Эрээд олдсонгүй гэх 60 тэрбумыг босгосон  манан сүлжээний нэгэн баримт энэ байна

Эрээд олдсонгүй гэх 60 тэрбумыг босгосон  манан сүлжээний нэгэн баримт энэ байна

Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх,

Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал,

Улсын Ерөнхий прокурор М.Энхамгалан нар танаа

 

Жаахан оршил бичье. Өнгөрсөн хугацаанд үйлдэгдэж  улс төр, төрийн алба, хууль хяналтын байгууллагууд дахь “манан буюу сүлжээ”-ний оролцоотойгоор юу ч биш болдог байсан гэмт хэргүүдийн баримт, мэдээллүүд нийгэмд шударга ёсны гэрэл гэгээ гарч эхэлсэн ойрын өдөр, сар, жилүүдэд дахин сөхөгдөх боломж нээгдэж байх шиг байна. Өмнө нь тийм гэмт хэргүүд буюу хууль бус үйлдлүүдийг илрүүлж, баталгаажуулах “онош”-ийг нь нотолгоотойгоор, эргэлзээгүйгээр ЭХО, ЭМРАЙгаар харсан юм шиг л тавьж өгчихөөд байхад л огт тоодоггүй, эсвэл баримт, мэдээллүүдийг нь аваад хав дарчихдаг байлаа. “Өвчин бага ч үхлийн шалтгаан” гэдэгчлэн тоохгүй, хуйвалдаж явсаар байгаад л Монголын нийгэм маань яаралтай арга хэмжээ авахгүй л болбол үхэлд ч хүргэж мэдэх авлигал хэмээх олон салбарт үсэрхийлж метастаз өгчихсөн хорт хавдарт нэрвэгдчихээд байна. Төрийн албаны эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж гэмт хэрэг үйлдэгчид нь өөрсдийгөө “хаан” мэт үздэг явдал түгээмэл байсаар л байна. Жаахан ухаантайсан болбол МАНАН, 60 тэрбумын сүлжээний зарим нь ч гэсэн удахгүй асуудал эвгүйтэх магадлалтайг ойлгоод төрийн албанаас сайн дураараа явбал дээр л байх сан.  Саяхнаас нийгмийн бүх түвшинд үүсч бий болсон шударга ёсны төлөөх олны жагсаал, цуглаан, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны үе үеийн сайд, удирдлага нарын тараасан ЖДҮ буюу “халдварт жидүүд өртсөн”  УИХ-ын нэр бүхий гишүүд нь албан тушаал, эрх мэдэл, нөлөөллөө урвуулан ашигласан хууль бус үйлдлүүдийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцсэн байдал зэргээс үзэхэд цаашид төрийн албыг авлигал, хээл хахууль авах боломж болгож ашигладаг этгээдүүдтэй цагдаа, прокурор, авлигатай тэмцэгчид нь эрэгчин, эмэгчнээ үзэлцэх юм байна гэдэг найдлага төрөөд манай улсын хууль сахиулагчид маань эрж хайгаад олохгүй байгаа гэх “МАНАН”, “60 тэрбумтан”-ы заримыг нь төрүүлсэн шинэхнээрээ, гэмт хэргийн ул мөр, үр нөлөөллийн үргэлжлэл нь халуунаараа байгаа нэгэн гэмт хэргийн эргэн тойрон дахь баримтат мэдээллийг үүгээр гарган тавьж байна. Гэмт хэрэг бол нийгэм гэх бодгалийн өвчин гэж үзэж болно. Хүн ба амьтан гэх бодгалийн өвчинтэй тэмцэхэд хамгийн чухал нь оношийг нь зөв тогтоох явдал гэж хүний эмч, малын эмч мэргэжилтнүүд үздэг. Ахмад эмч, багш нар маань ч оношийг нь зөв тогтоох нь алив өвчинтэй тэмцэх ажлын 50%-тай тэнцдэг ч гэж хэлдэг байлаа. Алт, мөнгөн болон албан тушаалын авлигалд суурилсан МАНАН сүлжээ нь манай нийгмийн зөвхөн ганц хоёрхон эрхтэн, тогтолцоог хамарсан эмгэг бус, нийгмийг бүхэлд нь бүх л мэргэжлийн салбар, байгууллагыг хамарсан өвчин болсон учраас нийгмийн бүх түвшинд МАНАН, 60 тэрбумтантай нийтээрээ тэмцэх шаардлагатай байна. Манан ба 60 тэрбумын сүлжээ хүрээгүй, хорлон сүйтгэл учруулаагүй төрийн болон төрийн оролцоотой нэг ч мэргэжлийн салбар, нэг ч байгууллага байхгүй шүү дээ. Ийм байхад бүгдээрээ энэ шударга ёсны төлөө дуугарч байгаа тэмцэгчид болон тэмцлийг нь нэг л сайн  дэмжиж өгөхгүй байгаа нь ихээхэн хачирхалтай бөгөөд эмгэнэлтэй. Уур хүрмээр ч юм шиг. “Шударга байцгаая л даа” гэдэг уриагаар ард түмнээ хошгоруулж гарч ирээд, хуулийн