Төрийн өмчтэй байгууллагуудын удирдлагын сонгон шалгаруулалт, томилгооны асуудал байнга л булхай, луйвар дагуулж байх юм даа
Ц.Өлзийтогтох.
Өнгөрсөн жил Биокомбинат төрийн өмчит үйлдвэрийн удирдлагатай холбоотой асуудал нилээд шуугиан тариад чимээгүй болчихсон байсан. Гэтэл саяхнаас тус үйлдвэрийн удирдлагын асуудал шийдэгдээгүй байгаа талаар дахин мэдээлэгдэх болсон учраас Хан-Уул дүүргийн Сонгино тосгонд байрлах тус үйлдвэрийг зорин очиж тус үйлдвэрийн үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангаж ажилладаг дэд захирал буюу Ерөнхий технологич Ц.Өлзийтогтохтой уулзаж ярилцав.
А. Танай удирдлагын асуудал одоо хүртэл шийдэгдээгүй байгаа юм уу?.
Х. Одоогоор шийдсэн юм алга л байна. Төрийн өмчийн хорооноос томилсон захирлын үүрэг гүйцэтгэгч гэх удирдлагатай л ажиллаж байна. Ажлын найман цагийн хагаст нь үйлдвэрт, хагаст нь төрийн өмчийн хороондоо ажилладаг захирлын үүрэг гүйцэтгэгчтэй л байж байна. 2010 оны 12 дугаар сард төрийн өмчийн хорооноос манай захирлын ажлын байрны сонгон шалгаруулалтыг зарлаад 2011 оны нэгдүгээр сард уг сонгон шалгаруулалтанд оролцсон 5 хүний материалыг хүлээж авсан. Тэгээд юу болсон нь тодорхойгүй хагас жил болж байна. Холбогдох хууль, журмын дагуу ХХААХҮЯ, ТӨХ, Мэргэжлийн байгууллага гэсэн гурван субьектээс бүрдсэн сонгон шалгаруулах баг сонгох ёстой юм байна лээ. Тэгээд л хууль, журам, сонгон шалгаруулалтын шаардлага гэсэн гурван эрх зүйн актаа баримтлаад уг сонгон шалгаруулалтанд оролцохыг хүсэж материалаа ирүүлсэн таван хүний материалд үнэлгээ хийхээс хэн нь ямар шалгуурт нь нийцэж байна, хэн нь нийцэхгүй байна гэдгийг гаргаж тавиад л дүнгээ гаргачихмаар бодогдох юм. Одоо Багануурын уурхайн захирлыг сонгох асуудал яг манай Биокомбинатынхтай адил замаар орж байх шиг байна.
А. Үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна уу?.
Х. Одоохондоо гайгүй байна. Биокомбинат ТӨААТҮГ бол Монгол улсын ууган бөгөөд цорын ганц биологи, биотехнологийн үйлдвэр гэдгийг хүмүүс тэр бүр сайн мэддэггүй юм. Манай үйлдвэрийн ажил маш их онцлогтой л доо. Жишээ нь төлөвлөлтийн тухайд одоо 2011 оны үйлдвэрлэлийн төлөвлөгөө бараг 90 хувийн биелэлтэй явж байна. Учир нь бид тухайн оны үйлдвэрлэлийг ойролцоогоор нэг жилийн өмнө төлөвлөн явуулж эхэлдэг. Тэгэхээр 2011 оны ажлын төлөвлөгөө 2010 оны 6 дугаар сар гэхэд гарчихсан байсан гэсэн үг. Тэгэхээр үүрэг гүйцэтгэгчийн 2010 оны 11 дүгээр сард ирэхэд манай үйлдвэрлэл 2010 оны 08 дугаар сард аль хэдийн эхлээд жигдэрчихсэн байсан. Үйлдвэрлэл нэгэнтээ эхлээд жигдэрчихсэн үед ажиллагсдыг ажлын байрнаас нь өөрчилж, хөдөлгөхгүйгээр бүтээгдэхүүний үйлдвэрлэлд шаардагдах түүхий эд, эм урвалжаар нь хангаад өгчихвөл манай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологи нилээд урт хугацааны турш ашиглагдаж байгаа, харьцангуй тогтворжчихсон, мэргэжил мэргэшилтэй ажиллагсад нь ажлаа гартаа оруулчихсан тул ажил ерөнхийдөө гайгүй явчихдаг юм. Харин дараагийн төлөвлөлтийн асуудал л одоо тулж ирээд шийдвэрээ хүлээгээд байж байна. Энэ л тулгамдсан асуудал болоод байна. 2011 он бол бүр онцгой жил. Үйлдвэрийн шинэчлэл энэ онд эхлэнэ. Тиймээс төлөвлөлтийг гурваас дөрвөн жилээр авч үзэх зайлшгүй шаардлагатай тулгарчихаад ямар ч шийдэлгүй байж байна. Их олон асуудал тодорхой бус байна.
