ОРОСЫН МОНГОЛЧ МАЛЫН ЭМЧ

ОРОСЫН МОНГОЛЧ МАЛЫН ЭМЧ

О. Уламбаяр

Бие сэтгэл, мэдлэг чадвар, авьяас билэг, эрч хүч, хөдөлмөр зүтгэлээ Монгол улсын, монголчуудын, Монголын мал сүргийн амар амгалан, эрүүл мэндийн төлөө харамгүй зориулсан эрхэм хүн бол Оросын монголч малын эмч Андрей Александрович Дудукалов гуай билээ.

А. А. Дудукалов 1868 оны 7-р сарын 26-нд Воронеж мужийн Цейделевка тосгонд худалдаачны гэр бүлд төрсөн, орос хүн. 1893 онд Юрьевийн мал эмнэлгийн дээд сургууль төгссөн, малын их эмч. Тэрээр 1893 – 1895 онд Кубаньд малын эмчээр ажиллаж, мялзангийн тахлыг дарах ажилд оролцсон, 1895 – 1896 онд Дотоод хэргийн яамны томилолтоор Санкт-Петербургийн мал тушаах газар малын эмчээр ажилласан. Энэ үедээ Эзэн хааны Сорилын анагаах ухааны хүрээлэнгийн Химийн лабораторид шинжээч, Ордоны мал эмнэлгийн академид адууны эмчээр ажиллаж, мэдлэг, чадвараа ахиулжээ. 1897 1898 онд Урал мужид, 1898 оны 10-р сараас Гүржийн Тифлис хотод малын эмчээр ажиллав.

1899 онд Сорилын анагаах ухааны хүрээлэнгийн үүсгэн байгуулагч, ивээн тэтгэгч, жонон А.П.Ольденбургскийн томилолтоор Читийн мялзангийн станцын эрхлэгчийн туслахаар, мөн Өвөр Байгалийн Хасаг цэргийн 1-р хэлтэст малын эмчээр хавсран ажиллажээ.

1901 – 1903 онд Читийн (Өвөр Байгалийн) мялзангийн станцын эрхлэгчээр ажиллав. Хиагтын малын худалдаачдын урилгаар 1903 оны 7-р сарын 17-ноос Монголд ажиллаж, 1903 оны 9-р сард Ерөө голын Корнаковка сууринд Монголын анхны мялзангийн станцыг байгуулж, 1905 оны 12-р сарын дундуур хүртэл эрхлэгчээр нь ажиллав.

Орос – Японы дайны үед цэргийн албанд дайчлагдаж, 1904-1905 онд Манжуурын армийн ар талын ерөнхий малын эмчээр, 1905 онд Монголын мялзангийн станцад ажиллаж, мал сүрэгт мялзангийн тарилга хийх ажлыг удирдав. 1906 – 1907 онд Европын орнуудын морин цэрэг, цэргийн мал эмнэлгийн албаны туршлагыг судлав. 1907 оноос Читийн мялзангийн станцын эрхлэгчээр, мөн Рельджийн мал эмнэлгийн салбарын эмчээр хавсран ажиллав.

1910 оны 9-р сард Өвөр Байгаль мужийн мал эмнэлгийн ерөнхий байцаагчаар томилогдож, Читийн мялзангийн станцын эрхлэгчээр хавсран ажиллаж, 1911 оноос өөрийн мужаас гадна Умард Хятад, Монголын мал сүргийн эрүүл мэндийг хянах үүрэг авчээ. 1913 – 1914 онд Өвөр Байгальд болон Монголд мал эмнэлгийн алба зохион байгуулахад зориулсан судлагааны ажил хийжээ.