нэр барьж шударга бусыг хэрхэн хийж болохын үлгэр жишээг яс маханд нь тултал үзүүлсэн  нэгэн этгээдийн балагаар “шударга ёсны төлөөх” гэх тэмцэлд ард түмэн нэг л сайн итгэж өгөхгүй байгаа байдал ажиглагдаж л байна. Шударга ёс ярьж байгаа улс төрчдийн тэмцлийн цаана ямар л залилан, хууран мэхлэлт, далд санаа  нуугдаж байгаа бол доо гэх эргэлзээ нийгмийн олонхид байгаа нь ч буруу биш л байх. Хулхидуулж хаширсан ард түмний л зовлон. Гэхдээ яавал хулхидуулж, хууртахгүй байх вэ гэдгийг байнга л бодож байх хэрэгтэй бөгөөд тийм шаардлага одоо ч, цаашид ч тулгарсаар л  байх болно. Тэгээд хэн нэгний хоосон амлалт, ярианд итгэх бус, обьектив ба субьектив байдлаар хийсэн бөгөөд хийх гэж буй үйлдлийнх нь гарсан бөгөөд гарах үр дүнг нь оюун ухаанаараа эргэцүүлж тунгааж бодсоны үндсэн дээр  итгэх хэрэгтэй болж байна.  Хууль бус, зүй бус, шударга бус явдал хэвийн үзэгдэл болсон бөгөөд хууль, хяналтынхан нь хууль бусыг үйлдэгчидтэй тэмцэх бус, тэдгээрийг хамгаалдаг сүлжээ бүхий тогтолцоо болж хувираад, зарим хууль бусыг үйлдэгчид нь өөрсдийгөө өөрсдөө шалгуулж жүжиг тоглодог, хууль хяналтын байгууллагад хурдхан шиг хандаад, шалгуулаад өгөөч гэж бусдаас гуйж хүсдэг болсон байна. Учир нь хууль хяналтын байгууллага дахь сүлжээгээрээ шалгуулаад энхийн цагаан тагтаа байснаа баталгаажуулан тунхаглаж авдаг болсон бололтой. Авлигал, хулгай, луйврыг нь илчилж гаргаж тавьсан нэгнээс амыг нь асуудаг, шалгуулж “нэр цэвэр”-ийг нь тогтоолгож  өгсөн явдалд “баярлаж талархсанаа” хурал зөвлөгөөний индэр дээрээс шүгэл үлээгчдэд дамжуулж хүргэхийг хүсдэг болсон. Одоо ийм л цаг үе үргэлжилж байна. Авлигалын нөлөөллөөр удирдуулж дөрлүүлсэн цаг үеийг хэр хурдан зогсоож чадахаас л Монголын ирээдүйн хувь заяа хамаарах байх. Одоогийн нөхцөл байдлаас аль болох хурдан гарахын тулд бүгдээрээ л тэмцэх хэрэгтэй байна. Зүй тогтолоороо, хууль ёс тэгш үйлчилж, дэлхийн бусад орнуудад хэвшиж тогтсон зөв жишгээр явахын тулд одоогийн Монголд бий болсон шударга бусын нийгмийг өөрчлөхийн төлөө тэмцэж байгаа үнэмлэхүй цөөнхөө дэмжих хэрэгтэй байна. Тэмцэж буй цөөнхийнхөө үйлдлийг өөнтөглөж хувь хүн хоорондын харьцааны асуудал мэт харагдуулах оролдлого хийж, сайн сайхан дарга, ноёдыг нь муу муухай гээд шүүмжлээд байна гэж буруугаар ойлгоод л, авлигал, хээл хахууль, танил тал татах, цүнх барих, бөгс долоох зэрэг арга замаар явж байгааг нь мэдэж байгаа ч нүүрийг нь харж тал засчихаад, хаалганы цаана гарч муу муухайг нь дуудчихаад, өөрсдөө шүүмжлэхгүйгээр бусдын гараар могой бариулчихаад л, эсвэл тэмцэлд огт оролцохгүйгээр зугатаж холуур тойрч ажиглаж амь зогоож яваад асуудал намжихаар орж ирж жаахан хоол олж идчихээд л, гадаад, дотоодоор явж байгаад маргаан, мэтгэлцээн, тэмцэл дуусахаар хүрч ирээд л ялсан талтай нь тохиролцоонд ороод л явцгаадаг амиа хоохойлогсод  л үнэмлэхүй олонхи байна. Одоогийн нийгмийн хамаг муу муухайн хөрсийг бэлтгэгсэд, хөхүүлэн дэмжигсэд, угтан авагсад нь Монголын сэхээтэн буюу дипломтон давхрагынхан гэдэгтэй маргах хүн байхгүй. Бүх бузар булайтай эвлэрч, хуйвалдаж, хэлсээр сануулсаар байхад сонссон ч сонсоогүй юм шиг,  нийтийн өмнөөс дуугарах, мэдээлэх, сануулах, цочроох, сэрээх, хянах, хууль биелүүлэхийг шаардах үүрэгтэй албан тушаал, ажлын байрыг нь бөглөөд сууж байгаа мөртлөө мэдрэхгүй, мэдэхгүй, дуугарахгүй, сануулж сэрээхгүй байсаар өнөөдрийн Монголын дампуурсан нийгмийг бүтээсэн гавьяатангууд нь “сэхээтэн” гэгч сэхээгүй давхаргынхан мөнөөсөө мөн.

