Эрүүл аюулгүй байгалийн бэлчээртэй байх бодлогын асуудалд

Эрүүл аюулгүй байгалийн бэлчээртэй байх бодлогын асуудалд

Британника нэвтэрхий толь бичигт  “Мал сүргийг идээшлүүлж, бэлчээдэг байгалийн буюу таримал өвслөг ургамалтай эдэлбэр газар”-ыг бэлчээр гэж тодорхойлжээ. Энэ бол номын хэллэг нь. Бодит амьдрал дээр таримал өвслөг ургамал бүхий бэлчээр Монголд байхгүй. Тиймээс байгалийн буюу тухайн эх газар нутагтаа заяагдсан өвс, ургамал, устай бэлчээрийн талаархи бодлогын асуудлыг л энэ удаад хөндөж байна.

Сүүлийн жилүүдэд Монгол улсын бэлчээр, нутагт Монголчууд бус, гадаадынхан илүү их “санаа зовинож, анхаарал тавьж, ач холбогдол өгч” буй нь ч анзаарагдах юм. Тэдний үнэмлэхүй олонхи нь нэг гараараа бэлчээрийг чинь хамгаалж өгье гэх мөртлөө, нөгөө гараараа онгон дагшин байгаль,бэлчээр, нуур, гол, горхи, булаг, цөөрөм, намаг, нуга зэргийг нь устган сүйтгэгч мега хийгээд бичил уул уурхайг ил, далдуур хөхүүлэн  дэмжиж буй нь ч анзаарагдах л юм. Тэдний үйлдлийг юу ч гэж ойлгомоор юм?. Түүнчлэн бэлчээр нутаг хамгаалах тал дээр түүнийг  байнга, ямар ч үнэ төлбөргүйгээр, амьжиргааныхаа эх үүсвэр болгон, ариг гамгүйгээр, ойрын болон хэтийн хувь заяаг нь үл бодон ашиглагч тухайн нутгийн уугуул иргэд, орчин үеийн малчид, фермерүүд бус, өөрсдөө дангаараа болон гадаадынхантай, тэр дундаа голчлон Хятадуудтай хамтран уул уурхайн хайгуул, ашиглалтын лицензи эзэмшигч УИХ-ын гишүүд, сайд, хорчин ноёд мэт нь онцгой анхаарал хандуулж,  учиргүй хайртай болчихсон ч явж байх шиг. Зарим нь бүр БЭЛЧЭЭРИЙН ТУХАЙ хуулийн төслийг ч гадаад, дотоодын эдийн засгийн алуурчдаар бэлтгүүлж аваад бариад гүйж л явах юм. Тэдний зорилго нь Монголыг хэнээс ч, юунаас ч хараат бус, юунд ч үл дийлдэх хүчирхэг, тусгаар авч явж ирсэн бэлчээрийн буюу нүүдлийн мал аж ахуйг нь Бүгд Найрамдах Хятад Ард улсын Өвөр Монголын өөртөө засах орныхтой ижилхэн бодлогоор хязгаарласан цөөн тооны мал сүрэгтэй “хашаалсан бэлчээр”-ийн мал аж ахуйтай  адилхан болгох л бололтой.

