Увс нутаг  ба тэнд оршин суугчдын оюун ухаан доройтож сүйрлийн замдаа орсон нь эмгэнэл

Увс нутаг  ба тэнд оршин суугчдын оюун ухаан доройтож сүйрлийн замдаа орсон нь эмгэнэл

Увс дахь сонгууль ба түүний эргэн тойронд:

Нэр дэвшсэн нь

Монгол улсын өнөөгийн сүйрэлт байдал,  доройтлын үндэс нь төрийн удирдлагатай нягт холбоотой гэдэгт эргэлздэггүй учраас төрийн ч нийгмийн ч замыг заагч хууль, эрх зүйн актуудыг баталдаг цорын ганц субьект Улсын их хурлыг бүрдүүлэх сонгуульд Увс аймагт 15 дугаар тойрогт нэр дэвшин оролцов. Нэр дэвших болсон шалтгаан нь Монголын нийгэм гэх бодгалийн нэгэн эд эсийн хувьд мөхөж буй эзэн-биемахбодоо үхлээс аварч чаддаггүй юмаа гэхэд үхлийг нь хойшлуулахын төлөө хэр чадлаараа тэмцэх, болбол амьд тэсэж үлдээх бөгөөд олонхи нэр дэвшигчдийн адилаар төрж өссөн нутаг усныхан, хамаатан, танил тал, найз нөхөдөө бараадаж, тухайн бүс нутгийнхан болон Монгол улсын нийт иргэдийн нийтлэг эрх, ашиг сонирхлыг хамгаалах, тэд өнөөгийн байгаа амьдрал, ахуй, мэдлэг, ур чадварын ядуу дорд түвшинээсээ ахиж хөгжиж дэвжихэд нь миний дэвшүүлж буй санал, эзэмшсэн мэдлэг, ур чадвар тусалж чадна гэдэгт эргэлзэхгүйгээр би өөртөө итгэж, нөгөө талаас манай дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрийг хөдөөнийхөн, тэр дундаас Увсынхан нь хотынхоноос илүүтэй ойлгоно гэж найдсан зэрэг олон шалтаг, шалтгаантай холбоотой болно. Мөн миний зүгээс  өнгөрсөн жилүүдэд мэргэжлийн салбартаа болон нийгэмд хандан манай улсад нүүрлэсэн мэргэжлийн мэдлэггүй, шинжлэх ухааны үндэслэлгүй, буруу, зөрүү, хууль бус  олон асуудлуудын эсрэг гаргаж байсан дуу хоолойг мэддэг зарим танил тал, найз нөхдүүд ч  намайг хот, суурингийн тойрогт бус, хөдөө орон нутагт нэр дэвших нь зүйтэй гэж ятгасан нь  тодорхой хэмжээгээр нөлөөлсөн.

УИХ-ын гишүүн гэх ажлын байр ба ажил олгогчийнх нь талаар

Юуны өмнө сонгогч иргэд ч, нэр дэвшигч ч Улсын их хурлын гишүүн бол сонгогчийн “хүслийг биелүүлэгч, бүхнийг шийдэгч том дарга” ч юм уу “лусын хаан”, эсвэл алтан загасны үлгэрийн “алтан загас” биш гэдгийг одоо бүгдээрээ  ойлгох цаг болжээ. Тийм хандлагаар өнгөрсөн 30 жилийн турш явсан учраас одоогийн Монголын нийгэмд бий болсон шаталсан хулгайч ч юмуу, шаталсан авлигачин ч юм уу тогтолцоог бүрдүүлчихлээ шүү дээ гэдгийг анхааруулж байв. УИХ-ын гишүүн гэдэг нь ажлын байр. Уг нь энэ ажлын байр тодорхой мэдлэг, чадварын шалгууртай байх ёстой юм. Одоогийн Монголд даанч шалгуур алга. Бид бүхний ойлгож ирсэн ганц шалгуур нь баян байх. Мөнгийг хулгайгаар, хууль бусаар, бизнесээр гэх мэт ямар нэгэн аргаар олсон л байх шаардлагатай. Ингэвэл л “том намуудаас” нэр дэвшиж сонгогдох өндөр магадлалтай цаг үе болсон. Гэхдээ энэ 2020 оноос эхлэн энэ хандлагаа өөрчилцгөөе. Хэрэв мөнгө шүтэж ямар нэгэн аргаар мөнгөжсөн хэн нэгнийг сонгоод байвал Увсаа, өөрсдийнхөө ирээдүйгээ төдийгүй Монгол эх орноо устгаж болзошгүй нөхцөл байдалд тулж ирлээ шүү гэдгийг сануулж байв. Сонгогч Та бүхэн бол ажил олгогч. Нэр дэвшигчид бол ажлын байрны төлөө өрсөлдөгчид. Хэн нь таны санал болгож буй, таныг төлөөлж ажиллах ажлын байрны шаардлагад ямар ямар үзүүлэлтээрээ тэнцэж байна вэ гэдгийг л тунгаан бодож та саналаа өгөх ёстой. Энэ л энгийн зарчим бол таны сонголтын шалгуур. УИХ-ын гишүүний хийх үндсэн ажил нь та бүхний амьдралд чухал шаардлагатай байгаа эрх зүйн зохицуулалт, шийдвэрийг л санаачилж, боловсруулж, батлалцаж гаргах бөгөөд  өмнө нь гарсан буруу зөрүү амьдралд нийцэхгүй хууль эрх зүйн зохицуулалтыг өөрчлөх, шаардлагатай бол хүчингүй болгуулах гэх мэт л юм шүү дээ гэдгийг ойлгуулах гэж оролдож явав. Гэвч “буруу өссөн хүүхэд бухын хүзүүнээс хатуу” гэгчээр олон жилийн турш буруугаар яваад намын барьцаанд аймшигтай гүн шигдсэн нь асуудлыг ойлгосон ч сонголтоо өөрчилж чадахгүйд хүргэх гамшиг болж байгаа бололтой л байцгаана лээ дээ, зайлуул.

