ВАКЦИН ҮЙЛДВЭРЛЭХ ТЕХНОЛОГИ ДАМЖУУЛСАН ТУРШЛАГА, ИРЭЭДҮЙН ХАНДЛАГА

ВАКЦИН ҮЙЛДВЭРЛЭХ ТЕХНОЛОГИ ДАМЖУУЛСАН ТУРШЛАГА, ИРЭЭДҮЙН ХАНДЛАГА

Ц.Өлзийтогтох, Д.Насанжаргал

Биокомбинат ТӨААТҮГ

Дэлхийд вакциныг нээсэн түүхээс.

Эртний хүний нийгэм даяар цэцэг, тахал гэх мэт халдварт өвчнүүд тархсан тэр үед хэдийгээр халдварын улмаас олон хүн үхэж байсан ч зарим бодгалиуд илааршиж байжээ. Эдгээр илааршсан бодгалиуд нь тухайн өвчний халдварлалт дахин тохиолдох үед эрүүл үлдэж байсан цөөн тохиолдол тэмдэглэгдэн үлдсэн байна. Гэтэл цэцэг өвчнөөр өвчлөөд эдгэрсэн тэдгээр бодгалиуд энэ өвчнийг эсэргүүцэх тэсвэртэй болж цаашдаа уг өвчний халдварлалт дахин тохиолдох үед өвчлөхгүй байсныг XII зуунд Хятадууд ажиглаж байсан гэдэг. Тарилгын тухай ойлголт XYIII зууны эхэн гэхэд баруун Европод тархсан бөгөөд удахгүй өргөн хэрэглэгдэх болсон. IX зуунаас хойш баруун Европ даяар үхэр сүрэгт мялзан өвчний аюултай дэгдэлт тархсан бөгөөд маш олон толгой үхэр үхэж байсан.

Уламжлалт эмчилгээний аргуудын аль нь ч үйлчлэхгүй байсан бөгөөд халдварт өртсөн үхрийн арьсны гэмтэл нь цэцэг өвчний үед тааралддаг гэмтэлтэй төстэй байсан учраас тарилга тус болж магад гэдэг санааг 1754 онд гаргасан. Ингээд мялзан өвчтэй амьтны хамрын гоождосоор норгосон богинохон утсыг урьдчилан сэргийлэх амьтныхаа омрууны арьсан дор суулгасан. Үүний үр нөлөөгөөр үүссэн өвчлөлт нь олонхи тохиолдолд байгалийн халдвартай харьцуулахад хүндрэл багатай байсан. Энэ үйл ажиллагаа ихээхэн түгээмэл болсон бөгөөд дадлага, туршлагатай урьдчилан сэргийлэх тарилга хийгчид Европ даяар аялан явж үхэрт сэргийлэх тарилгаа хийгээд мялзан эсэргүүцэх хамгаалалттай болсныг нь батлан үзүүлэхээр тэдгээр үхрээ тамгалж байсан.

1798 онд Английн эмч Эдвард Женнер өөрийн эмчилж байсан өвчтөнгүүдийнхээ нэг болох саальчин бүсгүйн санал болгосноор үхрийн өвчний гэмтэлтээс авсан материалыг хүний цэцэг өвчний тарилганд зориулж орлуулан хэрэглэж болохыг баталсан. Учир нь үхрийн цэцэг хүмүүст хүндрэлтэй өвчлөл үүсгэдэггүй бөгөөд түүний хэрэглээ нь зориудын халдвараар үүсгэсэн эрсдлийг үлэмж хэмжээгээр бууруулжээ. Вакцинжуулалт гэж нэрлэдэг энэ арга барилын үр нөлөөгөөр 1970-аад онд дэлхийгээс цэцэг өвчинг бүрмөсөн устгасан юм. (vacca нь үхэрт зориулсан гэх утгатай латин үг юм).

Тарилгын ерөнхий зарчим нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөнөөр амьтны өвчнүүдээс сэргийлэх зорилгоор ижил төстэй арга барилуудыг хэрэглэх оролдлогууд хийгдсээр байв. Эдгээрийн зарим нь харьцангуй үр нөлөөгөө өгч байжээ. Ийм маягаар хонины цэцэг өвчний гаралтай материалыг овинжуулалт гэж нэрлэгддэг үйл ажиллагаанд хонин сүргийг хамгаалахаар маш амжилтай хэрэглэсэн бөгөөд энэ нь Европд нэн өргөн ашиглагдаж байв. Үүний нэгэн адилаар цээжээр өвчилсөн үхрийн уушигнаас авсан эдийн жижиг хэсгийг эрүүл үхрийн сүүлний үзүүрт огтлоос хийж суулгахад цөөн долоо хоногийн дараа сүүлний үзүүр нь тасарч унаад тухайн үхэр дархлаатай болж байжээ. Нөгөө талаас, хэдийгээр  энэ арга өргөн хэрэглэгдэж байсан ч нохойн гударга өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор гөлөгний хамарт үхрийн цэцэг өвчний материал хийсэн нь огт амжилтгүй болсон.