Хааяа дуугарах гэж оролдохоороо дэлхийн болон нийгмийн хэмжээний том бөгөөд эзэн биегүй, баримтгүй баахан “шударга”, “үнэн”-ий тухай ярина. Яг нүүрэн дээр нь, ажлын байран дээр нь, байгууллага ба салбар дотор нь өдөр бүр тааралдаж, тохиолдож байгаа авлигал, МАНАН, 60 тэрбумын сүлжээний талаар огт дуугарахгүй. Ямар ч үр дүн байхгүй.

Нөхцөл байдал ийм байгаа ч хавчин гадуурхалт, заналхийлэл, доромжлолыг тэвчин, өнгөрсөн олон жилийн турш тэмцсээр ирсэн ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙ ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН салбарынхаа АВЛИГАЛын талаархи баримтат мэдээллүүдээс энэ удаад нэгийг нь гарган тавьж байна. Зохион байгуулж, гардан гүйцэтгэгч нь мэдээж МАНАН, 60 тэрбумтан нар. Манай ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙ ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ, МАЛ АМЬТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН АГЕНТЛАГ бол маш “ариун сайхан” “”амьтад”-аар дүүрсэн газар байгаа юм. Бидэн шиг гоё ариухан амьтдыг цөөхөн үл бүтэх этгээдүүд л муу хэлээд, шүүмжлээд байгаа юм гэж ярьсаар, ард түмнээ тэгэж “соён гэгээрүүлсээр” ирсэн дээ. Гэтэл бодит байдал дээрээ тийм байж уу?, үгүй юу?, гэдгийг нийтээрээ харцгаа даа!?. 2019 оны Монгол Улсын Төсвийн тухай хууль хэлэлцэн батлах үеэс эхлэн Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбарт дэгдсэн ЖДҮ буюу “халдварт жидүү”, түүний шалтгаан, энэ салбарт үүрлэсэн бузар булай ямархуу хэмжээнд хүрч ужгирч хүндэрсэн нь нийгмийн өмнө тодорхой болсоор л байна.

