Малын эмнэлгийн дүрэм
Нэгдүгээр анги
Монгол ард улсын малын эмнэлгийн гол зорилго ба мал тариалангийн яамнаас гүйцэтгэх үүрэг нь.
Нэгдүгээр зүйл. Бүгд найрамдах монгол ард улсын малын эмнэлгийн газрын гол зорилго болох зүйлүүд нь.
- Гэрийн адгуус малыг аливаа өвчнөөс хамгаалах үхэх сүйтгэхийг хорогдуулах ба мөн өвчний шалтгаанаас чанарыг алдах үрэгдэхээс хамгаалах
- Аливаа адгуус малын чанар махбод ба тоо үржлийн талаар үржүүлэх нэмэгдүүлэх ба мөн түүнээс гарах эд идээг нэмэгдүүлэх сайжруулах явдал дор туслах
- Аливаа адгуус малаас хүнд шилжин халдварлах өвчнөөс ардын эрүүлийг хамгаалах
- Мал ба махны зүйлийг сайжруулах хөгжүүлэхийн тул малын эмнэлэг ба ариун цэврийг эрхлэх жич боловсруулан сайжруулах явууллагыг гүйцэтгэх
Хоёрдугаар зүйл. Нэгдүгээр зүйлд дурдсан зорилгыг гүйцэтгэхийн тул мал тариалангийн яамнаас малын эмнэлгийн хэргийн тухай гүйцэтгэх зүйлүүд нь.
- Малын эмнэлэг ба малын зүйлийг ариун цэврээр хамгаалах арга бодлогыг гүйцэтгэн явуулах ерөнхий төлөвлөгөөг зохиож түүнийг биелүүлэн явуулахыг удирдах
- Тус улсын хил хязгаарыг аливаа малын халдвартай өвчнүүдийг нэвтрүүлэн оруулахгүйгээр хамгаалах, мөн тус улсын хил хязгаар ба дотоод газар хэрэглэх учир тохиолдвоос карантин хэмээх хамгаалах тасгуудыг байгуулах
- Аливаа адгуус малын халдвартай өвчнүүдээс эсэргүүцэн тэмцэх аргыг сүвэгчлэн явуулах
- Малын эмнэлгийн ба эмчлэх анагаах хэргүүдийг ерөнхийлөн удирдах, мөн малын эмнэлгийн салбар хороодын газар, мал эмчлэх амбулатори тасаг зэргийг байгуулах. Гэрийн газар мал эмнэлгийн тусламж үзүүлэх зэргийн хэргүүдийг ерөнхийлөн удирдах
- Малын эмнэлгийн анги салбарын газар ба аливаа адгуус мал буюу түүхий эд зэргийг инагш чинагш нэвтрүүлэх тасагуудыг хаана байгуулахыг тогтоох
- Урьдчилан сэргийлэх ба эмчлэх шиборатка (сыворатка). Аливаа өвчний эм ба малыг эмчлэх бусад олон зүйлийн эмүүдийг бэлтгэх найруулах лаборатори ба үйлдвэрлэх газруудыг удирдах, хянах, байцаах. Мөн эл эмүүдийг гадаадаас авчрах, нэвтрүүлэхийг хянах
- Сайн угсааны малыг өсгөх үржүүлэх газар, малыг нийлүүлэх тасаг, малын завод, сүү боловсруулах хороо, малын үзэсгэлэнгийн хороо зэргийн тус улсын адгуус малыг сайжруулах газруудыг байгуулах дор бие оролцон гүйцэтгэх
- Мал эмнэлгийн талаар түр сургууль байгуулах, олон ардын дунд илтгэл ухуулгыг хийх зэргийн гэгээрүүлэх боловсруулах явууллагыг удирдах
- Мал нядлах хороо, мах агуулах газар, махны зүйлийг худалдах ба мөн зүйлийг боловсруулж бүхүй газар, жич малын хуралдан цугларсан ба худалдаалж бүхүй газруудад малын эмнэлгийн ба ариун цэврийг эрхлэх хянах явдлыг байгуулж ерөнхийлөн удирдах