Хувийн аж ахуйтнууд өөрсдийн малын ядахдаа заримыг нь ч гэсэн мялзан, цээж гэх мэт өвчнүүдээс хамгаалах арга зам эрэлхийлж байсан учраас тарилгын арга барилыг ашиглах оролдлогууд үргэлжилсээр байсан. Харамсалтай нь эдгээр оролдлогууд нь ихэнхидээ тухайн өвчнийг хязгаарлахаасаа илүүтэйгээр тархааж дэлгэрүүлэхэд хүргэж байсан нь удалгүй тодорхой болсон. Үхрийн цэцэг өвчний талаарх Женнерийн ажиглалтын ерөнхий утга санаа болон өвчин үүсгэдэг дархлаажуулагч организмын хүчдэлийг бууруулахын ач холбогдлыг 1879 он хүртэл бүрэн гүйцэд ойлгохгүй байжээ.

Тэр жил Францад Луй Пастер одоо Pasteurella multocida гэж нэрлэгдэж байгаа бактериар үүсгэгддэг шувууны өвчинд тахианы тэсвэрт чанарыг судалж эхэлсэн. Пастерт энэ организмын нэгэн өсгөвөр байсан бөгөөд түүний туслагчийг амралтанд явсан үеэр тэр өсгөврийг лабораторийн ширээн дээр үлдээж санамсаргүйгээр хөгшрүүлчихжээ. Туслагч нь амралтнаас буцаж ирээд тэрхүү хөгширсөн өсгөврөөр тахиаг халдварлуулах оролдлого хийсэн ч шувуудыг тухайн өвчнөөр өвчлүүлэх нь бүтэлгүй болсон. Пастер хямгач хүн байсан тул эдгээр тахиануудыг хоёрдахь туршилтандаа зориулж үлдээсэн. Энэ үед тахиаг үхүүлэх чадвартай нь мэдэгдэж байгаа Pasteurella multocida-ийн шинэ өсгөврөөс нөгөө тахианууддаа дахин тарьсан. Мөнхүү шувууд халдварыг тэсвэрлэж үхэлгүй үлдсэн нь Пастерийн гайхлыг төрүүлж байв. Энэ гоц үзэгдэл нь хүний цэцэг өвчний эсрэг вакцинжуулалтанд үхрийн цэцэгийг ашигласан Женнерийн арга барилтай зарчмаараа төстэй байгааг Пастер тэр дор нь мэдэрсэн. Вакцинжуулалт хийх үед ямар нэгэн организмын өвчин үүсгэдэггүй омгоор амьтныг нэрвүүлснээр дархлааны хариу урвалыг нь өдөөж чадна. Энэ дархлааны хариу урвал нь ижил төрлийн буюу нягт холбоотой организмын өвчин үүсгэдэг омгоор үүсгэгдэх дараагийн халдварын эсрэг тухайн амьтныг хамгаалдаг.

Вакцинжуулалтын ерөнхий зарчмыг нээж тогтоосноор Пастер түүнийг анх удаа боом өвчинд ашигласан. Тэрээр боомын үүсгэгч бактеруудыг (Bacillus anthracis) ердийн бус өндөр температурт ургуулах замаар хоруу чанаргүй болгохыг хийж үзүүлсэн. Тэгээд боом үүсгэгч хоруу чанартай бактерийн халдвараас хонийг хамгаалах зорилгоор эдгээр хорууг нь сулруулсан организмуудаар вакцин бэлтгэн ашиглаж байсан.

Пастер мөн галзуу үүсгэгч вирус халдварлуулсан туулайны нугасыг хатааж вакцины материал болгон ашигласнаар галзуу өвчнөөс сэргийлэх үр дүнтэй вакциныг бүтээсэн. Хатаалтын үйл явц нь галзуугийн вирусийг хоруу чанаргүй болгоход ихээхэн үр нөлөө үзүүлсэн.

Хэдийгээр Пастер өөрийн зохион бүтээсэн вакцинуудад зөвхөн хоруу чанаргүй амьд организмуудыг ашиглаж байсан ч түүний дараахан нь Америкийн Нэгдсэн Улсад ажиллаж байсан Даниел Салмон, Теоболд Смит нар үхүүлсэн организмуудыг ашиглаж вакцин зохион бүтээх боломжтойг бас баталсан. Тэд Salmonella enterica choleraesuis гэдэг бактерийн халуунаар үхүүлсэн өсгөвөр уг организмаар үүсгэгддэг өвчнөөс гахайг хамгаалж чадаж байгааг нотолж үзүүлсэн. (Salmonella enterica choleraesuis-ийг тэр үед Bacillus suipestifer гэдэг нэрээр мэдэж байсан бөгөөд гахайн мялзангийн үүсгэгч мөн гэж итгэж байсан.)

Мөн удалгүй Германд Вон Беринг, Китасато нар зогсоогийн савханцарын (Clostridium tetani) өсгөврөөс гаргаж авсан шүүгдэс нь нянгийн биет агуулаагүй ч гэсэн зогсоо өвчний эсрэг үр дүнтэй хамгаалалт олгож чадаж байгааг бас баталж үзүүлсэн. Тиймээс зогсоогийн токсин зэрэг бактерийн бүтээгдэхүүнүүд мөн хамгаалалт олгох чадвартай болох нь тогтоогдсон. 1900 он гэхэд амьтдын халдварт өвчнүүд рүү чиглэсэн дархлаа байдаг гэдэг нь сайтар мэдрэгдсэн. Өнгөрсөн зууны турш дархлаа судлаачид бичил биетний эсрэг дархлааны молекул ба эсийн үндсийг ялган таних чиглэлд ихээхэн амжилт олсон.

