ХОРЛОН СҮЙТГЭГЧ
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 2011 оны 9 – 12-р сард баруун 9 аймгийн 14.0 сая малыг бруцеллёзын, зүүн болон төвийн 7 аймгийн 10.6 сая малыг 2 удаа шүлхийн вакцинаар тарьжээ. Энэ хоёр вакциныг ийм уудам нутагт, ийм олон аймаг, сум, айлын, ийм олон малд тарих хэрэгцээ, шаардлага аль аль нь байгаагүй.
Амьтны эрүүл мэндийн хяналтын нэгж талбар нь хот айл юм. Манай улсын нийт хот айлын 90 гаруй хувь нь буюу 70 мянга гаруй хот айлын мал сүрэг бруцеллёзоос эрүүл байсан. Үүнийг вакцин хэрэглэхгүйгээр, энэ байдалд нь хадгалж хамгаалах хэрэгтэй байв. Сүрэг нь эрүүл, бас вакцин хэрэглээгүй нь энэ олон айлын бахархал байлаа.
Тус улсын нийт хот айлын арав хүрэхгүй хувь буюу найман мянга орчим хот айлын мал сүрэгт бруцеллёзын нянгийн мөр байсан, эдгээр хот айлын нийт малын 91 – 99 хувь нь эрүүл, ихдээд хонь, ямааны 2 – 3 хувь, үхрийн 7 – 8 хувь нь нянгийн мөртэй байв. Эдгээр цөөн малыг олж, тусгаарлан борлуулах замаар сүргийг цэвэршүүлэн эрүүлжүүлэх байлаа, вакцинжуулж нянгийн мөрийг баллах хэрэггүй байв.
Үндэсний хэмжээнд маш цөөхөн суманд ганц хоёр хот айлд малын бруцеллёзын эмнэлзүйн буюу ил өвчлөл илэрдэг. Түүнчилэн, хөдөөд хүний бруцеллёзын өвчлөл бас ховор, жилдээ цөөхөн суманд ганц нэг хот айлд илэрч байна. Бруцеллёзын нян малаас малд, малаас хүнд халдах эрсдэл дийлэнх олонхи хот айлд байхгүй, сумын хилийн дотор малын шилжих хөдөлгөөн, сүрэг нийлэх, холилдох явдал харьцангуй бага, сүргийн бүрдэл, байршил харьцангуй тогтвортой байна. Олонхи сумын малчид элдэв өвчинд тэсвэртэй уугуул монгол малтайгаа байна, шинэ үүлдрийн мал байхгүй шахам болж, эрлийз малын тоо цөөрч, чанар нь монгол малынхтай ойртжээ.
Манай орны хувьд сумын түвшинд бүх хот айлын сүрэгт магадлан оношлох шинжилгээ хийж, нянгийн мөр бүхий малыг илрүүлж ялгах зарчмаар бруцеллёзыг хянах боломжтой. Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллагаас (ДАЭМБ) малын аливаа вакциныг аль болох хэрэглэхгүй байхыг, аргагүй хэрэгцээ гарвал чанд хяналтын дор, бага нутагт цөөн айлын цөөн малд хэрэглэхийг, вакциндсан малыг онцлон тэмдэглэж, бүртгэж, тусад нь байлгаж, даруйхан хэрэглэж дуусгахыг зөвлөдөг. Хөгжсөн орнуудын иргэд бруцеллёзын вакцин хэрэглэсэн мал, түүний бүтээгдэхүүн, түүхий эдийг хэрэглэхгүй байна, Монголчууд ч бас ийм эрхтэй, илүү боломжтой.
Эрүүл мал сүрэг нь манай малчдын олон зуун жилийн хичээл зүтгэлээрээ бүтээсэн үнэт баялаг юм. Харин вакцинжуулах нь амьтныг сүргээр нь зориуд өвчлүүлэх үйлдэл бөгөөд ил, далд өвчлөл нь биологийн бохирдол! Бруцеллёзыг үүсгэгч нянгийн сулруулсан омгийг лабораторид үржүүлээд, нэг эрүүл малд 250 саяас хоёр тэрбум хүртэл нянг халдааж дархлаажуулдаг.