Зүрхшээхгүйн учир

Увс “улаан” тойрог гэдгийг Монголчууд бүгд мэднэ. Увсын ард түмэн нь бизнесменүүд болон төрөөс төрсөн тэрбумтангуудын мөнгөнд мөргөж, билгийн нүд нь сохорсон гэдгийг ч олонтаа сонсож байсан. Намайг Увсад нэр дэвшинэ гэхэд ямар аймаар тойрог руу явах гэж байгаам бэ?, арав хорин жилийн турш “төсөв, албан тушаал гэх мэт янз бүрийн авлигалаар бордогдчихсон”, сүүлийн арваад жилийн турш тасралтгүй “услагдчихсан”, ёолк тэмдэглэх мөнгийг нь төлөөд өгчихсөн, хааяа өөрсдөө болон бие төлөөлөгчдөөрөө дамжуулан хятад мотоцикл, гар утас мэтийн сонгогчидтой “уулзах”, “удахгүй ирэхээр дэмжинэ биз дээ гэх агуулгатай” сугалааг өмнөх жилүүдэд нь үе үе явуулчихдаг байсан, , цагаан сарын үеэр дансанд нь 50000 төгрөг ороод ирчихсэн, өмнөх сонгуулиудын үед машинаар дүүрэн мөнгө аваачиж тараагаад амтанд нь оруулчихсан ч гэлцдэг, хайрцагласан цагаан будаа, гоймон, хүнсний зүйлсийн наборыг хэдэн жилийн өмнө тараахад түүнийг нь аваад идчихсэн, “түүнийх нь ул мөр гэдэс ходоод, тархин дотроос нь хатгаад амар заяаг нь үзүүлэхгүй байгаа” гэх мэт нөлөөлөлт хүчин зүйлсийн  улмаас төр барих эрхээ “зөв харж инээж, буруу харж уйлж” худалдахаас  өөр аргагүйгээр барьцаалагдсан, төрийн албанд суулгасан гар хөлүүддээ өнгөрсөн жилүүдэд улсын төсвөөс хувиарлалтын зарчмаар ихээхэн хэмжээний тендер өгч тойрон хүрээлэгч тодорхой тооны сонгогчдыг худалдаж авах хангалттай их мөнгө хуримтлуулж чадсан, сонгуулиас хэдэн сарын өмнө сумуудад бие төлөөлөгч ч юм уу, хувийн тагнуул ч юм уу хүмүүст их хэмжээний мөнгө өгч  явуулан  ядуувтар, өөрийн үзэл бодолгүй, толгой тархи муутайхан, өнчин өрөөсөн, хайя хуя гэх хүнгүй, хүмүүжил ёс суртахуун муутайхан гэр бүлийн гишүүд бүхий айл өрхүүдийн  гэр орныг хоног төөрүүлэх оромж болгон ашиглахын зэрэгцээ тэнд архидалт, тоглоом тоглох, бусад бусармаг бүхнийг үйлдэх цэг, байршил, түшиц газар болгон сонгуульд санал өгөх насны, худалдаж авч нөлөөлж донтуулж  болохуйц этгээдүүдийг татах үйлдлийг урт хугацааны турш явуулсаар байгаа гэх мэтээр иргэдийг төрийн эрх барих эрхээ өөрийн үзэл бодлоороо, хэнээс ч хараат бусаар эдлэх аргагүй болтол нь барьцаалж, тархи толгойг нь эрүүл ухаантай хүн шиг сэтгэх ямарч боломжгүй  болтол нь угаасан байгаа талаар бүрэн хангалттай мэдээлэлгүй байсан боловч ерөнхийдөө гадарлаж  байсан  л даа. Мэдсээр байж яагаад тийшээ очсон бэ гэвэл 2018 оны сүүлчээс эхлэн Монголын нийгэм даяар нүдээрээ харж, чихээрээ сонсож, мэдээ, мэдээлэл уншиж, бусадтай үг, яриа солилцож чадахуйц эрүүл ухаантай бүх хүн нь Монголын төр, тэр дундаа, төрийн эрх барих дээд байгууллага буюу улсын их хурал нь үнэхээр ялзарч, доройтсонг ойлгон сэрж сэхээрсэн байх гэж үзээд, сохорсон намчирхал, ухаангүйн харанхуйлал, мунхаглал, тэнэгрэл л улс орныг ийм байдалд хүргэснийг МАН-ын ч, АН-ын ч гишүүд, дэмжигчид нь ямар нэг хэмжээнд ухаарсан байх гэж найдаад, ялангуяа, тэдний дотроос Увсаас өмнө нь нэгэнтээ ба хэдэнтээ сонгогдсоор ирсэн УИХ-ын гишүүд нь олон олон бузар булайтай холбогдож Монголын ард түмний өмнө нүүр хийх газаргүй болж, зөвхөн Увсад, Монголд төдийгүй олон улсад ч шившиг болсоор буйг Увсын ард түмэн нь харж ухаарсан гэж тооцоолж, мөн УИХ-ын гишүүнээр ажиллах хүн нь нүүрсний уурхай зардаг, лицензийн худалдаа, газрын наймаа хийдэг, байшин барьдаг, Хятадаас бараа зөөж дотоодод худалддаг, бохир мөнгө угаадаг, олон компаниар дамжуулж тендер, ЖДҮ авдаг, хулгай, луйвар, гэмт хэрэг үйлдчихээд гэмгүй мэт жүжиглэн явж чаддаг байх зэрэг гол гол шалгуур үзүүлэлтүүдтэй бус, Увсынханы төдийгүй Монголын ард түмний амьдралд тус нэмэр болохуйц шийдвэр гаргахад шаардлагатай мэдлэг, туршлага бүхий этгээд байх ёстой юм шүү гэдгийг ямар нэгэн хэмжээгээр ойлгосон байгаа байх гэж бодоод очсон нь ихээхэн том эндүүрэл байсныг Увсад очоод ганц хоёрхон сумаар ороод л анзаарсан даа. Учир нь сонгуулийн үеэр хүмүүсийн хандлага, харилцааны уур амьсгал тэгтлээ өөрчлөгдөж, урвуугаар эргэдэг гэдгийг огт төсөөлж боддоггүй байсан нь миний алдаа байв. Ялангуяа, нэр, зүс мэддэг хүмүүс өмнө нь надтай ямар харилцаатай байсан тэр л янзаараа байгаа байх гэж бодож очсон л доо. Ямар ч үед нэг янзаараа байх нь миний баримталдаг зарчим. Тэр л янзаараа бодсон нь алдаа байв.  Би ер нь хэн нэгнээс тусламж, дэмжлэг гуйж гувшиж, царай алдаж, пялдагадаж, эрх гөлөг шиг баян тарган, эрх мэдэлтний өмнө хойно орж сөгдөж мөргөж,  хүний өмнөөс амьд яваа юм шиг амьдрах, өөрийгөө худалдах, бусдыг худалдаж авах, биеэ үнэлэх, хожим нь барьцаалагдах гэх мэт амьдралын бусармаг бүхэнд дургүй л дээ. Тиймээс ч өдий хүртлээ Увсынхантай хэнтэй нь ч буруу үйлийн төлөө нутгархаж, хуйвалдаж, хулгай хийж, луйвардаж, зүй бусыг үйлдэлцэж явсангүй. Харин ч эсрэгээрээ аав, ээж, нутаг усаа бодож өөрт байгаа боломжоороо туслаж, дэмжиж миний, манай нутгийнхан, хамаатан гэдэг сэтгэлээр л хандаж байсан л даа. Өөрөө тийм сэтгэлээр ханддаг байсан хүн чинь “сонгуулийн үеийн Увс хүний нүүр царайны хувирал, дуу хоолойны өнгө, энерги-аура, байж байгаа хандлага” зэргийг нь анзаараад л сэтгэл гутаад явчихаж байгаа юм. Тэгээд надтай хамт явсан багийн гишүүд болон Улаанбаатар хотоос надад зөвлөж байсан зөвлөхүүдтэйгээ холбогдож сонгуулийн тактикаа өөрчлөх шаардлагатайг хэлэхэд тэд нар маань зөвшөөрөөгүй л дээ. Тэгээд л сум, хорооны иргэдтэй уулзалт хийх оролдлогоо үргэлжлүүлсэн дээ.

Хот айл бүрт нам

1990 оноос өмнө МАХН (Одоогийн МАН)-ын хороо, үүрүүд сум, байгууллага бүрт байсан юм. Тэр үед намын гишүүн байх нь тодорхой шалгууртай байсан. Наад зах нь хулгайч бус, худалч бус, ёс зүйтэй, эрхэлсэн, хариуцсан ажил үүргээ сайн гүйцэтгэдэг гэх мэт. Одоо бол намын гишүүнчлэлд ямар ч шалгуур байхгүй бөгөөд харин ч хулгайч, худалч, луйварчин, ёс зүйгүй, ажилгүй, залхуу, завхай, архи сайн уудаг байх нь намуудын гишүүний давуу тал болсон бололтой. Увсад л лав тийм байна. 1990 оноос өмнөхтэй харьцуулбал одоо МАН ба АН-ын үүрүүд хот айл бүрт байгуулагдсан нь сумуудын төв болон багийн айлуудаар ороход л тодорхой харагдана. Энэ нь сонголтгүй сонгууль буюу гуравдагч нарт ямар ч орон зай үгүй болохыг шууд л харуулна. Намгүйгээр амьдрах аргагүй эмгэнэлт байдалд Увсын ард түмэн орсныг сонгуулийн үеэр шууд л харж болохоор байв.

Авлигал алхам тутамд

Нэгэн зохиолчийн шүлгэнд “хоолны шүүгээ, авдар сав онгойлгох бүрт, хоёр нүд нь гар дагаж гүйсээр байдаг” гэж бичсэнчлэн зарим нь ч үнэнээсээ, зарим нь тоглоом шоглоомоор “мөнгө өгсөн нэр дэвшигчид л саналаа өгнө дөө гэлцэх” нь үнэн бодит байдлаа хэлж байвч том агуулгаар нь харвал өөрөө өөрийгөө л доромжилж буй хэрэг гэдгээ ухаарах янз алга. Тэднээс санал авч чадахгүйгээ мэдэж байгаа ч ганц хоёр нь ч гэсэн ухаарч, засарч магад гэж бодоод би үнэнийг нь хэлсээр л явав. Та нарт 50000₮, 80000₮, 100000₮, 150000₮, 200000₮, 250000₮ өнгөрсөн хугацаанд болон одоо өгч байсан/байгаа этгээдүүд чинь Та нарыг доромжилж буй хэрэг юм шүү. Бодоорой. Өөрийг чинь энэ муу “адгуус”-ны төр барих эрх гэж юу байдаг юм?. Түүнд энэ хэдэн халтар төгрөг өгчихөд л надад “төр барих эрхээ худалдахгүй яадаг юм?”, “наадах чинь угаасаа толгойгоороо ч, булчингаараа ч  ажил хийгээд, бизнес эрхлээд, мал маллаад, одоо байгаагаас нь өөр сайн  амьдрах арга зам бий гэдгийг ойлгох ч үгүй, ер нь өөдтэй амьдрах чадваргүй л “амьтан” шүү дээ.. гэж л буй хэрэг гэдгийг эргэцүүлж бодоорой гэдгийг хэлсээр л явсан. Бодож, эргэцүүлсэн нь хэд юм бүү мэд?. Тэдний ирээдүйдээ итгэх итгэл, хандлага нь тийм байсаар байвал цаашид ч тэд худалдагдсаар, өөрсдийнхөө төдийгүй үр хүүхэд, хойч үеийнхнийхээ амьдрал, хувь заяаг худалдсаар л дуусах нь тодорхой харагдаж байсан. Увсынхан маань яг л Африкийн зарим улс, Энэтхэгийн ядуу гуйлгачдын замаар замнаж буй мэт сэтгэгдэл төрж байв. Тэд МАН ба АН-ын нэр дэвшигчдийн чулуудсан сохор зоосоор л цаашид сайн сайхан амьдрана гэж төсөөлж байгаа юм уу, эсвэл юу ч бодохгүй байгаа юм уу гэдэг нь ойлгомжгүй.

