ШҮЛХИЙ ДЭГДЭХЭД ВАКЦИНЧИД ЗООЛНО

ШҮЛХИЙ ДЭГДЭХЭД ВАКЦИНЧИД ЗООЛНО

Зүүн аймгуудад шүлхийн ээлжит тахал дэгдлээ, 2000 оноос хойшхи 10 дахь тахал Сүхбаатар, Хэнтий,  Дорноговь аймгийн 12 сумын нутагт үргэлжилж байна. Энэ бүс нутагт 2010 оноос 4 жил дараалан 70 гаруй сая малыг хамран хэрэгжүүлсэн 7 удаагийн вакцинжуулалтын  үр дүн энэхүү байгалийн шалгалтанд уналаа. Шүлхийн тахал тав дахь удаагаа вакцинжуулсан бүс нутагт, дархлаажуулсан мал сүрэгт илэрч байна. Нэгдүгээр сарын сүүлчээр эхэлсэн тахал нэг сарын хугацаанд 500 гаруй км урт, 200 шахам км өргөн нутагт голомт үүсгэн, 665 хот айлын 7 удаа вакцинжуулсан 3016 үхэр шүлхийрч, буудуулж, булагдлаа. Энэ олон удаагийн хэдэн арван сая малын вакцинжуулалтын, дээр нь голомтын хөл хорионы, шүлхийрсэн үхрийг буудах, булах зардлыг, устгасан малын нөхөн төлбөрийг татвар төлөгчид төлж байна. Мал сүргийг хавтгайруулж вакцинжуулах алдаатай шийдвэрийн улмаас үүсээд буй олон тэрбум төгрөгийн хохиролыг хэн хариуцах вэ?

Шүлхийгээс сэргийлэн хамгаалах вакцинжуулалт яагаад үр дүнгүй байна? Шүлхийн вакцинуудын хамгаалах идэвх ер нь сул, манай Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам тэдгээрээс хамгийн хямдыг нь хэрэглэж байна, хамгийн хямд гэдэг нь хамгийн чанар муутай нь. Шүлхийн вирус олон хэвшилтэй, аль хэвшлийн ямар хувилбарын вирус хэзээ, хаана тахал үүсгэхийг урьдчилан таах боломжгүй. Шүлхийн хямд вакциныг 20 хоногийн зайтай хоёр удаа тарихад 40 хоногийн дараа 80 – 90 хувийн дархлаа үүсч, энэ нь 6 сар хүртэл хугацаанд хамгаална, ийм учраас хариуцлагатай амьтан эзэмшигчтэй (малчинтай), хариуцлагатай сайдтай, хариуцлагатай малын эмчтэй орнууд шүлхийн вакциныг аль болох хэрэглэхгүй байх, болж өгвөл бага хэрэглэх бодлого баримталдаг, хэрэгжүүлдэг. Тэгвэл, манай Засгийн газар аль болох олон аймгийн, олон сумын, олон хот айлын, бүх тэмээ, үхэр, сарлаг, хонь, ямаан сүргийг нэг удаад 10 – 20 саяар нь, жилд 2 – 4 удаа, хэдэн жил дараалан  вакцинжуулах төсөл батлаад, хэрэгжүүлэх гэж оролдож, оромдож буй нь эрүүл ухаантай, эрх чөлөөтэй, хариуцлагатай мэргэжлийн албаны хийх үйлдэл биш юм. Ганц хоёр малын эмч энэхүү авлигажсан, шинжлэх ухаанч бус үйлдлийг 2004 оноос хойш жил бүр боломжийнхоо хирээр сануулсаар л байгаа, энэ сануулга шийдвэр гаргагч нарт хүрдэггүй, хүрсэн ч агуулга, хэлбэр нь гуйвж хүрч байна.

