Буянт малаа буудаж устгасаар байх уу?
Саяхан дэлхийн мал эмнэлгийн өдөр тохиолоо. Энэ жилийн дэлхийн мал эмнэлгийн өдрийг мал, амьтантай зүй бусаар харьцахгүй байх, мал амьтанд энэрэнгүй хандах уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Монголын мал эмнэлгийн холбооноос энэ жилийн дэлхийн мал эмнэлгийн өдрийг тохиолдуулан шүлхийн вирусийн халдалтанд өртсөн малыг буудаж устгахгүй байх уриалга, шаардлагыг гаргалаа. Хонь, ямаа, тэмээтэй харьцуулахад үхэр шүлхийд илүү мэдрэмтгий байна. Шүлхийгээр өвчилсөн малыг буудан устгах нь мал, амьтантай зүй бусаар харьцаж, энэрэнгүй бус хандаж байгаагийн нэг хэлбэр. Салаа туруутан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний дэгдэлт Сүхбаатар, Хэнтий, Дорноговийн зарим сумдын мал сүрэгт тохиолдоод намжиж байна.
Өнгөрсөн 10 гаруй жилийн турш шүлхийтэй тэмцэж ирсэн аргаа энэ удаад ч давтан хэрэглэв. Тэмцэж буй арга нь оновчтой бус байгаагаас улс орны эдийн засаг, мал эмнэлэг, мал аж ахуйн салбар, мал бүхий иргэн, аж ахуйн нэгжүүдэд үлэмж хохирол учруулсаар байна. Иймээс одоо шүлхий намжчихлаа гээд санаа амарчихмааргүй байна. Дараа нь шүлхийн дэгдэлт тохиолдвол хэрхэн тэмцэх аргаа өнөөдрөөс зөв тодорхойлох нь нэн чухал. Бидний мэддэг одоогийн арга оновчтой бус байгаа нь амьдрал практик дээр батлагдчихлаа.
Аргаа өөрчлөх зайлшгүй шаардлага тулгарч байна. Хамгийн гол нь шүлхийн голомтын бүсийг шинжлэх ухааны үндэслэл муутайгаар, хэрхэн яаж тогтоодог нь бараг тодорхойгүй явж ирлээ. Өөрөөр хэлбэл халдварын голомтын бүсийг буруу тогтоодог гэсэн үг. Энэ нь шүлхийтэй тэмцэх цогц арга хэмжээг буруу зохион байгуулалтаар явуулахын эхлэл болдог. Голомтон дотор байгаа нэгэнт халдвар аваад өвчилчихсөн, эсвэл халдвар авчихсан мөртлөө ил шинж тэмдэг үзүүлээгүй, тэдгээртэй нэг хотонд байгаа мал, амьтдыг вакцинжуулах нь шинжлэх ухааны үндэслэлгүй.
Вакциныг зөвхөн эрүүл малд олгох ёстой. Тиймээс халдвар аваад өвчилчихсөн, халдвар авчихсан ч хараахан ил шинж тэмдэг үзүүлээгүй байгаа салаа туруутан мал амьтдыг вакцинжуулах ямар ч шаардлагагүй.
Өвчилчихсөн, халдвар авчихсан мал, амьтад нь тухайн вирусийн эсрэг вакцинжуулалтын үр дүнд тогтох дархлаанаас илүү өвөрмөц бөгөөд хүчтэй дархлаатай болчихдог.
Вакцин бол ер нь их онцлогтой бүтээгдэхүүн. Тухайн халдварт өвчнийх нь дэгдэлт тохиолдоогүй бол вакцины үр нөлөө мэдэгддэггүй. Өөрөөр хэлбэл өвчний дэгдэлт тохиолдоод вакцины ач тусаар сэргийлэгдээд өвчин гараагүй юм уу, эсвэл ерөөсөө тухайн халдварт өвчнийг үүсгэгч бичил биетний халдалт тохиолдоогүй юм уу гэдгийг ялгаж салгах боломж бараг байхгүй.
