Ерөнхий сайд Улсын Их Хурлын гишүүдийг хуурчээ
Монгол Улсын Засгийн газар 2011 оны 6-р сард 192-р тогтоол гаргаж, тус улсын адуунаас бусад бүх малд шимэгчгүйтгэх эмчилгээ хийх, үүнд хэрэглэх эмийн үнэд улсын төсвөөс олон тэрбум төгрөг төлөхөөр шийджээ. Энэ нь “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хуулийн олон заалтыг (15.1.3, 15.1.4) зөрчсөн хууль бус үйлдэл болохыг иргэд УИХ-ын гишүүдэд мэдээлж, эрхэм гишүүн Э. Бат-үүл, Ц. Сэдваанчиг нар Засгийн газрын Ерөнхий сайд С. Батболдоос учрыг асуужээ.
2001 оны 6-р сард “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хуулийг шинэчлэн найруулж баталсан. Энэ хуулинд малын өвчнөөс сэргийлэх арга хэмжээг эрүүл малын биед шимэгчийн халдвар үүсэхээс өмнө дархлаажуулж хамгаалах арга гэж тодорхойлсон (3.1.6). Манай Засгийн газрын худалдан авсан, авах гэж байгаа ивомек гэдэг бэлдмэл нь амьтны дотрын болон арьсны олон шимэгчийг үхүүлэх үйлчлэлтэй, харин шимэгчгүй малд дархлаа үүсгэдэггүй учраас эрүүл малыг шимэгчийн халдвараас хамгаалахгүй. Малд ивомек тарих нь шимэгчийн халдвараас сэргийлэх арга хэмжээ биш, нэгэнт үүссэн халдварыг арилгах эмчилгээ гэдгийг захын малчин мэднэ. Түүнчилэн, мал эмнэлгийн угаалга, туулгалт, боловсруулалтыг өвчинтэй тэмцэх арга хэмжээ гэж (сэргийлэх арга хэмжээ биш!) энэ хуулинд тодорхойлсон (3.1.5).
Засгийн газар малыг шимэгчгүйтгэх эм худалдан авч, мал эмнэлгүүдэд тараах нь хууль бус үйлдэл юм. Энэхүү бүлэглэсэн хулгай нь 2002 оноос эхэлсэн, Д. Насанжаргал сайд 2002 онд нэг тэрбум 305 сая, 2003 онд 780,1 сая, 2004 онд 648.8 сая төгрөгийг, Д. Тэрбишдагва сайд 2005 онд 462.0 сая, 2006 онд 185.0 сая, 2007 онд 249.7 сая төгрөгийг, Ц. Ганхуяг сайд 2008 онд 496.6 сая төгрөгийг малын шимэгчгүйтгэх эмчилгээгээр халхавчлан хулгайч нарт өгчээ.
“Өдрийн сонин” 2003 онд Насанжаргал сайдын хууль бус үйлдлийг анх сануулсан. Миний бие 2004 онд Сэлэнгэ, Ховд аймагт болсон Төвийн болон Баруун бүсийн мал эмнэлгийн онол – үйлдвэрлэлийн бага хуралд тавьсан илтгэлдээ энэхүү бүлэглэсэн хулгайч нарын үйлдлийг тодорхой мэдээлсэн, 2007 онд “Монголын мал эмнэлэг” сэтгүүлд энэ талаар хоёр өгүүлэл, “Өнөөдөр” сонинд нэг өгүүлэл нийтлүүлсэн, мөн онд Өвөрхангай аймагт болсон Говийн бүсийн, 2008 онд Дорнод аймагт болсон Зүүн бүсийн мал эмнэлгийн онол – үйлдвэрлэлийн бага хуралд эдгээр өгүүллээ тайлбарласан, 2011 оны 9-р сард болсон Малын эмч нарын зөвлөгөөний үеэр энэ сэдвээр бичсэн өгүүллүүдээ товхимол болгон хэвлүүлж, 1200 малын эмчид толилуулсан. Миний бичсэн, хэлсэнийг холбогдох нөхөд огт тоохгүй байгаа дүр эсгэдэг ч бага багаар анхаарсан, 2002 – 2006 онд малын шимэгчгүйтгэх эмчилгээнд хэрэглэх эмээр халхлан хулгайлсан мөнгөний тоо жил дараалан буурсаныг дээрх жагсаалт харуулна, 2009 – 2010 онд энэ хулгайг зогсоосон, харин 2011 онд Т. Бадамжунай сайд дахиад сэргээлээ, “тэснэ тэснэ гэхэд хэцүү” байсан байх, хулгайлах мөнгөний хэмжээг хэд дахин нэмж 2,6 тэрбумд хүргэжээ, гол хулгайчийг ч шууд томилжээ. Хулгайн бүлэгт Ерөнхий сайдыг элсүүлж, хулгайн мөрөө баллах малын “тарилга, туулгалт, угаалга, боловсруулалт” гэдэг үеэ өнгөрөөсөн, мал сүргийн эрүүл мэнд, байгаль орчин, хүнсний аюулгүй байдалд сөрөг нөлөөлдөг, мал аж ахуйн бүтээгдэхүүний борлуулалтыг дотоод, гадаад зах зээлд хязгаарлах, хориглох шалтаг болсон бартаг арга хэмжээний танилцуулга, сурталчилгаанд түүний нэр, зургийг ашиглаж байна.
