(Малчны хотноос, малын бэлчээрээс мал эмнэлгийн албыг харахуй)
Монголын мал сүрэг өвчний үүр үү?
Монгол малчид малаа сайн өсгөж байна, мал аж ахуйн бүтээгдэхүүний илүүдлийн хямрал болтол малаа олшруулж байна. Эрүүл, чийрэг сүрэг унаган нутагтаа зөнгөөрөө л өсч, бас хорогдож байна. Манай улс төрчид, хоёр хөршөөсөө эхлээд наашаа харсан бүхнийг мал, мах аваач гэж царайчилж байна. Цаадуул нь авах дургүй, монголчуудын бүтээж чаддаг юмаар нь сүүлийн хорин жил хавчин боож байна. Хавчин бооход хүндтэй шалтаг хэрэгтэй, тэр нь одоогоор малын эрүүл мэндийн тодорхойгүй байдал.
Манай улс төрчид, мах үйлдвэрлэгчид, махны дамчид, төрийн мал эмнэлгийн албаны түшмэд, үйлчилгээний салбарын мэргэжилтнүүд, малчид өөрсдөө мал сүргийнхээ эрүүл мэндийн байдлыг мэдэхгүй, оросууд, хятадуудаас эхлээд гадныхан голоод байхыг бодоход ертөнцийн хамаг амьтанд тусч болох бүх өвчний үүр юм байна гэж итгэсээр байна. Одоо тэр шавчихсан, барьчихсан өвчнүүдээс нь хэдэн малаа эрүүлжүүлэх юм байна, татвар төлөгчдийн болон хандив, тусламжийн их мөнгийг үүнд зарцуулах нь, энэ их мөнгийг үрэх төрийн албаны нэгжийг сум бүрт байгуулж байна. Монгол орон даяар “малаа эрүүлжүүлнэ” гэх хувьсгалч уриа цууриатсаар. Ямар малд нь ямар өвчнүүд шавчихаад ийнхүү уриалаад байгаа юм бол? Монгол мал, мах монголчуудад өөрсдөд нь болон гадаадынханд ямар аюул учруулж, гамшиг тарьж байсан, одоо тэр нь хир нэмэгдсэн юм бол? Тэр айхтар өвчнүүд нь гадныханд аюултай, монголчуудад аюулгүй юм уу? Эсвэл монголчууд малаасаа өвчин аваад байгаагаа мэддэггүй хөөрхийс үү?
Монголын хэдэн уугуул мал эрүүл, хэдэн мянган жилдээ монголчууд бидэнд болон гадныханд ямар нэгэн аюул занал учруулж байгаагүй, одоо ч үгүй, уугуул монгол малаас малын дэргэд өссөн бидэнд халдаая ч гэсэн халдах, тараая ч гэсэн тарах аюултай өвчин нэн ховор билээ.
Харин хоёр хөршөөс болон холоос авчирсан “өндөр ашиг шимтэй, боловсон бөгөөд цэвэр үүлдрийн малаас”бруцеллёз” авчихаад шаналж яваа монголчууд олон байна. Бруцеллёзыг монголчууд монгол малаасаа бараг аваагүй, өмнө нь орос малаас авч байсан, одоо хятад малаас авч байна.
Монгол мал бүгд зааз уу?
Монгол малчид баахан зааз малаар Монгол орныг дүүргээд, тэр хэд нь хамаг бэлчээрээ мөлжөөд, ган, зуд болоход үхээд байгаа юм байна. Ган зудад үхдэггүй, чанартай цөөн малтай байх нь дээр гэнэ. Төрийн тэжээвэр түшмэд малчдын малыг цөөлж, чанаржуулж өгөх юм байх. Гаднаас арвин ашиг шимтэй мал авчирч өөдгүй малыг нь сольж өгөх бололтой. Малаа яаж хариулах, тэжээхийг, бас хуц, ухна, бухаа яаж нийлүүлэхийг, төлөө яаж бойжуулахыг заах гэнэ. Суурин мал аж ахуй эрхлэхийг “малаа эрчимжүүлнэ” гэх хувьсгалч нэрээр нэрлээд байх шиг байна, малаа шүү. Нам засагаас суурин мал аж ахуй эрхлэх гэж олон жил мөн ч их хөрөнгө, хөдөлмөр үрсэн, гадны олон малыг нутагшуулах гээд чадаагүй дээ, харин мал сүргийн өвчлөлийг эрчимжүүлж, зарим өвчнийг амжилттай тараан нутагшуулсаны ул мөр одоо ч тодхон байна.
Эдүгээ манай нутагт түүний ааш араншинд дасан зохицож, шалгараад үлдсэн, хамгийн тэсвэртэй, чанартай, эрүүл, нутгийн уугуул хэдэн мал маань л байна. Тэмээ, адуу, үхэр, сарлаг, хонины тоо түүхэн хэмжээндээ л байна. Ямаа өссөн, тэр бэлчээр талхалсан хэргээр ял сонсчихоод байгаа. Монгол оронд 40 сая мал гэдэг олон биш ээ, гадаад зах зээл нээгдэхэд дорхноо л дундарна, нэг өвлийн зуданд дөрөвний нэг нь алга болж л байна, тараагаад зөв байрлуулчихвал монгол нутагтаа өлхөн багтахаар л байна.
Төр ийнхүү малчдын ажил хэрэгт оролцох нь 2010 оноос буцаад идэвхижлээ. Нам? засаг малыг эзэнд нь буцааж өгсөн, харин малтай нь хамт малын эзэн байх эрх, үүрэг, хариуцлагыг нь бүрэн шилжүүлээгүй, одоо ч хойноос нь зууралдсаар л байна. Мал, малчдын нэр барьж татвар төлөгчдөөр тэжээлгэх төрийн асрамжийн албад бэхжиж байна. Малын эзэнд нь буюу малчдад малаа өсгөх, сайжруулах, эрүүл байлгах, худалдах, борлуулах эрх, үүрэг, хариуцлагыг нь бүрэн, гүйцэд олгохсон.
Хэрэглэгчдийн сэтгэл ханамж
Монголчууд бид хэрэглэгчийн хувьд малаа, мал аж ахуйн бүтээгдэхүүнээ хир мэддэг вэ? Монгол мал, түүний бүтээгдэхүүн нь монголчууд бидний нэг бахархал мөн үү? Монгол мал идээшиж дассан унаган нутагтаа байгалийн зэрлэг бэлчээрт үүсч, төрж, бойждог, цэвэр агаар, ус, бэлчээрт хагас зэрлэг байдалд өссөн, эхээс цоо эрүүл төрдөг, эрүүл бойждог, өвчинд өртдөггүй, эм хэрэглэдэггүй, өсч бойжих үед нь хүний гар хүрээгүй, байр хэрэглэдэггүй, байгалийн хадлангаас өөр нэмэгдэл тэжээл хэрэглээгүй, мах, сүү нь амттай, төгс чанартай, эрүүл мэндэд тустай, байгальд ээлтэй зэрэг үзүүлэлтүүдийг мал аж ахуйн бүтээгдэхүүний нэр хүнд,үнэ, борлуулалтыг өөд нь татахад ашиглаж чадаж байна уу? Айлын хотноосоо барьж өгсөн ирэгний, зэлэн дээрээсээ барьж өгсөн шарын мах, тогооноосоо савлаж өгсөн сүү, хөхүүрээсээ хийж өгсөн айргийг хэрэглээд хир таашаал авдаг вэ?