А. Нөгөө Унгар улсаас олгож буй 25 сая долларын зээлээр шинэчлэх ажил хийгдэхээр болчихсон уу?.
Х. Тэр 25 сая долларын зээлээр манай үйлдвэрийг шинэчлэх ажил чинь л одоогийн удирдлагатай ч юм шиг, удирдлагагүй ч юм шиг ийм байдлыг бий болгочихоод байгаа юм. Энэ шинэчлэлийн ажил яаж хэрэгжихийг нийгэмд зөв ойлгуулмаар байна. Тэгэхгүй бол нилээд хүмүүсийн шуналын муу үрийг наашаа чиглүүлээд байгаа юм. Манай үйлдвэрийг шинэчлэх ажлыг Монгол – Унгар хоёр улсын засгийн газар хоорондын гэрээний дагуу Унгар улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж гүйцэтгэнэ.Өөрөөр хэлбэл гүйцэтгэгч нь Унгарын компани байх болно. Тендер нь 2011 оны 04 дүгээр сард Унгар улсад зарлагдсан. 2011 оны 06 сард тендерийн эхний саналыг нээхээр байгаа. Хоёр үе шаттай олон улсын тендерийг Монгол улс анх удаа зарласан нь энэ. 2011 оны 08 дугаар сар гэхэд гүйцэтгэгчийг сонгочих байх. Монголын тал бол орчин үеийн GMP-ийн шаардлага хангасан үйлдвэртэй түүнд нийцэж ажиллах технологитой, мэргэжилтэнтэй, тоног төхөөрөмжтэй болох шаардлагаа маш сайн тодорхой гаргаж тавиад гүйцэтгэгчээ сонгоод гүйцэтгэлд нь хяналт тавиад хүлээж авах юм. Шинэчлэлийн бүх ажлыг тендерт шалгарсан Унгар улсад бүртгэлтэй компани хариуцаж гүйцэтгэнэ. Ингэхээр улс төрийнхөний дэмжлэгтэйгээр Биокомбинат ТӨААТҮГ-ын захирал болчихвол 2012 оны сонгуулийн мөнгөө гаргаад авчихна гэж тооцож яваад байгаа нөхдүүдэд ямар ч боломжгүй гэдгийг сайн ойлгуулах нь чухал байгаа юм. Ингэхгүй бол хэсэг бүлэг хүмүүсийн шуналын гайгаар үйлдвэрийн шинэчлэл будаа болж болзошгүй гэж манай хамт олон санаа зовинож байгаа. Угаасаа энэ мөнгө нь манай үйлдвэрийг Европын real cGMP-ийн шаардлагатай нийцүүлж өөрчилөхөд тийм ч хангалттай хүрэлцэх хэмжээ биш гэдгийг бид мэдэж байгаа. Тиймээс нөгөө замын онигоо шиг өргөн, зузаанаас нь танай, манай дарга нар хувааж идээд байх боломжгүй гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй.
А. Эдгээр тулгамдсан асуудлуудаа шийдэхэд юу саад болоод байгаа юм?.
Х. Хамгийн гол саад бол энэ удирдлагагүй байдал. Одоо бидэнд юуны өмнө хамт олныг нэгдсэн удирдлагаар хангаж, шийдвэр гаргаж ажилладаг удирдлага үнэхээр чухал шаардлагатай байна.
