БАТЛАВ.
БИОКОМБИНАТ ТӨААТҮГ-ЫН ЗАХИРАЛ
Б.ОНОЛБААТАР
ГЕМОЛИЗИН
Тодорхойлолт:
Гемолизин нь хонины цусны улаан эсийн эсрэг эсрэгбиеийг үлэмж хэмжээгээр агуулдаг бөгөөд ийлдэс судлалын аргуудын нэг болох хавсрага холбох урвалын нэг компонентээр ашиглагддаг оношлогооны биобэлдмэл юм.
Бүрэлдэхүүн:
Энэхүү биобэлдмэл нь хонины цусны улаан эсийн эсрэг эсрэгбиеүүдийг үлэмж хэмжээгээр агуулдаг ийлдэс юм. Хадгалааслагчаар мертиолетийн 1%-ийн буюу карболын хүчлийн 5%-ийн уусгамалыг хэрэглэж болно. Шингэн хэлбэрээр бэлтгэх үед химийн цэвэр глицеринтэй тодорхой харьцаагаар холино.
Гадаад байдал ба хэлбэр:
Гемолизиныг хуурайшуулсан буюу шингэн хэлбэрээр бэлтгэж болно.
• Шингэн хэлбэрээр бэлтгэсэн гемолизин нь шаргал өнгөтэй, уусваргүй хольцгүй, тунгалаг шингэн болно.
• Хуурайшуулсан хэлбэрээр бэлтгэсэн гемолизин нь улбар шаргал өнгөтэй, тодорхой хэлбэр дүрсгүй, хуурай, нунтаг болно.
Зориулалт: Хүн, мал эмнэлгийн хэрэглээнд ашиглаж болно. Хавсрага холбох урвалын нэг компонентээр хэрэглэх зориулалттай. In vitro орчинд хэрэглэнэ.
Таньц ба шингэлэлт:
Гемолизинийг хавсрага холбох урвалд хэрэглэхийн өмнө шингэлэх ажлын таньц нь 1:1000 буюу түүнээс доошгүй шингэлэлтэндээ ойролцоогоор 80% орчим хонины цусны улаан эс (ХЦУЭ) -ийн задрал үүсгэж байвал хангалттай таньцтай гэж үзнэ.
Таньцлалт:
• Гемолизины таньцыг тогтооход хонины цусны улаан эсийн 2.5-3% цийдмэг болон 80% орчим цусны улаан эсийн задрал үүсгэхэд шаардагдах хэмжээ бүхий хавсрагыг ашиглана.
• Таньцыг нь тогтоох гемолизинээсээ 1:500, 1:1000, 1:2000, 1:3000, 1:5000, 1:10000-ийн шингэлэлт хийнэ.
• Шингэлэлт тус бүрээс 1 мл-ийг хуруу шилнүүдэд хийж дээр нь цусны улаан эсийн 2.5-3%-ийн цийдмэгээс 1 миллитрийг нэмнэ.
• Тасалгааны дулаанд 15 минут тавина.
• Дараа нь эдгээр хуруун шилэн дэх цусны улаан эс болон гемолизины холимог тус бүрээс 0.5 мл-ийг авч өөр өөр хуруун шилнүүдэд хийнэ.
• Дээр нь 1 мл шингэлэгч уусгамал болон 0.5 мл хэмжээтэй 80% орчим цусны улаан эсийн задрал үүсгэхэд хүрэлцэхүйц таньцтай хавсрага нэмнэ.
• Ингээд сайтар холино.
• Дараа нь усан ваннд 37oС-т 30 минут тавина.
• Тэгээд урвалыг нь уншина.
Урвалыг үнэлэх нь:
Энгийн нүдээр харж урвалыг унших үед ойролцоогоор 80%-аас доошгүй цусны улаан эсийн задрал үүсгэж буй шингэлэлтийг гемолизины дээд таньцаар тогтооно.
Ажлын таньцыг тогтоох:
Гемолизиныг урвалд хэрэглэхийн өмнө шингэлэх ажлын таньц нь дээд таньцаасаа ойролцоогоор 2 дахин өндөр түвшрүүлэгтэй байх нь зүйтэй.
Тухайлбал: Гемолизины дээд таньц нь 1:2000 байвал ажлын таньц нь 1:1000 байх хэрэгтэй гэсэн үг.
Тэмдэглэх нь: Гемолизины илүүдэл нь тухайн урвалын мэдрэг ба өвөрмөц чанарт бараг нөлөөлдөггүй. Үүнийг урвал тавих үед анхаарахад илүүдэхгүй.
Савлалт: Энэхүү биобэлдмэлийг 1-5 мл-ийн багтаамжтай туншил буюу цодонд савлана.