Шүлхийн тахлыг уламжлалт бөгөөд сонгодог хоёр аргаар дарж байна, хөл хорих, өвчилсөн малыг устгах хоёроос илүү сайн арга олоогүй л байна. Энэ хоёр үйлдлээр нутгаа, сүргээ вирусээс цэвэршүүлдэг нь олон улсад жишиг болж хэвшжээ. Сайд, малын эмч хоёр байхгүй байхад, вакцин, “ариутгалын бодис” хоёр сураггүй байхад монгол ноёд, малчид өөрсдөө энэ хоёр аргаар л элдэв тахлыг дарж байжээ. Хөл хорионы дэглэм чанга, өвчний оношилгоо түргэн, бүрэн, өвчилсөн амьтны устгал шуурхай бол тахлыг богино хугацаанд бага газарт дарж болохыг бидний өөрсдийн болон олон улсын туршлага нотолсоор л байна. Энэ удаагийн тахалтай нэгэн зэрэг хойд хөршид, манай хилийн цаахна эхэлсэн шүлхийн тахлыг дарах үйлдэл манайхаас өдөр шөнө шиг ялгаатай буйг олон мэргэжилтэн ажиглаж байна. Манай оронд үүссэн өмнөх 9 удаагийн шүлхийн тахлыг ч хөл хорио, устгалын үр дүнгээр дарсан, өдгөө хөл хорио, устгалыг сайн хэрэгжүүлж буй Хэнтий аймагт тахал хяналтанд орж байна, салан задгай Сүхбаатар, Дорноговь аймагт тэлсээр л байна.

Шүлхийн тахлыг дарах алтан дүрмээр бол голомтонд, хөл хорионд байгаа мал сүргийг вакцинжуулдаггүй, түүнчилэн тахлын хязгаарлах бүсэд ч вакцин хэрэглэдэггүй. Вакцинжуулах нь өвчний үүсгэгчийг устгах, сүргийг, нутаг усыг вирусээс цэвэршүүлэх арга биш билээ.  

Хөгжсөн орнуудад шүлхийн тахалд өртсөн сүргийн өвчилсөн, өвчлөөгүй бүх амьтныг нядлаж, хүүрийг нь шатаадаг, үүнийг устгал буюу stamping out гэдэг. Голомтыг богино хугацаанд найдвартай цэвэршүүлдэг, эндээс вирус тархах, үлдэх эрсдэлгүй, хамгийн сүүлийн амьтныг устгаснаар тухайн нутаг усыг эрүүл, цэвэр гэж тооцдог олон улсын стандарт арга юм. Манай оронд болон хөгжиж буй орнуудад тахалд өртсөн сүргээс өвчилсөнийг нь сугалж нядлана, хүүрийг газарт булна, голомтонд тухайн үед далд өвчилсөн буюу шинж тэмдэг илэрч амжаагүй байгаа, бүдэг өвчлөөд эдгэрсэн, төрөлхийн тэсвэртэй зэрэг вирус тээгч амьтад хийгээд вирус үлдэнэ. Голомтын үлдсэн амьтдыг вакцинжуулах нь дархлаажуулсан сүргийн дотор вирусыг хадгалах, үржүүлэх, тараах арга болно. Хэрэв голомтонд буй сүргийг вакцинжуулж байгаа бол өвчилсөн малыг устгах ч шаардлагагүй.

Гэтэл манай малын эмч нар одоогийн голомтонд буй, 2013 оны 10, 11-р сард вакцинжуулсан, энэ оны 5-р сар хүртэл дархлаажсан 2 сая 200 мянган малыг дахиад л мөнөөх идэвхгүй вакцинаараа тарижээ. Өнөөдөр голомтонд үлдсэн малыг тарьсанаас хойш 50 хувийн дархлаа үүсэх 20 хоног нь л болж байна, 80 – 90 хувийн дархлаа үүсэх 40 хоног нь болоогүй байна, устгалаас үлдсэн вирус тээгч үхэр цувран өвчилсөөр, хорионд байгаа сүргийг вакцинжуулах нь илүү ажил гэдгийг нотлосоор байна.

