“Толгой”-гүй мал эмнэлгийн салбарт сэргэх найдлага байна уу
Хэдэн хоногийн өмнө Монгол улсын их хурал “Мал амьтны эрүүл мэндийн тухай” хуулийг дөрвөн жил гаруй хугацааны турш боловсруулж хэлэлцсэний эцэст баталлаа. Энэ хууль гарснаар мал эмнэлэгтэй холбоотой муу муухай бүхэн сайжраад өөрчлөгдчих юм шиг бодогсод олон байх шиг. Учрыг нь олохгүй “дээрээс” юм хүлээгсэд бүр олон байна. Хэвлэлийн мэдээллээс үзэхэд батлагдсан хуулийнхаа агуулгыг ойлгохгүй яваа гишүүд, сайд, дэд сайд нар ч байгаа бололтой. Хууль батлагдсан сургаар юунд ч юм хөөрч баярлаад архидагсад ч байгаа сураг сонсогдож байна лээ.
“Танил маань шинэ малгай өмсчихөөд,
Танихгүй хүн шиг дээгүүр харж өнгөрөв,
Хуучин муу малгайгаа сольсноос бус,
Хуучин муу толгойгоо солиогүй л баймаар юм” гэж нэгэн зохиолчийн шүлэг байдаг даа.
Энэ агуулгаар авч үзвэл одоо хүчин төгөлдөр байгаа “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хууль гэгч “хуучин малгай”-гаа “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хууль гэгч “шинэ малгай”-гаар л сольж буй хэрэг. Хуучин муу толгойгоо сольж өөрчлөөгүй цагт хичнээн сайхан шинэ малгай өмсүүлээд нэмэргүй байдаг нь өнгөрсөн хугацаанд олон удаагийн муу буюу хоосон толгой солилтоор нотлогдлоо. Жинхэнэ дэвшилтэт өөрчлөлт бол зөв бодлоготой, шинжлэх ухааны болон практикийн нилээд гайгүй мэдлэгтэй, өмнө нь мал эмнэлгийн салбарын практик, үйлдвэрлэл, судалгаа, сургалтын аль нэгэн байгууллагад тодорхой амжилттай ажиллаж байсан туршлагатай, дэлхий, олон улсад нэгэнт тогтсон зөв хандлагаар ажиллаж чадах толгойнуудаас л гарна. Толгой нь эрүүл ухаантай, зөв бодолтой болбол хуучин ч, шинэ ч малгайтай ажиллахад асуудалгүй л дээ, уг нь.
Яг одоо манай нийгэм даяар асуудал болоод байгаа Монгол улсын Үндсэн хуулийн өөрчлөлт шиг л юм. Зөв, зүй тогтлыг нь ойлгоод, хэрэгжүүлэхийг хүсвэл одоогийн үндсэн хуулийн дагуу хууль тогтоох, гүйцэтгэх засаглалыг заавал хольж, “давхар дээл өмсөх” шаардлага байхгүйгээр явах бүрэн боломж бий гэдэгчлэн одоо хүчин төгөлдөр байгаа Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулинд мал эмнэлгийн удирдлаганд заавал зоотехникч буюу мал зүйчийг ажиллуулна гэдэг зохицуулалт буюу зүйл, заалт байхгүй л дээ. Энд ганцхан зүйлийг л Монголын нийгэм, тэр дундаа төр, засгийн өндөр албан тушаалд ажиллагсад маань ойлгохгүй болсноос бүх асуудал үүдэлтэй. Тэр нь аливаа ажил, үүргийг гүйцэтгэх албан тушаал, ажлын байранд суугсдад толгой буюу мэдлэг, туршлага шаардлагагүй зөвхөн авлигал, намын гишүүний статус л шаардлагатай гэж үздэг болсонтой холбоотой. Тиймээс мал эмнэлгийн салбарын бүх байгууллагуудад толгойны өөрчлөлт хийхгүй л бол мөддөө дэвшил гарахгүй дүр зураг харагдаж байна.