Манай орны амьтны эрүүл мэндийн практикт шимэгчгүйтгэх эмийг төсвийн мөнгөөр нийлүүлэх ямар ч шаардлага байхгүй, нэг ч малчин үүнийг хүсээгүй. Манай мал сүргийн олон шимэгчийн халдвар ердийн байдаг хэмжээндээ л байна. Нийгмийн эрүүл мэнд, үндэсний эдийн засаг, дотоод, гадаад худалдаанд малын шимэгчидийн халдварын нөлөө нь Засгийн газар оролцох хүртэл ноцтой хэмжээнд хүрч байгаагүй, хүрэх ч үгүй. 2000 оноос хойшхи гантай, гандуу жилүүдэд шимэгчийн халдварын хэмжээ олон жилийн дунджаасаа харин ч багассан. Жилдээ манай бүх малын, хэтрээд таван хувьд л шимэгчгүйтгэх эмчилгээ хийх бодит хэрэгцээтэй, үлдэх 95 хувь нь эмтэй хутгалдалгүй цэвэр үлдэх боломжтой. Аль ч оронд малын шимэгчтэх өвчний асуудлыг малын эзэд нь хариуцдаг, Засгийн газар оролцдоггүй. Манай цамаан Засгийн газар бүх малыг хэд хэдэн удаа ивомекээр тарихаар “тогтоол” буулгасан нь “жоомоо устгах гэж байшингаа шатаасан” алдарт жишээг давтаж байна. Энэ мэтээр “эмийн дамчин - эрдэмтэд” мал сүргийн шимэгчийн халдварын байдлыг зориуд дэвэргэж, эрх баригчдыг, малчдыг, хэрэглэгчдийг хуурч байна. Монголын мал сүрэг толгой дараалан дотроосоо, гаднаасаа баахан шимэгчид баригдаад, навсайгаад хэвтэж байна, бид л аварч байна гэж олон жилийн турш татвар төлөгчдийн мөнгийг хулгайлж байна. Тэд энэ байтугайг хийнэ, хуурамчийн дууриамал эм, бусдын бүтээлийг хуулж, хулгайлж, дээрэмдэж эмхэтгэсэн сурах бичгэрхүү юмандаа Ерөнхийлөгчөөс төрийн шагнал гуйж байгаа гэнэ.
Засгийн газар хулгайч нараас өндөр үнээр худалдаж авсан эмээ үйлчилгээний мал эмнэлгүүдэд тараана, тэд малчдад зарна. Малчид худалдаж авсан “дэмжлэгийн эмийг” өөрсдөө малдаа хэрэглэж, энэхүү доромжлолыг гомдол, зарга үүсгэлгүй тэвчсээр л байна. Энэ байдал нь хулгайч нарт тэдний нэрийг барих, хулгайгаа халхлах аятайхан далим болдог. Гэвч цаг цагаараа байдаггүй, малчдын тэвчээр хязгаартай. 2009 онд ХХААХҮЯ-ны захиалгаар хийсэн, төрийн мал эмнэлгийн үйлчилгээний үр дүнгийн судалгааны тайланд энэ тухай баримт хангалттай бий. Нэг барааг хоёр этгээд хоёр дахин худалдаж авдаг энэ гаж үзэгдэл нь зах зээл судлаачийн хувьд нээлт байх шүү.
