МАЛЫН ӨВЧИН БАРЬЦААЛСАН ХУЛГАЙН ШИНЭЧЛЭЛ

 

МАЛЫН ӨВЧИН БАРЬЦААЛСАН ХУЛГАЙН ШИНЭЧЛЭЛ

О. Уламбаяр

Монгол Улсын Засгийн газар сүүлийн 3 жилд (2018 2020 онд) шүлхийн 19.7 сая, богийн мялзангийн 32.3 сая, хонины цэцэгийн 23.6 сая, бүгд 75.6 сая тун вакциныг ОХУ-аас авч, 7.5 сая америк доллар буюу 15.12 тэрбум төгрөгийг тус улсын вакцины эздэд төлжээ. Эдгээр хил зөрчдөг гурван өвчнөөс хамгаалж, гурван жилд нийт 75.6 сая, жилд дунджаар 25.2 сая малд вакцин халдаасан гэнэ. 

Тогтож айлд. Энэ гурван жилд энэ гурван өвчнөөс хамгаалж нэг ч малд вакцин халдаах хэрэгцээ байгаагүй. Цагаач вирүсийн халдлагыг эрт илрүүлээд, цомхон голомтыг хөл хориод, өвчилсөн, хавьтсан амьтдыг тусгаарлаж устгаад, өртсөн нутгийг нэг улиралд орхиод, нэг ч амьтанд вакцин халдаалгүй вирүсийн халдлагыг дарах боломж байсан, магадлал 100 хувь!

Засгийн газар Унгар улсаас зээл авч, Сонгины биокомбинатын техник, технологийг шинэчилж байгаа, жил бүр шүлхийн 10.0 сая, богийн мялзангийн 10.0 15.0 сая, хонины цэцэгийн 20.0 сая тун, нийтдээ энэ гурван өвчнөөс хамгаалах 40.0 45.0 сая тун вакциныг үйлдвэрлэх гэнэ.

Тогтож айлд. Цаашид энэ гурван өвчнөөс хамгаалж нэг ч малд вакцин халдаах хэрэгцээ үүсэхгүй. Цагаач вирүсийн халдлагыг эрт илрүүлээд, цомхон голомтыг хөл хориод, өвчилсөн, хавьтсан амьтдыг тусгаарлаж устгаад, өртсөн нутгийг нэг улиралд орхиод, нэг ч малд вакцин халдаалгүй вирүсийн халдлагыг дарах боломж байгаа, магадлал 100 хувь!  

Засгийн газар олон мянган сүргийн олон сая амьтанд вакцин халдаасан, халдаах үндэслэлээ тайлбарлажээ.

  1. Мал сүргийн эрүүл мэндийн үзүүлэлт дээшилнэ гэнээ ? 

Тогтож айлд. Вирүсийн халдлагад өртсөн сүрэг, вакцины халдлагад өртсөн сүрэг эрүүл мэндийн чанар, чансааны хувьд яг адилхан, хоёулаа эрүүл сүргийн жагсаалтаас хасагдана. Вирүсийн халдлагад өртсөн сүргийн эзэн, вакцины халдлагад өртсөн сүргийн эзэн хоёрын зиндаа яг адил, хоёул эрүүл сүрэгтний жагсаалтаас хасагдана. Вирүсийн халдлагад өртсөн сүрэгтэй сум, аймаг, улс, вакцины халдлагад өртсөн сүрэгтэй сум, аймаг, улсын мал сүргийн чанар, чансаа, зиндаа яг адилхан, бүгдээрээ эрүүл сүрэгтэй сум, аймаг, улсын жагсаалтаас хасагдана.

Монгол Улсын Засгийн газар хил зөрчдөг вирүсийн халдлагад өртөөгүй, өртөхгүй, вакцинд өртөөгүй, вакцин хэрэглэх шаардлагагүй олон мянган ногоон сүргийн чанарыг зориуд доройтуулж, чансааг зориуд бууруулж, олон мянган ногоон сүрэгтний нэр хүнд, бүтээл, итгэл, бахархлыг зориуд гутааж байна.

  1. Нийгмийн эрүүл мэндэд учруулах халдварын эрсдэл буурна гэнээ ?

Тогтож айлд. Шүлхийн, богийн мялзангийн, хонины цэцэгийн вирүс хүнд халдахгүй, хүнийг өвчлүүлэхгүй тул хүнд халгүй, хүн амын эрүүл мэндэд аюулгүй.