Хөнгөлөлттэй зээл хэмээх ганцхан халдварт жидүүд анхаарлаа хандуулаад тус салбарт бугшсан бусад “гоц халдварт” эмгэгүүдийг нь анзаарахгүй өнгөрөөчих гээд байгаа учраас өмнө нь 2017 оны гуравдугаар, дөрөвдүгээр саруудад Өдрийн сонингоор дамжуулан  Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд нарт хандаж оношийг нь тавьж, илрүүлж өгсөн боловч цочирч тоож үзэлгүй, тэвчил үүсгээд өнгөрүүлсэн нэгэн эмгэг, түүнийг үүсгэгч шалтгаан буюу албан тушаалтан, “хоёрдогч халдвар”-ын талаар энэ удаад дахин нийтэд болон дээд шатны эрх бүхий албан тушаалтан ба хууль сахиулагчдад хүргэж мэдээлэх нь зүйтэй гэж үзэв.

Энэ бол 2016 оны Улсын Их Хурлын сонгуулийн дараа бүрдсэн Монгол улсын Засгийн газрын 2016 оны 08 сарын 31-ний өдрийн 71 дүгээр тогтоолын дагуу үйлдэгдсэн зохион байгуулалттай, онц их хэмжээний авлигал, залилангийн хэдэн гэмт хэргийн нэгийнх нь тухай баримтат мэдээлэл болно.

Манан гэж юу вэ?, 60 тэрбумыг татвар төлөгчдийн мөнгөнөөс хэрхэн “босгож” болох вэ?, гэдгийг зааварласан Ж.Эрдэнэбатын Засгийн газрын хамгийн эхний үзүүлбэр нь энэ гэдэгтэй хэнбугай ч маргаад хэрэггүй. Үүнийг санаачилсан, гардан гүйцэтгэсэн этгээдүүдийг ч олж ядаад байх юмгүй. Одоо ч тиймэрхүү үйлдлээ үргэлжлүүлээд л, түүнд нь саад болох гэсэн хүмүүсийг замаасаа зайлуулаад л, өс хонзон тооцоод л, ажлын байрыг нь булааж аваад л, байгууллага, салбараар нь сүйрүүлээд л байж байна.

Тэр этгээд бол ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунай, П.Сэргэлэн, Б.Батзориг, Ч.Улаан нарын үед дэд сайдаар нь ажиллаж байсан/байгаа хийгээд  АН-ын лидер асан Ц.Элбэгдоржтой хамт нэгэн үед Эрдэнэт хотын дунд сургуульд суралцаж байсан нь том нөлөөлөл нь болдог, МАН+АН-гийн төлөөлөгч бөгөөд энэ дэд сайдын үед дэгдэж байсан шүлхий, цэцэг, мялзан зэрэг гоц халдварт өвчнүүдийг томилолтоор явж очоод л “нам дарчихдаг” гэж өөрөө ярьдаг, орос хэлний багш мэргэжилтэн Ж.Сауле юм.

