Монгол Улсын мэргэжлийн мал эмнэлгийн алба 20-р зуунд
Ц.Өлзийтогтох
Түлхүүр үгс: амьтан (animal), амьтны анагаах ухаан (veterinary medicine), амьтны эрүүл мэнд (animal health), мал (five species of domesticated animals including sheep, goat, cattle, horse and camel), мал эмнэлэг (large animal clinics), амьтны эмнэлэг (veterinary clinics)
Амьтан ба амьтны эрүүл мэнд:
Амьтны эрүүл мэндийн буюу мал эмнэлгийн мэргэжил бол хүн төрөлхтний түүхэнд үүссэн хамгийн эртний мэргэжлүүдийн нэг билээ. Амьтныг гэршүүлж эхэлсэн цаг үеэс амьтны амар амгалан, эрүүл мэндийн асуудал нүүрлэсэн нь эргэлзээгүй бөгөөд амьтны өвчин тахлын асуудлыг гаршуулж гэршүүлсэн эзэн нь болох хүн төрөлтөн нь шийдвэрлэх, туслах оролдлогыг хийж эхэлсэн нь ч эргэлзээгүй.
Дэлхийн амьтны эрүүл мэндийн буюу амьтны анагаах ухааны салбарт амьтан гэдэгт хүнээс бусад бүх амьтныг хамруулж ойлгодог. Тэдгээрт сүүн тэжээлтэн, шувуу, загас, хэвлээр явагчид, газар уснаа амьдрагсад, шавьж, сээр нуруугүйтэн бүгд хамаарна.
Мэргэжлийн мал эмнэлгийн үүсэл:
Дэлхий дахинд “veterinary service” хэмээн нэрлэдэг бөгөөд эдүгээ бид “мал эмнэлэг” гэж нэрлэж буй хүнээс бусад бүх амьтны эрүүл мэндийн асуудлыг хариуцаж ажиллах үүрэгтэй мэргэжлийн албаны үндэс суурь нь одоогоос 260 гаруй жилийн өмнө буюу 1761 онд Франц улсад тавигджээ. Энэ бол мэргэжлийн мал эмнэлгийн салбар үүссэн талаар тэмдэглэж үлдээсэн түүхэн баримт. Үүний дараа 1791 онд Англи улсад Лондоны мал эмнэлгийн коллеж байгуулагдсан. Ийнхүү тэр үеэс дэлхийн улс орнуудад мал эмнэлгийн сургуулиуд байгуулагдсан.
Вакцин ба антибиотик нээгдэж сэргийлэлт, эмчилгээнд хэрэглэгдэж эхэлсэн нь
Хүн болон мал эмнэлгийн зориулалттай эм, вакцин, биобэлдмэлийн тухайд Английн эмч Эдуард Женер (Edward Jenner) 1798 онд хүн төрөлхтний түүхэнд анхны вакцины загварыг бүтээсний дараа Францад Луи Пастер (Louis Pasteur) 1879 онд шувууны холер, 1881 онд боом, 1885 онд галзуу, 1892 онд гахайн ёломын вакциныг бүтээжээ. Үүнээс хойш вакцинжуулалт, овинжуулалт гэх мэт урьдчилан сэргийлэлтийн аргууд Европ даяар өргөн дэлгэрсэн байна.
Нянгаар үүсгэгддэг халдварт өвчнийг эмчлэхэд хэрэглэдэг антибиотикийг 1928 онд хүн төрөлхтөнд нээж өгсөн эрдэмт хүн бол XX зууны дэлхийн 100 чухал хүний нэг бөгөөд 1945 оны Нобелийн шагналт Шотландын эмч, микробиологич Александр Флеминг юм. Тэрээр Penicillium rubens хэмээх хөгц мөөгнөөс хожим бензилпенициллин (пенициллин G) гэж нэрлэгдсэн бодисыг нээсэн бөгөөд энэ нь тухайн үедээ “өвчин” гэх зовлон аюулыг давж гарсан “аугаа ялалт” боллоо гэж үзэж байв.
Мал эмнэх ардын уламжлалт ухаан
Монгол мал эмнэлгийн ухаан нь анчид, малчид амьтны янз бүрийн өвчин эмгэгийг аргалж ирсэн уламжлалт арга, хэрэгсэл, туршлагаас үүсэлтэй. Иймээс уламжлалт ардын мал эмнэлгийн ухаан нь Монгол улсын шинжлэх ухаан, соёл, өв уламжлалын чухал бүрэлдэхүүн хэсэг мөн. Ардын уламжлалт мал эмнэлгийн ухаан нь хэдэн мянганы турш боловсронгуй болсоор Монгол улсын мал аж ахуйн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсаар ирсэн ба малын янз бүрийн өвчнийг оношлох, эмчлэх, сэргийлэх онол, үзэл баримтлалын үндэс суурь хадгалагддаг. Монгол улс энэхүү гайхамшигт ардын уламжлалт мал эмнэлгийн ухаанаа дэлхийн шинжлэх ухаантай хослуулан хөгжүүлж авч явахгүйгээр орхигдуулсан нь магадгүй зөвхөн тус улсын төдийгүй дэлхийн мал эмнэлгийн шинжлэх ухааны хөгжилд ч ямар нэгэн хэмжээгээр сөргөөр нөлөөлсөнийг үгүйсгэх аргагүй. Тиймээс Монгол ардын уламжлалт мал эмнэлгийн ухааныг орчин үеийн дэлхий дахины мал эмнэлгийн шинжлэх ухаантай хослуулан хөгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Өнгөрсөн хугацаанд ардын уламжлалт мал эмнэлгийн ухааныг орхигдуулж гээхгүйгээр уламжилж, өвлөж, судлаж, суралцаж, хөгжүүлж явах талаар Монгол улсын төр, засгаас ч, мал эмнэлгийн сургалт, судалгааны байгууллагуудаас ч дорвитой бодлого, санаачилга гаргаж байгаагүй бөгөөд ердөө л малчид, малын эмч нарын сайн дурын үндсэн дээр харилцан нэгнээсээ асууж, харж суралцах түвшинд л байна. Уг