Монгол малын мах, сүү, арьс шир, ноос ноолуурыг хэрэглэгчид ямар бодолтой, хир таашаалтай, итгэлтэй, сэтгэл хангалуун байдаг вэ, монгол малаа, монгол малчдаа тэд чин сэтгэлээсээ магтдаг уу, тэдэнд талархдаг уу?
Хэрэглэгч бид аль нутгийн хэний ямар нас, хүйс, зүсний малын бүтээгдэхүүнийг хэрэглэж буйгаа мэддэг, түншийнхээ нутаг ус, мал сүрэг, ажил үйлс, бүтээгдэхүүнээр нь бахархдаг, тэднийгээ магтан танилцуулж сурталчилдаг байх боломжтой. Үүний тулд түншээсээ борлуулж буй малын таних тэмдэг, нас, хүйс, тарга хүч, идэш ууш, эрүүл мэндийн үзүүлэлтүүд, бусдын малаас юугаараа илүү талаар баримттай мэдээлэл авч чаддаг байна гэсэн үг. Мал, бүтээгдэхүүний талаарх мэдээллийг эзнээс нь гадна түүний түнш малын эмчээс бас авдаг, хэн гэдэг малын эмчийн гэрчилсэн бүтээгдэхүүнийг хэрэглэж буйгаа мэддэг болно.
Бид хулгайлагдаад, өвчлөөд нядлагдсан, үхээд төхөөрүүлсэн, эмгэг хуучтай, өвчилсөн, хөгшин, туранхай, эдлэгдэж ядарсан малын мах хэрэглэдэг үү? Малыг цэвэр орчинд төхөөрч, тээвэрлэж, хадгалсан уу? Бид элдэв хольцгүй сүү, цагаан идээ, айраг хэрэглэдэг үү, мал өсгөгч, мах, сүү, цагаан идээ бэлтгэгч, үйлдвэрлэгчид өөрсдөө хир эрүүл, цэвэрч вэ? Бидний хэрэглэх мал, бүтээгдэхүүн эрүүл мэндийн хувьд ямар шаардлага хангасан байх ёстой вэ? Шаардлага хангасан, хангаагүйг яаж мэдэх вэ? Энэ бүхэн хэрэглэгчдийн жирийн шаардлагууд юм.
Уугуул монгол мал хүнд халддаг буюу зооноз өвчнүүдээс харьцангуй эрүүл билээ. Мал эхийн хэвлийд бүрэлдэхээсээ эхлээд, төрөх, төрсөн цагаасаа хойш эзний болон малын эмчийн хамтын хяналтанд өсч бойжно. Одоо хэрэглэгчийн хяналтанд орж байна. Малчин, малын эмч хоёр хэрэглэгч танд малын эрүүл мэнд, орчны эрүүл ахуйн байдлыг нотолсон хүчин төгөлдөр бүртгэл, баримт, гэрчилгээ үзүүлдэг, түүнд та итгэдэг, тэдэнд хүнсний чанар, аюулгүй байдлыг даатгасандаа итгэлтэй, сэтгэл хангалуун байх ёстой. Хэрэглэгч баталгаагүй буюу гэрчилгээгүй бүтээгдэхүүн хэрэглэхээс татгалздаг болж байна.
Нүүдлийн мал аж ахуйн бүтээгдэхүүн харьцангуй эрүүл, цэвэр, төгс чанартай, нүүдлийн сонгодог аргаар маллаж буй нутгийн унаган монгол мал өөрөө эрүүл өсдөг ба өвчлөх эрсдэл багатай нь бидний нэг чухал давуу тал билээ.
Суурин мал аж ахуйд гаднаас авч ирж нутагшуулж буй цагаач болон тэдний эрлийз малын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэнэ. Шинэ орчинд дасан зохицож, нутагшиж байгаа завсрын малын эрүүл мэнд, бүтээгдэхүүний аюулгүй байдал илүү эрсдэлтэй. Хүний бруцеллёзын тахал зүйн ажиглалтаас үзвэл, дийлэнхи олонхи өртөгсөд цагаач болон эрлийз малаас халдвар авсан байдаг. Хот орчимд суурин мал аж ахуй хөгжинө, гаднаас мал авч ирнэ, эрлийз мал гаргаж ашиглана. Эрлийз, цагаач малыг монгол оронд үржүүлж, ашиглахад их ухаан, хөдөлмөр, зардал, чанд хяналт хэрэгтэй.
Үйлдвэрлэгчийн баталгаа
Малчид үйлдвэрлэгчид, бас хэрэглэгчид. Тэд хэрэглэгчийн хувиар, өөрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ буюу өсгөж бойжуулсан малаа эрүүл, чанартай гэдэгт хир итгэлтэй, өөрийн хэрэглээндээ хир сэтгэл ханамжтай, бахархалтай байдаг вэ? Тэд малаа, бүтээгдэхүүнээ өөрийн хэрэглээгээр жишээлэн магтаж чаддаг уу? Ер нь тэд үйлдвэрлэгчийн хувьд хэрэглэгчдийнхээ сонирхол, хэрэгцээ, таашаал, сэтгэл ханамжийг хир мэдэрдэг, мэддэг вэ?
Малчид үйлдвэрлэгчийн хувьд өөрийн гэсэн хэрэглэгчидтэй буюу тогтсон зах зээлтэй болж байна уу, хэрэглэгчийнхээ итгэлийг алдахаас айдаг уу, бүтээгдэхүүндээ чанар, аюулгүй байдлыг нь нотолж, баталгаа өгч чадаж байна уу? Малчдын ур чадварын хамгийн чухал үзүүлэлт нь бүтээгдэхүүний борлуулалт билээ. Хаанахын хэн таны бүтээгдэхүүнийг хэрэглэж байна? Өөрийн орны хэдэн үйлдвэр, хэдэн айл таны хэрэглэгч вэ, гадаадын хэдэн орны хэдэн үйлдвэр, хэдэн айл таны бүтээгдэхүүнийг хэрэглэдэг вэ, олны танил хэн таны бүтээгдэхүүнийг хэрэглэж байна?
Малчин өөрийн бүтээгдэхүүний дээжийг хэрэглэдэгээрээ бахархахын тулд хотныхоо зааз (стандарт бус) малыг хэрэглэхээс татгалзах хэрэгтэй боллоо. Орчин үед зааз малын бүтээгдэхүүнийг далд оруулах нэг бэрхшээл нэмэгдэж байна, ядууст өгнө, нохойд өгнө, хог дээр хаяна гэдэг ойлголт ч байхгүй болж байна.
Малчин малаа эхийн хэвлийд үүссэн цагаас нь хянаж байдаг, түүний эрүүл мэндийн төлөө, амар мэндийн төлөө өдөр тутам ажилладаг, бас хөндлөнгөөс малын эмчээр хянуулж байдаг, эдгээр давхар хяналтыг баримтжуулах хэрэгтэй, баримтуудаа хэрэглэгчдээ үзүүлэх хэрэгтэй.???