2018 оны байдлаар хөрөнгө орлогын мэдүүлгээс нь үзэхэд зөвхөн дансандаа 84 сая төгрөгтэй Ж.Сауле гуайн цалингаас гаднах орлогуудын нэг нь гоц халдварт өвчнүүдийн дэгдэлтийн үед хөдөө явахдаа авдаг томилолтын мөнгө нь бололтой. Голомтонд ажиллаж буй малын эмч нараас гурав дахин ихээр тооцуулж томилолтын мөнгө авдаг гэнэ лээ. Томилолтоо дээдсүүд ба хаалтын гэрээтэй хэвлэл мэдээллийнхэндээ “эмэгтэй хүн халдварын голомтонд ажиллаж буй нь баатарлаг үйлс” гээд л ойлгуулчихна, мэдээлүүлчихнэ. Жинхэнэ голомтонд цаг агаарын эрс тэс, эзэнгүй талд, хагас зэрлэг мал сүрэгтэй тулж ажиллаж буй малын эмч нарын 50% нь эмэгтэйчүүд гэдгийг дурдахыг ч хүсэхгүй.  Орос хэлний багш мэргэжилтэн этгээд мал, амьтны гоц халдварт өвчний голомтонд ажиллаад юугаа ч хийж гийгүүлэх юм билээ дээ. Онолын мэдлэг тэг. Практикийн мэдлэг байхгүй. Угаасаа тэмцэх заавартай юм чинь түүнийг нь малын эмч нар уншаад Ж.Саулегаас илүү сайн ойлгочихно. Түүний өнгөрсөн хугацаанд томилолтоор явахдаа гаргасан зардлыг ХХААХҮЯ болон ЗГХА МЭҮГ-аас гаргуулан тооцож үзэх хэрэгтэй. Наад зах нь олон арван сая төгрөгөөр хэмжигдэнэ. “Хүн гэмээ мэддэггүй, тэмээ гэдгэрээ мэддэггүй” гэгчээр Ж.Сауле манай улсын хөдөө аж ахуйн салбар, түүний дотроос мал эмнэлгийн салбарыг сүйрүүлэн самарч буйгаа  мэдэхгүй байгаа ч юм уу, эсвэл мэдсэн ч зориудаар гадаад, дотоодын хорлон сүйтгэгчдийн захиалгаар ч юм уу үнэхээр эргэж сэргэхэд бэрхтэй байдалд ортол нь доройтуулж байна. Одоо энэ манан, 60 тэрбумтангуудтайгаа тэмцэж эхэлж буй МАН-ын сэхээтнүүд болон Монголын төр засгийн өндөрлөгт байгаа хүмүүст хандаж хэлэхэд Ж.Сауле гэгч энэ сүйрүүлэгчээ Монголын Хүнс хөдөө аж ахуйн салбараас зайлуулж хайрлаач ээ!?. Хэрэв Монголын төр түүнд заавал дэд сайд гэх суудлын өртэй юм болбол орос хэлнийх нь багшийн чиглэлд нь ойролцоогоор нь боловсролын салбарын дэд сайдаар ч юм уу “ажиллуулах” боломж байгаа эсэхийг судалж үзнэ үү?.

Өмнө нь түүнд хандаж хэвлэл мэдээллээр болон өөртэй нь нүүр тулж ч сэхээрч ухааруулах байдлаар тойруу замаар алдааг нь ойлгуулах гэж хэдэнтээ бичиж, хэлсэн боловч огт тусгаж авахгүй, харин ч шүүмжилсэн мань мэтээс дутагдал доголдол илрүүлэх зорилготой шалгалтын ажлын хэсгийг, засгийн газраас өгсөн чиглэлийг зөрчин байж  толгойлж ирээд хувь хүн, хамт олон, байгууллагын ажлыг гутаан гүтгэж доромжилсон захиалгат аудит, шалгалтын дүгнэлт гэгчийг гаргуулах мэтээр өс хонзон тооцох замаар хувь хүн, байгууллага, салбар, улс оронд үлэмж их хохирол, гай гамшиг учруулсаар л явж байна. Түүний өс хонзон, хорхойтой арааны зуулт, өсөрхөл зангидсан харцнаас нь ч айгаад өмнөөс нь дуугардаг хүн хөдөө аж ахуйн салбарт надаас өөр алга бололтой. Үйлийн лайтаагаараа би л түүний энэ байдлыг гаргаж тавихаас биш дээ. Дуугарсан нэгнийг тэрээр захиалга өгч цагдаагаар дарамтлуулахаа ч бас мэднэ. Жинхэнэ манангийн гишүүн мөн байгаа биз!?.

2016 оны УИХ-ын сонгуулийн дараа УИХ-ын 2016.07.23-ны 14 тоот ба 2016.07.30-ны өдрийн 16 тоот тогтоолуудаар Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдтай ЗАСГИЙН ГАЗАР байгуулагдсан юм билээ. Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрын Сангийн сайд Б.Чойжилсүрэн нь тухайн үед Монгол улсын төсөв, санхүү дампуурлын байдалд хүрсэнг зарлаж байв. 2016 оны улсын төсвийн орлого нь нэг их наяд төгрөгөөр тасалдаж байсан цаг.

Ж.Эрдэнэбатын Засгийн газар байгуулагдаад дөнгөж нэг сар болж байхдаа буюу 2016.08.31-ний өдөр 71 дүгээр тогтоол гаргаж шүлхий, мялзангийн вакцин, вакцинжуулалтанд 13.9 тэрбум төгрөг зарцуулахаар болсон. Онцлон анхааруулахад Хонийг цэцэгээс сэргийлэх вакцин, вакцинжуулалтанд зориулсан нэг ч төгрөгийг уг тогтоол, түүний хавсралтанд тусгаагүй юм шүү!!!!!!.

