Улсын их хурлын гишүүн Д.Тэрбишдагва танаа
2017 оны 10 дугаар сар 25 Өргөдөл,гомдол, хүсэлт гаргах тухай
Нэгэнтээ МАН-ын тухайн үеийн Ерөнхий нарийн бичгийн дарга, одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх, тухайн үеийн УИХ-ын гишүүн, одоогийн Хууль зүйн сайд Ц.Нямдорж гэх мэт хүмүүс өөрийг чинь албан тушаал, хөрөнгө мөнгөний төлөөх шантаажид нилээд гаршсан этгээд гэдгийг УИХ-ын чуулган дээр болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж байсан удаатай. Тухайлбал, Биокомбинатын удирдлагыг гартаа оруулахын тулд ээлжит шантаажаа тэр үед хийж байсан талаар 2012 оны 08 сард УИХ-ын чуулган дээр ярьж байсан даа. Тухайн үед намаас гарч явахыг ч “санал болгон” Та ч уг намаас гарч, тус намын хэсэг залуус жагсаал цуглаан зохион байгуулж байсныг ч та мартаагүй гэдэгт найдаж байна.
Өөрийг чинь ямархуу бизнес эрхэлдэг талаар УИХ-ын гишүүн асан Э.Мөнх-Очир ч бас нэгэнтээ хэлж байсан.
Улс төр, бизнесийн эргэн тойронд таны үг, үйлдэл иймэрхүү анзаарагддаг. Гэсэн ч Таныг манай ард түмний нэг хэсэг нь төлөөллөөрөө монголын төрийн эрх барих дээд байгууллагад сонгосоор л байна. Төрийн эрх барих дээд байгууллагад Та ард түмнээ хэр төлөөлөн ажиллаж буйд хүн бүрийн үнэлэмж ялгаатай байж таарна.
Лавтайяа иргэн миний тухайд Д.Тэрбишдагва гэдэг хүнийг хуулийн хүрээнд, шударгаар иргэд, сонгогчдыг төрд төлөөлөн ажилладаг гэдэгт огтхон ч итгэдэггүй.
Нэг шалтгаан нь Монголын мал эмнэлгийн салбарт, тэр дундаас мал эмнэлгийн зориулалт бүхий вакцин, биобэлдмэл үйлдвэрлэдэг Биокомбинат – төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын удирдлагад өөрийнхөө хамсаатан хулгайч, луйварчид, хонго долоогчдыг холбогдох хууль, журам, дүрэм зөрчин шантааж, шахаа хийж оруулсаар байгаа Таны хорлон сүйтгэлийг яагаад ч зөвтгөж чадахгүй нь.
2010 оны үеэс Таны дам болон шууд шантаажны үр дүнд Монголын мал аж ахуй, үндэсний аюулгүй байдалд түүхэнд ч, одоо ч, ирээдүйд ч онцгой ач холбогдолтой гэж иргэд бид үздэг Монголын ууган бөгөөд цорын ганц, үндэсний биотехнологийн үйлдвэр Биокомбинатын удирдлагад таны хамсаатан луйварчид чинь шургалж хувь хүн, хамт олон, байгууллага, мэргэжлийн салбар, улс оронд үлэмж их гай гамшиг учруулсаар байна.
Д.Тэрбишдагва таныг манай байгууллага, мэргэжлийн салбарт учруулж байгаа хорлон сүйтгэлээ зогсоогооч гэдэг өргөдөл, гомдлыг үүгээр гаргаж байна.
Сүүлийн үед Монгол төрийн болон та харьяалагдаж буй намын удирдлагуудын зүгээс шантааж, луйвар хийгчдэд хандан “өнгөрсөн хугацаанд үйлдсээр ирсэн хууль бус, зүй бус үйлдлүүдээ одооноос сайн дурын үндсэн дээр зогсоогооч ээ”, “зөв хөгжлийн төлөө бусдыг зүгээр байлгаад өгөөч ээ”, “хэн нэгэндээ халгүй зүгээр л холдооч ээ” “цаашаа явж үзээч ээ”, “биднийг зүгээр орхиоч ээ” гэх мэт мэссэжийг хэдэнтээ явуулаад байгаа. Тэр л жишгээр би болон манай хамт олон ч танд тийм мэссэжийг үүгээр илгээж байна. Бид зүгээр л мэргэжлийн ажлаа хиймээр байна. Манай үйлдвэрийг битгий дампууруулаач ээ?.