Монгол малын бүтээгдэхүүний цэвэр байдлыг нэмэгдүүлэх боломж байна. Юуны өмнө малын бэлчээр нь малчны бахархал, бүтээгдэхүүний чанарын нэг толь юм. Бэлчээрийн ургамлын зэрлэг, цэвэр, олон янз байдлыг нь хадгалан зохистой ашиглана. Ямар ургамал сүү, мах болж үйлдвэрлэгчийн өөрийн болон хэрэглэгчийн ширээнд очиж буйг мэддэг, хянадаг болно. Бэлчээрээ талхлана гэдэг орчны эрүүл ахуйн хамгийн том зөрчил бөгөөд мал, бүтээгдэхүүний нэр хүндийг навс бууруулна. Бордоо, бэлчээрийн болон тариалангийн мэрэгч амьтан, царцаа, газрын шарх эдгээгч ургамлыг устгах химийн бэлдмэлийн хэрэглээ бүртгэлтэй, хяналттай байна./байх шаардлага урган гарч ирж байна./
Сайн малчид малдаа аль болох гар хүрэлгүй бойжуулна. Бэлчээрээ ариглаж, хямгадна. Мал нь идэх уухаа өөрөө сонгож хэрэглэнэ. Эм хэрэглэсэн, эмчлүүлсэн мал цөөн бөгөөд тэд тэмдэгтэй, бүртгэлтэй байна. Эм, эмчилгээ хэрэглээгүй малыг тансаг хэрэглээнд зориулж, өндөр үнээр борлуулна. Эмийн хэрэглээ бага, эм хэрэглээгүй олон малтай байх боломж их байна. Монгол малын бүтээгдэхүүний үнэ цэнэ зэрлэг амьтныхтай ойролцоо буюу экологийн цэвэр гэдэгт илүү дөхүү. Мал сүрэг нь ийм болзол хангасан малчин айл олон байна. Тэд энэ байдлаа тодруулж, нотолж, гэрчлүүлэх хэрэгтэй. Баг, сумаараа ч энэ болзлыг хангах боломжтой.
Малын эрүүл мэнд нь малчны өөрийн нь бүтээл, энэ чухал бүтээлээ баримтжуулж, танилцуулах нь борлуулалтаа өргөтгөх, бүтээгдэхүүнээ үнэд хүргэх нэг гол арга. Үүний тулд малын эмчээр хийлгэсэн сүргийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, зөвлөгөө, эмчилгээ зэрэг бүх үйлчилгээ, тэдгээрийн төлбөрийн баримтыг хадгалан хэрэглэгчдээ үзүүлдэг, санал, сэтгэгдэл, зөвлөгөөг нь сонсдог, тэмдэглэдэг байх хэрэгтэй.
Малчны хувьд өсгөсөн малаа, түүний бүтээгдэхүүнийг борлуулах нь хамгийн чухал сорилт юм. Бэлчээрийн мал аж ахуйн гол давуу тал нь олон малтай байх, олон мал борлуулах боломж. Бүтээгдэхүүнээ борлуулахад ухаан, бодол, хичээл зүтгэл хэрэгтэй. Амьтны гаралтай бүтээгдэхүүн бусад аль ч бүтээгдэхүүний нэгэн адил тодорхой болзлуудыг хангаж байж зарагдана. Борлуулалт бол үйлдвэрлэгчдийн гол өрсөлдөөн бөгөөд малчдын өрсөлдөх чадварын нэг чухал үзүүлэлт нь малын эрүүл мэнд, орчны эрүүл ахуй юм.
Манай мал аж ахуйн бүтээгдэхүүний нэр хүндийг юу дарж байна? Малаа эрүүл өсгөж бойжуулсан олон жилийн их хөдөлмөрийн баримт малын эзэн - үйлдвэрлэгчид алга, тухайлбал малын эмчээс худалдаж авсан үйлчилгээний тэмдэглэл, төлбөрийн баримт, зардлын тооцоо алга. Үүнийг малын эрүүл мэндийн тодорхойгүй байдал гэдэг ба энэ нь борлуулалтын гол ???бэрхшээл болж байна.
Малчид өөрсдөө малаа эмчилж байна. Бараг малчин бүхэн “хоёр эмтэй байхад ч өвчилсөн малаа өөрөө аргалчихна” гэх болжээ. Удаан үйлчлэлтэй антибиотик малдаа өөрөө хэрэглэдэггүй айл бараг алга. Бор шилтэй, удаан үйлчлэлтэй антибиотикийг малчид “оношгүйн бор тариа” гэдэг. Малд нь ямар нэг өвчний шинж илэрвэл тэр тариаг онош харгалзахгүй өөрөө таридаг учраас ийн нэрлэнэ. Малдаа ивомек хэрэглэдэггүй айл алга, бас л өөрсдөө тарина. Энэ мэт мэргэжлийн бус үйлчилгээ малын борлуулалтыг хязгаарлах том шалтаг болон бэхжиж байна./цаашид хязгаарлаж болох талтай/
Малчид малаа эрүүл байлгах талаар их ажилладаг, багагүй хөрөнгө зардаг, малын эрүүл мэндийн талаар их мэдлэгтэй, арвин туршлагатай, хариуцах чадвар сайтай хүмүүс. Малын элдэв эмгэг хуучийг өөрсдөө л аргалах гэж оролдоно, үр дүн ч бий. Тэд бүгдээрээ малын эрүүл мэндийн хүчтэй сонирхогчид, малын эмчээс илүү оролддог, үүндээ итгэсэн мэдэмхий, чадамхай малчид олон бий. Малын эмчид дуудлага өгдөг, очоод зөвлөгөө авдаг малчин цөөхөн, малын эмчийн үйлчилгээний төлбөр төлөхөд гар нь сайн тэнийхгүй л байна. Хэрэгтэй үйлчилгээг нь хэрэглэгчийнхээ санаанд нь таарч нийцтэл, гар нь тэнийтэл, хийсэн шиг хийгээд өгдөг малын эмч ч хэд билээ.
Байнга үйлчлүүлдэг малын эмчтэй, малын эмчээ магтдаг айл хэд болж байна? Бүтээгдэхүүний борлуулалт, орлого, ашгаа малын эмчийн үйлчилгээтэй холбож танилцуулдаг малчин байна уу?
Хот, тосгон бараадсан суурин мал аж ахуйн буюу фермийн малын эрүүл мэндийн асуудал нарийн бөгөөд төвөгтэй. Амьтны амьдралд хүний оролцоо ихсэх тусам, ялангуяа тааруухан эзэнтэй учирсан амьтдын эрүүл мэндийн байдал илүү төвөгтэй байдаг.
Малын эмчийн тус
Малын эмч малчны туслагч, бас хэрэглэгчийн туслагч юм. Малчин, хэрэглэгч хоёрт мал, бүтээгдэхүүний чанар, эрүүл мэнд, аюулгүй байдлыг гэрчилж өгөх нь малын эмчийн нэг сайн үйлчилгээ юм. Малын эмчийн гэрчилгээ малчинд бүтээгдэхүүний борлуулалтаа өргөтгөж, түргэсгэх, үнэд хүргэх, хэрэглэгч нь хэрэглэсэн бүтээгдэхүүндээ итгэлтэй, таашаалтай, сэтгэл ханамжтай байх боломж олгоно. Гэрчилгээ олгохын тулд малын эмч их хөдөлмөрлөнө. Түншийнхээ мал сүргийн эрүүл мэндийг, нутаг усны эрүүл ахуйг байнга хянана. Малын эрүүл мэндийн зөвлөгөө, үзлэг, шинжилгээ, эмчилгээ, боловсруулалтыг тогтмол хийж, баримтжуулна. Малын эмчийн үйлчилгээний үр дүнд үйлчлүүлэгчийн дотоод, гадаад зах зээл өргөжиж, бүтээгдэхүүний борлуулалт нэмэгдэж, үнэ өсч байх ёстой.