А. Танай үйлдвэрийн техник, технологийн асуудал олон улстай жишихэд хаана нь явна вэ?.
Х. Техникийн хувьд бол ялангуяа том оврын тоног төхөөрөмжүүдийн олонхи нь хуучирсан. Өндөр хөгжилтэй орнуудад тухайлбал, Япон, АНУ, Германд үйлдвэрлэсэн биотехнологийн үйлдвэрийн сайн чанартай тоног төхөөрөмжүүд өндөр үнэтэй. Хятадынх бол чанар муутай, үнэ хямд. Тухайлбал, хуурайшуулсан вакциныг үйлдвэрлэхэд ашиглагддаг 10000 цодон багтаах хүчин чадалтай, сайн чанарын хөлдөөж-хатаах (лиофилизатор) машин авъя гэвэл 500 сая төгрөгөөс доошгүй үнэтэй автомат удирдлагатай 1000 литрийн багтаамжтай сайн чанартай ферментор худалдаж авбал 300 сая төгрөг шаардагдана. Тиймээс л дорвитой техникийн шинэчлэл хийж чадахгүй өдий хүртэл явсан. Төр засгийн зүгээс өнгөрсөн 20-оод жилийн хугацаанд манай үйлдвэрт оруулсан хөрөнгө оруулалт гэвэл 2002 онд нэгэн компаний банкны өрний төлбөрт авсан гэх хэдэн эвдэрхий төхөөрөмжийг манайд шилжүүлж шахсаныг эс тооцвол өөр нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй болно. Тиймээс л бид гадны хөрөнгө оруулалт эрж хайн явж байж Унгар улсын засгийн газраас олгож буй 25 сая долларын энэхүү хөнгөлөлттэй зээлийг гадаадын хүмүүсийн дэмжлэгтэйгээр олж чадсан болно.
А. Технологийн хувьд..?.
Х. Хорьдугаар зууны сүүлээр энэ хорин нэгдүгээр зуунд биотехнологийн шинжлэх ухаан маш эрчимтэй хөгжиж байна. Ялангуяа, эсийн дотно болон гадна орчинг шинжлэн судлах, таньж мэдэх удамшил хөгжлийг нь удирдах тал дээр. Гэхдээ энэ өндөр түвшний судалгаа шинжилгээ бол олонх улс орнуудад лабораторийн түвшинд л байна. Амьтны халдварт өвчнөөс сэргийлэх зориулалттай бөгөөд үйлдвэрлэл хэрэглээнд нэвтэрсэн вакцины тухайд гэхэд 2007 оны байдлаар АНУ-д рекомбинацийн технологи ашиглан үйлдвэрлэж буй адуу болон загасны халдварт өвчнөөс сэргийлэх хоёрхон вакцин л байгаа гэж америкчууд ярьж байсан. Монголд ч мөн ялгаагүй лабораторийн судалгаа танин мэдэхүй арга зүй эзэмшилтийн хэмжээнд л байна. Түүнээс бус том хэмжээний үйлдвэрлэлд нэвтэрчихсэн юм алга. Манай үйлдвэрийн тухайд ч бусад олонх орнуудын адил уламжлалт технологио ашиглаад вакцин биобэлдмэлээ үйлдвэрлэж байгаа. Гэхдээ уламжлалт технологид шинэчлэл хөгжил хэрэггүй гэсэн үг биш шүү дээ. Уламжлалт технологид ч өдөр бүр байнгын сайжруулалт, шинэчлэл бас л шаардлагатай. Гэхдээ нэг зүйлийг баталгаатайгаар хэлэхэд одоогийн технологио ашиглаад үйлдвэрлэж байгаа манай үйлдвэрийн бүх бүтээгдэхүүн хэрэглээний зориулалт болон үндэсний стандартын шаардлагаа найдвартай хангаж байгаа. Монгол улсад үйлдвэрлэсэн бүх бүтээгдэхүүнээ цуврал бүрээр нь дотоодын болон хөндлөнгийн лабораторийн чанарын хяналтанд хамруулж буй ганцхан үйлдвэр нь манай Биокомбинат ТӨААТҮГ юм. Нэмж хэлэхэд манайх олон улсын стандартын шаардлагад дөхөж нийцэж байгаа 20-оод нэрийн вакцин, биобэлдмэл үйлдвэрлэж байна. Сүүлийн жишээ гэвэл өнгөрсөн жил таван нэрийн оношлуурыг Англи улсын, хоёр нэрийн амьд вакциныг Франц улс дахь олон улсын лавлагаа лабораторит чанарын хяналтанд хамруулж шалгуулсан байгаа. Бүгдээрээ сайн чанартай байна гэдэг хариу ирсэн. Манай үйлдвэрийн технологи хаанахын хэнд ч гологдоод байхааргүй гэж бид үздэг. Тийм нарийн технологитой үйлдвэр Монголд л лав байхгүй. Тиймээс Монгол улсын төр засаг манай Биокомбинатыг анхаарлын гадна үлдээж болохгүй.
