Мал эмнэлгийн салбар, хүнсний аюулгүй байдлын талаар Монгол Улсын гавьяат малын эмч Ц.Өлзийтогтохтой ярилцлаа.

Мал эмнэлгийн салбар, хүнсний аюулгүй байдлын талаар Монгол Улсын малын гавьяат эмч Ц.Өлзийтогтохтой ярилцлаа.

-Монгол Улсын Ерөнхийлөгч “Хүнсний хангамж, аюулгүй байдал” хөдөлгөөнийг санаачлаад, эрх зүйн хүрээнд УИХ-ын тогтоолыг батлууллаа. Гол зүйл нь хүнсний эрүүл, аюулгүй байдал. Тэгвэл манай улсад малын эрүүл мэнд, махны эрүүл ахуйн аюулгүй байдал ямар түвшинд байна вэ?

-Хожуу ч гэсэн хүнсний аюулгүй байдлын талаар ярьж эхэлж байгаа нь сайн хэрэг. Ерөнхийлөгчийн санаачилж байгаа хөтөлбөрийн гол агуулга нь нэгдүгээрт, аюулгүй байдал, хоёрдугаарт, хүрэлцээ хангамжийг хөндөж байна. Ингэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч мал эмнэлгийн байгууллагуудаас ажлаа эхлүүлж, өөрийн биеэр ажиллаж байгаа нь маш зөв.

Мах эрүүл үү гэдгийг ярихаас өмнө мал эмнэлгийн салбарын тухай ярих хэрэгтэй болно. Манай улсад шинжлэх ухааны мал эмнэлэг 1923 онд байгуулагдсан. Гэтэл Монгол Улс одоог хүртэл мал, амьтны гаралтай хүнсний аюулгүй байдлыг хангадаг салбар нь аль нь вэ гэдгээ мэдэхгүй, зөв тодорхойлж чадалгүй явсаар ирсэн. Монгол Улс 1923-1993 он хүртэл мал эмнэлэгтэй холбоотой харилцааг дүрмээр зохицуулж ирсэн байдаг. Дараа нь1993-2018 оны хооронд Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийг мөрдөж ирсэн. Тус хуулийг 2018 онд хүчингүй болгож, Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийг хэрэгжүүлж эхэлсэн. 2018 он хүртэл хэрэгжүүлж ирсэн Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн зорилго нь малын удмын сан, эрүүл мэндтэй холбоотой харилцааг зохицуулна гэж байсан. Эндээс үзэхэд мал эмнэлгийн салбарын хүнсний аюулгүй байдлыг хариуцах үүрэг нь холбогдох дүрэм, хуулиудад тусгагдаагүй буюу энэ талын харилцаа нь зохицуулалтгүй явж ирсэн гэсэн үг. Тэгэхээр Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” хөдөлгөөнд мал эмнэлгийг оролцуулж, оруулж ирж байгаа нь маш чухал юм. Учир нь, монголчуудын хүнсний махны аюулгүй байдлыг хариуцдаг салбар нь мал эмнэлэг. Харамсалтай нь, энэ салбар үүргээ биелүүлж чадахгүй болчихсон байна. Мал эмнэлгийн байгууллага үүргээ гүйцэтгэж мал эрүүл гэдэг баталгааг гаргаж чадахгүй байгаа учраас бид гадаадад махаа экспортолж чадахгүй байгаа юм байна гэдгийг Ерөнхийлөгч, төр засаг ойлгосон бол би маш их баярлаж, талархалтай хүлээж авахаар байна.

Худалдааны чөлөөт байдал гэж ярьдаг ч үүнийг зөвхөн гадаад руу экспортлохтой л холбож яриад байна. Гэтэл дотооддоо ч монгол хүн эрүүл мах, сүү хэрэглэх ёстой. Энэ талаар өнөөдөр хөндөж байгаа хүн алга. Үүний нэг л жишээ нь саяхан Эмээлтэд гарсан асуудал шүү дээ. Экспортын бус орон нутаг, өдөр тутам суурин газар борлуулж байгаа махны аюулгүй байдал ямар байгаа вэ гэдэг талаар өнөөдөр ч дуугарахгүй байна шүү дээ. Тэгэхээр энэ асуудал одоо ч орхигдсон зохицуулалтгүй явж байна. Тиймээс л мал эмнэлгийн байгууллагын үүргийг тодорхой болгох шаардлагыг судлаач хүний хувьд олон жил тавьж ирсэн.