Засгийн газрынх нь хэтэвч нь хоосон, ХХААХҮ-ийн яамны сайдаар дөнгөж саяхан томилогдсон П.Сэргэлэн нь мал амьтны гоц халдварт шүлхий, цэцэг, мялзан өвчнүүдийн талаар ямар ч мэдлэг, мэдээлэлгүй нь ойлгомжтой.

2015 оны 12 сарын 01 гэхэд батлагдсан Монгол улсын 2016 оны Төсвийн тухай хуулинд шүлхий, цэцэг, мялзангийн вакцин, вакцинжуулалтанд зориулсан тэрхүү 13.9 тэрбум төгрөг тусгагдаагүй нь тов тодорхой.

2016 онд Биокомбинат ТӨААТҮГ-т ХХААХҮЯ, ЗГХА МЭҮГ-аас захиалга өгч үйлдвэрлүүлсэн Хонийг цэцэгээс сэргийлэх вакцины 2 сая тунг нь тариулах үйлчилгээний хөлс 300 сая төгрөгийг гаргах эх үүсвэр улсын төсвөөс олдохгүй байхад ДЭЛХИЙН ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙГУУЛЛАГЫН Монгол дахь төлөөлөгчийн газарт  хандаж олон улсын байгууллагаас гаргуулж байсан даа. Эндээс дүгнэхэд 2016 онд хонины цэцэгээс сэргийлэх вакцин ОХУ-аас худалдаж авах ба вакцинжуулалтанд нь зориулж улсын төсөвт нэг ч төгрөг тусгаагүй нь тодорхой л байдаг юм.

Логикоор дүгнэхэд ШҮЛХИЙ, ЦЭЦЭГ, МЯЛЗАНГИЙН вакцинаас 60 тэрбумын нэг хэсгийг босгох саналыг П.Сэргэлэн сайд тэргүүтэй Монголын морин спорт уяачдын холбооны гишүүд болох улсын тод манлай, улсын алдарт, аймгийн алдарт уяачдад санал болгосон хүн нь тус яаманд олон жил ажилласан “туршлага”-тай хоёр дахь удаагаа дэд сайдаар томилогдсон, гоц халдварыг нам дардаг  Ж.Сауле, түүний гарыг бохирдуулахаас сэргийлэгч “гарын бээлий” буюу “хоёрдогч халдвар” тараагч малын эмчийн дипломтой нэгэн хулгайч эмэгтэй гэдэг нь бас л  тодорхой. Дараахан нь Ховдын Булганы гааль дээр хоёулаа хөтлөлцөж очоод л тод манлай уяачаас  мялзангийн вакцин хүлээн авч буй нь мэдээлэгдэж л байсан. Ер нь гадуур ч нэгэн цуу яриа сонсогдож л байдаг юм. ХХААХҮЯ болон ЗГХА МЭҮГ-т шинээр ирсэн сайд, агентлагын дарга нарт “вакцинаар мөнгө босгуулж авах уу?” гэдэг санал тавьдаг хүмүүс тэнд байдаг гэсэн. Тэгээд дараа нь мөнгө босгуулаад авчихсан САЙД, АГЕНТЛАГЫН ДАРГА нар нь тэднийхээ барьцаанд байсаар, хэлсэн бүхнийг нь биелүүлсээр ээлжит хугацаагаа дуусгана. Барьцаалах арга гэж энэ.

Шинжлэх ухааны онолоороо бол алив вакцинаар халдвар авах магадлалтай эрсдэлтэй бүс нутгийн эрүүл малыг л вакцинжуулдаг л даа. Сүүлийн жилүүдэд Ж.Сауле нарын тогтоосон жишгээр халдварын голомтонд байгаа мал сүргийг голчлон вакцинжуулдаг болсон. Тэдний тогтоосон жишгээр нь тооцоход л 2016 онд халдвартай болон халдварын эрсдэлтэй бүх аймгуудад нийтдээ 9 сая гаруй хонь байсан бөгөөд түүний 6 сая гаруй толгойг нь Биокомбинатад үйлдвэрлэсэн Хонийг цэцэгээс сэргийлэх вакцинаар тарьчихсан байсан. Цаана нь хэрэв вакцинжуулах шаардлага байсан гэж үзвэл 3 сая тун хонийг цэцэгээс сэргийлэх вакцин л хэрэгцээтэй байсан юм.