Нэгэн зүйл. Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг үржлийн газрын дэд дарга буюу Монгол улсын мал эмнэлгийн салбарын хамгийн том даргын албан тушаалд сууж буй Б.Цолмон болон түүнийг тэнд суулгахыг хүсэгч рекетчид, авлигачид, луйварчдын баг нь тус агентлагын дарга асан Б.Батцэнгэл болон одоогийн дарга П.Ганхуяг нарын хууль бус тушаалаар ЗГХА МЭҮГ-ын дэд даргаар ажиллаж байсан П.Болортуяаг халах шийдвэрийг хоёронтаа гаргуулаад, шат шатны шүүхийн шийдвэрийг үл биелүүлэн явж байна. Ийнхүү Монгол улсын мал эмнэлгийн салбарын хамгийн том дарга Б.Цолмон нь өнөөдрийн байдлаар хууль бусаар уг ажлын байранд сууж байна.
Нэгэн зүйл. Монгол улсын мал эмнэлгийн салбарын нүд, чих нь болж байдаг Улсын мал эмнэлэг-ариун цэврийн төв лабораторийн захирал нь өнөөдрийн байдлаар мөн л хууль бусаар томилогдчихсон явж байна. Өмнө нь тус лабораторийн захирлаар ажиллаж байсан, байгууллагынхаа ажлыг нилээд гайгүй гадарлаж мэддэг , тэндээ ажиллаж мэргэшсэн Д.Батчулуун гэдэг захирлыг нь хууль бусаар ажлаас нь халчихаад тус лабораторийн ажлын болон ер нь мал эмнэлгийн мэргэжлийн аль ч чиглэлээр ямар ч ойлголтгүй, бөгс долоогчоор мэргэшсэн Б.Ганзориг гэх нэгнийг аваачаад суулгачихсан байгаа юм. Д.Батчулууныг захирлын ажилд нь эгүүлэн ажиллуулах шүүхийн шийдвэр гарсан ч хэрэгжүүлдэггүй. Тиймээс мөн л хууль бус захиралтай явж байна.
Нэгэн зүйл. Монгол улсын нийт хүн амын 30% нь амьдарч байгаа Улаанбаатар хотын мал, амьтны эрүүл мэнд, мах, сүүний аюулгүй байдал, тэдгээрийн худалдааны чөлөөт байдлыг хангаж ажиллах үүрэгтэй Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргаар ажиллаж байсан А.Нарантуяаг саяхан үндэслэлгүйгээр, хууль бусаар ажлаас нь халаад бас нэгэн бөгс долоогч, өмнө нь “Монгол Ви.И.Ти.Нет” ТББ гэх Америкийн христийн шашны ухуулагчаар ажиллаж байсан М.Адилбиш гэх этгээдийг Нийслэлийн засаг дарга, алдарт уяачын хүү Су.Батболдын шийдвэрээр томилон ажиллуулж байна. А.Нарантуяаг ажлаас халсан үндэслэл бол түүний ангийн анд нь ХХААХҮЯ, ЗГХА МЭҮГ-ынхантай хуйвалдаж, луйврын замаар оруулж ирсэн идэвхит чанаргүй вакцины булхайг нь илрүүлэх оролдлого хийсэнтэй холбоотой гэнэ.
Нэгэн зүйл. Монгол улсын зах зээлд худалдаалагдаж буй мал эмнэлгийн зориулалттай вакцин, биобэлдмэл, эмийн чанарыг шалгадаг Мал эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын лабораторийн захирлаар ажиллаж буй Д.Ууганбаяр гэдэг этгээдийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар мөн л хууль бусаар ажлаас халаад н.Гантөмөр гэх малын эмчийн дипломтой нэгнийг томилчихсон, Д.Ууганбаяр нь ажлаа өгөхгүй гэж зугатаад, н.Гантөмөр нь ажлаа авна гэж хүрч ирээд муур хулгана болж тоглон хэдэн сарын нүүр үзэж явна. Уг нь Д.Ууганбаяр гэдэг вакцин, эмийн луйварчдын гар хөл бологч хорлон сүйтгэгчийг ТӨБЗГ-ынхан зайлуулах нь зүй ёсны үйл явц боловч тушаал шийдвэр нь бас л хууль бусаар гарсан учраас өгөх, өгөхгүй дээрээ тулчихсан яваа нь тэр байлгүй.