-Эмээлтэд үүссэн нөхцөл байдлаас болж монголчууд хортой мах идэж байна гэсэн айдастай байна. Цаашид энэ асуудлыг яах вэ. Эрүүл ахуйн шаардлагыг хангуулахын тулд яах ёстой юм бол?

-Өмнө нь гадаадын улс орнуудын зах зээл дээр махнаас хортой бодис, антибиотикийн үлдэгдэл илэрсэн учир зах зээлээс буцаан татлаа гэдэг асуудал цөөнгүй гардаг байсныг санаж байгаа байх. Энэ нь маханд энэ мэт бодисууд агуулагддаг гэдгийг харуулж байна. Харин Монгол Улс энэ талаар огт шинжилж, хөндөж байгаагүй. Харин хил гаалийн асуудалтай холбоотойгоор Эмээлтэд махаа муутгахгүй байхын тулд формалин гэдэг бодис нэмснээс энэ “далд” зүйл ил гарч байх шиг байна. Та бүхэн сонсож байсан байх. Хоёр жилийн өмнө Баян-Өлгий аймгаас үхсэн малын мах оруулж ирсэн, мөн өнгөрсөн оны сүүлээр гаднаас хортой бодисын үлдэгдэлтэй тахианы мах орж ирлээ гэж шуугиж байгаад л чимээгүй болсон. Гэтэл иймэрхүү асуудал илрэхээр мэргэжлийн хяналтын байгууллага, хууль хяналтынхан нийлээд дарчихдаг. Мал эмнэлгийн байгууллагууд нь илэрч л байдаг гэсэн байдлаар ханддаг.

Тэгэхээр өнөөдөр малын эмийн хэрэглээ замбараагүй байна. Малд хэзээ, ямар эм, тариа хийх нь малчны дур зоргын асуудал болчихсон. Тэр нь малаас гаралтай мах сүүгээр дамжаад хүнсний хэрэглээнд нийлүүлж, түүнийг идсэн хүн хордоно гэдгийг хэн ч бодолгүй өнөөдрийг хүрчихлээ. Тиймээс хүнсний аюулгүй байдал, хангамжийн асуудлыг баримт нотолгоотой гаргаж тавьж, үүнийгээ олон нийтэд ил болгох л хэрэгтэй. Тухайлбал, Эмээлтийн хортой махыг олон нийтийн нүдний өмнө устгаж үзүүлэх ёстой. Ингээд махны асуудалд мэргэжлийн байгууллага нь төр засагтайгаа нийлж зөв тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй.

-Манай улсад мэргэжлийн байгууллага дутаагүй байх гэж бодож байна. Хөдөө аж ахуй хариуцсан яам нь байна. Мал эмнэлгийн ерөнхий газартай болчихсон. Гэтэл хүнсний эрүүл аюулгүй байдал хангагдахгүй байгааг та юу гэж харж байна вэ?

-Миний хувьд төр засаг, мэргэжлийн хяналт, мал эмнэлгийн ерөнхий газар, мал эмнэлгийн байгууллагуудын гаргаж байгаа шийдвэр дүрэм, журамд нэлээд алдаа байна гэж хардаг. УИХ, Засгийн газар, салбар яамнаас хууль, журам, дүрэм, зааврыг ингэж боловсруулна гэдэг стандарт загварчлал л ярьдаг болохоос тулгарч буй асуудал бүрийг шийдэх шийдэл ярьдаггүй. Өмнөх дүрэм, журмаа хуулж, үг, үсгийг нь өөрчилж, апдэйт  хийж гаргадаг аргачлалаар явж ирсэн. Судлаж үзэхэд салбарын шинжлэх ухаанаа төрийн захиргааны шинжлэх ухаантай огт холбохгүй явж ирсэн алдаа ажиглагдаж байна. Ганц манай салбарт ч бус бусад салбарт ч анзаарагддаг юм.