Гэтэл 2016.12.19-ний өдөр ОХУ-ын талд 1 (нэг) тэрбум 292 сая гаруй төгрөг шилжүүлж 23 сая 900 мянган толгой хонь тарихад хүрэлцэхүйц ХОНИЙГ ЦЭЦЭГЭЭС СЭРГИЙЛЭХ ВАКЦИН худалдаж авсан байдаг. Огт хэрэгцээгүй 20 сая толгой хонь тарих вакцин ТӨСВИЙН МӨНГӨӨР худалдаж ирсэн нь тэр.

ОХУ-аас энэхүү 23.9 сая тун вакциныг худалдаж авахдаа  бүхнийг хууль бусаар, хуйвалдаанаар, залилангаар хийсэн нь тодорхой байдаг.

Алив вакциныг Импортоор оруулж ирэхээс өмнө аль нэгэн байгууллага, аж ахуйн нэгжийн нэр дээр заавал МАЛЫН ЭМИЙН УЛСЫН БҮРТГЭЛД ОРУУЛСАН байх шаардлагатай. Түүнчлэн уг бүртгэлд оруулахын тулд холбогдох баримт бичиг бүрдүүлж, дээж шалгуулах гэх мэтийг наад зах нь 6 сарын өмнө хийж эхэлсэн байх ёстой. Мэдээж Малын эмийн улсын бүртгэлд ороогүй вакциныг Монгол улсад нэвтрүүлэх бололцоогүй учраас бүртгүүлэхээс өмнө худалдах, худалдан авах гэрээ байгуулах боломжгүй нь тодорхой.

Хамгийн хачирхалтай нь ОХУ-д үйлдвэрлэсэн Хонийг цэцэгээс сэргийлэх вакциныг Монголд бүртгүүлж, импортлогч   нь Биокомбинат ТӨААТҮГ болсон байв. Миний баттай мэдэж байгаагаар Биокомбинат ТӨААТҮГ болон ОХУ-ын вакцин үйлдвэрлэгчийн хооронд Хонийг цэцэгээс сэргийлэх вакцин импортлох талаар хэзээ ч ямар нэгэн гэрээ хийгдэж байгаагүй. Мөн ОХУ-ын Хонийг цэцэгээс сэргийлэх вакциныг МАЛЫН ЭМИЙН УЛСЫН БҮРТГЭЛД оруулахын тулд нэг ч хуудас судалгааны материал буюу доссиер орчуулж, бэлтгээгүй, нэг ч шил вакцины дээж Мал эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын лабораторит илгээж шинжлүүлж байгаагүй. Энэ бүхнийг бүгдийг нь огт бүрдүүлээгүй буюу хуурамчаар бүрдүүлсэн нь илэрхий байгаа юм. Хуурамч баримт бичгүүдээс ганцханыг дурдахад л 2016.12.12-ны өдөр Биокомбинат ТӨААТҮГ-аас уг ОХУ-ын вакциныг малын эмийн улсын бүртгэлд “яаралтай бүртгүүлэх”-ийн тулд 1/318 тоот “хүсэлт гаргах тухай” албан бичгийг ХХААХҮЯ-нд илгээсэн байдаг. Гэтэл Монгол улсын эмийн үндэсний зөвлөлийн Малын эмийн салбар зөвлөлийн дарга Л.Чой-иш, нарийн бичгийн дарга Д.Хүрэлбаатар гэгч этгээдүүдийн гарын үсэгтэй QF-16-1221-H-I-00739 дугаартай Монгол улсын малын эмийн бүртгэлийн гэрчилгээг 2016 оны 12 сарын 12-ны өдөрт нь багтааж олгосон байдаг. Шуурхай байгаа биз!?. Уг нь 6 сараас 1 жилийн хугацаа шаарддаг ажил шүү дээ.

Ийнхүү ОХУ-аас оруулж ирсэн огт хэрэгцээгүй бөгөөд үлэмж их хэмжээний мөнгө хөрөнгөөр худалдаж авсан Хонийг цэцэгээс сэргийлэх вакциныг халдварын эрсдэлтэй болон эрсдэлгүй аймгуудын хонин сүрэгт тарьж дуусгах үүргийг нөгөө Ж.Саулегийн хулгайн бохир гарыг хамгаалагч “бээлий” нь хүлээсэн.

