Биокомбинат ТӨААТҮГ-т эсрэг ийлдэс үйлдвэрлэхгүй
Ц.Өлзийтогтох
Эмчлэн сэргийлэх ийлдэс, эмчилгээний ийлдэс, антитоксин, эсрэг ийлдэс, иммуноглобулин гэх мэт янз бүрийн нэрээр нэрлэгдэн үйлдвэрлэгдсээр ирсэн мал, амьтны цусны бүрэлдэхүүн хэсэг болох хэт дархлаат ийлдсийг ямар нэгэн халдварт өвчний үүсгэгчийн халдалт тохиолдох үед өвчтэй болон халдвар авчихсан байгаа бодгалийг эмчлэх, сэргийлэх зориулалттайгаар л тус үйлдвэрт 90 гаруй жилийн турш үйлдвэрлэж иржээ.
Уг нь эсрэг ийлдэс буюу ийм төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэх зориулалт нь богино хугацаатай идэвхгүй дархлааг олгох болно.
Эсрэг ийлдсийг үйлдвэрлэх технологи нь тухайн халдварт өвчний үүсгэгч бичил биетний өсгөвөр, өсгөврийн гаралтай эсрэгтөрөгч болон заримдаа үүсгэгчийн хоруу чанаргүй, хоруу чанарыг нь сулруулсан, хоруу чанартай омгийн амьд өсгөврийг ашиглан эзэн амьтан буюу адуу, хайнаг, үхэрт олон удаагийн олголт буюу хэт дархлааг хийж эсрэгбиеийн буюу тухайн антигений эсрэг өвөрмөц уургийн түвшин байж болохуйц хамгийн дээд түвшиндээ хүрсэн үед нь цусыг нь аваад дүрст элементүүд болон бүлэгнүүлэгч хэсгээс нь салгаж бэлтгэх аргад суурилсан байдаг.
Эндээс үзэхэд вакциныг нэгээс хоёр удаа тарихад ердийн дундаж түвшний идэвхтэй дархлаа тогтдог бол тухайн үүсгэгчийн өсгөвөр болон түүний гаралтай эсрэгтөрөгчийг хоёроос дээш олон удаа тарихад хэт өндөр дархлаа тогтох бөгөөд вакцинжуулалтын үед биемахбод дархлаагаа дайчилж хамгаалалт бий болгодог байхад эсрэг ийлдсийг олгох үед шууд бэлэн хамгаалалт авчихаж байгаа л хэлбэр. Вакцинжуулалтын үед биемахбод өөрөө тэмцэж байж олж авсан дархлаа нь урт хугацаанд буюу хэдэн сараас жилээр үргэлжлэн хадгалагдаж байхад эсрэг ийлдэс тарьсны үр дүнд бий болсон шууд дархлаа буюу идэвхгүй хамгаалалт нь хоёроос гурван долоо хоног буюу 14-21 хоног л хамгаалах дархлаа олгоно.
Хамгийн гол нь эсрэг ийлдсийн захиалга, хэрэглээ гэдэг ойлголт манай мал эмнэлгийн салбарт үнэхээр буруу хандлагатай байгаа юм.
Эсрэг ийлдсийн захиалга хэрхэн буруу явж байгаа талаар 2003 оны намар Ховд аймгийн Ховд хотод зохион байгуулагдсан онол-үйлдвэрлэлийн бага хурлын үеэр анх хөндөн тавьж байв. Тэр үед ч, одоо ч Биокомбинат ТӨААТҮГ-т үйлдвэрлэдэг эсрэг ийлдсүүдийг зарим аймгууд л захиалдаг байсан бөгөөд байгаа. (Эсрэг ийлдсүүдийн 2008-2015 оны хоорондох захиалга, хэрэглээг хүснэгтээр харуулав.)