- Олон ардуудад хэрэглүүлэх идэх хоолын зүйл ба мөн зүйлийг бэлтгэх асуултуудыг хэлэлцэн гүйцэтгэхүй дор туслах
- Малын эмнэлгийн эмч нарт аливаа багаж хэрэгсэл ба эмийг олгох явдлыг гүйцэтгэх
- Малын эмнэлгийн хэргийн тухай улсын экспедиц хэмээх хэргийг хянах магадлах явдлыг байгуулах
- Малын эмнэлгийн эрдэм боловсролыг зөвөөр байгуулах бодлого бүхүй хэрэг явууллагад бие оролцох. Мөн түүнийг хөгжүүлэх явдалд туслах, жич монголын залуучуудыг Малын эмнэлгийн ба малын зүйлийг боловсруулан сайжруулах шинжлэл ухаанд сургах боловсруулах сургууль байгуулах
- Энгийнээр эмчлэх малын эмнэлгийн их, бага эмч нарын явууллагыг хянах, мөн эмчлэх газар амбулатори ба бусад малын эмнэлгийн газрууд цөмийг хянах
- Бүх эмч нарыг бүртгэх ба малын эмнэлгийн тоо бүртгэлийг явуулах
- Малын эмнэлгийн тухай аливаа дүрэм зааврын төлөвлөгөөг зохиож хууль дүрмийн ёсоор биелүүлэн явуулах
- Олон улсуудын хооронд дахь гэрээ зохиох байгуулахуй дор бие оролцох зүйлүүд нь.
- Гадаадаас аливаа өвчнийг халдварлуулан оруулах үгүйн учир тус улсын хил хязгаарыг хамгаалах
- Тус улсын хязгаар дотроос гадаадад нэвтрүүлэн гаргах ба мөн гадаадаас тус улсын дотор нэвтрүүлэн оруулах аливаа мал ба малаас гарах түүхий эд идээг малын эмнэлэг ба ариун цэврийг эрхлэх талаар хянан гүйцэтгэх
- Мал ба малаас гарах түүхий эд идээгээр худалдаалах тухай зүйлүүд болмой
- Цэргийн газар малын эмнэлгийн ба ариун цэврийг эрхлэх явдлыг зүйтэйгээр байгуулах лугаа холбогдох асуултуудыг зохион гүйцэтгэхэд бие оролцох
- Аливаа адгуус малыг үхэх сүйтгэх аюулаас старакобани (страхование - даатгал) хэмээхээр битүүлэн хамгаалах тухай эрхлэх зүйлүүдэд бие оролцох
Хоёрдугаар анги
Аливаа адгуус малын халдвартай өвчнүүдээс сэргийлэн тэмцэх тухай.
Нэгдүгээр тасалбар
Ерөнхий байдал
Гуравдугаар зүйл. Энэхүү дүрмийн дотор дурдсан аливаа халдвартай өвчнүүдийг урьдаас сэргийлэх ба арилган сөнөөх арга явууллага нь гэрийн адгуус амьтан ба шувуунуудад холбогдуулан гүйцэтгэмой.
Дөрөвдүгээр зүйл. Малын эмнэлгийн ариун цэврийг эрхлэх арга явууллагыг эрхбиш гүйцэтгэх халдвартай өвчнүүд нь.
- Үхрийн мялзан өвчин
- Үхрийн цээж өвчин
- Шүлс (шүлхий) өвчин
- Боом
- Түбэрхилэз хэмээх уушины ханиад (Туберкулёз-Сүрьеэ)
- Галзуу
- Хамуу
- Хонины хояр (цэцэг)
- Битүү туурайтай мал ба тэмээний ям
- Адууны сахуу
- Адууны гишгэж нийлсний өвчин
- Хий хавдар
- Ямааны годрон өвчнүүд болмой.
Үүнд нэмэн тайлбарлах нь.
Хэрвээ чухал учир тохиолдож мал тариалангийн яамнаас тушаалыг гаргаваас энэхүү дүрэм дотор дурдсан арга явууллагыг үхэр зүйлийн өвчин ба гэрийн адгуус амьтнаас бусад зүйл амьтнуудад хэрэглэн гүйцэтгэж боломой.