нь ардын уламжлалт мал эмнэлгийн ухааныг өвөг дээдсээсээ өвлөн суралцаж, цөөхөн ч гэсэн энэ талаар бичиж тэмдэглэсэн ном, судрыг баяжуулан хөгжүүлэх зайлшгүй шаардлага байгаа юм. Монгол ардын уламжлалт мал эмнэлгийн ухааныг мэддэг, арга барилыг нь эзэмшсэн ахмад үеийнхэнээс бараг үлдсэнгүй. Байнгын байран маллагаатай бус, жилийн дөрвөн улирлын турш байгаль цаг уурын эрс тэс нөхцөлд зохицон оршдог бэлчээрийн монгол малын арчилгаа, тэжээллэг, уналга, эдэлгээнээс үүдэлтэй эмгэгүүдэд монгол ардын уламжлалт мал эмнэлгийн эмчилгээ засал нь орчин үеийн шинжлэх ухааны гэх тодотголтой мэргэжлийн мал эмнэлгийн эмчилгээний арга барилтай харьцуулахад илүү тохиромжтой байгаа нь анзаарагддаг. Тийм ч учраас өнөөдрийг хүртэл малчид мэргэжлийн мал эмнэлгийн мэргэжилтнүүдийн үйлчилгээ, туслалцааг авахаасаа илүүтэйгээр уламжлалт ардын мал эмнэлгийн арга, заслуудыг өөрсдийнхөө хэр хэмжээнд ойлгосон, сонссон, харсан, эзэмшсэн байдлаараа хэрэглэсээр байна. Харамсалтай нь малчид, мал аж ахуй эрхлэгчид, малын эмч нарт гарын авлага болгоод ашиглах монгол ардын уламжлалт мал эмнэлгийн ухааны ном, судар ховор байна. Тиймээс уламжлалт ардын мал эмнэлэгт ашиглагддаг байсан малын өвчин, эмгэгтэй холбоотой нэр томьёонууд, өвчний оношлогоо, өвчтэй малыг эмчлэхэд хэрэглэгддэг ургамал, амьтан, эрдсийн гаралтай дан, нийлмэл эмийн болон эмийн бус эмчилгээ, заслын талаар мэргэжиж мэргэшсэн малын эмч, малчин бараг л байхгүй боллоо. Иймийн тул өрнийн буюу шинэ тутам багаж хэрэгсэл, хүч түрэмгийлэл, химийн бодис, биологийн цэвэршүүлсэн элемент, нэгдэлд түшиглэж тулгуурладаг “шинжлэх ухааны буюу мэргэжлийн” мал эмнэлгийг, дорнын буюу байгалийн төрөлх зохицолдолгоо, зүй тогтол, мэдрэмж, уян хатан харилцаа, байгалийн бүтээгдэхүүнд түшиглэдэг монголын уламжлалт ардын мал эмнэлэгтэй хослуулан хөгжүүлэх хэрэгцээ шаардлага бий гэж үзэж байна.
Монголын эртний түүхэн баримт дахь мал эмнэлэг
XIII зууны Монголын их эзэнт гүрний үеийн Их засаг хууль дахь мал амьтантай холбоотой зүйлүүд нь нүүдлийн соёл иргэншилт Монголчуудын дунд ёс суртахууны хэм хэмжээ, мал аж ахуйн соёл, уламжлалт зан заншил хэлбэрээр оршин тогтносоор иржээ. Эртний Монголчуудын бичиг, соёлын их өв “Монголын нууц товчоо” зохиолд “.. газрын холд хүрэхдээ унах морьдоо гамнаж..”, “.. хүнсний нэмэр болгож, хүрэлцэх хэмжээгээр авла ..”, “.. эр цэргийн морьдын эмээлийн хударгыг мулталж, агтны хазаарыг амгайчилж, аяар зөөлөн яв..”,
Их засаг хуулинд “Бэлчээрийн газрыг эвдэж сүйтгэгчдийг хүндээр шийтгэ. Өвс ногоорсон хойно газар нүхэлсэн ба гал алдаж бэлчээр шатаагчдыг гэр бүлийн хамт алах хэрэгтэй”, “Дайн байлдаан дуусмагц унааны сайн морийг ус бэлчээрт тавих хэрэгтэй. Унах ба гүйлгэхийг хориглосугай. Агт морьдыг сүйтгэгчдийг яллах хэрэгтэй. Ялангуяа морины толгой, нүдийг зодож занчигчдыг алах хэрэгтэй”,
XVII зууны сүүл XVIII зууны эхэн үеэс хэрэгжиж байсан “Халх журам” хуулинд “.. малыг заншлаас гадуур алахыг хориглох буюу хэн мал нядалж идэхийг хүсвээс хөлийг нь боож, гэдсийг нь хагалаад, зүрхийг базаж ал: хэрэв лалын адил хоолой огтолж албал өөрийнх нь хоолойг огтлох, усанд ба үнсэнд шээвэл цаазлах, адгуус малтай явалдвал цаазлах, боос болон нялх унагатай гүү унавал хониор торгох, газар дээр сүү болон бусад идээ ундааны зүйл асгахгүй, хотон дотор шээж болохгүй, эмгэг өвчингүй морь, хонгор галуу, могой, мэлхий, ангир, нялх янзага, болжмор, нохой эднийг бүү ал. Алсныг үзсэн хэн хүн үзвээс морь ав, шилэрсэн ингийг барьж ботгыг нь дэнжүүлж (хөлд оруулж) өгсөн хүнд шилдэг хонь өг, тарвага утаад ухаж авалгүй орхисон хүнээс шүдлэн үхэр ав, завхуул малыг барьваас бүү авч яв. Өгөлгүй авч явбаас хулгайд тооцох, барьсан газартаа үснээс нь тэмдэг тавь, нохой хуцаж ба зууж хүн үхвээс хүн, тэмээгээр ор босго, мал хүнийг ямраар алваас тэмээгээр ор босго, ер засуул, угтуул, морины хүүхдэд ташуур өгөхгүй, хэрэв өгвөл ташуур өгөгчөөс хонь авах, уралдсан морийг засуул дэмжиж хөөхгүй, ер ах наст морины насыг дарж уралдуулж болохгүй..”.
