ДЭЛХИЙН БАНК ХОРЛОН СҮЙТГЭЛИЙГ САНХҮҮЖҮҮЛЖ БАЙНА

 

ДЭЛХИЙН БАНК ХОРЛОН СҮЙТГЭЛИЙГ САНХҮҮЖҮҮЛЖ БАЙНА

О. Уламбаяр

Монгол оронд 2021 оны 3-р сараас 2022 оны 4-р сар хүртэл яг нэг жилийн хугацаанд малын шүлхий өвчний вирүс ямар ч хориггүй, тааваараа тарлаа. Энэ вирүс ковид 19 – ийн хөл хорионы цагаар, сүүлийн 12 жилд хомрого вакцины халдлагад өртөж буй зүүн 4 аймагт 2021 оны 3 – 7-р сард 150 хоногт аажим тарлаа. Төвийн болон баруун аймгуудад вирүсийн халдлага 8-р сараас эхлэн 240 хоногт ямар ч саадгүй, тааваараа тарлаа. Ийнхүү 390 хоногт шүлхийн вирүс бүх аймагт, таван сум тутмын дөрөвт нь хүрч, хот айлын хооронд аажим, нэг хотны сүрэгт түргэн тарлаа, монгол үхэр, сарлаг, хонь, ямаа, тэмээ хөнгөн өвчиллөө, цөөн мал үхжээ.

Монгол орны шүлхийн тахлын түүхэнд тохиосон энэхүү хамгийн том дэгдэлтийн сүүл нь 2022 оны 4-р сард унтарлаа. Шатах юмгүй бол түймэр өөрөө унтардаг лугаа адил өртөх сүрэг үгүй болсон тул шүлхийн дэгдэлт аяндаа зогсож байна. Өргөн уудам нутагт олон мянган сүрэг амьтан шүлхийн вирүсийг дөнгөлөн хатаах байгалийн дархлаатай боллоо. Байгалийн дархлаа сүргийг өвчнөөс хоёроос гурван жил хамгаалдаг гэмүй.

Яг одоо, 4-р сараас эхлэн, шүлхийн вирүсийн үлдэгдлийг отож цэвэрлэх 1946 – 1947, 1968 – 1969, 2019 – 2020 оных шиг, үүлэн чөлөөний нар лугаа адил цагийн сиймхий тохиож байна. Олонхи сумын олонхи сүрэг вирүсийн халдлагад өртөх хийгээд вирүс тараах эрсдэлгүй шахам болжээ. Энэ сиймхийгээр шүлхийн вирүсгүй, вакцингүй стратеги төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх ховор завшаан Засгийн газарт тохиов. Зүүн Азийн орнуудад хэрэгжүүлж буй шүлхийг хянах вирүсгүй, вакцингүй стратегийн эхний алхам нь вакцины хэрэглээг тэглэх бөгөөд вирүсийн үлдэгдлийг отох, цэвэрлэх цэгүүддээ манаа гаргаж, энд тэнд ойчин цойчин илрэх цөөн тохиолдлыг эрт илрүүлээд, хөл хориод, вирүстсэн амьтдыг тусгаарлаад, устгаад, сүргээ, нутгаа вирүсээс цэвэршүүлэх, улмаар вирүсгүй, вакцингүй хугацааг 2023 оны эхнээс тоолж эхлэх боломж байлаа.

Амьтны эрүүл мэндийн оточ алба тахлын дэгдэлтийг угтуулж, зөвхөн вирүсийн халдлагад гарцаагүй өртөх эрүүл сүрэгт вакцин халдаадаг, өртөхгүй сүрэгт вакцин халдаадаггүй. Олон хот айл, өрх айл, баг, сумын вирүсийн халдлагад өртөөгүй, вакцины халдлагад өртөөгүй цоо эрүүл сүргийг хадгалан хамгаалдаг. Вирүсийн халдлагад өртөөд, өвчлөөд, дархлаажсан сүргийг, мөн вакцин халдааж дархлаажуулсан сүргийг тусгаарлаж, отож хамгаалдаг. Өвчлөж байгаа сүргийг тусгаарлаж, хорьж, манаж хамгаалдаг.