Уулзалтын утга учир, ач холбогдол огт алга.

Өөрийнхөө төрсөн сумаас сонгогч иргэдтэй хийх уулзалтаа эхлэв. Тэгээд бусад сум, хороо болон цөөн ч гэсэн хэдэн хүн цуглуулчих боломжтой баг, хот айл, үйлчилгээний газар гэх мэтээр сонгогч иргэдтэй уулзах оролдлогоо үргэлжлүүлсэн. Уулзах оролдлого гэхийн учир нь Увс аймаг бол улс төрийн буюу МАНАНгийн хараат, барьцаат “шоронгийн хоригдлууд”-аар дүүрсэн,  “шорон”-жсон аймаг болсон нь хэнд ч илэрхий анзаарагдана. Улс төрийн үзэл баримтлал, харьяалалын  хувьд өөрийнх нь дарга, эзэн, ноёноос нь ялгаатай нам, эвслийг дэмждэг ч юмуу, хувь нэр дэвшигчтэй, түүний дотны хүмүүстэй найзалдаг, эсвэл хамаатан садан хүн бол хэзээ ч үл эвлэрэх дайсан гэх хандлага аймгийн төвд ч, сумуудад ч хаа сайгүй тааралдана. Тэр ч бүү хэл хулгайч, луйварчин эзнийх нь харьяалагддаг нам биш, өөр намаас  нэр дэвшиж буй авга, нагац, ах, эгч, ойрын хамаатнаа ч огт танихаа байгаад, өстөн дайсан мэт үзэж буй нь ч ажиглагдана.   Бодвол хэн нь хэнтэй уулзаж байна, хэн хэний гэрт очоод хэдэн минут байв  гэх мэтийг тагнаж чагнадаг тусгай бэлтгэгдсэн харуулчид, хоточ ноход гудамж бүхний хоёр үзүүрт 24 цагийн турш байнгын харуулд зогсдог юм байлгүй. Увсынхан ерөнхийдөө аймхайдуу гэдгийг гадарлана л даа. Гэхдээ сонгуулийн үеэр дэндүү айдастай байгаа нь анзаарагдсан. Бүх муу муухайн үндсэн шалтгаануудын нэг нь айдас байдаг юм шүү гэдгийг ч ухааруулах гэж оролдсоор л явав. Хэн нэгэнд хортой, аюултай ямар нэг буруу зүйл хийгээгүй л бол хэнээс ч айх шаардлагагүй. Хэрэв буруутай үйл хийгээгүй бол танд хэн нэгэн халдвал хууль хамгаална. Монгол одоохондоо хууль ёст, эрх зүйт улс орон хэвээрээ байгаа шүү гэдгийг ч сануулж зоригжуулах оролдлого хийж л явав. Шаардлага тулгарвал аргагүйн хамгаалалт хэрэглэхэд ч бэлэн байх хэрэгтэй. Ялангуяа, төрийн оролцоотой байгууллагад, тэдэнтэй холбоотой ажиллагсад нь орой, үдшийн цагаар бултаж, зугатаж л энд тэндээс ирсэн танил тал, найз нөхөдтэйгээ хэдэн үг солилцох “эрх чөлөө” олж авна. Зарим нь хамаатан, төрөл садныхаа хүмүүстэй мэндлэх, уулзах ч эрхгүй байдалтай барьцаалагдсан байх шиг байна лээ. Тэгээд уулзалтанд ирэгсдийг анзаарахад 50% нь танил, ойрын хүмүүс. Тэд бол нэр дэвшигчтэй уулзсан ч, уулзаагүй ч утсаар хэлээд, нэр дэвшиж буйгаа сонсгочиход л түүнийг хэн бэ гэдгийг мэдэх, бусдаас барьцаа багатай голдуу этгээдүүд учраас “алт шиг”  гурван саналынхаа нэгийг нь өгөх магадлал өндөртэй хүмүүс болон “танилын нүүр халуун” гэгчээр цаад эздээсээ зөвшөөрөл авсны үндсэн дээр ирж үзэгдэхээс өөр аргагүй болоод ирэгсдээс бүрдэнэ.  Үлдсэн 50% нь МАН-ын тагнуул, АН-ын тагнуул, хийх ажилгүй гудамж хэсэж хэрэгт дурлагсад, уулзалт үймүүлэхээр хаа нэгтэйгээс захиалга аваад ирэгсэд, өмнөх сонгуулиудын үед нэр дэвшигч нарыг зальдаад, рекетлээд “авлигал” аваад сурчихсан жишиг муу зангаараа ямар нэгэн олз олоод долоочихыг горьдогсод гэх мэтээс бүрдэнэ. Ийнхүү сонгогч олж авахаар хийсэн уулзалтуудынхаа дараа үр дүнг нь эргэцүүлэхээр уулзагсдыг 100% гэж тооцвол дээд тал нь гурван хувийн л сонгогч олж авсан байх магадлал ажиглагдав. Олон зуун километр давхиж очиж арав хорьхон хүнтэй уулзалт хийгээд нэг ч сонгогч олохгүйгээр цаг хугацаа, мөнгө хөрөнгө, эрүүл мэнд, эрч хүчээ гарздах шаардлага байгаа эсэхийг маш сайн тооцох ёстой юм билээ. Уулзалтын энэ хандлага нь зөвхөн надад ч бус,  бусад эвсэл, нам, бие даагч нарын тухайд ч яг ижил зүй тогтолтой. Орон нутагт дэд бүтэцтэй нам, эвслийн нэр дэвшигчдийн тухайд уулзалтан дээр нь олон хүн байгаа мэт харагдавч тэд нь урьдчилан бэлтгэчихсэн зохион байгуулалтайгаар пургон, приус, жийп гэх мэт хэдэн хүн багтахуйц машин бүхий иргэдтэй тохиролцоод бензин болон бусад зардлыг нь өгөөд, мэдээж намын үнэнч гишүүд, дэмжигч нар голдуу нөгөө 80000₮, 100000₮, 150000₮, 200000₮, 250000₮ -ийн хахуулиа аль хэдийн авчихсан, эсвэл авч өгөлцөхөөр “гэрээ байгуулчихсан” хүмүүс учраас уулзалтанд “маш идэвхитэй” оролцоцгооно. Үр дүнд нь өөрийн итгэл үнэмшлээрээ саналаа өгөх сонгогчийн тоо мөн л нэгээс гурван хувиар л нэмэгдэх магадлалтай. Хамгийн гол шалтгаан нь аль нэгэн намын нөлөөлөлд ороогүй хэн нэгнийг сум, хороо, баг, хот айлаас олоход бэрхтэй нь тодорхой анзаарагдаж байв. Тиймээс л 2020 оноос хойш ч аль нэгэн сонгуулийн үед сонгогчидтой уулзалт хийх нь ямар ч утга учиргүй. Увсад л лав ийм байна лээ. Бусад аймаг, хотуудад ч онц ялгаагүй байх.

