Малын эмч танаа

Малын эмч танаа

 

Таны энэ өдрийн амрыг эрье.

 

Монголын мал эмнэлгийн холбооны дүрэмд зааснаар Монголын мал эмнэлгийн холбооны үндсэн үүргийн нэг нь малын эмчийн язгуур эрх ашгийг хамгаалах явдал.

Манай холбоо байгуулагдсан цагаасаа энэ үүргээ сайн биелүүлсээр иржээ гэж үзэж байгаа. Тэр нь юугаар илэрч байна вэ гэвэл ? малын эмч нарын төгсөлтийн дараах сургалт гэдэг зүйлийг Монголын мал эмнэлгийн холбоо анх санаачлан эхлүүлж өнөөдрийг хүртэл өөрсдийнхөө болон манай салбарын хүчин чадлын хэр хэмжээндээ авч явуулж ирсэн байна.

Малын эмчийн болон мал эмнэлгийн язгуур эрх ашиг гэдэг нь хамгийн товчоор хэлбэл малын эмчийн ажлын байрыг хадгалах буюу малын эмч, мал эмнэлгийн байгууллагаар л мал эмнэлгийн мэргэжлийн ажил, үйлчилгээг хийлгэх ёстой юм байна гэх ойлголт.

Мал эмнэлгийн мэргэжлийн ажлыг гагцхүү малын эмч хийдэг байхын тулд  малын эмч нар та бид юу хийх ёстой вэ ?  гэвэл мал эмнэлгийн болон мал эмнэлэгтэй холбоотой шинжлэх ухааны болон хууль эрх зүйн мэдлэгээрээ мэргэжлийн бусчууд болон мэргэжилгүйчүүдээс онцгойрон ялгарч байх ёстой юм байна.

Ер нь ганцхан малын эмч мэргэжилтэн гэхгүйгээр аль ч мэргэжлийн салбарын мэргэжилтнүүд ийм л байх ёстой.

Үүний тулд мэргэжил гэдэг ойлголт байдаг бөгөөд  мэргэжил эзэмшдэг гэж ойлгож болно.

Малын эмч нараа мэдлэгтэй, мэдээлэлтэй, мэргэшилтэй, чадвартай байлгахын тулд ММЭХ хэр чадлаараа анхаарал тавьж ажилласаар ирсэн гэж үзэж байна.

Гэхдээ манай мал эмнэлгийнхэний  мэргэжлийн мэдлэг, ур чадвар нь нийтлэгдүү

бүх түвшиндээ хангалттай бус  байгааг та бүхэн надаар хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа гэдэгт найдаж байна.

Ийнхүү товчоор дүгнээд хэлэхэд бидний язгуур эрх ашгаа хамгаалах ганц арга нь МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТҮҮНТЭЙ ХОЛБООТОЙ ШИНЖЛЭХ УХААН, ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ӨНДӨР МЭДЛЭГ ГЭЖ ОЙЛГОВОЛ ЗОХИНО.

Монголын мал эмнэлгийн салбарын хөгжил  бүх түвшиндээ сайнгүй бөгөөд зарим талаараа бүр ч  дампуурлын түвшинд хүртлээ доройтсон байдалтай байгааг Та бүхэн анзаарч байгаа байлгүй дээ. 

Би  Монголын мал эмнэлгийн холбооны Ерөнхийлөгчийн ажлыг хүлээж авснаас хойш Монголын мал эмнэлгийн салбарын хөгжилд болон түүний дотроос ,ялангуяа, малын эмч нарын эрх ашгийг хамгаалахад  Монголын мал эмнэлгийн холбоо төрийн бус байгууллагын зүгээс хэрхэн тус дэм үзүүлэх боломж байгаа талаар бодож, хичээж ажиллаж байгаа.

Ингэхдээ дэлхийн мал эмнэлгийн холбоо, дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагаас баримталж, явуулж буй үйл ажиллагааны чиглэл хандлагыг анхаарч, Монголын мал эмнэлгийн холбооны дүрмийн хүрээнд манай улсын мал эмнэлгийн салбарт явуулж байгаа үйл ажиллагаа нь мал эмнэлгийн шинжлэх ухаан болон манай улсын  хууль эрх зүйд хэрхэн нийцэж, зөрчигдөж байгааг анхаарч, хэрэв мал эмнэлгийн салбарт явуулж буй ажил үйлчилгээ нь дээр дурдсан зүйлүүдтэй зөрчилдөж байвал засаж залруулах талаар хүчин чармайлт гаргаж ажиллахыг зорилго болгодог.