Нэн харамсалтай нь, Засгийн газар энэхүү тахлын дэгдэлт хоорондын сиймхийг зориуд ашигласангүй, бүр эсэргүүцэн, тус улсын бүх айлын бүх үхэрт шүлхийн вакциныг халдаах, ээлжит хорлон сүйтгэх шийдвэрээ гаргалаа, хайран боломж яйран боллоо, малчдад тохиосон ховорхон аз харилаа. Шүлхийн вирүстэй эвлэрч, зэрэгцэн оршдог Зүүн Өмнөд, Өмнөд Азийн болон Дундад Дорнодын эндемик орнуудад хэрэглэдэг хомрого вакцинжуулалтын буюу шүлхийг хянах вирүстэй, вакцинтай стратегийг хэрэгжүүлсэн дүр эсгэх хэрэгцээ Монгол Улсад огт байхгүй бөгөөд Засгийн газар шүлхийн вирүсийн өмнө арван хоёр дахь жилдээ хоёр нүүр гаргаж, ам ажил нь зөрж байна.

Амьтны эрүүл мэндийн худалч – хулгайч алба тахлын дэгдэлтийн дараа байгалийн дархлаатай сүргийг вакцинаар домнож, төсөв тонодог, үүний тулд бүх айлын бүх амьтанд вирүс халдана, бүх амьтан шүлхийрнэ, үхнэ гэж хуурдаг. Шүлхийн хамгийн сайн вакциныг жишиг ажиллагааны дэгийг чанд баримтлан халдаасан сүргийн амьтдын 70 хувьд 3 – 4 сар хамгаалах, нэг сарын дараа хүчлүүр тунг нэмж халдаавал 80 хувьд нь 6 сар хамгаалах дархлаа тогтдог гэнэ. Тэгвэл 4-р сард вакцин халдаасан таван сая үхрийн дөрвөн саяыг 9-р сар хүртэл шүлхийрэхээс хамгаалж, нэг саяд нь шүлхийн эмнэл зүйн шинж илэрвэл, нэг хотонд байгаа бүх хонь, ямаа, тэмээ шүлхийрвэл вирүс тарах эрсдэлийг зөв үнэлжээ, өвчлөх малын тоог зөв тооцжээ, вакцинжуулалтын жишиг ажиллагааны дэгийг чанд мөрджээ гэж үзнэ. Монгол оронд дэгдсэн 1963 – 1967 оны шүлхийн тахлын үеийн амьтны үхлийн хувийг гурав дахин багасган тооцвол, таван сая үхэрт вакцин халдааснаар, 4 – 9-р сард шүлхийрч үхэх байсан 40000 үхрийн амийг аварч, вакцин халдаасан ч дархлаажаагүй 10000 үхэр өвчлөж үхвэл, мөн 1000 хонь, ямаанаас 6 – 7, 1000 тэмээнээс 2 – 3 нь өвчлөж үхвэл вирүс тарах эрсдэлийн үнэлгээ зөв, вирүстэх, өвчлөх, үхэх малын тооцоо зөв байжээ гэдэг нь нотлогдоно. Есдүгээр сар хүртэл вакцин халдаасан сүрэгт нэг ч амьтан шүлхийрэхгүй, нэг ч амьтан шүлхийрч үхэхгүй бол “ерөнхий” хийгээд “тархварын” худалч нар эрсдэлийн үнэлгээг буруу хийж, өвчлөх, үхэх амьтны тоог буруу тооцож, хуурч мэхлэсэн нь баригдана.

Байгалийн дархлаатай сүрэгт, мөн вакцинжуулсан сүрэгт цөөн амьтанд шүлхийн вирүс нуугдана. Вакцины буруу хэрэглээ вирүсийг сүрэгт нуух, хадгалах, үржүүлэх, тараах замаар тахал нутагшуулах, хадгалан хамгаалах үйлдэл гэдгийг зүүн 4 аймагт 2011 – 2021 онд хэрэгжүүлсэн хомрого вакцинжуулалт хэмээх домнолго 12 жил дараалан нотолсоор буй. Улсын бүх айлын бүх үхрийг 21 хоногт вакцинжуулах нь малын өвчин барьцаалсан худалч, хулгайч тогтолцооны хүчин чадлаас хол хэтийдсэн ажиллагаа. Тэд вакциныг жишиг ажиллагааны дэгийн дагуу хэрэглэж чаддаггүй, домнодог. Вакцинчид бүх айлд очиж, бүх үхэрт хүрчээ. Тарах вирүс байсан бол тэдний мөрөөр цэвэр байсан нутагт эрүүл байсан сүрэгт таван амьтан тутмын нэг шүлхийрнэ, шүлхийрсэн зуун амьтнаас нэг, хоёр үхнэ. Цэвэр байсан нутагт эрүүл байсан нэг ч амьтан шүлхийрэхгүй, шүлхийрч үхэхгүй бол мал эмнэлгийн албаны “ерөнхий” хийгээд “тархварын” худалч нарын, вакцины мөнгөний гаж донтонгуудын хорлон сүйтгэл ил болно.

