Улсын наадмын түрүү, үзүүр ба аварга, арслан цолтоны эрэмбийн асуудалд

Улсын наадмын түрүү, үзүүр ба аварга, арслан цолтоны эрэмбийн асуудалд

 

Хүн бүрийн мэддэгээр улсын наадамд нэг түрүүлбэл арслан, хоёр түрүүлбэл аварга, гурав түрүүлбэл даян аварга, дөрөв түрүүлбэл дархан аварга цол олгодог. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд улсын наадамд ганцхан бөх л хоёр удаа түрүүлсэн. Өөрөөр хэлбэл, бүхний мэддэг дүрэм, жишгээр бол улсын аварга цолтоны болзол хангасан ганцхан бөх л байгаа. 1921 оноос хойш ардын хувьсгалын 97 жилийн түүхэнд улсын начин, заан, арслан, аварга цолыг “хөнгөлөлттэй нөхцөл”-өөр олгож байсан тохиолдол олон. Улсын наадамд тав давж үзээгүй начин, долоо давж үзээгүй заан, түрүүлж ч, үзүүрлэж ч үзээгүй арслан, хоёр удаа түрүүлээгүй аварга зэрэг “стандарт бус” цолтонгууд олон бий.

Монголын үндэсний бөхийн холбоо гэдэг төрийн бус байгууллага байгуулагдахаас өмнө стандарт ч бай, стандарт бус ч бай цолтонгуудын эрэмбийн асуудал нь  зөрчил, маргаан багатай,  болж бүтсээр л ирсэн. Тэнд ганцхан бичигдээгүй хууль үйлчилж байсан. Тэр нь цол хүртсэн оноороо л эрэмбэлэгддэг байжээ. Монголын үндэсний бөхийн холбооноос тогтоож буй одоогийн “эрэмбэ”  гэгч нь зөвхөн давааны тоо ба тус ТББ-ын дарга нарынх нь таалал, үзэмжийг л  харгалзсан үзүүлэлт бололтой байдаг.

Уламжлалт буюу цол хүртсэн дарааллаар нь эрэмбэлэлт болон одоогийн давааны тоогоор эрэмбэлэлт хоёрыг харьцуулж үзэхээр маш их зөрчилдөөнтэй. Яаж ч бодсон бөхчүүд болон үзэгчдийн сэтгэхүйд цол хүртсэн дарааллаар нь эрэмбэлэлт нь эерэгээр тусахаар байгаа юм. Бодож үзэцгээе л дээ. Одоо амьд сэрүүн байгаа  улсын арслан цолтой зарим ахмад бөхчүүд ба ид барилдаж буй зарим улсын арслан цолтнуудаа  МҮБХ-ны одоо баримталж буй давааны тоогоор нь эрэмбэлэх гээд үзье.

Тухайлбал, улсын наадамд 1960 – 1970-аад онд 7 давцгааж байсан, бүх ард түмний спартакиад, тэгш ойн жилүүдэд онцгой сайн барилдсан амжилтаар улсын арслан цол хүртэцгээсэн Л.Сосорбарам, Ж.Хайдав арслангууд нь улсын наадамд нэг удаа 9 давж үзүүрлэсэн Д.Азжаргал, Р.Пүрэвдагва залуу арслангуудын доод талд эрэмбэлэгдэнэ. Одоогийн МҮБХ-ны баримталж буй эрэмбэлэх дүрэм, журмаар шүү дээ. Төсөөлөөд бодоод үзэцгээ дээ!?. Бүх бөхчүүдийг эрэмбэлж жагсаахад 2006-2016 оны үед улсын арслан цол хүртсэн 30 гаруйхан настай  Д.Азжаргал, Р.Пүрэвдагва нар нь 1960-1970-аад оны үед улсын арслан цол хүртсэн 80 орчим настай Л.Сосорбарам, Ж.Хайдав арслангуудын дээд талд зогсоно гэсэн үг шүү дээ. Энэ байдал нь хэр зохистой харагдах вэ?. Ялангуяа ахмад бөхчүүдийн сэтгэхүйд аятайхан байх уу?. Уг нь цагийн юм цагтаа л шүү дээ. Эндээс үзэхэд л зөвхөн давааны тоогоор эрэмбэлэх нь хичнээн өрөөсгөл болох нь ойлгогдох байх. Иймэрхүү жишээ олныг дурдаж болно.