Шүлхийн тахлын голомт болон хязгаарлалтын бүсээс вирус тархах эрсдэлийн түвшинд тохируулж, хамгаалалтын бүсэд байгаа мал сүргийг шаардлагатай бол вакцинжуулна. Тахлын тархалтыг сөрөн зогсоох цурам байдлаар, голомтыг хүрээлсэн хязгаарлалтын бүсийн хилийн гадуур зохистой хэмжээний дархлаажсан сүргийн зурвас, тойруу, тойрог үүсгэн, аль болох бага нутагт, цөөн тооны цоо эрүүл сүргийг вакцинжуулна. Энэ нь дархлаажуулалтын алтан дүрмийн үндсэн зарчим юм. Шүлхийн нэг удаагийн тахлыг дарахад хамгаалах вакцинжуулалтанд хамруулах малын тоо манай оронд, тухайн тахлыг хамгийн эрт оношилсон тохиолдолд нэг зуун мянган толгойгоос, дээд тал нь гурван зуун мянгаас хэтрэхгүй.

Энэ удаа манай малын эмч нар мөнөөх 2010 – 2013 онд 7 удаа вакцинжуулсан 10 сая малаа дахиад л тарих шахаанд орчихоод байна. Өмнөх вакцинжуулалтаа үр дүнгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа мөртлөө дахин давтаж байгаа малын эмч нарын үйлдлийг юу гэх вэ? Бөөлжсөө идэж байгаа юм биш үү?

Малын эмч нар тахлын төгсгөлд нь, намжиж, унтарч байхад нь олон сая мал вакцинжуулдаг, тэгээд “шүлхийг вакцинаар нам дарлаа” гэж хөөрцөглөдөг, энэ увайгүй үйлдлийг 10 дахь удаагаа давтаж байна, үүнээс малчид, аймаг, сумын удирдлага, мэргэжлийн албад залхаж гүйцжээ. Бас амьтны галзуу, боом, дотрын халдварт хордлого зэрэг жирийн халдварт өвчнүүдийн тохиолдол, тахлын үед ч зэрэгцүүлээд юмуу төгсгөлд нь, бүр унтарсан хойно нь баахан малыг вакцинжуулдаг. Үүнийг малчид өнгөрсөн борооны хойноос цув нөмөрлөө гэдэг, бас ниргэсэн хойно нь хашгирав гэдэг.

Тухайн тахлын үүсгэгчийн хэвшил, омог, хувилбарт тохирсон, ойртсон вакцин бэлтгэхэд хугацаа хэрэгтэй. Одоо хэрэглэж буй вакцины зааврыг үзвэл, эхний тарилгаар 21 хоногийн дараа 50 хүртэл хувийн дархлаа үүснэ, энэ үед нь дахиад таривал 21 хоногийн дараа 80 – 90 хувийн дархлаа үүснэ гэжээ. Ямар боловч вакцин тарьсанаас хойш 20 – 40 хоногийн дараа вирусийн халдвараас хамгаалах дархлаа үүсдэг юм байна. Энэ нь тахлын өөрөө намжих хугацаатай ойролцоо, зарим тохиолдолд түүнээс ч удаан байна. Шүлхийн тахлын нэг сүргийг дайраад өнгөрөх хугацаа нь тухайн сүрэгт буй амьтны тооноос хамааран 20 – 30 хоног орчим байдаг аж. Ийм учраас өнөөдөр вакцин тарихад маргааш шүлхий нам болдог гэж олон нийтийг хуурдагаа зогсооё, малын эмч нараа!

