МАЛ ЭМНЭЛГИЙН ХОЛБОО БУСДЫН ГАРТ АМЬ ҮРЭГДЖЭЭ

 

 

МАЛ ЭМНЭЛГИЙН ХОЛБОО БУСДЫН ГАРТ АМЬ ҮРЭГДЖЭЭ

Монголын мал эмнэлгийн холбооны Удирдах зөвлөлийн цөөнх 2013 – 2017 онд тус улсын мал эмнэлгийн салбарт хэвшсэн хуульчилсан хулгайн үндсийг таслах, улсыг бүхэлд нь хэрсэн, малын өвчин барьцаалсан худалч, хулгайч тогтолцоог халахад хувь нэмэрлэх оролдлогоо идэвхжүүлэв, зарим чамлахааргүй үр дүнд хүрэв. Хулгайч тогтолцооны вакцинчин, ивомекчин, туулгачин, угаалгын бодисчин, ариутгалын бодисчин, вакцины мөнгөчин, хүнсний захын дээжчин, хуурамч дипломын дамчин, итгэмжлэлийн үнэмлэхчин, эмийн заавар дуудаач бүлгүүд түгшүүр авч, хамсав. Түгшигчид Монголын мал эмнэлгийн холбооны долдугаар их хуралд Удирдах зөвлөлөөс нь хавьгүй илүү идэвхтэй, зарлагатай бэлтгэв. Холбооны Удирдах зөвлөлийн олонх тэд нартай хамтрав. 2017 оны 12-р сарын 5-нд болсон тус төрийн бус байгууллагын ээлжит их хурлаар түгшигчид Удирдах зөвлөлийг нь булаан эзлэв, найрлав.

Цөөнгүй төлөөлөгч тус их хурлын үйл ажиллагааг хууль бус, шийдвэрүүд нь хүчингүй гэж үзэв, үндэслэлүүд нь:

Холбооны их хурлын төлөөлөгчийг сонгохдоо төлөөллийн тэгш байх зарчмыг хангаагүй, зарим аймгаас нэг ч төлөөлөгч оролцоогүй, зарим аймгаас бараг бүх малын эмч нь ирсэн, сонгогдох эрх бүхий арван гишүүн тутмаас нэг төлөөлөгч сонгох Удирдах зөвлөлийн удирдамжийг баримтлаагүй;

Төлөөллийн ардчилсан зарчмыг баримтлаагүй, олонхи аймаг салбар зөвлөлийн хурал хийгээгүй, төлөөлөгчийг нэр дэвшүүлж, санал хурааж сонгоогүй, шууд томилж оролцуулсан, олон хүн сайн дураараа оролцсон, олонхи гишүүдэд тус их хурал болох, болж байгаа, болсон талаар мэдээлэл хүрээгүй;

Завхан, Булган, Баян-Өлгий, Говь-Алтай зэрэг олон аймгийн төлөөлөгчдийг тус их хуралд зориуд оролцуулаагүй;

Холбооны гишүүн бус олон хүн томилогдож, эсвэл сайн дураараа оролцсон, хурлыг үймүүлсэн;  

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг, үржлийн газрын болон олон аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал эмнэлгийн албаны дарга, түшмэлүүд тус төрийн бус байгууллагын их хуралд урилгагүй, сайн дураараа оролцсон, зориуд хутган үймүүлсэн;

“Малын эмч нарын дундын хоршоо” гэдэг саармаг байгууллагын нэрээр халхавчлан төрийн албан хаагч голдуу, Холбооны гишүүн бус хүмүүс олноороо бүлэглэж, их хурлын үйл ажиллагааг урьдаас, зориуд зохион байгуулалттай хутган үймүүлсэн, Дорноговь, Сүхбаатар, Төв, Дархан-Уул, Сэлэнгэ, Хөвсгөл, Баянхонгор зэрэг олон аймгийн, мөн Улаанбаатар хотын малын эмч нарыг урьдчилан хуйвалдаж, зохион байгуулалттайгаар томилон ирүүлж, зочид буудалд байрлуулж, Холбооны удирдах зөвлөлийн цөөнхийн өөдөөс турхирч, хурлын үйл ажиллагааг будлиулах үймээн самуун найруулсан, “концерт” бэлтгэсэн, санал худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулсан;    

ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн “профессорууд”, Мал эмнэлгийн хүрээлэнгийн “эрдэмтэд” тус их хурлын үйл ажиллагааг урьдаас зориуд зохион байгуулалттай хутган үймүүлсэн;

Батлаагүй, бүртгүүлээгүй дүрмийн гэнэтийн “өөрчлөлтийн” дагуу удирдах зөвлөлийн сонгуулийг зохион байгуулж, сүүлийн 2 их хурлаар 4 хүнийг дүрмийн заалтаас илүү “сонгосон”;  

Удирдах зөвлөлийн сонгуулийг зориуд үймүүлж будлиантуулсан, шүүмжлэлд байнга өртдөг, хонзогногч этгээдүүд сайн дураараа, хорсолтойгоор тооллогын комиссын бүрэлдэхүүнд урилгагүй орж, Удирдах зөвлөлийн гишүүдийн сонгуулийн үйл ажиллагааг удирдлагагүй, хяналтгүй явуулж, олонхи нэр дэвшигчдийг танилцуулаагүй, саналын хуудсанд нэрийг үлдээх эсэхийг санал хурааж шийдээгүй. Үүний улмаас Холбооны гишүүн бус, малын эмчийн мэргэжлийн эрхгүй, мэргэжлийн бус, төрийн захиргааны албан хаагч, хөндлөнгийн хутган үймүүлэгч, хорлон сүйтгэгч зэрэг хүмүүс олноороо Удирдах зөвлөлд шургалах боломж олгосон;

Мал эмнэлгийн сургуулийн “профессор” зэрэг нэр бүхий хүмүүс олон хүнийг дарамталж, айлган сүрдүүлж өөрсдийн төлөө санал өгүүлсэн, нэр дэвшигчдийн жагсаалтаас нэрийг нь татуулсан, дэмждэг хүнийх нь төлөө санал өгүүлээгүй;

Тооллогын комисст сайн дураараа орсон нэг хонзогногч саналын тэмдэглэгээг дуудаж, нөгөө хонзогногч нь бүртгэсэн, гурав дахь хонзогногч энэ үйлдлийг нь хянасан дүр эсгэсэн. Саналын хуудас дээр санал өгөгчийн нэрийг бичүүлээгүй, нийт саналын хуудсыг Удирдах зөвлөлд хүлээлгэж өгөөгүй, хяналтын тооллого хийлгээгүй, Баян-Өлгий аймаг руу аваад зайлсан. Тооллогын комиссын тогтоол гаргаагүй, хэлэлцүүлээгүй, батлуулаагүй;

Шинээр сонгогдсон гэж буй  “Удирдах зөвлөл”-ийн 15 гишүүний 9 нь Холбооны гишүүн бус, 6 нь төрийн албан хаагч, мөн төрийн харьяаны 2 байгууллагаас тус бүр 2 хүн “сонгогдож”, Холбооны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөггчийн албан тушаалыг тус Холбооны гишүүн бус, ядаж малын эмчийн “итгэмжлэлгүй”, тус их хурлыг хутган үймүүлэх бэлтгэлийг өнгөрсөн хаваржин, зунжин, намаржин зохион байгуулсан этгээдүүд хууль бусаар эзэгнэлээ;   

Удирдах зөвлөлд тус холбооны жинхэнэ гишүүн, сум, багт мал эмнэлгийн үйлчилгээ эрхэлж буй 12 малын эмчийн нэрийг бүс нутгуудыг төлөөлүүлэн нэр дэвшүүлсэн боловч тэдэнд өөрийгөө болон хөтөлбөрөө танилцуулах боломж олгоогүй. Үүний улмаас 330 сумын 1000 гаруй мал эмнэлгийн 1500 гаруй малын эмчийг төлөөлж, Удирдах зөвлөлийн гишүүн байх болзлыг бүрэн хангасан, өвчин оношлох, амьтан эмчлэх эрхтэй нэг ч малын эмч сонгогдсонгүй;

Мал эмнэлгийн холбооны үндсэн чиг үүрэг нь болсон гишүүдээ чадавхижуулах үйл ажиллагааг нь ямагт булаацалддаг, орлогоос нь рекэтийн хувь хүртдэг Мал эмнэлгийн сургууль, ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг, гадаадын буяны байгууллагын дэмжлэгтэй төрийн бус байгууллага, саармаг хоршоо зэрэг хөндлөнгийн байгууллагуудын хорлон сүйтгэгч нар Удирдах зөвлөлийн гишүүнд шургалсан зэрэг болой. 