Бэлчээр бол амьтанд идэш тэжээл болохуйц өвс, ургамалтай, уух цэвэр устай бүс нутаг, газрыг л илэрхийлсэн ойлголт гэж бодож байна. Товчхоноор, бэлчээр нь газар ба усыг хамтад нь агуулж байх ёстой. Ойр хавьд нь амьтан цангаагаа тайлах усны эх үүсвэргүй бол хичнээн их өвс, ургамалтай байсан ч түүнийг сайн бэлчээр гэж үзэхэд хэцүү юм. Эрүүл бэлчээртэй байх гэдэг нь эрүүл газартай, угаас заяагдсан ургамлын бүл, олон янз байдалтай, эрүүл буюу бохирлогдоогүй устай, тодорхой зүйлийн амьтад оршин байж амьдрах боломжтой бүс нутагт хамаатай ойлголт. Аюулгүй бэлчээр гэдэг нь хүн, мал, амьтан амьдрахад аюулгүй, халгүй газар нутаг л гэсэн үг. Эрүүл, аюулгүй гэдгийг тодруулахын тулд эрүүл бус, аюултай гэдгийг ойлгож байх нь чухал. Тэгвэл эрүүл бус, аюултай гэдэгт юуг ойлговол зохих вэ?. Юуны түрүүнд эрүүл бус, аюултай гэдэгт халдвар, хордлогын эрсдэлтэй гэж ойлговол зохино. Газрын хөрс нь хүн, амьтанд халдварт өвчин үүсгэгч эмгэгтөрүүлэгч бичил биетнээр бохирлогдсон бэлчээрийг халдвартай, халдварын эрсдэлтэй буюу эрүүл бус, аюултай бэлчээр гэж ойлгох хэрэгтэй. Тухайлбал, боомоор өвчилсөн мал, амьтныг үхсэн даруйд нь сэг зэмийг нь санамсаргүйгээр задлах үед үүсгэгч Bacillus anthracis-ийн хоруу омог нь споржсон буюу тэсвэрт хэлбэрт шилжиж, газрын хөрсөнд хэдэн арван жилийн турш хадгалагддаг гэж үздэг. Иймээс тухайн бэлчээрийг боомын халдварын аюултай, эрүүл бус бэлчээр нутаг гэж үзнэ. Түүнчлэн, саяхан шүлхий, цэцэг гэх мэт гоц халдварт өвчний дэгдэлт тохиолдсон, мялзан төст өвчин,бруцеллёз, галзуу зэрэг гоц халдварт, зооноз өвчнүүдээс сэргийлэх амьд вирус, бактери агуулсан вакцинаар вакцинжуулсан мал сүрэг бүхий хот айлын ойролцоох газар нутгийг ч тодорхой хугацаанд халдварын эрсдэлтэй, аюултай бэлчээр бүхий бүс нутаг гэж үзнэ. Хордлогын аюулыг дотор нь химийн ба цацрагийн гаралтай гэж ангилж болох байх. Сүүлийн жилүүдэд Монгол оронд уул уурхай буюу газрын хөрсөн доор, газрын гүнд байгаа алт, мөнгө, зэс, уран, төмөр, газрын тос, нүүрс, жонш зэргийг хайх, олборлох үйл ажиллагаа, боловсруулах туршилт, үйлдвэрлэлд ашигладаг химийн гаралтай янз бүрийн хорт бодисуудыг тээвэрлэх, хадгалах, устгах явцдаа санаатайгаар болон санамсаргүйгээр хүрээлэн буй байгаль орчин, бэлчээр, гол горхи, нуур, цөөрөм, булагт асгаж бохирдуулах, ширгээх, устгах явдал олонтаа тохиолдох боллоо. Химийн ба цацрагийн хор, хөнөөлд өртсөөр байгаа бүс нутгийн жишээ нь Улаанбаатар хотын Сонгино тосгон, Төв аймгийн Алтанбулаг, Лүн сумын Туул гол дагуух бүс нутаг, Дарханы Хонгор, Дорнодын Матад, Увсын Малчин, Дорноговийн Улаанбадрах, Завханы Дөрвөлжин, Хөвсгөлийн Цэцэрлэг  гэх мэтээр үргэлжилнэ.

Нэгэн зүйл. Бэлчээр ба хүн. Бэлчээрийг зөвхөн өвсөн тэжээлтэн мал сүрэгт л хамааралтай гэж ойлгох нь түгээмэл. Тэгвэл бэлчээр бол хүн амын гол хүнс болох мах, сүүг үйлдвэрлэгч мал, амьтан гэдэг үйлдвэрийн үндсэн буюу гол түүхий эдийг бэлтгэн нийлүүлэгч нь юм. Тиймээс эрүүл, аюулгүй бэлчээртэй байхын төлөө хийж буй бүхэн нь хүний эрүүл, аюулгүй амьдралын л төлөө гэдгийг ойлгох нь зүйтэй.

Нэгэн зүйл. Бэлчээр ба зэрлэг амьтан. Бэлчээр нь гэрийн тэжээвэр мал, амьтдаас гадна тухайн бүс нутаг дахь зэрлэг амьтдад ч зориулагдсан гэдгийг ухамсарлаж бэлчээрийн менежментийг явуулж байх нь чухал. Тэгэхдээ зөвхөн зэрлэг амьтдын идэш тэжээл гэдэг үүднээс бус, тэдний  орогнох, амьдрах, үржих орчин нөхцөл гэдгийг нь ойлгох хэрэгтэй байна. Тэжээвэр амьтадтай бэлчээр нэгтэй, ойрхон байсныхаа горыг амсаж 2016-2017 онд мялзан төст өвчний халдварт өртөн сүйрлийн ирмэгт дөхсөн зэрлэг амьтны хамгийн сүүлийн жишээ нь Ховд аймгийн Дарви, Говь-Алтай аймгийн Дарви зэрэг сумдын нутагт амьдардаг бөхөнгийн сүрэг. Ганцхан жилийн дотор нийт бөхөнгийн сүргийн 50%-ийг нь устгасан.