Нэгэн зүйл. Монголын мал эмнэлэгт төдийгүй, манай улсын хөдөө аж ахуйн салбарт байгаа цорын ганц биотехнологийн үйлдвэрлэгч Биокомбинатын удирдлагыг гартаа оруулахын тулд улайран зүтгэж байгаа луйварчдын бүлгийн гишүүн, хүний эмч Б.Баттогтох гэгчийг 2017 оны 10 сард Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх гэдэг халхавчин дор гурав дахь удаагаа Б.Баттогтохын үйлдсэн олон тооны гэмт хэрэг, луйвар, залилан, албан тушаалаа урвуулан ашиглалтыг үл харгалзан, гэмт хэрэг завших боломжит контракт, гэрээг түүнтэй байгуулж өгсөөр хууль бусаар томилчихсон, хувьсгалын тохироо ч юм уу, ямар нэг зүйл хүлээгээд байж л байна. Одоогийн захирал Б.Онолбаатарыг ТӨБЗГ, ХХААХҮЯ болон ЗГХА МЭҮГ-ынхан хавсайдан дарамталсан байдалтай л өдөр хоногийг өнгөрүүлж явна. Үйлдвэрийн ажиллагсад нь Б.Баттогтохыг хангалттай таньчихсан бөгөөд тэр дахин ирвэл хорлон сүйтгэл учруулж, хулгай луйвар хийхээс өөрийг үйлдэхгүй гэдгийг нь ТӨБЗГ-ынханд хэлж сануулан хамтран ажиллахгүй гэдгээ удаа дараа илэрхийлсээр л байцгааж байна.
Нэгэн зүйл. Мал эмнэлгийн салбар дахь үндэсний хэмжээний төрийн бус ганц байгууллага болох мэргэжлийн холбооных нь удирдлагыг мөн л тус салбарт үүрлэсэн авлигачин, луйварчдын сүлжээнийхэн болон харийнханы гар хөл бологсод ,тухайлбал, Америкийн Христийн шашны номлогчид буюу “Монгол Ви.И.Ти.Нет” ТББ, Швейцарийн хөгжлийн агентлагт ажиллагсад, ЗГХА МЭҮГ-ынханы санхүүгийн дэмжлэгтэйгээр байгуулагдан тэдний луйврын сүлжээний хэрэгсэл болж явдаг Малын эмийн дундын хоршоо, Бинсэ ХХК-ийхан болон олон жилийн турш Цагаан залаа агвет ХХК-ий эздийн бөгс долоогч, бие хамгаалагч, хамтран луйвардагчид болсоор ирсэн Мал эмнэлгийн хүрээлэн, Мал эмнэлгийн сургуульд үүрлэсэн хэсэг бэртэгчид нар хуурамч эмийн авлигал, хорлон сүйтгэгч, эдийн засгийн алуурчин гадныханы ямар зориулалт, зорилготой нь үл мэдэгдэх эх үүсвэртэй мөнгөнд шүтэж худалдагдсан авлигачин-малын эмч нартайгаа нийлж дээрэмдэн гартаа оруулах оролдлогыг эрээ цээргүйгээр хийж явна.
Голлох бүх байгууллагууд нь ийм удирдлагуудтай, дотоод эв түнжин нь иймэрхүү байдалтай, улс төрчид, рекетчид, тендерчид, луйварчдын дэмжлэгтэйгээр нэг малын эмч нь нөгөө малын эмчийнхээ ажлын байрыг булааж, дээрэмдэж авдаг жишиг зам тогтсон, ажлын байранд сонгох гол шалгуур үзүүлэлт нь мэргэжлийн мэдлэг, мэргэшлийн ур чадвар бус, авлигал, бөгс долоох, цүнх барих, барьцаа гэх мэтээр тодорхойлогдох болсон, оюуны хоосрол, дэлхий буюу олон улсын жишгээс гажуудалт, мунхрал, дүр эсгэлт, авлигал, хээл хахууль, хуурамч диплом, цол зэргийн наймаа, мэргэжил ба мэргэшлийн оронцоглол, дампуурал зэргийг нь илрүүлж, залруулж, засаж, зөвтгөх талаар зөвлөмж, санал, заавар хэлж, бичиж өгдөг цөөхөн малын эмч нараа болдогсон болбол ертөнцөөс хөөхийг мөрөөддөг болсон, ийнхүү сүйрэлт байдлаа ганц хүний шүүмжлэлээс шалтгаалсан гэдэг онош тавьчихсан цохиж яваа “мэргэжлийн салбар” цаашид зөв замаар хөгжих бололцоотой харагдаж байна уу, та бүхний нүдээр.
2018.01.03
Ц.Өлзийтогтох