Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлд
2020 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааг
зохион байгуулахад анхаарах санал хүргүүлэх тухай
Манай дэлхий “COVID-19” коронавирус дайсны хөлд өртөж биотерроризмын дайнд нэрвэгдсэн байдалтай байна. Энэхүү дайн хэзээ хэрхэн бүрэн зогсохыг хэн ч таамаглан хэлж чадахгүй нь. Энэ дайн нь хорлон сүйтгэгчдийн өдөөсөн зориудынх байсан уу, хомо сапиенс хэмээх “ухаант” хүн төрөлхтөн нь өөрсдөөсөө бусад энэ дэлхийн амьд биетүүд болон байгалийн бүтээл “амьгүй” бүхэнтэй зүй бусаар харьцасны шийтгэл буюу үйлийн үр юм уу гэдгийг ч эргэцүүлэх ухаан хүрэлцэхгүй л байгаа бололтой. Хэвлэлүүдийн мэдээллээс ажиглахад энэхүү дайны учир шалтгаан буюу коронавирус нь байгалийн жамаар төрсөн үү, вирусологийн лабораторит зориудын диссоциаци, мутацийн үр дүнд бий болсон уу гэдгийг үнэн зөвөөр тогтооё гэхээсээ илүүтэйгээр харилцан нэгнээ буруутгах, дайны эргэн тойрноос ашиг хонжоо олчих, ядахдаа алдагдал хохирол багатай үлдчих гэсэн том гүрнүүдийн бодлого ч цухалзаад байх шиг. Улс орны дотоодод ч энэхүү дайныг ашиглан мэдлэг, мэдээлэл багатай иргэдээ айлган сүрдүүлэх, дайны аюулаас бусад чиглэлийн зайлшгүй чухал мэдээллүүдийг өгөхгүйгээр харанхуйдуу байлгаж, мэдээлэл олж боловсруулан дүгнэлт хийж “хариу урвал” үзүүлэх чадамжтай үнэмлэхүй цөөнхийнхөө дуу хоолойгоо гаргах боломжийг нь бүх талын арга хэрэгсэл ашиглан хаан боогдуулж байгаад улс төрийн болон эдийн засгийн ашиг олчих санаархалтай улс төрийн хүчин, гадаад дотоодын эдийн засгийн алуурчид, бизнесийн бүлэглэлүүд ч байж магадгүй нь ялангуяа эрх мэдэл бүхий субьектүүдийн гаргаж буй шийдвэр, оролдлого, явуулж буй үйл ажиллагаануудаас тодорхой хэмжээгээр анзаарагдаж л байна.
Энэхүү халдварын дайны нөхцөл байдлын улмаас болон Монголын нийгэмд тогтсон тоталитар дэглэмийн шинжтэй ч юм шиг, засаглалын саажилттай ч юм шиг байдал, төрийн албаны доод, дунд, дээд шатанд байршсан 60 тэрбумчдын сүлжээнийхний ил ба далд явууллага, олон жилийн турш, олон удаагийн УИХ-ын ба орон нутгийн сонгуулийг сумууд, аймаг, дүүргээр нь хуваан жижигрүүлж нэгдмэл Монгол улс гэх үзэл баримтлалыг алдагдуулсны үр дүн, улс төрийн зарим намын “хатуу гишүүнчлэл” гэх Монголын доройтол, сүйрэл, нийгмийн муу, муухай бүхний үндэс шалтгаан буюу анхан шатандаа, доод түвшиндээ харилцан нэгнээ үзэн ядахдаа тултал талцаж хуваагдсан байдалтай ч дээд түвшиндээ Монголын газрын баялаг, өмч хөрөнгө, албан тушаал, эрх мэдэл, хууль хүчний байгууллагуудад хувийн эрх ашгийн нөлөөллөө тогтоосон байдал зэргээрээ нам үл харгалзан сүйрүүлэгч “МАНАН” сүлжээ тогтсонг харж үзэж ойлгож ухаарах ухаан чадвараа алдсан, тухайн нам гэгч нь ямар үзэл баримтлал, бодлого тээж явааг ч үл мэдэн, өөрсдийгөө болон үр хойч үеэ ямархуу аюултай “дөнгө”-нд гавлуулчихсан байгаагаа ч үл ухамсарлан, эцэстээ ах, дүү, хамаатан