            Өнгөрсөн хугацаанд тэдгээрийн талаархи шинжлэх ухааны болон өөрийн мэдлэг, чадвар, туршлагын үндэслэл бүхий үзэл бодлоо өдөр тутмын сонин, телевиз, мэргэжлийн сэтгүүлээр цөөхөн удаа илэрхийлсээр ирсэн.

            Гэвч Монголын мал эмнэлгийн холбооны ерөнхийлөгчийн болон малын эмч мэргэжилтний хувьд миний илэрхийлж байгаа үзэл бодол, байр суурь, мэргэжлийн мэдлэг нь та бүхэнд хангалттай хүрч чадахгүй байгаа юм байна гэдэг дүгнэлтэнд хүрээд байна.

           

Тиймээс та бүхэнд энэхүү захидлыг бичихээс өөр аргагүйд хүрлээ.

           

Учир нь би мал эмнэлгийн салбарын бүх ээдрээтэй, эргэлзээтэй, алдаа дутагдалтай бүхэнд хүрч чадахгүй нь ойлгомжтой. Цаг хугацааны хувьд ч, хэр чадал боломжийн хувьд ч ганц хүн ийм өргөн хүрээтэй салбарын бүгдэд нь хүрэлцэх боломжгүй.

            Тиймээс өөрийн мэргэшсэн чиглэлд ойрхон, манай салбарынханд нилээд түгээмэл хамааралтай бөгөөд мэргэжлийн хүний нүдээр харахад нилээд  ноцтой зөрчил бүхий асуудлуудаар дуу хоолойгоо нийгэмд болон та бүхэнд хандаж гаргасаар байгаа.

            Учир нь мал эмнэлэг бол нийгмийн өмнө маш том бөгөөд олон үүрэг хүлээсэн салбар.  Түүний дотроос нийгэмд түгээмэл хамааралтай нь хэд бий.

            Үүнд.

  1. Мал эмнэлэг бол нийгмийн буюу нийтийн эрүүл мэндийг хамгаална
  2. Мал эмнэлэг бол хүнсний аюулгүй байдлыг хамгаална
  3. Мал эмнэлэг бол гадаад, дотоод худалдааны чөлөөт байдлыг хангана гэх мэт.

Мал эмнэлгийн эрх ашгийг хамгаалан тэмцэж байгаа энэ үйл хэрэгт юуны өмнө надад болон ММЭХ-нд дэмжлэг үзүүлэх субъект нь малын эмч нар Та бүхнийг л гэж би итгэж байгаа.

Миний зүгээс юуны өмнө голлон анхаарал хандуулж байгаа  нь манай мал эмнэлгийг нийгмийн өмнө бодлогогүй,  хүчгүй, үлбэгэр бөгөөд чадамжгүй муухай харагдуулж байгаа улмаар манай салбарын хөгжлийг боймлож буй гэж үздэг дараах цөөн асуудлууд. 

Үүнд.

  1. Боловсон хүчний хомсдол ба буруу байршуулалт. Мэргэжлийн бусчууд мал эмнэлгийн салбарыг эзэгнээд, улмаар уналт, сүйрэлд хүргэж байгаа байдал,
  2. Хууль бус, зүй бус, хэрэгцээ, шаардлагагүй бөгөөд чанаргүй, хуурамч, дуураймал эм, биобэлдмэлийн наймаа,
  3. Шинжлэх ухааны буюу хамгийн наад зах нь ямар нэгэн эпидемиологийн судалгаагүйгээр явуулж байгаа аливаа өвчинтэй тэмцэх, сэргийлэх арга хэмжээ,
  4. Улс төр, засаглалын эргэн тойронд байгаа албан тушаалтан, малын эмч нар болон малчдын мэдлэг, мэдээлэл дутуу байгаа байдал дээр тоглолт хийж хувийн, бүлэглэлийн, гадаадынханы хууль бус БИЗНЕСийн сүлжээг оршин тогтнох хугацааг зориудаар санаатайгаар уртасгаад байгаа манай мэргэжил нэгтнүүд болон бусад этгээдүүдийн үйлдэл гэх мэт. 

Тэмцэл бол амаргүй байгаа. Надад бол байнга хортой, хохиролтой. Гэвч би тэмцэхгүй бол хэн тэмцэх вэ?, одоо тэмцэхгүй бол хэзээ тэмцэх вэ? гэсэн хатуу бодол надад бараг л оюутан цагаас суучихсан юм.

