Танин мэдэхүйн учир шалтгаанаар бол бид харагдахаас үл харагдах уруу мацаж байна
Энэ удаа манай сурвалжлагч
Биокомбинат ТӨААТҮГ-ын
Үйлдвэрлэл-технологийн албаны дарга,
Ерөнхий технологич
Ц.Өлзийтогтохтой ярилцав.
А. За өвөлжөө тавлаг уу?. Уншигчдын сонирхсон асуултаар тантай ярилцах боломж олдсонд таатай байна. Уучлаарай, танай үйлдвэрийг малын эм хийдэг нэг жижигхэн газар биш, харин Монгол улсын биотехнологийн төв гэж ойлгодог л доо. Гэтэл танайхаас хол давсан газар олон сонсогдох боллоо. Үүнээс ярилцлагаа эхлэе.
Х. Сайхан өвөлжиж байна. Тийм ээ. Мал амьтныг халдварт өвчнүүдээс сэргийлэх зориулалт бүхий, нэг удаа тариад 100 хувь, урт хугацааны дархлаа тогтоодог вакцин үйлдвэрлэсэн, түүний 100% дархлаа тогтоодог болохыг нь Монгол улсын лаборатори нотолсон, хүний дархлааг сайжруулдаг эм хийгээд хорт хавдар эмчилдэг болсон гэх мэт мэдээ, мэдээлэл, яриа нилээд газар авч байна л даа. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч гэсэн вакцин, вакцинжуулалтын ажил үр дүнгийн талаар үндэслэл муутай мэдээлэл их цацах болж. Энэ нь уг мэдээллийг өгч буй хүмүүсийн мэргэжлийн мэдлэг дулимаг, ялангуяа вакцин, вакцинжуулалтын талаархи ерөнхий ойлголт нь дэндүү чамлалттай байгаатай холбоотой болов уу. Ер нь аливаа зүйлийг хэт магтах юм уу, муулахын аль аль нь нийгэмд их сөрөг нөлөөтэй байдаг шүү дээ. Вакцин үйлдвэрлэнэ гэдэг бол тийм хялбар ч ажил биш. Тиймээс дан ганц мэргэжилтнүүдээр зогсохгүй, хүмүүс энэ талаар ямар нэг хэмжээний мэдээлэлтэй байвал халдварт өвчинтэй вакцинжуулалтын аргаар тэмцэхэд эерэг үр нөлөө үзүүлнэ гэж бодож байна.
А. Тэгэхлээр вакцин хэрэглэвэл өвчин тусдаггүй, өөрөөр хэлбэл дархлагддаг юм байна гэж ойлгох нь буруу юу?.
Х. Үнэндээ бол вакцин нь дархлаажуулагч бэлдмэл. Дархлаа судлалын үүсч хөгжих үндэс суурь нь халдварт өвчин судлал байсан. Тэр дундаа XVIII-XIX зуунд дэлхий нийтээр тархаж байсан хүн, мал амьтны цэцэг өвчин юм.
А. Өвчнийг өвчнөөр нь дархлаажуулна, устгана гэдэг сонин байна л даа. Түүхээс нь товч дурдвал илүү ойлгомжтой байх болов уу?.
Х. Цэцэг өвчнөөр өвчлөөд эдгэрсэн бодгалиуд энэ өвчнийг эсэргүүцэх тэсвэртэй болж, цаашдаа уг өвчний халдварлалт дахин тохиолдох үед өвчлөхгүй байсныг XII зуунд Хятадууд ажигласан байсан тухай түүхэнд тэмдэглэгдсэн нь байдаг. Туршилт хийж байсан хүмүүс бага насны эрүүл амьтдын арьсанд жижиг огтлоос хийж түүндээ халдварласан амьтнаас авсан шархны тавыг үрэх замаар цэцэг өвчний зориудын халдвар хийсэн. Ингэж халдварлуулсны дараа амьд үлдсэн бага насны амьтад насан туршдаа цэцэг өвчнөөр өвчлөөгүй гэж байгаа юм. Бас нэг сонин нь хамгийн хөнгөн хэлбэрээр өвчилсөн өвчтнөөс авсан шархны тавыг ашигласнаар хамгийн бага хүндрэлтэй урвал илрэх буюу хөнгөн хэлбэрээр өвчилж байсан. Ингэснээр цэцэг өвчний халдвар дэгдэлтийн үед 20 орчим байсан үхлийн хувьтай харьцуулахад тарилгын улмаас үүсэх үхлийн хувийг нэг хүртэл бууруулж чадсан байна. IX зуунаас хойш баруун Европыг хамарсан мялзан өвчний дэгдэлтийн улмаас үхэр сүрэг хэдэн зуун мянгаараа хиарч байв. Үүнд уламжлалт эмчилгээний аргуудын аль нь ч тус болоогүй. Харин нилээд хожуу 1754 онд тарилга тус болж магадгүй юм гэсэн санал гарчээ. Ингээд мялзан өвчтэй үхрийн хамрын гоождосоор норгосон богинохон утсыг эрүүл үхрийн омрууны арьсан дор суулгасан байна. Үүний нөлөөгөөр үүссэн өөрчлөлт нь олонхи тохиолдолд байгалийн халдвараас хүндрэл багатай байжээ. Энэ үйл ажиллагаа маш их түгээмэл болсон бөгөөд дадлага туршлагатай урьдчилан сэргийлэх тарилга хийгчид Европ даяар аялан явж, сэргийлэх тарилгыг үхэрт хийгээд мялзанг эсэргүүцэх хамгаалалттай болсныг батлан үзүүлэхээр тэдгээр үхрийг тамгалж байсан гэдэг.
