ВАКЦИНЫ МӨНГӨ ХУЛУУХ ЭРХИЙН БИЧИГ

 

ВАКЦИНЫ МӨНГӨ ХУЛУУХ ЭРХИЙН БИЧИГ

Амьтны өвчин эмгэг, гэмтэл согогийг оношлох, эмчлэх, засах, сэргийлэх, эрүүл мэнд, амар амгаланг хамгаалах, батлан даах өдөр тутмын мэргэжлийн цогц үйлчилгээг амьтны анагаах ухааны практик гэдэг. Амьтны эмчийн ажлын байрыг амьтны эмнэлэг гэнэ. Амьтны анагаах ухааны дээд сургууль төгсөгчийг амьтны эмч (малын их эмч), техникум төгсөгчийг техникч (малын бага эмч, амьтны сувилагч), ажил мэргэжлийн сургууль төгсөгчийг амьтны асрагч (санитарч) гэдэг. Амьтны эмнэлэг бол “амьтан засварын газар”, амьтны эмч нь инженер, техникч нь засварчин болой. Амьтны эмч бол амьтан эзэмшигч, үйлдвэрлэгч, хэрэглэгч нарын туслагч, зарц, үйлчлэгч, зөвлөгч, засуулч нь юм.

Амьтны эмчийн мэргэжлийн чадварын шалгуур түвшинг хуулиар тогтоодог. Мэргэжлийн сургуулийн шинэ төгсөгчийн мэдлэг, ур чадвар, хандлагын түвшинг цогцоор нь гарааны чадвар гэдэг. Мэргэжлийн сургууль төгсөгчөө шалгаж, гарааны чадварын түвшинг тогтоож, үнэмлэхээ олгоно. Дараа нь эрх бүхий хараат бус, хөндлөнгийн байгууллага төгсөлтийн шалгалт авч баталгаажуулна. Хөндлөнгийн шалгалтанд тэнцсэн төгсөгч бакалаврын үнэмлэх авна, мэргэжлийн практикт буюу амьтны эмнэлэгт хоёроос доошгүй жил ажиллана, дараа нь мэргэжлийн эрхийн шалгалт өгнө, бие даан мэргэжлийн үйлчилгээ эрхлэх буюу өвчин эмгэгийг оношлох, эмчлэх, засах мэдлэг, ур чадвар, хандлагаа үйлчилгээ болгон борлуулах тусгай зөвшөөрөл авна, тодорхой хугацаанд дахин шалгуулж, эрхээ сунгана. Манай улсад амьтны эмч нар мэргэжлийн шалгалт өгдөггүй, мэргэжлийн үйлчилгээ эрхлэх эрхгүй, зөвшөөрөлгүй. Амьтны анагаах ухааны мэргэжлийн хөгжлийн зөвлөл ажиллуулахаар, амьтны эмчийн мэргэжлийн эрхийн шалгалт авдаг байхаар хуулийн төсөлд тусгасан боловч малын эмчийн дипломын панзчингууд хасуулчихсан. 

Мал эмнэлгийн сургууль босгогүй, хүссэн бүхэн элсэж болно. Төгсөгч нь гарааны чадварын шалгуур түвшингүй, хүссэн бүхэн төгсөнө. Төгсөгчийн шалгалтыг сургууль өөрөө оромдоно, төгсөгч бүр, гарааны чадварыг бүрэн эзэмшсэн төгсөгч, нэг ч өдөр хичээлд суугаагүй хүн ялгаагүй, адилхан үнэмлэх авна. Амьтны эмч, техникч нарын мэргэшсэн сургалтын байгууллага одоогоор алга. Мал эмнэлгийн сургууль мэргэжлийн сургалт, техникчийн сургалт, туслагчийн сургалтыг булаацалдан оромдож байна. 