Ивомек гэдэг эмийг манай олонхи малчин айл барааны зах дээрээс худалдаж аваад бүх малдаа жилдээ хэд хэдэн удаа тарьж байна. Захаас авч хэрэглэж буй энэ эм нь олон улсын жишиг бэлдмэлээс 10 – 20 дахин хямд үнэтэй, шошгон дээрээ “3 – 5 хоногийн хүлээх хугацаатай” гэж бичсэн, хэдхэн хоногт хэдэн арван тонноор нь “үйлдвэрлэдэг”, мөн хэдхэн хоногт хэдэн арван сая малд “тарьдаг”, хуурамч, дууриамал эмүүд. Монголын хэдэн мал, бэлчээр, ус тэр аяараа энэхүү “төрийн шагнал гуйгч эмэнд” хутгалдсан, малчид өөрсдөө, хэрэглэгчид түүний шавхрууг махтай идэж, сүүтэй ууж байна, юун цэвэр бүтээгдэхүүн. Засгийн газрын үүрэг нь малын эмийн энэ мэт хавтгайрсан, мэргэжлийн бус хэрэглээг тэтгэн дэвэргэх биш, харин хязгаарлах, хориглох, зогсоох, хүн амын хүнс, амьдрах орчинг эмнээс хамгаалах явдал билээ. Хөгжсөн орнуудад ивомекийн төрлийн бэлдмэлийг саалийн малд, маханд нядлах төл малд, хээлтэй малд төллөхийн өмнөх хоёр сард хэрэглэхийг зогсоолоо, махны малыг ивомек хэрэглэснээс хойш 35 – 49 хоногийн дараа нядалж байна.
Засгийн газрын Малын эрүүл мэндийн алба нь бүлэг хулгайчийн хэрэгжүүлэгч агентлаг, цагаандаа гарсан залилаачийн борлуулалтын алба болжээ. Түүний хулгайн тоо бүртгэгч, зохицуулагч нар нь төрийн түшээдийн асуултын хариуг бэлтгэж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг хуурав, салбарын сайд нь Ерөнхий сайдаа хуурав, Ерөнхий сайд УИХ-ын гишүүдийг хуурав.
УИХ-ын гишүүдийн асуултыг Мал эмнэлгийн хүрээлэн, Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал эмнэлгийн сургуулийн эрдмийн зөвлөл хэлэлцэж, “юун гуя вэ” хэмээн бөөлцгөөв. Энэхүү зөвлөл хууль тайлбарлаж, төрийн түшээдийг загнаж дөвчигнөв, хулгайчийг долоож уйлагнав, цагаандаа гарсан залилаачийн салбадай болсоноо зарлав. Хэсэг мэргэч Дэлхийн хэлбэрийн талаар хэлэлцээд олонхийн саналаар хавтгай гэж шийдсэн тухай шог яриа байдаг. Тус “хулгайчийг зусардах зөвлөл” зуун хувийн саналаар малд ивомек тарих нь шимэгчийн халдвараас сэргийлэх арга мөн бөгөөд манай захирал хулгай хийх нь түмэн зөв гэж гонгинон, дээрх шог ярианы дажгүй хувилбарыг бүтээлээ. Энэ тухай тэднээс хэн асуусан юм бол оо? Зусарчид өөрсдөө дангаараа худал хэлэхээсээ айсан бололтой, сайд нараа хуурч, төрийн түшээдийг загнахдаа, аль хэдийн тэтгэвэртээ суусан, 80, 90 гаран настай хэдэн өвгөний нэр, гарын үсгийг нь барьцаалжээ. Мал эмнэлгийн сургууль, шинжлэх ухааны байгууллага ийнхүү эмийн дамчин хулгайч нарын барлаг зарц болж, олон жил худал хэлж, хулгайн халхавч болж байна. Тэд манай орны говь нутгаар олон жил дараалан ган болсонтой холбоотой илэрч буй, адууны бодисын солилцооны доголох шинж бүхий яс сийрэгжих эмгэгт “цусны шимэгчээр үүссэн” гэдэг хилс онош тулгаж, “цусны шимэгчээс сэргийлэх эмийн үнийг төсвөөс төлнө” гэж хуулинд шургуулсан заалтаа барьцаалан хулгай хийхээр бэлтгэж байгаа дуулдана.
Малын шимэгчгүйтгэх эмчилгээгээр халхалсан энэ хулгайн бүлэг 2010 – 2011 онд Биокомбинатын удирдлага руу уулгалан дайрч, сайд, дарга нарын дэмжлэгээр булаан авлаа, Монголын мал сүрэг вакцинд живлээ. Шунал ихэдвэл шулам болно гэдэг энэ болой.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Үндэсний аудитын газар, тэдгээрийн орон нутгийн салбарууд төрийн мал эмнэлгийн үйлчилгээг хянан шалгах үүрэгт ажлаа хийхгүй байна, малын эрүүл мэндийн салбарт хавтгайрсан энэ мэт хулгайг мэдсэн ч мэдээгүй, харсан ч хараагүй, сонссон ч сонсоогүй дүр эсгэж байна, тэд хулгайн бүлэгт элссэн байх аа.
О. Уламбаяр
2012 – 1 – 31