Монгол улсын мал эмнэлгийн анхны дүрэм (үргэлжлэл)

Гуравдугаар анги

Малын эмнэлгийн ба  ариун цэврийг

эрхлэх хяналга магадлагын тухай

Нэгдүгээр тасалбар

Аливаа адгуус мал ба түүний түүхий эд идээг инагш чинагш явуулахад  гүйцэтгэх малын эмнэлгийн ба ариун цэврийг эрхлэх магадлалгаа нь:

Гучин есдүгээр зүйл: Орон нутгийн ард олны буюу  ард олноор байгуулсан ба албаны газруудын хийхэд энгийн этгээдийн жич жин тээвэр зэргийн хөдөө ажлын олон зүйлийн малуудыг тус улсын дотор халдвартай өвчин үгүй тайван газруудаар инагш чинагш явуулах нэвтрүүлэхэд малын эмнэлгийн эмчээс саатуулал үгүй өнгөрүүлмой.

Хэрвээ уул газар нь өвчнөөр тайван бус аваас инагш чинагш нэвтрүүлэх явдлыг гагцхүү малын эмнэлгийн их эмчийн буюу түүний орлогчийн заавар ба малын эмнэлгийн үнэмлэх бичгээр гүйцэтгэмой.

Дөчдүгээр зүйл: Олз ашгийн бодлого бүхүй ба мах болгон нядлах буюу гадаадад нэвтрүүлэхээр туун явсан малыг хаана юунд ч зориулсныг ба уул эзнийг ялгаварлах явдал үгүй явж бүхүй замд анх тохиолдсон малын эмнэлгийн тасаг салбарт орж үзүүлэн зохих эмнэлгийн татварыг хураалгаж малын эмнэлгийн үнэмлэх бичгийг авбаас зохимой.

Дөчин нэгдүгээр зүйл: Дөчдүгээр зүйл дотор дурдсан адгуус мал нь халдвартай өвчнөөр тайван бус аваас малын эмнэлгийн эмч нараас саатуулж энэхүү дүрмийн арван таваас хорин есдүгээр хүртэлх зүйлүүдийн ёсоор уул өвчнийг арилган устгах арга явууллагыг гүйцэтгэмой.  Эл адгуус мал нь мялзан өвчнөөр тайван бус газраас гарч явбаас мялзан өвчний тарилгаар тариулбаас зохимой.  Уул тарилга буюу арга явууллагыг гүйцэтгэсний дараа чинагшид  (цаашид)  малын эмнэлгийн үнэмлэх бичгийн дотор дурдсан замаар  мөн үнэмлэх бичиг дотор дурдсан  газруудын малын эмнэлгийн тасаг салбаруудад замын зуур дайрч үзүүлэн уул газар одбоос зохимой.

Дөчин хоёрдугаар зүйл:  Гучин ес ба дөчдүгээр зүйлүүд дотор дурдсан малыг малын эмнэлгийн үнэмлэх бичиг үгүйгээр явуулсан аваас уул малыг магадлан үзэх татварыг хураах дүрэм зааврыг чухам ямар учраас зөрчсөнийг тодорхойлохын тул  уул эзнээс зардал сүйтгэлийг гаргаж  малын эмнэлгийн эмч буюу орон нутгийн аймаг сумын захиргааны газруудын тушаалаар эл малыг түр зогсоон байлгаваас зохимой.

Энэхүү малыг чинагшид (цаашид) явуулмуй дор гучин есөөс дөчин нэг хүртэлх зүйлүүдийг баримтлан гүйцэтгэмой.

Дөчин гуравдугаар зүйл:  Хэрвээ малын эмнэлгийн газраас гаргасан тусгай заавраар дурдсан аваас явуулах нэвтрүүлэх малд тэмдэг дарах буюу хялбар баларч арилахгүй бусад зүйлээр тэмдэглэмой.

Дөчин дөрөвдүгээр зүйл:  Адгуус малын хэсэг бүлэг түүхий эд идээг гагцхүү халдвартай өвчин үгүй тайван газруудаас явуулах нэвтрүүлэхэд саатуулал үгүй өнгөрүүлмой. Үүнийг замын зуур анх тохиолдсон малын эмнэлгийн тасгаас батлуулмой.

Дөчин тавдугаар зүйл:  Халдвартай өвчнөөр тайван бус буюу мөн өвчнөөр аюул бүхүй хэмээн зарлагдсан газруудаас адгуус малын түүхий эд идээг явуулах нэвтрүүлэхэд  тус бүрт зохих малын эмнэлгийн их эмч буюу бага эмчээс тусгай зөвшөөрлийг авч гүйцэтгэмой.

