ВАКЦИНЫ МӨНГӨГҮЙ БОЛ “МАЛЫН ЭМЧ” ТУРЖ ҮХНЭ

 

ВАКЦИНЫ МӨНГӨГҮЙ БОЛ “МАЛЫН ЭМЧ” ТУРЖ ҮХНЭ

О. Уламбаяр

Засгийн газрын худалч, хулгайч агентлагийн ерөнхий мунхагийн албан тушаалд шунаж буй “малын эмч” нарын эрхэм зорилго хийгээд алсын харааг илэрхийлж гарчиглав.

Амьтны эмч мэргэжлийн гарааны чадвараар шалган үнэлбэл эдүгээ Монгол Улсад малын эмч алга, малын эмчийн мэргэжил барьцаалагч байна. Амьтны амар амгаланг хамгаалдаг, хэрэглэгч, үйлдвэрлэгч нарт тусладаг амьтны эрүүл мэндийн алба алга, малын өвчин барьцаалж, вакцинаар халхалж төсөв тонодог худалч, хулгайч тогтолцоо байна.

Шүлхий мандтугай! гэх уриатай худалч, хулгайч нарын асрамжийн сүлжээг санхүүжүүлдэг бүх эх үүсвэрийг олон нийт харж, дургүйцэж, шүүмжилж, зогсоохыг хорин хоёр дахь жилдээ шаардаж байна. Жишээлбэл:   

Бруцеллёзын мөнгө

Айл бүрийн бүх тугал, хурга, ишигний тоог арав, хорин жил дараалан “вакцинжуулахыг” мунхаглал гэхэд хэтэрхий зөөлдөнө. Энэ бол ялын дээд хэмжээ оноох гэмт хэрэг. Брюсын нянг барьцаалж, тугал, хурга, ишигний тоогоор төсвөөс хулгайлдаг мөнгийг бруцеллёзын мөнгө гэдэг. Монгол Улсын нүүдлийн мал аж ахуйд бруцеллёзын вакцины хэрэгцээ тун өчүүхэн. Монгол үхэр, монгол хонь, монгол ямаатай нэг ч айлд сүрэгтээ бруцеллёзын вакцин тариулах хэрэгцээ байхгүй. Тонуулчид хурга, ишиг, тугал тарьдаггүй, тоо тарьдаг. Мал тарих нь домнох төдий. Эр тугал, хурга, ишигний тоог тарихаа болье, вакцин хэрэгтэй айлыг олъё, охин хурга, ишиг, бярууг нь тарья, вакцины үнэ, вакцин тарих зардлыг малын эзэн нь төлье гэхээр “малын эмч” турж үхнэ гэдэг.

Дуут хавдрын мөнгө

Нэгэн зүйл хөрсний нянг барьцаалж, айл бүрийн үхрийн тоогоор төсвөөс хулгайлдаг мөнгийг дуут хавдрын мөнгө гэдэг. Үхрийн дуут хавдар сугачаа өвчин, нян үхрээс үхэрт халдахгүй, үхрээс хүнд халдахгүй тул вакцины хэрэгцээ байхгүй. Үхрийн тоо тарихаа болье, вакцин хэрэгтэй ганц хоёр айлын үхрийг тарья, үхрийн эзэн вакцины үнэ, тарианы хөлсийг төлье гэхээр “малын эмч” турж үхнэ гэдэг.