Тиймээс вакцин сайн байна уу?, саар байна уу? гэдгийг практик дээр шалгах шалгуур нь халдварт өвчний дэгдэлт тохиох явдал. Вакцины гавьяа энэ үед л тодорч байх ёстой. Сүүлийн жилүүдэд зүүн аймгуудын мал сүргийг шүлхийгээс сэргийлэх вакцинаар хэдэнтээ вакцинжуулсан. Хангалттай дархлаатай байх ёстой байлаа. Хамгийн сүүлд 2013 оны 10, 11 сард зүүн аймгуудын салаа туруутан мал, амьтдыг шүлхийгээс сэргийлэх вакцинаар вакцинжуулчихсан байсан. Уг вакцин 6 сарын дархлаа олгох ёстой байлаа. Гэтэл уг вакциныг тарьснаас хойш 3-4 сарын дараа шүлхийн дэгдэлт тохиолдсон нь вакцины чанар сайнгүй бөгөөд хангалттай дархлаа тогтоож чадаагүйг практик дээр нотлон харуулсан явдал байв. Цаашид сайн чанартай гэдэг нь хөндлөнгийн, олон улсын лавлагаа лабораторийн чанарын хяналтаар тогтоогдсон, олон улсад танигдсан шүлхийн вакциныг сонгож, зөвхөн халдварын эрсдэл бүхий бүс нутгийн эрүүл мал, амьтдыг вакцинжуулах шаардлагатай.
Шүлхий өвчний дэгдэлт тохиолдсон баг, сум харъяалагддаг нэг буюу түүнтэй хил залгаа хэд хэдэн аймгийн мал сүргийг хавтгайруулан вакцинжуулдаг одоогийн вакцинжуулалтын оновчтой бус аргыг үргэлжлүүлэхгүйгээр, таслан зогсоох ёстой.
Дараагийн өөрчлөх ёстой арга хэмжээ бол шүлхийгээр өвчилсөн үхрийг буудан устгаж буй явдал. Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага буюу OIE нь шүлхий өвчний тохиолдол илэрсэн фермер буюу хот айлын салаа туруутан мал, амьтдыг хотоор нь устгах нэг аргыг зөвлөмж болгодог. Тэгэхдээ энэ нь заавал хэрэгжүүлэх хууль биш. Хотоор нь устгаж буйгийн зорилго нь шүлхийн вирусийг тэр хотонд нь буюу шүлхийгээр өвчилсөн мал, амьтан хавьтсан бүс нутагт үлдээхгүйгээр устгах явдал. Гэтэл энэ аргыг “монголчилж” хэрэглэхдээ ,тухайлбал, шүлхийн вирусийн халдалт тохиолдсон хот айлын хотонд байгаа 80 үхрээс, өвчилсөн 5-ыг нь ялгаж устгачихаад, хамт байсан 75-ыг нь үлдээчихэж байна. Халдварын нууц үе нь 10 хүртэл хоног. Ингэхээр халдвар авчихсан мал, амьтан нь шүлхийн шинж тэмдэг үзүүлэх хүртлээ 10-аад хоногийн турш үүсгэгч вирусийг тээгээд, тараагаад явж байдаг гэсэн үг. Тэр хот айлд 500 толгой хонь, ямаа байгаа гэж бодоход тэднийг нь бас үлдээчихэж байгаа юм. Тухайн хотонд байгаа бүх мал сүргийн хашаа хороо, бэлчээр, худаг ус нь нэг буюу дундын хэлбэртэй. Шүлхийн вирусээр аль хэдийн бохирлогдчихсон. Ингэхээр шүлхийн шинж тэмдэг үзүүлж өвчилсөн 5 үхрийг ялгаж устгаснаар халдварын голомт бүрэн устахгүй нь ойлгомжтой байгаа юм. Бэлчээрийн маллагаатай мал аж ахуй эрхэлдэг манай оронд энэ арга тохирохгүй нь амьдрал дээр харагдаж байна. Шүлхийгээр өвчилсөн мал үхэх тохиолдол нэн ховор. Иймээс шүлхийгээр өвчлөөд эдгэрэх найдлагагүй болсон, магадгүй хоёрдогч халдвараар хүндэрсэн тэдгээр цөөхөн тооны малыг устгаад, хөнгөн хэлбэрээр өвчилсөн, эмнэл зүйн шинж тэмдэг үзүүлэх төдийхөн байгаа үхэр сүргийг эрүүл сүргээс нь ялгаж, тэмдэглээд арчилгаа, маллагаа, тэжээллэгийн нөхцлийг нь сайжруулаад эмчилж, сувилж эдгэрүүлсний дараа тодорхой хугацааны дотор хэрэгцээнд ашиглахаар зохицуулах нь оновчтой. Ингэхгүй бол шүлхийн хөнгөн хэлбэрээр өвчилсөн буюу халдвар авсан мал, амьтдыг буудан устгаж буй одоогийн арга нь малчид, нүүдэлчин монголчуудын сэтгэхүйд огт нийцэхгүй байгаагийн зэрэгцээ улс орны эдийн засагт ч үлэмж хохиролтой байна. Яг үнэндээ нэг хотонд байгаа бүх мал сүрэг бүгдээрээ л халдвар тээгч болоод үлдэнэ. Энэхүү буудаж устгах арга нь магадгүй шүлхийг нуух, мэдээлэхгүй байх байдалд хүргэж, тархалтын хүрээг нэмэгдүүлж, улмаар уг өвчний дэгдэлтийн үед мал эмнэлгийн мэргэжлийн ажил, үйлчилгээ, арга хэмжээг хугацаа алдахгүйгээр, оновчтой, үр дүнтэйгээр авч хэрэгжүүлэхэд нь ч сөргөөр нөлөөлж байх магадлалтай.
