“МАЛ ТУУЛГАЛТ” ХЭМЭЭХ ХОРЛОН СҮЙТГЭЛ
Амьтан бүхэн насан туршдаа биедээ олон зүйлийн хорхойг агуулж, тэжээж, үржүүлдэг, тэдгээрийн бүл үүсэх, оршин тогтнох, арилах, сэргэх нь тус бүр өөрийн зүй тогтолтой, хоорондоо зохицсон байдаг. Нэг сүргийн амьтдын 10 – 90 хувь нь тухайн зүйлийн хорхойн халдварт хараахан өртөөгүй буюу хорхойгүй, хорхойтсон олонхи амьтад жирийн халдвартай буюу цөөн хорхойтой, эмнэл зүйн болон хэт халдварт өртсөн цөөн амьтан байх ба тэднийг олж эмчилдэг.
Заримдаа хорхойтохуйн тахал илэрдэг, олон жилийн завсарлагатай, олон сүрэгт олон амьтан өвчилдөг. Зарим бүс нутагт 1950 – 1960-аад онд хонь, ямааны ходоод – гэдэсний хялгасан хорхойтохуйн, 1960 – 1970-аад онд үхэр, тэмээний ходоод – гэдэсний хялгасан хорхойтохуйн, 1960-аад, 1970-аад оны эхээр адууны могой хорхойтохуйн, 1990-ээд оны бороотой жилүүдэд уулархаг нутгаар бог малын хосны годил хорхойтохуйн тахал илэрч, 1 – 5 жил үргэлжилжээ. Манай улсад 1950-иад оны сүүлээр бог малын хялгасан хорхойтох өвчнийг фенотиазинаар, туузан хорхойтох өвчнийг зэсийн цэнхэрээр эмчилж, энэ үеэс туулга, туулгалт гэдэг үгийг хэрэглэжээ.
Амьтны гэдэсний хананы булчингийн хөдөлгөөнийг түргэсгэж, агуулгыг нь хөөж гаргах буюу баас, чацга алдуулах үйлдэлтэй эмийн бэлдмэлийг туулга гэдэг. Ареколины бэлдмэлийг нохой, тахианы туузан хорхойг тууж гаргахад хэрэглэснээр “хорхой туулгах” хэмээх томъёолсон нэр үүсчээ.
Одоогийн хорхой үхүүлэгч бэлдмэлүүд нь амьтны гэдэсний хананы булчингийн хөдөлгөөнд нөлөөлөхгүй, баас, чацга алдуулахгүй буюу туулгахгүй, хорхойг саажуулж, хордуулж үхүүлдэг. Ийм бэлдмэлийг туулга гэхгүй, хорхой үхүүлэгч бэлдмэл гэдэг, ийм бэлдмэлээр амьтны биед буй олон зүйлийн хорхойг агнахыг хорхойгүйтгэх эмчилгээ гэнэ. Жишээлбэл, ивомек туулга биш, ивомек тарихыг туулгалт гэхгүй, альбендазолын бэлдмэлүүд туулга биш, түүнийг амьтанд уулгах нь туулгалт биш. Нүд, тархи, уушиг, элэг, нойр булчирхай, харвин, цус зэрэг гэдэснээс бусад эд, эрхтэнд байгаа хорхойг агнахыг туулгалт гэхгүй.
Монгол Улсад 1960 он хүртэл малын хорхойгүйтгэх эмчилгээ оновчтой, хорхойтохуйн эмнэл зүйн болон хэт халдвартай, өвчилсөн амьтдыг олж эмчилдэг, мэргэжлийн эмчилгээ байв. ЗХУ-ын зээлийн мөнгийг барж ядаж байсан 1970 – 1992 оны цамаан жилүүдэд бүх суманд бүх сүргийг хоморголон “туулгаж” байв. Сүргийн 90 гаруй хувийг бүрдүүлдэг хорхойгүй хийгээд хорхойн жирийн халдвартай буюу цөөн хорхойтой бүх амьтан “туулганд” өртөнө. “Туулга” амьтны баас, шээс, хөлс, амьсгалаар гадагшилж малын хот, агаар, бэлчээр, усыг бузарлана.
Мал хувьчилсаны дараа 1993 – 2012 онд хорхойгүй болон цөөн хорхойтой амьтдыг “туулгах” явдал түр саарав. Төсвийн мөнгөөр малын эмч нарт амьтныг хорхойгүйтгэх эм тараадаг, тэд түүнийг малчдад зарж амь зуудаг байв. 2013 оноос малчид өөрсдөө малаа сүргээр нь жилд 1 – 2 удаа “туулгадаг” болов. Мал сүрэг жил бүр, сүргээрээ, хэд хэдэн удаа, олон зүйлийн хорхойтохуйн тахалд өртөхгүй, иймээс сүргээр нь эмжүүлэх хэрэгцээ хаана ч, хэзээ ч үүсэхгүй. Амьтны сүргийн арав хүртэл хувь нь хорхойтно, хорхойтсон амьтдын 10 хүртэл хувь нь эмнэл зүйн болон хэт халдварт өртөнө, энэхүү 10 хүртэл хувийг буюу нэг мянган амьтнаас аравыг олж эмчлэх бодит хэрэгцээ байна. Хорхойтож өвчилсөн арван амьтны төлөө хорхойгүй, цөөн хорхойтой, өвчлөөгүй есөн зуун ерэн амьтан “туулганд” бузартаж байна, улмаар бэлчээр, ус, агаарыг бузарлаж байна. Бид бүгдээрээ “туулганд” бузартсан мах идэж, “туулгатай” сүү ууж байна.