Тэгээд ч би одоо Монголын мал эмнэлгийн холбооны Ерөнхийлөгчийн ажлыг хийж байгаа учраас Малын эмч нарын, мал эмнэлгийн, нийгмийн эрх ашгийг манай салбараар дамжуулан зөрчиж байгаа аливаа асуудлын талаар өөрийн дуу хоолойгоо гаргах нь үүрэг гэж үзэж байгаа. Гэвч заримдаа гадныханы болон мэргэжлийн бусчуудын, манай салбарыг бохир бизнесийн сүлжээнд оруулсан зарим этгээдүүдийн  нөлөөнд автсан  цөөн малын эмч нарт миний дуу хоолойгоо гаргаж буй байдал таалагдахгүй байхыг үгүйсгэхгүй. Гэвч би өмнө нь ч, одоо ч, цаашид ч манай салбарыг эрүүлжүүлэхийн төлөө дуу хоолойгоо гаргасаар байсан бөгөөд байгаа, байх ч  болно. Асуудал бол олон байгааг та бүхэн ч мэдэж байгаа байх гэж найдаж байна. Дуугарахгүй л байгаа болохоос.

Ингээд сүүлийн үед манай мал эмнэлгийн салбарт нүүрлээд байгаа, тэгэхдээ ил далдуур малын эмч нар та бүхэнд хүчтэй нөлөөлөөд байгаа, малын эрүүл мэнд, нийтийн эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдалд  ОНЦ НОЦТОЙГООР хохирол учруулах хэмжээнд хүрчихсэн цөөхөн асуудлуудаар та бүхэнд хандаж буй минь энэ шүү.

Надад болон ММЭХ-ны хувьд мал эмнэлгийн аль нэг талбарт нь  асуудал гарсан тухай бүрт бүх малын эмч нарт богино хугацаанд хүрч нүүр тулж ухуулга хийх, “гадаадын эксперт урьж ятгалга явуулах”,  өөрөөсөө зардал гаргаад тэднийг авчирч “сургалт” нэртэй арга хэмжээ зохион байгуулаад байх хөрөнгийн эх үүсвэр байдаггүй гэдгийг та бүхэн мэдэх байх гэж найдаж байна.

 

Иймд Та бүхэнд богино хугацаанд хүрэх арга зам нь захидал гэж л сонгож байна.

 

НЭГДҮГЭЭРТ: Тулгамдсан асуудлуудын нэг нь БРУЦЕЛЛЁЗын гамшиг болчихоод байна.

Энэ архаг явцтай халдварт өвчний эсрэг вакцинжуулалтаар дамжуулж сүүлийн 3 жилийн турш аймшигтай халдвар тараах үйл явц болсоор, би анхааруулсаар, тэмцсээр байгаа боловч МАЛЫН ЭМЧ НАР МААНЬ энэ аймшигт халдварыг гардан тараасаар л байна. Би ТА НАРЫГ түүнд битгий оролцооч ээ гэдэг уриалгыг хэдэнтээ гаргаад байгаа боловч ТА НАР МААНЬ намайг үл тоон  стандарт бус, зааврын дагуу бус, шинжлэх ухааны үндэслэлгүй, дэлхийн буюу олон улсын стандарт, зааврыг зөрчсөн үйлдлийг гардан гүйцэтгээд, өөрсдөө ч  бруцеллёзын халдвар аваад, бусдад буюу нийгэмд ч халдвар тараагаад явж байна.

Энэ ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ МАЛ ЭМНЭЛЭГ ҮРЖЛИЙН ГАЗРААС УДИРДАН ЯВУУЛЖ БАЙГАА  БИОТЕРРОРИЗМЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООХОД ТУСЛААЧ ЭЭ гэж та бүхнээс хүсэж байна.

Бруцеллёзын энэ гамшгийн талаар 2012 онд Монголын хүнсчдийн холбооны тэргүүн бөгөөд Монгол улсын засгийн газрын шадар сайдад хандаж байсан. 2014 оны нэгдүгээр сард Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, хүн ба мал, амьтны эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын удирдлага нарт хандаж байсан. Түүний дагуу зарим албан тушаалтнууд хариу ирүүлснээс дурдвал:,

 

1. Ерөнхийлөгчийн тамгын газрын даргын гарын үсэгтэй  албан тоотоор 2014.03.27-ны өдөр хариу өгсөн нь миний өргөдлийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт шилжүүлсэн тухай байв. Тэгээд түүний мөрөөр миний өргөдөлд хариу өгөхөөр цохогдсон МХЕГ-ын мал эмнэлгийн асуудал хариуцсан түшмэлээс 2014.06.09-ний өдөр нэгэн албан тоот хүлээж авав. Уг албан тоотод “...Таны гомдолд дурдсан бог малын болон үхрийн бруцеллёзоос сэргийлэх вакцины нүдэнд дусаах стандарт, зааврыг малын эмийн зөвлөл баталж, баталгаажуулаагүй байна. Иймд Мал эмнэлэг, үржлийн газраас бруцеллёз өвчнөөс сэргийлэх вакцинжуулах арга хэмжээг батлагдаагүй зааврын дагуу авч хэрэгжүүлжээ.....” гэж  Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг үржлийн газраар удирдуулсан баг ерөнхийдөө  стандартгүй, зааваргүй  вакцин хэрэглэж бруцеллийн халдвар тархаалтыг үйлдсэн гэдгийг ойлгосон бололтой  дүгнэлт гаргаж өгөв. 