1798 онд Английн эмч Эдуард Женнер өөрийн эмчилж байсан өвчтнүүдийн нэгний санал болгосноор үхрийн цэцэг өвчний гэмтлээс авсан материалыг хүний цэцэг өвчний тарилгад зориулж орлуулан хэрэглэж болохыг баталсан юм. Вакцинжуулалт гэж нэрлэдэг энэ арга барилын үр нөлөөгөөр 1970-аад онд дэлхийгээс цэцэг өвчнийг бүрмөсөн устгасан. Харамсалтай нь энэ оролдлогууд нь зарим тохиолдолд тухайн өвчнийг хязгаарлахаасаа илүүтэйгээр тархааж дэлгэрүүлэхэд хүргэж байсан нь тодорхой болсон. Үхрийн цэцэг өвчний талаарх Женнерийн ажиглалтын ерөнхий утга санаа болон өвчин үүсгэдэг дархлаажуулагч организмын хүчдэлийг бууруулахын ач холбогдлыг 1879 он хүртэл бүрэн гүйцэд ойлгохгүй байжээ. Тэр жил Франц улсад Луй Пастер одоо Pasteurella multocida гэж нэрлэж байгаа бактериар үүсгэгддэг шувууны өвчинд тахианы тэсвэрт чанарыг судлаж эхэлсэн. Вакцинжуулалт хийх үед ямар нэгэн организмын өвчин үүсгэдэггүй буюу хоруу чанаргүй омгоор амьтныг нэрвүүлснээр дархлааны хариу урвалыг нь өдөөж чадна. Энэ дархлааны хариу урвал нь ижил төрлийн буюу нягт холбоотой организмын өвчин үүсгэдэг буюу хоруу чанартай омгоор үүсгэгдэх дараагийн халдварын эсрэг тухайн амьтныг хамгаалдаг. Вакцинжуулалтын энэ зарчмыг нээж тогтоосноор Л.Пастер түүнийг анх удаа боом өвчинд ашигласан. Тэрээр боомын үүсгэгч бактериудыг (Bacillus anthracis) ердийн бус өндөр температурт ургуулах замаар хоруу чанаргүй болгохыг хийж үзүүлж байжээ. Тэгээд боом үүсгэгч хоруу чанартай бактерийн халдвараас хонийг хамгаалах зорилгоор эдгээр хорууг нь сулруулсан организмуудаар вакцин бэлтгэн ашиглаж байсан байна. Л.Пастер мөн галзуу үүсгэгч вирус халдварлуулсан туулайны нугасыг хатааж, вакцины материал болгон ашигласнаар галзуу өвчнөөс сэргийлэх үр дүнтэй вакцин бүтээсэн. Хэдийгээр Л.Пастер өөрийн зохион бүтээсэн вакцинуудад зөвхөн хоруу чанаргүй амьд организмуудыг ашиглаж байсан ч түүний дараахан АНУ-д ажиллаж байсан Даниел Салмон, Теоболд Смит нар үхүүлсэн организмуудыг ашиглаж, вакцин зохион бүтээх боломжтойг бас баталсан. Тэд Salmonella enterica choleraesuis гэдэг бактерийн халуунаар үхүүлсэн өсгөвөр уг организмаар үүсгэгддэг өвчнөөс гахайг хамгаалж чадаж байгааг нотолж үзүүлсэн байна. (Түүнийг тэр үед Bacillus suipestifer гэдэг нэрээр мэдэж байсан бөгөөд гахайн мялзангийн үүсгэгч мөн гэж итгэж байсан). Мөн удалгүй Германд Вон Беринг, Китасато нар зогсоогийн савханцарын (clostridium tetani) өсгөврөөс гаргаж авсан шүүгдэс нь нянгийн биет агуулаагүй ч зогсоо өвчний эсрэг үр дүнтэй хамгаалалт олгож чадаж байгааг үзүүлж байжээ. Өнгөрсөн зууны туршид дархлаа судлаачид бичил биетний эсрэг дархлааны молекул ба эсийн үндсийг ялган таних чиглэлд ихээхэн амжилт гаргаж ирсэн байна.
