ВАКЦИНААС ЭРҮҮЛЖҮҮЛЭХҮЙ (Хонины цэцэг өвчнийг нутагшуулсан нь)

 

ВАКЦИНААС ЭРҮҮЛЖҮҮЛЭХҮЙ

(Хонины цэцэг өвчнийг нутагшуулсан нь)

О. Уламбаяр

Хүн, амьтны цэцэг өвчний вирүс нь Өмнөд Азийн уугуул бөгөөд эндээс Европ, Америк руу, цаашлаад дэлхий даяар тархсан гэдэг. Өдгөө хонины цэцэг нь Хойд Африк, Дундад Дорнод, Баруун Ази, Өмнөд Ази, Зүүн өмнөд Азийн хонь, ямааны эндемик өвчин бөгөөд сүүлийн жилүүдэд Зүүн, Төв Азийн Хятад, Монгол оронд дахин нутагшиж байна. Цэцэгийн вирүсийн эндемик бүс нутагт хонины өвчлөл 70 – 90 хувь, үхэл 5 – 10 хувь, экзотик бүс нутагт өвчлөл, үхэл 100 хувьд хүрдэг. Энэ вирүсийг зөнд нь орхивол 300 – 500 хоньтой нэг сүргийг 2 – 4 долоо хоногт нэрвэдэг, нэг хонь 15 – 20 хоногт өвчлөөд эдгэрдэг, насан туршийн дархлаатай болдог ажээ.

Хорьдугаар зууны эхний хагаст Монгол оронд хонины цэцэг өвчин хаа сайгүй илэрдэг, өртсөн сүргийн нялх хурганы 80 хүртэл, том хонины 2 – 3 хувь үхдэг, өвөл, хаварт, ялангуяа зудтай жил олон хонь үхүүлдэг байжээ. Хонин сүрэгт зориуд халдаан хөнгөн өвчлүүлж дархлаажуулдаг “овини” бэлдмэлийг 1948 он хүртэл, Сонгино, Архангай, Ховдын биофабрикт үйлдвэрлэсэн формал вакциныг 1949 оноос хэрэглэсэн, 1952 оны намар хамгийн олон хонь (2.1 сая) тарьсан, 1958 – 1976 онд 19 жил цэцэг илрээгүй. Өртсөн сүргийн бүх хонийг үхүүлдэг “хар цэцэг” хэмээх хувилбар 1977 оны эхээр Чит, Манжуураас Дорнод аймгийн Дашбалбар, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт халдаар ирсэнийг амьд вакцин хэрэглэж дарсан, түүнээс хойш Монгол нутаг 29 жил тайван байжээ.

2006 оны сүүл, 2007 оны эхээр Сүхбаатар аймгийн 5, Хэнтий аймгийн 4, Төв аймгийн 3, Говьсүмбэр аймгийн нэг сумыг хамарсан хонины цэцэгийн тахал дэгдэв. 2008 онд Дорнод аймгийн Баянтүмэн, Хэрлэн суманд, 2017 онд Ховд аймгийн Ховд, Жаргалант суманд ямааны цэцэг өвчин, 2009 оны хавар Сэлэнгэ аймгийн Орхон, 2013 оны эхээр Дорноговь аймгийн Хатанбулаг сум, Улаанбаатар хотын Налайх дүүрэгт хонины цэцэг өвчин илрэв.