Таны шахалт, шантаажаар Биокомбинатын удирдлагад авчирч суулган сүйрэл учруулсан этгээдүүд, хамсаатнуудын чинь хууль бус, зүй бус, ёс зүйгүй үйлдлүүдийг та мэдсэн ч байж магад, мэдээгүй ч байж магад. Ямартаа ч заримыг нь танд үүгээр хүргэн мэдэгдэж байна. Хэрэв Та бүхний үйлдсэн бөгөөд үйлдсээр ирсэн хорлон сүйтгэлийн улмаас Монгол улсад, мэргэжлийн салбарт, байгууллагад учруулсан сүйрэл, хохирлын тодорхой баримтуудыг эргэж сануулахгүй болбол хэвлэл мэдээллийнхэн болон надаас “өндөр дээд, ариун” нэр төрд нь халдсан гэдэг үндэслэлээр дааж давшгүй их мөнгө ч нэхэмжилж магад тул сэрэмжилж байна. Өмнө нь Танд хандаж нэгэн удаа ил захидал илгээсний улмаас таны хамсаатан Б.Баттогтох нь сонин болон надаас “нэр төр” гэгчийг сэргээх гэдэг үндэслэлээр 99.000.000 төгрөг нэхэмжилж билээ. Давж заалдах шатны шүүхийн шүүгч нар харин “тийм өндөр үнэтэй, ариун нэр төртэй” этгээдүүд биш байна гэдгийг тогтоож өгсөн шүү.
Д.Тэрбишдагва таны шантаажын үр дүнд хүний эмч мэргэжилтэй гэх Б.Баттогтох гэгч эмэгтэйг малын вакцин үйлдвэрлэдэг Биокомбинатын захирлаар 2010 оны 11 сард эхний удаад холбогдох хууль, журам зөрчин байж тухайн үеийн Төрийн өмчийн хорооны удирдлагууд нь томилсон. Төрийн өмчийн хороо, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны хэсэг шантаажлуулагчид нь Б.Баттогтохыг захирлаар томилсон тогтоолоо барьчихсан, түүнийг дагуулчихсан ирэх үед нь манай хамт олон уг шийдвэр нь Монгол улсын Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, ТӨХ-ны өөрсдийнх нь баталсан журмыг ноцтой зөрчсөн байгааг сануулж зөвлөөд буцаасан.
Түүнээс хойш найман сарын дараа буюу 2011 оны 07 сард нөгөө шантаажлуулагчид болох ТӨХ, ХХААХҮЯ-ныхан нь хоёрдахь удаагийн оролдлогоороо Биокомбинатын захирлын суудалд Б.Баттогтохыг суулгаж чадсан. Холбогдох, хууль журам, ТӨХ-ноос зарласан ажлын байрных нь шаардлагад заасан мэргэжил, мэргэшлийн болон бусад шаардлагуудыг нь огтхон ч хангахгүй байхад албан тушаалын шахааг хэрхэн хүч түрэмгийлж хийдгийг тодорхой харуулсан даа.
Одоо гуравдахь удаагаа Б.Баттогтохыг Биокомбинатын захирлаар 2017 оны 10 сарын 17-ны өдөр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын удирдлагууд нь “шүүхийн шийдвэр”-ийг биелүүлэх гэдэг “үндэслэл”-ээр томилж байна. Яасан ханаж цаддаггүй шантааж, шунал вэ?.