Их Хүрээн дэх Оросын консулууд, Хиагтын малын худалдаачдын олон удаагийн хүсэлтээр Орос улсын Засгийн газар Монголд мялзангийн экспедиц ажиллуулав. Читийн мялзангийн станцын удирдлагаар 1910 – 1915 онд Монголд ажилласан 6 жилийн 4 – 10 экспедицийн үйл ажиллагааг А.А.Дудукалов удирдав. Энэ 6 жилд нийт 356519 мал, мөн хилийн хөл хорионы салбарууд дээр 100000 малд мялзангаас сэргийлэх тарилга хийснээр Монгол орон, Орос улсын Эрхүү, Өвөр Байгаль муж үхрийн мялзангаас үндсэндээ эрүүлжиж, монгол малчид мал сүрэгтээ мал эмнэлгийн мэргэжлийн үйлчилгээ хийлгэж, түүний үр шимийг хүртэж, мал, бүтээгдэхүүн, түүхий эдийн худалдаа өргөжив. Монгол улсын Богд хаан энэхүү экспедицийн үйл ажиллагааг өндөр үнэлж, түүний удирдагч Дудукаловыг “Эрдэнийн очир” одон, гүнгийн зэргээр шагнажээ.

Дэлхийн 1-р дайны жилүүдэд Орос улсын Засгийн газраас “Армийн хэрэгцээнд мал бэлтгэх Монголын экспедиц” байгуулж ажиллуулав. Дудукалов энэ экспедицийн орлогч даргаар 1915 – 1916 онд, даргаар 1917 – 1918 онд ажиллав. “Мах нийлүүлж баяжихыг хүсэгчид мэдээж олон байлаа, гэхдээ Дудукаловыг хэн ч “тойрон гарч” чадаагүй юм, тэр эх оронч хүн байв” гэж хамтран зүтгэгчид нь үнэлжээ. Энэ экспедицийн конторуудад малын эмч нар ажиллаж бэлтгэсэн малд мялзан, цээж, цэцэг  зэрэг өвчнөөс сэргийлэх тарилга хийхийн зэрэгцээ монгол малчдын малыг ч тарьж, эмчилж байв.

Тэрээр Хоёрдугаар сарын хувьсгалын дараахан, 1917 оны 3-р сарын 5-нд Өвөр Байгаль мужийн өөрөө удирдах төлөөллийн байгууллага (парламент) болох Олон нийтийн аюулгүй байдлын хорооны даргаар сонгогдов. Олон нам, олон нийтийн байгууллагуудын төлөөлөл болсон 40 гишүүнтэй энэ байгууллагын тэргүүнээр нам бус боловч мужийн ерөнхий малын эмчийн хувиар нэр хүндтэй, нөлөөтэй, шударга, авлигаас ангид хүн гэж түүнийг сонгожээ. Мөн оны 4-р сарын 17-нд түүнийг Өвөр Байгаль мужийн комиссараар (Амбан захирагч) томилов. Энэ хоёр албан тушаалаас 5-р сарын 24-нд болсон сонгуулиар чөлөөлөгдөв. Дараа нь мужийн Земийн удирдах газрын орлогч даргаар ажиллаж байгаад Сибирьт Зөвлөлт засаг тогтоход 1918 оны 2-р сард Монголын экспедицийн даргаар дахин томилогдож, 9-р сараас, Зөвлөлт засаг унасны дараа Мал эмнэлгийн хэлтсийн даргаар ажиллав. Атаман Г.Семеновтой үзэл таараагүй тул ажлаасаа гарч, Владивостокт Бүх Оросын эд хэрэглэгчдийн нийгэмлэгүүдийн Төв Холбооны махны хэлтсийн даргаар ажиллав.

А.А.Дудукалов 1919 – 1923 онд Хятадын Тяньжин хотод амьдарч, хувийн мал эмнэлэг байгуулж эрхлэв. Энд орос хүүхдүүдэд зориулсан худалдааны сургууль байгуулж, түүний удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан.