XIX зууны эхэн үед хэрэгжиж байсан “Зарлигаар тогтоосон Монгол улсын хууль зүйлийн бичиг”-т “... тахилгатай ууланд ан гөрөө хийх, мод огтлохыг хориглох, буга, гахай зэргийг адуугаар тооцож, унасан морь, ангийн зэвсгийг нь хураах, гал түймэр алдсан, өвчин тараасан, аянчин жуулчдаас өвчнөө засахыг хүссэнийг татгалзсан, халдвартай өвчтөн бусдын гэрт орж өвчин тараасан тохиолдолд есөн малаар торгож, хэрвээ хүн үхэхэд хүрсэн бол мөн хэргээр 27 толгой малаар торгож шийтгэн хохирогчдод олгох, бэлчээрт гал алдсан, бусдын малыг алсан, шархдуулсан,бусдын малыг гэмтээсэн бол хоёрын нэгийг нь төлүүлэх, хэрэв алсан бол тэр малыг бүрэн төлөх, үнэг, чоно мэтийг агнахын тулд уул, хээрт хорт бодис тавихыг хориглох, түүнээс болж бусдын малыг алсан тохиолдолд төлүүлэх, нохой алсан тохиолдолд гурван настай үхрээр төлүүлэх..” гэх мэтчилэн тэжээвэр болон зэрлэг ан амьтныг хамгаалах, мал, амьтантай зүй бусаар харьцахгүй байх, малын өвчин эмгэгтэй тэмцэх талаар олон зүйл, заалтууд тусгагдан хэрэгжиж байжээ. Энэ мэт эртнээс Монгол улсын нутаг дэвсгэр дээр хэрэгжиж байсан хуулийн зүйл заалтуудын үйлчлэл нь нүүдлийн мал аж ахуй эрхлэж амьдрагсад, малчид, иргэдийн амьдралд соёл, ёс суртахууны мөрдлөг, зөрчигддөггүй хэм хэмжээ болон тогтож ирсэн нь Монголчуудын байгаль орчин, газар нутаг, бэлчээр, ус, ургамал, амьтантай харьцах уламжлалт соёлыг хадгалж үлдэхэд ихээхэн чухал нөлөөлөл үзүүлсээр ирсэн байна.
Мэргэжлийн мал эмнэлгийн үндэс тавигдсан нь (1900-1940 он)
XX зуун эхлэх үед мал амьтны эрүүл мэндийн хамгаалал, орчин үеийн мэргэжлийн мал эмнэлгийн талаар Монгол үндэстний нэгдсэн төрт улсын бодлого байсангүй. Зөвхөн эртний Монголчуудын амьдралын явцад хэдэн мянганаас хэдэн зуун жилийн өмнө үүсэж бий болоод хөгжлийнхөө явцад эмчилгээний арга, хэрэгслийн хувьд ахиж дэвшиж ирсэн хануур, хатгуур, төөнүүр, жигнүүр, боолт зэрэг ардын уламжлалт мал эмнэлэг л оршиж байв. Эрс тэрс уур амьсгал, хувьсамтгай цаг агаар, бэлчээр нутгийн доройтол, бохирдол багатай, малын тэжээлийн ургамлын бүрдлийн олон янз байдал, нуур, гол, горхи, булаг, шандны усны цэвэр байдал, нэг хот айлд таван хошуу мал бүгдээрээ тодорхой харьцаагаар, харьцангуй цөөн тоотой байсан зэрэг нь мал амьтны халдварт, шимэгчтэх, халдваргүй өвчнүүд багатай байх нөхцлийг бүрдүүлдэг байсныг олонхи судлаачид зөвшөөрдөг. Бэлчээрийн мал аж ахуйд мал амьтны голлох өвчнүүд нь арчилгаа, маллагаа, уналга, эдэлгээтэй холбоотой бөгөөд малчид мал сүргийнхээ өвчин тахлыг дорно дахины уламжлалт ардын эмчилгээний аргаар оношилж, эмчилж илааршуулж, сэргийлж байсан нь түүхэн баримтуудад тэмдэглэгдэн үлдсэн байна.
Монгол Улсад 1923 оноос өмнө мал амьтны өвчин тахлыг оношлодог, нэгэнт халдварт, шимэгчтэх, халдваргүй өвчнөөр мал амьтан өвчилсөн тохиолдолд эмчилдэг, амьтныг өвчлүүлэгч вирус, нян, бичил мөөг зэрэг бичил биетнүүд болон эгэл биетэн, хорхой, шавьжийг таньдаг, тэдгээрийн халдлагаас сэргийлдэг үндэсний мэргэжлийн байгууллага, тогтолцоо байгаагүй.
XX зууны эхэн үеэс өмнө Монгол улсад мал эмнэлгийн ажил, үйлчилгээний талаар төрийн тусгай бодлого, эрх зүйн бичиг баримт байсангүй. XX зуунаас өмнөх хэдэн зууны туршид Монгол улсын төрийн байгууламж нь залгамж чанар багатай, тогтвортой бус, Манжийн нөлөөлөл ихтэй, нийгмийн анги давхрага хоорондын ялгарал гүнзгийрсэн, улс даяар бүх иргэн нь заавал дагаж мөрддөг, тэгш үйлчлэлтэй хууль, журмын хэрэгжилт муутай, хууль зүйлийн бичгийн ялгаатай үйлчлэл ихтэй, тасалдалгүй үйлчлэл сул, нэгдсэн бодлого тодорхойгүй, өргөн уудам газар нутагтай, шуудан харилцаа холбоо, тээвэр зуучлалд ердийн хөсөг ашиглагддаг байсан бөгөөд “Их засаг”, “Монгол Ойрадын хууль”, “Халх журам”, “Зарлигаар тогтоосон хууль зүйлийн бичиг” мэт бичмэл болон бичигдээгүй аман хууль, ёс заншилд нь тусгагдсан мал аж ахуй, мал амьтантай холбоотой зүйл, заалтууд нь алба, гувчуур, төлбөр, татвартай холбоотой нь олон байсан болохоос бус, малын өвчин эмгэгтэй тэмцэх бодлого, зохицуулалт гэж үндсэндээ байсангүй.
Харин мал, амьтантай зүй бусаар харьцахгүй байх, уналга, эдэлгээнд зөв эдлэж, ашиглах, мал муулахтай холбоотой хуулийн болон ардын дунд тогтсон ёс заншилаар дамжсан зохицуулалтууд олон байжээ. Тиймээс тухайн үеийн Монгол улсад малын элдэв янзын өвчинтэй тэмцэх талаархи мал эмнэлгийн төрийн бодлого, удирдлагын нэгдсэн зохицуулалт тодорхой бус байсан гэж үзэж болно.
Ардын засгийн газрын 1923 оны 04 сарын 06-ны өдрийн тогтоолоор Сангийн яамны дэргэд "Мал эмнэлгийн ажлыг удирдан зохион байгуулах хэлтэс"-ийг байгуулж, улмаар үхрийн мялзан өвчнийг эсэргүүцэх эм тарилгыг өөрийн улсад бэлтгэх явдлыг чухалд үзсэн. Ингэснээр Монгол улсад үндэсний мал эмнэлгийн салбарын суурь нь тавигдсан гэж үздэг.
