Барьцаа
Манай улсын амьтны эрүүл мэндийн алба бүхэлдээ барьцаалагджээ. Малын эмчийн мэргэжил, мал эмнэлгийн албаны салбарууд, дэд бүтэц хэрхэн барьцаалагдсаныг нүдэнд харагдаж, гарт баригдаж буй баримт түшин тоочьё.
Мэргэжил эзэмшихүй
Мэргэжлийн сургуулийн босгыг даваад, стандарт хөтөлбөрийн дагуу сурч, дадлагажин, гарааны чадвар буюу мэргэжлийн практикийн босго давах түвшний мэдлэг, ур чадвар, хандлага эзэмшсэн төгсөгчийг мэргэжилтэн буюу мэргэжил эзэмшигч гэнэ. Мэргэжил эзэмшигч нар сургуульд уралдан элсэж, суралцах хугацааны турш өрсөлдөж, төгсөлтийн барианд орсон эрэмбээрээ практикт ажлын байр эзэмшигч болно, эндээ наад зах нь хоёр жил туслах эмчээр ажиллаж, мэргэжил эзэмшсэнээ нотлоно. Шинэ төгсөгч зөвхөн практикт ажиллах эрхтэй тул бакалавр буюу “гоонь мэргэжилтэн” гэнэ.
Мэргэжил эзэмшигчээ нотлосон бакалавр мэргэжлийн шалгалтанд орж, мэргэжилтэн болсоноо батлаж, “малын эмч” гэдэг цол авна, цолтой малын эмч практикт бие даан мэргэжлийн бизнес эрхлэх, амьтны эрүүл мэндийн дэд бүтцийн олон салбарт ажиллах эрхтэй болно, мэдлэг, ур чадвар, туршлагааажил, үйлчилгээ, бараа, бүтээгдэхүүн, бүтээл болгон борлуулна, өөрийн гэсэн зах зээлтэй болно. Практикт хүлээн зөвшөөрөгдсөн амьтны эмчийн хөрвөх чадвар өдөр дутам нэмэгдэж байдаг. Мэдлэг нь ухаан, ур чадвар нь эрдэм, хандлага нь сэтгэл болж боловсорсон сайн эмч сайн эмнэлэгтэй болно, улмаар сайн малчин, магистр шинжээч, доктор судлаач, зөвлөгч, багш, дасгалжуулагч, профессор, түшмэл, түнш, хувь нийлүүлэгч болно.
Мэргэжил барьцаалахуй
Мэргэжлийн сургуулийн хөтөлбөрийн дагуу сурч чадаагүй, мэргэжилтний гарааны чадварыг хагас дутуу эзэмшсэн юмуу огт эзэмшээгүй мөртлөө мэргэжлийн үнэмлэх худалдаад, хулгайлаад, гуйгаадавчихсан “төгсөгчийг” мэргэжил барьцаалагч гэнэ. Тэд мэргэжлийн практикийн босго давахгүй, уралдаанд барианд орохгүй, барианы зурхайд ч хүрэхгүй, иймээс практикийн дэвжээнд гарахгүй.
Эдүгээ мал эмнэлгийн сургуулийн төгсөгчдийн дийлэнх олонхи нь мэргэжил барьцаалагчид юм. Тэд цаашид мэргэжлийн ажлын байр, албан тушаалыгхудалдан авч, хулгайлж, гуйжбарьцаална. Барьцаалагч мэргэжлийн ажил, үйлчилгээ, үйлдвэрлэлийг стандартын дагуу эрхлэж чадахгүй, тэд хэрэглэгчдийг залилан мэхлэх, хулгайлахаас өөрийг хийхгүй.
Мал эмнэлгийн сургууль барьцаанд байна. Барьцаалагчид элсэлт зарна, мэргэжлийн сургуулийн босго алга болжээ, хүссэн бүхэн хямдхан төлбөр төлөөд элсэж болно. Сургалтын төлбөр хямд, хэн ч төлж чадна, үнэмлэхийг нь авч чадахгүй байлаа гэхэд харамсахааргүй хямд төлбөртэй. Сургалтын хөтөлбөр, түүний хэрэгжилтэрэмдэг зэрэмдэг, оюутанд хэрэгтэй мэдлэг, ур чадварыг эзэмшүүлж чадахгүй байна, мэргэжлийн хандлага суулгах талаар ярилтгүй, бүр эсрэгээрээ, сурах хүсэл тэмүүллийг нь унтрааж байна.