Амьтны эмчийн эрхлэх нарийн мэргэжлийн үйлчилгээний жагсаалтыг эрх бүхий байгууллага баталдаг. Энэ жагсаалтад орсон үйлчилгээг эрхлэхийн тулд эрх бүхий сургалтын байгууллагын мэргэжлийн сургалтанд оролцож, шалгуулж, жишээлбэл нохойны эрүүл мэнд, адууны эрүүл мэнд, амьд вакцины хэрэглээ, зохиомол хээлтүүлэг, дурангийн оношилгоо, дурангийн засал, дүрс оношилгоо гэх мэтийн урт жагсаалтанд орсон нарийн мэргэжлийн үйлчилгээг эрхлэх итгэмжлэл авдаг. Манай улсад өөр, малын эмч нарын мэргэжлийн холбоо (Монголын мал эмнэлгийн үндэсний холбоо) мэргэжлийн сургалт эрхлэх эрхгүй, эрх бүхий хөндлөнгийн албаны батласан, гишүүд нь хүлээн зөвшөөрсөн сургалтын хөтөлбөргүй, мэргэжлийн шалгалт авах эрхгүй, мэргэжлийн мэдлэг, ур чадвар, хандлагын түвшин тогтоох шалгалтын даацтай арга, хэрэгсэлгүй буюу сорилын сангүй, хүлээн зөвшөөрөгдсөн, шалгарсан сургагч, дасгалжуулагчгүй. Амьтны эмчийн мэргэжлийн тусгай зөвшөөрөл хийгээд нарийн мэргэжлийи итгэмжлэл хоёрыг ялгадаггүй, хольж хутгасан “Малын эмчид итгэмжлэл олгох” түр журмын дагуу 20 жилийн турш “итгэмжлэлийн гэрчилгээ” гээчийг зарж голоо зогоолоо. Малын их эмч, техникч (малын бага эмч), туслагч (санитарч) нар адилхан, итгэмжлэл авч болно. Итгэмжлэл авчихсан хүмүүсийн дийлэнх олонхи нь техникч, санитарч нар байна, энэ бол бүлэглэн үйлдсэн залилан мэхлэх гэмт хэрэг юм. Итгэмжлэлийн үнэмлэх гээч нь үнэндээ хямд үнээр худалдаж авсан, малын өвчин, тоо барьцаалж улсын төсвөөс хулгайлах эрхийн бичиг юм.

Олонхи “итгэмжлэгдсэн малын эмчийн” жилийн нийт орлогын дийлэнхийг төсвөөс хулуудаг “вакцин тарьсны хөлс” эзлэдэг тул өөрсдийгөө “вакцины нэгж” гэдэг болжээ. Цөөнх нэгжид малын их эмч, олонхи нэгжид техникч ажиллаж, малын их эмчийн хийх ажлыг оромдож байна. Вакцин тарьсны хөлсийг “вакцины мөнгө” гэх ба “хүүхдийн мөнгө” гэдэг шиг цөөхөн малын их эмч, олон техникчийн “үйлчлүүлэгч” малчдын малын тоогоор хүртдэг “халамж” болжээ. Нөхөр, эхнэр, хүүхэд нь тус бүр вакцины нэгжтэй айл цөөнгүй байна. Вакцины нэгжийн үндсэн хөрөнгө нь “үйлчлүүлэгч” малчдын малын тоо юм. “Мал эмнэлэг” нэрээр “үйлчлүүлэгч” малчин өрхийн жагсаалт, малын тоог зарсан, худалдаж авсан тохиолдол цөөнгүй. Баг бүрийн малчин өрхийн болон малын тоо “итгэмжлэгдсэн техникчийн” барьцаанд байна. Өөр сумын, бүр өөр аймгийн сумын малын тоог барьцаалсан “итгэмжлэгдсэн эмч” цөөнгүй. Жинхэнэ амьтны эмнэлэгтэй болох хүсэл эрмэлзэлтэй шинэ эмч нарт “баг” олдохгүй байна. Улаанбаатар хот, аймгуудын төвөөс олон “итгэмжлэгдсэн малын эмч” нар олон сум, багийн малын тоог барьцаалан вакцины мөнгийг тэрбумаар нь хулгайлдаг. “Би тэнд нэг багтай, хоёр багтай, нэг сумтай, хоёр сумтай, энэ жил ганцхан зуун сая, өнгөрсөн жил яах вэ хоёр зуун саятай” гэх бөөлжис хутгам баярхал Нийслэлийн болон аймгийн мал эмнэлгийн алба, байгууллага бүрт сонсогдоно.

