Ивомекчин
Аливаа үйлчлүүлэгч хэрэгцээгээ өөрөө тодорхойлж, хэрэглэх үйлчилгээгээ болон үйлчлэгчээ өөрөө сонгож, авсан үйлчилгээнийхээ үнийг өөрөө төлж, чанар, өгөөжийг нь өөрөө үнэлдэг. Харин манай төр, түүний Засгийн газар нь мал эмнэлгээр үйлчлүүлэх малчны хэрэгцээг тодорхойлох гэж, хэрэгтэй үйлчилгээ, үйлчлэгчийг нь сонгож өгөх гэж, хэрэглэсэн үйлчилгээний нь үнийг төлж, чанар, өгөөжийг нь үнэлэх гэж өмнүүр нь орон оролдсоор буйг гажуудал хэмээмой.
Манай орны амьтны эрүүл мэндийг хамгаалах үйлчилгээнд төрийн оролцоо туйлын оновчгүй бөгөөд болхи хэвээрээ байна. Төрийн муу оролцоо амьтны эрүүл мэндийн үйлчилгээний хөгжлийг саатуулан гажуудуулж, авлигачид ба луйварчдын барьц болж байна. Эмийн хангамжаар халхавчилсан авлига-луйврын хуруу дарам тоотой бүлэг мал эмнэлгийн үйлчилгээний салбарыг зайдлан үймүүлж байна.
Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга 2001 оны 6-р сараас хойш хэрэгжиж байна. Энэ хуулиар малын шимэгчгүйтгэх эмчилгээнд буюу угаалга, хорхойгүйтгэл, гууртсан үхрийн эмчилгээнд хэрэглэх эмийн үнийг төрийн төсвөөс төлдөг оновчгүй оролцоог зогсоосон билээ.
Энэ хуулинд малын зарим шимэгчтэх өвчнөөс сэргийлэхэд хэрэглэх эмийн үнийг төрийн төсвөөс төлөхөөр зааж (Хуулийн 15.1.3), урьдчилан сэргийлэх гэдгийг эрүүл малыг өвчлөхөөс хамгаалах гэж тодорхойлсон байна (Хуулийн 3.1.6). Вакцин хэрэглэн амьтны биемахбодод дархлаа үүсгэж элдэв өвчнөөс сэргийлдэг. Одоогоор эрүүл малд дархлаа үүсгэн дотрын болон арьсны шимэгчдээс урьдчилан хамгаалдаг сэргийлэх бэлдмэл манайд байхгүй, хөгжсөн орнуудад ч алга, ойрын ирээдүйд ийм бэлдмэлийг бүтээж хэрэглэх төлөв харагдахгүй байна.
Бидний үзэл суртлын өнгө аястайгаар кампаничлан хийж заншсан малын хорхойгүйтгэл, угаалга, гууртсан үхрийн эмчилгээг өвчнөөс сэргийлэх биш, харин өвчинтэй тэмцэх арга хэмжээ гэж энэ хуулинд тодорхойлжээ (Хуулийн 3.1.5). Эдгээр нь нэгэнт халдвар авсан, өвчилсөн малыг шимэгчээс нь салгахад чиглэсэн шалтгааныг арилгах эмчилгээ билээ. Үүнд хэрэглэдэг ивомек зэрэг эмүүд нь малын биед байгаа шимэгчдийг үхүүлэн зайлуулдаг ба эрүүл малд шимэгчдийн халдлагаас хамгаалах дархлаа үүсгэдэггүй тул сэргийлэх биш, эмчилгээний бэлдмэл юм.
Тэгвэл манай Засгийн газраас сануулга, шүүмжлэлийг эс тоон, хуулиа мэдсээр байж хууль бусаар 2002 онд 1 тэрбум 305 сая, 2003 онд 780.1 сая, 2004 онд 713.9 сая, 2005 онд 507.2 сая, 2006 онд 400 гаруй сая төгрөгөөр их хэмжээний «эмийг» өөрийн түнш ченжүүдээс худалдан авч, малын угаалга, хорхойгүйтгэл, гууртсан үхрийн эмчилгээнд зориулан малчдад илгээв гэх хаягаар төрийн ба хувийн мал эмнэлгийн байгууллагуудад тараалаа. 2007 онд бас тараахаар бэлтгэж байна. Энэ нь малчдад үнэгүй хүрээгүй бөгөөд хүрэх ч үгүй юм.