Хэрэггүй байлаа ч чадах юмаа шахна, хэрэгтэй байлаа ч чадахгүй зүйлээсээтойрно, товчлоно, оромдоно, бие даалгана. Сургууль хүчин чадлаасаа хэд дахин давсан олон оюутан “элсүүлж” байна, шинэ мэргэжил зохиож хуурч байна, гурван ч “мэргэжил” зохиож, 5 жилийн хөтөлбөрийг 4жилийнхболгож үзэв, 3 жилийнх болгож үзэв, сүүлдээ 6 сарын “хөтөлбөрөөр”хэдэн зуун диплом зарлаа, 8-р анги төгссөн хүн 6 сар үзэгдээд малын их эмчийн дипломтой болсон тохиолдол байна, 5 жилд 2 хөтөлбөр “дүүргээд”, 2 дипломтой, 2 “мэргэжилтэй”, 2 энгэрийн тэмдэгтэй “малын их эмч” зуу зуугаараа “төгслөө”.
Сургуулийн удирдлага, профессоруудын албан тушаал мэргэжилгүй сайн дурын уран сайханчид, хуурамч болон дууриамал доктор, “профессоруудын” барьцаанд, төгсөлтийн шалгалт дипломын панзчингуудын барьцаанд байна.Барьцаанд олон жил байгаа профессорын индэр, сургалтын лабораториуд сайн дурын уран сайханчид, хуурамба нар, захирал хийгээд профессорын албан тушаал барьцаалагчдын бууны зөнөг ноход, хөлсний ховч зусарч нар, төлбөртэй шар тайлагчид, завхайчуудын асрамжийн газар, бирдийн сүнс хоргодож, буг шүглэсэн чөтгөртэй харанхуй булангууд болоод удаж байна.
Мэргэжлийн сургуулийн босго өндөр, төлбөр нь сургалтын өртөгтөө тохирсон зохистой байх хэрэгтэй. Өндөр босго давсан, зохих төлбөрөө төлсөн оюутан мэргэжлийн гарааны чадвар эзэмшсэн төгсөгч байхын төлөө хичээнэ, ийм хэмжээнд сургах профессоруудыг урина.
Сургалтын хөтөлбөрийг хөгжсөн орнуудын түвшинд хүргэх, профессоруудыг сайн үзүүлэлтээр ил тод уралдуулан сонгох(нууцаар бус, сонгочихоод шалгаруулж бус), сургалтыг олон улсын түвшинд хүргэх, өөрийн орны давуу талыг, боломжийг ашиглах, төгсөлтийн шалгалтыг хөндлөнгийн, хараат бус, шударгаболгох зэрэг зарчмыг хэрэгжүүлэх замаар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн бэлтгэх, хөгжсөн орнуудын оюутныг сургах хэмжээнд хүртэл дэвжсэн сургуультай болох боломж байна. Юуны өмнө төгсөлтийн шалгалтыг дипломын панзчингуудын барьцаанаас гаргаж, амилуулж, мэргэжил барьцаалах явдлыг халах хэрэгтэй байна.
Мэргэжлийн практикийг барьцаалахуй
Мал эмнэлгийн үйлчилгээний хүрээ буюу малын эмчийн бизнесийн дэвжээг практик гэдэг. Амьтны анагаах ухааны практик мэргэжлийн бизнесийн эртний салбар бөгөөд олон жилийн баялаг түүх, туршлагатай. Төгсөлтийн шалгалтаар малын эмчийн гарааны чадварын ерээс дээш хувийг эзэмшсэнээ нотлосон бакалавр, мэргэжлийн шалгалтанд ерээс дээш хувийн үзүүлэлтээр малын эмч цол авсан, цолоо батласан мэргэжилтэн практикт ажиллах эрхтэйг хуульчлах замаар практикийг барьцаанаас хамгаалдаг туршлага байна.
Мэргэжлийн шалгалтнь мэргэжил нэгтнүүдийн буухиа уралдааны өртөөчилсөн бариа бөгөөд тэдний мэргэжлийн бизнесийн дэвжээнд гарах, байрлах, тоглох эрэмбийг тодорхойлно, малын эмч бүр энэ буухиа уралдаанд түрүүлэх, айрагдах, цулбуур өгөхийн төлөө өрсөлдөнө.