Мал эмнэлгийн агентлаг жил бүр “вакцины мөнгө” батлуулдаг, түгээдэг. Хүүхэд бүрт хорин мянга гэдэг шиг бод тутамд таван зуу, бог тутамд хоёр зуун тавь гэх тарнитай. Энэхүү хулгайн тарифыг сайдын зөвлөлийн гишүүний хамаарал бүхий нэгэн саармаг байгууллага “туршин” зохиож, нэг л “судалгааны” тайлангаар 2011 онд 50 сая, дахиад 2019 онд 50 сая төгрөгийг агентлагаас “авсан” гэнэ лээ.

Вакцины үнэ, мал тарих зардлыг улсын төсвөөс төлөх шаардлага огт байхгүй. Вакцины хэрэгцээ маш бага, огт хэрэглэхгүй байх бүрэн боломжтой, аварсан малын үнээс хэдэн зуу дахин илүү зардал гардаг, үр ашиггүй үйлдэл. Нэг мал вакцинжуулах зардал 500 төгрөгөөс хэтрэхгүй, үүнийг малчид төлөх бүрэн боломжтой, 1977 оноос өмнө амьтан эзэмшигч төлж байсан. Малд нь вакцин “тарьсаныг”, вакцины үнэ, хөлсийг өмнөөс нь татвар төлөгчид төлсөнийг олонхи малчин мэддэггүй. Вакцин шахаач нар, төсвийн хулгайч нар, малын тоогоор вакцины мөнгө хулуугч нарын шахалт, дарамтаар вакцины “мөнгийг” татвар төлөгчдөд тохсоор байна, төсвөөс хулгайлах ганц боломж нь энэ юм.  

Эрүүл сүргийг “эрүүлжүүлдэг”, эрсдэлгүй сүргийг хавтгай “вакцинжуулдаг”, “эмжүүлдэг” төрийн албаны тогтолцоо данхайсаар байна. Сум бүр, аймаг бүр мал сүргээ олон янзын вакцинаас эрүүлжүүлэх маш хүнд, хэцүү сорилттой тулгарлаа. Буруу хэрэглэсэн вакцины бузар вирус, нянгаасаа ч илүү хорлонтой.  

Мал вакцинжуулах төлөвлөгөөг 1990 он хүртэл Биокомбинатын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээнд тааруулж Хөдөө аж ахуйн яам төлөвлөдөг байв. Бид илүүдэл, хэрэгцээгүй бүтээгдэхүүнийгг далд оруулах ажил хийдэг байлаа. 1991 – 2000 онд вакцины хэрэглээ хоёр дахин багассан. 2000 оноос хойш вакцины нэгжүүдийн саналыг цуглуулан Агентлаг төлөвлөж байна, вакцины хэрэглээ дөрөв дахин нэмэгджээ.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх буюу вакцины мөнгө тараах төлөвлөгөөг үзвэл,

Малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг зохион байгуулахад вакцины үнэд 21.6 тэрбум төгрөг зарцуулна, үүнээс:

2017 онд 24 нэр төрлийн өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтад давхардсан тоогоор 32.4 сая малыг хамруулж, халдварт өвчний өвчлөлийг бууруулах нөхцөлийг бүрдүүлэх, голомтын тоог бууруулахад вакцины үнэд 5.5 тэрбум төгрөг,  

2018 онд 24 нэр төрлийн өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтад давхардсан тоогоор 35.4 сая малыг хамруулж, халдварт өвчний өвчлөлийг бууруулах нөхцөлийг бүрдүүлэх, голомтын тоог бууруулахад вакцины үнэд 5.6 тэрбум төгрөг,

2019 онд 24 нэр төрлийн өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтад давхардсан тоогоор 35.0 сая малыг хамруулж, халдварт өвчний өвчлөлийг бууруулах нөхцөлийг бүрдүүлэх, голомтын тоог бууруулахадад вакцины үнэд 5.4 тэрбум төгрөг,

2020 онд 24 нэр төрлийн өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтад давхардсан тоогоор 32.4 сая малыг хамруулж, халдварт өвчний өвчлөлийг бууруулах нөхцөлийг бүрдүүлэх, голомтын тоог бууруулахад 5.2 тэрбум зарцуулна” гэжээ.