Өнөөдөр хуулиа өөрчилье. Засгийн газар тогтоол гаргая. Малд хашаа саравч барьж өгье. Мөн гэрийн нохой, муурны хууль гаргая гэх мэт асуудлыг л ярьж байна. Нохой муурыг яах гээд байгаа юм. Эрхлүүлэх гээд байгаа юм уу. Зодож болохгүй, хээр тэнүүлж болохгүй гээд байгаа юм уу гэх мэтийн учрыг нь ойлгохгүй л байгаа. Тэгэхээр салбарын шинжлэх ухаанаа төрөөс гаргаж байгаа шийдвэртэйгээ уяж өгөх хэрэгтэй. Монголын төр засгийн гаргаж байгаа хууль, тогтоол шийдвэрүүд нь шинжлэх ухаанд, зөв мэдээлэлд үндэслэж гарч байна уу, лобби хулгай луйварчдын бүлгийн мэдээлэлд үндэслэж гарч байна уу гэдгийг анзаарах ёстой. Авлига, хээл хахуулийн асуудал малын вакцинжуулалт, эмийн худалдааны эргэн тойронд их бий.  Тиймээс үүнийг цаашид засаж залруулах нь Монгол Улсын эдийн засаг, махны экспорт, малчдын орлого, мал эмнэлгийн байгууллагын үйл ажиллагаанд  туйлын чухал.

-"Хүнсний хангамж, аюулгүй байдал"-ын тухай тогтоолд ойрын таван жилд малаа эрүүлжүүлэхийн тулд 150 орчим тэрбум төгрөг зарцуулахаар ярьж байна. Энэ боломжтой юу?

-Битгий хортой вакциныг хэрэггүй байхад нь малд авч ирж тариад байгаа ч, вакцин тарьчихаад долоо хоног бололгүй махыг нь битгий борлуулаач ээ гэж би олонтаа ярьж бичсээр ирсэн.  Зүгээр хөдөө бэлчиж явсан малыг ямар зорилготой нь бүү мэд улс орон даяар наймдугаар сард компаничилж ирээд угаалгад оруулчихдаг байж болохгүй. Саяхан ХХААХҮ-ийн сайд байсан этгээд  “Мал угаахаар махны гарц сайжирч, амьдын жин 30-40 хувиар нэмэгдэж байна” гэж ярьж байсан нь сошиалаас хайвал байж л байгаа. Яахаараа креолины уусмалд малыг шумбуулчихаар 100 кг-ын жинтэй байсан мал 130 кг болж нэмэгдэнэ гэж. Ийм тохиолдол дэлхийн шинжлэх ухаанд байхгүй. Ийм хууран мэхлэлт хийж, эм шахдаг, борлуулдаг, зориулалтын бус, мэргэжлийн бус, шинжлэх ухааны бус үйл ажиллагаа явуулдаг энэ тогтолцоог мал аж ахуйн салбараас халах юм бол хүнсний аюулгүй байдал хангагдахад дөхөм болох  гээд байна. Энэ тогтолцоо байгаа цагт дотоодын худалдаанд мах, сүү үнэд хүрэхгүй, хүн айгаад авч хэрэглэж чадахгүй шүү дээ. Одоо бүр гадаад зах зээл рүү харалтгүй болсон. Дулааны аргаар боловсруулна гэдэг чинь чанасан махыг бичил биетний бохирдлоос хамгаалаад гялгар уутанд савлаад гаргаж буй л хэрэг шүү дээ.  Өөрөөр хэлбэл, танай маханд ямар нэгэн хэмжээ, хэлбэртэй аюул байж магадгүй. Түүнийг нь чанаад тодорхой хэмжээнд бууруулаад, алга болгоод гялгар уутанд хийгээд гадаадад гаргаж борлуулая гэх агуулга л юм.