Мал эмнэлгийн сургуулийн олонхи “төгсөгч” “мэргэжлээ” орхиж байна. Элсэлтийн босго давах гэж, сургалтын төлбөр төлөх гэж, сурах гэж, төгсөлтийн шалгалтанд тэнцэх гэж эрч хүчээ зараагүй болохоор харамсах зүйлгүй.
Дийлэнх олонхи төгсөгчид мэргэжлийн практикаас айж, зугатааж байна, тэнд очих итгэлгүй, зориггүй, сэтгэлгүй байна, сургууль үүнийг суулгаж чадахгүй байна. Сургууль барьцаалсан үхэр, адуу ялгахгүй сайн дурын уран сайханчид, хуурамба нар мэргэжлийн нэр хүндийг унагаж, хөдөөг, хөдөөгийнхнийг, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг, амьтны анагаах ухааны практикийг гутааж, залуусыноргилсон эрч хүчийг нь унтрааж, зоригийг нь мохоож, сэтгэлийг нь хөргөснөөр тэд сонгосон мэргэжлээсээ арга буюу зугатаж байна.
Төгсөгчдийн хэт цөөнх нь мэргэжлийн практикт очиж байна, тэд амьтны анагаах ухааны клиник үйлчилгээ буюу амьтны оношилгоо, эмчилгээг огт хийхгүй, хийж чадах ч үгүй, тэдэнд мэдлэг, ур чадвар, итгэл, зориг байхгүй, тэд хоёр гуравхан “үйлчилгээг”барьцаална. Эдүгээ хувийн мал эмнэлгүүд багийн малчин өрхийн тоог, малчдын малын тоог, төсвөөс “санхүүжүүлдэг” хэдэн өвчнийг барьцаалжээ.
Айлын малын тоог нууцаар Төрийн мал эмнэлгийн алба хэмээх ломбарданд тавьж, “вакцины хөлс” авдаг гарууд мянга дөхөж байна. Тэдний гол “үйлчилгээ” нь малын тоо вакцинжуулах, үүнийгээ өнгөлөн далдлаж, дүр эсгэж цөөн айлын малыг тарина, хэдэн айлд вакцин өгнө, үлдсэн айлуудыг төлөөлж гарын үсэг жагсаана, Засгийн газар хуурамч гарын үсгийн жагсаалт санхүүжүүлнэ. Улаанбаатар хот, аймгийн төвүүдэд мэргэжил барьцаалагч хүнд гарууд олон баг, сумын малын тоог барьцаалж, төсвөөс хэдэн зуун саяар нь хулгайлж байна.
- барьцаалагчид малчдын зах зээлийг барьцаалжээ. Малчид – үйлдвэрлэгчид мал, бүтээгдэхүүн, түүхий эдээ зах зээлд борлуулахын тулд “малын эмч” нарт мөнгөө хураалгаж, гэрчилгээгээчийг авна, тэр гэрчилгээ нь мал, бүтээгдэхүүн, түүхий эдийн эрүүл, цэвэр, аюулгүй байдлыг бус, зөвхөн хэдэн төгрөг дээрэмдүүлсэнийг нотлоно, иймээс малчдын борлуулалтанд нь нэмэр болохгүй, бүр саад тээг болж байна, гадаад, дотоодын худалдан авагчид энэхүү гэрчилгээнд итгэхгүй байна.
“Малын эмчийн итгэмжлэл” хэмээх үнэмлэх зарах үйлдлийг зогсоож, мэргэжлийн цол олгох, цолны хугацааг сунгах шалгалт болгон 2 – 3 жил дутам шударга зохион байгуулж, мэргэжил барьцаалагчдыг практикийн босгоор алхуулахгүй байх хэрэгтэй. Хууль тогтоомжийг өөрчилж, малчин өрх, малын тоо, зах зээлийг барьцаалдаг нөхцлийг арилгаж, улмаар малчид өөрсдөө малын эрүүл мэнд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хариуцдаг, төлбөр төлдөг болсоноорхариуцлагагүй хэрэглэгчийн өмнөөс татвар төлөгчид барьцаалагч нарт дээрэмдүүлдэг эргүү зарчмыг халах хэрэгтэй.