Манай Засгийн газар дадсанаараа бруцеллёзын вакциныг бас л буруу хэрэглэчихлээ, сум, хот айлын түвшинд мал сүргийн бруцеллёзын халдварын байдлыг, эмнэлзүйн илрэлийг, хүний өвчлөлийг бүрэн, зөв тогтоож харгалзсангүй, эрсдэлийн задлан шинжилгээ, үнэлгээ хийсэнгүй. Энэ вакциныг хүн өвчилсөн, мал өвчилсөн, нянгийн мөр ихтэй, малын хөдөлгөөн ихтэй, гаднаас авч ирж нутагшуулж байгаа шинэ үүлдрийн болон түүний эрлийз малтай аж ахуйд хэрэглэж болно. Үүний тулд сүргийн шинжилгээ хийж, өвчилсөн болон нянгийн мөр бүхий малыг илрүүлж ялгаад, үлдэх эрүүл сүргийг дархлаажуулдаг.
Өнгөрсөн өвөл, хавар Ховд, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Архангай зэрэг аймагт бруцеллёзын вакцин тарьсан 120 мянга гаруй үхэр, сарлаг, ямаа, хонь хээл хаясан сурагтай, эрх баригчид үүнийг ихэд нууцалж байна. Малчдын яриаг сонсвол, манай мал эмнэлгийн албад бруцеллёзын амьд вакциныг хэрэглэх зааврыг, тухайлбал, үхрийн вакциныг жишиг тунгаар 4 – 8 сартай, багасгасан тунгаар 4 – 12 сартай охин тугал, бяруунд л хэрэглэнэ (1), хонь, ямааны вакцинаар зөвхөн охин хурга, ишгийг 4 – 6 сартайд нь (2), нийлүүлгээс 2 сарын өмнө вакцинжуулна (3), эдгээр вакциныг хээлтэй малд (4), саалийн малд (5), хүнсэнд нядлах малд хэрэглэхгүй (6), хонь, ямааг дархлаажуулдаг “Рев – 1” вакцин нь үхэрт халдвар үүсгэж болзошгүй тул вакцинжуулсан хонь, ямаанаас үхэр, сарлагийг тусад нь маллана (7), амьд вакцин хүнийг өвчлүүлж болзошгүй тул дархлаажуулах ажлыг итгэмжлэгдсэн малын эмч хийнэ (8) гэсэн бүх заалтыг зөрчжээ.
Дараах хэдэн нөхцлийг харгалзсан бол Засгийн газар шүлхийн вакциныг хавтгайруулж хэрэглэх шийдвэр гаргахгүй байсан, тухайлбал, улсын хилийн хамгаалалтыг чангатгах боломж байна, манайх хоёрхон хөрштэй, тэд хилээ сайн хянадаг, хамгаалдаг хүчирхэг гүрнүүд (1), хил зөрчигч шүлхийн вирусыг анхны өртөгч сүрэгт л эрт илрүүлээд (2), нутаг уудам, айлууд хоорондоо хол нутагладаг, малын хөдөлгөөн бага зэрэг давуу талуудаа ашиглан нутгийн гүн рүү алдалгүй, бага нутагт, цөөн хот айлд, цөөн хоногт чанд хорио тогтоон тухайн тахлыг түргэн унтраах боломжтой (3), Монгол орон шүлхийн вирусын уугуул (эндемик) нутаг нь биш, хааяа цагаач вирус орж ирдэг, Дэлхийн халуун орны “шүлхийн вирусын тэнгисийн хөвөөнөөс” хол оршдог нутаг (4), шүлхийн тахлын үүсэх, тархахад цагаан зээр зэрэг зэрлэг амьтдын оролцоо, нөлөө бага (5), худалдааны түнш орнууд шүлхийн вакцин хэрэглэсэн мал, түүний бүтээгдэхүүн, түүхий эдийг авдаггүй (6), бид өөрсдөө шүлхийн вакцин хэрэглэсэн мал, түүний бүтээгдэхүүн, түүхий эдийг хэрэглэхгүй байх эрхтэй, бас боломжтой (7), мал сүргийг дархлаажуулах нь уг өвчний үүсгэгчийг тухайн нутагт хадгалах арга болдогоос шүлхийн вакцин хэрэглэсэн бүх мал дуусч, сүүлийн малыг нядласнаас хойш 3 сарын дараа шүлхийгээс чөлөөт орон эсэхийг магадлуулах өргөдөл өгдөг (8).