Шошгололт: Тус биобэлдмэлийг савласан туншил буюу цодонгийн гадна хажууд наасан шошго нь үйлдвэрлэсэн улс, үйлдвэрлэгч байгууллагын нэр, барааны тэмдэг, биобэлдмэлийн үнэн зөв нэр, үндэсний стандартын дугаар, цувралын дугаар, хэмжээ, үйлдвэрлэсэн огноо, хүчинтэй хугацаа, хадгалах нөхцөл зэргийг илэрхийлэхүйц байх хэрэгтэй.
Хадгалалт:
• Шингэн гемолизиныг сэрүүн (+4oС-аас +10oС-т), харанхуй, хуурай байранд хадгална. Хөлдөөж болохгүй. Ийм нөхцөлд хадгалбал үйлдвэрлэснээс хойш 1 жил хүчинтэй.
• Хуурайшуулсан гемолизиныг сэрүүн (+4oС-аас +10oС-т) ба хүйтэн (-20oС-аас доош хэмд) харанхуй, хуурай байранд хадгална. Ийм нөхцөлд хадгалбал үйлдвэрлэснээс хойш наад зах нь 2 жил хүчинтэй.
Тээвэрлэлт: Энэхүү биобэлдмэлийг зөөлөн материалаар хөдөлгөөнгүй жийрэглэж картон юмуу модон хайрцагт хийгээд хадгалах нөхцөлийг бүрэн хангахуйцаар тоноглогдсон сэрүүн хэлхээ бүхий тусгай зориулалтын тээврийн хэрэгсэлээр тээвэрлэнэ.
Санамж:
• Гемолизиныг тухайн урвалд хэрэглэхийн өмнө шингэлж ажлын таньцыг бэлтгэхдээ хадгалсан нөхцөл, хугацаа зэргээс хамаарч шошгон дээр бичигдсэн ажлын таньцаар буюу түүнээс илүү өндөр түвшрүүлэгтэйгээр шингэлж хэрэглэх нь зүйтэй. Учир нь тухайн урвалд гемолизин илүүдэх нь урвалын үр дүнд ноцтойгоор нөлөөлдөггүй.
• Шошгогүй, хүчинтэй хугацаа нь дууссан, ердийн өнгө үзэмж нь өөрчлөгдсөн, уусваргүй хольцтой, цодон, түүний бөглөө буюу туншилийн бүрэн бүтэн байдал ба битүүмжлэл алдагдсан, бичил биетнээр бохирлогдсон, зориулалтын бус газар хадгалсан гемолизиныг ХХУ-д хэрэглэхгүй байх нь зүйтэй.
• Ялангуяа урт хугацааны турш буюу зохистой бус нөхцөлд хадгалсан гемолизиныг урвалд хэрэглэхийн өмнө таньцыг нь заавал тогтоосны үндсэн дээр түүнийг хэрэглэх нь зүйтэй.
• Урвалд хэрэглэхийн өмнө гемолизины шингэлэлт хийхдээ эхлээд 1:100 харьцаагаар шингэлэх хэрэгтэй. Дараа нь 1:100 шингэлэлтээсээ бусад шингэлэлтээ бэлтгэх нь илүү хялбар.
ХАВСРАГА
Тодорхойлолт:
Хавсрага нь нян, хламидии, вирус, микоплазм зэрэг бичил биетнүүд ба паразитуудаар үүсгэгддэг мал, амьтны зарим халдварт, паразит өвчнүүдийг ийлдэс судлалын аргуудын нэг болох хавсрага холбох урвалаар илрүүлж оношлоход болон биологи, биотехнологийн чиглэлийн шинжлэх ухааны шинжилгээ, судалгаа, туршилтанд хэрэглэгддэг бөгөөд эрүүл усан гахайны цусны ийлдэснээс бэлтгэдэг өвөрмөц үйлчлэл бүхий оношлогооны биобэлдмэл юм.
Бүрэлдэхүүн:
Энэхүү биобэлдмэл нь өндөр түвшрүүлэгтэй төрөлх хавсрага бүхий усан гахайны цусны ийлдэс юм. Ричардсоны хадгалааслагч буюу 5%-ийн карболын хүчлийн уусгамалыг хадгалааслагчаар хэрэглэж болно.
Гадаад байдал ба хэлбэр:
Хавсрагыг хуурайшуулсан буюу шингэн хэлбэрээр бэлтгэж болно.
Шингэн хэлбэрээр бэлтгэсэн хавсрагыг Ричардсоны уусгамалаар хадгалааслаж хэрэглэх нь зүйтэй.
• Шингэн хавсрага нь улбар шаргал өнгөтэй, уусваргүй хольцгүй, тунгалаг шингэн болно.