Шүлхий нь олон улсын худалдааны хорио цээрт өвчнүүдийн нэг. Энэ үүднээс нь авч үзвэл Монгол улсад мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн болох мах, сүү, ноос, ноолуур, арьс, ширний экспорт, импортонд шүлхий ямар нөлөөлөл үзүүлж байгааг тооцож гаргах шаардлагатай. Шүлхийтэй энэ их өндөр зардал гаргаж тэмцсэнээр ямар ашиг олж байна вэ гэдгийг ч эдийн засгийн утгаар нь авч үзэх цаг болсон. Мэдээж эдийн засгийн бус ач холбогдол байгааг үгүйсгэхгүй.
Мал, амьтанд нь шүлхийн шинж тэмдэг илэрснийг малчин, эзэн яаралтай мэдээлж дуудлага өгөх, орон нутагт малын эмч эмнэлзүйн шинж тэмдэгээр зөв оношлох, дээжийг зөв авч лабораторит илгээх, лабораторийн шинжилгээгээр зөв оношлохын тулд оношлуурын сонголтоо зөв хийх, зөв хэрэглэх, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, мэргэжлийн боловсон хүчний сайн нөөцтэй байх, оношийг олон улсын стандарт шаардлагын дагуу найдвартай, итгэлтэй тогтоодог болох, шүлхийтэй тэмцэх бүс нутгийнхаа хязгаарыг үндэслэлтэй зөв тогтоодог болох, тэдгээр бүс тус бүртээ тохирсон тэмцэх арга хэмжээгээ шинжлэх ухааны үндэслэлтэй сонгож хэрэглэдэг болох, шүлхийгээр өвчилсөн эсэхийг эмнэл зүйн шинж тэмдэгээр оношлохыг малын бага эмч бус, малын их эмч гүйцэтгэдэг болох, хорио цээрийн бүс нутгийн заагийг тогтоох, хорио цээрийн арга хэмжээг иж бүрэн авч хэрэгжүүлэх үүргийг тухайн шатны буюу баг, сум, аймгийнх нь дарга, засаг дарга нарт хариуцуулах, вакцин хэрэглэх зайлшгүй шаардлагатай бүс нутагаа сонгохдоо гарч болох эрсдлийг шинжлэх ухааны үндэслэлтэй тооцох, вакцинаа захиалах, хадгалах, тээвэрлэх журам, заавар, сэрүүн хэлхээний тогтолцоотой болох, шүлхийн голомттой бүс нутагаас гадагш чиглэсэн мал, амьтан, тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүний шилжилт хөдөлгөөнийг мэдээлэх, бүртгэх, хянах тогтолцоо бүрдүүлэх, шүлхийн дэгдэлт тохиолдсон үед авч хэрэгжүүлдэг арга хэмжээнүүдийг үндэслэлтэй зөв тусгасан бэлэн байдлын болон шүлхий гарахаас сэргийлэхийн тулд тасралтгүй хэрэгжүүлж байдаг хэтийн бодлого, төлөвлөгөөтэй болох зэргийг багтаасан шүлхийтэй тэмцэх цогц арга хэмжээний байнгын хэрэгжилттэй ойрын болон урт хугацааны хөтөлбөртэй болох шаардлага байна.
Саяхнаас шүлхийн голомтын эргэн тойронд тогтоосон хөл хориог татан буулгалаа. Дараахан нь Дүнжингарав хурдан морины уралдаанаа зохион байгуулаад Монголын өнцөг булан бүрээс хурдан морьд ирж уралдаад буцав. Мэдээж Сүхбаатар, Хэнтий, Дорноговийн шүлхийн голомтоос хурдан морьд авчирч Дүнжингаравт уралдуулсан нь ойлгомжтой. Тэгэхээр шүлхийн вирусийн халдвар одоо хаана ч хүрсэн байж мэднэ. Шүлхийтэй тэмцэх арга хэмжээг тасралтгүй үргэлжлүүлэх хэрэгтэй. Дэгдэлт намжчихаар шүлхийг мартчихаад байж болохгүй ээ.
Хөдөө аж ахуйн маргааш - Сонин
2014.05.14