Төрийн амьтны эрүүл мэндийн албыг барьцаалахуй
Төрийн амьтны эрүүл мэндийн алба бүх шатандаа улс төрийн бүлэглэлүүдийн барьцаанд байна. Бүлэглэл хэссэн улс төрчийн дагуул, мэргэжлийн практикаас зугатагч – мэргэжил барьцаалагч нар хийгээд мэргэжилгүй сайн дурын уран сайханч нар төрийн албаны түшмэлийн ажлын байруудыг барьцаалжээ.
Төрийн алба хийх ажлаа хийдэггүй, үүргээ биелүүлдэггүй, хариуцлага хүлээдэггүй, ийм учраастөрд амьтны эрүүл мэндийн зөв бодлого алга, сайн хууль тогтоомж алга, сайн шийдвэр гарахгүй байна.
Түшмэлийн албыг барьцаалагчид бусдын өмнүүр ордог. Тэд мэргэжлийн практикийн ажилд хошуу, гар дүрж, вакцинжуулалтын тоо бүртгэгч, шахааны эмийн няравын үүрэг гүйцэтгэж байна,хэрэглэгчдийн шаардлагыг барьцаалаад, малчид – үйлдвэрлэгчдэд хүргэхгүй байна,малчдын эрх, үүргийг барьцаалсанаартэдмал сүргийн эрүүл мэнд, амар амгалан, хүнсний аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлэхэд нь, мал аж ахуйн зах зээлийг барьцаалаад малчид – үйлдвэрлэгчид мал, бүтээгдэхүүн, түүхий эдээ дотоод, гадаад зах зээлд борлуулахад нь саад тээг болж байна.
Засгийн газарт амьтны эрүүл мэндийг эрхэлсэн нэгдсэн алба байхгүй. Амьтны эрүүл мэнд, амар амгалан, нийтийн эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, аюулгүй худалдаа, гадаад орчны асуудлыг олон яам, агентлаг мөчлөн барьцаалжээ. Мал эмнэлгийн нэр зүүсэн агентлаг нь өрөөл дутуу бүтэцтэй, яамны малын өвчин барьцаалж мөнгө угаадаг тасагтөдий ажилтай, мэргэжлээ орхиж үйлдвэрлэлээс зугатаасан зоотехникч нарын асрамжийн газар болжээ.
Агентлагийн дарга нь албан үүргээ байтугай албан тушаалын нэр, зэрэг дэвээ ч мэдэхгүй, “Монгол улсын малын ерөнхий эмч”гэсэн нэрийн хуудас духан дээрээ наачихаад, мөнгө угаалгын тоо бүртгэгч, шахааны эмийн нярав төдий ажилтай, татвар төлөгчдийн олон тэрбум төгрөгийг үрэн таран хийж, хулгайд алдчихаад хариуцлага хүлээдэггүй нэгэн.
Төрийн албанд “эмч” ажиллахгүй, түшмэл ажиллана, Chief veterinary officer гэдэг нь “мал эмнэлгийн тэргүүн түшмэл” гэсэн үг, түшмэл гэдэг томьёолсон нэрийг officer гэдгээс эрт хэрэглэсэн ч байж магадгүй. Малын эмчийн мэргэжлээ орхиж, мэргэжлийн практикаас зугатаж, түшмэлийн суудал барьцаалагч нар “эмч” гэдэг үгийг духандаа нааж, “аймгийн ерөнхий эмч”, “сумын ерөнхий эмч” гэж цээжээ дэлдэх ч вакцины тоо бүртгэгч, түгээгчээс хэтрэхгүй ажилтай. Ийнхүү төрийн мал эмнэлгийн албанд сайн түшмэл алга, төрийн албыг бэхжүүлэх, түшмэлийг сургах гэж олон жил, дотоод, гадаадын олон төслийн маш их мөнгө зарлаа, бүр дордлоо.
Төрд амьтны эрүүл мэндийн зөв бодлого, сайн хууль тогтоомж хэрэгтэй байна, амьтан эзэмших, ашиглах, эрүүл мэнд, амар амгаланг нь хамгаалахад Засгийн газар, аймаг, сумын Засаг даргын оролцоо, чиг үүрэг, үүрэг, хариуцлагыг зааглан, зөв тодорхойлсон амьтны эрүүл мэндийн хууль хэрэгтэй байна, малынтоо, мал аж ахуйн зах зээлийг барьцаалагчдыг тэжээж буй одоогийн хуулийг нэн даруй хүчингүй болгомоор байна.