Сүүлийн зарим жилүүдэд улсын наадамд 768 ба 1024 бөх барилдах үед 9 давж үзүүрлэсэн бөхөд улсын арслан цол олгосон тохиолдлууд бий. Түүнийгээ хууль, дүрэм, журмын дагуу л гэж тайлбарлах байх. Улсын наадамд 512 бөх барилдах үед 8 давж үзүүрлэсэн бөхөд улсын арслан цол олгодоггүй. Улсын наадамд 512 бөх, 768 бөх ба 1024 бөх барилдсан үед 9 буюу 10  давж л түрүүлнэ. Тэгэхдээ хэр зэрэг чанга хатуу учраанууд буюу өрсөлдөгчдийг давах вэ?, барилдааны чанар, агуулгын хувьд ямархуу байх вэ?, гэвэл:  512 бөх барилдсан үед 9 давж түрүүлэхдээ 1 ба 2-ын даваанд 2 залуу бөх буюу цэрэгтэй барилдана. Харин 768 буюу 1024 бөх барилдсан үед 10 давж түрүүлэхдээ 1, 2 ба 3-ын даваанд 3 залуу бөх буюу цэрэгтэй л барилдана. Улсын наадамд 9 буюу 10 давж түрүүлэхийн хоорондох гол ялгаа нь 2 залуу бөх буюу цэрэгтэй барилдах уу?, 3 залуу бөх буюу цэрэгтэй барилдах уу? л гэдэгт байгаа юм. Бусад даваануудын тухайд 9 буюу 10 давж түрүүлэхийн хооронд ямар ч ялгаа байхгүй. Энэ бол барилдааны чанар чансаа, агуулгын үзүүлэлтийн харьцуулалт болно. Эндээс ямар дүгнэлт хийж болох вэ гэвэл улсын наадамд 512 бөх барилдсан үед 8 давж үзүүрлэх болон 1024 бөх барилдсан үед 9 давж үзүүрлэхийн хооронд чанарын хувьд ямар ч ялгаа байхгүй. Үзүүрлэсэн л бол үзүүрлэсэн. Бөх сонирхогч, судлаачдын мэдэх ганцхан жишээ дурдахад дархан аварга Б.Батэрдэнэ бараг  босоо байсан 1988-1999 оны хооронд улсын арслан Д.Мөнхэрдэнэ улсын баяр наадамд 5 удаа 8 давж үзүүрлэсэн байдаг. Хэрэв тэдгээр жилүүдэд нь 768 буюу 1024 бөх барилдуулсансан бол Б.Батэрдэнэ 10 давж түрүүлсээр, Д.Мөнхэрдэнэ арслан 9 давж үзүүрлэсээр байх байсан нь хэнбугайд ч тодорхой. Тиймээс улсын наадмын үзүүр л бол үзүүр гэж үзэх ёстой.

Түүнчлэн улсын наадамд 512 бөх барилдсан үед 9 давж түрүүлэх болон 1024 бөх барилдсан үед 10 давж түрүүлэхийн хооронд ч чанарын хувьд мөн л ялгаа байхгүй. Түрүү  бол түрүү л гэж үзэх ёстой. 1956-1960 онуудад Д.Дамдин дархан аварга, 1963-1967 онуудад Ж.Мөнхбат дархан аварга тус бүр 5 жил дараалан завсаргүй түрүүлсэн үедээ хэрэв улсын наадамд 1024 эсвэл 2048 бөх барилдуулсансан болбол 10 буюу 11 даваад л түрүүлэх байсан нь тодорхой шүү дээ. Тиймээс түрүү л бол түрүү.

Харин  түрүүлэх, үзүүрлэхийн  хооронд бол ихээхэн зааг ялгаа бий дээ.

АВАРГА гэдэг бол зөвхөн улсын наадамд түрүүлсэн бөхчүүдэд л олгодог цол гэж ойлгогдож байгаа. Түрүүлээгүй бол таван удаа үзүүрлэсэн ч аварга болдоггүй нь жишээ нь Д.Мөнхэрдэнэ арслан.

Одоогийн МҮБХ-ны баримталж буй  эрэмбэ тогтоох жишгээр бол давааны тоог л харгалзаж байгаа бололтой байдаг. Аварга цолтны эрэмбийг тогтоохдоо ч түрүүлсэн жилийнхээс нь бусад жилүүдийнх нь давааны тоог харгалзаж буй бололтой. Гэхдээ тэр нь ойлгоход жаахан төвөгтэй. МҮБХ-ны  одоогийн баримталж буй журмаар   Ч.Санжаадамба, Г.Эрхэмбаяр, Н.Батсуурь, С.Мөнхбат гэдэг дараалалтай эрэмбэлэгдэж байгаа юм байна.

Дархан аваргуудыг эрэмбэлэхдээ давааны тоог харгалздаггүй бөгөөд дархан аварга цол хүртсэн оноороо эрэмбэлэгдэж буй нь анзаарагддаг. Өөрөөр хэлбэл дархан аваргуудыг эрэмбэлдэггүй гэсэн үг.  Тухайлбал, улсын наадамд 5 түрүүлсэн Д.Дамдин, 6 түрүүлсэн Ж.Мөнхбат дархан аваргууд нь улсын наадамд 10 удаа түрүүлсэн Х.Баянмөнх дархан аваргын дээд талд нь эрэмбэлэгдэж цолоо дуудуулж, хүндлэлээ хүлээдэг байсан.