А. Шинэчлэлийн ажлын хүрээнд техник, технологиос өөр юу юу шинэчлэгдэх вэ?.
Х. Аль нэг нь дутуу байхад технологийн шинэчлэл хангалттай гэж хэлэхэд төвөгтэй. Орчин үед олон улсад үйлдвэрт тавигдах материаллаг гэж хэлж болох шаардлагуудыг нийтлэг стандартаар тогтоодог болчихоод байна. Тэдгээрт GMP (Good manufacturing practice), GLP, ISO 9001, ISO 14001, ISO 17025 гэх мэт стандартуудыг хангах шаардлагууд байна. Хэдийгээр сайн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлээд гаргасан ч тэдгээр олон улсын стандартыг хангасан болохыг нотлох гэрчилгээгүй тохиолдолд тийм гэрчилгээтэй үйлдвэрийн бүтээгдэхүүнтэй өрсөлдөх шанс багатай болчихож байгаа юм. Өөрөөр хэлбэл, өрсөлдөх чадварын үзүүлэлт доошилчихож байна гэсэн үг. Тиймээс энэ шинэчлэлийн хүрээнд үйлдвэрээ иж бүрэн шинэчлэлд хамруулахаар шаардлагандаа тусгаж өгсөн байгаа.
А. Танай мэргэжилтнүүд иж бүрэн шинэчлэлд хамрагдахдаа бэлэн байгаа юу?.
Х. Би мэргэжилтэн нараа сургаж мэргэшүүлэн дадлагажуулах тал дээр маш их ач холбогдол өгч тэдэнд технологийн шинэ ноу-хау эзэмшүүлэхэд анхаарлаа хандуулж ажиллана гэж бодож байгаа. Манай үйлдвэрийн түүхэн хөгжлөөс авч үзэхэд технологийн хөгжил нь гадаадын буюу Орос, Унгарын технологийн импортлол, манай үйлдвэрийн мэргэжилтнүүдийн туршилт судалгааны ажлын үр дүнд л хөгжиж ирсэн байдаг юм. Одоо ч гэсэн бид манай улсын шинжлэх ухааны байгууллагынхаа чадавхийг мэдэж байна. Бидэнд технологийн хөгжлийн талаар зааж сургах мэргэжилтэн манай хөдөө аж ахуйн салбарт л лав байхгүй. Манай үйлдвэрийн хөгжил бол зөвхөн манай мэргэжилтнүүдээс л шалтгаална. Өмнө нь ч тийм байсан. Одоо ч ийм байгаа. Цаашид ч иймэрхүү хандлагатай байх болов уу гэж төсөөлж байгаа.
А. Биокомбинат ч Монгол улсад үнэхээр онцгой ач холбогдолтой үйлдвэр юм аа?.