Оросын мал эмнэлэг Монголд нэвтэрч үхрийн мялзантай тэмцсэн нь
Монгол улсын мал сүрэгт тархсан үхрийн мялзантай тэмцэх талаар Оросын Дотоод явдлын яам, түүний дэргэдэх Мал эмнэлгийн хэлтэс, Өвөр Байгалийн захирагч, Амарын амбан захирагч, Оросын худалдаачдын явуулж байсан бодлого, хэрэгжүүлж байсан үйл ажиллагаанаас үзвэл бодит байдал дээрээ асуудал хэр байсан нь харагдана. Үхрийн мялзан өвчин 1867 оны үед жин тээгчдээр дамжин Хаалганаас Монголд орж ирсэн гэдэг. Эрт цагаас нааш мал малласаар ирсэн монголчууд малын өвчин эмгэгийг анагаах ардын арга барилтай байсан нь тодорхой. Өвчтэй малыг сүргээс нь тусгаарлах, ханах, хатгах, өвс ургамлаар эм бэлтгэн цутгах, утаж ариутгах зэргээр барагтай л бол өвчнийг анагаачихдаг байжээ. Гэвч энэ бүх уламжлалт эмчилгээний арга нь үхрийн мялзангийн эсрэг ямар ч нөлөөлөл үзүүлж чадахгүй байв. 1870-1890 оны үед халдварт өвчин тахлын шинжтэй болсон байв.
Өнөөгийн шинжлэх ухааны хэллэгээр бол бүс нутаг, улс орон, тив, олон улсыг хамарсан эндеми, пандеми болсон байжээ. Монгол-Оросын хоорондох малын худалдаагаар дамжин 1897-1899 оны хооронд Орос улсад дэгдсэн үхрийн мялзан онц аюултай байдалд хүрсэн. Энэ үед Амарын амбан захирагчийн хүсэлтээр Сорилын анагаах ухааны хүрээлэнгээс томилогдсон малын эмч В.И.Выжникевич, А.А.Дудукалов нар Чит хотын ойролцоо 1899 оны зургаадугаар сард мялзан эсэргүүцэх станц байгуулж, 1900 оны тавдугаар сард үхрийн мялзангаас сэргийлэх тарилга үйлдвэрлэж эхэлсэн. “Оросын зарим худалдаачид Монголоос худалдаж авсан үхэрт мялзангийн эсрэг тарилга хийх станцыг Монголд байгуулцгаая. Шаардагдах хөрөнгийг нь тэдгээр худалдаачид гаргая” гэдэг саналыг тавьсан. Ийнхүү хүчин чармайлт гаргасны үрээр Дотоод явдлын яамны Мал эмнэлгийн хэлтсийн эрхлэгч Пештич 1903 оны 07 дугаар сард Монголд мялзан эсэргүүцэх хувийн станц байгуулахыг дэмжсэн зөвшөөрөл олгожээ. Ингэснээр Андрей Александрович Дудукалов 1903 оны долоодугаар сард Монголд ирж Ерөө голын ойролцоох Корнаковка хэмээх орос сууринд Монголын түүхэнд анхны мялзангийн тахлаас сэргийлэх тарилга үйлдвэрлэх станцыг 1903 оны есдүгээр сард байгуулжээ. Монголд мялзангаас сэргийлэх тарилга үйлдвэрлэх станц байгуулсан талаар Дотоод явдлын яаманд А.А.Дудукалов, И.Д.Синицын, М.Коркин нар мэдэгдээд тус станцын тарилга хийлгэсэн малыг хөл хориогүйгээр хил гаргаж байхыг хүссэн. Монгол дахь станцид тарилга хийлгэсэн үхэр сүрэгт 1904 оны 8 дугаар сард Хиагтын Петровский заводод хоёр үхрээс мялзан илэрсэн тул уг станцид тарилга хийлгэсэн үхрүүдийг хөл хориогүйгээр хил нэвтрүүлдэг байсан зөвшөөрлийг нь хүчингүй болгосон. 1904-1905 оны Орос-Японы дайнаас өмнө нэг тун тарилгын үнэ нэг рубль байсан бөгөөд дайны дараа нэг рубль 50 копейк болж өссөн байв. А.А.Дудукаловын урилгаар Алексей Павлович Свечников 1905 онд Монгол дахь мялзангийн станцид зочилсон. Свечниковын тэмдэглэлд “Монгол дахь мялзангийн станц нь 6 өрөө дүүрэн тоног төхөөрөмжтэй, 200 үхрээс тарилга бэлтгэдэг, их идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна” гэжээ. Монгол дахь мялзангийн станцыг 1905 оны 12 дугаар сар хүртэл А.А.Дудукалов удирдав. А. П. Свечников нь малын бага эмч, хоёр ажилчны хамтаар Өргөө, Сэлэнгэ мөрөн, Тэсийн голын сав, Хөвсгөлийн нутгаар 1906-1907 онд явж 2033 малд мялзангаас урьдчилан сэргийлэх тарилга хийжээ. А.А.Дудукалов нар Монгол болон Манжуурт мялзангийн тарилга хийх, мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх экспедици явуулах санаачилга гаргахад Дотоод явдлын яам нь зөвшөөрч Монгол болон Манжуурын Өргөө, Улиастай, Хэрлэн, Чичигар гэсэн 4 чиглэлд 4 экспедицийг 1910 оны 4 дүгээр сараас 9-р сар хүртэл зургаан сарын турш явуулж ажиллуулав. Энэ хугацаанд тус экспедици 9868 малд тарилга хийсэн. 1911 онд дахин дөрвөн экспедици Өргөө, Хэрлэн, Улз, Хайлар чиглэлд хөдөлж 33096 малд тарилга хийжээ. 1912 онд Читийн станцаас Өргөө, Хэрлэн, Улз, Хайлар, Чичигар, Хаалган, Хөвсгөл долоон чиглэлд экспедици явуулж ажиллуулсан. Энэ 7 экспедици нь 74085 толгой малд тарилга хийжээ. Эрхүүд 1913 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр зохион байгуулсан зөвлөлгөөнөөс Монголоос зөвхөн тарилга хийсэн малыг л Эрхүү мужид оруулах тухай шийдвэр гаргасан. 1913 онд 10 экспедици гаргаж Хайлар – Ганжуурын яармаг – Долнуурын зам дагуу, Барга, Хэрлэн голын дагуу, Улз гол, Өргөө орчим, Заяын хүрээний орчим, Вангийн хүрээ, Халх гол, Хөвсгөлийн орчим, Хөвсгөлийн зүүн өмнөд хэсэгт тус тус ажиллуулсан. 