Шүлхийн дэгдэлтийн дараах хомрого вакцинжуулалт малчид, үйлдвэрлэгч, хэрэглэгч нарт, төр засагт, улс оронд огт хэрэггүй, тэдний хувьд бүр хорлон сүйтгэл юм. Вирүсийн халдлагад өртсөн сүрэг, вакцины халдлагад өртсөн сүрэг хоёр ижил зиндаатай, эрүүл сүргийн тооноос хасагдана, зах зээл нь хаагдана, борлуулалт нь зогсоно, мал, бүтээгдэхүүн нь үнэгүйднэ. Шүлхийн вакциныг халдаасан өдрөөс эхлэн 12 сарын хугацаанд үйлдвэрлэгчид мал, мах, сүү, цагаан идээ, арьс шир, ноос ноолуур, өвс тэжээлээ зах зээлд нийлүүлэхгүй. Өдгөө Монгол Улс нэг ч эрүүл сүрэгтэнгүй боллоо. Үүнээс илүү хорлон сүйтгэл байхгүй биз ээ. Энэ нь, сэрдэгсэн бол, мэдэрдэгсэн бол Засгийн газарт мал сүргийн хомрого вакцинжуулалт хэмээх домнолгыг таслан зогсоох, зардлыг хэмнэх, вакцины мөнгөний гаж донтонгуудын төсөв хулгайлах улайрсан шуналыг тас цохих, мал аж ахуйн салбарыг барьцаалсан, малын ашиг шим, эрүүл мэндээр халхавчилсан хоёр худалч – хулгайч тогтолцоог цомхотгох, бүр татан буулгах боломж олгож байна.

Улсын бүх айлын бүх үхэрт вакцин халдаах харанхуй домнолго нь Эрүүгийн хуулийн залилах (17.3), эд хөрөнгө устгах, гэмтээх (17.8), мөнгө угаах (18.6), хорлон сүйтгэх (19.6), эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах (22.1), төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах (22.8), Зөрчлийн тухай хуулийн органик хүнсний тухай хууль зөрчих (6.16), эд хөрөнгө устгах, гэмтээх (8.8) зэрэг олон зүйлт, хам гэмт хэрэг болой.

Амьтан эзэмшигчид ээ, үйлдвэрлэгчид ээ, хэрэглэгчид ээ, аймаг, сум, багийн Засаг дарга нар аа, хууль сахиулагчид аа !!!

Шүлхий, богийн мялзан, хонины цэцэг зэрэг амьтны хил зөрчдөг, худалдаа хоридог өвчин барьцаалсан, вакцинаар халхалсан хорлон сүйтгэлийг нэн даруй таслан зогсоож, хорлон сүйтгэгчийг гэсгээн цээрлүүлэхийг арван нэг дэх жилдээ сануулж, уриалж байна, болгоогтун, нэхэгтүн.

Бруцеллёз, боом, галзуу, дотрын халдварт хордлого, цусан халдвар, дуут хавдар, иж балнад зэрэг амьтны жирийн халдварт өвчнүүдийг барьцаалсан, вакцинаар халхалсан төсвийн хулгайг нэн даруй таслан зогсоож, архаг хулгайчийг гэсгээн цээрлүүлэхийг арван ес дэх жилдээ сануулж, уриалж байна, сэрэгтүн, нэхэгтүн.

2022.05.13

Жич нэг: 2022 оны 4-р сард Монгол Улсын бүх айлын бүх үхрийг шүлхийн вакцинаар домнов, 120 үхрийг 80 минутанд домнохыг би харлаа. Наймдугаар сард Ховд аймгийн Мянгад, Увс аймгийн Ховд, Өмнөговь, Баян-Өлгий аймгийн Баяннуур, Алтанцөгц, Архангай аймгийн Ихтамир, Өмнөговь аймгийн Ханхонгор, Цогт-Овоо зэрэг найман суманд мал шүлхийрчээ, бусад 322 суманд мал шүлхийрсэнгүй, тэнд вакцины домнолго хэрэггүй байжээ. Шүлхий барьцаалсан худалч, хулгайч алба 322 суманд мал шүлхийрэх байсныг вакцинаар хамгаалав гэж Засагийн Газарыг хуурч, улсын төсвөөс хэдэн арван тэрбум төгрөг хулгайлав.