Монголд вакцин үйлдвэрлэж эхэлсэн нь.

Монгол оронд мал эмнэлгийн зориулалт бүхий вакцин, оношлуур, эсрэг ийлдэс зэрэг биобэлдмэл үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэрлэлийн суурь нь Сангийн явдлын яамны 1923 оны 07 сарын 18-ны өдрийн 15 дугаар тогтоолоор Сонгины булан дахь гадаадын иргэдийн эзэмшилд байсан “Мялзан эсэргүүцэх тарилга үйлдвэрлэлийн станц”-ыг худалдаж авснаар тавигдсан гэж үздэг. Ингээд 1923 оны 09 сарын 23-ны өдрөөс үйл ажиллагаагаа эхэлжээ. Ингэж байгуулагдан үйл ажиллагаагаа эхэлсэн энэхүү байгууллага нь Монгол улсын биотехнологийн анхдагч үйлдвэр – Биокомбинат бөгөөд түүхэн хөгжлийн хугацаанд тус байгууллагад ажиллаж байсан Орос, Монгол, Унгарын мэргэжилтэн, ажиллагсдын санаачилга, тэдний өндөр мэдлэг, уйгагүй хөдөлмөрийн үр дүнд болон Монгол улсын үе үеийн төр засгийн дэмжлэгтэйгээр үйлдвэрлэлийн технологийг нь байнга боловсронгуй болгож, техник, тоног төхөөрөмжийг нь шинэчлэн сайжруулж, үйлдвэрлэлийн зориулалттай байшин барилгуудыг нь тухайн үеийн технологийн хөгжлийн шаардлага, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өсөлт зэрэгт нийцүүлэн одоогийн түвшинд хүртэл өргөтгөж иржээ.

Энэхүү үйлдвэр нь Монгол улсын мал сүргийг үй олноор нь өвчлүүлж үхүүлэн улс орны эдийн засагт үлэмж хэмжээний гарз хохирол учруулж байсан зарим гоц халдварт өвчнүүдийн гаралтыг бууруулахад үлэмж их хувь нэмэр оруулсаар ирсэн билээ.

Биобэлдмэлийн төрөл зүйл олширсон нь.

1923 онд “Мялзан эсэргүүцэх станц”-д зөвхөн үхрийг мялзангаас сэргийлэн эмчлэх зориулалт бүхий хэт дархлаат ийлдэс үйлдвэрлэж байжээ. Цаашид үйлдвэрлэх бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулах талаар 1923 оны 07 сарын 27-ны өдрийн Ардын засгийн газрын 3 дугаар хуралдаанаар баталсан тогтоолын 2-т заахдаа “Мялзан эсэргүүцэх станц” нь хүн ба малын өвчнийг анагаах эм тарилга үйлдвэрлэх нь зүйтэй гэж тэмдэглэсэн байдаг. Ингээд хөгжлийн явцад тус үйлдвэрт үйлдвэрлэх биобэлдмэлүүдийн нэр төрөл олширсоор 1923 он гэхэд 1 нэр төрөл байсан бол, 1933 онд 3, 1943 онд 12, 1957 онд 26, 1983 онд 68, 1993 онд 72, 2003 онд 61 нэрийн биобэлдмэл үйлдвэрлэж байсан нь түүхэн баримт бичигт тэмдэглэгдэн үлджээ. 1923 онд эх суурь нь тавигдсан одоогийн Биокомбинат нь Монгол улсын зөвхөн мал эмнэлгийн зориулалттай эм бэлдмэлийн төдийгүй, биологи, биотехнологи, микробиологийн чиглэлийн анхдагч үйлдвэр гэдгийг та бүхэн сайн мэдэж байгаа.

Биобэлдмэл үйлдвэрлэлийн технологийн дэвшлийн явц.

Биокомбинатад үйлдвэрлэж буй биобэлдмэлүүдийн технологийн дэвшлийн явцыг авч үзэхдээ бүтээгдэхүүнийг гарал үүсэл, зориулалтаар нь харгалзан ангилвал тэдгээрийн хөгжлийн явцыг илүү тодорхой харж болно.

Бүтээгдэхүүнийг гарал үүслээр нь:

  • Вирусээр үүсгэгддэг өвчнүүдтэй холбоотой биобэлдмэлүүд
  • Бактериар үүсгэгддэг өвчнүүдтэй холбоотой биобэлдмэлүүд
  • Микоплазмаар үүсгэгддэг өвчнүүдтэй холбоотой биобэлдмэлүүд

Зориулалтаар нь:

  • Сэргийлэх
  • Оношлох
  • Эмчлэн-сэргийлэх

Вирусээр үүсгэгддэг өвчнүүдтэй холбоотой биобэлдмэлүүд.

Юуны өмнө вирусээр үүсгэгддэг өвчнүүдээс сэргийлэх биобэлдмэл үйлдвэрлэлийн технологийг авч үзэх хэрэгтэй. Тус үйлдвэрийг байгуулахад хүргэсэн шалтгаан нь үхрийн мялзангаас сэргийлэх бэлдмэл үйлдвэрлэх явдал байсан. Тэгвэл 1923 оноос эхлэн одоог хүртэл үйлдвэрлэж байгаа мялзангаас сэргийлэх биобэлдмэлийн технологийн хөгжил нь вирусээр үүсгэгддэг бусад өвчнүүдээс сэргийлэх зориулалт бүхий биобэлдмэлүүдийг үйлдвэрлэх технологийн хөгжлийг төлөөлж чадах нь магад. Биокомбинатад  үйлдвэрлэж байгаа вирусээр үүсгэгддэг өвчнүүдээс сэргийлэх вакцинуудын үйлдвэрлэлийн технологийн дэвшлийн явцыг дараах байдлаар ангилж болох юм.