Дөчин зургаадугаар зүйл:  Халдвар  өвчин бүхүй буюу мөн өвчнөөр тайван бус ба аюул бүхий хэмээн зарлагдсан газруудаас малын эмнэлгийн үнэмлэх бичиг үгүйгээр явуулсан адгуус малын түүхий эд идээг мөн өвчний байдлаар уул газар ариутгах ба хэрвээ болох үгүй аваас арилган зайлуулбаас зохимой.

Дөчин долдугаар зүйл: Илжирсэн, муудсан түүхий эд идээг арилган зайлуулах буюу хэрвээ уул байдлаар хэрэглэж болох аваас тусгай зүйлүүдэд хэрэглэхээр боловсруулбаас зохимой.

Дөчин наймдугаар зүйл: Адгуус малын түүхий эд идээ болох зүйлүүд нь бүхэл ба хэсэг мах, малын доторхи эрхтэн, хайлаагүй өөх, ходоод гэдэс, элдээгүй  арьс шир, цус, яс, эвэр, ноос үс, гахайн ширхэг,  дэл,  сүүл, сүү, зөөхэй, тос зэргийн зүйлүүд болмуй.  

Дөчин есдүгээр зүйл:  Хэрвээ тус улсын дотор гадаад улс лугаа харилцах усан замыг тогтоох болбасу адгуус мал ба түүхий эд идээг хэрхэн тээн явахыг мал тариалангийн яамнаас зохих газрууд лугаа харилцан хэлэлцэж тогтоон гүйцэтгэмой.

 

Хоёрдугаар тасалбар

Мал нядлах газрууд ба мах зэргийн бусад идээ хоолны зүйлүүдийг хянах  малын  эмнэлгийн ба ариун цэврийг эрхлэх хяналга магадлага.

Тавьдугаар зүйл: Гэрийн адгуус малыг тус улсын ардын үлэмж хуралдсан ба төв газар олз ашгийн бодлого бүхүй мах болгон нядлах явдлыг малын эмнэлгийн газраас батлагдаж байгуулагдсан бөгөөд  малын эмнэлгийн хяналга дор бүхүй тусгай бэлтгэсэн мал нядлах хороо ба тасгуудын газар гүйцэтгэвээс зохимой.

Тавин нэгдүгээр зүйл: Нядлах хороог эрхлэх удирдах  явдлыг малын эмнэлгийн их эмч нарт даалган гүйцэтгэх ба энэхүү хороо, тасгуудыг малын эмнэлгийн ерөнхий удирдлага дор байваас зохих малын эмнэлгийн бага эмчээс гүйцэтгэмой.

Тавин хоёрдугаар зүйл: Мал нядлах хороо ба тасгуудын газар мах болгон алах аливаа малуудыг малын эмнэлгийн эмчээр алахын өмнө ба алсан дараа үзүүлбээс зохихын дээр бүхэл ба хэсэг маханд тэмдэгийг эрхбиш даруулбаас зохимой.

Тавин гуравдугаар зүйл:  Малын эмнэлгийн эмчээс үзээд хэрэглэж үл болох хэмээсэн нядласан малын бүхэл ба хэсэг  мах, эрхтэн зэргийн бусад махыг хоолонд хэрэглэж үл болох тул  үүнийг нядлахад гарсан хог буртагыг хамтаар зайлуулах буюу хэрвээ болох аваас зохих аргаар ариутгаж болмуй. (давслах, хөлдөөх, чанаж болгох, өвчний халдварыг ариутгаж үгүй болгох зэргийн зүйлүүд болмуй) 

Тавин дөрөвдүгээр зүйл:  Малын эмнэлгийн тасаг салбар бүхүй хот ба олон ардуудын үлэмж  хуралдсан газар авчирсан адгуус малын түүхий эд идээг худалдаалахын  наана магадлуулан үзүүлбээс зохих бөгөөд жич эдгээр зүйлүүдийг малын эмнэлгийн тэмдэг үгүйгээр худалдаалж үл болмой.

Тавин тавдугаар зүйл: Бүхэл ба хэсэг мах болон бусад махны зүйлүүдийг калбаса (хиам) хийх, махны дэлгүүр, мах агуулах зэргийн газруудад гагцхүү малын эмнэлгийн эмчээс үзсэн тэмдэг бүхий хадгалж байваас зохимой.  Жич дөчин есдүгээр зүйл дотор дурдсан арьс, шир, эвэр зэргийн бусад түүхий эдийн завод, мөн зүйлүүдийг агуулах газар, бяслаг хийх, ноос угаах зэргийн газруудад гагцхүү уул түүхий эдүүдийг гаргасан газар бүхүй малын эмнэлгийн газраас олгосон баримт хуудас бүхүй аваас тийнхүү хадгалах ба боловсруулж болмой.

