Мэргэжилтэн бэлтгэхдээ бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс дор шаардлага тавьж байна.

Мэргэжилтэн бэлтгэхдээ бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс дор шаардлага тавьж байна.

Монголд дээд мэргэжилтэй малын эмч бэлтгэж

эхэлсний 75 жилийн ойд зориулав

Хэдэн жилийн өмнө нэгэн их сургуулийн оюунтнуудын төгсөлтийн шалгалтыг ажиглах боломж олдов. Оюунтнууд таван жилийн турш суралцаж, багш нар нь төдий жил сургаж дуусаад тухайн цаг мөчөөс хойш оюунтан бус, мэргэжилтэн болох гэж буй нь тэр. Ажиглагчийн тухайд вакцин үйлдвэрлэлийн технологичоор хэдэн жил ажилласан нэгэн. Яг тухайн цаг үед оюунтан ба өсгөвөр, вакцин ба мэргэжилтэнг  жишиж харьцуулж үзэх бодол толгойд орж ирэв. Түүнийгээ ч “улсын шалгалт”-ын комиссынхонд хэлэв. Учир нь тэдгээр оюунтнуудыг таван жилийн турш боловсруулж бэлтгээд, мэргэжилтэн болох босго хүртэл нь хөтөлж авчирсан багш нар буюу мэргэжилтэн бэлтгэх технологич нараас бүрдсэн “улсын шалгалтын комисс”-ынхон нь хэрэглээнд бэлэн болсон мэргэжилтнүүдийнхээ 20% орчимыг “улсын шалгалт”-ын босго давуулахгүйгээр унагаж, мэргэжилтэн болгохгүйгээр, оюунтан хэвээр нь үлдээнэ гэж айлдацгаав. Тэдний айлдвар нь учир утгагүй байгааг ажиглагч хэлэв. Хичээл заасан багш нар нь өөрсдөө оюунтнуудаа унагаж байгаа нь ойлгомжгүй. Хэрвээ өөрсдийнх нь бэлтгэсэн “бүтээгдэхүүн”-үүд улсын шалгалтын босго давахгүйг нь мэдэж байсан болбол улсын шалгалтанд оруулж ирэх шаардлагагүй байсныг нь ч зөвлөв. Багш нар улсын шалгалтанд заавал босго давахуйцаар бэлтгэгдсэн оюунтнуудыгаа л авчрах ёстойг ч анхааруулав. Тэр бол багш нарын үүрэг, хариуцлага. Энэ удаад давуулахгүйгээр, хойтон жилийг хүлээх юм бол тэдгээр оюунтнуудын мэдлэг, чадварын түвшин нь одоогийнхоос доошлох магадлалтайг ч дурдав. Харьцуулбал, энэ жилийн чанар тааруухан үйлдвэрлэгдсэн цувралын вакцин нь улсын шалгалтаар ороод үндэсний стандартын шаардлага хангаагүй тохиолдолд, түүнийг бүтэн нэг жилийн турш хадгалж байгаад хойтон жил “улсын шалгалт”-нд дахин оруулах үед идэвхит чанар нь бараг хоёр дахин доошилсон байдаг юм. Тэр л жишгээр эдгээр оюунтнуудыг энэ удаад төгсгөж явуулахгүй болбол хойтон жил мэдлэг, чадвар нь улам доошилсон буюу одоо мэдэж байгаагийнхаа хагасыг мартчихсан ирэх магадлал маш өндөр гэдгийг ч анхааруулав.

 Мэдээж энэ бүхнийг үл огоорсон, эсэргүүцэлтэй тулгарав. Ректорт гомдол хүргэв. Тэдгээр оюунтнуудаас заримыг нь унагахгүй байх “хүсэлт, захиас” “үүрэг, даалгавар” энд тэндээс ирсэн байсантай ажиглагчийн байр суурь давхцсан учраас захирал нь оюунтнуудыг унагахгүй байх талд санал өгөв. Оюунтангуудаа унагаж, дээрэлхэж кайф авдаг уламжлал нь тасалдав. Өмнө нь олон жилийн турш оюунтнуудыг унагаж,  рекетлэл хийж, авлигал авдаг байсан тогтолцоог нь задлах оролдлого хийснийг нилээд эсэргүүцэж, өөрсдийг нь үнэгүйдүүлж, үнэ ханшийг нь унагасан талаар гомдоллож бухимдаад үлдэв. Тиймээс тэр жил “улсын шалгалт”-нд орсон 153 оюунтан бүгдээрээ босго давж, мэргэжилтний эгнээнд шилжицгээж билээ.