Ингэж явахдаа бас нэгэн ноцтой гэмт хэрэг үйлдчихсэн. Нөгөө ОХУ-аас оруулж ирсэн Хонийг цэцэгээс сэргийлэх огт хэрэгцээгүй, илүүдэл вакцинаа хэрэглүүлж дуусгах гэж улайран зүтгэж байх явцдаа 2017 онд Дотоодын үйлдвэрт үйлдвэрлүүлсэн 8 цуврал 3.7 сая тун 200 гаруй сая төгрөгний үнэ бүхий хонийг цэцэгээс сэргийлэх вакцинаа мартаж орхисноос хадгалах хугацаа нь дуусаж УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ХУДАЛДАЖ АВСАН тус вакциныг, шингэлэгч уусгамалынх нь хамт УСТГАХААС өөр аргагүй болсон. Энэ мөн л тухайн үед ЗГХА МЭҮГ-ын Мал эмнэлгийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ж.Саулегийн хорлон сүйтгэл, бохир гарын “бээлий”-нийх нь хэнтэй ч хуваалцах аргагүй буруутай үйлдэл, гэмт хэрэг.  

Тэр нь 2017 онд Биокомбинат ТӨААТҮГ болон ЗГХА МЭҮГ-ын хооронд байгуулсан гэрээний дагуу үйлдвэрлүүлчихсэн байсан 3.7 сая тун хонийг цэцэгээс  вакцин бөгөөд  Биокомбинат ТӨААТҮГ нь уг вакциныхаа үнийг аль хэдийн аваад зарцуулаад дуусчихсан.

Луйвар, залилангийн замаа засахын тулд 2015.08.12-ны өдрөөс ХХААХҮЯамны ТНБД Н.Ариунболдын гарын үсэгтэйгээр 3 жилийн хугацаатайгаар сунгачихсан Биокомбинат ТӨААТҮГ-ын үйлдвэрлэл эрхлэх “тусгай зөвшөөрөл” байсаар байтал зөвхөн уг ОХУ-ын Хонийг цэцэгээс сэргийлэх вакциныг худалдаж авахын тулд 2016 оны 12 сарын 20-ны өдөр ХХААХҮЯ-ны ТНБД Л.Баяртулгын гарын үсэгтэй  2016/053 дугаар бүхий “тусгай зөвшөөрөл” шинээр олгосон байгаа юм.

Эндээс 2016.12.20-ны өдөр гэхэд малын эм импортлох “тусгай зөвшөөрөл”-гүй байсан мөртлөө ОХУ-ын уг вакциныг 2016.12.12-ны өдөр малын эмийн бүртгэлд оруулсан залилан, луйвар, албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэг  нь тодорхой харагдана.

Цааш нь малын эмийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй байж хэрхэн ОХУ-ын уг вакциныг худалдаж авах гэрээ хийж, төлбөрийг  нь шилжүүлсэн нь бас л оньсого. Ийнхүү олон оньсого, таавар цааш үргэлжилнэ дээ. Залилан, луйвар, хулгайн зорилготой сүлжээний үйлдлүүдийг шалгаж тогтоох шаардлагатай байна.

Үүнийг гэмт хэрэг гэж үзэхгүй юм бол одоогийн Авлигатай тэмцэгчид, хууль сахиулагчид цаашид энэ чиглэлийн хууль бус үйлдэлтэй тэмцээд ч хэрэггүй мэт. Үүнийг ингэж ЭХО, ЭМРАЙгаар нэвт харж баримтжуулж, бэлтгэж өгөх хүн Та нарт Монголоос л лав надаас өөр нь олдохгүй.

Гадаадын тагнуулын байгууллагын гишүүн ч байж магад, ОХУ-ын вакцин үйлдвэрлэгчдийн Монгол дахь бие төлөөлөгч, зуучлан борлуулагч энэ хоёр этгээд нь одоогоор Монголын цорын ганц биотехнологийн үйлдвэр болох БИОКОМБИНАТ- ВАКЦИНЫ ҮЙЛДВЭРИЙГ нь даруй устгах үүргийг хаа нэгтэйгээс, хэн нэгнээс авсан бололтой идэвхийлэн ажиллаж байна.

 

Ц.Өлзийтогтох