Аравдугаар сард дахиад Монгол Улсын бүх айлын бүх үхрийг шүлхийн вакцинаар домнов. 2023 оны 2-р сард Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд мал шүлхийрчээ, бусад 329 суманд мал шүлхийрсэнгүй, тэнд вакцины домнолго хэрэггүй байжээ. Шүлхий барьцаалсан худалч, хулгайч алба 329 суманд мал шүлхийрэх байсныг вакцинаар хамгаалав гэж Засагийн Газарыг хуурч, улсын төсвөөс хэдэн арван тэрбум төгрөг хулгайлав.

Одоо дөрөвдүгээр сард дахиад Монгол Улсын бүх айлын бүх үхрийг шүлхийн вакцинаар домнож, Засагийн Газарыг дахин хуурч, дахин төсөв тонохоор улайрч байна.

Амьтан эзэмшигчид ээ, үйлдвэрлэгчид ээ, хэрэглэгчид ээ, аймаг, сум, багийн Засаг дарга нар аа, хууль сахиулагчид аа, эрх баригчид аа, сэрээч ээ !!! Нэг мэхэнд гурав унах хэрэг байна уу???

2023.03.29

Жич хоёр: Дэлхийн Банкны санхүүжилтээр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хэрэгжүүлж буй Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслөөс Монгол Улсад 2023 онд хэрэглэх 6.5 сая тун шүлхийн вакциныг Хүнс, хөдөө аж ахуйн яаманд хүлээлгэн өгчээ. 2023 оны 4-р сарын 15-наас тус улсын бүх айлын бүх үхрийг шүлхийн вакцинаар гурав дахь удаагаа “тарих” гэнэ. Бүх айлын бүх үхэрт шүлхийн вакцин халдааснаар мал, бүтээгдэхүүн нь хотондоо 2024 оны 4-р сарын 15 хүртэл хоригдоно. Хэрэгцээгүй атал бүх айлын бүх үхэрт шүлхийн вакцин халдаах нь Монгол Улсын мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг зогсоох арга хэмжээ буюу хорлон сүйтгэх гэмт хэрэг юм. Худалдаа хориглодог шүлхий зэрэг амьтны хил зөрчдөг олон өвчний тухайд Олон улсын, мөн худалдааны харилцаатай бүх гадаад улсуудын хийгээд Монгол Улсын хууль тогтоомж нь вакцин хэрэглэсэн бүс нутагт нэг жилийн турш амьтан, бүтээгдэхүүний хөдөлгөөнийг хорьдог зохицуулалттай.

2023.04.14

Жич гурав. 2023 оны 10-р сард Монгол Улсын бүх айлын бүх үхэрт шүлхийн вакциныг дөрөв дэх удаагаа халдааж байна. Энэ оны дөрөвдүгээр сард бүх айлын бүх үхэрт шүлхийн вакциныг гурав дахь удаад халдааснаас хойш нэг ч суманд мал шүлхийрээгүй, энэ нь нэг ч айлын мал сүрэг шүлхийрэх эрсдэлгүй байжээ, иймээс улсын бүх үхэрт шүлхийн вакцин халдаах хэрэгцээ байхгүй байжээ гэдгийг нотлож байна. Харин шүлхий барьцаалсан худалч, хулгайч агентлаг вакцинаар шүлхийн вирүсийг устгаж байна гэж төр засгийн шийдвэр гаргагчдыг, татвар төлөгчдийг, мал аж ахуйн салбарын үйлдвэрлэгчид, худалдаачдыг, нийт хэрэглэгчдийг дөрөв дэх удаагаа хуурч байна. Хоёр жилийн дотор, 2022 – 2023 онд Монгол Улсын бүх айлын бүх үхрийг дөрвөн удаа буюу 22 сая тун шүлхийн вакцинаар домнолоо, мал аж ахуйн дотоод, гадаад зах зээл 2024 оны арван нэгдүгээр сарын нэгэн хүртэл хорионд орлоо.

2023.10.24