Нэгдүгээр үе. 1923-1975 оны хоорондох хугацааг хамааруулж болно.

Энэ үед вирусийг өсгөвөрлөх үндсэн арга нь тухайн өвчнийг үүсгэгч вирусийн омгийг мэдрэмтгий буюу өвчлөмтгий мал амьтдад халдварлуулж өвчлүүлсний дараа уг амьтнаас тухайн вируст илүү өртөмтгий эрхтэн, эдүүдийг нь салгаж аваад, гар аргаар буюу багаж тоног төхөөрөмжийн тусламжтайгаар хигэж жижиглээд, үүсгэгч вирусийг нь ялгаж авахад үндэслэгддэг байлаа. Тухайлбал, Үйлдвэрлэлийн нөхцөлд тусгай битүүмжилсэн байранд байлган мялзангаар өвчлүүлсэн сарлаг, үхрийн уушиг, цээжний хөндийн шингэн, галзуугаар өвчлүүлсэн амьтдын тархи, нугас, цэцэгээр өвчлүүлсэн амьтдын арьс болон арьсан доорхи холбогч эдүүд зэргээс вирусээ ялгаж вакцины үйлдвэрлэлд ашигласаар иржээ. Энэ үед сэргийлэх зориулалт бүхий биобэлдмэлийн найрлагын үндсэн бүрэлдэхүүн хэсэг болох дархлаа төрүүлэгч эсрэгтөрүүлэгчийн цэвэршүүлэлт, ариун чанар хангалтгүй, нэг удаа олгох тунгийн хэмжээ их, эцсийн бүтээгдэхүүний савлалт, баглаа боодол, хадгалалт, тээвэрлэлт зэрэг нь болхидуу, орчин үеийнхтэй харьцуулахад хангалттай бус байсан нь мэдээж.

Эдгээр аргууд нь дэлхийд анх вакцины зарчмыг нээсэн Английн мэргэжилтэн, судлаач Эдвард Женнер, анхны вакциныг зохион бүтээсэн Францын мэргэжилтэн, судлаач Л.Пастер нарын хэрэглэж байсан тарилга буюу вакцины зарчим технологитой ижил байна. Эдвард Женнер цэцэгээс сэргийлэх вакцинд арьсны цэврүүг, Л.Пастер галзуугаас сэргийлэх вакцинд туулайны тархийг ашиглаж байсан гэдэгчлэн.

Хоёрдугаар үе. 1975 оны үеэс хойшхи хугацааг хамарна.

1980-аад он бол вирусийн гаралтай вакцин үйлдвэрлэлд цоо шинэ эргэлт гаргасан үе мөн. Өмнө нь үйлдвэрлэлийн омгийг зорчуулах, өсгөвөрлөх, хадгалах болон вакцины үйлдвэрлэлд ашиглаж байсан маш олон толгой мал амьтдыг хэрэглэхгүйгээр “эсийн анхдагч өсгөвөр” болон “шувууны үр хөврөлт өндөг” ашигладаг болсон нь дэлхийн шинжлэх ухаан, биологийн үйлдвэрлэлийн ололтыг Монголд нэвтрүүлсэн явдал байлаа. Энэ нь вирусээр үүсгэгддэг өвчнүүдээс сэргийлэх вакцины үйлдвэрлэлд шинэ эргэлт гаргасан үе байлаа. Эдгээр үйлдвэрлэлийн технологиуд нь одоо ч хэрэглэгдсээр байна. Мэдээж шинэ аргууд нь хуучин аргатай харьцуулахад биобэлдмэлийн найрлагын үндсэн бүрэлдэхүүн хэсэг болох дархлаатөрүүлэгч эсрэгтөрүүлэгчийн цэвэршүүлэлт, эсрэгтөрүүлэгчийн нягтшил, эцсийн бүтээгдэхүүний идэвхит чанар, үйлдвэрлэлийн ажиллагааг хөнгөвчлөх зэрэг давуу талуудтай бөгөөд эдийн засгийн хувьд ч илүү хэмнэлттэй байх нь ойлгомжтой.

Вирусийн вакцины үйлдвэрлэлд дараах технологиудыг ашиглаж байна. Үүнд:

  • Вирусийг анхдагч эсийн (эдийн) өсгөвөрт өсгөвөрлөх буюу Анхдагч эсийн өсгөврийн арга.
  • Вирусийг шувууны үр хөврөлт өндгөнд өсгөвөрлөх буюу Үр хөврөлт өндгөнд өсгөвөрлөлтийн арга.
  • Вирусийг мэдрэмтгий мал, амьтанд халдварлуулж өсгөвөрлөх буюу Амьтнаар зорчуулалтын арга.

Бактериар үүсгэгддэг өвчнүүдээс сэргийлэх вакцинуудыг үйлдвэрлэх технологийн талаар:.