Жил бүр нутгийн жирийн халдварт өвчнүүдийг сэргийлж 32.4 – 35.4 сая малыг вакцинжуулах юм байна. Вакцин тарьсан хөлсийг аймгийн Засаг дарга төлдөг, аймгийн төсөвт нэн дарамттай, нэг аймаг 500 – 600 сая төгрөг, зарим аймаг нэг тэрбум хүртэл төгрөгийг вакцины нэгжүүдэд хувааж өгдөг. Вакцины үнэ, хөлсийг амьтан эзэмшигч төлдөг болоход вакцинжуулах малын тоо 6-12 дахин багасана. Олон өвчнийг сэргийлэх вакцины хэрэглээ зогсоно.    

Түүнчилэн “зооноз өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг зохион байгуулахад 25.9 тэрбум төгрөг зарцуулна. Үүнээс:  

2017 онд 21 аймаг, нийслэлийн нийт мал сүргийн 85-аас доошгүй хувьд хамгаалах дархлаа тогтоох, (14.0 сая тугал, хурга, ишиг вакцинжуулах), (тандах шинжилгээнд) жил бүр 103.3 мянган толгой малыг хамруулж, эрүүл аймаг, сум, бүсийг баталгаажуулахад 5.7 тэрбум төгрөг,

2018 онд 21 аймаг, нийслэлийн нийт мал сүргийн 85-аас доошгүй хувьд хамгаалах дархлаа тогтоох, (15.0 сая тугал, хурга, ишиг вакцинжуулах), (тандах шинжилгээнд) жил бүр 103.3 мянган толгой малыг хамруулж, эрүүл аймаг, сум, бүсийг баталгаажуулахад 6.3 тэрбум төгрөг,

2019 онд 21 аймаг, нийслэлийн нийт мал сүргийн 85-аас доошгүй хувьд хамгаалах дархлаа тогтоох, (16.0 сая тугал, хурга, ишиг вакцинжуулах), (тандах шинжилгээнд) жил бүр 103.3 мянган толгой малыг хамруулж, эрүүл аймаг, сум, бүсийг баталгаажуулахад 6.7 тэрбум төгрөг,

2020 онд 21 аймаг, нийслэлийн нийт мал сүргийн 85-аас доошгүй хувьд хамгаалах дархлаа тогтоох, (17.0 сая тугал, хурга, ишиг вакцинжуулах), (тандах шинжилгээнд) жил бүр 103.3 мянган толгой малыг хамруулж, эрүүл аймаг, сум, бүсийг баталгаажуулахад 7.3 тэрбум төгрөг зарцуулна гэжээ.

Жил бүр бүх тугал, хурга, ишгийг вакцинжуулах хэрэгцээ улсын бүх хот айлын 90 хувьд огт байхгүй. Сум бүр, аймаг бүр мал сүргээ нянгаас бус, вакцинаас эрүүлжүүлэх маш хүнд, бруцеллёзоос ч хэцүү сорилттой тулгарлаа. Буруу хэрэглэсэн вакцины бузар брюсын нянгаас ч илүү хорлонтой.

Амьтан эзэмшигчид ээ, аймаг, сумын Засаг дарга нараа, “Малын өвчнөөр хулгайч тэжээдэг хуулийн” дагуу Таны малын тоог барьцаалж, гарын үсгийг тань төлөөлөн зурж, тэмдэгийг тань дарж бүрдүүлсэн хуурамч баримтаар төсвөөс вакцины мөнгө хулгайлдаг “итгэмжлэгдсэн техникч” нараас хол байгтун.

О. УЛАМБАЯР

2020.11.02

Ховд хот