Засгийн газарт оновчтой,зөв бүтэцтэй амьтны эрүүл мэндийн нэгдсэн, цомхоналба, сайн шийдвэрийн эх зохиогч, хариуцлагатай, сайнтүшмэлхэрэгтэй. Сайн түшмэл практикаас төрнө, практикийн сорилтыг давсан, мэргэжлийн шалгалтанд тэнцсэн цолтой малын эмч төрийн албаны уралдаант шалгалтанд тэнцэж түшмэл болдог журам тогтоох хэрэгтэй байна.
Амьтны эрүүл мэндийн дэд бүтцийн салбаруудыг барьцаалахуй
Амьтны эрүүл мэнд, амар амгалан, анагаах ухааны судлагаа, шинжилгээний салбар хуурамба нартбарьцаалагджээ, байгууллагууд нь сул дарга нар хийгээд хуурамба нарын сурлага муутай хүүхдүүдийн ясли болжээ. Сайн судлаач, шинжээч практикаас төрнө. Хөгжсөн орнуудад практикийн сорилтыг давсан, мэргэжлийн шалгалтанд тэнцсэн цолтой малын эмч магистрын сургуульд өндөр босго давж элсэнэ, манайд бол практикт ажиллаагүй, мэргэжлийн шалгалт өгөөгүй, малын эмч болоогүй мөртлөө диплом худалдаж, хулгайлж, гуйж авсан сарааз магистр, сарааз докторууд судлагаа, шинжилгээний лабораториудыг барьцаалжээ.
Малын эрүүл мэнд, амьтны анагаах ухааны салбарт олон жилийн турш олон хөтөлбөр, төсөл санхүүжүүлсэн боловч үйлдвэрлэл, практикт нэвтэрч хэвшсэн сайн үр дүн нэн ховор. Барьцаалагчид мал сүрэг, нутаг усыг вакцинжуулах, эмжүүлэх, “ариутгах” “төслүүдийг” шахаж, мөнгө угааж өдөр хоног өнгөрөөнө, “эрдэмтэд”, “түшмэд” хамсаж угаасан мөнгөний хэмжээ хэдэн арван тэрбумаар өсөн нэмэгдсээр байна. Судлагаа, шинжилгээний ажлын захиалагч, хэрэглэгч алга, үйлдвэрлэгч, хэрэглэгч нарт ийм боломж олгохгүй байна, хуурамба нар тэдний өмнөөс өөртөө таарсан “төсөл”“боловсруулна”, “шалгаруулна”, өөрөө “шалгарна”, “хэрэгжүүлнэ”, “үнэлнэ”, мөнгө угаана.
Мал эмнэлгийн эм, багаж, тоног төхөөрөмжийн үйлдвэр, хангамжийн байгууллагууд төрийн төсөвт вакцин, “угаалгын бодис”, “туулгалтын бодис”, “ариутгалын бодис”, “оношлуур”, зөөврийн хашаа, “ариутгалын” шүршүүр, вакцины “автомат” тариур, “туулга” олгогч, нэг удаагийн тариур, нэг удаагийн амны хаалт, нэг удаагийн халаад гэх мэтийг шахаж, мөнгө угаасаар л байна. Төрийн албаны түшмэлүүдмөнгө угаагчдын тоо бүртгэгч, нярав хийхийн төлөө сонгуулийн бүлэглэл бараадаж, цүнх барьж гүйдэг аж.
Сүүлийн үед Биокомбинат шахаачаас сайн түнш болох тийш хандлагаа өөрчилж буй нь том ололт, тэд авлигач түшмэл, эм шахаач хулгайч нартай хамсаж, төсвийн мөнгө угаахаас татгалзаж байгаа нь сайн хэрэг, баяр хүргэе.
Мэргэжлийн ашиг сонирхлыг хэрхэн хамгаалах вэ?
Мэргэжлийн ашиг сонирхол гэж юу вэ?Эзэмшсэн мэргэжлээрээ ажилтай, орлоготой байж, хүлээн зөвшөөрөгдөж, сэтгэл ханамжтай, чинээлэг аж төрөхийн төлөөх хичээл зүтгэл, тэмцэл юм. Эдгээрээс хамгийн чухал нь мэргэжлээрээ хүлээн зөвшөөрөгдөхүй юм. Үйлчлүүлэгч нартаа, өрсөлдөгч нартаа, баг, сум, аймаг, улс, олон улсын түвшинд, мэдлэг, ур чадвар, туршлага, бүтээлээрээ танигдаж, ажил, үйлчилгээ, бүтээгдэхүүнээ зарж, борлуулж, насан туршдаа сэтгэл хангалуун, таашаалтай амьдрахын тулд мэргэжил сонгож, эзэмшиж, ашиглаж, хэрэглэдэг аж.