2. 2014.03.31-нээр огноолсон Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын  гарын үсэгтэй албан тоотыг 3 хуудас хавсралтын хамт 2014.05.04-ний өдөр олж авав.  Уг албан тоотын хавсралтанд  “....Харин чанарын шаардлага хангахгүй вакцин нийлүүлсэн, стандартыг зөрчин үйлдвэрлэл явуулсан, захиалгаас илүү вакцин үйлдвэрлэж хадгалсан зэрэг олон зөрчил дутагдал илэрсэн тул......, .....Гэвч нүдэнд дусаах аргаар вакцинжуулалт хийхэд зориулан бруцеллёзоос сэргийлэх вакцины шингэлэгчийг цэвэр усаар солих өөрчлөлт оруулсны дараа Биокомбинат ТӨААТҮГ тус бүтээгдэхүүнийг хэрэглэх зааврыг шинэчилж, ерөнхий эмчээр баталгаажуулаагүй нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 11.1.2, 22.3 дахь заалт, ХХААХҮ-ийн сайдын 2009 оны 261 дүгээр тушаалаар батлагдсан “Малын эмийн бүртгэлийн дүрэм”-ийн 4.1.2 дахь заалтыг тус тус зөрчиж байгаа тул  2014 оноос эхлэн  дусаах аргаас татгалзан, арьсан дор тарих аргаар вакцинжуулалт хийхээр шийдвэрлээд байна...., .... бодит хэрэгцээнээс илүү вакцин захиалан 2011 оны 11 сарын 10-ны өдөр №02 дугаар гэрээ байгуулж, онцгой шаардлагагүй вакциныг улсын нөөцөд авсан болох нь тогтоогдсон тул....., ...Гэтэл Мал эмнэлэг, үржлийн газрын удирдлагууд батлагдсан заавар, графикт хугацааг зөрчин 2011 оны 10 сарын 25-ны өдрөөс 12 сарын 5-ны өдрийн хооронд вакцинжуулалт хийх удирдамж өгч мэргэжлийн ноцтой алдаа гаргасны улмаас иргэд хохирсон болохыг мэргэжлийн байгууллагууд тогтоосон боловч тэдгээр албан тушаалтнуудад тухайн үед нь хариуцлага тооцоогүй байна...., ...Бид таны өргөдөлтэй холбогдуулан мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой аливаа зөрчил дутагдал гаргахгүй байх талаар анхаарч ажиллахыг МЭҮГ-ын удирдлагуудад үүрэг болгосныг үүгээр мэдэгдэж байна...  ” гэхчлэн миний өргөдөлд дурдсан нилээд олон асуудлуудаас ҮХААЯ-ны ХШҮДАГ болон МЭҮГ-т ажилладаг  нөхдүүд өөр өөрсдийн ойлголт мэдлэгийнхээ хэр хэмжээндээ хариулах гэж  оролдсоныг дурдсан байв.

Эндээс БРУЦЕЛЛЁЗЫН ВАКЦИНЖУУЛАЛТ буруу замаар явагдсан нь батлагдсаныг харж болохоор байгаа юм.

ХОЁРДУГААРТ: Олон жилийн турш үргэлжилж буй химийн гаралтай эмүүдийн зүй бус хэрэглээ, хууль бус эмийн сурталчилгаа, худалдааг одоо тодорхой хэмжээгээр хязгаарлахгүй болбол малын эмч нар та бидний зөвхөн өөрийнхөө орлогыг бодсон, хувиа хичээсэн ЭМИЙН НАЙМАА АРИЛЖАА  манай улсын нийгмийн буюу нийтийн эрүүл мэндэд НОЦТОЙ ХОХИРОЛ учруулах хэмжээнд хүрчээ.