1913 онд Монголд 121080 толгой малд тарилга хийсэн. Дараа жил нь 9 экспедици гарч ажилласан. 1914 онд Өргөө орчимд болон Дархадын нутагт тахал дэгдсэн тул хоёр экспедицийг нь үлдээж ажиллуулсан. Малын их эмч А.С.Мещерский Өргөөд тахлаас урьдчилан сэргийлэх тарилгыг сурталчлах суртал нэвтрүүлгийн ажил зохион байгуулж, 1914 онд “Шинэ толь” сэтгүүлд мялзан болон бусад халдварт өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар ухуулга сурталчилгааны өгүүлэл нийтлүүлж байжээ. Монгол болон манжуурт мал эмнэлгийн үйл ажиллагааг 1915 оноос 1918 он хүртэл Хаант Оросын армийн хэрэгцээний махыг Монголоос бэлтгэх үүрэгтэй “Монголэкс” хэмээх экспедици удирдан зохион байгуулж байв. Энэхүү экспедицийн мал эмнэлгийн асуудал эрхэлсэн орлогчоор А.А.Дудукалов 1915 оны 09 сараас томилогдон ажиллав. Монголд ажиллаж байсан тус экспедицийн гол үүрэг нь малын халдварт тахал өвчний голомтыг устгах явдал гэж А.А.Дудукалов үзэж байв. Монголын засгийн газраас 1916 оны эхээр өөрийн хөрөнгөөр, Оросын малын эмч нарын оролцоотойгоор бие даасан мал эмнэлгийн алба байгуулах шийдвэр гаргаж байсан гэх мэдээлэл бий. Гэвч А.Миллер зэрэг Оросын түшмэдүүд өнгөн дээрээ дэмжиж байгаа мэт дүр үзүүлэвч Монголын мал эмнэлгийн байгууллагыг Оросын мэдэлд байлгах бодлого баримталж байсан. Энэ бодлого зорилгоо хэрэгжүүлэхийн тулд А.А.Дудукаловыг Монголын талын хүсэлтээр Монголын мал эмнэлгийн албанд ажиллуулахаар томилон явуулахдаа, Өвөр Байгалын мал эмнэлгийн байцаагчаар хавсран ажиллуулахаар шийдвэрлэсэн байдаг. А.Миллер 1916 оны 5 сарын 10-нд Дотоод явдлын яаманд илгээсэн бичигтээ “..Монголын мал эмнэлгийн үйл ажиллагааг Өвөр Байгалын мал эмнэлгийн албаар дамжуулан манай Дотоод явдлын яамнаас удирдан зохицуулахад оршино” гэж бичсэн. Иймэрхүү шалтгаануудын улмаас 1921 оны ардын хувьсгалаас өмнө Монголд бие даасан өөрийн мал эмнэлгийн алба байгуулж чадаагүй. Монголд 1923 онд байгуулагдсан мал эмнэлгийн алба нь бүхнийг тэгээс эхэлсэн хоосон газарт бус, өмнө нь Монголд ажиллаж байсан А.А.Дудукалов тэргүүтэй Оросын малын эмч нарын хуримтлуулсан бааз суурь дээр түшиглэн байгуулсныг онцлон тэмдэглэж байна.
Монгол улсын төр, засгийн шийдвэрт мал эмнэлгийн талаар тусгасан нь
Монгол улс нь 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, 1921 оны ардын хувьсгалаар тусгаар тогтнолоо бүс нутгийн хэмжээндээ зарлан тунхаглаж олон улсын хүрээнд хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллахын зэрэгцээ Богд хаант Монгол улсын Ардын засгийн газар нь улсынхаа дотоодын үйл ажиллагаагаа ч идэвхтэй явуулсаар байв.
Тэр үед Монгол улсын төр, засгийн бодлого тодорхойлогч төрийн эрх барих дээд байгууллага нь МА(Х)Н-ын их болон бүгд хурлууд байсан бөгөөд тэдгээр хурлууд улс орныхоо бүх л чухал салбаруудын талаар авч хэлэлцдэг байжээ. Монгол улсын эдийн засаг болон хүн амын амьдралд нь хамгийн чухал нөлөө бүхий мал аж ахуй, мал сүргийн эрүүл мэндийн талаар МА(Х)Н-ын их, бүгд хурлуудаас дараах зорилго, зорилтуудыг дэвшүүлж байсан. Тухайлбал,
МАХН-ын IV их хурлын (1925) шийдвэрт“... Малын ажлыг сайжруулахын учраа үүний урьд харьяат эмнэлгийн газраас эмч гучин тавыг дараа удаа урин ирүүлээд Хан Хэнтий, Цэцэрлэг Мандал, Хан Тайшир уулын аймгийн Баянтүмэн хан, Өндөр хан, Наран Жаргалант уул, Заяын шавийн зэрэг хошууд ба Ховд, Алтанбулаг, Хатгал эдгээр долоон газар тус бүр эмчийн салбар хороо байгуулан мөнхүү хороодоос салбарласан анги тасаг хорь илүү бөгөөд үхрийн мялзан, хамуу зэрэг өвчнийг сайтар тариулан эмчлүүлж, нэгэнтэйгүүр аливаа хүмүүсийн хязгаар давуулан аваачих мал ба түүхий эд зэргийг шинжлэн үзүүлж улмаар нэвтрүүлэн явуулж буй бөгөөд бусад олон газраа хороо ангийг нэгэн адил байгуулахыг хичээн бүхий авч энэ хир уул эмч нарын тоо хүрэлцэхгүй тул одоо мөн боловсон эмч нарыг нэмэн урьж ирүүлэн тоог олшруулан харьяат хязгаарын доторхи мал бүхий газруудад анги бүр хуваан суулгаж ард олны малыг эрүүл өвчтэй хэмээн огт ялгаварлахгүй цөмийг нэгэн адил тарьж боловсруулан өвчнөөс хамгаалахыг завдан буйн дээр басхүү тус улсын дотроос бага насны багачуудыг эмчийн сургуульд боловсруулахыг нэн урьдал болгож урьдаар арван тооны хөвгүүдэд хүнс хэрэглэлийг төхөөрөн өгч гурван жилийн хугацаа тогтоож сургууль үйлдүүлэн буй ..” хэмээн тусгахдаа Ховдын бүс нутгийг онцгойлон заасан байна.