Тэнд тогтсон тэр хандлага, байдлыг нь оюунтан ба өсгөвөр, вакцин ба мэргэжилтэнг харьцуулж ярьснаар сэрэмж, санамж өгч, бага зэрэг ч гэсэн өөрчилж чадах болов уу гэх бодолд хүргэсэн. Тийнхүү улсын шалгалтын комиссыг бүрдүүлсэн багш нарт энэхүү харьцуулалтыг ярьж өгсөн нь тэр болой. Тэр үеэс хойш Монголын их, дээд сургуулиудад нөхцөл байдал төдийлөн дээрдсэнгүй. Уг нь манай нийгэмд нийтлэг хамааралтай, чухал асуудал. Иймээс нийтэд ярьж өгөх нь зүйтэй гэж үзэж байна.

Вакцин ба мэргэжилтэн үйлдвэрлэл:

Мэргэжилтэн ба вакцин бэлтгэхүй нь хоёулаа л “бүтээгдэхүүн” үйлдвэрлэл. Их, дээд сургууль, коллеж  нь “мэргэжилтэн” гэдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Биологи, биотехнологийн үйлдвэрт  “вакцин” гэдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгддэг. Хоёул маш чухал үйлдвэрлэл. Хэрэглэгчийн шаардлага хангасан, зах зээлийн багтаамжинд нийцсэн буюу нэг талаас илүүдэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж “хог” болгохгүй, нөгөө талаас хэрэглэгчдэд ямар бүтээгдэхүүн эрэлт, хэрэгцээтэй байна, түүнийг нь үйлдвэрлэж өгөх ёстой. Хэрэглэгчдэд хэрэгцээ, шаардлага байгаа эсэхийг үл харгалзан үйлдвэрлэгч нар юу чаддагаа үйлдвэрлээд байж болохгүй. Зөвхөн хэрэглэгчдэд шаардлагатай бүтээгдэхүүнийг л тодорхой стандартын шаардлага хангасан чанартайгаар үйлдвэрлэж нийлүүлэх ёстой. Монгол орны одоогийн нөхцөл байдал бол юу мэддэгээ зааж, юу чаддагаа л үйлдвэрлэсээр байна. Хэрэглэгч, ажил олгогч, захиалагч, үйлдвэрлэгч нарт ямар төрлийн, ямар чанартай, хичнээн тоо хэмжээний “бүтээгдэхүүн” хэрэгцээтэй байгааг харгалзаж буй их, дээд сургууль, коллеж нэг ч байхгүй гэхэд хилсдэхгүй. Харин вакцин үйлдвэрлэгчид бол өөр шүү. Захиалга авахгүйгээр вакцин үйлдвэрлэдэг үйлдвэрлэгч энэ дэлхий дээр байхгүй гээд хэлчихэд хол зөрөхгүй. Ач холбогдлын хувьд мэргэжилтэн үйлдвэрлэл нь вакцин үйлдвэрлэлээс хавьгүй чухал. Гэтэл вакцин үйлдвэрлэлд харьцангуй өндөр шаардлага тавьж, түүнийг үйлдвэрлэх нь хэр барагтай бүтэх  асуудал биш гэлцэх мөртлөө их, дээд сургууль, коллеж байгуулж мэргэжилтэн үйлдвэрлэх “үйлдвэр” байгуулахад маш сул шаардлага тавьдаг бололтой. Тиймээс нийт хүн амтай нь харьцуулахад дэлхийд хамгийн олон их, дээд сургуультай. Тэр агуулгаараа нийт хүн амтай нь харьцуулахад дэлхийд хамгийн олон бакалавр, магистр, доктор, профессор, академичтай нь Монгол улс байж таараа. Хоёр хөлтэй, хохимой толгойтой бүхэн их, дээд сургууль, коллеж байгуулах, багшлахад хүрсэн нь Монголын минь эмгэнэл. Улс орны хөгжлийн тээг.