Тавдугаар зүйл. Адгуус амьтныг хэрхэн аюул бүхүй болохын хараагаар чухам өвчин бүхүй, өвчлөх сэжиг сэдэв бүхүй, өвчин халдварлах нь болзошгүй хэмээн хуваан ялгаварлаваас зохимой. Үүнд.
- Аливаа адгуус амьтанд халдвартай өвчний сэдэв тэмдэг илрэн гарсныг чухам өвчин бүхүй хэмээн үзэх.
- Аль нэгэн халдвартай өвчнөөр өвчлөх хэмээн сэжиг төрүүлсэн бөгөөд уул өвчний сэдэв тэмдэг нь бага сага буй болбажу тодорхой илэрч гаругатойг өвчлөх сэдэв сэжиг бүхүй хэмээн үзэх.
- Аливаа адгуус амьтан нь халдвартай өвчин бүхүй адгуус амьтан буюу халдвартай юм лугаа нэгдэж холилдсон агаад өвчин нь илрэн мэдэгдэх эдүй болбажу өвчилж боломарыг халдварлан өвчлөх сэжиг бүхүй хэмээн үзвээс зохимой.
Хоёрдугаар тасалбар
Аливаа халдвартай өвчнүүдээс урьдчилан хэрхэн сэргийлэх ба ариутган устгах арга явууллага.
Нэгдүгээр бүлэг. Тус Монгол ард улсыг гадаад улсуудаас халдвартай ба халдваргүй өвчнүүдийн халдварлан орохоос хэрхэн хамгаалах арга явууллага нь.
Зургадугаар зүйл. Гадаад улсуудаас туун авчрах, тээн ирүүлэх аливаа адгуус мал ба адгуусан амьтны түүхий эд идээг засгийн газраас гаргасан тусгай дүрэм заавруудыг баримтлан гагцхүү мал тариалангийн яамнаас зохих газрууд лугаа харилцан хэлэлцэж тогтоосон хил хязгаарын тасгуудаар нэвтрүүлэн гүйцэтгэвээс зохимой.
Долоодугаар зүйл. Нэвтрүүлэн өнгөрүүлэх тасгуудын тоог гадаад улсуудад адгуус амьтны халдварт өвчнүүдийн хэрхэн буйгийн байдлаар түр хязгаарлаж болох болой.
Наймдугаар зүйл. Аливаа адгуус амьтны халдвартай өвчний аюул бүхүй гадаад улсуудаас өвчний халдварыг оруулан халдварлуулах үүсгэл нөхцөл болох аливаа адгуус амьтны түүхий эд, малын тэжээл ба бусад зүйлүүдийг тус улсад оруулах ба мөн улсаар дайруулан өнгөрүүлэх явдлыг мал тариалангийн яамнаас гадаад явдлын яаман лугаа харилцан хэлэлцэж тогтоосон хугацааны ёсоор түр зогсоож болмуй.
Есдүгээр зүйл. СССР улсаас ирүүлэх, авчрах аливаа адгуус амьтны түүхий эд идээ нь мөн улсын албыг хааж буй малын эмнэлгийн эмч нараас олгосон өвчингүй тайван болох хэмээсэн үнэмлэх бичиг бүхүй байваас зохимой.
Аравдугаар зүйл. Аливаа адгуус амьтан ба түүхий эд идээ зэргийг Хятад улсаас тус Монгол улсад нэвтрүүлэн оруулж болох нь адгуус амьтны хил хязгаарын газар өвчний тарилга үйлдсэн буюу карантинд байлгасны дараа оруулж болох ба жич түүхий эд идээг тусгай тогтоосон дүрэм зааврыг баримтлан гүйцэтгэж оруулж болмой.
Арваннэгдүгээр зүйл. Тус тусын төрлийн малыг карантинд хичнээн байлгах хугацаа ба өвчний тарилгыг хэрхэн үйлдэх зааврыг мал тариалангийн яамнаас тогтоомой.