Нэгдүгээр үе: 1930-1970-аад оныг хамруулж авч үзэж болно.

1930-1940-өөд оны үед үйлдвэрлэж байсан гэх боомоос сэргийлэх Цинковскийн I, II вакцин, дуут хавдраас сэргийлэх формал вакцин, тугалын паратиф эсэргүүцэх вакцин зэргийг ямар технологиор үйлдвэрлэж байсан нь тодорхой бус байна. 1950-1960-аад оны үед үйлдвэрлэж байсан боом, дотрын халдварт хордлого, брадзот, цусан халдвар, иж балнад зэрэг бактериар үүсгэгддэг өвчнүүдээс сэргийлэх вакцинуудын үйлдвэрлэлийн технологи нь үүсгэгч нянгийн омгийг баллонтой шингэн тэжээлт орчинд суулгаж, гараар зайлж өсгөвөрлөх “ферментаци”-ийн арга байжээ. Эндээс дүгнэхэд бактерийн вакцин үйлдвэрлэлийн хуучин уламжлалт арга нь мөн л энэ аргатай төстэй, гал түлж халаадаг дулаан байранд ямар нэгэн тусгай битүү саванд шингэн тэжээлт орчинд үүсгэгчийн омгоо ургуулж, гараар зайлж өсгөвөрлөдөг арга ашигладаг байсан байх магадлал өндөр. Бактери өсгөвөрлөлтийн энэ суурь зарчим одоо хүртэл хэрэглэгдэж байна.

Хоёрдугаар үе: 1970-аад оноос хойшхи үе.

Энэ үед агаартан болон агааргүйтэн бараг бүх бактерийг ферментёр гэдэг тоног төхөөрөмжийн тусламжтайгаар өсгөвөрлөдөг болсон. Энэхүү ферментёрыг  хэрэглэх болсон нь бактерийг өсөж үржихэд шаардагдах тааламжтай орчин нөхцлийг бий болгоход ихээхэн боломж, бололцоог бий болгосон бөгөөд нэг удаад хурааж авах өсгөврийн хэмжээг нэмэгдүүлэх, бактери өсгөвөрлөлтийн хугацааг богиносгох, хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх, вакцин доторхи хамгаалагч эсрэгтөрүүлэгчийн нягтшилийг нэмэгдүүлэх зэрэг талуудаараа маш их дэвшилтийг авчирсан өөрчлөлт байв. Энэ нь тухайн үедээ бактерийн вакцин үйлдвэрлэлд бий болсон “хувьсгалт өөрчлөлт” байлаа. Ферментёрийн оролцоотойгоор ферментаци хийх энэ технологийг нэвтрүүлсний зэрэгцээгээр одоо үйлдвэрлэлд ашиглаж буй омгийн ялгаварлан танилт, шилэн сонголт, хадгалалт, тэжээлт орчны орц найрлагын иж бүрдэлт байдал, тунгалагшилт, pH, ашиглаж буй тоног төхөөрөмж, өсгөвөрлөлт буюу ургуулалтын үеийн орчны ба температурын тогтвортой байдал, өсгөвөрлөлтийн явцын хяналт, дархлаатөрүүлэгч эсрэгтөрүүлэгчийн нягтшил талаасаа хуучин аргатай нь харьцуулахад хавьгүй давуутай болсон нь илэрхий. Үүний зэрэгцээ 1962-1963 оноос эхлэн зарим агаартан нянг царцмал хэлбэртэй тэжээлт орчинд ургуулж өсгөвөрлөх сонгомол аргыг нэвтрүүлж эхэлсэн. Энэ нь бас нэг том дэвшил юм.

Бактерийн вакцины үйлдвэрлэлд хоёр үндсэн технологийг ашиглаж байна. Үүнд:

  • Агаартан ба агааргүйтэн бактериудыг шингэн тэжээлт орчинд ургуулж өсгөвөрлөх ферментацийн арга.
  • Агаартан нянг царцмал тэжээлт орчинд өсгөвөрлөх сонгомол арга.

Микоплазмын вакцин үйлдвэрлэлийн технологийн дэвшлийн явцыг мөн л хоёр үе шатанд хувааж авч үзэж болохоор байгаа юм.

Нэгдүгээр үе: 1940-1970-аад оныг хамруулж үзэж болно.

Учир нь Монголд 1940-1950-аад оны үед анхны микоплазмын вакцин үйлдвэрлэх оролдлого хийж эхэлсэн. Тэр нь ямааг годронгоос сэргийлэх вакцин юм. Тус вакциныг үйлдвэрлэж байсан арга нь 1970-аад оноос өмнөх вирусийн вакцинуудын үйлдвэрлэлийн технологитой ижил буюу мэдрэмтгий амьтанд халдварлуулаад үүсгэгч микоплазм нь илүү их үржиж олширсон нэрвэгдэмтгий эрхтэн, эдээс нь үүсгэгч ба түүний гаралтай эсрэгтөрүүлэгчдийг ялгаж авах аргад үндэслэгдсэн байна. Годронгоос сэргийлэх вакцин үйлдвэрлэхэд энэ аргыг одоо хүртэл хэрэглэсээр байна. Энэ нь үндсэндээ вакцин үйлдвэрлэлийн анхны л арга юм.

Хоёрдугаар үе: 1970-аад оноос хойш.