Манай орон шүлхийн вакциныг хэрэглэхгүй байх, аргагүйдвэл багийн, сумын хэмжээний бага нутагт, цөөхөн айлын цөөхөн малд цөөн удаа хэрэглэх хэтийн бодлоготой ажиллах өргөн боломжтой. Ийм орнуудын дотоод, гадаад худалдаа илүү чөлөөтэй, бүтээгдэхүүн нь нэр хүндтэй, үнэтэй байна. Хөгжсөн орнуудын чадварлаг мал эмнэлгийн албад мал сүргийнхээ эрүүл мэндийг шүлхий зэрэг олонхи өвчний хувьд дархлаажуулалгүй хянаж чадаж байна, тэд туршлагаа бидэнд сэтгэл харамгүй өгдөг. Гэтэл манайх, мал сүргийнхээ эрүүл мэндийн байдлыг хянах чадваргүй, мэргэжлийн сул албадтай орны хэрэглэдэг мал сүргээ хавтгайруулж, хэдэн жилээр вакцинжуулах аргыг сонгожээ. Шүлхийн вакциныг хавтгайруулж хэрэглэх нь мал аж ахуйн бүтээгдэхүүний худалдааг дотоод, гадаад зах зээлд хязгаарлах, хориглох, үнэ хямдруулах гол шалтаг билээ. Түүнчилэн, мал сүргээ дархлаажуулна гэдэг зориуд шүлхийрүүлж буй хэрэг, шүлхийн вакциныг хэрэглэх бүрийд олон айлын олон мал турсан, хээл хаясан, үхсэн, үүнийг эрх баригчид бүртгэдэггүй, байдаг л нэг хүндрэл мэтээр тайлбарлаж байна.
Шүлхийн вакциныг хэрэглэх зайлшгүй шаардлага гарвал олон улсын итгэмжлэгдсэн дөрвөн үйлдвэрийн вакцины аль нэгийг хэрэглэхийг ДАЭМБ зөвлөдөг. Эдгээр вакцин нь манайд сүүлийн 10 гаруй жил хэрэглэж буй вакцинаас 6 – 7 дахин илүү үнэтэй. ОХУ-ын вакцин бидэнд олон удаа хэрэг болсон, бид талархдаг, гэхдээ олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн вакцины тоонд ороогүй л байна. ОХУ-ын Засгийн газар мал аж ахуйн бүтээгдэхүүний худалдаанд баримтлах мал эмнэлэг – ариун цэврийн шаардлагадаа, олон улсын жишгийн дагуу “шүлхийн болон бруцеллёзын вакцин хэрэглээгүй” мал авна гэж оруулдаг, өөрсдөө малдаа эдгээр вакциныг маш бага хэрэглэж байна. Гэвч Монгол нутгийн зүүн хагасын мал сүргийг хэдэн арван саяар нь, жилдээ дөрвөн удаа, хэдэн жилээр, аймаг аймгаар нь вакцинд живүүлэхийг дэмжиж, буцалтгүй тусламж үзүүлж байна. Энэ тусламж нэг л биш ээ, манай Засгийн газар Оросын вакцинчдын борлуулалтын алба болчихсон юм биш үү?
Мал сүргийн эрүүл мэндийн хяналтыг сумын Засаг дарга хэрэгжүүлэх үүрэгтэй. Сумынхаа дэвсгэр нутаг дээрх 200 орчим, багийн дэвсгэр нутаг дээрх 40 орчим хот айлын мал сүрэг, хот, бэлчээр, усыг өдрөөр, сараар, улирлаар, жилээр харж ажилладаг, нутгаа, айлаа, малаа мэддэг, чадварлаг мэргэжлийн албатай сум нэг ч алга.