-Мал эрүүлжүүлэх 150 тэрбумд Биокомбинатын үйлдвэрийг сайжруулах зэрэг асуудлыг тусгах боломж байгаа юм болов уу. Дотооддоо малын эм, тариагаа үйлдвэрлэлэг болж байж малын эрүүл мэндийг хангах байх гэж хараад байна?

-Улстөрчдийн ярьж байгаа зүйл нь гоё сонсогдож байж магадгүй ч хүсэл сонирхол нь өөр байгаа нь ажиглагддаг.  Гэхдээ манай мэргэжлийн салбарынханы яриаг сонсоход  Төрийн тэргүүн, Ерөнхий сайдаа "хошгоруулна" гэдэг шиг зүйл болж байна. Малчид миний хотонд байгаа малыг таван жилийн дараа бүгдийг нь эрүүл болгоод, малын дэвтэр дээр эрүүл гээд бичээд өгөх юм байна гэж ойлгох юм байна л даа. Ийм боломж өнгөрсөнд ч байгаагүй, одоо ч байхгүй, ирээдүйд ч боломжгүй. Мал эрүүлжүүлнэ гэдэг нь өөрөө буруу нэр томьёо. Мал эрүүлжүүлнэ гэдэг шинжлэх ухааны ойлголт байхгүй. Тэгэхээр бид одоо үнэнтэй эвлэрэх ёстой. Малыг эрүүлжүүлнэ гэхээс илүү "шүлхийг хязгаарлаж чадна" ч гэдэг юм уу ийм байдлаар хандаж болно. Түүнээс биш монгол малыг эрүүлжүүлнэ гэхээр одоо хот айлын малыг хотонд нь очоод шинжилгээ авч, хүний эрүүл мэндийн салбарынхан шиг эмнэлэгт хэвтүүлээд эмчлээд гаргаад байх юм уу. Өнгөрсөн жилүүдэд ч иймэрхүү уриа, лоозонгийн шинжтэй зүйлүүд их явсан. Баруун аймгуудыг  шүлхийгүй бүс болгоно гэж гоё үг их ярьсан. Нэг нь ч биелээгүй.

Миний хувьд нэг зүйлийг онцлон  хэлэхэд, Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын өмнө манай мэргэжлийн салбар ганц амлалт өгчих хэрэгтэй. "Бид мал амьтны гаралтай бүтээгдэхүүнийг зах зээл дээр найдвартай борлуулах баталгаа гаргаж өгч чадна. Үүний төлөө боловсон хүчнээ бэлтгэж, шинжлэх ухааныхаа ололт, амжилтад суралцана. Хүний нөөцийнхөө  чадавхийг сайжруулж, малчидтайгаа хамтарч ажиллана" гээд амлалт өгчих хэрэгтэй. Өнөөдөр явуулж байгаа бодлогод ийм боломж харагдахгүй байна. Дэлхий дээр “Нэг дэлхий- нэг эрүүл мэнд” гэсэн концепци хэрэгжээд олон жил болж байна. Үүний хөтөч, манлайлагч нь мал эмнэлгийн салбар байх ёстой. Өөрөөр хэлбэл, орчны эрүүл мэнд буюу Environmental health, мал амьтны эрүүл мэнд буюу “animal health”, Хүний эрүүл мэнд буюу “Human health” гурав нэг циклд багтдаг. Үүнийг цогцоор нь авч үзэх хэрэгтэй байгаа юм.

-Манай улс дотооддоо вакцин үйлдвэрлэх боломжтой юу. Гаднаас оруулж ирж тарьж байгаа вакцин чанарын шаардлага хэр хангасан байдаг юм бэ?