Энэ үед микоплазмыг амьтнаар зорчуулж бус шингэн тэжээлт орчинд ургуулж өсгөвөрлөх аргыг ашиглан вакцин үйлдвэрлэж эхэлсэн. Микоплазмын вакциныг ферментёрын оролцоотойгоор ферментацийн аргаар үйлдвэрлэдэг болсон. Энэ нь 1970-аад оноос хойшхи бактерийн вакцин үйлдвэрлэлийн аргатай үндсэндээ ижил юм. Тухайлбал, микоплазмаар үүсгэгддэг сохор доголоос сэргийлэх вакциныг 1970-аад оны дунд үеэс эхлэн үйлдвэрлэсэн ажээ. Дашрамд дурдахад микоплазмын вакцин үйлдвэрлэлийн технологийн хөгжлийн явцаас үзэхэд өмнө нь ашиглаж байсан хуучин арга нь вирусийн вакциныхтай, сүүлийн үеийн арга нь бактерийн вакциныхтай ижил төстэй байгаа нь микоплазм бол эсийн бүтэц ба амьдралын үйл ажиллагааныхаа хувьд бактери, вирусийн завсрын шинж чанартай бичил биетэн гэдгийг баталж буй мэт.

Микоплазмын вакцины үйлдвэрлэлд ашиглаж буй технологиуд нь

  • Микоплазмын омгуудыг мэдрэмтгий мал, амьтанд халдварлуулж өсгөвөрлөх Амьтнаар зорчуулалтын арга.
  • Микоплазмын омгуудыг шингэн тэжээлт орчинд өсгөвөрлөх Ферментацийн арга.

Хуурайшуулсан бүтээгдэхүүн бэлтгэх технологи.

1960-1970-аад оны үеэс лиофилизацийн аргаар хуурайшуулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болсон нь биобэлдмэлийн хадгалах хугацааг уртасгах, тээвэрлэлтийг хөнгөвчлөх зэрэг талаасаа ихээхэн ач холбогдолтой болжээ. Одоо лиофилизацийн технологийг ялангуяа, амьд бичил организм агуулдаг биобэлдмэл үйлдвэрлэлд илүү өргөн ашигласаар байна.

Биокомбинатын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологийн хөгжлийн түвшингийн явцыг багцалж үзэхэд иймэрхүү байгаа бөгөөд одоо ашиглаж байгаа технологиудын олонхи нь 1970-1990-ээд онд боловсруулагдаж үйлдвэрлэлд нэвтэрчээ.

Технологийн ирээдүйн хандлага.

Биокомбинатад үйлдвэрлэж буй биобэлдмэлүүдийн үйлдвэрлэлийн технологийн дэвшлийн ирээдүйн хандлага, одоогийн зарим хуучирсан технологийг хэрхэн сайжруулж шинэчлэх бодлогыг тодорхойлохын тулд нэн түрүүнд одоогоор биобэлдмэлийн үйлдвэрлэлд ашиглаж байгаа технологиудад шинжлэх ухааны үндэслэлтэйгээр бодит үнэн зөв үнэлгээ хийсний үндсэн дээр тэдгээрийг хөгжлийн түвшингээр нь  тодорхой бүлэгт хувааж ангилах нь зүйтэй.

Технологийн хөгжлийн түвшинг тодорхойлох гол шалгуур үзүүлэлтүүдэд:

  • Тухайн биобэлдмэлийн үйлдвэрлэлд ашиглаж буй бичил биетний омгийг өсгөвөрлөх арга
  • Бичил биетний омгийн өсгөврийг боловсруулах арга
  • Зорилго болгосон эсрэгтөрүүлэгчийн цэвэршүүлэлт хэр байгааг тодорхойлох

Орчин үеийн шаардлага хангасан технологи ашигласан эсэх, хэр чанартай бүтээгдэхүүн бэ гэдэг нь дээр дурдсан асуултуудад үнэн зөв хариулснаар тодорхойлогдох боломжтой гэж үзэж байна.

Тухайн бүтээгдэхүүн хэрэглээний зориулалтаа хэр хангаж буйд үнэлэлт дүгнэлт өгөх.  Үүнд:

Вакцины тухайд:

  • Хамгаалах дархлааны хариу урвал үүсч бий болох хугацаа
  • Дархлаажуулах хувь
  • Дархлааны үргэлжлэх хугацаа
  • Хүчинтэй хадгалагдах хугацаа
  • Аюулгүй чанар зэрэг болно.

Оношлуурын тухайд:

  • Мэдрэг чанар
  • Өвөрмөц чанар
  • Хуурамч эерэг урвал
  • Хуурамч сөрөг урвал

Эсрэг ийлдсийн тухайд:

  • Идэвхгүй дархлаа олгох болон идэвхгүй дархлааны үргэлжлэх хугацаа
  • Эмчилгээнд үр дүнтэй эсэх. Хэрэв үр дүнтэй бол өвчний аль хэлбэр, шатанд хэрэглэх нь зохистой вэ?.
  • Хэт мэдрэгжил, ийлдэсний өвчин үүсгэх эсэх.

Тухайн бүтээгдэхүүн хэрэв олон улсад хэрэглэгддэг бол чанарын ямар үзүүлэлтээрээ олон улсын стандартын шаардлагыг хангаж буйг тодорхойлох.