МАХН-ын VIII их хурлын (1930) шийдвэрт “... Малын эмнэлгийн ажил бол малын ажилтай хөдөөний ардын чухал нэгэн зүйл болох тул халдвартай өвчнүүдийг сэргийлэх, эсэргүүцэх, эмнэх, арчлахад ядуу, дунд ардыг урьдал болгон үнэ төлбөргүй болгох хийгээд нийтэд албадан тариулах явдлыг чухалчлах ба үүний урьд байгуулагдсан малын эмнэлэг салбар тасгууд их төлөв зах хязгаарт байгаа учир малын эмнэлгийн тусыг олон ардад ойртуулах ба мөнхүү олон төв газруудад шинэ салбар тасаг нээн байгуулбал зохино.
... Малд үлэмжхэн аюултай хамуу ба үхрийн цээж, хонины цэцэг өвчин зэргийг онц сэргийлэн хянаж арчилан хамгаалах аргыг нэн чухалчлан гүйцэтгэх ба эмнэлгийн ариун цэврийг эрхэмлэн өвчин халдварыг урьдаас сэргийлэх арга боловсролын тухай илтгэл, үгүүлэл бичиж сургууль, улаан булан зэргийн ажилд ард олныг өргөнөөр оролцуулах хийгээд бас эмнэлгийн дээд ба дунд зэргийн ажилчин бэлтгэх явдлыг сайжруулан мөн боловсронгуй хүмүүсийг урих ба малын эмнэлгийн сургуулийн байдал байгуулалтыг сайжруулбал зохино.
... Сонгинын буланд мялзан эсэргүүцэх хороог өөрчилсөн тул тарилгын малыг чанартайгаар бэлтгэх ажлыг өргөтгөх тус хязгаарын дотор дэлгэрдэг элдэв халдвартай өвчнийг шинжлэн эсэргүүцэхийн тулд зохих аргыг хэрэглэх ба нөгөөтэйгүүр эмнэлгийн албан хаагчдаас хөдөөний газар биесээр явж малын арчлах хамгаалах тухай суртлыг нэвтрүүлэх явдлыг үргэлжлүүлбэл зохино. ...” гэж үзэж байв.
Аймгийн нэр |
Байгуулагдсан он |
Баян-Өлгий |
1940 онд Мал эмнэлгийн хороо |
Говь-Алтай |
1925 (1928) онд Засагт ханы хүрээнд Мал эмнэлгийн хороо |
Завхан |
Улиастайд 1910 онд Читийн мялзангийн станцын экспедиц, 1914 онд Монголэксийн контор, 1919 онд Центрсоюкын контор, 1919 онд Оросын консулын газар малын эмч, 1925 онд Мал эмнэлгийн хороо |
Увс |
Улаангомд 1929 онд мал эмнэлгийн хороо |
Ховд |
Ховдод 1914 онд Читийн мялзангийн станцын экспедиц, 1914 онд Монголэксийн контор, 1919 онд Центрсоюкын контор, (1924) 1925 онд Мал эмнэлгийн хороо, 1930 онд Бактериологийн тасаг, 1944 онд Мал эмнэлгийн сургууль, 1947 онд Мал эмнэлгийн биолаборатори (1950 онд Биофабрик болж өргөжсөн) |
Мал эмнэлгийн анхны дүрэм:
Ардын засгийн газраас 1930 оны 3 дугаар сард “БНМАУ-ын малын эмнэлгийн дүрэм”-ийг боловсруулж батлуулахыг Мал тариалангийн яаманд үүрэг болгосноор Засгийн газрын 1930 оны 37 дугаар тогтоол, эрхлэх товчооны 1931 оны 2 дугаар тогтоол, Улсын бага хурлын 1931 оны 10 дугаар хуралдаанаар “БНМАУ-ын малын эмнэлгийн дүрэм”-ийг тус тус хэлэлцэн баталжээ.. Энэхүү дүрэм нь 85 зүйлтэй. Уг дүрэмд тус улсын малын эмнэлгийн газрын үйл ажиллагааны гол зорилгуудыг тодорхойлсон байна.
Монгол улс дахь мэргэжлийн мал эмнэлгийн бүтэц, тогтолцоо 1900 – 1924 онд
Мялзангийн тарилгын станцтай болж малын бага эмч бэлтгэж эхэлсэн нь:
Ардын засгийн газар нь 1923 оны 8 дугаар сард Оросын худалдаачид, мэргэжилтнүүдээс Сонгино тосгонд байрладаг үхрийг мялзангаас сэргийлэх тарилга үйлдвэрлэдэг станцыг худалдаж авснаар Монгол улс мал эмнэлгийн зориулалттай биобэлдмэл, эм үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэртэй болох үндсийг тавьсан байна. Энэхүү үйлдвэрийг түшиглэн 1924 онд малын бага эмч бэлтгэх сургуулийг нээж элсэгчид авсан бөгөөд 1928 онд Намжилсүрэн, Лувсанжамц, Цэрэндорж, Батаа, Даваадорж, Ишдорж, Сагаа, Чойвон, Банзрагч, Төмөртогоо, Мангалжав, Дамдин нарын 12 малын бага эмчийг бэлтгэж гаргасан нь манай улсын мал эмнэлгийн салбарын анхдагч мэргэжилтэн нар болно.
Мал эмнэлгийн байгууллагын төлөвшлийн үе 1940 – 1990 он
Мал эмнэлгийн салбарт ажиллах мэргэжилтэй хүний нөөцийн судалгааг гаргаж үзэхэд 1940 оны 03 сарын байдлаар Монгол улсын мал эмнэлгийн салбарт малын бага эмч 192, мал эмнэлгийн санитар 523 ажиллаж байжээ.
Дээд мэргэжилтэй малын их эмч мэргэжилтэнг дотооддоо бэлтгэх эхлэл тавигдсан нь:
БНМАУ-ын СНЗ-өөс 1940 онд “Улаанбаатар хотноо улсын университет байгуулах тухай” 45 дугаар тогтоол гаргав. Уг тогтоолд “..Монгол улсын дотор анхдугаар дээд сургууль болох Улсын университетийг мал эмнэлэг - зоотехникч, сурган хүмүүжүүлэх, хүн эмнэлгийн гэсэн 3 анги бүхийтэйгээр Ардыг Гэгээрүүлэх Яамны харьяанд Улаанбаатар хотноо байгуулсугай. Улсын университетийг цаашид дээр дурдсан ангиудад хөгжих 3 бүлэгтэйгээр 1941 оны 10 дугаар сарын 01-нээс эхлэн нээсүгэй” гэжээ.