Шүүхийн шийдвэрийг биелүүлж байгааг хүндэтгэн үзэж байна. Гэхдээ шүүхийн шийдвэрийг биелүүлсний дараа түүнийг үргэлжлүүлээд Монголын төрийн оролцоотой ямар ч байгууллагад ойртуулж ажиллуулж болохгүй этгээд болох нь байгууллага, салбар, нийгэмд танигдчихаад, өнгөрсөн хугацааны “ажлын үр дүн” нь түүнийг хэн бэ? гэдгийг хөдөлшгүй баримтаар хэлж өгөөд байхад яагаад харгалзаж үзэхгүй байна вэ?. Б.Баттогтох нь Биокомбинатын захирлын суудалд 2011 оны 07 сараас 2013 оны 12 сарын хооронд байхдаа үйлдсэн бусармаг үйлдлүүдийг Төрийн өмчийн хороо, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Сангийн яам, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Аудитын байгуулагууд хангалттай нотлох баримттайгаар тогтоочихсон байхад түүнийг яагаад заавал Биокомбинатад дахин ирүүлж хорлон сүйтгэл үйлдүүлж, хувь хүн, хамт олон, байгууллага, салбар, улс орон, олон улсын харилцаанд хохирол сүйрэл учруулахаар шантаажлан улайран зүтгэнэ вэ?.
2010 оны 11 сард Б.Баттогтохыг Биокомбинатын захирлаар томилуулж эхлэснээс хойш Б.Баттогтох, түүний төрсөн ах ХААИС-ийн ректор асан Б.Бямбаа, тэдгээрийн 100% эзэмшлийн “Цагаан залаа агвет” ХХК-тай холбогдон үйлдэгдсэн хууль бус, зүй бус үйлдлүүдээс заримыг нь дор дурдая.
- Хамгийн эхнийх нь 2011 оны 06 сарын 22-ны өдрийн Засгийн газрын 192 дугаар тогтоол. Энэхүү тогтоолд лоббидож нэг заалт оруулаад Монгол улсын засгийн газар нь Б.Баттогтох нарын “Цагаан залаа агвет” ХХК-аас 2.684.016.420 (хоёр тэрбум зургаан зуун наян дөрвөн сая арван зургаан мянга дөрвөн зуун хорин) төгрөгөөр 45702.5 литр хуурамч дуураймал Ивомек эм худалдан авч улсад 1 тэрбум гаруй төгрөгний хохирол учруулсан. ХХААХҮЯамнаас гуравхан километрийн цаана Нарантуул зах дээр 1 литр нь 30000 төгрөг байхад, “Цагаан залаа агвет” ХХК-аас 57000 төгрөгөөр худалдаж авч байгаа юм. Энэ үйлдлээ хуулийн дагуу, шинжлэх ухааны үндэслэлтэй гэж тайлбарласан. Өнөөдөр тэр хууль, шинжлэх ухаан чинь хүчин төгөлдөр, хэвээрээ байгаа шүү дээ. Энэ бол мэдээж шантааж, авлигалын үр нөлөөгөөр хийгдсэн үйлдэл.
- Тухайн үед Төрийн өмчийн хороо нь Биокомбинатын захирлаар ажиллах хүн нь ашиг сонирхлын зөрчилгүй, өргүй байна гэж тунхагласан. Гэтэл Б.Баттогтох гэгч этгээд нь 2011 оны 07 сарын байдлаар тухайн үед дампуурлаа зарласан байсан ЗООС банкинд 753.351.915 (долоон зуун тавин гурван сая гурван зуун тавин нэгэн мянга есөн зуун арван таван) төгрөгний өр буюу хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлтэй байсан. Монголын “өндөр дээд, үнэн шударгын туйл” шүүхийн шүүгчид нь энэ мөнгө бол Б.Баттогтохын өр биш, “Цагаан залаа агвет” ХХК-ий өр гэсэн. “Цагаан залаа агвет” ХХК-ий захирлаар 10 гаруй жил тасралтгүй ажиллаж ирсэн, уг компаний 30 хувийг эзэмшдэг Б.Баттогтоход тэр өр огт хамааралгүй гэж Монголын шүүхийн нэр бүхий шүүгч нар болон Д.Сугар удирдагчтай Төрийн өмчийн хорооныхон үзэж байгаа юм. Мэдээж шантаажны үр дүн.