Тухайн бүтээгдэхүүний чанарын ямар үзүүлэлтүүд нь орчин үеийн хэрэглээний шаардлагад тэнцэхгүй байгааг тодорхойлох.

Одоогийн үйлдвэрлэлийн технологиудыг ерөнхийд нь гурван ангилалд оруулан авч үзэх боломжтой. Үүнд:

  1. Олон улсад хэрэглэгдэж байгаа буюу олон улс, үндэсний болон байгууллагын стандартын шаардлага хангах бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологиуд. Энэ ангилалд багтах технологиудыг хэвээр нь үргэлжлүүлж ашиглах боломжтой.
  2. Үндэсний стандартын шаардлага, зориулалтаа хангаж байгаа ч өндөр хөгжилтэй орнуудад үйлдвэрлэж буй ижил зориулалттай бүтээгдэхүүнүүдээс өрсөлдөх чадвараараа доогуур биобэлдмэл үйлдвэрлэлийн технологиуд. Тэдгээрийг шинэчлэн сайжруулж, боловсронгуй болгох шаардлагатай.
  3. Олон улсын нийтлэг дагаж мөрддөг, үндэсний болон байгууллагын стандартын шаардлага хангахгүй, хэрэглээний зориулалт ба орц, найрлагын бүрэлдэхүүн хэсгүүд нь тодорхой бус, чанарын хяналт хийхэд ч төвөгтэй зарим биобэлдмэл үйлдвэрлэлийн технологиуд. Тэдгээрийг бүрмөсөн өөрчлөх буюу хэрэглээнээс гаргах шаардлагатай.

Энэхүү ангилалыг  хийхэд жишиж харьцуулах болон үнэлгээ өгөх үндэслэл нь олон улсын стандартууд болон шинжлэх ухааны үндэслэлтэй, үйлдвэрлэл, практикийн туршилтаар нотлогдсон үр дүн, баримтат мэдээлэл байх болно. Ингэж үйлдвэрлэлийн технологид үнэлгээ өгөхийн ач холбогдол нь тодорхой стандартын шаардлага хангасан, тогтвортой сайн чанартай биобэлдмэл үйлдвэрлэх, улмаар хэрэглэгчдийг найдвартай, зориулалтаа хангахуйц бүтээгдэхүүнээр хангах явдал болно. Түүнчлэн хэдийгээр Монголд Биокомбинаттай ижил төстэй үйлдвэрлэл эрхэлдэг үйлдвэр, компани байхгүй ч гадаад, дотоодын зах зээлийн орчин нөхцөлд өрсөлдөх чадвараа хадгалан оршин тогтнох байнгын зорилго ч бас бий. Мөн биобэлдмэл үйлдвэрлэлийн технологийн хөгжлийн түвшингээрээ бид хөгжингүй улс орнуудтай харьцуулахад хаана нь явж байгаагаа ч мэдэх боломжтой болно.

Ер нь ганц вакцин биобэлдмэлийн ч бус, аливаа үйлдвэрлэлийн  технологийн дэвшилд нөлөөлөх хэд хэдэн хүчин зүйлс байдаг байна. Үүнд:

  1. Тухайн технологийг бий болгосон бөгөөд цаашид хөгжүүлэх үндэслэл нь болох шинжлэх ухааны ололтууд, судалгаа-туршилтын үр дүнгүүдтэй байх.
  2. Холбогдох шинжлэх ухааны нээлт, ололт, үр дүнгүүдийг олж мэдээд өөрийн болгож үр шимийг нь хүртэх чадвартай, мэдлэгтэй мэргэжилтэнгүүдтэй байх.
  3. Орчин үеийн биотехнологийн үйлдвэрлэлд ашиглах зориулалт бүхий техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлтэй байх.
  4. Мэргэжилтнүүд эзэмшсэн мэдлэг чадвараа бодит хэрэглээ болгох буюу бүтээгдэхүүнээ үйлдвэрлэлд шилжүүлэхэд шаардагдах орц найрлага, түүхий эд, нөөцийн эх үүсвэртэй байх.
  5. Биотехнологи, микробиологи, биологийн  үйлдвэрлэл явуулахад тавигдаж буй цэвэр, аюулгүй ажиллах орчинг бүрдүүлсэн, солбицсон бохирдолтоос сэргийлэх  ажлын байр буюу байшин, барилга, инженер техникийн хангамжийн тогтолцоотой байх.

Технологийн хөгжилд нөлөөлөх дээр дурдсан хүчин зүйлстэй холбоотойгоор бид ирээдүйн технологийн дэвшлийн хандлагаа тодорхойлохын тулд өмнө нь Биокомбинатын технологийн хөгжил тухайн үеийнхээ түвшинд хэрхэн хүрч байсан бэ гэдэгт үнэлэлт өгч дүгнэлт хийх хэрэгтэй. Ингэж авч үзвэл Биокомбинатын үйлдвэрлэлийн технологийг боловсруулахдаа гадаадад, ялангуяа, өндөр хөгжилтэй орнуудад тухайн үеийнхээ шинжлэх ухааны  судалгаа, туршилтаар тогтоогдож үйлдвэрлэлд нэвтэрчихсэн технологуудаас суралцах, импортлох хандлагаар явж ирсэн гэдэг дүгнэлт хийж болохоор байдаг юм.