Вакцин үйлдвэрлэл: Халдварт өвчинг үүсгэгч бичил биетний хоруу чанартай, хоруу чанарыг нь сулруулсан болон хоруу чанаргүй омгийг ургуулж өсгөвөрлөхөөс эхлэн бүх дамжлага ажиллагааг дуусган “чанарын хяналт”-ыг давж гарсны дараа “өсгөвөрүүд” нь вакцин гэж хүлээн зөвшөөрөгдөнө. Өсгөврүүд нь чанарын хяналтыг давахгүй бол вакцин бус, өсгөвөр хэвээрээ л үлдэнэ.

Мэргэжилтэн үйлдвэрлэл: Нөгөө талаас оюунтнууд нь тухайн их сургуулийн нэгдүгээр курсэд элсээд дөрвөөс зургаан жил үргэлжлэх сургалтын хөтөлбөрийн бүрэн дамжлагад суралцаж дүүргээд “улсын шалгалт”-ыг давж гарсныхаа дараа мэргэжилтэн болно. Улсын шалгалтыг давахгүй бол мэргэжилтэн бус, оюунтан хэвээрээ л үлдэнэ. Улсын шалгалтыг заавал давж байж мэргэжилтэн болно.

Сургалтын хөтөлбөр ба Технологийн заавар:

Мэргэжилтэн бэлтгэх сургалтын хөтөлбөр, вакцин бэлтгэх технологийн заавар хоёр нь агуулгаараа утга чацуу юм.

Сургалтын хөтөлбөр. Мэргэжилтэн бэлтгэж буй их сургууль нь оюунтнуудыгаа сургаж, боловсруулж, бэлтгэхэд дагаж мөрдөх “хууль” нь сургалтын хөтөлбөр. Өөрөөр хэлбэл тухайн их сургуульд элссэн оюунтан нь суралцах хугацаандаа ямар лекц, дадлага, семинар, бие даалтаар хэдэн цагийн сургалтанд хамрагдаж, ямархуу мэргэжлийн мэдлэг, мэргэшлийн ур чадвартай мэргэжилтэн болж бэлтгэгдэх вэ гэдэг нь сургалтын хөтөлбөрөөс харагдаж байх ёстой. Сургалтын хөтөлбөр нь ерөнхий агуулгаараа элсэгчид, суралцаж буй оюунтнууд, мэргэжилтэн бэлтгүүлж авах гэж буй эцэг эх, ажил олгогч, захиалагч болон улмаар  нийгмийн өмнө тодорхой, нээлттэй байх ёстой. Бид ирээдүйд ийм мэргэжлийн мэдлэг, мэргэшлийн ур чадавртай мэргэжилтэнтэй болох юм байна гэдгээ  эцэг эх, ажил олгогч, захиалагч, нийгэм мэдэж байх ёстой. Энэ талаар одоогийн Монголын нөхцөл байдал ямар байна вэ гэхээр эцэг эх, ажил олгогч, захиалагч, нийгмийн үнэмлэхүй олонхийн тухайд мэргэжлийн нэр, тухайн чиглэлийн мэргэжилтэн нь тиймэрхүү ажил хөдөлмөр эрхэлдэг гэх бүдэг бадагхан ойлголттой л байцгаана. Ийм байдал нь их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв байгуулах, ажиллуулах, эрхлэх нэрээр хуурамч, чанаргүй, илүүдэл, хэрэглээний шаардлага хангахгүй, гоё шошго-дипломноос цаашгүй “бүтээгдэхүүн үйлдвэрлэж” зах зээлд нийлүүлэх, залилан хийх боломжыг олгосоор байна. Сургалтын хөтөлбөрийн агуулга, чанараас мэргэжилтэн бэлтгэж буй их, дээд сургууль, коллеж болон тэдгээрийн бэлтгэн гаргаж буй “бүтээгдэхүүнүүд”-ийн зориулалт, өрсөлдөх чадвар нилээд их хамаарна гэдгийг ойлгож буй нь тун цөөхөн байгаа нь харамсалтай.