Манай орны малын эрүүл мэндийн практикт малчдын болон хэрэглэгчийн хүлээн зөвшөөрсөн малын эмч хэд байна, хэн байна? Малын эмч малчнаасаа малын эрүүл мэндийн асуудлаар аль ч талаараа илүү байх нь хүлээн зөвшөөрөгдөх ганц боломж. Малчны мэдлэг, чадвар, туршлага улам л нэмэгдэнэ, тэд асуудлаа аль болох өөрсдөө л шийдэхийг бодно. Малчин, малын эмч хоёр хамтарч ажилладаг, малчин нь малын эмчийн үйлчилгээний хэрэглэгч бөгөөд туслагч нь, энэ хамтын ажиллагааг сайжруулж, бэхжүүлэх хэрэгтэй. Малын эмч нь сайн оношлооч, зөвлөгч, малчин нь түүний зааснаар ажилладаг малын асрагч, сувилагч байх төлөвтэй байна.
Бусдаар зөвшөөрүүлэхийн тулд өөртөө итгэсэн, өөрийгөө зөвшөөрсөн мэргэжилтэн байх хэрэгтэй. Өөрийгөө зөвшөөрсөн эмч ховор байна???. Малын эмч нарын санал болгодог үйлчилгээний жагсаалт нь тун богинохон, хэрэглэдэг эм нь цөөхөн, барьдаг багаж нь цөөхөн, үйлчилгээгээ санал болгох итгэл, зориг нь сул байна. Малын эмчийн уулзалтын өрөө, унаа нь үйлчлүүлэгчдийг татахуйц тохижоогүй, бусдаас ялгарах нэрийн үйлчилгээ ховор байна, үйлчлүүлэгчид байнга орж гарч байдаг суурин эмнэлэгтэй, баяртай угтаж, үддэг явуулын эмнэлэгтэй болох явц удаан байна.
Нүүдлийн мал аж ахуйд амьтны эрүүл мэндийн үйлчилгээг хэрэглэгч нарт хүргэх, хэрэгжүүлэх нь төвөгтэй бөгөөд зардал ихтэй. Юуны өмнө сайн унаа хэрэгтэй, малын эмчийн унаа эм, багаж, зөвлөгөөний хэрэглэхүүнээр дүүрсэн, эмч өөрөө суух зай багатай, явуулын амьтны эмнэлэг буюу клиник болохыг хэрэглэгчид хүлээж байна. Мал эмнэлгийн үйлчилгээ “үнэгүй”, хямд байх ёстой гэх үзэл хэвшсэн, малын эрүүл мэндийн үйлчилгээг үнэлж, зарж, худалдан авахад хэн хэн нь аажмаар дасаж байна. Засгийн газрын сайд, дарга нар, эмийн дамчдын шахааны илүүдэл “үйлчилгээнээс” болоод үйлчилгээний чанарт эргэлздэг, үйлчилгээ хийлгэхээс тээршээдэг, төвөгшөөдөг байдал байсаар байна. Малын эмч нар хүнд (айлууд хол, зам бартаатай, хүйтэн, халуун, салхи, шуурга, бороо, цас гэх мэт), аюултай (тэмээнд тавруулах, хайруулах, адуунд хазуулах, өшиглүүлэх, үхэрт мөргүүлэх, тийрүүлэх, хонь ямаанд мөргүүлэх, ширвүүлэх, нохойд уруулах, мууранд самардуулах, шувуунд тоншуулах гэх мэт), халдвартай (бүх өвчний үүсгэгчтэй, тэдгээрийг дамжуулагч хачиг, шавьжтай харьцана гэх мэт), бохир (амьтны шүлс, нус, нулимс, хөлс, сэвс, баас, шээс, өтөг бууц, шороо тоостой холилдоно гэх мэт), хортой (халдваргүйтгэх, шимэгчгүйтгэх, нян устгах бэлдмэлүүд хэрэглэнэ, хүүр задлан шинжлэнэ гэх мэт) нөхцөлд өдөр шөнөгүй хөдөлмөрлөнө. Ийм нөхцөлд хөдөөд дуртай, байгальд ээлтэй, амьтанд хайртай, мэргэжлийн таашаал, урам зоригтой, төрөлхийн авьяастай, мэдлэгээ байнга сэлбэдэг, ур чадвараа байнга ахиулдаг, хамтач, нийтэч, арвин туршлагатай хүн л ажиллаж чадна.
Монгол мал уухаа өөрөө олж ууна, идэхээ өөрөө олж иднэ, өөрийн эрхээр зовж яваа амьтад. Тэдний араас малчид бас өөрийн эрхээр зовж дагана. Өөрийн эрхээр зовж яваа малчны өөрийн эрхээр зовж яваа мал харьцангуй эрүүл, хязгаар нутагт иймэрхүү л байна. Мал, малчин хоёрыг дагаж өөрийн эрхээр зовох малын эмч хаана, хэд байна, хэн байна?
Татвар төлөгчдөөр зардлыг нь төлүүлж, эмийн дамчид, авлигачдын шахаагаар хийдэг вакцинжуулалт, шимэгчгүйтгэх эмчилгээ, магадлах шинжилгээ мал сүргийн нэр хүндийг унагаж байна. Вакцинтай, шимэгчгүйтгэх эмтэй, халдваргүйтгэлийн бэлдмэлтэй малаа, малчны хот, бэлчээр, усаа хутгах нь хол явахгүй, одоохон цэгцлэхгүй бол мал, бүтээгдэхүүний борлуулалтыг хязгаарлах, хорих хэмжээнд байна, хариуцлагыг нь малын эмч нар үүрэх цаг дөхөж байна шүү.
Төрийн оролцоо
Монгол Улсын төрийн амьтны эрүүл мэндийн бодлого болхи, оновчгүй байна, хэрэглэгч, үйлдвэрлэгчид хандаагүй, амьтны эрүүл мэндийн асуудлыг барьцаалагчдад хандсан хууль тогтоомж хэрэгжиж байна. Амьтны эрүүл мэндийг хамгаалахад төрийн оролцоог онож тодорхойлж чадахгүй байна. Малын эрүүл мэндийг хамгаалах тухай өрөөл хууль мал аж ахуйн мэргэжлийн бүлгийн ядруу хэсэг, эмийн дамчдаас бүрдсэн төрийн албаны болхи тогтолцоог хуульчилсан. Хуулийн үзэл нь эмийн дамчдын хуурамч, дууриамал эмийг Засгийн газар худалдаж авах, түүнийг нь малчид заавал хэрэглэх, малыг эмтэй хутгасны хөлсийг малын эмч нарт төсвөөс өгч байх, малын эмч нь мал зүйч хэмээгчийг ажлаар хангах явдал. Хоорондоо ашиг сонирхлын зөрчилтэй, амьтан ашиглах, амьтан хамгаалах хоёр харилцааг нэг хуулиар зохицуулахыг хориод жил оролдлоо. Амьтны эрүүл мэндийн бүтэн, сайн хууль хэрэгтэй байна. Амьтан хамгаалах тухай хуулинд гэрийн болон фермийн амьтдын эздийн эрх, үүргийг тодорхой тусгах хэрэгтэй.