Монгол малд газар газрын амьтанд байдаг шимэгчид бараг бүгдээрээ бий, тэд амьтанд хэцүү үедээ хэцүү, гайгүй үедээ гайгүй нөлөөтэй, харин төрөөс дайн зарлаад байх хэмжээний дайсан бишээ. Малыг шимэгчгүйтгэх эмчилгээний хэрэгцээ, зардал нэг толгой малд, нэг малчин айлд оноон тооцвол өчүүхэн зүйл бөгөөд малчин айлд хүнд дарамт болдоггүй. Өөрөөр хэлбэл малын шимэгчгүйтгэх эмчилгээний асуудалд төрөөс оролцох шаардлага бараг байхгүй. Үүнийг манай малчид өөрсдөө шийддэг, малаа шимэгчээс хамгаалах энгийн, аюулгүй, хямд аргатай.
Малын эрүүл мэндийг хамгаалах төрийн бодлогыг «эмийн» ченжүүд санаачлах боллоо. Мал бүрийг «угаагаад», «туулгаад», «боловсруулаад» байх саналыг тэд төрд тулгаж, түүнийг нь төрийн шийдвэр гаргагч нар ч дуртайяа хүлээн авч, хамтран татвар төлөгчдийн мөнгийг халаасалчихаад оронд нь малчдад гэх хаягаар түшмэлүүддээ болон эмийн бага ченжүүдэд хууль бусаар эм шахаж санасандаа хүрч байна.
Нэгэн ченжийн дууриамал эмээ борлуулах төлөвлөгөө Засгийн газрын төсөл болон дэмжигдсэн. “Үхрийн арьсны гууртах өвчинтэй тэмцэх” гэдэг нэртэй уг “төсөл”-ийг хэрэгжүүлэхэд төрийн төсвөөс нэг ч төгрөг зарцуулахгүй гэж Засгийн газрын 2001 оны 9-р сарын 19-ны өдрийн 206-р тогтоолд заасан хэдий ч түүгээр халхавчлан 2002 оноос хойш 5 жил дараалан улсын төсвөөс хэдэн тэрбум төгрөгийг дээрэмдэн оронд нь хулхи эм шахлаа. 2007 онд бас дээрэмдэхээр зэхэж байна.
“Эмийн” ченжүүд шимэгчээс “сэргийлэх” эм гэгчээ Улсын нөөц гэдэгт бас шахна. Ийм эм нөөцлөх ямар ч хэрэгцээ төрд байхгүй. Мал нь өлбөрч үхэж байгаа малчдад эм шахаж тохуурхан амташсан луйварчид зуд болохыг хүлээж байна.
Засгийн газар хэнээс эм авахаа тендер гэгчээр шийднэ. Хэдэн жилийн өмнө цөөхөн луйварчид энэ боломжийг булаацалдан хоорондоо нэг хэрэлдэж, нэг хуйвалдаж булайгаа дэлгэдэг байлаа. Одоо тэдгээр луйварчид хоорондоо булаалдан хэрэлдэж, бие биенийхээ мууг дуудаад байвал бүгдээрээ хоосон хоцрохоо мэдсэн бололтой, сэм хуйвалдан төрийн авилгач түшмэлүүдтэй хамтран сүлбэлдэх болжээ. Засгийн газар ч хууль бус үйлдлээ мэдэж байгаа бололтой энэ ажлаа сэм амжуулж байна.
Засгийн газрын амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд нь эмийн ченжүүдийн дахин борлуулалтын ажил хариуцсан ахлах туслагч нь, яаман дахь ахлах бие төлөөлөгч нь болсон байна. Яамны мал эмнэлгийн газар, аймгуудын мал эмнэлгийн албад нь эмийн ченжүүдийн дахин борлуулалт, түгээлт хариуцсан алба болоод байна. Ийнхүү манай Засгийн газар «эмийн» ченжийн найдвартай худалдан авагч, түгээгч, борлуулагч нь болтлоо доошоо орохын хажуугаар хувийн мал эмнэлгийн үйлчилгээний салбарыг өөрийн шахааны эмийг дахин борлуулах сүлжээ болгон хувиргалаа.
Хуурамч, дууриамал эмийн ченжүүд төрийн мал эмнэлгийн байгууллагуудын дунд малчдад эмийг нь өрсөлдөн шахах социалист уралдаан зарлан дүгнэж, шагнаж байна.