садан, жалга, дов, ястан, үндэстэн, нутаг усаараа буцаж эв зүйгээ олох аргагүйгээр салж сарнин хуваагдсан олонхи Монголчуудын үнэн дүр төрх, дэлхий, олон улсын түвшинд болон улсынхаа дотоодод хаана нь, хэрхэн, ямар бизнес эрхэлж байсан нь үл мэдэгдэх “ид шид”-ийн тэрбумтангууд, авлигачид, оффшоорчид, ЖДҮ-ийг хөгжүүлэх, ШУТехнологийн гэх мэт сангуудыг тонон дээрэмдэгчид, хууль бус газрын наймаачид, лицензи хэмээх цаасаар халхавчилж нийт ард түмний өмч болох газрын баялгийг нь гадаадын эдийн засгийн алуурчидтай хамтран хууль бусаар сорон мөлжигчид, Хятад зэрэг цөөхөн харь орны гаралтай ямар ч эрүүл мэндийн, хоргүйн, аюулгүйн баталгаагүй хүнс, ахуйн хэрэглээний бараа худалдан борлуулагчид, наймаачдаас голчлон бүрдсэн “улс төрч”-дийн чулуудсан өчүүхэн буюу 20000, 50000, 100000 төгрөгтэй тэнцүү хэмжээний бохир гаралтай, “угаасан - сохор зоос”-ны шавхрууг жилдээ буюу 4 жил тутамд өдрийн од мэт ховорхон долоож амь зогоон, ирээдүйгээ бус өнөө маргаашийн өл залгуулалтаас өөрийг бодох эргэцүүлэх ухамсар чадваргүй болж, өөрийн гэх “толгой”-гоо алдан оюуны хоосрол, мэдлэггүйн харанхуй ангалд унан дуусаж буй ард түмнээрээ тоглоом тохуу хийн, даажигнаад дадчихсан, өмнө нь хэдэнтээ УИХ-ын гишүүн, сайдаар сонгогдож томилогдсон боловч итгэл хүлээлгэсэн ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэх, тэднийхээ тархийг соён гэгээрүүлэх талаар юу хийж ирсэн нь тодорхойгүй буюу юу ч хийгээгүй, зөвхөн өөрсдөө тойрон хүрээлэгчдийнхээ хамтаар хагартлаа баяжсан, “дархлагдсан” “мундаг улс төрч” хэмээн өөрсдийгөө нэрлэсэн цөөн хэдхэн “хүн-араатан”, “үр могой”-нуудын тохуурхалт, гарын зугаа гаргалт зэрэг нөлөөлөл, нөхцөл байдлуудын улмаас Монголын ард түмэн бид, сүүлийн хэдэн удаагийн УИХ-ын сонгуулийн адилаар УИХ-ын 2020 оны сонгуульд сонгох, сонгогдох эрхээ шударгаар, соёлт хүн төрөлхтний жишгээр эдэлж чадахгүйгээр “сонголтгүй сонгууль”-д оролцон “МАНАН-МАФИ”-г дахин оройдоо залж, Монгол улс үүрдийн харанхуйд живж, хайран сайхан эх орон, газар нутгаа уул уурхайн хөлд сүйрүүлэн, Африкчуудын араас орох хувь тавилантайгаа эвлэрэх нь бараг л тодорхой болов бололтой.
2018 оны сүүлчээс эхлэн Монголын ард түмэн дахин нэг удаа сэрэх нь үү гэх итгэл, найдлагын оч гялалзаж эхэлсэн ч энэхүү коронавирусийн дайныг дажин болгогч нарын зальт үйлдлүүдэд төөрөлдөж, хэт сүржигнэлтээс нь айн чичирч буцаад унтрав бололтой.
Ийм дайны болон цөвүүн цагийн үед “нийгмийн нийтлэг эрх ашгийг хамгаалдаг, нийгмийн бүх гишүүдэд үйлчилдэг шийдвэрийг гаргадаг, хууль, ёс, уламжлалаар олгогдсон эрхтэй засаглал, байгууламж” болох “ТӨР”-ийг удирдан чиглүүлж буй Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд нь Монголын нийт иргэдийнхээ эрх ашиг, үндэснийхээ ирээдүйн хувь заяаны төлөө өвөрмөц шинэлэг, жишиг бус, онцгой чухал санаачилга, шийдвэрийг гаргах ёстой гэж үзэж байна.
Энэ цаг үе бол аливааг өмнө нь манай дэлхий, олон улс орнуудад тогтсон байсан жишиг дэг жаягаар явуулах ямар ч боломжгүй болсон гэдгийг манай улсын бүх иргэд, бүх түвшнийхэн ойлгох ёстой.
Тиймээс 2020 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааг өмнөх жилүүдийн УИХ-ын сонгуулиудын үеийн жишгээр буюу намуудаас болон бие даан нэр дэвшигчид нь сум, хороо, аймаг, дүүрэгт буй “сонгуулийн жилийн угжны хурганууд” буюу намын анхан шатны нэгжүүдийн сонгуультан, идэвхтэн нар, засаг захиргаа, орон нутгийн нэгжүүд дэх дэмжигч, ухуулагч, сурталчлагч нараараа дамжуулан иргэдийн гэрийн хашаа, хаалгыг нүдэж цохин тогшиж амгалан тайван байдлыг нь алдагдуулахгүйгээр, коронавирусийн халдалтын эрсдэл үүсгэхгүйгээр, “Шинэ коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай”, “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” , “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” болон “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” гэх мэт Монгол улсын Засгийн газрын тогтоолууд болон коронавирусийн халдвартай холбоотой эрх бүхий субьектүүдээс гаргасан бөгөөд нийтээрээ дагаж мөрдөх хууль, эрх зүйн актуудыг зөрчихгүйгээр, хоёроос дээш олон хүнийг нэгэн дор цуглуулахгүйгээр, бузар эх үүсвэртэй “сохор зоос”-ны шавхрууг ил ба далдуур гараас гарт буюу айлуудаар орж гаран тараахгүйгээр, сонгогч иргэдийн данс руу нь өөрсдөө ч мэдээгүй байхад нь хэдэн арваас хэдэн зуун мянгаар тоологдох төгрөг шилжүүлэхгүйгээр (энэ бүхнийг тагнуул, хууль, хүчний байгууллагуудаар хянуулах шаардлагатай!!!), үйлдсэн бүх бузар булай нь улс даяар, улмаар дэлхий, олон улсын хэмжээнд ч түгэн тархаж, баримтат мэдээллүүдээр нотлогдсон ч “шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй бол хэнийг ч гэм буруутай гэж үзэхгүй” гэдэг стандарт хэлц, хуулийн зүйл заалтын ард халхлагдан нуугдаж нүүр улайхгүй, нүд цавчихгүйгээр гэмгүй царайлан, ухаалаг, шударга дүр эсгэн ярьж, мөнгөөр бүхнийг худалдаж авч болно гэх итгэл, үнэмшилдээ бат итгэн даналзаж, түүнийгээ ил тод зарлан, бусад нэр дэвшигч нарыг басамжлан дуэльд дуудах мэтийг үйлдэгч этгээдүүдийн үйл ажиллагааг ямар нэг хэмжээгээр хязгаарлаж, мөнгө төгрөгөөр “бөөлждөг” болон сонгогчдыг худалдаж авах мөнгөгүй нэр дэвшигч нар буюу хүч тэнцвэргүй тулааны өрсөлдөгч нарын хүч, нөөцийн хоорондын зайг ойртуулж, сонгогчид буюу “үзвэр үзэгч” нар сонирхохуйц болгож, тараах мөнгөгүй өрсөлдөгчийн өрсөлдөх боломжит чадавхийг нь бага ч гэсэн дээшлүүлэх замаар сонгуулийн үйл ажиллагаа шударгадуу явагдах нөхцөл байдлыг хагас хугасхан боловч бүрдүүлэхийн төлөө ажиллана уу?. Сонгуульд зөвхөн мөнгөтэй, баян хүн нэр дэвшиж, сонгогдох ёстой гэх ойлголт тархинд нь бат тогтвортой суучихсан, “намайг хэн хэлж нохойг хэн саах вэ” гэгч нь болж яваа этгээдүүдийн хууль зөрчсөн үйлдлүүдийг жаахан ч гэсэн хязгаарлаж, мөнгөөр “төрийн эрх барих буюу сонгох” саналаа худалдагсдын ирээдүйгээ, улс үндэстнээ хорлож буй үйлдлийг нь жаахан ч гэсэн хориглож сонгуулийн саналаа харьцангуйгаар үнэн зөвөөр, өөрийнхөө итгэл үнэмшилээр өгөх боломжийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд Та бүхнээс хичээнгүйлэн хүсэж байна.
Үүнийг гүйцэтгэж биелүүлэх нь тийм ч хэцүү биш байх болно. КОВИД 19 дайны нөхцөл байдлыг манай улсын бүх иргэн ойлгочихсон байгаа. Монгол улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 39.2.2, 39.2.3, 39.2.6, 39.2.7, 39.2.8 дугаар зүйлд нийцүүлэн сонгуулийн сурталчилгааг зөвхөн радио, телевиз, сошиал, өдөр тутмын болон бусад сонин, сэтгүүлээр дамжуулан явуулахад л болно. Хэвлэмэл материалуудыг ч ариутгал халдваргүйтгэлийн шаардлага хангасан тодорхой цэгүүдээс сонгогч иргэд өөрсдөө ирж авахаар зохицуулах нь зүйтэй. Монгол улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 39.2.1, 39.2.4, 39.2.5 зүйлүүдийг 2020 оны УИХ-ын сонгуулийн үеэр хэрэглэхийг түр түдгэлзүүлэх асуудлыг УИХ-аар яаралтай хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх нь энэ КОВИД 19 дайны давагдашгүй нөхцөл байдалд бүрэн нийцнэ гэж үзэж байна.
Харин Монгол улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн тэдгээр зүйлүүдийг түр түдгэлзүүлснээ юугаар нөхөн орлуулж болох вэ гэвэл, манай улсын бүх иргэд харж үзэх боломжтой телевизийн сувгуудаар тухайн тойрогт нэр дэвшиж буй нэр дэвшигч нарыг бүгдийг нь оролцуулан тухайн тойргийнхоо болон Монгол улсын нийт иргэдийн эрх ашгийг хамгаалахын төлөө хэрхэн шударгаар, хууль дээдлэн, хулгай луйвар хийхгүйгээр, хууль тогтоох байгууллагад сонгогдоод юу хийхээр зорьж буй болон мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх талаар хэрхэн ажиллах төлөвлөгөө, байр суурь, үзэл бодлыг нь уралдуулах боломжоор хангах нь зүйтэй. Энэ нь сонгогчид нэр дэвшигч нараа хэн нь хэн бэ гэдгийг таньсны үндсэн дээр зөв сонголт хийхэд нь нилээд дөхөм үзүүлнэ гэдэгт итгэж найдаж байна.
Энэ жишиг нь зөвхөн 2020 оны УИХ-ын сонгуульд хэрэглэгдээд зогсохгүй цаашид улс төрч, өндөр албан тушаалтан хэмээгчид, нэр дэвшигчдийн зүгээс хэмжээ хязгааргүй мэтээр баруун солгойгүй цацаж тараадаг, эх үүсвэр нь эргэлзээтэй санхүүжилт болон түүний хүчээр сонгогдсоныхоо дараа төрийн албан тушаал, эрх мэдлийг ашиглан хэд дахин нугалж өсгөөд олоод авчихдаг гэх бохир, цэвэр холилдсон мөнгөнийх нь зарцуулалтыг багасгаж, төрийн албаар дамжуулан ард түмний дундын өмч, төсөв, сан мэтээс хулгай, луйвар хийх “шаардлага”, “дарамт”-ыг нь багасгаж хувь хүн, компани, улс орны эдийн засагт ч үлэмж их тус дэм үзүүлэх болно.
Монгол улсынхаа Үндсэн хуулинд заасанчлан “..хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж....” суралцах нь зүйтэй гэж үзэж байна...
Хэвлэл, мэдээллээс үзэж сонсоход Европ, Америк тивийн зарим оронд парламентын сонгуульд нэр дэвшигчид нь ойролцоогоор 6000 Евро, 25000 доллараас хэтрэхгүй зардал гаргах ёстой гэж хуульчилсан байдаг гэнэ. Тэдгээр өндөр хөгжилтэй, баян чинээлэг орнуудын жишгээр цаашдаа бүх түвшний сонгуульд үлэмж их мөнгө зарцуулахыг нь хязгаарлаж хуульчлах нь зүйтэй байна.
Ц.Өлзийтогтох