Цусан халдварын мөнгө

Цусан халдварын нян хүн, амьтны залгиур хоолойн байнгын оршин суугч. Ган, зуд болох, олон хоног үргэлжилсэн халуун, бороон шамарга, хүйтэн мөндөр, цочир хүйтрэл, хот хөлдөх, олон хоног үргэжилсэн хүйтэн, өлсгөлөн, цангаа, хаврын хавсарга зэрэг орчны таагүй нөлөөгөөр дархлаа нь суларсан амьтанд энэ нян зангаа хувиргаж, өвчлүүлж, үхүүлдэг. Нөхцөл бүрдэхэд цөөхөн айлын сүрэгт цөөн амьтан өвчилж үхдэг. Нян амьтнаас амьтанд халдахгүй, амьтнаас хүнд халдахгүй. Бараг сум бүрт цусан халдвар өвчнийг барьцаалж, жил бүр олон сая малын тоог тарьж, төсвөөс олон зуун саяар нь хулгайлдаг. Цусан халдварын вакцины хэрэгцээ бага, вакциныг онож хэрэглэхэд төвөгтэй. Гол төлөв малын тоо тарьдаг, малыг онож вакцинжуулж чаддагүй тул вакцин тарьсан, тариагүй саахалт айлын хийгээд хөрш баг, сумын сүргийн өвчлөлд ялгаа байдаггүй. Ганц хоёр айлын сүрэгт ганц хоёр амьтан өвчлөөд, үхээд өнгөрсөн хойно олон айлын сүргийг вакцинаар домнодог. Вакцин хэрэгтэй айлаа, малаа ольё, онож тарья, вакцины үнэ, тарианы хөлсийг амьтны эзэн нь төлье гэхээр “малын эмч” турж үхнэ гэдэг.

Иж балнадын мөнгө

Иж балнадын үүсгэгч нян амьтны гэдэсний хэвийн оршин суугч. Хоол, ундны чанар, дэг алдвал амьтан өвчилдөг. Нян амьтнаас амьтанд, хүнд халдахгүй, вакцины хэрэгцээ бага, вакциныг онож хэрэглэж чаддагүй өвчний нэг. Иж балнадыг барьцаалж, олон сая малын тоог тарихаа болье, вакцин хэрэгтэй айлаа, малаа олъё, цагийг нь олж, онож хэрэглэе, вакцины үнэ, тарианы хөлсийг амьтны эзэн нь төлье гэхээр “малын эмч” турж үхнэ гэдэг.

Галзуугийн мөнгө

Амьтны галзуу өвчний вирүс нь нохой, муур, чоно, үнэг, хярс, дорго, мануул, сарьсан багваахай зэрэг махан идэшт амьтны шүлснээс хүн хийгээд өвсөн идэшт амьтны арьсны хазуулсан, уруулсан шархаар халддаг. Нохой, муур болон зэрлэг амьтдыг дархлаажуулж, хүн, малыг вирүсийн халдвараас хамгаалдаг. Галзуу аюултай өвчин боловч мал сүргийг вакцинаар хамгаалж чаддаггүй. Галзууг барьцаалж, жил бүр олон сая малын тоог вакцинжуулж хэдэн зуун сая төгрөгийг шамшигдуулдаг. Ганц нохой, ганц чоно хэдэн амьтанд ам хүрсний дараа галзуу чоно, нохойны шүдэнд өртөөгүй олон мянган малыг вакцинаар домнодог. Ийм үргүй ажил хийгээд хэрэггүй гэвэл “малын эмч” турж үхнэ гэдэг.  

Сахуугийн мөнгө

Сахуугийн нянг үржүүлээд шүүчихсэн шөлийг “сахуугийн антивирус” гэдэг, вакцин биш, аль эрт музейд тавьчихсан бэлдмэл. Үүгээр халхлан сахууг барьцаалж, айл бүрийн гүүний тоогоор төсвөөс “авдаг” мөнгийг сахуугийн мөнгө гэнэ. Улсын хэмжээнд сахуугийн “вакцины” үнэ, тарианы хөлс гэх нэрээр нэг жилд төсвөөс хулгайд алддаг мөнгийг малчдын оношилгоо, эмчилгээнд зориулбал арван хүний бөөр шилжүүлэн суулгах ажилбарыг эх орондоо хийх, эсвэл хоёр аппараттай хиймэл бөөрний тасаг байгуулж, бүтэн жил ажиллуулах зардал юм.