2015 оны 1 – 12-р сард Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дорноговь аймгийн 16 суманд 1431 хонь өвчилж, 3 – 5-р сард 1.05 сая тун вакцин хэрэглэв. 2016 оны 1 – 12-р сард дээрх 4 аймаг дээр Төв, Дундговь, Булган, Архангай, Дархан-Уул, Сэлэнгэ, Өмнөговь аймаг, Улаанбаатар хотын 76 сум, дүүрэгт 24398 хонь өвчилж, 7 – 12-р сард 6.65 сая тун вакцин хэрэглэв. 2017 оны 1 – 7-р сард Сүхбаатар, Төв, Булган, Архангай, Сэлэнгэ, Дундговь аймаг, Улаанбаатар хотын 41 сум, дүүрэгт 12172 хонь өвчилж, 1 – 2-р сард 10.0 сая тун вакцин хэрэглэв. Ийнхүү хонины цэцэгийн тахал 2015 оны 1-р сард эхлэж, 2016 оны 11-р сард оргилдоо хүрч, 31 сар үргэлжилж, 2017 оны 8-р сард унтарчээ. Тус тахлын тархвар намар орой, өвөл, хавар эрт нэмэгдэж, хавар орой, зун саарч, 14 аймаг, Нийслэл хотын нутгийг буюу улсын газар нутгийн 70 хувийг нөмөрчээ. Өвчнийг эрт илрүүлэн оношилж чадаагүй, голомтыг бага дээр нь бүслэн хөл хорьж чадаагүй, өртсөн амьтныг тусгаарлан устгаж чадаагүй, вирүс тааваараа тарж, хонин сүрэг тааваараа вирүсийн халдлагад өртөж, өвчлөж, эдгэрч, дархлаажиж, тахал өөрөө унтарчээ. Цөөнгүй газар малчид, малын эмч нар өвчнийг нуусан ч вирүс өөрийгөө зарлажээ. Олонхи суманд нэг хот айлын хэмжээнд биш гэхэд нэг довны хэмжээнд өвчнийг эрт илрүүлээд, таниад, хөл хориод, вирүсийн тархалтыг зогсоох боломж байсан ч хайхраагүй. Бүх өртсөн сүргээс цэцэгийн эмнэл зүйн шинж илэрсэн хонийг түүж устгаад, хавьтсан, өвчний шинж тэмдэггүй хонийг вирүстэй нь үлдээжээ.

Вирүсийн халдварт өртсөн, хавьтсан сүрэгт нэмж вакцин халдаах нь вирүсийг нуух, хадгалах, үржүүлэх, халдаах, тараах, нутагшуулах арга болохыг 2015 – 17 оны цэцэгийн вакцины хэрэглээ нотоллоо. 2018 онд “улс даяар 20.0 сая хонинд вакцин халдаалаа, хонины цэцэг Монголын эндемик өвчин боллоо, хонины болон хонины махны экспортыг 2030 он хүртэл битгий горьд” гэж Оросын вакцины ерөнхий гүйдэг нярав ихэд тохуутай зарласан болой. Цэцэгийн хоморголсон вакцинжуулалт нь гадаад орны шахалт, дэмжлэгээр хамсан үйлдсэн ээлжит хорлон сүйтгэх, мөнгө угаах гэмт хэргийн нотлох баримтыг ихэд зузаалав. Олон зуун жил цэцэгийн тахалд нэрвэгдээгүй, цаашид нэрвэгдэхгүй, цэцэгийн вакцинд өртөөгүй, цаашид өртөхгүй цоо эрүүл мянга мянган сүргийг нутагтай нь бузарлав, олон мянган хот айлын олон үеэрээ бүтээсэн, өвлөсөн үнэт зүйлийг хорлон сүйтгэв, үе дамжсан ногоон сүрэгтний бахархлыг устгав. Вакцины халдлагад өртөгсөд цэцэггүй, вакцингүй хугацаагаа тэгээс тоолж эхэллээ, зууг зааж байсан сүргийн эрүүл мэндийн чанар, чансаа, нэр хүнд тэгийг зааж эхлэв.

Хэдэн тэрбум төгрөгийг газарт булдаг “ариутгал” гээч нь илт илүүдсэн, нутаг бузарлах үйлдэл бөгөөд “ариутгалын бодисчин” хэмээх хулгайч нарыг төсвөөс тэжээх “халамж” болжээ. Тахалтсан сүргийн хот, бэлчээр, ус, агаарыг вирүсээс химийн бэлдмэлээр цэвэршүүлэх ямар ч боломжгүй. Вирүстсэн нутгийг нэг жил, ядаж нэг улирал ашиглахгүй орхиж цэвэршүүлдэг нь нүүдэлчдийн уламжлалт, сонгодог арга болой.