Мулгуу бодлого, өрөөл хууль тогтоомжийг хэрэгжүүлэх Засгийн газрын үйл ажиллагаа үрэлгэн, цамаан, үр дүн нь амьтны эрүүл мэндийн байдалд эерэг бус, сөрөг нөлөөлж байна. Сайн засаглал амьтны эрүүл мэндийн цөөхөн, тодорхой асуудалд оролцдог, хариуцлага хүлээдэг, эргүү, хамуу, чацга, сахуу, томуу, сохор догол зэрэг жалга довны эмгэг, “ариутгал”, зуданд өлдөж, осгож байгаа малд эм шахах, зуданд үхсэн малын хүүр цуглуулж булах мэтэд оролцдоггүй.
Төрийн мал эмнэлгийн албаны бүтэц, зохион байгуулалт, эрх үүрэг, хариуцлагыг, үйл ажиллагааны дүрэм журмыг онож тодорхойлж чадаагүй л байна. 1990-ээд оны эхээр социалист төрийн хөдөө аж ахуйн нүсэр алба нурсан, мал эмнэлгийн цомхон алба үлдсэн, хөдөө аж ахуйнхан түүнийг барьцаалсан, барьцаалагчид төрийн албанд бүгд бие багтах зай олж авчээ, одоо өнөө муу мал эмнэлгийн алба нь буланд шахагдаж байна. Төрийн мал эмнэлгийн албаны бүтэц, үүрэг, хариуцлага, үйл ажиллагааны талаар манай дарга нар хөгжсөн орнуудын туршлагыг үзэж, зөвлөгөөг сонссон нь их ээ, харин ойлгож хүлээж авсан, дууриаж хэрэгжүүлсэн нь маш өчүүхэн байна. Одоогийн төрийн алба эмийн дамчдын борлуулалтын алба болж, тэдний борлуулалтын төлөвлөгөөтэй ноцолдон мунгинаж, нам засагт шахсан эмийн үнийг нь Сангийн яамнаас авч өгөх ажилтай л байна. Тэд малчдын өсгөсөн эрүүл мал сүргийг вакцин, шимэгчгүйтгэх эмтэй хутгаж, цэвэр хот, бэлчээрийг нь “ариутган” бохирлож байна. Хэдэн айл эрүүл сүрэгтэйг ялгаж, тоолж чадаагүй байна. Цөөхөн айлын сүргийн доторхи, цөөн өвчинд өртсөн, цөөхөн өвчилсөн малыг олж, тусгаарлаж чадахгүй л байна. Малын гоц халдварт өвчний тахлыг дарахад бодит хэрэгцээнээс хэд дахин илүү зардал зарж байна. Тэд эмийн дамчдад чихдүүлээд, одоо дөрлүүлчихжээ.
Төрийн албанд, тулсан ба тулах асуудлыг олж хардаг, сайн бодож тунгаадаг, оновчтой зөвлөдөг, сайн төлөвлөдөг, сайн хэрэгжүүлдэг, сайтар хянаж шинжилдэг мэргэн түшмэл хэрэгтэй. Сайн түшмэл практикаас төрнө. Практикаас төрсөн хийгүй сайн түшмэл Засгийн газрын, аймгийн болон сумын мал эмнэлгийн албанд байна уу? Одоогийн олонхи түшмэл эрхэлж буй албан тушаалаа ядаж зөв нэрлэхгүй юм, “улсын ерөнхий эмч, аймгийн ерөнхий эмч, сумын ерөнхий эмч” гэж ирээд л түхийх боловч тэднийг тоож байгаа хүн алга аа. Засгийн газрын болон аймгийн мал эмнэлгийн албанд “халдвартын эмч” буюу тахал зүйчийн (эпидемиологч) ажлын байр бий болсоноос хойш 60 шахам жил өнгөрчээ, хүлээн зөвшөөрөгдсөн тахал зүйч ганц боловч байна уу? Засгийн газрын мал эмнэлгийн албанаас Улсын онцгой комисст өгсөн хамгийн сүүлийн зөвлөгөөг толилуулъя.
2011 оны 6-р сарын сүүлээр Улаанбаатар хотын орчим адууны томуугийн тахал дэгджээ. Адууны томуу вирусээр үүсдэг, ердийн хөнгөн өвчин, хүнийхээр бол хамрын ханиад л юм. Томуугийн асуудалд оролцогчдын оролцоог хуваарилбал адуучинд наян таван хувь, малын эмчид арван хувь, нам засагт таван хувь оногдох жишигтэй. Нам засгийн оролцооны наян таван хувь нь сумын Засаг даргад, арван хувь нь аймгийн Засаг даргад, таван хувь нь Засгийн газарт оногдоно. Энэ жилийн томуугийн тахлын асуудлыг Засгийн газар дангаараа зуун хувь эзэмшиж байна.
Засгийн газрын мал эмнэлгийн алба энэ тахлыг оношилсоноос хойш нэг сарын дараа вакцин хэрэглэх санал гаргаж байна, тэр вакцинаа 2 сарын дараа хэрэглэх юм байна, нэг сая адуунд вакцин тарих гэнэ, зардал нь татвар төлөгчдөөс гарна, вакцинчид хэдэн төгрөгтэй болно, энэ далимаар Засгийн газрын сайд, дарга нар ажил хэрэгч, бас өглөгчийн дүр эсгэнэ. Томуугийн тахал унтарсаны дараа өвчлөөд эдгэрсэн, өртөлгүй үлдсэн адуугаа вакцинжуулах нь. Ханиагаад эдгэрсэн адуу манай сулын сул вакциныхаас илүү дархлаатай болно, жилийн дотор дахиж ханиад тусахгүй. Харин манай “ерөнхий” болон “халдвартын” “эмч” нарын төлгөнд хагас жилийн дотор дахин өвчлөх нигууртай гэж буусан бололтой. Зун, намар, өвлийн томуугийн өвчлөл хөнгөн байдаг. Цөөхөн, ганц хоёр адуунд өөр өвчинтэй хавсран хүндэрч, энд тэнд ганц нэг адуу үхнэ. 2007 – 2008 оны томуугийн тахлаар нилээд олон адуу үхсэн гэх тоо төрийн албанд байгаа юм байна. Тэр тоог нь адуу ханиасан сумын тоонд хуваагаад үзвэл 130 орчим адуу оногдож байна. Ийм тооны адуу үхэх нь олон нийтэд мэдрэгдэнэ. Би тэр тахлын үеэр Өмнөговь, Баян-Өлгий, Ховд аймагт ажилласан, олон малчин, малын эмчтэй уулзсан, бусад олон аймаг, сумын олон адуучид, малын эмч нартай харилцаж байсан. Цөөн суманд ганц нэг л адуу үхсэн. Манай төрийн алба Засгийн газраас мөнгө салгахын тулд өвчилсөн, үхсэн малын хуурамч тоо цуглуулдаг хэвээрээ л байна уу даа. Манайд хэрэглэх томуугийн вакцин адууг халдвараас хамгаалахгүй, үүнийг өмнөх тахлын үеийн хэрэглээ хангалттай нотолсон, адуугаа тарьсан, тариулсан адуучин бүр үүнийг нотолно. Манай түшмэд, малын эмч нар “энэ вакцин адуу хүнд өвчлөх байсныг хөнгөрүүлсэн” гэж арьсаа хамгаалсан, малчид мөнгө төлөөгүй тул гомдол гаргаагүй.