Монгол Улсын Засгийн газар эзэндээ, хэрэглэгчдээ, байгаль орчиндоо ээлтэй, ямар ч аюулгүй олон мянган эрүүл сүрэгт амьд, амьгүй вакцин халдааж, олон мянган цоо эрүүл сүрэг, ариун цэвэр байгаль орчныг зориуд бузарлаж байна.  

  1. Хүн амын хүнсний баталгаат байдлын халдвараас хамаарах аюул үлэмж хэмжээгээр багасана гэнээ ? 

Тогтож айлд. Вакцины халдварт өртсөн сүрэг, вирүсийн халдварт өртсөн сүргийн амьтан, бүтээгдэхүүний чанар, аюултай байдал яг адил. Вакцины халдварт өртсөн малын мах, сүү вирүсийн халдварт өртсөн малын мах, сүүний чанар, аюултай байдал яг нэг түвшинд байна.

Монгол Улсын Засгийн газар олон мянган хот айлын эрүүл сүрэгт амьд, амьгүй вакцин халдааж, амьтан, амьтны бүтээгдэхүүний аюулгүй байдлыг алдуулж, аюултай байдлыг зориуд үүсгэж байна.

  1. Мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспорт нэмэгдэнэ гэнээ ? 

Тогтож айлд. Амьтны хил зөрчдөг өвчнөөс хамгаалах вакцинд өртсөн бүс нутаг, аймаг, сумын мал, бүтээгдэхүүний экспорт зогсоно, дотоод зах зээл хязгаарлагдана, хаагдана. Шүлхийн вакцин халдаасан сүргийн мал, мах, улаан идээ, сүү, цагаан идээ, ноос ноолуур, арьс ширний экспорт, импортыг вакциныг халдаасан өдрөөс эхлэн нэг жилийн турш, богийн мялзан, хонины цэцэгийн вакцин халдаасан сүргийн мал, мах, улаан идээ, сүү, цагаан идээ, ноос ноолуур, арьс ширний экспорт, импортыг вакциныг халдаасан өдрөөс эхлэн хоёр жилийн турш хоридог. 

Монгол Улсын Засгийн газар олон мянган хот айлын цоо эрүүл, вирүсийн халдлагад өртөхүй сүрэгт амьд, амьгүй вакцин халдааж, олон сум, аймгийн мал аж ахуйн дотоод, гадаад зах зээлийг зориуд хааж, зогсоож байна.

  1. Малчдын амьжиргаа дээшилнэ гэнээ ?

Тогтож айлд. Вакцины халдварт өртсөн сүрэг, вирүсийн халдлагад өртсөн сүргийн амьтан, бүтээгдэхүүний зах зээл адилхан хязгаарлагдана, хаагдана, мал, бүтээгдэхүүний борлуулалт адилхан зогсоно, үнэгүйднэ.

Монгол Улсын Засгийн газар олон мянган хот айлын эрүүл, вирүсийн халдлагад өртөхгүй сүрэгт амьд, амьгүй вакцин халдааж, мал, бүтээгдэхүүний нэр хүнд, чанар, чансааг зориуд доройтуулж, борлуулалтыг зогсоож, үнэгүйдүүлж байна.

  1. Энэ шинэчлэл хэнд хэрэгтэй вэ?

Малын өвчин барьцаалсан, амьтны хил зөрчдөг өвчнөөс хамгаалах вакцинаар халхалсан хулгайн шинэчлэл хулгайч нартаа л хэрэгтэй. Энэ шинэчлэл Засгийн газрын худалч хулгайч агентлагийг хормойдсон худалч хулгайч үйлдвэр, лаборатори, хоршоо, холбоо, хүрээлэн, сургуулиас бүрдсэн худалч хулгайч тогтолцооны түр зуур боловч оршин тогтноход л хэрэгтэй, тэдний хулгайн ул мөрийг баллаж, хулгайн үзүүр долоож амьдардаг малын эмч нарт л хоног төөрүүлэхэд нь хэрэгтэй.

Хулгайн шинэчлэл шуурхай байна, малын өвчнөөр хулгайч тэжээдэг хууль батлууллаа, малын өвчин барьцаалсан хулгайг 25 жил булаацалдсан хоноц зоотехникч нараасаа саллаа, одоо орос, хятад эздээсээ алдуурах нь ээ.

Ховд хот

2021.05.30