"Монгол улсын мал эмнэлгийн анхны дүрэм"-ийн талаар товчхон

Монгол улсын анхны Мал эмнэлгийн дүрмийн талаар товчхон

Манай улсын мал эмнэлгийн анхны дүрмийг одоогийн дэлхий нийтээр дагаж мөрддөг цаг тооллоор бол Засгийн газрын 1930 оны 11 сарын 29-ний өдрийн 37 дугаар тогтоол, эрхлэх товчооны 1931 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2 дугаар тогтоол, Улсын бага хурлын 1931 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 10 дугаар хуралдаанаар тус тус хэлэлцэн баталжээ.

Хуучин монгол бичгээр бичиж хэвлүүлсэн “Бүгд найрамдах монгол ард улсын малын эмнэлгийн дүрэм”-ийн анхны хэвлэлийн төгсгөл хэсэгт  “20 он 11 сарын 29-ний өдөр засгийн газрын хурлын 37 дугаар зүйлд, мөн эрхлэх товчооны хурлаар 21 он 1 сарын 14-ний өдөр 2 дугаар хурлын зургадугаар зүйлд баталжамой, 21 он 3 сарын 5-ны өдрийн 10 дугаар хурлын гуравдугаар зүйлд улсын бага хурлын тэргүүлэгчдээс баталжамой” гэж бичжээ.

Тэгэхээр тэр үеийн цаг тоолол нь 1911 оноос эхлэн 1 дүгээр он гэж тоологдож явсан бололтой.

Орос хэлээр кирилл бичгээр болон монгол хэлээр хуучин монгол бичгээр хэвлэгдсэн  анхны “Бүгд найрамдах монгол ард улсын малын эмнэлгийн дүрэм”-ийг уншиж, хөрвүүлж байхад уг дүрмийг эхлээд  орос хэл дээр бичээд дараа нь монгол хэл рүү хөрвүүлсэн байх өндөр магадлалтай  хэд хэдэн үндэслэлүүд анзаарагдаж байв. Тэгэхээр “Бүгд найрамдах монгол ард улсын малын эмнэлгийн дүрэм”-ийг орос мэргэжилтэн боловсруулж өгсөн байх  үндэслэл ч байж болох юм.

1929-1930 оны үед боловсруулсан анхны  “Бүгд найрамдах монгол ард улсын малын эмнэлгийн дүрэм”-ийн зөвхөн  зорилго  “Нэгдүгээр анги. Монгол ард улсын малын эмнэлгийн гол зорилго ба мал тариалангийн яамнаас гүйцэтгэх үүрэг нь. Нэгдүгээр зүйл. Бүгд найрамдах монгол ард улсын малын эмнэлгийн газрын гол зорилго болох зүйлүүд нь. 1.Гэрийн адгуус малыг аливаа өвчнөөс хамгаалах  үхэх  сүйтгэхийг хорогдуулах ба мөн өвчний шалтгаанаас чанарыг алдах үрэгдэхээс хамгаалах. 2. Аливаа адгуус малын чанар махбод ба тоо үржлийн талаар үржүүлэх нэмэгдүүлэх ба мөн түүнээс гарах эд идээг нэмэгдүүлэх сайжруулах явдал дор туслах, 3. Аливаа адгуус малаас хүнд шилжин халдварлах өвчнөөс ардын эрүүлийг хамгаалах, 4. Мал ба махны зүйлийг сайжруулах хөгжүүлэхийн тул малын эмнэлэг ба ариун цэврийг эрхлэх жич боловсруулан сайжруулах явууллагыг гүйцэтгэх” хэсгийг нь одоо манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 1993 онд анх батлагдаад дараа нь хэдэнтээ өөрчлөлт оруулсан “Малын удмын сан, эрүүл мэндийн тухай” хуулийн зорилго 1 дүгээр зүйл. Хуулийн зорилт. 1.1. Энэ хуулийн зорилт нь мал, тэжээвэр амьтны /цаашид “мал” гэх/ удмын сан, эрүүл мэндийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”-той харьцуулаад одоо дэлхийн мал эмнэлгийн холбоо, дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас баримталж явуулдаг  үйл ажиллагааны үндсэн зорилгод нь хэр нийцэж байгааг судлаж үзэхэд анхны дүрэм нь одоогийн хуулиас хавьгүй илүү өргөн цар хүрээтэй, шинжлэх ухааны үндэслэлтэй байгаа нь харагдана.

Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага (OIE), дэлхийн мал эмнэлгийн холбоо (WVA) болон ер нь хөгжилтэй орнуудын мал эмнэлгийн байгууллагуудын явуулдаг үйл ажиллагааны зорилго нь мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах;, мал, амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг баталгааг гаргах;, мал, амьтан болон тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүнээр дамжин хүн амыг өвчлүүлж болох халдварт, паразит, хордлогот өвчнүүдээс нийтийн эрүүл мэндийг хамгаалах;, мал, амьтан ба тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүний гадаад, дотоод худалдааны чөлөөт байдлыг хангах;, мал, амьтантай зүй бус ба хүнлэг бусаар харьцахгүй байх зөвлөмжөөр хангаж ажиллахад чиглэгддэг.

Ингэхээр малын эмч та бид мэргэжлийнхээ салбарын үйл ажиллагааны зорилгыг хэрхэн ойлгож ирсэн нь ч эндээс ямар нэг хэмжээгээр харагдана. Магадгүй манай мэргэжлийн салбарын хөгжлийн чиг хандлага нь өндөр хөгжилтэй олон оронтой харьцуулахад зөв биш, бүр социализмын үеийнхээсээ ч зарим талаараа дордсон байгаа нь нийгэмд мал эмнэлэг ямар үүрэг, зорилготой ажиллагдаг болохыг малын эмч нар төдийгүй нийгмийн олонхи нь дутуу ойлгож явсантай холбоотой байж ч магад юм.

Ийнхүү одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, шинээр төрөх гэж буй “мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуулийн төсөлтэй харьцуулж үзэх боломжийг олгож, магадгүй зарим талаараа судалгааны ач холбогдолтой байх магадлалтайг харгалзан энэхүү анхны дүрмийг хуучин монгол бичгээс  кирилл бичигт хөрвүүлэн толилуулж байна.

 

Хөрвүүлсэн                                                                    Ц.Өлзийтогтох