Технологийн заавар. Вакцин бэлтгэж буй биологийн буюу биотехнологийн үйлдвэрт уламжлалт технологийн дагуу бичил биетний омгийн шинж чанарыг тодорхойлох, ялган таних,  ургуулж өсгөвөрлөх, хурааж авах, өсгөврийг боловсруулах, таньцлах, тоолох, идэвхигүйжүүлэх, адьюванттай холих, тарих тун тогтоох, дархлааны үргэлжлэх хугацаа тогтоох, савлах зэрэг үйлдвэрлэлийн бүх дамжлага ажиллагааг явуулахад дагаж мөрдөх ёстой “хууль” нь технологийн заавар юм. Технологийн заавраас тухайн вакцин хэр найдвартай, итгүүштэй  бүтээгдэхүүн болох нь харагдана. Технологийн зааврыг ягштал баримтлах нь түүнийг мөрдлөг болгон үйлдвэрлэсэн вакцины бүх цуврал нь жигдхэн тогтмол шинж чанартай байхыг илтгэнэ. Технологийн зааврын ерөнхий агуулгыг ХААН хэрэглэгчид мэдэж байх ёстой. Учир нь тухайн халдварыг үүсгэгч бичил биетнүүдийн аль хэвшлийн, ямар омгоор, дэлхий, олон улсад хэрэглэгддэг вакцин үйлдвэрлэлийн  олон янзын технологиудаас алийг нь хэрэглэж үйлдвэрлэсэн, ямар орц найрлагатай вакциныг ашиглаж буйгаа мэргэжлийн хэрэглэгчид мэдэж байх ёстой. Манай улсад одоо вакцин хэрэглэж буй байдлыг анзаарч ажиглахад сэргийлэх өвчний нэр, тарих буюу олгох зам, тун зэргийг л хагас хугасхан мэдэж байхад болоод байх шиг байгаа юм. Амьд, идэвхигүйжүүлсэн, шинэ технологийн болон бүтэц бүрэлдэхүүний талуудыг анзаарч буй мэргэжлийн хэрэглэгчид тун цөөхөн бий. Вакцины технологийн талаар ийм бага ойлголттой байгаа нь амьтны эрүүл мэндээр тоглох, вакцины хууль бус наймаа, хулгай луйвар, шинжлэх ухааны үндэслэлгүй хэрэглээг бий болгох нөхцлийг бүрдүүлээд өгчихөж байгаа юм. Нөгөө талд вакцин үйлдвэрлэлийн технологийн зааврын агуулга, шинж чанар бол уг бүтээгдэхүүн дотоод, гадаадын зах зээл дээр өрсөлдөх чадварыг нь тодорхойлох хамгийн гол индикатор болно.

Багш ба Технологич.

Багш, технологич хоёр нь олон талаараа ижил, төстэй юм.

Багш. Мэргэжилтэн бэлтгэж буй сургалтын хөтөлбөрийг гардан хэрэгжүүлэгч, хөтлөн явуулагч нь их, дээд сургууль, коллежийн багш нар юм. Сургалтын хөтөлбөрийн агуулгад багтсан бүх хичээлийн лекц, дадлагыг тухайн чиглэлийн мэргэжилтэй, мэргэжлийн өндөр мэдлэгтэй, мэргэшлийн нарийн ур чадвартай багш нар л оюунтан нарт зааж сургаж эзэмшүүлж чадах нь тодорхой. Монгол улс 1942 оноос анхны их сургуулиа нээж дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхлэсэн үеэс 1990-ээд он хүртэл их, дээд сургуулийн багш нарт тавигдах шалгуур, шаардлага нь харьцангуй өндөр байсан юм шиг байна лээ. Сүүлийн жилүүдэд бол мэргэжилгүй, мэргэжлийн мэдлэггүй, мэргэшлийн ур чадваргүй голдуу этгээдүүд л их, дээд сургуулийн багшаар сонгогдож ажилладаг болсон бололтой. Хөгжсөн, мэдлэгжсэн, мэргэшсэн багш л хэрэглэгчдийн шаардлага хангахуйц, дотоод, гадаадад өрсөлдөх чадвартай мэргэжилтэнг үйлдвэрлэж чадах нь ойлгомжтой. Аливаа сургуулийн үнэлэмж нь багш нарын  “чанар”-аас ихээхэн хамаарч таарна.