А. Тэгвэл вакцин нь хүн, мал, амьтанд өвчинд нэрвэгдэхгүй байх дархлаа үүсгэж байна гэж ойлговол болох уу?
Х. Ер нь вакцин, эсрэг ийлдэс, оношлуур гэх зэрэг бүх төрлийн биобэлдмэлийн үйлдвэрлэлийн технологийн суурь онол нь дархлаа судлалд үндэслэсэн байдаг. Иймээс вакциныг хүн, мал, амьтанд олгосноор вакцины найрлага дахь амьд бичил биетэн, эсвэл хамгаалагч эсрэгтөрүүлэгчийн эсрэг тухайн бодгаль буюу мэргэжлийн хүмүүсийн ярьдгаар .эзэн амьтан нь дархлааны хариу урвалаа дайчилсны үр дүнд идэвхтэй дархлаа бий болдог байна. Иймд хариу урвалын хүчийг л дархлааны хүчдэл гэж үзэж болно. Турж эцсэн, өвчилж доройтсон, хөгширч муудсан мал амьтанд ямар ч сайн вакцин хийхэд үр дүн гардаггүй нь үүнтэй холбоотой. Тиймээс ч 100 хувь үр дүн гаргах вакцин гэж хаана ч байхгүй. Эндээс харахад дархлаа судлал, вакцин судлал болон биобэлдмэлийн үйлдвэрлэлийг хооронд нь холбохгүйгээр буюу нэгийг нөгөөгөөс нь салгаж ойлгох ёсгүй гэдэг нь ойлгомжтой байгаа биз дээ.
А. Харин ч вакцинтай л бол бүх зүйл болоод явчих юм биш үү?
Х. Цорын ганц нь биш л дээ. Вакцинжуулалт бол халдварт өвчинтэй тэмцэх нэг л арга шүү дээ. Өнөөдөр дэлхийн улс орнууд мал амьтны халдварт өвчинтэй тэмцэхэд олон арга хэрэглэж байна.
А. Тухайлбал?,
Х. Юуны өмнө гоц халдварт зарим өвчний дэгдэлт тохиолдсон үед халдварын голомтод байгаа мэдрэмтгий буюу өвчлөмтгий бүх мал амьтныг устгах, зарим халдварт өвчний дэгдэлт гарсан үед өвчилсөн бүх мал амьтныг устгаад эрүүл хэсгийг нь вакцинжуулах, мөн тийм үед оношлогоо хийн илрүүлж баталгаажуулаад өвчтэйг нь нядалгаа устгалд оруулах. Эрүүл сүргийг вакцинжуулахгүй байх. Цаашилбал, зарим ужиг явцтай халдварын үед өвчтэй болон эрүүл бүх сүргийг тусгаарлаж ялгалгүйгээр вакцинжуулах туршилт ч зарим улс оронд явагдаж байна. Мөн өвчтэй мал амьтныг эрүүл сүргээс нь ялгаж тусгаарлаад эмчлэх зэрэг. Гэхдээ эдгээр аргаас сонгоход олон хүчин зүйлийг харгалзана л даа.
А. Тодруулбал?.