Хонь, ямааны цэцэг өвчний үүсгэгч нь Монгол орны хувьд экзотик буюу цагаач вирүс юм. Цагаач вирүсийн анхны дайралтыг нэг ч тун вакцин хэрэглэхгүйгээр дарах боломжтой. Вирүсийн халдлагад өртөхгүй сүрэгт, өвчлөхгүй, үхэхгүй амьтанд вакцин халдаах нь гэмт хэрэг мөн. Вирүсийн халдварт өртсөн сүргийн олонх амьтан хөнгөн өвчлөөд эдгэрдэг, насан туршийн дархлаатай болдог тул өвчилсөн амьтныг түүж устгасан, устгаагүй, өвчлөөд, эдгэрээд, дархлаатай болсон сүрэгт вакцин халдаах нь бас гэмт хэрэг мөн. Монгол нутгийн хувьд цэцэгийн вакциныг хэрэглэхгүй байх боломж 100 хувь, маш бага хэрэглэх боломж бас 100 хувь!  

Өвчний голомтод вирүсийг устгаж чадаагүй бол түүний халдлагад өртөх эрсдэлтэй нутгийг, сүргийг вакцин халдааж хамгаалдаг, энэ нь вирүсийн халдлагад бууж өгч, занганд оруулахаар отож буй хэрэг. Вакцин бол вирүсийн халдлагад гарцаагүй өртөх, өвчлөх, үхэх амьтныг аврах хэрэгсэл. Тахал зүйч нь вирүс тарах нутгийг, түүний халдлагад гарцаагүй өртөх сүргийг, өвчлөх амьтныг, үхэх амьтныг яг олж, онилж тооцдог, ус, агаар, бэлчээр нэгтэй 5 – 9 саахалт хот айлын сүрэгт вакцин халдааж хамгаалахыг зөвлөдөг. Харин тус улсын мал эмнэлгийн албаны “ерөнхий” болон “тархварын” худалч нар бол сумаар, аймгаар, улсаар мал тооллогын данс харж, эздийнхээ хулгайг төлөвлөнө. Дотоод, гадаад эздийнхээ олзыг арвижуулахын тулд бүх суманд, бүх аймагт, бүр улс даяар вирүс тарна, бүх хот айлын бүх хонь вирүсийн халдлагад өртөнө, өвчлөнө, үхнэ, бүгдэд нь вакцин халдааж аварна гэж хуурах нь тэдний хийдэг ганц ажил !!!

Хонины цэцэг өвчнөөс хамгаалах амьд вакцин хэрэглэж байна. Вакцины халдварт өртсөн сүрэг, вирүсийн халдварт өртсөн сүрэг хоёр адил чанартай, адил чансаатай, аль аль нь эрүүл сүргийн тооноос хасагдана, заазлагдана. Амьд вакцин халдаасан өдрөөс хойш өртсөн сүрэг 2 – 3 жилийн турш тусгаарлалтанд, хөл хорионд байна, хонь, бүтээгдэхүүн дотоод, гадаад зах зээлд гарахгүй, энэ хугацаанд бүх амьтныг хэрэглэж дуусгана, цаашид үржүүлэхгүй. Вакцины халдварт өртсөн сүргийн нутаг эрүүл бүс нутгийн зургаас хасагдаж, өөр өнгөөр будагдана. Вирүстсэн сүрэгт, вакцинжуулсан сүрэгт аль алинд нь гурван жилийн турш хонь өвчлөх, вирүс үржих, тарах нөхцөл, эрсдэл байна.

Амьд вакцин хэрэглэсэн сүрэг гурван жилийн дараа дархлааны ул мөргүй болж цэвэршинэ, вакцины халдварт өртсөн сүргийн цэвэршихийг 2 – 3 жил, сүүлийн амьтанд дархлааны занга арилтал хоног, сар, жил тоолон хүлээнэ. Сүрэг вакцинаас цэвэршсэнийг, дархлааны зангагүй болсоныг нотлоно, бас л бөөн ажил, зардал, худал, хулгай.