Хэрэгцээ үүсвэл, шаардлага гарвал мал сүргээ дархлаажуулах нь тухайн сумын Засаг дарга, малчдын хамтарч хийх ажил. Мал сүргээ дархлаажуулах эсэхээ тэд шийднэ, ингэхдээ юуны өмнө мал, бүтээгдэхүүнийхээ нэр хүндийг буюу хэрэглэгчээ бодно, хийх ажлаа төлөвлөнө, хэрэглэгч нартаа болон Засгийн газарт танилцуулж зөвшөөрөл авна, шийдвэрээ гаргана, хэрэглэх вакцинаа, үйлчлүүлэх мал эмнэлгээ шалгаруулж сонгоно, вакцины үнэ, үйлчилгээний хөлсийг төлнө, дархлаажуулалтын үр дүнгийн үнэлгээ, үр ашгийн тооцоо хийнэ, шаардлага гарвал хариуцлага тооцно. Амьтны аливаа дархлаажуулах ажлыг мэдлэг, ур чадвар, дадлага, туршлага, хариуцах чадвар, үйлчилгээний хүчин чадлаараа итгэмжлэгдсэн мал эмнэлэг хийдэг. Ийм зарчмаар ажиллаж буй сум нэг ч алга.
Засгийн газар нь аймаг, сумын удирдлагын болон малчдын өмнүүр орж, ажил хэрэгт нь эрээ цээргүй оролцон, тэдэнд бодох, ажиллах боломж олгохгүй байна, тэд вакцинчины зарц төдий болжээ. Сум, аймгийн удирдлагад, малчдад эрх мэдлээ эдлэх, үүргээ биелүүлэх, хариуцлагаа ухамсарлах, хэрэглэгчдийн болзол, шаардлагыг хангах боломж олговол тэд мал сүргийнхээ эрүүл мэндийг хамгаалах, сайжруулах ажлыг хийсэн шиг хийж чадна.
Сум, аймгийн захиргаа, малын эзэд, төрийн болон үйлчилгээний мал эмнэлгийн албад мал сүргээ дархлаажуулах ажлыг хэрэгжүүлж чадаж байгаа эсэхийг хянан шинжлэх нь Засгийн газрын үндсэн үүрэг билээ. Сумын Засаг дарга, малчид хамтран вакцинжуулалтыг төлөвлөж, зохион байгуулж, хэрэгжүүлж чадаж байна уу, дархлаажуулах малаа онилж чадсан уу, вакцинжуулсан малын хэд нь дархлаатай болж байна, тухайн өвчнөөс хэдэн сар хамгаалж байна, үйлчилгээний мал эмнэлгийн хүчин чадал хүрч байна уу, вакцинжуулалтын дүрэм, зааврыг хэрхэн мөрдөж байна, дархлаажуулсан малаа бүртгэж, тэмдэглэсэн үү, үр дүн нь ямар байна, мал, малчид, хэрэглэгч нарт яаж тусч байна гэдгийг эхнээс нь дуустал хянан шинжлэх ёстой. Тус улсын төрийн хяналтын албад мал сүргийн вакцинжуулалтын хяналт шинжилгээ, үнэлгээг зориуд хийхгүй байна, нэг малыг нэг секунд хүрэхгүй хугацаанд тарьсан тооцооноос тэд айж байна.