Ийнхүү Холбооны 7-р их хурлын үйл ажиллагааг урьдчилан бэлтгэсэн илэрхий хуйвалдаан, луйвраар будлиантуулж, Холбооны гишүүн бус, тус Холбоотой ашиг сонирхлын зөрчилтэй төрийн болон төрийн бус, аж ахуйн байгууллагын хонзогногч нараас голчлон Удирдах зөвлөлийг “бүрдүүлэх” замаар тус Холбооны дүрмийн дагуух бүх үйл ажиллагааг таслан зогсоох, мэргэжлийн болон гишүүдийн язгуур ашиг сонирхлын төлөөх дуу хоолойг хаах, улмаар хулгайч бүлэглэлүүдийн шуналын халхавч болгон ашиглах оролдлогыг илчлэн таслан зогсоох нэхэмжлэл бэлтгэх, шүүхэд хандах саналыг цөөнгүй төлөөлөгч гаргаж, цөөнгүй гишүүн дэмжсэн билээ. Харин нэхэмжлэхэд нэрээ тавих, шүүхэд хүргэж өгөх олон санаачилга аажмаар унтрав. Хулгайч тогтолцооны эсэргүүний бүртгэлд орохоос айсан биз, аргагүй ээ, галзуу хүнээс нохой айдаг биз дээ.

Удирдах зөвлөлийг булаан эзлэгчид Монголын мал эмнэлгийн холбооны амыг заналтайгаар, хорсолтойгоор барилаа, хөөрхий Холбоо бусдын гарт амь үрэгдлээ, амь гаргаач нар талийгаачийн сүнсийг барьцааллаа, тэдэнд сүнс нь л хэрэгтэй байж.

Сүнс барьцаалагчид хууль бус “итгэмжлэлийн үнэмлэх” гээчийг нууцаар зарж, эмийн заавраар сан тавьж, даллага авахуулж амь зууж байна. Тэдэнд мэргэжлийн шалгалт авах, мэргэжлийн эрхийн үнэмлэх олгох эрх, чадвар аль нь ч байхгүй. Мэргэжлийн эрх, нарийн мэргэжлийн итгэмжлэл хоёрыг ялгах чадвартай шийдвэр гаргагч сүүлийн 20 жилд байсангүй, мөд төрөхгүй байх.

Дууриамал “итгэмжлэлийн үнэмлэх” гээч нь малын өвчин барьцаалан улсын болон аймгийн төсвөөс хулгайлах, амьтан эзэмшигчид, үйлдвэрлэгчдийн өврийг суйлах таних тэмдэг төдий юм. Үнэмлэх авсан нэг зуун тавин мянган төгрөгөө улсын төсвөөс, амьтан эзэмшигчдээс хэдэн зуу, мянга дахин өсгөөд “авчихна”. Мэргэжлийн хуурамч дипломыг хөнгөлөлттэй нөхцлөөр авсан, “итгэмжлэгдсэн” “малын их эмч”, техникч, туслагч нарт мэргэжлийн эрхийн шалгалтанд тэнцэх, өвчин оношлох, амьтан эмчлэх тусгай зөвшөөрлийг нэр төртэй авах чадвар үнэндээ байхгүй.

Ийм учраас амьтан эзэмшигчид ээ, аймаг, сумын Засаг дарга нар аа, сүнс барьцаалагчдаас, “итгэмжлэгдсэн малын эмч, техникч, туслагч” нараас хол байгтун, тэдэнд итгэх аргагүй.

О. УЛАМБАЯР

2019.12.05