Хэвлэмэл материалын хэрэг алга

Төрөлх Монгол хэлээрээ уншиж ойлгох чадвартай иргэдээс бүрдсэн сонгуулийн тойргийн сонгогчдын тухайд нэр дэвшигч нарыг харьцуулж, өөрийг нь төлөөлөөд, өөрсдийнх нь одоогийн болоод ирээдүйн амьдралд нь чухал шаардлагатай хууль, журам, тогтоол, шийдвэр  гаргах, гаргуулахад нөлөөлөх, тэдний үгс, дуу хоолойг нь дамжуулах, өөрсдийнх нь төлөө ажиллах төлөөлөгчөө сонгоход хамгийн гол ашиглах хэрэгсэл нь нэр дэвшигч хэн болох?, юу бодож явдаг этгээд болох? болон түүнийг дэвшүүлж буй субьектийн талаарх мэдээлэл, тэдний мөрийн хөтөлбөр бүхий хэвлэмэл материал гэж тооцсон нь бас л том эндүүрэл байв. Учир нь нэр дэвшигч хувь хүн болон түүнийг дэвшүүлсэн нам, эвслийн мөрийн хөтөлбөрийг сөхөж үздэг, уншдаг, дотроос нь асуулт асуудаг сонгогч Увс аймгаас олох нь “өвсөн дотроос зүү эрэх”-тэй л ижил юм байна. Тиймээс олон хуудас хэвлэмэл материал тараах нь зардал болоод цаг хугацааны гарздалаас цаашгүй нь анзаарагдаж байв. Магадгүй бусад аймаг, сум, хот, хороодод ч тиймэрхүү л байгаа байлгүй. Ийм байдал нь нийт Монголын эмгэнэл болсон бололтой. “Уншихаа боливол сэтгэхээ болино” гэгч нүүрлэсэн нь тодорхой харагдаж байв.

Хулгай, зүй бус, лусын хорлолын гаралтай мөнгө нь сүйрэл авчирна гэдгийг Увсынхан даанч ухаарсангүй

Хулгай хар мөртэйг Увсынхан холоос олж мэдэх, туршлага судлах шаардлагагүй. ОХУ-ын Туватай хиллэдэг хилийн зурвас битүүмжлэл муутай байхад малын хулгайгаар улсдаа тэргүүлдэг байсан гэлцдэг. Нэг онигоо ч байдаг шүү дээ. Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байсан нэгэн Бүгд Найрамдах Солонгос Улсад ажлын айлчлал хийж явсан үедээ Өмнөд Солонгос, Хойд Солонгосын хилийн зурвасын ойролцоо явж байгааг орчуулагч нь хэлэхэд “надад танайхнаас асуух нэг асуулт байна?, танай хоёр Солонгосын хоорондох хилийн зурвасын дагуух малын хулгайн асуудлыг хэрхэн зохицуулж байна вэ?, гэж асуусан гэдэг?. Тухайн үед Увсад малын хулгай тийм том асуудал болсон байсан хэрэг шүү дээ. Одоо хилийн битүүмжлэл сайжирсан тул хил дамжсан малын хулгай багассан гэнэ лээ. Хаяагаа хадардаг малын хулгайчдаараа Увсынхан алдартай байсан бол одоо сумын төсвийн хулгайч, аймгийн төсвийн хулгайч, улсын төсвийн хулгайч, олон улс дамжуулан Увсын газар нутгийн зарим хэсгийг нүүрсний ордтой нь худалдчихдаг хулгайч,  Улаанбаатарын газрын хулгайч нараас хулгайлсан газрыг нь худалдан авагч, борлуулагч хулгайч, Монголын уул, ус, газар нутаг сүйтгэгч хулгайч, гадаадын оффшоорын хууль бус мөнгө халаасалсан газрын тосны хар мөртөнгүүдэд Увс аймгийн нийт газар нутгийнх нь гуравны нэгийг худалдах зуучлалыг хийгээд зохион байгуулаад явж байсан хулгайч нар гэх мэт олон хулгайчдын “хар мөртэй” мөнгийг авч идэхийн тулд Увсынхан үнэхээр хорхойсож, тэсэж ядан хүлээж л  байх шиг байсан даа. Хулгайн мөнгө хар мөртэй бөгөөд хулгай хийсэн айлынханы амьдрал хэсэг зууртаа болоод байгаа мэт боловч мөд удахгүй амьдрал нь сүйрч, улмаар хулгайн хар мөр, хараал жатгын улмаас  үе удмаараа үгүйрэн хоосорч гуйлгачин болж, үхэж үрэгдэж, “гэнэт идэх гэдсэнд муу”-гийн зарчмаар өвчин зовлонд ч унаж, сүйрдэг болохыг холоос бус, эргэн тойрныхноо ажиглаад харахад л маш тодорхой анзаарагдана. Хулгайн мөнгө их идэгсэд эцэст нь амь насаараа сүйрээд л төгсдөг шүү дээ. Түүний хамгийн тод том жишээг нь Увс аймгийн засаг даргаар ажиллаж буй Д.Батсайханы багийнханы өнгөрсөн жилийн болон өмнөх бусад жишээнүүдээс нь ч  харж болно. Ер нь тархи толгойгоо, булчингаа ажиллуулж олоогүй мөнгөөр ямар ч хүн сайн сайхан амьдардаггүй бөгөөд цаашид түүгээр хэзээ ч сайн сайханд хүрэхгүй гэдгийг Увсынхан ойлгоогүй л байцгаана. Дээр нь уул уурхайн буюу газар нутаг, гол ус, рашаан булаг сүйтгэж олсон лусын хорлолтой мөнгө бол тэдний амьдралыг хэдэн үеэр нь булшлана, зовлонд унагана гэдгийг тэд ч, бусад нь ч ухаараагүй л явцгаана.

С.Жавхлангийн харамсал ба гомдол.

2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшээд сонгогдоогүй Самандын Жавхлан дуучин нь сонгуулийн үр дүнг хүлээн авсныхаа дараа бодож байгаад гаргасан реакци нь стандарт сэтгэлгээтэй хүмүүст сонин байх шиг байна лээ. Надад бол гаргах л ёстой реакци байсан гэж бодогдсон. Эрүүл ухаантай, эрчим өндөртэй, нийтэд танигдсан, ховорхон төрөх, нутгаа гэх сэтгэлтэй, зүтгэлтэй, нутаг орноо бүрэн бүтнээр нь байлгахын төлөө тэмцдэг, одоогийн дэлхийн нийтийн ойлголтоор бол холливудын од гэдэг шиг, Монголын ОД хүнээс  бол зайлшгүй гадагшлах л ёстой эрчим хөдөлгөөн мөн. Харин хэлбэр нь ямархуу байх, хэтийдсэн эсэх нь тусдаа асуудал байх. Ямар нэгэн хөдөлгөөн, хариу үйл үзүүлэхгүй байх боломж үгүй байсанг ойлгож болно. Ер нь ганц С.Жавхлан ч бус эрүүл ухаантай хэн ч байсан харамсаж халагламаар байдалтай л байсан даа, Увсынхан маань.  2020 оны УИХ-ын сонгуулийн үеэр. С.Жавхлангийн гаргасан энэ үйлдэл нь  1700-аад оны сүүлчээр Говь нутагт төрж өсөөд эр бяр нь гүйцсэн байхдаа олон хошуу нутгийнхан цугларсан наадамд барилдахынх нь өмнө мөрий амлалт өгч байгаад түрүүлснийх нь дараа өндөр бай шагнал амалсан нутгийн ноён нь нутагтаа буцаж очоод  амлалтаасаа буцаж, хэлсэндээ хүрээгүйд дургүйцсэн Хур харцага бөх нь ноёнтойгоо тэрсэлдэж нутгаасаа хөөгдөхдөө “энэ нутгийн чинь сайн бөх надаар дуусаг” гэж хэлээд зодог, шуудаг буюу далбаагаараа газар шавхуурдаад өөр нутаг руу гэрээ үүрээд, ээжийгээ дээр нь суулгаад явж одсон гэдэг домогтой агаар нэг буюу утга чацуу л үйлдэл болсон мэт бодогдож байсан. Ер нь Увсынхан өөдтэй өнгөтэй яваачууддаа атаархаж, жөтөөрхөж, өсөрхөж, хорсож, хорлож, үзэн ядаж явдаг хүмүүс олонтой нутаг бололтой. Олон жилийн өмнө Дархан аварга Х.Баянмөнх гуай өөрийнх нь төрсөн нутаг Хяргас сум багтсан УИХ-ын сонгуулийн тойрогт нэр дэвшсэн гэнэ л дээ. Тэгэхэд Х.Баянмөнх аваргын төрсөн газар, аав ээжийнх нь гэрийн буйр байдаг багийнхан дундаас ердөө  ганцхан хүн Х.Баянмөнх аваргад саналаа өгч байсан гэдгийг Хяргас суманд уулзалт хийсний дараа тэндэхийн нэгэн хүн надад хэлж байв. Тус багийн сонгогчид дунд Х.Баянмөнх аваргатай бага ангид хамт суралцаж байсан хоёр ч хүн  байсан гэнэ. Тэр хоёрын нэг нь ангийн найздаа нөгөө нь МАН-ын нэр дэвшигчид саналаа өгсөн нь тэр юм байх. Ер нь МАН-ын гишүүн, дэмжигч байж хааяа дөрвөн жил тутамд цөөхөн удаа олддог хулгай, луйврын гаралтай сохор зоосны шавхруу бол зөвхөн Хяргаст төдийгүй Увс аймгийн олон сум, баг, хороонд нутаг усны бүрэн бүтэн байдал, аав ээжийн ачлал энэрэл, ах эгчийн түшиг тулгуур, хамаатан садангийн нөмөр нөөлөг, анд найзын ач тус, үерхэл нөхөрлөлөөс дээгүүр түвшинд үнэлэгддэг болохыг би ч бас мэдэрлээ. Зөвхөн Хяргасын ч бус, Увсын ч бус, Монголын ч бус, Дэлхийн хэмжээний алдартан, суутан, аугаа их Х.Баянмөнхөд тэгэж хандаж буй хүмүүс чинь мань мэтэд яаж хандах нь нүүрэн дээрээс нь тодорхой л харагдаж байна лээ л дээ. Нутаг орноос нь төрсөн Х.Баянмөнх, С.Жавхлан мэт иймэрхүү хосгүй эрчим, чадвар, эрдэм, энергитэй хүмүүсээ нам хэмээх юу ч бус “хорлон сүйтгэл”-ээс долоон дор үзэж гомдоосоор байвал тэр нутагт дахин Х.Баянмөнх, С.Жавхлан шиг нь төрөхгүй болчих вий гэх эмзэглэл төрснийг нуух юун. Сайн хүмүүсээ гомдоовол яадаг болохыг Хур харцагын домог харуулсаар л байна шүү дээ.