Төрийн мал эмнэлгийн албад мал сүргийн шимэгчид өртөх байдлыг бодитой тодорхойлон тооцож, үнэлж чаддаггүй. Ийм чадвартай мэргэжилтэн төрийн мал эмнэлгийн албаны удирдах, оношлох, судлах, сургах байгууллагуудад нь алга. Төрийн мал эмнэлгийн албанд ажиллаж буй түшмэлүүдийн мэдлэг, чадвар, туршлага хомс байна. Үйл ажиллагааг нь ажиглахад тэд эмчлэх, сэргийлэх аргуудыг, эмчлэх, сэргийлэх бэлдмэлүүдийг хооронд нь ялгахгүй, төрийн болон хувийн үйлчилгээний заагийг болон мөрдөх ёстой хууль тогтоомжоо мэддэгггүй юм байна.
Улсын Их Хурал баталсан хуулиа хэрхэн хэрэгжиж буйг хянаж чаддагүй, хэлэлцэж буй төсөв нь хуулинд нийцэж буй эсэхийг нягталдаггүй, баталсан төсвийнхөө хэрэгжилтийг бас хянаж чаддаггүй ажээ.
Амьтны эрүүл мэндийн асуудалд төр хэрхэн оролцохыг тодорхойлон зохицуулдаг хууль тогтоомж тун болхи, түүнийг хууль тогтоогчид сайжруулж чаддаггүй, харин түүний сул хэсгийг бараадан амь зуугсад байх авай.
Засгийн газар эм худалдаж аваад малын эмч нарт тарааснаасаа хойш энэ оролцоондоо ямар ч анхаарал тавидаггүй. Тэр эм нь малчинд үнэгүй хүрч байна уу, эсвэл малчид дахиад худалдан авч байна уу, мал эмнэлгийн үйлчилгээнд дэмжлэг болж байна уу, эсвэл саад болж байна уу, ингэх хэрэгцээ байж уу үгүй юу гэдгийг төрийн зүгээс хэн ч сонирхохгүй. Засгийн газрын худалдан авч илгээсэн эмийг малчид бас худалдан авдаг, нэг юмыг хоёр этгээд дараалан худалдаж авдаг гажуудал өдий олон жил үргэлжлээд байгааг төрийн хяналтын албад харахгүй байна гэж үү.
Амьтныг үхүүлэгч хороор жилдээ хэд хэдэн удаа хэдэн арван сая малыг төрийн оролцоотой “эмчлээд”, тэр нь орчин, бүтээгдэхүүнд хэрхэн тархдагийг, хүнсээр дамжин хүмүүст хэрхэн хүрдэгийг манай хариуцсан сайд, түүний мал эмнэлгийн алба хэлж чадахгүй мөртлөө монголын мал аж ахуй экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хэмээн мэдэгдээд байх юм. Хэрэгцээгүй хавтгай шимэгчгүйтгэх эмчилгээ нь манай малын бүтээгдэхүүн хил давахгүй байгаагийн, экологийн хувьд цэвэр гэдэгт захын хэрэглэгчид, түүний дотор бид өөрсдөө ч эргэлзэн буйн нэг шалтгаан билээ. Малчид 28-38 хоногийн хүлээх хугацаатай ивомекээр өөрсдөө “эмчилсэн” малынхаа мах, сүүг бараг жилийн турш хэрэглэж байна. Малчдын бүтээсэн цэвэр бүтээгдэхүүнийг төр нь бохирлоод байгаа юм биш үү.
Малын угаалга, хорхойгүйтгэл, гууртсан үхрийн эмчилгээний байдал нь одоогоос 40-50 жилийн өмнөх, үйлчилгээнд нэвтэрч эхэлж байсан үеийнхээсээ сайжраагүй, харин ч дордсон, нэр хүнд муутай, төрөөс олон жилийн турш оновчгүй оролцсоноор үйлчилгээний хөгжил зогсож, ухардагийн тод жишээ болж байна. Өнөөдөр эдгээр ажлыг малчид өөрсдөө хийх гэж оролдох болсоныг хаа сайгүй харж болно.
Төрөөс шаардлагагүй бөгөөд хууль бус оролцоогоо зогсоохыг иргэд хүлээж байна. Хүмүүс өөрсдөө чадах юмандаа бусдыг оролцуулах дургүй байдаг. Илүү оролцоо нь огт оролцохгүй байх хийгээд дутуу оролцохоос ч илүү уршигтай.
Малчид тэдний нэрээр төрийн төсвөөс гараад эмийн ченжүүдийн халаасанд орсон мөнгөөр хийгдэх амьтны эрүүл мэндийн үйлчилгээг Засгийн газраас хүлээж байна.
О. Уламбаяр
2007 оны 1 дүгээр сарын 9