Эдүгээ тус улсын амьтны эрүүл мэндийн салбарт зөвхөн вакцинчины бузар шунал ноёрхож байна, вакцины хэрэглээг тэд санаачилна, түшмэдтэй хуйвалдана, эрх баригчдыг хуурч, хахуульдан шийдвэр гаргуулна, чанаргүй вакцинаа үйлчилгээний мал эмнэлгүүдэд тараана, тэднээс вакциныг хэрэглэсэн гэх баримт цуглуулж мөрөө баллана, бас тэднээс вакцин тарина гэх малын тоог цуглуулж ээлжит дээрмээ төлөвлөнө. Вакцинчинд дөрлүүлсэн сайд, дарга нар шийдвэр гаргахдаа малчдаас, орон нутгийн удирдлагаас, хэрэглэгчдээс асуухгүй, хэрэгжилтэнд нь хяналт шинжилгээ, үнэлгээ хийлгэхгүй, үр дагаврыг нь нууцална. Эцэстээ вакцинжуулалт нь малчдын нэрийг барьсан, малын эрүүл мэндийг барьцаалсан, хувийн мал эмнэлгүүдийг ашигласан, ухаангүй ноёд татвар төлөгчдөөс хулгайлж голоо зогоох, урагшгүй албат нар нь шавхрууг нь долоох халамжийн арга хэмжээ боллоо. Малын эздээс, хэрэглэгчдээс, нутгийн өөрөө удирдах байгууллагаас, олон нийтийн хяналтаас зугатаадаг, нуугддаг, вакцинчины багтай хулгайч нар төрийн мал эмнэлгийн албаны “босоо тогтолцоотой” байгаарай, эрх мэдлийг “агентлагт” төвлөрүүлээрэй гэж эрх баригчдыг долоож байна. Малчид, баг, сум, аймгийн Засаг дарга нар мал сүрэгт нь ямар учраас, яах гэж, ямар вакцин тарьсаныг, тарих гэж байгааг мэдэхгүй, малын эмч нарт “вакцин тарьсаны хөлс” төлөх шахаанд орж бүлтэлзэн, “нүдэнд дусаадаг эм”, “хээл хаяулдаг тариа” гэж үглэхээс цаашгүй байна.
Малын эрүүл мэндийн асуудлыг шийдэхэд “мөнгө дутах” ганц бэрхшээл байна гэж манай мэргэжлийн албад байнга улигладаг. Үнэндээ мал эмнэлгийн салбарт мөнгө хэзээ ч дутаагүй, Засгийн газар ядуу үедээ ч, баян үедээ ч амьтны эрүүл мэндийн салбарт их мөнгө зарсан, дотоод, гадаадын олон төслөөр дэмжсэн. Бас эм тариа, багаж хэрэгсэл, унаа дутлаа гэдэг, дутаагүй, сайн хангасан, хүн хүч дутлаа гэдэг, үгүй ээ, олон хүнд цалин өгч байна. Харин шийдвэр гаргагч нарт зөв бодлого буюу эрүүл ухаан дутаж байсан, одоо бүр ихээр дутаж байна, вакцинчдын барьцаанд орчихсон тэдэнд олон түмнээ гэх сэтгэл байдаггүй юм. Мал сүргийг хавтгайруулан зогсоо зайгүй вакцинжуулах илэрхий алдаатай шийдвэрээр татвар төлөгчдийн маш их мөнгө, хөрөнгө, малчид, мэргэжилтэн нарын нөр их хөдөлмөр нь мал сүргийн эрүүл мэндийн байдлыг хамгаалах, сайжруулах бус, бүр хорлон сүйтгэх үйлдэл болж, 40 гаруй жил үргэлжилж байна.