Манай хоёр хөрш орон хийгээд гуравдагч хөршүүд амьтан, амьтны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах мал эмнэлэг – ариун цэврийн тохиролцсон шаардлагад сүүлийн 2 жилд хонь, ямааны цэцэг өвчин илрээгүй, цэцэгийн вакцин хэрэглээгүй бүс нутгаас амьтан, бүтээгдэхүүн авна, амьтан өвчлөөгүй, вакцин хэрэглээгүй бүс нутгийн замаар тээвэрлэнэ, боомтоор нэвтрүүлнэ гэжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2016 – 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг үзвэл: 

“2017 онд хонь, ямааны цэцэг өвчнөөр тайван статусыг хадгалж, давхардсан тоогоор нийт 7.0 сая малыг дархлаажуулалтад хамруулан, 85-аас доошгүй хувьд хамгаалах дархлаа тогтооход 4.0 тэрбум төгрөг,

2018 онд хонь, ямааны цэцэг өвчнөөр тайван статусыг хадгалж, давхардсан тоогоор нийт 8.0 сая малыг дархлаажуулалтад хамруулан, 85-аас доошгүй хувьд хамгаалах дархлаа тогтооход 5.1 тэрбум төгрөг,

2019 онд хонь, ямааны цэцэг өвчнөөр тайван статусыг хадгалж, давхардсан тоогоор нийт 8.0 сая малыг дархлаажуулалтад хамруулан, 85-аас доошгүй хувьд хамгаалах дархлаа тогтооход 5.3 тэрбум төгрөг, 

2020 онд хонь, ямааны цэцэг өвчнөөр тайван статусыг хадгалж, давхардсан тоогоор нийт 8.0 сая малыг дархлаажуулалтад хамруулан, 85-аас доошгүй хувьд хамгаалах дархлаа тогтооход 6.3 тэрбум төгрөгийг вакцины үнэ төлөхөд зарцуулна” гэжээ. Ирэх 4 жилд 2017, 2018, 2019, 2020 онд гэснийг 2021, 2022, 2023, 2024 онд гэж солиод, хонины тоог 2 – 3 дахин нэмж бичээд л батлуулна, цэцэгийн вакцинаар халхалсан хулгай 2 – 3 дахин нэмэгдэнэ.

Малын тоо вакцинжуулдаг гутамшиг 1961 оноос эхлэж, 1974 оноос хүчээ авсан, ийм “гайхамшиг” зөвхөн Монголд байна, өөр хаана ч үгүй. 1977 – 1990 онд Үндэсний статистикийн эмхэтгэлд байгаа вакцин тарьсан гэх малын тооны (31 – 32 саяын) 70 хувьд, 1991 – 2000 онд 16 – 28 саяын 90 хувьд, 2001 оноос 50 – 70 саяын 80 хувьд нь амьтан бус, тоо вакцинжуулсан баримт архивт байгаа. Амьтан биш тоо тарьж байгааг, бүр сая саяар нь, сум сумаар нь, аймаг аймгаар нь, бүтэн улсаар нь тарьж буйн учрыг асуувал “та санаа зоволтгүй, мал биш тоо тарьдаг юм, мал тарьсан бол сүйд болно шүү дээ, өөр арга алга, хүнд битгий хэлээрэй” гэдэг шивнээ учирлал сонсдог юм. Малын тоо вакцинжуулах нь Засгийн газрын худалч – хулгайч агентлагийн хийдэг ганц ажил. Хөгжсөн улсуудын Засгийн газар амьтны эрүүл мэндийн сан бүрдүүлж, амьтан эзэмшигч нарт зарим дэмжлэг, тэтгэлэг, хөнгөлөлт, нөхвөр өгдөг бол Монгол Улсын Засгийн газар малын өвчин барьцаалсан хулгайч нарыг төсвөөрөө тэжээдэг юм.

Олон үеийн хичээл зүтгэлийн үр шим, дээдсээс өвлөсөн бахархалт өв – цоо эрүүл сүргээ вакцины халдварт сүйтгүүлсэн, бузарлагдсан сүргээ вакцинаас цэвэршихийг хүлээсэн малчид хөөрхий. Хожимдсон ч гэлээ, эрүүл сүргийг “эрүүлжүүлдэг” хулгайч нараас хол байцгаая.

2020.3.29

 Ховд хот