Вирусын халдварын голомтыг цэвэршүүлэхээр халдваргүйтгэл хийдэг. Нүдэнд үзэгдэхгүй вирусыг олж устгана гэдэг хэцүү ажил, манай хүн, малын эмч нар үүнийг “ариутгал” гэдэг, халдваргүйтгэлийн бэлдмэлийг “ариутгалын бодис” гэнэ. Халдваргүйтгэл, ариутгал хоёроо, бэлдмэл, бодис хоёроо ялгахгүй мэргэжилтний санал хир зэрэг шинжлэх ухаанч байх вэ? Аль ч вирус химийн бодисуудын үйлчлэлд тэсвэртэй, барагтай үхэхгүй, тиймээс олон улсын практикт шүлхийрсэн амьтны хүүрийг шатааж, чандарлаж аюулгүй болгож байна. Манайд бол вирусыг үхүүлэх үйлчлэлгүй, орчинд сөрөг нөлөө ихтэй халдваргүйтгэлийн бэлдмэлийн шахаанд бас л татвар төлөгчдийн их мөнгийг төлж байна. Вакцины болон халдваргүйтгэлийн бэлдмэлийн үнэ, зардлыг амьтан эзэмшигчид буюу малчид, орон нутгийн  удирдлага төлдөг бол хулхи эм шахаачид, авлигач түшмэлүүд ингэж хүүдэгнэхгүй, тэд малчдаас хулгайлж, дээрэмдэж, луйвардаж чадахгүй, харин сайд, дарга нарыг хахуульдах, дарамтлах замаар татвар төлөгчдөөс бол чадаж байна.

Хоёрдугаар сарын 14-нд, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн даргын өрөөнд шүлхийн тахлыг дарахад вакциныг хэрхэн хэрэглэх талаар өрнөсөн ярианд оролцлоо. Ямар вакциныг, хэрхэн хэрэглэх вэ гэж асууж байна, зөвлөхүүдийг сонсож байна, салхи эргэх нь, бодлого өөрчлөгдөх нь гэж хөөрөөд саналаа хэллээ, шүлхийн тахлыг дарахад вакцинжуулалт нэмэр багатай, халдваргүйтгэл бас нэмэр багатай, ямаан дээр тэмээний гарз болдог. Хөл хорио, устгал хоёр л тахлыг дарах шалгарсан арга, баян, ядуу аль ч улс эдгээр аргаар л тахлаас салж байна. Хэрэв вакцин хэрэглэвэл тахлын голомтонд бус, хязгаарлах  бүсэд бус, хамгаалах бүсэд хэрэглээрэй, үүндээ хөгжсөн орны бүртгэлтэй, үнэтэй вакциныг аваарай, 10 сая тунг бус, гурван зуун мянга хүртэл тунг авч, бага нутагт, цөөхөн малд хэрэглээрэй гэлээ. Ярианд оролцсон олонхи зөвлөх ийм санал хэллээ. Гэтэл энэхүү яриа хуурмаг дүр эсгэлт, өнгөлөн далдлалт байжээ, 1950-иад оны сэхээтний төөрөгдлийг илчлэх байцаалтын орчин үеийн дорой хэлбэр байж. Вакцин хэрэглэхгүй байх, бага хэрэглэх санал, зөвлөгөө шийдвэр төлөвлөгч, гаргагч нарыг сандаргажээ, тэд яриа дуусангуут олон тэрбум төгрөгөөр бүртгэлгүй, хямд вакциныг шалгалтгүй авч, олон аймаг, суманд түгээхээр гэрээ хийжээ. Вакцин шахаачид Мал эмнэлгийн агентлагийн гүйдэг нярав, түгээгч нарыг өрөөний нь үүдэнд хуяг зогсоож, ширээний нь буланд шахаж байгаад гэрээнд гарын үсэг зуруулжээ, дараа нь архиар мансууруулж тайвшруулжээ. Гэрээгээр бол Орос, Хятадын шүлхийн вакцин 2-р сарын 20-нд орж ирэх гэнэ, лав л 2-р сардаа багтаж ирэхгүй дээ.

Шүлхий дэгдэхэд вакцинчид, “ариутгалын бодисчид” зоолж байна, олон жил татвар төлөгчдийн олон тэрбум төгрөгийг тэд вакцинжуулалт, “ариутгалаар” халхавчлан луйвардаж байна. Тэд олон улсын стандартын шаардлага хангасан вакциныг шахаж чадахгүй, харин хямд, хулхи вакцин шахаж хэдэн төгрөг хулууна. Ямар вакцин хэрэглэхээ шалгаруулж, сонгох эрх, боломж хэрэглэгчдэд алга. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам хулхи вакцины, хулхи эмийн агуулах болжээ, сайд нь вакцины ахлах нярав болжээ, Мал эмнэлгийн агентлагийн даргын суудлыг барьцаалагч сайн дурын уран сайханч нөхөр гүйдэг нярав нь, мал эмнэлгийн албаны дарга түгээгч нь болжээ.