МАХН-ын Төв хорооны тэргүүлэгчид “БНМАУ-д дээд сургууль байгуулах тухай” тогтоол гаргав. Уг тогтоолд “..1942 оны 09 дүгээр сарын 01-нд БНМАУ-д дээд сургууль нээх ажлын бэлтгэлийг заасан хугацаанд хангуулах зорилгоор урьд баталсан төлөвлөгөөнд заасны дагуу дээд сургуулийн бэлтгэл салбарт суралцах боломжтой хүмүүсийг 1942 оны 6 сарын 20 гэхэд бэлэн байлгахыг Эрүүлийг хамгаалах болон Мал, газар тарилангийн яамдад үүрэг болгох..” гэж заасан. БНМАУ-ын СНЗ, МАХН-ын Төв хорооны тэргүүлэгчид “Улсын дээд сургуулийн тухай” тогтоол гаргасан. МУИС-ийг нээх ёслол 1942 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Лениний нэрэмжит клубт болсон байна.
Монгол улсын мал сүргийг 200 сая хүргэх төлөвлөгөө мал эмнэлэгт нөлөөлсөн нь
“... Малыг 200 сая хүртэл өсгөж хөгжүүлэх хэрэгт зоотехник ба мал эмнэлгийн шинэ хүчний үүрэг нь маш чухал учир 1940 – 1941 онуудын дотор 4 ба 8 сарын хичээлийн хугацаатай түр сургуулиудаар зоотехникч 250 ба малын эмч 300-г тус тус бэлтгэн гаргах явдлыг Мал тариалангийн яаманд даалгасугай. Үүнээс 1940 онд зоотехникч 100 ба малын эмч 100 болно...”.“... Энэ 1940 онд Өвөрхангай, Архангай, Завхан аймгуудын үхэр малыг мялзан өвчнийг эсэргүүцэх тарилгаар бүрэн тарьж гүйцэтгэвэл зохино ...” “... 1943 оны 01 сарын 01-ний наана сум тус бүрийг малын эмнэлгийн бага эмч нартай болгох явдлыг туйлын чухал зорилго болгон тавих ба мал эмнэлгийн ажилчдаас авч байгаа арга хэмжээнүүдийг биелүүлэх явдалд орон нутгийн нам, олон нийт ба засаг захиргааны байгууллагууд нь онцын хүчин туслалцааг гаргавал зохино. ...”
Ховд аймаг мал эмнэлгийн текникум болон биофабриктай болсон нь:
1944 онд Ховд, Цэцэрлэг, Өндөрхаан хотод мал эмнэлгийн дунд сургууль байгуулсан байна.
Ховд аймагт 1947 онд годрон өвчинтэй тэмцэх зорилгоор биофабрик - эрдэм шинжилгээний лабораторийг байгуулжээ. Тус үйлдвэр - лаборатори нь ямааны годрон, хонины цэцгийн вакцин үйлдвэрлэн гаргах ажлыг амжилттай гүйцэтгэж байв. Энэхүү Ховдын биофабрик нь 26 жилийн турш амжилттай ажиллаад 1974 онд Биокомбинад нэгдсэн болно.
Мал эмнэлгийн талаарх төр, засгийн шийдвэрүүдийн үргэлжлэл
МАХН-ын XI их хурлаас гаргасан шийдвэртээ “... Мал эмнэлэг, зоотехникийн газруудыг өргөтгөн бэхжүүлэх явдлыг хангах, 1952 онд ардын аж ахуйтнуудын малыг 31 саяд хүргэх, малыг эмнэлгийн тусламжаар хангах талаар таван жилийн эцэст Мал аж ахуйн яамны харьяанд: малын их эмчийн тасаг 42, малын бага эмчийн тасаг 687, шинжилгээний кабинетууд 18, мал эмнэлгийн бактери шинжилгээний лаборатори 3, эм үйлдвэрлэх газар 3, газкамер 420, суурин ванн 230, нүүдлийн ванн 5530 тай байсугай...” гэж тусгаж байснаас үзэхэд тухайн үеийн Монгол улсын мал эмнэлгийн тогтолцооны бүтэц, хүртээмж, чадавхи бүрэн харагдаж буй бөгөөд мал эмнэлгийн талаарх төрийн бодлого, зорилго, зорилтууд нь ч тодорхой байна.
МАХН-ын XIV их хурлын шийдвэрт “... Малын элдэв өвчинтэй хүчтэй тэмцэх зорилгоор 1965 оны эцэст нэгдэл бүрийг малын их эмчийн салбартай, мал аж ахуйн бригад бүрийг бага эмчийн салбартай болгож, 1965 онд малын нэг их эмчид оногдох малын тоог 58.9 мянга болтол цөөрүүлэхээр бодож зоо-мал эмнэлгийн газрыг олшруулан нэмэгдүүлж тэдгээрийн ажлыг эрс сайжруулсугай. ..” хэмээн тусгаж байжээ.
МАХН-ын XVII их хурлын шийдвэрт: “.. Төрөл бүрийн өвчнөөр мал хорогдох явдлыг эрс багасгахын тулд эмчилгээ-урьдчилан сэргийлэх арга хэмжээний чанарыг дээшлүүлж, мал эмнэлгийн бактериологийн лаборатори, оношлох кабинет, мал эмнэлгийн ариун цэврийн станц, эмчилгээ-тэжээлийн цэгийн ажлыг сайжруулна...” гэж тусгасан байна.
Эмчилгээ – тэжээлийн цэгийн талаар:
1971 оноос бүх аймаг, суманд бригад бүрт буюу нийтдээ 660 шахам Эмчилгээ тэжээлийн цэг байгуулан ажиллуулав.
Гадаад орнуудын мал эмнэлэгтэй хамтарч ажилласан туршлагаас
ЗСБНХУ, БНПАУ, БНБАУ, БНАГУ-ын мал эмнэлгийн тусламжтайгаар 1966-1968 онд ям, бруцеллёз, сүрьеэ өвчинтэй тэмцэх экспедиц Монгол оронд ажиллаж малын халдварт, шимэгчтэх өвчнүүдийг оношлох, урьдчилан сэргийлэх, эмчлэх чиглэлийн сургалт, судлагаа, үйлдвэрлэл, үйлчилгээний талбарт томоохон тусламж үзүүлэв.
ЗСБНХУ-ын тусламжаар 1966-1970 онуудад Ховд, Архангай, Завхан, Дорнод аймагт бактери шинжилгээний иж бүрэн лаборатори, Төв, Хөвсгөл, Баянхонгор, Увс аймгуудад ариун цэврийн станц баригдаж, 208 сумын мал эмнэлгийн тасгийг автомашин, тоног төхөөрөмжөөр хангаж, 57 сумын мал эмнэлгийн тасгийг зориулалтын нэг загварын байртай болгов.