Технологич. Вакцин бэлтгэж буй технологийн зааврыг мөрдүүлж, наад зах нь үндэсний стандартын шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх гол нөхцлийг бүрдүүлэгч нь биологи, биотехнологийн үйлдвэрлэлийн технологич, мэргэжилтэн нар юм. Технологийн зааварт заасан үйлдвэрлэлийн бүх дамжлага, ажиллагаа болон цаасан дээр яг таг буулгахад төвөгтэй бөгөөд үйлдвэрлэгчид, технологичид нь ч буулгахыг нэг их хүсдэггүй, тухайн технологичийн тархины багтаамж,  гаршилт, ур дүйгээс  ямар нэг хэмжээгээр хамаарах технологийн know-how маягийн,  зөвхөн дадлагаар эзэмших “зүйлс”-ийг бүгдийг нь мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллагч нь үйлдвэрлэлийн технологич, мэргэжилтэн нар юм. Вакцины үйлдвэрлэл бол технологийг удирдаж, гардаж явуулдаг сайн технологич-мэргэжилтэн нар дээр л тогтдог юм шүү дээ.

Чанарын хяналт ба Улсын шалгалт.

Үйлдвэрлэгч вакцинаа үйлдвэрлэчихээд хөндлөнгийн лабораторит сорьц илгээж чанарын хяналтанд хамруулахыг “улсын шалгах” лабораторийн дүгнэлт гаргуулах гэж нэрлэцгээдэг. Оюунтан мэргэжил эзэмших сургалтын хөтөлбөрөө бүрэн дүүргээд багш нараас бүрдсэн шалгалтын комисст шалгуулахыг “улсын шалгалт” өгөх гэдэг. Тэгэхээр “улсын шалгах, шалгалт” гэдгийг  вакцин ба мэргэжилтэнг бэлтгээд хэрэглээнд нийлүүлэхийн өмнө улсын нэрийн өмнөөс шалгаад шаардлага хангасан эсэхийг нь тогтоож буй хэлбэр гэж үзэж болох юм. Гэхдээ мэргэжилтэн, вакцин хоёрыг улсын шалгалтаар оруулж байгаа Монголын тогтолцоонд зарчмын томоохон ялгаа байна. Вакциныг улсын нэрийн өмнөөс хөндлөнгийн буюу хараат бус “улсын шалгалтын комисс” улсын шалгалтанд оруулж, чанарыг нь хянаж байна. Харин тэгэхэд мэргэжилтэнг улсын нэрийн өмнөөс тэдэнд хичээл заасан багш нар буюу тэдгээр “бүтээгдэхүүн”-ийг бэлтгэсэн технологич нараас бүрдсэн “улсын шалгалтын комисс” улсын шалгалтанд оруулж, чанарыг нь хянаж байна. Эндээс үзэхэд аль нь шударгаар, үнэн зөв, хэрэглэгчид итгүүштэй дүгнэлт гаргах бол?. Өндөр хөгжилтэй зарим орнуудад мэргэжилтэн гэдэг “бүтээгдэхүүн”-ийг стандартын шаардлага хангасан эсэхийг тогтоох “улсын шалгалтын комисс”-ыг хичээл заасан багш нараас нь бус хөндлөнгийн-хараат бус багаас бүрдүүлдэг тогтолцоо оршиж байна. Энэ нь сайн чанартай мэргэжилтэн бэлтгэж, зах зээлд нийлүүлэх нилээд сайн хөшүүрэг болж байна. Ийм тогтолцоог нэвтрүүлэх эхлэлийг тавиасай. Ингэхгүй бол хуурамч, худалдаж авсан диплом барьсан, мэдлэггүй, ур чадваргүй, зах зээл дээр хэрэгцээгүй, илүүдэлтэй  “мэргэжилтэн-бүтээгдэхүүн”-ий “хог”-нд дарагдсан Монгол улсад минь хөгжлийн ирээдүй харагдахгүй байна шүү.