- Б.Баттогтох нь Биокомбинатын захирлаар очсон даруйдаа тэнд 4-20 жил ажилласан туршлагатай, мэргэжлийн мэдлэг, мэргэшлийн ур чадвар бүхий 20 гаруй мэргэжилтэнг хомроголон халаад, тэдний ажлын байранд дипломтой ч мэргэжлийн мэдлэггүй, мэргэшлийн ур чадваргүй “дээд мэргэжилтэн” нар, хулхи дипломтон, хамтран хулгай хийгчид, луйврын бүлэглэлийн гишүүдээ томилж, тус байгууллагын хүний нөөц, боловсон хүчний бодлогыг бүрмөсөн самарсан. Тэр нөхцөл байдал нь одоо ч үргэлжилж байна. Хууль бусаар ажлаас халагдсан тэдгээр мэргэжилтнүүдийг эрхэлж байсан ажлын байранд нь эгүүлэн ажиллуулахаар анхан шатны, давж заалдах шатны, хяналтын шатны шүүхийн шийдэрүүд гарсан ч Б.Баттогтох бүх шатны шүүхийн шийдвэрийг үл тоож, биелүүлэхгүй байсны улмаас тэдний ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцүү хэмжээний нөхөн олговрыг олгохын тулд Биокомбинатын данснаас 169.000.000 гаруй төгрөгийг албадан гаргуулсан байгаа. Энэ нь Биокомбинатад учруулсан бас нэг хохирол. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль, түүнтэй холбогдуулан гаргасан Дээд шүүхийн тогтоолын дагуу хууль бус буюу буруу шийдвэр гаргасан Б.Баттогтох уг хохирлыг барагдуулах ёстой ч манай улсын “үнэн шударгын туйл” давж заалдах шатны шүүхийн шүүгч нар нь Б.Баттогтохын буруу бус гэж шийдэж байгаа гэнэ лээ.
- Б.Баттогтох нь 2008-2011 оны хооронд “Цагаан залаа агвет” ХХК-ийхаа захирлаар ажиллаж л байсан. Зөвхөн тэр дөрөвхөн жилийн хугацаанд 2.514.859.300 (хоёр тэрбум таван зуун арван дөрвөн сая найман зуун тавин есөн мянга гурван зуун) төгрөгийг татвараас нуусан нь мөн л хууль сахиулах байгууллагын мөрдөн шалгалтаар тогтоогдсон. Үүнд бас л Б.Баттогтохын буруу огтхон ч байгаагүй гэнэ лээ.
- Б.Баттогтох нь Биокомбинатын захирлаар очсон даруйдаа 2011 оны 11 сард ХХААХҮЯ, ЗГХА МЭҮГ-тай 726.500.400 (долоон зуун хорин зургаан сая таван зуун мянга дөрвөн зуун) төгрөгний үнийн дүнтэй хуурамч гэрээ байгуулаад нэг ч төгрөгний бүтээгдэхүүн үйлдвэрлэж нийлүүлээгүй мөртлөө 2011 оны 12 сарын 31-ний өдөр 683.000.000 (зургаан зуун наян гурван сая) төгрөг шилжүүлээд авчихсан байдаг. Холбогдох яамны сайдад нь энэ талаар өргөдөл гаргахаар хариу өгдөггүй.
- 2013 оны 12 сарын 26-ны өдөр Төрийн өмчийн хороо Б.Баттогтохыг Биокомбинатын захирлаас чөлөөлчихсөн, гарын үсэг зурах эрх нь зогсчихсон байхад л ажлаа өгөхгүй зугатаж яваад амралтын өдрүүдээр 825.478.357 (найман зуун хорин таван сая дөрвөн зуун далан найман мянга гурван зуун тавин долоон) төгрөгний гүйлгээг хууль бусаар хийчихсэн байдаг. ТӨХ-ынхон ч түүнийг нь огт тоодоггүй. Байх л ёстой хэвийн үйлдэл гэж үздэг бололтой. Түүнд зөвхөн Дээд шүүхийн өөрт нь таалагдсан шийдвэр л үйлчилнэ. ТӨХ-ынхон буюу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрынхан шүүхийн шийдвэр Б.Баттогтохын л талд голчлон гардагтай нь аль хэдийн эвлэрчихсэн. Б.Баттогтох хичнээн ч хууль бус, зүй бус үйлдэл хийсэн байхад цагдаа, прокурор, шүүх, авлигатай тэмцэгчид нь түүний талд л асуудлыг шийдэж өгнө. Эсвэл тухайн асуудлыг нь өөр хэн нэгэнд нялзаахыг оролдоно.