Манай улс зах зээлд орсны дараахан нэгэн улс төрч хэлэхдээ аливаа нийгэм хөлөө олж ядаж байхад шинэ тутам бизнес эрхэлж буй  бизнесменүүдээс эхний 1000 долларыг хэрхэн олсныг асуудаггүй юм гэнэ лээ гэж хэлж байсан юм. Бодвол жаахан буруу аргаар ч гэсэн эхний 1000 долларыг босгож болох нь л дээ. Тэр жишгээр бид ч ивомек мэтийн эмийг хангалттай олон жил худалдаж дундаас нь ашиг олж амьдарлаа шүү дээ. Тэгээд 1000 доллараа олчихсон гэж бодож байна. Одоо зөв замаараа, үнэнч шударгаар, эмийнхээ сурталчилгааг зөв хийгээд, сайн чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэгчиддээ зөв таниулж, зааврын дагуу, яг зориулалтаар нь, зөв цаг хугацаанд нь хэрэглүүлээд явахад болох цаг болжээ гэж үзээд ТА БҮХНИЙГ ХИМИЙН ХОРТОЙ ЭМИЙН УХУУЛГА,  ХЭРЭГЛЭЭНЭЭС АЛЬ БОЛОХ ТАТГАЛЗАХ бодлого барьж ажиллаач ээ гэдэг уриалгыг хүргэж байна. Өнгөрсөн жилүүдэд манай нийгэм даяар түгээмэл болсон нэг буруу хандлага  бол эм, вакциныг л их хэмжээгээр хэрэглээд байвал мал эрүүлжээд байдаг гэх гаж ойлголт. Тэгээд жишээ нь ивомек бол мал таргалуулдаг, паразитын халдалтаас урьдчилан сэргийлдэг эм гэдэг буруу, хуурамч ухуулга сурталчилгаанд  улсын ерөнхийлөгчөөсөө эхлээд энгийн иргэн хүртлээ хууртсан. Одоо ч энэ ухуулга сурталчилгаа үргэлжилж байгаа. Энэ мунхруулгаас нийгмийг ангижруулах,  гэгээрүүлэгч хүч нь малын эмч нар та бидэнд байна.

Мал эмнэлгийн зориулалттай эм бүтээгдэхүүн үйлдвэрлэж, импортолж, худалдан борлуулдаг компани, аж ахуйн нэгжүүд нь төчнөөн төгрөгний эм борлуулж өгвөл төдөн төгрөгний, төдөн хувийн урамшуулал олгоно гээд хууль бус ухуулга сурталчилгаа ч хийгээд явж байгаа мэдээлэл олонтаа сонсогдож байна.

Та бид нийгмийн эрүүл мэндийн өмнө асар том хариуцлага үүрэг хүлээсэн мэргэжилтнүүд гэдгээ ухамсарлаж, түүнийгээ үйлдэл, үйл ажиллагаагаараа харуулах цаг болжээ. Эрүүл мэндээ алдвал бүхнээ алдана гэж нэг үг байдаг даа. Голдуу мах, сүү зэрэг малын гаралтай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэгч манай орны нийт ард иргэдийн эрүүл мэнд нь мал, амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүн дэх эм, химийн хорт бодис, нэгдлийн үлдэгдлээр дамжин дөрвөн улирлын турш хордох эрсдэлтэй байгаа бөгөөд  малын эмч нар та бидний худалдан борлуулж буй химийн гаралтай эмүүд нь хордлогын үндсэн шалтгаан болж байна шүү!!!. 

Ер нь энэ удаагийнхаа захидлын төгсгөлд гол санаагаа нэгтгээд дүгнэн хэлэхэд өнгөрсөн жилүүдэд манай мал эмнэлгийн салбарт нүүрлэсэн муу, муухай бүхэн, мал эмнэлгийг бидний сонгож авсан нийгмийн жишиг рүү оруулж хөгжүүлэхгүй байгаа гол хаалт нь эм, биобэлдмэлийн зүй бус, хууль бус, чанараар өрсөлдөх бус хямд үнээр өрсөлддөг наймаа худалдаа, түүнийг тосож аваад малын бие махбодод оруулж, түүгээр дамжуулан хүний бие махбодыг хордуулж, экологийн цэвэр-ногоон мал сүрэг болон түүнийхээ бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг бууруулж байгаа малын эмч нар та бидний үйлдэл болж байна.

Иймээс бүгдээрээ хэн ч юу ч хэлсэн юу билээ гэж эргэцүүлж боддог байхгүй болбол бид мал эмнэлгээр “тоглоом хийгчид”-ийн тоглоомын хэрэгсэл болсоор дуусах нь байна шүү!!!!

Өөрсдийн мэргэжлийн үйл ажиллагаандаа шинэ хандлага бий болгоцгооё.

 

Монголын Мал Эмнэлгийн Холбооны Ерөнхийлөгч...............    .......................Ц.Өлзийтогтох