Тавин зургаадугаар зүйл:  Энэхүү  тасалбар дотор дурдсан олон газрууд ба малын түүхий эд идээг худалдаалах газруудыг малын эмнэлгийн ба ариун цэврийг эрхлэх зүйлүүдэд  нийлэлцүүлэн хэрхэн нээх, бэлтгэх, байгуулах, жич эдгээрийг малын эмнэлгийн ба ариун цэврийг эрхлэх зүййлүүдээр хэрхэн хянах, худалдаалж бүхий махны зүйлийг хэрхэн магадлан үзэх ба мөн хэрхэн хэрэглүүлэхгүй болгон худалдаалахыг зогсоох ба энэхүү дүрмийн арван дөрөвдүгээр, арван наймдугаар бага зүйл, мөн хорин зургаадугаар зүйлүүдийн дотор дурдсан арга явуулагыг хэрхэн гүйцэтгэхийг арван гуравдугаар зүйлийн ёсоор зохион гаргах дүрэм заавруудаар тогтоомой.

 

Гуравдугаар тасалбар

Малын гишгүүлэн нийлүүлэх тасаг. Малыг үржүүлэх газар, сүү боловсруулах хороо, малын үзэсгэлэн зэргийн газруудыг хянах малын эмнэлгийн ба ариун цэврийг эрхлэх хяналга магадлага.

Тавин долдугаар зүйл:  Сангийн малын ажлын аж ахуй ба мөн малын ажил бүхүй хамтралын ажлыг байгуулах ашиг олзын бодлого бүхүй сүү боловсруулах хороо, үнээ ба гүүний  сааль хийж бүхүй газар, сайн угсааны малын газар, аливаа адгуус малын үзэсгэлэнгийн газруудыг нээх, байгуулах явдлыг малын эмнэлгийн ба ариун цэврийг эрхлэх талаар малын эмнэлгийн газрууд лугаа харилцан гүйцэтгэмой.

Тавин наймдугаар зүйл: Сүү боловсруулах хороо, үнээ ба гүүний  сааль хийж бүхүй газруудыг, хүн  малыг эмчлэх газар, ноос, арьс шир, цөс, цус, гэдэс,  эвэр, туурай, үс ширхэг зэргийг хадгалж буюу боловсруулах ба мөн агуулж бүхүй газрын фабрикуудын хашаан дотор, жич малын  үнэ хаялцуулан худалдаалж бүхүй газар, зочдын буудлын газрын хашаан дотор, мөн малын хүүр хаядаг газар ашиглан боловсруулж бүхүй завод, хог буртагийг хаядаг газруудын  дэргэд байгуулж  үл болмой.

Тавин есдүгээр зүйл:  Энэхүү тасалбар дотор дурдсан газруудыг хэрхэн бэлтгэх ба адгуус малыг хэрхэн агуулан байгуулахыг арван гуравдугаар зүйлийн ёсоор зохион гаргах тусгай дүрэм заавруудаар ялган тодорхойлмуй.

Дөрөвдүгээр анги

Эрхлэх газруудын тухай.  Жич малын эзэд, албан хаагчдын эрх үүргийн тухай.

Нэгдүгээр тасалбар.

Малын эмнэлгийг байгуулах тухай

Нэгдүгээр бүлэг.

Мал эмнэлгийн эрхлэх газрууд нь

Жардугаар зүйл: Тус улсын дотор малын эмнэлгийн тухай бүхүй хэргүүдийг эрхлэх явдлыг ерөнхий хорооноос гүйцэтгэх, жич хөдөө газар зохих малын эмнэлгийн салбар ангиудаас гүйцэтгэмой. Эдгээрийн дүрэм ба орон тоог уул тогтоосон заавраар тодорхойлон гүйцэтгэмой.

Нэмэн тайлбарлах нь: Улаан цэргийн малыг эмнэх газар лугаа  хэрхэн харилцах явдал нь хувьсгалт цэргийн зөвлөлөөс мал тариалангийн яаман лугаа урьдаар зөвлөлдөн гаргах дүрэмд тодорхойлогдмой.

Жаран нэгдүгээр зүйл: Аливаа халдвартай өвчнүүдээс сэргийлэх малын эмнэлгийн ба ариун цэврийг эрхлэх орон нутгийг өвчин үгүй тайван байлгах зүйлүүдийг гүйцэтгэх газрууд нь уул нутгийн захиргаа ба малын ажлын байдал, жич зохих төв газрын явууллагуудад нийлүүлэн малын эмнэлгийн газраас аймгийн захиргааны газар лугаа харилцан хэлэлцэж тогтоосон их эмчийн салбар анги ба бага эмчийн тасгууд болмой.