Нэгэн зүйл. Бэлчээрийн даац. Энэ ойлголтын талаар амтай бүхэн ярьж байгаа бөгөөд тэд даацыг нэг километр квадрат бэлчээрт бэлчих мал сүргийн тоо толгой, нэг метр квадратад ургах өвс ургамлын тоо ширхэг гэдэг үүднээс нь л голдуу харж тодорхойлоод байх шиг. Нэг орхигдуулаад байгаа асуудал нь тухайн нутгийн бэлчээрт угаас заяагдмал ургамлын зүйл, олон янз байдал нь хэвээрээ байгаа эсэхэд төдийлөн ач холбогдол өгч тооцохгүй байгаа нь ажиглагддаг. Тиймээс маш олон зүйл өвс, ургамал устаж алга болж байгаа талаар огт дурдахгүйгээр, мал, амьтан иддэг, иддэггүй, шимтэй, шимгүй, хортой хоргүйг нь үл харгалзан нүдэнд харагдах, ургаж буй “ногоон өнгөтэй” бүхнийг нь л бэлчээрийн бүрэлдэхүүн хэсэгт тооцож буй нь өрөөсгөл байна.

Нэгэн зүйл. Бэлчээр ба уул, уурхай. Тухайн бэлчээрт угаас заяагдмал ургамлын зүйлүүд, олон янз байдал, усны эх үүсвэрийг нь хордуулж, бохирдуулж, устгаж, ширгээж, хортой, аюултай болгож буй гол шалтгаан нь уул уурхайн хайгуул, олборлолт болж байна. Харамсалтай нь дэлхийд хосгүй бэлчээр нутагаа одоогийн Монголын удирдагчид болон тухайн нутгийн уугуул, суугуул ард иргэд нь өнөө маргаашийн хоолны үнэ болох хэдэн доллар, юань-аар худалдаад дуусгахаас буцахгүй болж байна. Ирээдүй хойч үедээ ухсан хар нүх, хордсон, аюулжсан, сүйдсэн, сүйрсэн байгаль орчин, газар нутаг үлдээж буйдаа огтхон ч гэмшихгүй байгаа нь гаслантай.

Нэгэн зүйл. Бэлчээр сэлгэлт. Хоргүй, аюулгүй, бүрэн бүтэн бэлчээртэйгээ байх ухааныг уг нь Монголчууд харийнханаар заалгахааргүй бөгөөд гадаадын эдийн засгийн алуурчдын захиалж явуулсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх багийнхан мэтээр удирдуулаад байхааргүй л өв уламжлалтай. Малаа яаж маллахыг марксизмаар заалгадаггүй л байсан ард түмэн шүү дээ. Тэнд хүн ойлгож ядаад байх гүн гүнзгий философи байхгүй.  Маш энгийн ганцхан философитой. Тэр нь бэлчээрээ сэлгээд л, тэнд ургадаг ургамлын зүйл, олон янз байдалдаа нөхөн төлжих боломж л олгох явдал. 

Нэгэн зүйл. Бэлчээрийн өвс, ургамлын бүтэц, бүрэлдэхүүн ба амьтны идэшлэлт. Байгалаасаа заяагдсан тухайн бэлчээр дэх өвс, ургамлын зүйл, бүрэлдэхүүн нь тэнд ямар зүйлийн  амьтан амьдрах боломжтойг тодорхойлно. Голчлон иддэг өвс, ургамал нь байхгүй бэлчээр нутагт амьтан идээшиж нутаглахгүй. Энэ логикоор тухайн нутгийн бэлчээрт нь ургадаг байсан өвс, ургамал нь устаж алга болохоор тэнд амьдарч байсан амьтад нь цаашид оршин байх аргагүйд хүрнэ. Энэ шалтгаан нь Монголын бэлчээрийн мал аж ахуйг устгаж ч магадгүй. Ганцхан жишээ дурдахад Увс аймгийн Тэс сумын голуудын хөндий, тал хээрт нь  ургадаг байсан ургамлуудаас банздоо, сөд, суль, цулхир, цахилдаг, гүүн саам буюу гүүн хөх, нохойн араа, багваахай, зээргэнэ, ортууз, таана, агь царван гэх мэт тэжээлийн болон эм зүйн ач холбогдолтой олон зүйл ургамал устсан нь ажиглагдаж байсан. Цаашид бэлчээрийн менежментгүй байсаар байвал энэ мэт байгалиас заяагдсан өвс ургамал нь устсаар буй бэлчээртэй бүс нутагт  мал аж ахуй эрхэлж амьдрах боломжгүй л болно.