-Вакцин үйлдвэрлэж чаддаг улс дэлхий дээр цөөхөн байдаг. Монгол Улсын тухайд 1903 оны үед Оросын худалдаачид монголоос авч байгаа үхэрт мялзангаас сэргийлэх тариа тарьж, тодорхой хугацааны дараа хил гаргадаг байсан юм билээ. Монголд Оросууд тарилга буюу вакцины үйлдвэртэй байсан. Түүнийг нь 1923 онд Монгол Улсын Засгийн газар  худалдаж аваад Биокомбинатыг байгуулсан юм. Тухайн үед зөвхөн мялзангийн эсрэг тарилга үйлдвэрлэдэг байсан. Биокомбинат хамгийн оргил үедээ 82 хүртэлх төрлийн тарилга, ийлдэс зэрэг мал эмнэлгийн зориулалт бүхий эм, тарилгын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан. Одоо бол 50 орчим нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа.  Эдгээрээс 20 гаруй нэрийн вакцин, 20 гаруй нэрийн оношлуур үйлдвэрлэж байна. Тэгэхээр Монгол Улс вакцин үйлдвэрлэх хангалттай сайн суурь баазтай гэсэн үг. Гэтэл 2010 оноос эхэлж Монгол Улсын Засгийн газар, тэр дундаа Ерөнхий сайдуудын оролцоотойгоор Биокомбинатыг устгах үйл ажиллагаа тогтмол явагдаж байна. Үүнийг устгуулахгүй байх, технологи, тоног төхөөрөмжийг нь шинэчлэх чиглэлээр бидний хэсэг мэргэжилтнүүд санал санаачилга гаргаад явж ирсэн. 2008-2009 оны үеэс л бид Унгар улстай хамтарч Биокомбинатын шинэчлэлийг эхлүүлсэн. Гэтэл өнөөдөр хоёр улс ойлголцох боломжгүй болоод л ажил нь зогсчихсон байна.

-Засгийн газар махны экспортыг ирэх он хүртэл зогсоочихлоо. Малчид, мах боловсруулах үйлдвэрүүд он дуустал ажилгүй, орлогогүй болж байх шиг байна. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Махны экспортыг 2023 оны нэгдүгээр сарын 1 хүртэл зогсоочихлоо. Энэ бол Засгийн газрын гаргасан туйлын буруу шийдвэр гэж харж байна. Энэ бол Засгийн газрын малчид, хөдөө аж ахуйн салбарынхны эсрэг хорлон сүтгэх үйл ажиллагаа явуулж буй үйлдэл.

Малчид аль болох малаа зарж борлуулах сонирхолтой байна. Мах бэлтгэгч  үйлдвэрүүд ч, Монгол Улс ч махаа экспортлох сонирхолтой байна. Манай улс уул уурхайн бүтээгдэхүүнээс өөр экспортолж байгаа зүйл өнөөдөр бараг алга. Тиймээс Засгийн газар махны экспорттой холбоотой шийдвэрээ эргэж харах хэрэгтэй. Эмээлтийн асуудлаас болж бүгдийг нь хааж болохгүй. Нэгэнт хордуулчихсан мах юм бол мэргэжлийн хяналтын байцаагч, хууль сахиулагчдыг байлгаж байгаад хяналттайгаар устгах л хэрэгтэй. Тэгээд мах бэлтгэдэг үйлдвэрээ олонхийг нь хаагаад, ажиллуулахгүй гэхээс илүүтэйгээр  үндэсний болон олон улсын худалдааны шаардлага хангасан мах бэлтгэлийн үйл ажиллагааг дахин явуулах боломжийг бүрдүүлж ажлын байр, үйл ажиллагаанд нь тавих  шаардлагыг нь өндөржүүлээд биелүүлэх боломж нөхцөлийг нь бүрдүүлж, үйл ажиллагааг нь хэвийн байдлаар явуулах ёстой. УИХ-ын зарим гишүүдийн яриаг сонсож байхад Хятадууд Монголд ирээд маханд тавигдах шаардлагыг нь тодорхойлж байна гээд дургүйцэж байна лээ. Худалдан авагч тал буюу Хятадууд нь Монголоос Хятад улс руу экспортолж буй мах, махан бүтээгдэхүүнд тодорхой шаардлага тавих нь зүй ёсны асуудал. Монголоос мах экспортлох үйлдвэрүүд нь Монгол улсынхаа ч, Хятадын талын ч тавьж буй стандарт, шаардлагыг аль алиныг нь биелүүлэх ёстой. Энд ямар ч буруу асуудал байхгүй.

www.newspress.mn сайтад өгсөн ярилцлага... 2022.06.21-ний үед..