Тэр үед эсрэг ийлдсүүдийн захиалгыг анзаарч байхад жишээ нь нэгэн халдварт өвчний эсрэг ийлдсийн тухайн жилийн үйлдвэрлэлийн 70-80%-ийг ганцхан БаянӨлгий аймаг дангаараа захиалчихдаг байв. Тэндээс юу бодогдсон бэ гэвэл эсрэг ийлдсийг зөвхөн халдварт өвчин гарсан үед л хэрэглэдэг учраас тухайн ийлдсийг хэрэглэх халдварт өвчний дэгдэлт тохиолдохгүй бол яах вэ?. Хариулт нь халдварт өвчний дэгдэлт тохиолдохгүй бол хадгалах хугацааг нь дуусгаад устгахаас өөр аргагүй. Баян-Өлгий аймагт 300 литр ийлдэс захиалж аваачаад хадгалчихсан байтал Дорнод аймагт уг ийлдсийг хэрэглэх халдварт өвчний дэгдэлт тохиолдвол яах вэ?. Баян-Өлгий аймгаас зээлэх үү, яах вэ?. Ийм нөхцөл байдал үүсч болзошгүй магадлал байгаа учраас тухайн үеийн Улсын мал эмнэлгийн газрын даргад хандаж бүх эсрэг ийлдсүүдийг аль нэгэн аймагт нэг ч литрийг хувиарлахгүй байя. Улсын нөөцөд авч хадгалья. Тэгээд өвчний дэгдэлт тохиолдсон үед Улаанбаатараасаа хувиарлаж байя гэдэг санал л гаргаж байв. Миний санал тэр үедээ ч зөв, одоо ч зөв байгаа боловч хэрэгжихгүй явсаар л өнөөдөртэй золгож байна даа.
Эсрэг ийлдсүүдийн хэрэглээний зориулалт нь уламжлалаар манай мал эмнэлийн салбарт, малын эмч нарын дунд тогтсон ойлголтоор өвчилсөн буюу халдвар авчихсан мал, амьтанг эмчлэх гэлцдэг. Зарим малын эмч нар жишээ нь колибактериозын үед ихээхэн үр дүнтэй байдаг ч гэж ярьдаг. Ганц хоёр эсрэг ийлдсүүдийн тухайд тийм байхыг үгүйсгэхгүй. Ер нь ч тухайн үедээ дэлхий нийт хэрэглэж л байсан бүтээгдэхүүн шүү дээ.
Одоо л олон улс орнууд үйлдвэрлэлийн зардал өндөртэй, мал амьтанг тарчилган зовоох хандлагатай технологитой, цэвэршүүлэлт хийх шаардлагатай зэрэг дутагдалтай талаас нь болоод аль хэдийнээс л эсрэг ийлдэс хэлбэрээр нь үйлдвэрлэхээс татгалзчихаад байгаа болохоос бус. Бид ч бас тиймэрхүү үндэслэлүүдээр цаашид эсрэг ийлдсүүдийг үйлдвэрлэхээс татгалзаж байна.
Одоо Биокомбинат ТӨААТҮГ-ын зүгээс эсрэг ийлдсүүдийг үйлдвэрлэхээс татгалзаж буй хамгийн гол шалтгаан нь эдгээр бүтээгдэхүүнийг хэрэглэх шинжлэх ухааны үндэслэлд байгаа юм.
Өнөөдрийн байдлаар тус үйлдвэрт цусан халдвар, колибактериоз, иж балнад, энтеробактериоз, боом, дотрын халдварт хордлогоос сэргийлэх эсрэг ийлдсүүдийг үйлдвэрлэж байна. Эдгээр нь бүгд бактериар үүсгэгддэг халдварт өвчнүүд.
Хэрэв эдгээр халдварт өвчнүүд гарах эпидемиолгийн үндэслэлтэй судалгаа, ажиглалт байгаа болбол уг өвчин гарахаас урьдчилан сэргийлдэг вакциныг нь захиалж аваад тарьчих хэрэгтэй. Нөгөө талаас эдгээрийн аль нэг халдварт өвчин нь гарчихсан буюу мал, амьтан өвчилчихсөн тохиолдолд бактериар үүсгэгдсэн халдварт өвчин учраас тухайн нянгийн грам эерэг буюу грам сөрөг шинж байдал, мэдрэмтгий чанарыг нь харгалзсаны үндсэн дээр тохиромжтой антибиотокоор эмчлэх боломжтой.
Цусан халдвар, колибактериоз, иж балнад, энтеробактериоз, боом, дотрын халдварт хордлогоос сэргийлэх вакцин, ийлдсүүдийн захиалгаас харж байхад эсрэг ийлдсийг огт захиалдаггүй аймгуудын олонхи нь тухайн өвчнөөс сэргийлэх вакцинуудыг захиалаад байдаг юм.
Эндээс үзэхэд дээр дурдсан халдварт өвчнүүдээс эсрэг ийлдэсгүйгээр, вакцинжуулалтаар сэргийлж болдог юм байна гэх дүгнэлтийг хийж болохоор байгаа юм. Эсрэг ийлдэсгүйгээр бактериар үүсгэгддэг халдварт өвчнүүдтэй тэмцэх хангалттай туршлага малын эмч нарт бий гэдэг нь ч харагдаж байна.
Монголын мал эмнэлэг сэтгүүл. 2015.06.09