Өөрөөр хэлбэл өнгөрсөн 80 жилийн турш бидний ашигласаар ирсэн технологууд дотор зөвхөн монгол мэргэжилтэн, судлаачид бүтээсэн гэх ч юмуу,  дэлхийд цоо шинэ нэг ч технологи байхгүй гэсэн ойлголт болно.  

Ирээдүйн технологийн хөгжлийн хандлага ч иймэрхүү замаар буюу өндөр хөгжилтэй орнуудын технологиос суралцах, заримыг нь шууд импортлох хэлбэрээр явагдах болов уу гэж төсөөлөгдөж байна.

Одоо Биокомбинатад үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнүүд нь бактери, микоплазм, вирус зэрэг бичил биетнээр үүсгэгддэг мал амьтны халдварт өвчнүүдтэй холбоотой сэргийлэлт, оношлогоо, эмчилгээний зориулалттай бэлдмэлүүд юм. Сэргийлэлтийн зориулалттай вакцинууд болон оношлогооны зориулалттай эсрэгтөрүүлэгчид, харшлууруудыг үйлдвэрлэх технологуудыг боловсронгуй болгоход анхаарах шинжлэх ухааны гол үзэл баримтлал нь юуны өмнө бичил биетний омгийг ургуулсан бүрэн өсгөврөөс зорилго болгосон эсрэгтөрүүлэгчдийг, улмаар зөвхөн голлох эсрэгтөрүүлэгч чанарыг тодорхойлогч буюу эпитопуудтай хэсгийг нь дангаар нь буюу цэврээр нь ялгаж авах асуудал гэдэг нь ойлгомжтой. Вакцинуудын тухайд хэд хэдэн өвчнөөс нэгэн зэрэг сэргийлэх хамгаалалт олгож чадахуйц хам болон олон цэнэт, харьцангуй нарийн нийлмэл бөгөөд аюулгүй технологи болох рекомбинант, нийлэг вакцин үйлдвэрлэлийн технологиудыг нэвтрүүлэх боломжыг эрж судлах хэрэгтэй.

Түүнчлэн вирусийн омгийг дамжмал буюу шугаман эсэд (cell-line) өсгөвөрлөх, вирус өсгөвөрлөлтөнд биореатор ашиглах, бактерийн өсгөврийн өтгөрүүлэлт, илүү үр дүнтэй адьювант сонголт, хор багатай бөгөөд эсрэгтөрүүлэгчийн бүтцийг эвддэггүй идэвхигүйжүүлэгч, хадгалааслагч сонголт зэрэг нь ойрын ирээдүйд технологийн дэвшил хийхэд авч үзэн шийдвэрлэх зайлшгүй асуудлууд мөн. Вакцинуудад тавигдах хамгийн гол шаардлагуудад аюулгүй бөгөөд идэвхит чанар өндөртэй байх. Ер нь өндөр хөгжилтэй орнуудад вакцин, оношлуур зэрэг биобэлдмэлүүдийн үйлдвэрлэлийн технологийг боловсруулахад баримтлах шинжлэх ухааны зарчим нэгэнт тодорхой болчихсон гэж хэлж болно.

Иймд технологийн дэвшил хийхийн тулд мэргэжилтнүүдээ өндөр хөгжилтэй орнуудад явуулж суралцуулан тодорхой нарийн мэргэжлийн мэдлэг эзэмшүүлэх, тэдгээр орнууд дахь Биокомбинаттай ижил төстэй чиглэлийн үйлдвэрлэл эрхэлдэг компаниудад дадлага хийлгэж мэргэшүүлэх зэрэг асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэж байх нь зайлшгүй. Үүнээс гадна аливаа технологийн асуудлыг ганц хоёр чиглэлийн мэргэжлийн мэдлэгээр шийдвэрлэж чадахгүй тул хүний нөөц буюу мэргэжилтнүүдийнхээ  хүрээг биотехнологи, мал эмнэлэг, биохими, микробиологи, биологи, биофизик, генетик, дархлаа судлал, молекул биологи зэрэг шинжлэх ухааны чиглэлийн мэргэжилтнүүдээр тэлж өргөтгөх шаардлага бий гэж үзэж байна.

Мөн технологийн хөгжилд инженер-техник-байгууламжийн тогтолцоо асар их нөлөөтэй нь үйлдвэрлэгч нарт илүү ихээр мэдрэгддэг. Үүнийг шийдвэрлэх гол арга нь орчин үед маш хурдацтай хөгжиж буй өндөр хурд, мэдрэмж, нарийвчлалтай биологийн үйлдвэрүүдэд зориулсан тоног төхөөрөмжийг цаг тухайд нь худалдан авч суурилуулан зориулалтаар нь ашиглаж байх хэрэгтэй бөгөөд байшин барилга буюу үйлдвэрлэл явуулах байрны тухайд биологийн үйлдвэрт тавигдаж буй шинэ шаардлага зарчмуудад нийцүүлж шинэчлэн засварлах буюу шинээр үйлдвэрлэлийн байр барих асуудлыг цаг тухайд нь шийдвэрлээд явж байх нь чухал. Жишээлбэл, одоогоор олон улс оронд биологийн үйлдвэрлэлийн байранд Good manufacturing practice (GMP), Good laboratory practice (GLP) –ийн зарчмуудыг хэрэгжүүлж, мөрдөж ажиллах шаардлага тавигдаж байна.