Зам ба дэд бүтцийн дорой байдал

2019 оны намар Улаанбаатартай холбогдсон засмал замыг эс тооцвол Увс аймгийн сумдын хоорондын зам нь Монгол улсын хамгийн хэцүү замууд бололтой. Бартаа, дэржигнүүр, элс, ус, түйрэм ихтэйн зэрэгцээ, ямар ч замын тэмдэглэгээ аймаг сумдын хооронд болон сумаас сумын хооронд ч байхгүй. Бусад аймгуудтай харьцуулахад аймгийн доторхи дэд бүтэц хамгийн муутай нь Увс аймаг байна. Түүнийг нь ч батлах гэсэн мэт сонгуулийн дараахан Улаангом руу орж гардаг хоёр гүүр нь хоёулаа үерийн усанд урсчихаж байсан. Увс ийм байхад зэргэлдээх Ховд аймгийн сумдын 70 гаруй хувь нь засмал замаар холбогдчихсон байх жишээтэй. Аймгийн доторхи орон сууц, байшин ба гэр хорооллын төлөвлөлт, зохион байгуулалт, зам засвар, цэвэрлэх байгууламж, нүхэн жорлон, ариутгал халдваргүйтгэл, цэвэр аж төрөлт, соёлт амьдралын төлөөх тэмцэл гэх мэтийн талаар яриад ч нэмэргүй бололтой юм билээ.

Үйлдвэржилт, үйлчилгээ муутай нь Увсынхан.

Дотоодын болон гадаадын зах зээлд өрсөлдөх чадвартай өөдтэй чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг нэг ч жижиг, дунд үйлдвэрлэл Увс аймагт алга. Үйлдвэрлэлийн хөгжилд хэрэгтэй шинжлэх ухаан технологийн ноу-хау, мэргэжлийн мэдлэг, ур чадвартай хүний нөөц, орчин үеийн мэдрэмж гүйцэтгэл өндөртэй тоног төхөөрөмж, эрүүл, аюулгүй дотоодын гаралтай түүхий эд орц, үйлдвэрлэлийн болон хүрээлэн буй орчинд тавигдах шаардлагын бүрдүүлэлт гэх мэтийн талаар бодогсод, төсөөлөгсөд өнгөрсөнд болон одоогоор тэнд төрөөгүй бөгөөд оршин байхгүй байгаа нь тодорхой харагдсан. Ойр зуурын хүнс, гутал, оймс, гудас, ширдэг, гэрийн  мод оосор бүч, сандал ширээ мэтхэнийг хийж чадаж байгаагаараа л бахархаад, сэтгэл нь ханаад сууцгаадаг бололтой юм. Гадаад, дотоодын жуулчдад үйлчлэх нэг ч өөдтэй үйлчилгээ, худалдааны газар тэнд алга. Өнгөрсөн хугацаанд Увсынхан шүтэж, оройдоо залж ирсэн хулгайч, луйварчид нь тэднийг сэтгэдэг, бүтээдэгт сургах бус, бэлэнчлэх, хулгайн шавхруу долоолгоход сургаж ирсэн бөгөөд цаашид ч тийм байлгах зорилготой байгаа учраас Увсынхан юу ч хийж бүтээхгүй архидсаар, хөзөрдсөөр, ойр зуурын Хятад, Солонгосын хортой, хогон бараануудыг нэг нэгэндээ  дамлан худалдаж дундаас нь хэдэн төгрөг унагаж нэгнээ хууран мэхлэж амь зуусаар байх дүр зураг нь эргэцүүлж бодож алсыг харсан хэн бүхэнд илэрхий л байна лээ. Ирээдүйгээ гэрэл гэгээтэй төсөөлдөг хэн ч тэнд оршин амьдрах боломжгүй нутаг болжээ. Увсынхан өөрсдийгөө төрд төлөөлүүлэхээр сонгож явуулагсад хийгээд аймаг, сумдынх нь удирдлагад ажиллагсдын үнэмлэхүй олонхи нь хоноцын сэтгэлтнүүд, өдөр хоног өнгөрөөгсөд, төрийн албыг ашиглаж хулгай, луйвар хийгсэд л байсаар ирсэн бөгөөд байгаа бололтой. Тэд бол хэзээ ч ядуу дорд  ард түмэндээ “өнөөдөр нэг удаа идэх бэлэн загас өгсөн нь дээр бус, загас хаанаас хэрхэн барих аргыг зааж өгөх нь дээр” гэх сэтгэлээр хандагсад биш гэдэг нь тодорхой л харагдаж байсан. Тийм хандлага байдаг тухай гадаад, дотоодын эрдэм мэдлэгтэй хүмүүс хичнээн хэлж зөвлөсөн ч ойлгох ухаантай нь Увсад үлдээгүй бололтой байна лээ. Тэнд ойр зуур бизнес эрхлэх бодолтой явдаг цөөн хүмүүстэй санал солилцож байхад ч Увсад нилээд хэцүү бүлгийн хүмүүс нь үлдчихэж. Гайгүйчүүд нь бүгд гадаад, дотоод, өөр аймаг, хотууд руу шилжээд нүүгээд, зай бариад холдоод явчихсан бололтой гэлцэж байна лээ. Тэр нь ч ортой мэт сэтгэгдэл төрж л байв. Увсынханыг өнгөцхөн анзаарахад түр зуурын дарга, албан тушаал, бөх, хурдан морь мэтийн эргэн тойронд эв нэгдэлтэй мэт харагдаж байвч, ялангуяа мэдлэг шингэсэн урт хугацааны ойлголцол шаардах хамтын ажиллагааны талбарт огтхон ч хоорондоо болон бусадтай хамтарч ажиллаж чаддаггүй болох нь тэнд шинэ тутам нэг ч өөдтэй үйлдвэрлэл, үйлчилгээний газар байхгүй байгаагаар нотлогдож байгаа юм. Тиймээс ч өөр аймгийнхан буюу гадныхан  Увсад хамгийн том үйлчилгээний цэг, хамгийн том аж ахуйн нэгж байгуулаад тэдний мөнгө, хүч хөдөлмөр, газар нутгийн шимийг нь сорж, тэднийг боолчлох эхлэлийг тавьчихсан байгаа нь ч анзаарагдаж л байна лээ.