1923 – 1931 онд Монгол Улсын Засгийн газрын урилгаар тус улсын мал эмнэлгийн албанд ажиллав. Тэрээр Тяньжин хотоос ирсэн даруйдаа Буриадын худалдаачин Цогт Бадамжавын байшинд амьдарч байжээ. Төр, нийгэм, худалдааны нэрт зүтгэлтэн энэ хүн Дудукаловыг Монголд урих, ирэх, ажиллахад нь нөлөөлсөн, Монголын Засгийн газарт чухал алба хаахад нь хамтарч, туслаж байсан нь мэдээж. Тэр үед Монголд ажиллаж байсан нэрт шувуу судлаач, аялагч Е.В.Козлова (1915 – 1917 онд “Монголын экспедиц” – ийн даргаар ажилласан нэрт аялагч, хурандаа П.К.Козловын гэргий, тэр үед А.А.Дудукалов тус экспедицийн мал эмнэлгийн асуудал эрхэлсэн орлогч даргаар нь ажиллаж байсан) өдрийн тэмдэглэлдээ (1923): “Аравдугаар сарын 5. Энэ бүх өдрүүдэд бид Андрей Александрович Дудукаловтой хамт байв. Уулзах сайхан байлаа, их ч ярилцлаа. Түүнд номоо бэлэглэв. Цагтаа их юм үзсэн хүн дээ. Сэтгэл татам, ухаантай, ажил хэрэгч, байнга сэтгэл нь оргилж явдаг хүн. Толгойгоо ажиллуулж, шинэ санааг ар араас нь хөврүүлнэ, цаг ямагт бүтээж яваа хүн, түүний ойр тойрныхон бүгдээрээ өөдрөг, хөгжилтэй амьдарч байна. Тяньжин рүү явсан” гэж бичжээ.

А.А.Дудукалов 1923 оны 7-р сарын 27-нд Засгийн газрын хуралдаанаар Дотоод хэргийн яамны Мал эмнэлгийн хэрэг эрхлэх газрын даргаар томилогдов. Энэ оноос Хэрэг эрхлэх газар, Сонгины Мялзангийн станц, Нийслэл хүрээний мал эмнэлгийн хороог, 1924 оноос Сан бэйсийн хүрээ, Алтанбулаг, Заяын хүрээ, Хатгалын бүсийн мал эмнэлгийн хороог байгуулах, мал эмнэлгийн салбарын дүрэм, журмуудыг боловсруулж, батлуулж, хэрэгжүүлэх, Орос, Хятад улсаас малын их, бага эмч нарыг урьж ажиллуулах, төвийн болон бүсийн мал эмнэлгийн байгууллагуудын барилга, мэргэжилтний орон сууц барих, лаборатори, тасаг, эмийн сан, агуулахыг багаж, тоног төхөөрөмж, эм, урвалжаар хангах ажил хийжээ. Мал эмнэлгийн алба нь хилээр гаргах мал, бүтээгдэхүүнд үзлэг хийж гэрчилгээ олгох, мялзангийн ийлдэс, цэцгийн тариа, галзуугийн тариа үйлдвэрлэх, тарих, мал эмчлэх үйлчилгээгээ борлуулж, орлогоороо зардлаа нөхөж ажиллажээ. 1925 – 1929 онд Ховд, Улиастай, Цэцэн ханы хүрээ, Вангийн хүрээ, Засагт ханы хүрээнд бүсийн мал эмнэлгийн хороо байгуулж, малын их, бага эмч нарыг томилов.

1924 онд Сонгины буланд Мал эмнэлгийн сургууль байгуулж, Дудукалов Удирдах зөвлөлийн даргаар нь ажиллав. Сургуулийн хичээлийн байр, багш, сурагчдын орон сууц барих, багш урих, сургалтын хөтөлбөр зохиох, ном, сурах бичиг, үзүүлэн, лабораторийн багаж, тоног төхөөрөмж захиалж олж авах зэрэг бүхий л ажлыг богино хугацаанд амжуулжээ. 1928 онд тус сургуулийг төгссөн 12 малын бага эмчийн мэргэжлийн үнэмлэх дээр тэр гарын үсэг зуржээ.