Хорхойн жирийн халдвар нь амьтны сүрэгт хэрэгтэй, ашигтай, амьтны биед тухайн хорхойн халдварыг эсэргүүцэх дархлааг өдөөнө, хөгжөөнө, тогтоон барина. Жирийн халдварыг арилгавал түүний өдөөж, хөгжөөж, тогтоон барьж байсан дархлаа арилна, “туулгасан” амьтан дахин хорхойтно, хүнд өвчилнө. Ийм учраас хорхойн жирийн халдварыг оролдох хэрэггүй. Хорхойн халдварыг оношлох, хорхойтсон амьтныг эмчлэх төвөгтэй бөгөөд мэдлэгтэй эмч оношилж, ур чадвараа дайчилж, ухаанаа зарж, сэтгэл гаргаж хийдэг нарийн мэргэжлийн ажил. Ганц хорхой танихгүй хуурамч эмч, техникч нар үүнийг хийж чадахгүй. Хорхой танидаг, хорхойтсон амьтныг олдог, эмчилдэг, малчдад зөвшөөрөгддөг, тусладаг, зөвлөдөг жинхэнэ малын их эмч тун ховорджээ.
Харанхуй, хавтгай эмжүүлэлт нь мал сүрэг хийгээд мал аж ахуйн бүтээгдэхүүний нэр хүнд, үнэ цэнийг бууруулна, хүрээлэн буй орчны агаар, ус, бэлчээрт эмийн бузар үүсгэнэ. Оношгүй, хоморголсон, мэргэжлийн бус эмжүүлэлт бол эрүүл, цэвэр сүрэг, хот, агаар, ус, бэлчээрээ бузарласан, бүтээгдэхүүнйхээ нэр хүнд, чансааг унаган, олон жилийн хөдөлмөрийн үр шимээ хорлон сүйтгэсэн үйлдэл юм. Хоморголон эмжүүлсэн мал сүргийн борлуулалт удааширна, үнэ хямдрана. Соёлжсон хэрэглэгчид ивомекжүүлсэн, “туулгасан” малын бүтээгдэхүүнийг хэрэглэхээс эрс татгалзаж байна. Буруу хэрэглэсэн “туулганы” бузар нь хорхойноос мянга дахин илүү хорлонтой. Ийм “туулгалт” хийснээс хийгээгүй нь мянга дахин дээр. Эдүгээ сүргээ, нутагаа хорхойноос бус, буруу хэрэглэсэн “туулга”-ны бузараас цэвэршүүлэх нэн хэцүү сорилттой бүх хот айл нүүр тулжээ.
Хорхой барьцаалагчид хуурах, хулгайлах шуналаа “Малын өвчнөөр хулгайч тэжээдэг хуулийн” (Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль) 21.4. – т “Шимэгчтэх өвчний тархалт, халдварлалтын байдал улсын эдийн засаг, нийтийн эрүүл мэндэд аюул учруулах хэмжээнд хүрсэн талаар мал эмнэлгийн эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын зөвлөмж болон энэ хуулийн 28.9-д заасан мэргэжлийн зөвлөлийн саналыг үндэслэн тухайн өвчинтэй тэмцэх төлөвлөгөөг боловсруулж, мал, амьтны эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж, мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хэрэгжилтийг зохион байгуулна.”, 33.1.3.2.-т “энэ хуулийн 21.4-т заасан шимэгчит өвчний” зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ гэж шургуулсаныг УИХ ёсоор болгожээ.
Улсын төсөвт “туулга” шахаачид өөрсдийгөө мэргэжлийн зөвлөлийн гишүүн гэж өхөөрдөх юм байна. Хуурамчийн дуураймал “туулга зохион бүтээгч” Засгийн газрын 100 сая төгрөгийн шагналыг, Шинжлэх ухааны академийн оны шагналыг хулгайлсаныг олон нийт харж байна, шоолж байна. Зөвхөн Засгийн газар л шахаанд авдаг, малчид хэрэглэдэггүй хуурамчийн дууриамал “туулгаар” улсын төсвийн олон тэрбум төгрөгийг олон жил хулгайлсан, хулгайг нь “малын эмч” нар малчдад дамлан үзүүр цохиж амь зуусан, тус улсын эрүүл мал сүргийг, цэвэр нутаг усыг хуурамч “туулгаар” бузарласан хорлон сүйтгэлийг татвар төлөгчдийн мөнгөөр шагнадаг Засгийн газартай, ШУА-тай бид хөөрхий. Олон жил үргэлжилж буй мөнгө угаах, залилан мэхлэх, хорлон сүйтгэх зэрэг олон зүйлтэй гэмт хэргийг шагнасан Ерөнхий сайдыг, ШУА-ийн ерөнхийлөгчийг олон нийт зусардаад л, хөөргөөд л.
Малчид аа, үйлдвэрлэгчид ээ, аймаг, сумын Засаг дарга нараа, одон тэмдэгт хорхой барьцаалагчдаас, хууль барьцаалагчдаас, “туулга зохион бүтээгчдээс”, “туулга” шахаач нараас, шахаа хэмээх төсвийн хулгайн үзүүр цохиочдоос хол байгтун. Тэднээс нэрээ, малын тоогоо, гарын үсгээ, тамга тэмдэгээ нуугаарай.
О. УЛАМБАЯР
2020.11.18