Уул уурхай, газрын тосны хайгуулын хөлд удахгүй сүйрэх тавилантайгаа эвлэрэн хүлээж буй мэт л байцгаана, Увсынхан.

2015-2016 оны үеэс эхлэлийг нь тавьчихсан байгаа Хятад, Хонгконгын  хөрөнгө оруулалттай гэх хар мөрт газрын тосны хайгуулыг хуулиар баталгаажуулж өгөөд, Увс аймгийн газар нутгийн гуравны нэгтэй тэнцүү буюу 20000 орчим километр квадрат нутгийг нь Монголиа Гладвилл Увс Петролиум компанид өгчихөөд, Малчин, Наранбулаг, Зүүнговь, Тэс сумдад нь байгаль орчны нарийвчилсан үнэлгээ гэгч хуурамч баримтыг бүрдүүлээд, зарим сумдынх нь газар нутагт хортой өрөмдлөгөө хийж эхлээд, тус компанид худалдагдсан этгээдүүд болон нутгийн уугуул, суугуул иргэдийн хооронд нэг талаас төрөлх нутгийг нь устгах, эзлэх, нөгөө талаас төрөлх нутгаа бүрэн бүтнээр нь хамгаалж үлдэх гэсэн тэмцэл өрнөж  байхад юуны ч юм нөлөөллөөр амаа үдүүлчихээд ганц үг ганхийхгүй холоос хараад цөөвөр чоно шиг, үхэл тохиолдвол сэгийг нь очиж хамтдаа зулгаалцахаар  зогсоцгоож байсан УИХ-ын гишүүд, сайд, дарга, дарганцар, мөнгө хайгчид, шуналын туламнуудын олонхи нь 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшээд гэмгүй царайлаад хуурамч, худал амлалт өгөөд явж байхад Увсынханы зарим “загасны санамж”-тангууд нь тэдний төлөө амиа ч үл хайрлахуйц байдалтай явж байгаа нь ажиглагдав. Төрж өссөн нутгийнх нь бүрэн бүтэн байдал, үр хойч нь амьдрах нутаг орноос нь илүүтэй тэднийг ямар эрх ашиг тэгэж хөдөлгөөд  байгааг төсөөлж ойлгоход ч бэрх байв. Нөгөө л хараалт, хар мөрт мөнгө л байлгүй дээ. Бас нэг анзаарагдсан зүйл нь МАН-ын нэгэн нэр дэвшигч нь 2020 оны сонгуулийн дараа олон зуугаар бараг мянгаар тоологдох нинжа нарт олон зуун га газрыг алт ухуулахаар олгохоор тохиролцсон тухай мэдээлэл сонсогдож л байв. Түүнийг нь МАН-ын нэр дэвшигч, Увс аймгийн удирдлага, нинжануудын ахлагч нар харилцан тохиролцож баталгаажуулсан ч гэдэг мэдээлэл сонсогдож байсан. Бодвол одоо нинжа нар хууль бус газар нутаг устгал, сүйтгэлээ эхлүүлсэн л байлгүй. Ийнхүү Увсынхан намын гишүүнчлэл, улс төрийн албан тушаалд хууль бусаар суухыг мөрөөдөгсдийн гай балаг, хорлон сүйтгэлийн улмаас эх нутаг, ээж аавынхаа газар, үр хойчынхоо амьдрах эрүүл, аюулгүй газар шороо, уул, усыг сүйтгүүлэхээ юман чинээ бодохоо больж буй нь дэндүү харамсалтай санагдаж байсан даа.

Гэмт бүлэглэлийнхэний дарангуйлал ба ястан хоорондын хагарал

Увсынхан өөрсдийнхөө төлөөллөөр төрд хэдэнтээ залсан бөгөөд нүүр, нүд, байгаа байдлыг нь харахаас нэг л  ёозгүй нэгэн хулгайч, луйварчин өнгөрсөн жилүүдэд Увсынханы нэр нүүрийг улсын хэмжээнд төдийгүй, олон улсад ч зөндөө баастсан даа. Гэтэл тэр этгээдийн явуулгаар Увсынхан ч дотроо дөрвөд, хотон, баяд, элжигэн халхаараа талцаж, мэдээж дээр нь МАН-ынхан, АН-ынхан, улаан, цэнхэр мэтээрээ намаар, бүлэглэлээр, мөнгөтэй, мөнгөгүйгээрээ хуваагдан хангалттай хагаралджээ. 2016 оны УИХ ба орон нутгийн сонгуулийн дараагаас л тийнхүү хагаралдуулахыг тэр этгээд хийж эхэлсэн гэнэ. Увс аймгийн захиргаа, орон нутгийн өмчит байгууллагуудад баяд ястан хүмүүсийг ажиллуулахыг аль болохуйц хязгаарлаж, дөрвөд ястангуудыг ажиллуулахыг Улаанбаатараас байнга үүрэгддэг болсон гэнэ. Тиймээс Увсын захиргаа хавиар гарын таван хуруунд багтахаар л баядууд ажиллахаар тэсэж үлдсэн юм байх. Тэнд ажиллагсдын үнэмлэхүй олонхи нь дөрвөд цустай, эсвэл элжигэн халх цустай  байх ёстой гэнэ. Мэргэжлийн мэдлэг, ажлын туршлага, ур чадвар Увсын төрийн албанд ямар ч хэрэгцээгүй болсон гэлцэнэ. Дөрвөд, элжигэн халх цуснаас гадна хамгийн гол шалгуур үзүүлэлт нь мэдээж мөнгө. 60 тэрбумын схем Увс аймагт бас л сайтар хэрэгжсэн боловч Увсын удирдлагуудын хийж буй хууль бус, бусармаг үйлдлийг олж харах Монголын хууль хяналтын байгууллагынханы нүд нь сохорсон бололтой гэлцэж байсан. Улсын хэмжээний эрэн сурвалжлах нэвтрүүлэг хангалттай нотлох баримт харуулсан ч тоодоггүй. Авч хэлэлцдэггүй. Энэ жишиг нь сумдад ч хүчин төгөлдөр хэрэгждэг гэсэн. Увсын зарим сумдад хэн нэгэн ажилд ороход нь ажилтаны ойр дотно, танил талынханаас намын эсрэг нэг л хүн дуугарвал, эсвэл дарга нарын үйлдэж буй хууль бус, зүй бус үйлдлийг нь шүүмжлэх л юм бол ажлаас нь  өчиггүй хална гэдэг амлалт-үүрэг авах бөгөөд түүнийг нь баталгаажуулж, ажилд орох болон ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлийг нь хамтад нь бичүүлж авсны үндсэн дээр ажилд оруулдаг шалгууртай болсон гэдгийг сумдын иргэд нь хэлж байв. Эндээс Увс аймагт зөв хөгжлийн ирээдүй устаж буй нь харагдахгүй байна гэж үү?.

Царцаа буюу сонголтыг урвуулагчид

Өнгөрсөн сонгуулиудын үед Увс аймагт “царцааны нүүдэл”, “мөнгө тараалт” ил цагаандаа гарч хэрээс хэтэрлээ л гэлцэж байсан. Гэтэл энэ 2020 оны сонгуулиар “царцаа” нь хэвийн үзэгдэл юм шиг л байцгаав. Уг нь хууль ёсны царцаа гэх ойлголт байхгүй л дээ. “Царцаа”-гаар ажиллаж байгаа этгээдүүд ч хууль ёсны царцаа гэдгээ зарлаад явж байхтай тааралдаж л байв. Уг нь УИХ-ын сонгуулийн 15 дугаар тойргоос сонгогдох УИХ-ын гишүүн нь Увс аймагт амьдардаг иргэдийг л төлөөлж УИХ-д ажиллах этгээд шүү дээ. Одоогийн Монгол улсын хуулийн дагуу. Гэтэл Увс аймагт амьдардаг ч үгүй, ажилладаг ч үгүй, Улаанбаатар хотод амьдардаг, нэр дэвшигчийн Улаанбаатар хот дахь хувийн компанид нь хүчээ үнэлүүлдэг, төрийн албанд болон төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд орон тоо бөглөж бидний төлсөн татвар буюу улсын төсвөөс цалинждаг  хүмүүс хэдэн зуугаас, мянгаар тоологдох “царцаа” болж Увс аймагт амьдардаг иргэдийн өмнөөс төрийн эрх барих төлөөлөгчийг нь сонгож гийгүүлснээ “хуулийн дагуу” үйлдэл байсан мэтээр хэлж тайлбарлачихаад явж одоцгоов. Энэ нь эрүүл ухаанаар бодоход хууль бус, зүй бус гэдэг нь илэрхий л юм. Гэхдээ яая гэхэв, одоо баячууд, мөнгөтэйчүүд, албан тушаалтангуудад хууль үйлчилдэггүй, цагдаа, тагнуул, прокурор мэт хууль хүчний байгууллагууд нь иргэдийнхээ эсрэг, тэдний талд ажилладаг цаг үед амьдарч байгаа юм чинь “хүчтэний өмнө хүчгүй нь буруутай” байх нь дэндүү ойлгомжтой. Сонгуулийн тухай хуулийн холбогдох зохицуулалт нь шилжилт хөдөлгөөний улмаас сонгох эрхээ эдэлж чадахгүйд хүрч болзошгүй иргэний эрхийг хамгаалах зохицуулалт болохоос бус, тухайн тойрогт амьдардаггүй хэдэн зуу, мянган хүн тэр тойргийн сонгогчдын сонголтонд үлэмж ихээр хортойгоор нөлөөлж, олонхи нь сонгохгүй гэж байсан нэр дэвшигчийг нь сонгосон болгож хувиргаад, сонгох гэж байсан нэр дэвшигчийг нь ялагдуулчихаад, сонгуулийн маргааш нисэн одож буй нь яаж ч бодсон зүй ёсны, хууль ёсны, зөв зүйтэй зохицуулалт биш гэдэг нь дэндүү л ойлгомжтой байгаа юм. Гэхдээ одоогийн хууль тогтоогчид, холбогдох төрийн албаныханы байж байгаа байдал л энэ юм чинь дээ.