Адууны томуу дэгдэхэд Засгийн газар хөөрцөглөөд байх шаардлагагүй. Орчин үед шүлхий дэгдэхэд ч хөөрцөглөх нь багасаж байна шүү дээ. Томуу азарга адууг толгой дараалан нэрвэдэг ч өртөгсөд аяндаа түргэн эдгэрдэг, хүндрэл, хууч багатай, үхэх тохиолдол маш ховор тул малчин айлд эдийн засгийн хохирол өчүүхэн. Харин Засгийн газрын найдвартай түнш болсон эмийн дамчдад чихдүүлж, дөрлүүлсэн манай сайд, дарга нарын шахсан муу вакцин, түүнийг тарих зардал л ямаан дээр тэмээний гарз болж байна. Үнэхээр сайн вакцин байгаа бол малчид худалдаж аваад, малын эмчид хөлсийг нь өгөөд л тариулна, олонхи нь өөрсдөө таричихна, өмнөх тахлын үед олон адуучин вакцин тарьж, тариулж, адууныхаа төлөө санаа тависан боловч “төрийн шагналт вакцин” даанч урамгүй байсан даа. Тэр үед хэрэглээгүй үлдсэн вакцин зарим айлд одоо ч байж л байдаг юм.
Төрийн мал эмнэлгийн албад мал сүргийн өвчлөлийн байдлыг зориуд буруу тодорхойлдог явдал 50 гаруй жил үргэлжилж байна. Татвар төлөгчдөөс болон хандив тусламжаас хэдэн төгрөг салгахын тулд манай одон тэмдэгт, цол чимэгт “аладемич - авидемич эрдэмтэд” бүр улалзаж байгаад худлаа хэлнэ шүү, нам засгийг тэд олон жил хуурч байна аа. Мал сүргийн эрүүл мэнд үндэсний эдийн засаг болон нийгмийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буйг манай Засгийн газар тооцоолж, үнэлж чадахгүй байна. Иймээс мал сүргийн эрүүл мэндийн асуудалд зориулсан дотоод, гадаадын татвар төлөгчдийн их мөнгө, олон малчин, мэргэжилтэний хүчин чармайлт төрийн асрамжийн албаар дамжин эмийн дамчид, авилгач түшмэдийг тэжээж байна.
2010 оны хавар сум, багийн Засаг дарга нарыг зудад үхсэн малын хүүртэй ноцолдуулж буй байдал манай төрийн малын эрүүл мэндийн бодлогын хоцрогдол, албаны мулгуу байдлыг бас харууллаа. Зудад үхсэн 10 сая гэх малын хүүрээс бага шиг хэсгийг нь далд хийлээ, олонхи нь үхсэн, хаясан байрандаа үлдсэн. Зудад өлдөж, осгож үхсэн малын хөлдүүгээрээ борц болсон хүүр, сэгнээс ямар өвчин тарав? Эндээс тараая ч гэсэн тарах, халдаая ч гэсэн халдах өвчин байхгүй. Байгальдаа тарж, хамаг амьтны тэжээл, бордоо болох хүүр, сэгийг булах гэж эрүүл газар ухаж гэмтээлээ, “ариутгаж” байгаа нь гэж халдваргүйтгэлийн хуурамч эмээр хөрс, бэлчээрээ бохирлов. Арван сая малын хүүр гэдэг байгальдаа асар их баялаг. Тэднийг бордоо болгож, хөрсөө тэжээхэд хэрэглэх байлаа, зөнд нь, байсан газар нь орхиход байгалийн үй олон зүйлийн үй түмэн бичил биетэн, амьтан, ургамлын хоол болох байлаа. Байгалиа цэвэрлэе гэвэл, үхсэн малын хүүр, сэгийг мөчлөөд, жижиглээд, сийлээд тараагаад хаях байлаа, ингэвэл хэдэн жилдээ ургамал, амьтан болж амилах байв.
Малын эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийн хяналт шинжилгээ огт алга, мал эмнэлгийн мэргэжлийн хяналтын алба үүргээ биелүүлэхгүй байна.
Мал эмнэлгийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл, итгэмжлэл, стандарт хэмээх гурвалсан дарамт нь мэргэжлийн бизнес эрхлэгч малын эмч нарт боломж олгох, дэмжих, хамгаалах, зохицуулах хэрэгсэл бус, харин барьцаа болгож, сул “мэргэжилтэнд” үнэмлэх, гэрчилгээ зарах үйлдэл боллоо.
Төр засагт амьтны эрүүл мэндийн сайн хууль тогтоомж, төрийн албаны цомхон, чадварлаг тогтолцоо, сайн түшмэл хэрэгтэй байна.
Мал сүргийг төр хэрхэн хамгаалж байна?
Хорьдугаар зууны ерээд оны эхээр манай орон даяар “Малыг малчдад!” гэсэн уриа цуурайтаж байсан. Мал хувьчлах хөдөлгөөнийг эсэргүүцэгчид ч түүнээс хүчтэй орилж байлаа. Малыг малчдаас харамлагчдын, малчдын ажил хэрэгт эрээ цээргүй хошуу, хуруу дүрэгчдийн, малчны өмчлөх, үйлдвэрлэх, борлуулах эрх, үүргийг булаацалдан барьцаалагчдын, малаар халхавчлан төрийн асрамжийн албанд хоргодогчдын хүсэл шинэ Үндсэн хуулинд “мал сүрэг төрийн хамгаалалтанд байна” гэсэн заалт болж үлдлээ. Сайн засаглалд, мэргэжлийн сайн албадад малчны эрх, үүрэг, хариуцлагыг булаацалдах хэрэгцээ байхгүй, тэд малчдын эрхийг хүндэтгэж, үүргээ биелүүлэхэд нь тусладаг.
Үндсэн хуулийн энэхүү заалтыг хүн бүр өөрийн хүссэнээрээ тайлбарлана. Нэг хүн хэдэн янзаар ч тайлбарлаж болно. Мал барьцаалагчид энэ заалтыг байнга улиглана, бүгдээрээ “надад төсвөөс цалин өг” гэж байгаа юм аа гэж тайлбарлана. Эмийн дамчдын хуурамч эмийг татвар төлөгчдийн мөнгөөр авч малчдад тараа гэж байгаа юм, малын эмчид өгч байгаа бол мал зүйчид бас өг гэж байгаа юм аа гэх тайлбарууд хүчээ авч, улс төрчдийн сонгуулийн амлалтын жагсаалтад хүндтэй байр эзэлж байна. “Малын угаалгын эмийн үнийг төсвөөс төлнө” гэсэн хөгийн, хууль бус амлалт УИХ-ын 2008 оны сонгуулиар ялсан намын мөрийн хөтөлбөрт дээгүүр байр эзэлж байв.
Сайн засаглалын амьтан хамгаалах бодлого нь товчхондоо малын эзэнд, мал аж ахуйн мэргэжилтэнд зохих болзол тавь, болзол хангасанд нь эзний, мэргэжилтний эрх олго, чадахгүйгээс нь буцааж ав гэсэн үзэлтэй байх шүү.
Мэргэжлийн боловсрол 1930-аад оны түвшинд
Малчины хөвгүүд, охидод амьтны сайн эмч байх боломж их бий, төрөлхийн малч чанар олон хүнд байна, малын дэргэд өссөн хүмүүс маш их мэдээлэлтэй???.
Мэргэжлийн сургуулийг төгсөгчөөр нь үнэлдэг. Залгамж үедээ сайн дууриал болох, тэднийг сайн тийш уруу татах, хэрэглэгч, үйлчлүүлэгч нартаа сайнаар хүлээн зөвшөөрөгдсөн сайн малын эмч – төгсөгч хир олон байна, хаана, хэн байна?