Энд дурьдаж буй хоёроос бусад вакцины хэрэглээ бүр ч долоон дор байна. Мал сүргийг боом, дотрын халдварт хордлого, брадзот, эшерихиоз, дуут хавдар, цусан халдвар, иж балнад, сохор догол, шөвөг яр, томуу зэрэг жалга довны өвчнүүдээс “урьдчилан сэргийлэх” вакцинжуулалтанд жилдээ 30 гаруй сая малыг “бүрэн хамруулж байна”. Эдгээр үеэ өнгөрөөсөн болхи арга хэмжээгээр халхавчлан, вакцины үнэ, вакцинжуулалтын хөлс нэрээр жил бүр татвар төлөгчдийн олон тэрбум төгрөгийг вакцинчид завшиж байна. Вакцины үнэ, вакцинжуулалтын зардал нэрээр татвар төлөгчдөөс хулгайлдаг үйлдлийг таслан зогсоох цаг аль хэдийн өнгөрсөн, үүнийг торгоож байгаа, вакцинчдад зориулсан “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах хууль”-ийг нэн даруй хүчингүй болгох хэрэгтэй байна! Тэгвэл эдгээр бартаг, хяналтгүй, хулгайн халхавч болсон “вакцинжуулалт” нэртэй хорлон сүйтгэл зогсоно, үүнээс нийгмийн эрүүл мэнд, мал аж ахуйд ямар нэг хохирол үүсэхгүй, харин ч арваад жилийн дараа Монгол Улсын мал сүрэг, байгаль орчин, хүнсний нэр хүнд, эрүүл мэнд, эрүүл ахуй, ариун цэврийн сайн үзүүлэлтүүд сэргэж, 1960 оны өмнөх, ядаж 1974 оны өмнөх байдалдаа орно. Эдгээр өвчнөөс шалтгаалах мал сүргийн өвчлөл, үхэл, нийгмийн эрүүл мэнд, эдийн засагт учрах хохирол нь нэн өчүүхэн, вакцинжуулалтын зардлаас хэдэн зуу, мянга дахин бага, хэрэглэж буй вакцины стандарт хуучирсан, чанар муу, сүргийг дархлаажуулах хувь нь доогуур (дээд тал нь 85 хувь), хамгаалах хугацаа богино (6 сараас хэтрэхгүй), вакциныг хадгалах, тээвэрлэх нөхцөл муу, ихэнх нь малд хүрэлгүй хаягддаг, вакцины хэрэглээний тухай малчин, малын эмч хоёрын ам хол зөрдөг. Хэрэв, сайн тахал зүйчид тооцвол эдгээр вакциныг жилдээ, үндэсний хэмжээнд, нийтдээ хоёр сая орчим малд л хэрэглэх хэрэгцээтэй. Өндөр үнэтэй хэт дархалсан ийлдсийг хэрэглэсэн нэртэй хаясаар л байна, адууны сахуугийн антивирус хэмээх, нян үржүүлээд шүүчихсэн шөлийг мөн л хэрэглэсэн нэртэй хаясаар л байна, зөвхөн, аль хэдийн музейд тавьчихсан энэ хоёр төрлийн бэлдмэлээр халхавчлан сүүлийн арав гаруй жил татвар төлөгчдийн олон тэрбум төгрөгийг хулгайллаа. Вакцины шингэлэгч хэмээх ариутгасан давстай ус АПУ-гийн дээд зэргийн архинаас илүү үнэтэй байсан, одоо бүр тэнгэрт гараа биз. Вакцинчид татвар төлөгчдийн их мөнгийг 40 гаруй жил завшиж байна, малчдын эрүүл сүргийг, хэрэглэгчдийн эрүүл хүнсийг олон жил вакцинтай хутгалаа, малын хот, бэлчээр, усыг бохирлон сүйтгэлээ, болоо юм биш үү? Ийм шийдвэр гаргагч нартай хариуцлага тооцох болоогүй юу? Засгийн газарт ивомек, вакцин шахаж амь зуугсад, тэдний тоо бүртгэгчдийг “малын гавьяат эмч” хэмээн өхөөрдөж байна, үүнийгээ “малын гайтай эмчин” гэж залруулах цаг айсуйг мэдэрч байна уу?