Нэгэн зүйл. Өрөмдмөл худаг ба гар худаг, усны эх үүсвэр. Байгалийн бэлчээрийн усны эх үүсвэрийг нь устгах үйл явц сүүлийн жилүүдэд маш эрчимтэй явагдаж байгаа бөгөөд түүнийг өрөмдмөл худгаар орлуулах нь манай улсын төр засгийн бодлого, хэсэг бүлэглэлийн бизнес болсон. Байгалийн буюу урсгалтай гол, горхи,булаг, рашааны ус бол хамгийн аюулгүй бөгөөд өөрөө өөрийгөө ариутган цэвэршүүлдэг цэвэр ус байдаг бол өрөмдмөл болон гар худгийн ус нь хорлон сүйтгэгчийн нөлөөллөөр хордлого, аюулд өртөх хамгийн өндөр эрсдэлтэй. Дайн байлдааны үед ч усаар дамжуулан хордуулах нь дайсны талын гол тактикийн нэг байсан гэдэг. Орчин үеийн эдийн засгийн алуурчдын дайн ч усаар нь дамжуулж Монголыг цөлжүүлж, сүйрүүлж, устгах бодлого, зорилготой байгааг анхаарах ёстой.

Нэгэн зүйл. Бэлчээрийн амгалан тайван. Бэлчээрт зөвхөн идэх өвс ургамал, уух ус байх нь хангалттай бус. Хүн ба машин, техникт дассан тэжээвэр амьтдад бэлчээрийн амгалан тайван байдлын нөлөөлөл багатай байж болох ч зэрлэг амьтдад бэлчээрийн амгалан тайван байдал нь идэш тэжээлээс ч илүү чухал байж магад. Өвс, ус байхад өөр юу хэрэгцээтэй юм гэх сэтгэлгээндээ өөрчлөлт хийх хэрэгтэй.

Нэгэн зүйл. Бэлчээр ба хөрс, хөрсний бичил биетэн. Бэлчээр гэхээр өвс, ургамал ба хур бороо л юуны түрүүнд Монгол хүний толгойд буух. Тэгвэл бэлчээрийн өвс ургамал ургаж, нөхөн төлжихөд хамгийн чухал нь хөрсний үржил шимийг бүрдүүлэхэд онцгой чухал үүрэгтэй бичил биетний бүл гэдгийг ухаарч ойлгох ёстой. Энэ нь хүн, амьтныхтай жишиж ойлговол микрофлор буюу микробиом нь юм. Бэлчээрийн өвс, ургамлын халдвартай ба халдваргүй өвчлөлийн асуудал ч байх шиг.

Гэх мэтчилэн бэлчээртэй холбоотой буюу түүнд нөлөөлөх олон хүчин зүйлсийг иж бүрнээр нь авч үзэх цаг аль хэдийн өнгөрчихөөд байна. Тухайлбал, дэлхийн дулаарал, хүрээлэн буй орчин-байгаль дэлхийтэйгээ харьцах үндэснийхээ уламжлал, бэлчээрээ устгуулсан  улс орнуудын туршлага зэрэг олон асуудлыг бэлчээрийн менежментийн бодлоготой холбон судлаж, сургамж авч, суралцсаны үндсэн дээр Монголын нүүдлийн мал аж ахуйн байгалийн бэлчээрийг олон зуун, мянганы турш хэрхэн бүрэн бүтнээр нь өнөөг хүртэл уламжлан авч ирсэн бодлого, практикт нь нийцүүлэн, үндэснийхээ онцлогыг харгалзсан  орчин үеийн ухаалаг дэвшилтэт  сайжруулсан өөрчлөлтийг нэмэн үргэлжлүүлэх шаардлагатай байна. Энэ бүхнийг эргэцүүлсний үндсэн дээр бэлчээрийг хашаалах, хувьчлах, хэсэгчлэн таслаж эзэмшүүлэх, нүүдэлчин малчин иргэдээ хооронд нь дайсагнуулж  алалцуулах зорилго, захиалга бүхий БЭЛЧЭЭРИЙН ХУУЛЬ гэгчийг хэзээ ч гаргаж болохгүй.

 

Галзад овогт Цэдэвийн Өлзийтогтох