Мал эмнэлгийн хувьчлал буюу хувийн мал эмнэлгийн байгууллагын үүсэл тавигдсан нь:
Монгол улсад мэргэжлийн мал эмнэлгийн ажил үйлчилгээ нь 1923 – 1998 оны хооронд 75 жилийн турш улсын болон ХААН, САА-н харьяанд байсан бөгөөд 1998 онд Монгол улсын засгийн газрын 198 дугаар тогтоол болон төрийн өмчийн хорооны 898 дугаар тогтоолоор Монгол улсын малын эмч нар хувьдаа мал эмнэлгийн байгууллага байгуулах боломж бүрдэж, мал эмнэлгийн мэргэжлийн үйлчилгээнийхээ үр шимээр амьдрах боломж нөхцөл бүрджээ. Мал эмнэлгийн ажил, үйлчилгээний тарифын жишиг, зах зээлийн жишгийн дагуу үнэ чөлөөлөлттэй холбоотой шийдвэрийг нь Монгол улсын засгийн газрын 1994 оны 217 дугаар тогтоолоор шийдвэрлэж өгсөн байна.
Монгол улсын баруун бүсийн аймгуудын мал эмнэлгийн байгууллага, малын эмч нарын судалгаа: 1998 он, 2013 он, 2023 оны байдлаар:
Монгол улсын баруун бүсийн аймгууд дахь мал эмнэлгийн нэгж, малын их эмч, малын бага эмч |
||||||||
|
|
1998 он |
2013 оны байдлаар |
2023 оны байдлаар |
||||
|
Засаг захиргааны нэгж буюу Аймгийн нэр |
Мал эмнэлгийн нэгж |
Мал эмнэлгийн нэгж |
Малын их эмч |
Малын бага эмч |
Мал эмнэлгийн нэгж |
Малын их эмч |
Малын бага эмч |
1 |
Баян-Өлгий |
13 |
83 |
27 |
56 |
65 |
20 |
71 |
2 |
Говь-алтай |
19 (11) |
50 |
16 |
34 |
57 |
24 |
33 |
3 |
Завхан |
24 (20) |
51 |
32 |
19 |
51 |
39 |
13 |
4 |
Увс |
20 (4) |
63 |
38 |
25 |
68 |
40 |
28 |
5 |
Ховд |
16 (16) |
49 |
28 |
21 |
46 |
28 |
22 |
Монгол улсын баруун бүсийн мал эмнэлгийн байгууллагын ирээдүйн зорилго:
- Амьтны эрүүл мэндийг хамгаалах. Эмгэгтөрүүлэгч бичил биетнээр үүсгэгддэг халдварт, шимэгчтэх хорхойтох, бодис солилцооны өвчнүүдтэй байгалийн хуулинд нийцүүлэн, орчин үеийн дэвшилтэт аргуудыг ашиглан тэмцэх.
- Амьтны гаралтай хүнсний аюулгүй байдлыг хангах.
- Амьтад болон тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүний худалдааны чөлөөт байдлыг хангах.
- Зооноз өвчнүүдээс нийгмийн эрүүл мэндийг хамгаалах
- Амьтны амар амгаланг хангах
- Анагаах ухааны дөрвөн үндэс / Хөрв. Х.Тумбаа.- УБ., 1991.- 735х.
- Батсайхан О. ба бус. Зарлигаар тогтоосон монгол улсын хууль зүйлийн бичиг.- УБ., 2018.- 332х.
- Даревская Е.М. Сибирь ба Монгол / Орч. Д.Бадамням.- УБ., 2011.- 346x.
- Дашгүнсэн Ц., Чойжилжав Х. Монгол улсын мал эмнэлгийн алба 70 жилд.- УБ., 1993.- 164х.
- Жалан-аажав С. Халх журам бол Монголын хууль цаазны эртний дурсгалт бичиг.- УБ., 1958.- 115х.
- Майдар Д. Монголын шинжлэх ухааны мал эмнэлэг: 1921-1956 / Ред. П.Шинжээ.- УБ., 1962.- 148х.
- МАХН-ын X их хурал: Дэлгэрэнгүй тайлан.- УБ., 1970.- 404х.- (МАХН-ын Төв хорооны дэргэдэх Намын түүхийн институт)
- МАХН их, бага хурал, төв хорооны бүгд хурлуудын тогтоол шийдвэр 1956, 403-404-р х
- Монгол ардын хувьсгалт намын дөрөвдүгээр их хурал.1978, 327х, УБ, 216-217х
- Монгол ардын хувьсгалт намын түүхэнд холбогдох баримт бичгүүд, 1967, 600х, УБ, 194-197х
- Монгол ардын хувьсгалт намын 11 дүгээр их хурал дээр 1948-1952 онуудад Бүгд найрамдах Монгол ард улсын ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөний тухай нөхөр Цэдэнбалаас тавьсан илтгэл.- УБ., 1948.- 122х.
- Монголын мал эмнэлэг 90 жилд / Эмхт. Н.Хүрэлбаатар, Ц.Өлзийтогтох.- 2013.- 255х.
- Монголын нууц товчоо / Орч. Ц.Дамдинсүрэн, Ред. Ш.Гаадамба.- УБ., 1990.- 255х.
- Ням-Осор Н. Эзэн Чингисийн “Их засаг” хуулийн тайлбар.- УБ., 2001.- 149х.
- Өлзийтогтох Ц. Гажуудлаас зөвтгөлд хөтлөхүй.- УБ., 2015.- 189х.
- Өлзийтогтох Ц. Дархлаа ба вакцин судлалын үндсэн ойлголтууд.- УБ., 2021.- 188х.
- Өлзийтогтох Ц. Өөрт халтай ч.- УБ., 2018.- 340x.
- Тумбаа Х. Ардын мал эмнэлгийн уламжлалт ухаан.- УБ., 1990.- 10x.
- Animal health law // New Zealand.
- Бүгд найрамдах монгол ард улсын малын эмнэлгийн дүрэм: / Хөрв. Ц.Өлзийтогтох // ММЭ сэтгүүл.- 2015.- № 4/117.
- Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль // www.legalinfo.mn
- Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль: 2001 оны 06 дугаар сарын 07: шинэчлэн найруулсан // ММЭ сэтгүүл. 2001.- № 3 (38)
- https://www.oie.int/en/home/ : Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллага