Эрүүл аюулгүй амьтны сүрэгтэй байх бодлогын асуудалд
Амьтан гэдэгт дэлхий дээрхи хүнээс бусад амьтны аймгийн бүх гишүүд болох сүүн тэжээлтэн, шувуу, загас, хэвлээр явагч, газар уснаа явагч, далайн нялцгай биетэн, шавьж, сээр нуруугүйтэн бүгдээрээ хамаарна. Хүнээс бусад бүх амьтны эрүүл мэндтэй холбоотой асуудлаар мал эмнэлэгт буюу амьтны анагаах ухаанд хандана. Соёлт хүн төрөлхтөн ийм л жишигтэй. Эрүүл, аюулгүй гэдэг нь ил ба далд өвчингүй, нэг амьтнаас нөгөөдөө, амьтнаас шууд болон тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүнээр нь дамжиж хүнийг халдварлуулах, хордуулах эрсдэлгүй гэдэг ойлголтыг л агуулж байгаа юм. Манайхан эрүүл, аюулгүй мах, сүү болон амьтны гаралтай бүтээгдэхүүний талаар бага зэрэг ойлголттой болж байгаа ч эрүүл, аюулгүй амьтан, мал сүргийн талаар ойлголтгүй гэж хэлж болохоор байна. Гаднаас нь харахад илэрхий өвчингүй л бол эрүүл амьтан гэж боддог юм шиг. Амьтны эрүүл мэндийн талаар хоёр туйлшрал яваад байна. Нэг нь Монголын бүх амьтан, мал сүрэг нь өвчтэй учраас амьтны гаралтай бүтээгдэхүүнээ экспортолж чаддаггүй гэх. Нөгөөх нь бүх мал сүргээ ямар нэгэн өвчин, эмгэггүй цоо эрүүл болгоно гэх. Энэ хоёрын эхнийх нь огт үндэслэлгүй бөгөөд нөгөөх нь хэзээ ч бүтэшгүй мөрөөдөл. Өмнө нь хэзээ ч тийм байгаагүй бөгөөд ирээдүйд ч ийм байх боломжгүй. Эрүүл, аюулгүй амьтантай байх гэдгийг ойлгохын тулд эрүүл бус, аюултай амьтан гэж юуг хэлэх вэ гэдэг талаар мэдлэгтэй байх хэрэгтэй. Тухайн зүйл амьтад нь өөр хоорондоо болон хүн, бусад зүйл амьтанд халдах эмгэгтөрүүлэгч тээгч бол эрүүл бус, халдвар тараах эрсдэлтэй, аюултай гэж үзнэ. Түүнчлэн химийн гаралтай эм, бодис, антибиотик, хорт цацрагийн хурц ба ужиг хордлоготой бол аюултай, эрүүл бус амьтан гэж үзэж болно. Эрүүл бус, аюултай эсвэл эрүүл, аюулгүй гэдгийг тухайн амьтан буюу бүл, сүргийнх нь сүүлийн сар, жилүүдийн эрүүл мэндийн статус, эрүүл мэндийн үйлчилгээ, хяналтанд тогтвортой хамрагдсан байдлын талаарх эргэлзээ мадаггүй, эрх бүхий этгээд, субьектын баталгаажуулсан бүртгэл хөтлөлт, мэдрэхүйн эрхтний үзлэг, амьтан эзэмшигчийн анамнез, итгэлтэй лабораторийн шинжилгээний дүгнэлт зэргийг үндэслэн тогтоож болно. Амьтан нь бурхнаас оногдсон хувь заяагаараа хүний хэрэгцээ, хэрэглээг л хангаж, түүний нөмөр нөөлөг, эсвэл эрхшээл, дарангуйллаас ангид байх хувь заяагүйгээс хойш алив амьтныг эрүүл, аюулгүй эсвэл эрүүл бус, аюултай байлгах нь ерөнхийдөө хүнээс л хамаарч буй хэрэг. Эрүүл, аюулгүй эсвэл эрүүл бус, аюултай гэж тодорхойлогч нь тиймээс хэрэгцээлэх, ашиглах хүн л юм. Өргөн утгаар нь авч үзвэл тухайн амьтан болон түүний гаралтай бүтээгдэхүүнийг хэрэглэгч, худалдан авагч тал буюу улс орнуудын тухайд импортлогч улс орон нь ямар шаардлагуудыг хангаж байвал эрүүл, аюулгүй гэж үзэх болзолоо тавина. Экспортлогч тал буюу ханган нийлүүлэгч улс орон нь тэдгээр шаардлагуудыг нь биелүүлсэн эрүүл, аюулгүй амьтны сүрэгтэй байж л бизнес, эдийн засгийн харилцаанд орохоос өөр аргагүй болно. Улс орнуудын хоорондох энэ талаарх ерөнхий шаардлагуудыг нь дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллага буюу OIE, дэлхийн худалдааны байгууллага буюу WTO хамтран тогтоогоод гаргачихдаг. Энэ ерөнхий шаардлагуудын хүрээнд худалдан авагч, худалдагч талууд тохиролцож болох талтай. Мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, арьс, шир, ноос, ноолуурын эрүүл, аюулгүй байдал, дотоодын зах зээл ба экспортод тавигдах шаардлагыг ярихаасаа өмнө эрүүл, аюулгүй амьтан буюу мал сүрэгтэй байхыг шаардах нь зүйтэй бөгөөд эрүүл, аюулгүй мал сүрэг буюу амьтан гэдгийг хэрхэн тодорхойлох, юуг ойлгох талаар зөв мэдлэг, мэдээлэлтэй байж, энэ талаарх бодлогоо зөв тодорхойлж явах нь зүйтэй шүү гэдэг үүднээс л үүнтэй холбоотой асуудлыг хөндөж байна. Эрүүл аюулгүй мал сүргийн тухай асуудал хааяа жаахан хөндөгдөж байвч зөвхөн хувь хүн, хэсэг бүлэглэлийн явцуу эрх ашгийн үүднээс маш буруу өнгө аясаар, захиалгат хэвлэл мэдээллээр олон жилийн турш дуугарч, тэр нь худлыг мянга давтахаар үнэн болдог гэдэгчлэн нийгмийн бүх түвшинд үнэн мэтээр ойлгогдож засаж залруулахад төвөгтэй үлэмж их хорлон сүйтгэл учруулсаар л яваад байна. Өөртөө халтай нилээд их зардал, хохиролтой тэмцэл хийсээр улс орны хэмжээнд учруулж буй хорлон сүйтгэлийг нь жаахан багасгаад намжаах гэж байтал хорт ба хоруу чанар нь дарагдаагүй эмгэгтөрүүлэгч буюу хорлон сүйтгэгч этгээдүүд нь зүсээ хувиргаад, үржиж олшроод, реверс, мутаци, ондоошилд ороод дахин сэргэж хорлон сүйтгэлээ учруулаад тасрахгүй юм. Уг нь эрүүл аюулгүй амьтны сүрэгтэй болохыг ойлгож ядаад л, одоогийн буруу тогтолцоог засаж залруулахад их хугацаа алдаад л байх асуудал биш л гэж бодогдоод байгаа юм.
Нэгэн зүйл. Амьтан ба мал. Монгол улс “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуультай болсон. Хуулийн нэршилээс үзэхэд мал бол амьтан биш гэж л үзээд байна. Дэлхий нийт бол бид таван хошуу мал гэж нэрлэдэг тэмээ, адуу, үхэр, хонь, ямааг сүүн тэжээлтэн амьтан гэдэг ангилалд л оруулж үздэг. Цаашид дэлхий, соёлт хүн төрөлхтнөөс гаж энэ ойлголтоо засаж залруулах нь зүйтэй.
Нэгэн зүйл. Амьтан ба хууль. Монголын шинэ түүхийн буюу өнгөрсөн 100-аад жилийн хугацаанд амьтны эрүүл мэндийн асуудлыг хуулиар зохицуулсан нь 1993 оноос эхлэлтэй. 1930-аад оноос 1993 он хүртэл дүрмээр зохицуулж ирсэн байдаг. Хуулиар зохицуулдаг болсноос хойших үеийн амьтны эрүүл мэндийн асуудлыг ажиглахаар “сахил хүртээд шал дордов” л болсон нь олонтаа. Тэр нь хүний нөөцийн мэдлэггүйжил, чадавхигүйжилтэй ч холбоотой байж магад.
Нэгэн зүйл. Амьтан ба төр, засгийн бодлого. Бодлого бол бодож боловсруулсан, үндэслэлтэй, хэрэгжих боломжтой дунд, урт хугацааны хөтөлбөр л байх ёстой. Харамсалтай нь Монголд амьтны эрүүл мэндтэй холбоотой тийм бодлого алга. Энд тэндээс цуглуулсан эмх замбараагүй хуулан бичлэг, гадаадынханы янз бүрийн зорилго хавчуулаастай зөвлөмж, дэлхийгээр түгсэн мэргэжлийн мэдлэгт тулгуурлаагүй, үндэсний өвөрмөц онцлогыг харгалзаагүй, бодит амьдралд нийцэхгүй, өрөөл татуу, эргэж буцсан, уймраа чавганцын санаа төдийхөн нь л олонтаа байх юм. Гол “бодлого”-ууд гэгч нь зөвхөн хулгай хийх л зорилго, захиалгад үндэслэгдсэн байх нь түгээмэл.
Нэгэн зүйл. Эрүүл бус, аюултай амьтан ба халдварт өвчин, вакцин, вакцинжуулалт. Вакцин бол зэвсэг. Вакцинжуулалт бол түүний хэрэглээ. Вакцин, вакцинжуулалтыг зөв хэрэглэж, явуулбал эрүүл, аюулгүй амьтантай байх сайн хамгаалалт болно. Буруу хэрэглэж явуулбал эрүүл бус, аюултай амьтантай л байх болно. Харамсалтай нь амьтны эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон мэргэжлийн байгууллагууд нь вакцин, вакцинжуулалтаар дамжуулан Монгол улсынхаа мал сүргийг эрүүл бус, аюултай болгосоор, түүнийгээ дэлхийгээс төдийгүй ард иргэдээсээ нууцалсаар л явцгааж байна. Ард түмэн нь вакцины дам халдвар, хордлогын нөлөөнд өртсөөр л. Юугаа ч мэдэхгүй мах, сүүг нь идэж уусаар л. Төр, засаг нь вакцин, вакцинжуулалтыг халдвар нууцлах хэрэгсэл болгосоор л. Шаардлагагүй хэрэглээг нь улам нэмсээр л.
Нэгэн зүйл. Эрүүл бус, аюултай амьтан ба антибиотик, химийн гаралтай эм. Хэрэгцээ, шаардлагагүй тохиолдолд хүн ч, амьтан ч химийн гаралтай эм, бэлдмэл, антибиотик хэрэглэхээс аль болохуйц зайлсхийх ёстой. Химийн гаралтай эм, антибиотик бол хор шүү дээ. Манай улсын үе үеийн төр, засгийн удирдагчид нь яахаараа химийн бодис, антибиотикоор мал сүргээ хордуулах саналыг ухуулагч хорлон сүйтгэгчдийн нөлөөлөлд өртөж, тэднийг сонсож тийм муу ёрын ойлголттой болдог юм бүү мэд?. Тухайн амьтан болон сүрэгт нян, шимэгчдээр үүсгэгддэг өвчин байгаа эсэхээс үл хамааран химийн гаралтай эмээр “бөмбөгдөх” тогтоол, тушаалуудыг цувруулсаар л. Гайтай төр, засгийнх нь тогтворгүй байдал ч химийн гаралтай эм бэлдмэл шахаач, наймаачдад тусалсаар л. Малчин, фермерүүд нь ямар төрөл, зүйлийн өвчин, эмгэгтөрүүлэгчид аль нэр төрлийн химийн эм, антибиотик үйлчилж, нөлөө үзүүлдэг эсэх талаархи ойлголт багатай буюу байхгүй нь тэдний мунхаг байдлыг нь ашиглагч шахаач, наймаач, дамлагч нарын хорлон сүйтгэлт орлогынх нь эх үүсвэр нь болсоор л байна.
Нэгэн зүйл. Эрүүл бус, аюултай амьтан ба паразит өвчин, ивомек. Ивермектин гэх идэвхит үйлчлэгч бодистой, бидний нийтлэг мэддэгээр худалдааны нэр нь “ивомек” гэх эм 1975 онд нээгдэж, 1981 онд амьтны зориулалттай эмийн хэрэглээнд нэвтэрсэн. Яг зориулалт нь тодорхой зүйл шимэгчдийн халдварлалтын эсрэг хэрэглэх. Одоо Монголын ихэнхи малчид, фермерүүд нь ивомекийг “таргалуулдаг” буюу “тарга хүч тогтоогч” тарилга гэдэг буруу ойлголттой. Ивермектин бол аймшигтай хүчтэй хор юм шиг байгаам. Ивермектин үйлчилдэг паразитаар халдварласан амьтанг эмчлэх зорилгоор 50 килограмм амьдын жин тутамд нь 1 хувийн уусмалаас нь 1 миллитрийг тарьж олгоход эзэн амьтны биемахбодын дотно, гадна байгаа зорилтот бай шимэгчдийг үхүүлэх чадвартай. Хэрэв эзэн амьтных нь мах, сүүг нь хэрэглэх болбол тарьж олгосноос хойш 28 хоногийн дотор хүнсний зориулалтаар ашиглахыг хориглоно. Гэтэл Монголд сүүг нь 3 хоногийн дараа, махыг нь 7 хоногийн дараа ууж, идэж болно гээд л эмийн идэвхи, хоргүйжил гэх мэт чанарын үзүүлэлтийг нь шалгаж тогтоодог субьект нь сорилтын лабораторийн дүгнэлт гаргаж өгөөд л, мэргэжлийн хяналт гэгч нь дэлхий, соёлт хүн төрөлхтний шинжлэх ухаанаар тогтоосон стандарт шаардлага нь ямар байдаг талаар огтхон ч ойлголтгүй учраас юуг нь хянахаа ч мэдэхгүй, стандартын байгууллага нь ямар ч ойлголтгүйгээр үндэсний стандарт батлаж өгөөд л, амьтны эрүүл мэндийн асуудал эрхэлсэн яам, агентлаг нь малын эмийн бүртгэлд юугаа ч ойлгохгүй, эсвэл хуйвалдаанаар оруулж өгөөд л, үр дүнд нь Монгол улсын нийт мал сүрэг, хүн ам нь Хятад, Монгол зэрэг улсуудад үйлдвэрлэгдсэн хэдэн арван худалдааны нэршил бүхий дуураймал, хуурамч ивермектиний хордуулалтад өртсөөр, эрүүл мэндээрээ сүйрсээр л лавтайяа гурван арваныг ардаа орхиж байна. Цаашид энэ байдал хэр урт хугацаанд үргэлжлэх нь юуны өмнө хөдөө аж ахуй, мал эмнэлгийн салбарт ажиллагсдын гэгээрлээс л шалтгаалах байх даа. Тэд гэгээрэхгүй бол бурхан л мэдэх бололтой.
Нэгэн зүйл. Эрүүл бус, аюултай амьтан ба паразит өвчин, угаалга. Угаалга гэхээр угааж, цэвэрлэх л гэсэн агуулгатай байх ёстой. Бидний мэддэг “угаалга” бол угааж, цэвэрлэх зориулалтгүй. Тэгэхээр “угаалга” бол буруу нэр томьёолол гэсэн үг. Голдуу бог мал буюу хонь, ямааг ваннд хийсэн шимэгч шавьжны эсрэг үйлчлэлтэй химийн бодисын уусгамалд шумбуулахыг англиар dipping гэнэ. Dipping бол угааж, цэвэрлэж буй үйлчилгээ биш. Уг нь агуулгыг ойлгоод, зөвөөр нэрлэчихвэл зүгээр л юм. Нэгэнт ингээд буруу нэр томьёо хэрэглээд дадчихсан юм чинь түүгээрээ явна гэвэл тэр л биз дээ?. Асуудлын гол нь нэр томьёондоо бус. Сүүлийн жилүүдэд энэхүү “угаалга” гэгч хүрээлэн буй орчин, ургамал, ус, амьтанг хордуулагч, бохирдуулагч, эрүүл бус буюу аюултай болгогч арга хэмжээ нь Монгол улсын төр, засгийн байгууллагууд, сайд, дарга нарын хувьд төсвөөс хулгай хийх хэрэгслийнх нь нэг болов бололтой. Тэрхүү угаалга гэгчид нь хэрэглэгдэх ванны наймаа, химийн хорт бодисын худалдаа зэрэг нь УИХ-ын гишүүд, сайд, дарга нар болон тэднийг дагаж далдганагсад, бөгс долоогчдын хувьд ихээхэн ашигтай бизнес нь болох шиг. 2018 оны төсөвт Архангай аймагт, 2019 оны төсөвт Ховд аймагт нилээд олон зуун сая төгрөгийг “угаалга”-ын эргэн тойронд зарцуулахаар харагдаж байсан шүү. Соёлт хүн төрөлхтний түүхэнд тэмдэглэгдээгүй сонин, содон, гаж мэдээллүүд ч энэ “угаалга” гэгчийн эргэн тойронд сонсогдох болов. ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг гэгч этгээд 2018 оны намар Сүхбаатар аймагт очиж хонь, ямааг химийн хортой бодисын уусгамалаар “угаалга” хийж буйг гайхуулан ярихдаа, тэрхүү “угаалга” нь мал сүргийн амьдын жинг нь 30 хувиас доошгүй хэмжээгээр нэмэгдүүлдэг гэж айлдсан бол, 2019 оны намар одоо ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж буй Ч.Улаан гэгч этгээд Архангай аймагт оччихсон мөн л химийн хортой бодисоор “угаалга” хийхэд тарга хүч нь нилээд их хувь хэмжээгээр нэмэгддэг гээд яриад зогсож байсан. Яахаараа ямар ч өвчин эмгэггүй байтал нь химийн хортой бодисын уусгамал бүхий бохир ваннд шумбуулаад, хордуулаад, бохирдуулаад гаргасан хонь, ямааны амьдын жин хорь гучин хувиар нэмэгдчихдэг нь огт ойлгомжгүй. Ялаа, шумуул ихтэй үед креолины уусгамалтай ваннд хонь, ямааг шумбуулсны дараах хэдэн хоногийн турш ялаа, шумуул дайждаг явдал бий л дээ. Тэгэхдээ таргалаад амьдын жин нь хорь гучин хувиар нэмэгдээд байх явдал огт ажиглагдаж байгаагүй л дээ. Хүрээлэн буй орчин ч, шумбуулсан амьтан ч, тэнд ажилласан хүмүүс нь ч тодорхой хэмжээгээр хордоод л өнгөрнө. Хордуулалтын нөлөөг нь тоож, анзаарч буй нь ч ховор биз?.
Нэгэн зүйл. Эрүүл бус, аюултай амьтан ба паразит өвчин, туулга. Мал сүргийг өвчтэй, өвчингүй, шимэгчийн халдварлалт ихтэй, багатай эсвэл халдварлалтгүйг нь үл харгалзан бүгдийг нь толгой дараалан химийн гаралтай хортой эмийн бодисыг амаар нь олгон хордуулж, бохирдуулах үйл ажиллагаагаа “туулгалт” гэж нэрлээд байна. Нэршилийн хувьд ч оновчтой бус нь ойлгомжтой. Хоол, тэжээл боловсруулах замд байгаа шимэгчдийг химийн гаралтай эмээр хордуулан үхүүлээд баастай нь хамт гадагшлуулах л үйл явц. Хялгасан, туузан хорхой мэт хоол, тэжээл боловсруулах замд шимэгчлэгч паразитуудын эсрэг эмчилгээний нэгэн арга. Энэхүү “туулгалт” гэгчийг хоол, тэжээл боловсруулах эрхтнүүдэд нь маш олон тооны шимэгч халдварлаад өвчилчихсөн бодгальд л хэрэглэвэл зохилтой нь тодорхой байгаа юм. Гэтэл “туулгалт”-ыг хавтгайруулан хэрэглэхийг зөвлөмж болгодог мэргэжлийн тогтолцоо манай улсад амь бөхтэй оршсоор, малчин, фермерүүд нь түүнийг жилийн тодорхой улиралд, давтамжтайгаар, бүх мал сүрэгтээ зайлшгүй хийх ёстой “сэргийлэлт”-ийн арга хэмжээ мэтээр буруу ойлгож заавал туулгахыг шаардах нь түгээмэл болсон гэлцэж байна. Буруу жишиг тогтох нь ийм л аюултай. Эрүүл амьтанд туулга өгөх нь түүнийг хордуулж химийн хор тээгч болгоод, мах, сүүг нь аюулд учруулж, дамаараа хэрэглэгч хүнийхээ эрүүл мэндийг сүйрүүлж байгаагаа ч ойлгохгүй байна шүү дээ.
Энэ мэтчилэн манай улсад одоогоор оршин байгаа амьтны эрүүл мэндийн тогтолцоо нь эрүүл, цэвэр амьтан, сүргийнхээ эрүүл мэндийн статусыг байнга дордуулах, хүн амынхаа эрүүл мэндийн эсрэг, хүнсний аюулгүй байдалд нь хор, аюул хүргэх, улс орныхоо эдийн засагт шууд ба дам нөлөөллөөрөө үлэмж их хохирол учруулах байдалтай байгааг нь дэлхий, соёлт хүн төрөлхтний мэдлэг, туршлагад үндэслэсэн жишигт нийцүүлэн зөвтгөж өөрчлөөд, улмаар эрүүл амьтны сүрэгтэй байх төр, засгийн тогтвортой үндэслэлтэй бодлого хөтөлбөртэй болох шаардлага байна.
Галзад овогт Цэдэвийн Өлзийтогтох