Намар бүх унага сахуурдаг, дийлэнхи олонхи нь хөнгөн сахуурч, байгалийн дархлаатай болдог. Ганц нэг унага хүнд сахуурна. Унагандаа сахуураагүй ганц хоёр адуу өсвөр насандаа жилбэн, тэвшин хаван байдлаар хүнд өвчилсөнийг антибиотикоор эмчилдэг. Олонхи айл ногоон адуун сүрэгтэй, үүнийг сахуугийн “вакцины” хэрэглээ гутааж байна. Сахуугийн бэлдмэлийн үнэ, тарианы хөлсийг 2019 оноос адууны эзэн төлдөг болов, “малын эмч” турж үхээгүй байна.

Сохор доголын мөнгө

Ямааны дэлэнгийн эмгэг – сохор догол өвчнийг барьцаалж ямааны тоогоор төсвөөс “авдаг” мөнгийг сохор доголын мөнгө гэдэг. Энэхүү саалийн эмгэгийн илрэл ямааг хувьчилсанаас хойш багасаж, эдүгээ ховор өвчин болжээ. Сохор доголын үүсгэгчийг заваан саальчин, гувшаа хурга, ишиг тараадаг учир ямаа, хонь нь өвчилсөн айл ихэд нэрлэхэж, нууцалдаг байсан. Вакцины хэрэгцээ бага, вакцин нь хамгаалах чадал багатайн дээр айл, малаа олж, онож хэрэглэж чаддагүй байв. Сохор доголын вакцины үнэ, тарианы хөлсийг 2019 оноос ямааны эзэн төлдөг болов, “малын эмч” турж үхээгүй байна.

Шөвөг ярын мөнгө

Шөвөг ярын вирүс ишиг бүрт халддаг, бүх ямаа ишиг байхдаа вирүсийн халдлагад өртөж, байгалийн дархлаатай болдог. Вакцины хамгаалах чадал бага, дээр нь онож хэрэглэж чаддагүй тул ямаагаа байгалийн сүргийн дархлаатай болоход нь саад хийхгүй байх нь дээр гэдэг. Энэ вирүсийг барьцаалж, эм ямааны тоогоор төсвөөс “авдаг” мөнгийг шөвөг ярын мөнгө гэдэг. 2019 оноос шөвөг ярын вакцины үнэ, тарианы хөлсийг ямааны эзэн төлдөг болов, “малын эмч” турж үхээгүй байна.

Сахуугийн бэлдмэл, сохор догол, шөвөг ярын вакцины үнийг, тарианы хөлсийг малын эзэн төлдөг болсоноор хэрэглэдэг айлын тоо, тарьдаг малын тоо цөөрч, хүрдэггүй байсан айлд хүрдэг болжээ. Оронд нь улсын төсвөөс “даадаг” вакцины хэмжээ, тарьдаг малын тоо нэмэгджээ, “малын эмч” турж үхээгүйн учир энэ байх. 

Шүлхийн, цэцэгийн, мялзангийн, арьс товруутахуйн мөнгөгүй бол, ногооны хорын, боомын мөнгөгүй бол, хачигны, гуурын, “туулганы”, “ариутгалын”, “угаалгын” мөнгөгүй бол, сэг зэмийн мөнгөгүй бол “малын эмч” турж үхчих гээд байгааг тусад нь бичсэн болой.

Вакцинаар халхалсан хулгайн бузарт сүрэг нь өртөөгүй нэг ч айл Монгол Улсад алга. Энэ хулгайн бузрыг арилгаж, мал сүргийнхээ нэр хүндийг сэргээхэд, вакцины зөв, буруу хэрэглээг зогсоосноос хойш наад зах нь дөрвөн жил хэрэгтэй. Монгол Улсын нэр хүндэд малын вакцинаар халхалсан хулгайн нөлөө, хар мөр нь нүүрсний хулгайн нөлөөнөөс дор хаяж мянга дахин их гайтай болой.

2023.02.10