Чанарын хяналт. Вакцины үйлдвэрлэлийн дамжлагуудыг дуусгаад  савлаад, шошголоод үйлдвэрийн дотоодын болон хөндлөнгийн-хараат бус чанарын хяналтаар (quality control) нэвтрүүлж байж эцсийн бүтээгдэхүүн буюу хүлээн зөвшөөрөгдсөн вакцин болно. Вакцин хэрэглэгчид нь дотоодын чанарын хяналтаас илүүтэйгээр хараат бус чанарын хяналт (independent quality control)-нд илүүтэйгээр итгэнэ. Орчин үед бол үйлдвэрлэгч нар нь үйлдвэрлэлийнхээ бүх дамжлага ажиллагааны явцад ямар нэгэн алдаа дутагдал гармагц мэдэрч мэдэж чаддаг, түүнийг нь залруулж засаж чаддаг  GMP гэх мэт сайн үйлдвэрлэлийн тогтолцоог бий болгочихсон, хэрэглэгчдийнхээ итгэлийг нэгэнт олоод авчихсан тохиолдолд бүтээгдэхүүнээ заримдаа чанарын хяналтгүйгээр гаргадаг ч явдал байна. Ер нь сайн технологич бол үйлдвэрлэсэн вакцин нь чанарын хяналтыг давах нь уу, үгүй юу гэдэг эргэлзээтэйгээр вакциныхаа сорьцыг “улсын шалгалт”-нд оруулдаг бус, улсын шалгалтын босгыг баараггүй давна гэдгийг мэдсэний үндсэн дээр оруулдаг байх ёстой. Сайн технологич бол тавигдсан шаардлагыг хангахуйц чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа гэдэгтээ эргэлздэггүй байх ёстой.

Улсын шалгалт. Их, дээд сургууль, коллежид суралцах хугацаандаа сургалтын хөтөлбөрт тусгагдсан бүх хичээлийн лекц, дадлагыг хийж гүйцэтгэсэн, зохих мэдлэг, ур чадварыг хангасан гэж тооцсон оюунтнууд нь тэдэнд хичээл заасан багш нараас голчлон бүрдсэн улсын шалгалтын комиссын шүүлтээр орж мэргэжилтэн болох шаардлага хангасан эсэхээ шалгуулна. Өөрсдийн бэлтгэсэн “бүтээгдэхүүн”-ээ өөрсдөө шалгаж буй нь тэр. Мэргэжилтэн болохын тулд хэдэн жилийн турш суралцах хугацаандаа мэдэх ёстой мэдлэг, эзэмших ёстой ур чадвараа цаг тухайд нь эзэмшээд явсан оюунтан нар л улсын шалгалтанд орох ёстой. Түүнээс бус суралцах хугацаандаа хичээл номондоо сайтар суралцахгүй, аргацааж явж байсан оюунгүйтэн этгээдүүдийг улсын шалгалтыг яаж ийгээд давуулаад, их л сайндаа ганц хоёр удаа хойшлуулаад, салж хагацахын түйс болоод явуулж буй  мэргэжилтэн бэлтгэдэг одоогийн тогтолцоо нэг л биш ээ. Хэрвээ тийм оюунгүйтэн этгээдүүд мэргэжилтэн болохоор элсээд ороод ирсэн байвал “мэргэжилтэн үйлдвэрлэл”-ийн дамжлага ажиллагаа буюу нэгдүгээр, хоёрдугаар, гуравдугаар, дөрөвдүгээр курсд суралцаж байх явцад нь сургалтыг цааш үргэлжлүүлж, мэргэжилтэн болох найдвар алга гэдгийг нь ойлгуулж, тухайн үед нь сургалтыг нь таслан зогсоож, чанаргүй бүтээгдэхүүн бэлтгэж зах зээлд нийлүүлэхээс сэргийлэх хэрэгтэй. Одоогийн “мэргэжилтэн үйлдвэрлэгч”-дийн хандлагыг анзаарч байхад сургалтын төлбөрийг нь авч цалинжихын тулд үйлдвэрлэлийн дамжлагын явцад нь чанарын шаардлага хангахгүй байгааг нь тогтоохоос зайлсхийж явсаар “улсын шалгалт”-аар л мэргэжилтний босго давж чадахгүй байгааг нь ойлгуулж “арга хэмжээ” авдаг тогтолцоо амь бөхтэй оршиж байна. Энэ нь суралцагчийг ч, захиалагчийг ч, мэргэжилтэн-бүтээгдэхүүнийг хэрэглэгчийг ч аймшигтайгаар хорлож буй үйлдэл. Жинхэнэ агуулгаар нь ойлговол “улсын шалгалт” бол оюунтанг ч, багшийг ч хоёуланг нь үнэлэх, дүн тавих тогтолцоо байх ёстой. Оюунтаны чадавхи бол багшийн толь гэдэг дээ.