Монгол Улсын мэргэжлийн ууган сургууль болсон Мал эмнэлгийн сургуулийн босго байхгүй болжээ, элсэгчдийг голох, шилэх манатай, үүдээр нь ойрхон өнгөрсөнийг татаж чангаахдаа хүрчээ.
Сургуулийн татах хүч нь сайн багш. Мал эмнэлгийн сургуульд сайнаар зөвшөөрөгдсөн татах хүч хэд байна, хэн байна? Манлайлагч нь хаашаа харж, юу хүсч байна? Багшийн эгнээнд аль болох сул хүмүүсийг, бүр мэргэжилгүй, “сайн дурын уран сайханчдыг” зориуд цуглуулдаг болжээ дээ. Цаашид сул нь өөрөөсөө сулуудыг цуглуулж, сулууд ширээ залгамжлах бололтой. Элсэлт, дүн, диплом зарахад сайн мэдлэг, чадвар, туршлагаар ч яахав дээ. Сургууль дүн гуйгч нарт хайртай болжээ, тэд дүнгийн дамчингуудыг тэжээж байна. Цол гуншин, одон тэмдэгэнд дарагдсан дүнгийн дамчин багшийн дүр эсгэнэ.
Сайн багш малын эрүүл мэндийн практикаас төрнө, төгсөгчөө практикт шалгаруулж багш бэлтгэдэг алтан дүрэм манайд ойрын үед хэрэгжихгүй бололтой.
Элсэлт, дүн, диплом худалдан авагчид өөрийгөө гайгүй бэлтгэсэн, хичээн зүтгэдэг малын эмч нарыг хавчиж байна. Ерөнхий боловсролын сургууль ч төгсөөгүй нөхөр мал эмнэлгийн сургуулиар хагас жил хиртэй үзэгдээд л “малын их эмч” болдог юм байна, 1930-аад оны үеийн мал эмнэлгийн санитарчийн түр сургуулийн хэмжээнд хүрчээ дээ. Их сургуулийн профессорууд малын эмч нарын дадлагажих сургалт, мал эмнэлгийн техникч бэлтгэх түр сургууль булаацалдан доошоо буулаа, хэмжээгээ зөвшөөрч ч байгаа юм уу даа, хөөрхийс.
Эрдэмтдийн зөвлөгөө
Малын эрүүл мэндийн судалгаанд олон жилийн турш маш их хөрөнгө зарж, олон мэргэжилтэн хөдөлмөрөө зориулж, олон хүн одон тэмдэг, цол гуншин хүртжээ. Харин монгол малын эрүүл мэндийн байдал, малчид, хэрэглэгчдийн сэтгэлгээ уламжлалт янзаараа л байна. Мэргэжлийн мал эмнэлгийн албатай болсоноор хэдэн малаа баахан эмтэй хутгаж, нэг зүүгээр цус авах шив дээ. Өнөөгийн монгол малын эрүүл мэндийн үзүүлэлт 1923 он хүртэлх үеийнхээс илүү байж чадаж байна уу? Энэ үе бол байгалийн шалгарлаар бүрдсэн жинхэнэ цэвэр орчин, мал, бүтээгдэхүүний үе юм. Мэргэжлийн мал эмнэлгийн албаны хөгжлийн 1923 он хүртэл, 1923 – 1959, 1960 – 1992, 1993 оноос гэх 4 үеэр харьцуулбал манай мал сүргийн эрүүл мэндийн үзүүлэлт үе дараалан дордсон ч юм шиг бодогдоно.
Сүүлийн 50 жилд буюу 1960 оноос хэрэгжүүлсэн эрдэм шинжилгээний олон төслийн сайн үр дүн нь малчны хотонд, малын эмчийн үйлчилгээнд лав алга. Харин баахан шагналын тодорхойлолт, шагналтны танилцуулга л байна.
Малын эрүүл мэндийн судалгааны захиалагч байхгүй, судалгааны байгууллага, судлаач нар өөртөө захиалга бэлтгэнэ. Өөрийн бичсэн захиалган дээр нь гарын үсэг зурж, захиалагч болж өгдөг ганц газартай, тэр нь төрийн мал эмнэлгийн алба. “Захиалагч” юу захиалсанаа, үр дүн нь гэж юу авч байгаагаа анзаарахгүй, гарын үсэг зурах шахаанд орсоор байгаад дөжирчихсөн. Өөртөө захиалга өгөөд, үр дүнгий нь өөрөө үнэлээд, өөртөө дүн тавьчихдаг газраас юу ч гарах вэ дээ. Цамаан, сониуч хүмүүс энд тэнд хийсэн судалгааг дууриаж, давтаж, магадлаж суудаг юм уу даа.
Судалгаа, шинжилгээний ганц хоёр байгууллагад сул дарга нар өөрөөсөө сул хүмүүсийг цуглуулж, засахад төвөгтэй байдал бэхэжсээр. Сул дарга нар, тэдний зусарчид бие биенээ “багш”, “шавь” гэж өхөөрдөнө, өөрсдөөс нь өөр анзаарч байгаа хүн ч алга. Сулууд тэтгэмжийн ширээ залгамжилдаг газраас авьяастай, чадвартай хүмүүс зай барьж байна.
Эрдэмтэн гэдэг хэрэглэгчийн өргөмжлөл, өөрийн өргөмжлөл биш ажгуу. Судлаачдын олон жилийн хөдөлмөр, татвар төлөгчдийн болон тусламжийн их мөнгө эцэстээ бүгдийг вакцинд, бүгдийг “угаа”, бүгдийг “туулга”, бүгдийг “боловсруул”, бүгдийг “ариутга””, бүгдийг “шинжил”, турж үхэж байгаа, осгож үхэж байгаа малд ивомек тарь, архи өг, таргалуулдаг бэлдмэл өг, өлдөж, осгож үхсэн малын сэгнээс аюулт өвчин тарах нягууртай тул газарт булаад “ариутга”, энэ дурьдсан бүгдийг татвар төлөгчдийн мөнгөөр хий, яагаад гэвэл эдгээр нь малчдад хэрэггүй учраас тэд тоохгүй, зөвшөөрөхгүй, мөнгө төлөхгүй” гэсэн даалгавар л байх шив дээ. Энэ даалгавар эмийн дамчдад л их хэрэг болж байна, бүр хуулийн “амин чухал” заалт болжээ (Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах хуулийн 15.1.2, 15.1.3).
Судалгааны ажлын захиалагч, гүйцэтгэгч, үнэлэгч тустаа байж, хариуцлага хүлээдэг байх зарчим манайд хэрэгжих хүртэл удах байх аа. Мал эмнэлгийн лабораториуд юу хийх учраа олоогүй л байна. Олон жил олон сул хүмүүсийг тэжээлээ, сургаад л байх юм, ажлаа хэзээ хийх юм бол, тэнд сайн даалгавар, сайн мэргэжилтэн, сайн зохицуулагч дутаж байна.
Хангамжийн салбар
Малын эмч нар ажлын байраа байнга өөд нь татна, тэнд ном, эм, багаж, ажлын хувцас, унаа хэрэгтэй. Эдүгээ мал эмнэлгийн үйлдвэр, хангамжийн байгууллагууд малын эмч нарт биш, малчдад үйлчилдэг байдал хэвшиж байна, энэ нь мэргэжлийн бус үйлчилгээ хэвших маш төвөгтэй байдал үүсгэж байна.