Мэргэжлийн практик бол мэргэжил нэгтнүүдийн өрсөлдөөний талбар юм. Шударга өрсөлдөөн нь мэдлэг, чадвар, туршлагаараа уралдаж, бие биенээсээ сурч, бие биенээ дэмжиж хамтран аж төрөх арга юм. Мэргэжлийн холбоо мэргэжил нэгтнүүдийн өрсөлдөөнийг зохицуулж, шударгаар өрсөлдөх нөхцлийг бүрдүүлж ашиг сонирхлыг нь хамгаална.
Ашиг сонирхлыг хэн хэрхэн зөрчдөг вэ?Мэргэжил барьцаалагчид мэргэжил эзэмшигчдийн ашиг сонирхлыг зөрчдөг, энэ нь тус улсын амьтны эрүүл мэндийн салбарт хавтгайрчээ. Мэргэжил эзэмшигч ховордож, нүүр тахлах малын эмч нар цөөрлөө, мэргэжил, ажил, албан тушаал барьцаалагчид хаа сайгүй дүүрлээ. Тус улсын амьтны эрүүл мэндийн алба шиг ингэж барьцаалагдсан алба хаа ч байхгүй байх аа.
Мэргэжил эзэмшигчдийг урамшуулан дэмжиж, барьцаалагчдыг шахан зайлуулах нь мэргэжлийн холбооны гол чиг үүрэг. Сүүлийн жилүүдэд Монголын мал эмнэлгийн холбоомэргэжил эзэмшигчдийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлийг сонгож, идэвхтэй ажиллаж байна, мэргэжил, ажил, үйлчилгээ, албан тушаал барьцаалагчидтай тэмцэж байна, эхний үр дүн гарч байна, дараагийн амжилтууд ойртож байна.
Амьтны эрүүл мэндийн салбарыг барьцаанаас гаргахын тулд юу хийх вэ?
Юуны өмнө, нэн даруй Үндэсний мал эмнэлгийн мэргэжлийн зөвлөл байгуулж, ажиллуулах хэрэгтэй, энэ зөвлөл нь:
• Мэргэжлийн сургуулийн сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжилж батлана.
• Мэргэжлийн боловсролын стандартын мөрдөлтийг хянана, зөрчлийг илрүүлж, арилгуулна, хариуцлага тооцно.
• Мэргэжлийн сургуулийн төгсөлтийн шалгалтыг зохион байгуулна, хөндлөнгийн хараат бус, шударга шалгагч байна.
• Малын эмчийн мэргэжлийн шалгалтыг зохион байгуулна, мэргэжлийн цол олгоно, цолны хугацааг сунгана, цолтой эмч мэргэжлийн ажил, үйлчилгээ, үйлдвэрлэл эрхлэх эрхтэй байна.
• Мэргэжлийн үйлчилгээний стандартын мөрдөлтийг хянана, зөрчлийг илрүүлж, арилгуулна, хариуцлага тооцно.
• Мэргэжлийн ёс зүйн стандартын мөрдөлтийг хянана, зөрчлийг илрүүлж, арилгуулна, хариуцлага тооцно.
• Төрийн хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилт, нөлөөллийн судлагаа хийнэ, үнэлгээ өгнө, дүгнэлт гаргана, зөвлөгөө өгнө, шаардлага тавина.
Мэргэжлийн холбоо, зөвлөлийн чиг үүрэг нь мэргэжил эзэмшигчийг мэргэжил барьцаалагчаас хамгаална, мэргэжил эзэмшихүйг хөхиүлэн дэмжиж, мэргэжил барьцаалахуйг үндсээр нь устгана.
Барьцаанаас гарцгаая, барьцаалагчдаас сэрэмжлэгтүн, тэд айлган сүрдүүлэх, залилан мэхлэх, хулгайлахаас өөрийг хийж чадахгүй.
О. Уламбаяр
2015.11.11
Архангай, Цахир сум