Х. Уг халдварт өвчин олон улсын ангилалын аль зэрэгт багтаж байгаа, дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага ямар арга хэрэглэхийг зөвлөмж болгож байгаа, тухайн улсын эдийн засгийн чадавхи, мал эмнэлгийн шинжлэх ухааны хөгжлийн түвшин, мал эмнэлгийн төв байгууллагын халдварт өвчинтэй тэмцэх бодлого, чадавхи, хүч, хэрэгсэл, эрх зүйн орчин гэх зэргийг дурдаж болох байна. Хөгжиж буй улс орнуудын тухайд мэдээжийн хэрэг, эдийн засгийн хувьд аль хямдыг нь ашиглах нь ойлгомжтой. Одоогоор олон улс оронд мал амьтны халдварт өвчинтэй тэмцэхэд ашиглаж буй хамгийн хямд арга нь вакцинжуулалт. Вакцинжуулах ажлын үндсэн хэрэглэгдэхүүн бол вакцин. Вакцины чанар ямар байхаас вакцинжуулах ажлын үр дүн ихээхэн хамаарна. Үүнд, үйлдвэрлэгчээс гадна эцсийн хэрэглэгч хүртэлх урт сүлжээ буюу тээвэрлэлт, хадгалалт, хэрэглэгчийн арга ажиллагаанаас шалтгаална. Шат шатанд сахилга, хариуцлага , мэргэжлийн удирдлага, хяналт нэн чухал. Өөр нэг чухал зүйл бол вакцины чанарын үнэлгээ, шалгалтын тухай ойлголт нь лавлагааны хүчирхэг лаборатори, эрдэмтэд, мэргэжилтнүүдийн судалгааны үр дүнгээр тодорхойлогдох ёстой. Гаднаас нь хараад хэн дуртай нь элдэв зүйл яриад байх нь утгагүй шүү дээ. Дэлхийн олон улс оронд тогтсон жишгээр нэг вакцин бүтээхэд 10-15 жилийн нөр их хөдөлмөр шаардагддаг. Маш их судалгаа, туршилт, хөрөнгө оруулалт шаардсан ажил байдаг. Үйлдвэрлэл ч ялгаагүй технологийн мэдлэгээс гадна, ур чадвар, сахилга, гаршил, дадлагашил, мэргэшил, сэтгэл зүтгэл, нягт нямбай байх чанарыг шаардана. Нэг үгээр хэлбэл, маш нарийн, ихээхэн эмзэг үйл ажиллагаа шүү дээ. Танин мэдэхүйн учир шалтгаанаар бол бид харагдахаас үл харагдах уруу “хоосон чанар” өөд мацаж байна. Ялангуяа, вирус, микоплазмын гаралтай амьд вакцин. Эдүгээ дэлхийн улс орнуудад хэрэглэж буй вакцинуудыг амьд, идэвхгүйжүүлсэн, шинэ технологийн гэж ангилдаг. Эдгээрээс мал эмнэлгийн практикт хэрэглэж байгаа шинэ технологийн вакцин ердөө 10 орчим хувийг эзэлж байна. 2007 оны байдлаар АНУ-д гэхэд л адуу, загасны халдварт өвчнөөс сэргийлдэг шинэ технологийн хоёрхон вакцин байгаа мэдээлэл гарсан.
А. Аль аль сайн вакцин уу?
Х. Амьд болон идэвхгүйжүүлсэн вакцинд сайн ч, саар ч тал бий. Харин нэгийг нь муулж, нөгөөг нь магтах ямар ч утгагүй л дээ. Саяхан УМЭҮГ-ын даргын өрөөнд болсон нэгэн хурлын үеэр мал эмнэлгийн хүрээлэнгийн нэг “эрдэмтэн” “..хэдэн жилийн өмнө.. ОХУ-аас нийлүүлж байсан вакциныг өвчний голомтод байсан өвчлөмтгий малд тарихад маргааш нь л өвчин бүрэн арилчихсан..” гэх маягийн юм ярьж байсныг санаж байна. Харамсалтай нь бас л түүний ярьсныг зарим дарга өлгөж аваад бүр зурагтаар дамжуулж яриад зогсож байсан. Маш хурдан дархлаа тогтоодог вакцин ОХУ-аас оруулж ирнэ гээд л. Вакцин болон вакцинжуулалтын талаар тийм ойлголттой байж болохгүй. Мэдэхгүй байж их мэдэгчийн дүр эсгэн худал ярьдаг атлаа асуудал шийдвэрлэхэд хүчин зүтгэл гаргаж туршлагаа нэгтгэдэггүй, бие биенээ харилцан хүндэлдэггүй, бүхий л шатанд мэргэжилгүй нь мэргэжилтэйгээ удирддаг.. Ийм л олон гажуудлын сүүдэр байгааг хэлэх нь зүйтэй болов уу. Ийм байдлаас болоод ажил аль ч шатандаа амжилтад хүрэхгүй байна шүү дээ.
Хөдөө аж ахуйн маргааш – Сонин
2010 он. № 12 (69)