдаас 2 сая хонь худалдаж авах зэргээр ажил, бодлого явуулаад байна уу даа?.
-Үхүүлж байхаар хямдхан ч гэсэн наймаачдад худалдаач дээ л гэх тулган хүлээлгэсэн маягийн түр зуурын шинжтэй, ямар ч бодлогогүй л “бодлого” байна л даа. Амь аргацаасан маягийн буюу “зуд болохоор наймаачид, ченж нар зоолно” гэх л бодлого юм уу даа. Малчдын хувьд үхүүлж овоолж байхаар худалдсан нь дээр л дээ.
- Малаа яаж маллахаа марксизмаар заалгахгүй гэх ч мэргэжлийн зөвлөгөө, салбарыг дэмжсэн бодлого хэрэгтэй л санагдах юм?.
- Яг үнэндээ Монголд жинхэнэ малчин гэх уламжлалт мэргэжил устаж байна. Мал сүрэгтээ чин сэтгэлээ зориулдаг малчин хүн ховор болсон. Малыг зөвхөн мөнгөний нүдээр хардаг болсон. Уг нь Монголчуудын мал маллах буюу мал аж ахуй эрхлэлтийг орчин үеийн олон шинжлэх ухааны дэвшилтэй зөв холбоод жинхэнэ мэргэжлийн сүлжээ үйлдвэрлэл болгочихвол энэ талаараа дэлхийг ч дагуулах боломж байна шүү дээ. Монголын уламжлалт бэлчээрийн, нүүдлийн мал аж ахуйд дэлхийг ч аврах авралын гарц гаргалгаа “нуугдаж” байна. Хүн төрөлхтнийг нүүдлийн соёл иргэншил л аварна шүү. Суурин соёл иргэншил явцгүй. Яваандаа зөвхөн сүйрч мөхөх тавилантай. Тиймээс Монголын төр, засгийн бодлого ч, хөдөө аж ахуйн мэргэжлийн байгууллагууд ч, мал аж ахуй эрхлэгчид ч холыг харсан бодлого боловсруулж, үйл ажиллагаагаа зөв замаар чиглүүлэх шаардлагатай байна. Ухаарсан, бодсон, олон хувилбар арга замаас аль зөвийг нь сонгох хэрэгтэй байна даа.
Т.Санаа