Засгийн газарт эм шахахад зориулж байгуулагдсан хэдэн компани байна. Тэднийг эмийн дамчид гэдэг. Сүүлийн хориод жил вакцинчин, ивомекчин, креолинчин, шошгочин, ариутгагч таван бүлэг, төрийн төсвөөс малын эрүүл мэндийн асуудлаар малчдад зориулж баталсан их мөнгийг хувааж идэж байна, 2010 – 2011 онд тэд хоёр бүлэгт талцан Биокомбинатыг булаацалдаж, ивомекчин бүлэг нь булааж авлаа. Яам, агентлаг нь эмийн дамчидын борлуулалтын алба болоод, эмийн дамчдын бие төлөөлөгч нараар дүүрэв, энэ байдал хууль тогтоомжинд баттай байр суурь эзэлчихлээ. Засгийн газарт хуурамч, дууриамал эм шахдаг тэд Эмийн чанар шалгах лабораторийн захирлыг томилдог болов. Энэхүү луйвар – авлигын тогтолцоо нь бодит хэрэгцээнд хандсан, хангамжийн эрүүл тогтолцоо үүсэхэд саад болж байна. Жинхэнэ бизнесменүүд амьтны эрүүл мэндийн салбараас гадуурхагдаж, шахагдаж байна.
Мэргэжлийн холбоо хэрхэн ажиллаж байна?
Малчдын эрх ашиг, ашиг сонирхлыг хамгаалдаг мэргэжлийн холбоо алга. Малчдын нэрийг барьж, өмнөөс нь цээжээ дэлддэг, хашгичдаг хүмүүс, бүлэг мэр сэр байна. Малын эмч нарын нэр барьсан холбоо хоёр гурав байна. Жинхэнэ мэргэжлийн холбоо болж, үйл ажиллагаа нь сайн тийш төлөвших эсэх нь эргэлзээтэй, заримыг нь гадаад, дотоодын төслөөр дэмжээд, тэтгээд гавьтай өөдлөхгүй л байна.
Мэргэжлийн холбоо бол өөрсдийгөө өөд нь татаж, бусдад сайнаар илэрхийлэхийн тулд мэргэжил нэгтнүүд сайн дураараа хамтарч үүсгэсэн Засгийн газрын бус байгууллага. Авьяасаа дайчилж, мэдлэг, чадвараа нэмэгдүүлж, туршлагаа солилцон нийгэмд багаараа, сайнаар танигдаж, сайнаар зөвшөөрүүлж, зохих байрлалаа олж эзлэх эрхэм зорилготой, гишүүдийнхээ чадвар, бүтээл, амжилтыг хэмждэг байгууллага. Хэмжих арга нь өрсөлдөөн, уралдаан. Үүний тулд өөрийн багийн манлайлагчид, хошуучлагчид, довтлогчид, хамгаалагчид, хаалгачдыг тодруулж, бэлтгэнэ. Эдгээр чирэгч нартаа бусад нь зүүгдэнэ. Мэргэжлийн холбоо асрамжийн газар биш, төрийн байгууллагын туслагч биш, даргын зусарч бүр биш, өөрсдийгөө “дээдэс” гэж боддог хүмүүсийн гоёо, гангараа ч биш.
Манай холбоод эрхэм зорилгоо ойлгохгүй байх шиг байна, тухайлбал мэргэжлийн эрх ашиг, ашиг сонирхол гэдгийг оновчтой тодорхойлж чадахгүй байна. Мэргэжил нэгт гишүүдээ шударга өрсөлдөөнөөр хэрхэн таниж өргөмжлөх, танилцуулах, тэдний ашиг сонирхолыг хэрхэн илэрхийлэх, хамгаалах тухай номын дуу сонсож, олон улсын туршлага үзсэн ч нүдээ нээдэггүй ээ.
Манай мэргэжлийн холбоо малын эмч итгэмжлэлтэй байна гэсэн хуулийн заалтыг барьцаалж, малын эмч нарт усан сургалт шахаж, хэдэн төгрөгийг нь хураадаг, түүгээрээ дарга нарт зусарддаг байгууллага болж байна.
Ирээдүйн төлөв
Амьтны эрүүл мэндийн хууль тогтоомж оновчтой, тодорхой болно. Амьтны эрүүл мэндийн асуудлыг эзэнд нь хариуцуулж, эрхээ эдэлж, үүргээ биелүүлэх боломж олгоно. Төрийн амьтны эрүүл мэндийн алба хуулиар хүлээсэн оролцох асуудалдаа л оролцдог, үүргээ биелүүлдэг болно. Татвар төлөгчдөөр эмийн үнэ, үйлчилгээний хөлс төлүүлдэгийг халж, түшмэд, эмийн дамчид төрийн төсвөөс хулгай хийдэг, дээрэмддэг, луйварддаг явдлыг зогсооно. Төрийн амьтны эрүүл мэндийн алба хэрэглэгчдийн төлөө ажилладаг, хариуцлага хүлээдэг болно. Төрийн алба хариуцлага хүлээдэг болсоноор одоогийн асрамжийн тогтолцоог хална.
Амьтны эрүүл мэндийн практикийг дорд үздэг, төрийн албыг дээрд үздэг явдлыг хална. Дээд доод шаттай, дээдэс, доодостой биш, хэрэглэгчдийн төлөө амьтны эзэд, амьтны эмч нар зэрэгцэн зүтгэдэг хавтгай салбар болно. Даргын хөл, гараас бүрдэх босоо тогтолцоо гэгч устаж, орон нутгийн удирдлагын эрх мэдлийг булаацалдаж, тэдний хэрэгт хошуу, хуруу дүрэх явдал арилна.
Малын эмч бүр практикт хүчээ сорино, практикийн сорилтыг давагсад амьтны эрүүл мэндийн дэд бүтцийн салбар луу зүтгэнэ. “Мал эмнэлгийн дээдэс” гэж өөрсдийгөө өргөмжлөөд байгаа төрийн албаны байгууллагууд амьтны эрүүл мэндийн практикийн дэд бүтцийн салбарууд болно. Тэд хэрэглэгчдийн өмнө хариуцлага хүлээдэг болсоноор сайн мэргэжилтнийг эрнэ. Сайн мэргэжилтэн практикаас уригдана. Эзэмшсэн мэргэжлээ орхиж хохирогсод цөөрнө.
Мэргэжил нэгтнүүд нэг баг болж, зах зээлийн төлөө шударгаар өрсөлдөнө. Сайн зохицуулалттай, шударга өрсөлдөөнтэй салбарын нэр хүнд, чадвар, татах хүч дээшилнэ, ийшээ авьяастай, чадалтай хүмүүс тэмүүлнэ.
Малын эмч нар хичээл зүтгэлээ малчдаар, хэрэглэгчдээр үнэлүүлнэ. Тэдэнд танигдаж, зөвшөөрөгдөхийн тулд ур чадвараа борлуулах бэлтгэл, дасгал, сургуулилтаа тогтмол хийнэ, зохих байрлалаа зөв эзэлнэ, үүнийг мэргэжлийн холбоо зохицуулна. Ерөнхийлөгчөөс, сайдаас шагнал гуйсан бичиг барьж гүйх, сул даргыг зусардах зовлон арилна.
О. Уламбаяр
2011 – 8 – 26
|
|