- Биокомбинат нь 2002-2011 оны хооронд жил бүр захиалгаа биелүүлж, тодорхой хэмжээний цэвэр ашигтай ажиллаж байлаа. 2011 оны 07 сард Б.Баттогтохыг тус үйлдвэрт орж ирэх үед дансанд нь 2.026.484.597.63 (хоёр тэрбум хорин зургаан сая дөрвөн зуун наян дөрвөн мянга таван зуун ерэн долоон) төгрөг, 2953.20$ (хоёр мянга есөн зуун тавин гурван) доллартай, тухайн жилийнхээ захиалга төлөвлөгөөг 100% биелүүлчихсэн байдалтайгаар хүлээлгэж өгсөн. Харин Б.Баттогтох тус үйлдвэрийн захирлаар 2 жил гаруй хугацааны турш ажиллаад явах үед үйлдвэрийн агуулахууд нь 5-10 жил хэрэглээд ч дуусахгүй илүүдэл худалдан авалтаар дүүрч, хэдэн жил хуримтлуулсан бүх ашиг нь барагдан дуусч, улмаар 2013 оны 12 сарын 31-ний байдлаар 399.000.000 (гурван зуун ерэн есөн сая) төгрөгний алдагдалтай, хөндлөнгийн хараат бус аудитын байгууллага нь “дүгнэлт өгөхөөс татгалзсан” буюу хамгийн муу үнэлгээ өгсөн байдалтай л үлдсэн. Тэр бол төрийн өмчит байгууллагыг ингэж л удирдсан туршлагатай нэгэн.
- 2014 оны 01 сард “Цагаан залаа агвет” ХХК-ийхан нэг шөнийн дотор ХХААХҮЯ-тай гэрээ байгуулаад Монгол улсын мал эмийн бүртгэлд бүртгэгдээгүй буюу манай улсад худалдан борлуулах зөвшөөрөлгүй шүлхийн вакциныг ОХУ-аас 720.000.000 (долоон зуун хорин сая) гаруй төгрөгөөр Монгол улсын засгийн газарт шахчихаж байгаа юм. Бодвол бас л шантааж байлгүй. Харамсалтай нь хууль сахиулах байгууллагууд түүнийг нь мэдсэн ч огт хөдөлдөггүй.
- Нөгөө талд нь Б.Баттогтохын төрсөн ах, ХААИС-ийн ректор асан Б.Бямбаа нь олон тэрбумаар үнэлэгдэх албан тушаалаа урвуулан ашиглалт, залилан, луйврын үйлдэл хийж 2015 оны 02 сарын 09-ний өдрийн анхан шатны шүүхийн шийдвэрээр 5.6 жил буюу таван жил зургаан сар хоригдох ялаар шийтгүүлж, улмаар 2015 оны 03 сарын 26-ны өдрийн давж заалдах шатны шүүхээр шоронд хоригдох ялыг нь торгох ялаар сольж хөнгөрүүлэн ХААИС-д 468.018.348 (дөрвөн зуун жаран найман сая арван найман мянга гурван зуун дөчин найман) төгрөг төлөх шүүхийн шийдвэр гарсан байгаа.
- Б.Баттогтохын төрсөн ах Б.Бямбаа нь ХААИС-ийн ректораар ажиллаж байхдаа сургуулийнхаа ажиллагсдад зориулж “Химон констракшн” ХХК-аар бариулсан орон сууцнаас таны хамаарал бүхий С.Баасанхүү гэдэг хүнд Хан-уул дүүргийн 11 дүгээр хорооны 47 дугаар байранд 85,94 метр квадрат 61447.1 $ буюу 140.000.000 орчим төгрөгний үнэ бүхий 3 өрөө байрыг, нэг ч төгрөг төлүүлээгүй буюу үнэгүйгээр шилжүүлэх үйлдэл явагдаж байсныг 2013 онд зогсоож билээ. Уг байранд Д.Тэрбишдагва гэдэг хүний охин О. нохойтойгоо хамт амьдарч байгаа гэж ХААИС-ийнхан ярьдаг байсан тэр хүн нь таны охин мөн гэж бодож байна.