Төгсгөлд нь тэмдэглэхэд сүүлийн жилүүдэд Монгол улсад бараа, эд, бүтээгдэхүүн бэлтгэж, худалдаж, зах зээлд нийлүүлэхдээ харьцангуй  өндөр шалгуур, шаардлага тавихыг оролдож буй мөртлөө мэргэжилтэн, хүн, мэдлэг, чадвар бэлтгэж, бэлтгүүлж, худалдаж, нийлүүлэх үед их л сайндаа ажлын байрны тодорхойлолт, мэргэжлийн чиглэл, гадаад хэлний мэдлэг гэх мэтээс цааш зүй ёсны, зайлшгүй ямар нэгэн  стандарт, босго шаарддаггүй, шаардах оролдлого хийхгүй байгаа нь туйлын ойлгомжгүй. Заримдаа энэ хүн төрөлхтөн чинь хэтэрхий хөгжөөд иймэрхүү энгийн зүйлсийг олж хардаггүй болчихдог ч юм болов уу гэж бодогдох. Ядахдаа эд бараа худалдаж авахдаа баримталдаг зарчмаа, “хүн-бүтээгдэхүүн” “худалдаж авах” үедээ мөрддөг болмоор байна шүү дээ. Мэргэжилтэн үйлдвэрлэлийг нэг л бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлтэй харьцуулж бичлээ. Мэргэжилтэн үйлдвэрлэгчдэд маань бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдээс суралцах зүйл асар олон байна. Бөөсний онигоо шиг байж ч магад. Гэхдээ л хөндөхгүй байх аргагүй асуудал. Өнөөдрийн манай нийгэм иймэрхүү маягаар бэлтгэгдсэн, “хараат” чанарын хяналтанд орсон дипломтнуудаар дүүрч байгаа учраас хөгжих бус, уруудах зам руугаа явсаар байна. Бүх бүтээгдэхүүний үйлдвэрлэл дотроос хамгийн чухал нь “мэргэжилтэн буюу хүн үйлдвэрлэл” юм шүү гэдгийг л ойлгох нь чухал байна. Өндөр хөгжилтэй орнуудад зарим чиглэлийн мэргэжилтний босго шалгуурыг аль хэдийн гаргаад тавьчихсан, тэр нь олон оронд нэвтэрчихсэн, хараат бус чанарын хяналтын тогтолцоотой, тухайн чиглэлийн мэргэжилтний олон улсын зах зээл дээр өрсөлдөх чадварын гол шалгуур болчихсон,  босго шалгуурыг давсан тухайн “мэргэжилтэн-бүтээгдэхүүн”-д олон  оронд борлогдох зөвшөөрөл  болдог “Day 1 Competence” “Day 1 graduate” гэх мэт нь байж л байх юм. Суралцаасай....

 

 

Ажиглагч: 

Цэдэвийн Өлзийтогтох