Энэ удаагийн тахлаар вакцины шахааг сөрөх гэж оролдсон Мал эмнэлгийн агентлагийн дэд даргыг хамтлагаас нь сугалан халж, хорсолтойгоор гудамжинд  гаргалаа. Үүнийг бичигч миний бие Улсын мал эмнэлгийн албаны дарга байгаад 2000 онд, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яаманд эм шахдаг луйварчдын үйлдлийг сөрөх гэж оролдоод гудамжинд гарсан, түүнээс хойш төрийн албаны үүдээр өнгөрөх ч боломжгүй явна, энэ жил харин ханьтай боллоо. Коммунист вакцинчин хулгайч нар “Засгийн эрх баригч Ардчилсан холбоо чинь Ардын Хувьсгалт намаас минь өөр байна уу” гэж ам асууж байна.

Хөгжсөн орны хариуцлагатай Засгийн газар нь, сайд нь мал сүрэгтээ эм, вакциныг оновчтой, зөв, аль болох бага хэрэглэх, болж өгвөл хэрэглэхгүй байх, үүгээрээ орчны болон хүнсний цэвэр байдлыг хангах бодлогыг хууль тогтоомж болгон хэрэгжүүлж байна, хэрэглэгчдийн өмнөөс Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага ч энэ зарчмыг санал нэгтэй зөвлөж байна. Монгол орны мал аж ахуйд эмийг оновчтой хэрэглэх, бага хэрэглэх, хэрэглэхгүй байх боломж их байгаа нь бидэнд байгаль эхээс оноосон давуу тал билээ. Гэтэл улс орон даяар, бүх мал сүрэгт, жил бүр бүх л эмийг хэрэглэх, мал сүргээ, байгаль орчноо, хүнсээ эмээр бузарлах, хордуулах коммунист бодлогыг коммунист арга барилаар хэрэгжүүлсээр л байна.

Дархлаажуулсан мал сүргийн эрүүл мэнд, нутаг ус, бүтээгдэхүүн, түүхий эдийн цэвэр байдлын зиндаа нэг шат доошлоно, үүнийг дагаад зах зээл нь хумигдаж, үнэ нь буурах шалтаг болно. Эрүүл, цэвэр бүтээгдэхүүнийг эрхэмлэдэг манай хэрэглэгчид олон удаа вакцинжуулсан, өөрөөр хэлбэл 7 – 10 удаа зориуд хөнгөн шүлхийрүүлсэн мал, түүний бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй.

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд амьтны эрүүл мэндийн болон хүнсний аюулгүй байдлын салбарыг удирдаж чадахгүй байна. Энэ салбарт эрс шинэчлэл хийхийг хэрэглэгчид, үйлдвэрлэгчид олон жил хүлээж байна. Амьтны эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын салбарыг хөдөө аж ахуй, үйлдвэрийн салбарын барьцаанаас гаргаад, Эрүүл мэндийн сайдад хариуцуулаад үзвэл яах бол.

Хөл хорио, устгалын хүнд, хэцүү арга хэмжээг өвлийн олон хоногийн турш нойр, хоолоо хасан хэрэгжүүлж буй олон хүний нөр их ажлын үр дүнд шүлхийн тахал намжих, унтрах төлөв харагдаж эхлэв, үүнтэй уралдан хойд, өмнөд хөршөөс шүлхийн бүртгэлгүй, шалгаагүй вакцинууд орж ирж байна, вакцин шахаачдад дөрлүүлж, чихдүүлсэн нярав, түгээгч, тариач нар ажилдаа “өөрөө дэгдээд л”.  

О. Уламбаяр

2014.2.28