1926 оны 11-р сард Монгол, Зөвлөлт Орос Улс, Сибирь, Алс Дорнод, Буриад Монгол улсын мал эмнэлгийн зөвлөгөөнийг бэлтгэж, зохион байгуулж, хилийн мал эмнэлгийн хяналтыг сайжруулах, мялзан, цээж, шүлхий, боом, ям зэрэг халдварт өвчний тахлыг дарах, дэгдэлтээс сэргийлэх, мал эмнэлгийн албаны боловсон хүчний хангамжийг сайжруулах зэрэг чухал шийдвэрүүдийн үндэслэл, саналыг боловсруулав. 

1926 оны намар Цэцэн ханы хүрээний хавьд дэгдсэн тарваган тахлыг дарах Засгийн газрын экспедицийг удирдаж, Сонгины мялзангийн станцад хүний тарваган тахлыг бактериологийн аргаар анх оношложээ. 

1928 оны сүүлээр Мал эмнэлгийн хэрэг эрхлэх газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөв. Нам засгийн удирдлага дахь баруунтаныг илрүүлэн бут цохисон, феодалуудын хөрөнгийг хураах, сүм хийдийн үйл ажиллагааг хязгаарлан зогсоох, гадаадын капиталыг шахан зайлуулах МАХН-ын 7-р их хурлын шийдвэр үүнд нөлөөлсөн байх. Тэрээр 1928 оны сүүлчээс 1931 оны эх хүртэл Мал эмнэлгийн хэрэг эрхлэх газартаа ажиллаж, 1930 оны 5-р сард байгуулсан Монгол – Орос улсын малын халдварт өвчинтэй тэмцэх талаар хамтран ажиллах гэрээ, хоёр улсын хилд мал эмнэлгийн хяналт тавих тухай протокол, 1931 оны 1-р сард Засгийн газрын, 3-р сард Улсын бага хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор батласан БНМАУ-ын мал эмнэлгийн дүрэмийг боловсруулжээ.

1904 онд “Байкал” сэтгүүлд анхны өгүүллээ нийтлүүлснээс хойш Монголын мал сүргийн эрүүл мэнд, мэргэжлийн мал эмнэлгийн байгууллагуудын үүсэл, хөгжил, үйл ажиллагааны сэдвээр хэд хэдэн чухал өгүүлэл нийтлүүлжээ.

А.А.Дудукаловыг Орос улсын Эзэн хаан Ариун Станиславын 3-р одон, Ариун Аннагийн 3-р одонгоор шагнажээ.

АНУ-д эхнэр Надежда Яковлевна, охин Алла, Галина нарын хамт очсон, Сан-Франциско, Беркли хотод байсан, мал аж ахуйн хөгжилтэй танилцсан, тэндээс эх орондоо ирсэн гэх бөгөөд 1931 оноос Москвагийн сорилын мал эмнэлгийн хүрээлэнд Нян судлалын лабораториийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1932 оны 7-р сарын 20-нд баривчлагдсан. “Малын эмч нарын хэрэг” гэгчид холбогдуулан Чита хотод хүргэж, 1933 оны 4-р сарын 21-нд 65 настайд нь “Коллегия ОГПУ” – аас буудан алах ял оноож, 10 жил хорих ялаар сольсон, 1937 оны үед шоронд нас баржээ.

Түүнийг 1957 онд цагаатгажээ. Ийнхүү гуч гаруй жил Монгол нутагт монголчуудтай ойр дотно амьдарч, ажиллаж, Монгол оронд мэргэжлийн мал эмнэлгийн алба үүсгэн хөгжүүлэхэд бүхнээ зориулсан энэ хүнийг бид судлах, дурсах, хүндэтгэх ёстой болой.

2023.09.01

Оргил хотхон