- Д.Тэрбишдагва та Б.Баттогтохыг өмнө нь хоёронтоо Биокомбинат руу илгээгээд бүрэн дампууруулж чадаагүй. Одоогийн удирдлага, мэргэжилтнүүдийн баг сүүлийн 3 жил дараалан тус үйлдвэрийг ашигтай ажиллуулж байгаа. 2014 онд 231 сая төгрөг, 2015 онд 208 сая төгрөг, 2016 онд 507 сая төгрөгийн ашигтай ажиллуулж байна. Үйлдвэрлэлийн үйл ажиллагааг нь 2011 оны 07 сард байсан түвшинд нь хүргэх гэж ихээхэн сэтгэл гарган ажиллаж байна. Энэ үйлдвэр зарим талаараа шүүмжлэлд өртдөг хэдий ч одоо ч, ирээдүйд ч Монгол улсад онцгой ач холбогдолтой байх болно. Өнгөрсөн хугацаанд гайхамшигтай гавьяа байгуулснаас ч илүүтэй ач тусыг ирээдүйд хүргэх болно. Тиймээс Д.Тэрбишдагва та Б.Баттогтохыг гуравдахь удаагаа Биокомбинат руу илгээж Биокомбинатыг битгий бүрмөсөн устгах замд нь оруулаач ээ. Та зөвхөн Б.Баттогтохыг илгээгээд зогсохгүй Биокомбинатын дүрэм болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраар батлуулсан үйлдвэр-санхүүгийн төлөвлөгөөг нь зөрчүүлэн ХХААХҮ-ийн сайд асан П.Сэргэлэнг шантаажлан, Биокомбинатын захирал Б.Онолбаатараар 2016 оны 10 сарын 03-ны өдөр тушаал гаргуулан “ТБД Андууд” ХХК, “Эрдэнэт прогресс” ХХК-ийнхаа менежер, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд надтай нэг аймаг, нэг сумын гаралтай гэх С.Тэсхуягыг өмнө нь Биокомбинатад хэзээ ч байгаагүй дэд захирал гэдэг шинэ орон тоо гаргуулан, тус үйлдвэрт ямар ч үүрэг гүйцэтгэх мэдлэг, чадваргүй этгээдийг оруулж ирээд, бид түүнийг чинь 900.000 төгрөгийн үндсэн цалинтайгаар хадгалж байна. Энэ үйлдвэрийн анхан шатны дамжлагаас эхлэн 20 гаруй жилийн турш эрүүл мэнд, мэдлэг, мэргэшил ур чадвараа зориулан ажиллаж буй мань мэтэд нь 700.000 төгрөгийн үндсэн цалин олгодог мөртлөө юу ч мэдэхгүй, ямар ч үүрэг гүйцэтгэхгүй таны цүнх баригч, бөгс долоогчид 900.000 төгрөг өгөөд зогсож байгаа нь шударга үйлдэл мөн үү?. Манай үйлдвэрийн бусад ажиллагсад нь 400000-700000 төгрөгний л цалинтай байна. Магадгүй нөгөө “алдарт 60 тэрбум”-ын нэг элемент нь таны шантаажаар ирсэн энэ этгээд ч байж мэднэ. Та эдгээр хамсаатнуудаа Биокомбинатаас эгүүлэн татаж авна уу?.
Энэ удаагийн өргөдлөө үүгээр өндөрлөж байна. Холбогдох хуулийн дагуу миний өргөдөл, гомдол, хүсэлтэд хариу өгнө гэдэгт найдаж байна.
Байнгын минь хаяг: Биокомбинат.
Үйлдвэрлэл-технологийн албаны дарга, Ерөнхий технологич Ц.Өлзийтогтох