Монгол орны хувьд, Засгийн газраас амьтны галзуугийн вирусээс хамгаалах вакцинжуулалтанд л оролцох зайлшгүй хэрэгцээ байна. Галзуу амьтанд ноцуулж амь үрэгдсэн, эрүүл мэндээрээ хохирсон иргэн цөөнгүй, жил бүр хэдэн тохиолдол илэрнэ, харин хэн ч хариуцлага хүлээдэггүй. Хөгжсөн оронд бол нэг иргэн нь галзуу амьтны шүдэнд өртөж амь насаа алдахад, эрүүл мэндээрээ хохироход тухайн сумын Засаг даргаас эхлээд нийгмийн болон амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан сайд нар нь огцорч байна, манайд бол телевиз, сонинууд нь баяртайгаар мэдээлээд л өнгөрч байна. Хэрэв энэ асуудлаар сум, аймгийн Засаг даргатай, Засгийн газрын гишүүнтэй хариуцлага тооцвол, тэд юу хийхээ бодно, иргэдээсээ асууна, тэдэнтэй зөвлөнө, вакцинчдын барьцаанаас сална, зөв шийдвэр гаргана, нохой, чоно, үнэг, хярс зэрэг амьтдыг дархлаажуулахад мөнгө зарна, гэмгүй сая сая малыг вакцинжуулахаа зогсооно.
Хэрэглэгчид ээ, Малчид аа, сум, багийн Иргэдийн Хурлын төлөөлөгчид, Засаг дарга нараа!
Тус улсын Засгийн газар дотоод, гадаадын вакцинчдын борлуулалтын төлөвлөгөөг буюу төсвийн хулгайч нарын мөрөө баллах үйлдлийг татвар төлөгчдийн мөнгөөр хэрэгжүүлж байна. Вакцинчид малыг, малын эрүүл мэндийн асуудлыг барьцаанд авчээ. Барьцаалагчид хэрэглэгчдээс, малын эздээс, орон нутгийн захиргаанаас асуулгүй, зөвшөөрөл авалгүй вакцинтай тариур тулган мал сүрэгт тань халдаж байна. Халдагсад дархлаажуулахаар халхавчлан малын эрүүл мэндийг хамгаалахад зориулсан татвар төлөгчдийн мөнгийг хулгайлж, завшиж байна, мөрөө баллахын тулд өвчинд эс өртөх эрүүл мал сүргийг зориуд өвчлүүлж, малчдын олон жилийн бүтээл – эрүүл мал сүрэг, цэвэр хот, бэлчээр, ус, та бидний хүнсийг бохирлон хорлон сүйтгэж байна. Малчид үйлдвэрлэсэн малаа, махаа, сүүгээ, арьс ширээ, ноос ноолуураа зах зээлд борлуулахдаа барьцаалагч нарт мөнгө төлж, дээрэмдүүлж байна. Барьцаалагчид эдгээр хорлон сүйтгэх үйлдлээ “Таван эрдэнэ аян” хэмээн нэрлэж, Засгийн газрын Ерөнхий сайдын зураг, нэр, гарын үсгээр халхавчлан олон нийтийг хуурч байна. Мал сүргийг хавтгайруулж, зогсоо зайгүй вакцинжуулах нь туг намируулж, уриа хашгирч, малилзаж хийдэг, эрүүл ухаантай хүн дурлаад байх зугаа цэнгэлийн ажил биш, итгэмжлэгдсэн малын эмч болгоомжилж, аргагүйдсэн эзний нь хүсэлт, зөвшөөрлөөр, мэдлэг, чадвар, туршлагаа дайчилж, духаа үрчийлгэж, хөлсөө арчиж хийдэг эрсдэлтэй операци билээ. Вакцинчдын энэхүү барьцаалах, халдан түрэмгийлэх, хулгайлах, дээрэмдэх, хуурах, хорлон сүйтгэх үйлдэлд өртөхгүй байя, тэдэнтэй хариуцлага тооцоё, мөнгөө буцааж авъя.
Эм хэрэглээгүй эрүүл мал сүрэг, цэвэр хот, бэлчээр, ус монгол малчдын нэг бахархал байлаа. Малчдын олон зууны үе дамжсан бүтээл – эм хэрэглээгүй эрүүл мал хот айл бүрийн сүргийн 90 гаруй хувийг бүрдүүлж байлаа. Монгол малын бүтээгдэхүүнийг хэрэглэх сонирхол сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж, малчдын зах зээл гадагшаа өргөжих чимээ тун ойртож байлаа. Харин манай Засгийн газар үүнээс өрсөөд малыг нь бохирлочихлоо.
О. Уламбаяр
2012.04.29