Х. Тэгэлгүй яахав. Орос улс, Цэдэнбал дарга хоёр Монголын хүн амыг хамуу, тэмбүүнээс салгасан гэдэг шиг Монголын мал сүргийг мялзан, годрон, цээж, цэцэг гэх мэт гоц халдварт өвчнөөс манай Биокомбинатын вакцины тусламжтайгаар эрүүлжүүлж чадсан гэдэгтэй хэн ч маргахгүй шүү дээ. Монголчууд шиг мал сүргийнхээ ашиг шимээр амьдарч байгаа ард түмэнд манай үйлдвэрийн бүтээгдэхүүн үнэхээр чухал ач холбогдолтой. Эрүүл мал сүргээс л эрүүл хүнс бэлтгэнэ. Тэгэхээр манай үйлдвэрийн бүтээгдэхүүний ач тусаар Монгол улсын хүнсний аюулгүй байдлын тодорхой хэсэг нь хамгаалагдаж байна аа даа. Эрүүл хүнс хэрэглэж байгаа хүний эрүүл мэнд сайн байж таарна. Тэгэхээр манай бүтээгдэхүүн Монгол улсын нийгмийн эрүүл мэндийг бас хамгаалж байгаа биз. Ийм л чухал үйлдвэр.
А. Зарим хүмүүс эм бэлдмэл, вакциныг хэрэглэснээр малын гаралтай бүтээгдэхүүн харин ч аюултай болоод байна гэж хэлдэг шүү дээ.
Х. Тэр чинь мэдлэг чадвар багатай, хүмүүсийн амаар дамжсан баримт нотолгоогүй мэдээлэл сонссон, Японы судлаач Кимура Аяокагийн тодорхойлсноор “тархины тураал”-тай хүмүүсийн яриа л байна. Вакциныг өөрийн гараар үйлдвэрлэж байсан туршлагатай, бүх вакцины үйлдвэрлэлийг нь мэргэжлийн удирдлагаар хангаж байгаа мэргэжилтний хувьд хэлэхэд технологийн бүх дамжлагыг нь ном, зааврын дагуу үйлдвэрлэсэн вакцин шиг аюул багатай эм бэлдмэл байхгүй.
А. Одоо үйлдвэрийн үйл ажиллагаа ерөнхийдөө дажгүй сайн явж байгаа юм байна гэж ойлгож болох нь ээ?.
Х. Өмнө нь ч гэсэн гайгүй сайн явсаар л ирсэн шүү дээ. Нийгмийн шилжилтийн ороо бусгаа үед бид үйлдвэрээ зогсоочихгүй, хэдэн ажиллагсдаа гудамжинд гаргачихгүй улсын эд хөрөнгийг нь тарааж шамшигдуулахгүйгээр өдий хүртэл авч ирсэн. Техник, технологийн хувьд ч өмнө нь хүрсэн түвшингээс нь дордуулаагүй. Өөрт байгаа боломжоороо техник, технологийн шинэчлэлийг нь тасралтгүй хийсээр ирсэн. Энэ жилүүдэд манай хөдөө аж ахуйн чиглэлийн төрийн захиргааны төв байгууллага, мэргэжлийн удирдах дээд байгууллага болох ХХААХҮЯ, УМЭҮГ болон орон нутгийн мал эмнэлэг, мал бүхий иргэд, аж ахуйн нэгжтэй байгуулсан гэрээгээ байнга 100 хувь буюу түүнээс дээш үзүүлэлттэй биелүүлж ирсэн. Сүүлийн жилүүдэд манай Биокомбинат ТӨААТҮГ нь МҮХАҮТ-аас зохион байгуулж шалгаруулдаг Монгол улсын ТОП 100 аж ахуйн нэгжид 6 удаа шалгарсан байгаа. Өнгөрсөн 2010 оны ажлын үр дүнгийн үзүүлэлтийн тухайд ч манай үйлдвэр Монгол улсын ТОП 100 аж ахуйн нэгжийн 70 дугаарт шалгарсан. Санхүүгийн хувьд хагас тэрбум төгрөгний ашигтай ажиллачихсан. ТӨХ ч манай өмнөх захирлын ажилласан хугацааны гэрээг дүгнээд сайн ажилласан учраас нилээд өндөр хэмжээний мөнгөн урамшуулал олгосон.
Өдрийн сонин.
2011 оны 06 сарын 29