Яг түүн шиг Аварга цолтнуудыг ч аварга цол хүртсэн оных нь дарааллаар эрэмбэлвэл зүйтэй ч юм шиг санагдана. Одоо ид барилдаж буй  АВАРГА  цолтнуудыг уг цолоо хүртсэн оноор нь авч үзэхэд С.Мөнхбат 2011 онд, Г.Эрхэмбаяр 2013 онд, Ч.Санжаадамба 2016 онд, Н.Батсуурь 2018 онд аварга цолыг хүртэцгээжээ. С.Мөнхбат 1 удаа10 давж түрүүлсэн, Г.Эрхэмбаяр 1 удаа  9 давж түрүүлсэн, Ч.Санжаадамба 1 удаа 10 давж түрүүлсэн, Н.Батсуурь 2 удаа 9 давж, нийт 18 давж түрүүлсэн. Дахин давтан сануулахад АВАРГА гэдэг бол зөвхөн ТҮРҮҮЛСЭН амжилттай л шууд холбоотойгоор олгогддог цол юм. Дээр дурдсанчлан 9 буюу 10 давж түрүүлэхийн хооронд чанарын онц ялгаа байхгүй. Тиймээс хэрэв АВАРГА цолтнуудыг заавал эрэмбэлэх журамтай юм бол 2 түрүүлсэн АВАРГА цолтон нь 1 түрүүлсэн аварга цолтныхоо дээд талд эрэмбэлэгдэх нь гарцаагүй. 1 удаа 10 давж түрүүлсэн АВАРГА цолтон нь ч 1 удаа 9 давж түрүүлсэн АВАРГА цолтоныхоо дээд талд эрэмбэлэгдэх нь хууль. Учир нь одоогийн жишгээр бол 1 удаа 10 давж түрүүлэхийг 2 удаа 9 давж түрүүлэхтэй дүйцүүлээд байгаа шүү дээ. Тиймээс одоогийн Аварга цолтнуудыг түрүүлснээс бусад үзүүлэлт, давааг нь харгалзахгүй  эрэмбэлвэл цол хүртсэн оныхоо дарааллаар С.Мөнхбат, Г. Эрхэмбаяр, Ч.Санжаадамба, Н.Батсуурь гэж эрэмбэлэх нь зүйтэй.

Харин түрүүлсэн жилийнх нь давааны тоог харгалзаж эрэмбэлвэл 2014, 2018 онуудад 18 давж 2 удаа түрүүлсэн Н.Батсуурь, 2011 онд 10 давж 1 удаа түрүүлсэн С.Мөнхбат, 2016 онд 10 давж 1 удаа түрүүлсэн Ч.Санжаадамба, 2013 онд 9 давж 1 удаа түрүүлсэн Г.Эрхэмбаяр гэдэг дарааллаар эрэмбэлэх нь шударга ёсонд илүү нийцэхээр байгаа юм.

Улсын наадамд үзүүрлэсэн бөхчүүдийн эрэмбийг тогтоохдоо ч тухайн бөх нь тухайн цаг үедээ хэр чансаатай, ямархуу бөх байсан талаархи болон барилдааных нь  чанар, чансаа, агуулгыг нь огт харгалзаж үзээгүй нь тодорхой л байдаг юм. Тухайлбал, улсын наадамд зөвхөн үзүүрлэсэн жилүүддээ нийтдээ 40 давсан буюу 5 удаа 8 давж үзүүрлэсэн Д.Мөнхэрдэнэ арслан нь тус бүр 1 удаа 9 давж үзүүрлэсэн Д.Азжаргал, Р.Пүрэвдагва арслангуудын доод талд эрэмбэлэгдэж буй нь ямар ч ойлгомжгүй, утгагүй эрэмбэ болно.

Эндээс түрүү үзүүрийн эрэмбийн асуудлыг зөвхөн давааны тоогоор авч үзэх боломжгүй гэдэг нь ойлгогдож байгаа байх гэж найдаж байна.

Тиймээс юуны түрүүнд одоо ид барилдаж буй АВАРГА-уудыг буруу эрэмбэлсэн асуудлаа энэ жилийн наадмын өмнө зөвтгөхийг анхааруулж байна. Бусдынх нь эрэмбэ, цолны асуудлыг ч үнэн зөвөөр, нийтийн болон бөхчүүдийнхээ сэтгэл санаанд нийцэхүйцээр тогтоож өгөх нь зүйтэй санагдана. Хэдий хүртэл энэ оновчгүй, ойлгомжгүй эрэмбээр явах юм бэ?.

Ц.Өлзийтогтох