Саналаа газар дээр нь үнэ хүргэгч авлигачдын үргэлжлэл

Сонгуулийн өдөр санал хурааж буй байрны эргэн тойрныг ажиглаж явахад харамсалтай дүр зураг харагдсан. Сонгууль бол төрийн эрх барих онцгой эрхээ эдлэж буй хэрэг бус, сонгууль бол мөнгө олох нэг арга зам юм байна гэсэн байдлаар л Увсын залуу үеийнхэн буруугаар ойлгож, авлигал авах үйл явцаа аймшиггүйгээр хэрэгжүүлж буй нь аймшигтай санагдсан. Сураг сонсоход хууль хүчний байгууллагын зарим албан хаагчид болон тэтгэврийн цагдаа нар ч тэдний зохион байгуулалтанд хамтарч ажилласан бололтой. УИХ-ын гишүүнээр сонгогдож, түүгээрээ дамжуулан хууль бусыг үйлдэх, хувийн бизнесээ өргөтгөх, хамгаалахын төлөө юу ч хийхээс буцахгүй болсон этгээдүүд хулгай, луйврын мөнгөө тараах нь одоогийн Монголд албан бусаар “хүлээн зөвшөөрөгдсөн” хууль ёсны мэт хууль бус үйлдэл болсон байгааг сэтгэцийн хүнд хэлбэрийн эмгэггүй хүн бүр л ойлгодог гэж найдаад байгаа. Гэхдээ бүгдээрээ л түүнд нь хэвийн юм шиг дасал болсон нь гамшиг. Намууд нь ч гэсэн зөвхөн ямар нэгэн арга замаар  мөнгөтэй болсон, тэрбумтан голдуу хүмүүсийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлж буй нь “сонгогчдод мөнгө тараа”, “тэднийг худалдаж аваарай” гэсэнтэй утга чацуу л үйлдэл болж байгаа юм. Хамгийн харамсалтай нь сонгуульд санал өгөх насанд дөнгөж хүрсэн тэдгээр оюутан голдуу залуусын үйлдэл үнэхээр сэтгэл гонсойлгов. Хүмүүс харахад тэд эрэгтэй, эмэгтэй хосоороо монгол үндэсний дээл хувцасаа өмссөн байдалтайгаар очиж буй нь учрыг нь ухаж ойлгохгүй, хальт харсан хүмүүст бол төрийн төлөөллөө сонгож байгаа залуу үеийнхэн их хүндэтгэлтэй хандаж байна гэж харагдахаар байгаа юм. Бодит байдлыг лавшруулаад ажиглахаар тэр үндэсний дээл, хувцас өмссөн нь ялган таних тэмдэг, тодорхой нэгэн нэр дэвшигчид санал өгөхөөр ирснээ нотлох хэрэгсэл байсан нь тодорхой байгаа юм. Тэд саналаа өгчихөөд гарч ирээд хосоороо явсаар санал өгөх байрны ойролцоо хаа нэгтэй зогссон машин руу очоод санал өгсний төлөөх авлигалаа аваад сэтгэл хангалуун буцаж буй нь тодорч байгаа юм. Угаасаа саналаа худалдаад мэргэшчихсэн үнэмлэхүй олонхи хүнд гаруудын тухайд бол машинаар хүргүүлж ирээд, буцахдаа авлигалаа аваад явж буй нь ойлгомжтой бөгөөд мөн л хүлээн зөвшөөрөгдсөн хууль бус үйлдэл, дадал хэвшил болон тогтсонг хэн хэзээ хэрхэн засаж залруулахыг бурхан л мэдэх байлгүй дээ. Хууль хэрэгждэггүй улс орон юм чинь.

Гэрэл гэгээтэй өөдрөг амьдралын ирээдүй Увсынханд харагдахгүй байна.

Яагаад Увсынханы амьдрал сайжрах өөдрөг итгэлтэй ирээдүй харагдахгүй байна гэж үү?. Увсынхан бол намууд болон баячуудын боол ард түмэн болсон байна. Боолчлолд орсон шалтгаан, шинж тэмдэг, үр дагаврууд нь:  

Нэгдүгээрт: Увсынхан намчирхал хэмээх өвчнөөсөө салж хагацах ирээдүй харагдсангүй. Энэ нь зөвхөн одоогийн ахмад, дунд үеийнхэнийг дуусгаад зогсохгүй, залуу, өсвөр насныханд нь ч дамжин халдварлах аюул нүүрлэсэн байна лээ. Түүнийг нь ёс зүйгүй нам, улстөрч хэмээх хоёр субьект өөгшүүлэн хөгжүүлж байна.

Хоёрдугаарт: Намын гишүүнчлэлээр бус, мэргэжлийн мэдлэг, ур чадвар шингэсэн, өрсөлдөх чадвартай ажил, үйлчилгээ бусдад нийлүүлсний үндсэн дээр хөгжиж, дэвжиж, сайн сайхан амьдралд хүрнэ гэдгийг ойлгож буй нь Увс аймагт өдрийн од шиг цөөхөн бололтой юм.

Гуравдугаарт: Орон нутагт бий болгож болох үйлдвэрлэлд шаардлагатай мэргэжлийн мэдлэгтэй, мэргэшлийн ур чадвартай мэргэжилтэн, хүний нөөцийн хомсдол нүүрлэсэн нь тодорхой байна.

Дөрөвдүгээрт: Их наяд, олон арав, зуун тэрбумаар Увсыг хөгжүүлнэ гэдэг уриа бүхий зөвлөгөөн, хурлын зохион байгуулагч, илтгэгчдийн ямар ч шинжлэх ухааны үндэслэлгүй, тооцоололгүй, үл биелэгдэх худал үг, поп ярианд итгэж хууртсаар л, хоёр таваг хоол, хоёр зуун миллитр архины дайллага цайллаганд нь баярлаж хөөрсөөр л цаашдаа ч олон жилийг үр дүнгүй өнгөрөөх дүр зураглал харагдаж байгаа юм.

Тавдугаарт: “Хоёр идэхгүй хоосон хонохгүй”, гэрийн гаднаа хэдэн толгой малтай  байгаа нь олонхийнх нь тухайд баян тарган, хангалуун амьдралынх нь илэрхийлэл бололтой. Түүндээ ч сэтгэл ханамжтай байдаг юм шиг. Сэтгэл ханамжтай минималист амьдралаар амьдарч чадаж байгаа нь нэг талаар сайн хэрэг ч нөгөө талаар цаашид өөрсдөө болон үр хүүхэд нь хэрхэн сайн сайханд хүрэх  арга зам нь маш бүдэг байгаад огтхон ч санаа зовохгүй буюу тэр талаар эргэцүүлж бодохгүй байгаа нь муу хэрэг. Яг л “тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодоод, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ” гэдэг шиг байгаа нь эмгэнэлтэй санагдаад байгаам. Хөгжихгүй тэр л хэвэндээ, түүнээсээ ч дордох зураглал харагдана. Тэднээс төр барилцах эрхийг  нь дөрвөн жил тутамд тавиас зуун мянган төгрөгөөр худалдан авагсад нь ч тэднийг хамтын нийгмийн амьдралд суралцуулах, өөр хоорондоо болон бусадтай хоршиж хамтарч ажиллах, хүрээлэн буй орчинд нь халгүй, хоргүй, хөнөөлгүй технологийг орон нутагт нь нэвтрүүлэх замаар амьдралын түвшинг нь дээшлүүлэх, тогтмол орлоготой болгох, тавиас зуун мянган төгрөгт хууртаж, хөөрцөглөж, хөл алдахгүй түвшинд амьдралын хангалттай эх үүсвэр, хуримтлалтай болгохыг огтхон ч хүсэхгүй байгааг Увсынхан олж харахгүй байгаа бөгөөд бүх талын сайн сонголтын  хувилбарууд байнга нээлттэй байдаг юм шүү гэдгийг ухаарахгүйгээр тархиа угаалгасан нь эмгэнэлтэй л дүр зураг. Байнгын хараат, боолын нийгмийн төрх.

Зургаадугаарт: Увсынхан хийж, эрхэлж буй ажлаа байж болох дээд түвшинд нь буюу профешнэл хэмжээнд нь гүйцэтгэх чадавхи, сэтгэл дутуутай болсон байдал ажиглагдав. Тухайлбал, Увсад мал, бэлчээрийн өвс ургамал, ус, худаг, малын ашиг шим, байгаль дэлхийн араншин зэргийг бүх талаас нь жил, дөрвөн улирлын турш тооцоолж чаддаг үнэхээрийн сайн малчин гэдэг ойлголт байхгүй болж буй нь харамсалтай санагдаж байв. Ийм байдал тэнд оршин суугчдын уламжлалт ажил амьдралын хэвшлээс аймгийн удирдлага хүртэлх бүх түвшинд хавтгайрсан байна.

Долоодугаарт: Увсынханд амьдралын зөв хэвшил алга. Наад зах нь хооллолт ундлалтын талаар. Монгол улсын хэмжээнд улаан хоолойн хорт хавдраар Увсынхан нэгдүгээрт ордог шалтгаан болон түүнээс хэрхэн сэргийлэх талаар зөв мэдээлэлтэй хүнтэй тааралдсангүй. Дэлхийн шинжлэх ухаан харьцангуй өндөр хөгжчихсөн, бүх чиглэлийн мэдээлэл авах бололцоо ийм их болчихсон өнөө үед өөрсдийгөө удирдаж, хамгаалж, хайрлах оролдлого хийхийг бодохгүй,  чадахгүй байгаа хүмүүс чинь өөр бусдад өөриймсөг сэтгэлээр хандахгүй гэдэг нь ч тодорхой л доо.

Наймдугаарт: Хүнсний аюулгүй байдал байнгын аюулын харангатай. Ялангуяа нийтийн хэрэгцээнд нийлүүлж буй мах, сүүнд ямар ч эрүүл, аюулгүйн баталгаа алга. Малын эрүүл мэндтэй холбоотой үйлчилгээ Увс аймагт үнэхээр дорой байна. Нарийн мэргэжлийн нэг ч үйлчилгээ мэдэх, үзүүлэх мэдлэгтэн, чадвартан тэнд байхгүй нь алхам тутамд мэдрэгдэнэ. Нийтийн хэрэгцээний мах бэлтгэж, нийлүүлэгсдийн байгаа орчин нь Эмээлт дахь Хятадуудын мах бэлтгэдэг орчноос ялгарах юм алга. Өөрөөр хэлбэл ганцхан энэ байдлаас дүгнэхэд л Увсад хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл тухайлбал, мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүний бизнес ном ёсоор хөгжих ирээдүй хичнээн хол байгааг бэлээхэн харуулчихна. Хүмүүс нь ч угаасаа  тийм л байх ёстой юм шиг хандлагатай нь ажиглагдана. Эрүүл бие саруул ухааныг нөхцөлдүүлэгч гол хүчин зүйл нь хүнс шүү дээ гэдгийг Увсынхан ойлгоосой гэж л залбирч явав.

Есдүгээрт: Хүрээлэн буй, дотор нь амьдран буй байгаль орчин нь жилээс жилд доройтон сүйдэж байгаа сүйрлийн шалтгааныг оновчтой тогтоох, сүйрүүлэгч шалтгааныг бууруулах улмаар арилгах оролдлого хийж эхлэх, сүйрлээс сэргийлэх арга зам, хэрэв Увсын нутагт байгаль орчны сүйрэл тохиолдвол тэнд оршин буй хүн, мал, амьтан, ургамал  ба нуур, гол горхи, рашаан булаг мэт амьтай ба бид амьгүй гэж боддог ч амьд зүй тогтлоор хоорондоо харилцан шүтэлцээтэй бүрдсэн бүхэн хамтдаа устаж үгүй болно гэдгийг Увсынхан ойлгоогүй л байцгаана. Тэдэнд хааяа ганц хоёр лонх архины үнэтэй тэнцэх сохор зоос чулуудагсдынх нь толгойд ч тийм ойлголт алга. Энэ бол Увс сүйрлийн ирмэгт ойрхон байгаагийн дохио юм. Увсынхан сүйрэл тийш хөтлөгсдөө оройдоо залсаар, түүнийгээ үл ухаарна хаашаа тэмүүлнэ вэ гэх эмзэглэл эргэлдсээр л...

Аравдугаарт: “Ямар ард түмэн байна, тийм л төр, удирдагчидтай байна” гэдэг ухаалаг ажиглалтын дүр зураг одоогийн Увсынханд яг таарсан мэт. Хулгай, луйвар, манай танай болж талцаж хуваагдахаас  өөрийг боддоггүй удирдагчидтай аймгийн ард түмэн нь тэдгээр удирдагчидтайгаа адилхан л хүмүүс болж хувирсан байж таарна гэх логик гаргалаа гарна. Эсрэгээр нь “Ухаангүй ноёнд урагшгүй албат” гэдэг зүйр үгийн тусгал ч  тус аймагт биеллээ олсон байна лээ.

Арваннэгдүгээрт: Намын гишүүн гэх албан ёсны шантаажчид. Хуваагдал талцал гаарсан байгааг нь харахаар намын үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр зэргээрээ л нөгөө барууны үзэл баримтлалтай, зүүний үзэл баримтлалтайгаараа л хуваагдаад тэгэж маргалдаж тангараг тасарцгаадаг юм болов уу гээд анзаарахаар намын гишүүд гэх этгээдүүд нь намынхаа үзэл баримтлалын талаар нэг ч бүтэн өгүүлбэр мэдэхгүй нь үнэмлэхүй олонхи. Намууд нь ч үзэл баримтлалаар хоорондоо ялгарах юм огтхон ч байхгүй болсон л доо. Тэгээд намын гишүүн гэж хэн бэ?, гэхээр “албан ёсны шантаажчид” л гэдэг хариу гарч байна лээ. Түүний илэрхийлэл нь нэг намаас гар гараасаа хөтлөлцөөд нэр дэвшсэн мөнгөтэй, мөнгөгүй хоёр нэр дэвшигчид өгсөн саналын зөрүү нь тэнгэр, газар шиг хол зөрүүтэй байгаагаар нотлогдоно. Намуудын гишүүдтэй нь уулзаад ярилцахад ч мөнгө өгвөл сонголтын саналаа шууд л газар дээр нь эргүүлчихээр этгээдүүд олонтаа тааралдах юм билээ. Тэгэхээр одоогийн намуудын гишүүд, дэмжигч нар гэдэг нь албан ёсны шантаажчид бөгөөд мөнгө л өгөхгүй  бол намынхаа төлөө ч, нэр дэвшигчийнхээ төлөө ч хуруу битгий хэл хумсаа ч хөдөлгөхгүй гарууд гэдэг нь тодорхой л харагдаж байна лээ. Үзэл баримтлалгүй нам, үзэл баримтлалгүй гишүүн гэдэг бол зүгээр л нийгмийг хорлон сүйтгэх  зэвсэг л юм байна гэж бодогдсон шүү. Аливааг ухаанаар шийдэх ёстойг Увсынханд ухааруулмаар л юм билээ.

Увс аймгийн 15 дугаар тойрогт нэр дэвшсэн

Галзад овогт Цэдэвийн Өлзийтогтох