• Хуурайшуулсан хавсрага нь улбар шаргал буюу цайвар шаргал өнгөтэй, тодорхой хэлбэр дүрсгүй, хуурай, нунтаг болно.
Зориулалт:
Хүн, мал эмнэлгийн хэрэглээнд ашиглаж болно. Хавсрага холбох урвалын нэг компонентээр in vitro орчинд хэрэглэх зориулалттай.
Таньцлалт буюу урвал тавих зарчим:
• Хонины цусны улаан эсийн 2.5-3%-ийн цийдмэг бэлтгэнэ.
• Хуурайшуулсан хавсрагыг шошгон дээр заасан хэмжээний дагуу шингэлэгч уусгамалаар шингэлнэ.
• Шингэлэгч уусгамал нь хүйтэн байх хэрэгтэй.
• Ричардсоны хадгалааслагчтай хавсрагыг 1:10-аар нэрмэл усаар шингэлэх хэрэгтэй.
• Таньцыг нь тогтоох гэж буй хавсрагаасаа 1:25 шингэлэлт бэлтгэнэ.
Тайлбар:
Уламжлалаар ХХУ-ыг 2.5 мл-ийн багтаамжинд тавих үед урвал тавих энэ аргачлалыг баримталж болно. ХХУ-ыг бичил багтаамжинд тавих үед урвал тавих зарчим нь адилхан ч урвалд орох компонентуудын хэмжээ өөр.
• Хавсрагын 1:25 шингэлэлтээс 10 хуруу шилэнд 1-р хүснэгтэд заасан хэмжээгээр хийнэ.
Хүснэгт №1: Хавсрагын таньцлалт
Хуруу шилний дугаар
|
Хавсрага 1:25
|
Шингэлэгч
|
Гемолизин (ажлын таньцаар)
|
Хонины цусны улаан эс (2.5-3% цийдмэг)
|
1
2
3
4
5
6
7
8
9
10
|
0.05
0.1
0.15
0.2
0.25
0.3
0.35
0.4
0.45
0.5
|
1.45
1.4
1.35
1.3
1.25
1.2
1.15
1.1
1.05
1.0
|
0.5
0.5
0.5
0.5
0.5
0.5
0.5
0.5
0.5
0.5
|
0.5
0.5
0.5
0.5
0.5
0.5
0.5
0.5
0.5
0.5
|
370С-т усан ваннд 30 минут тавина
|
• Шаардагдах хэмжээний шингэлэгчийг 1-р хүснэгтэнд заасны дагуу нэмнэ.
• Хуруун шилнүүдийг зайлж шингэлэгч, хавсрагыг сайтар холино.
• Мэдрэгжсэн улаан эсийг бэлтгэнэ.
Тайлбар: Олон улсын практикт тодорхой хэмжээтэй 2.5-3%-ийн хонины цусны улаан эсийн цийдмэгийг 100% уусган задалж чадахуйц, түүнтэй тэнцүү эзэлхүүнтэй, ажлын таньцаар шингэлсэн гемолизинтэй хольж бэлтгэсэн холимогийг мэдрэгжсэн улаан эс гэж нэрлэдэг.
Тайлбар: Урвалыг 2.5 мл-ийн багтаамжинд тавьж байгаа үед 2.5-3%-ийн 0.5 мл хонины цусны улаан эсийн цийдмэгийг ажлын таньцаар шингэлсэн 0.5 мл гемолизинтэй хольж мэдрэгжсэн улаан эсийг бэлтгэнэ. Ингэж холиод хэсэг хугацааны турш эргүүлэх хөдөлгөөнөөр аяархан зайлж бэлтгэх нь зүйтэй.
• Мэдрэгжсэн улаан эсийн цийдмэгээс 1.0 миллитрийг (0.5 мл 2.5-3% улаан эс+0.5 мл гемолизин (ажлын таньцаар найруулсан)) бүх хуруу шилэнд нэмж хийнэ. Ингээд сайтар холиод 370С-т 30 минут усан ваннд тавина.
• Усан ваннаас бүх хуруу шилнүүдийг гаргаж урвалын үр дүнг уншина.
Урвалыг дүгнэх:
• Хавсрагын холбох чадварыг тогтоохын тулд урвалын үр дүнг энгийн нүдээр харж унших үед тухайн хуруун шилэн дэх хонины цусны улаан эсийн бүрэн задрал үүсгэж буй шингэлэлтийг хавсрагын жинхэнэ таньц гэж тогтооно.
• Практикт жинхэнэ таньц буюу цусны улаан эсийн бүрэн задрал үүсгэж буй эхний хуруун шилний дараачийн хуруун шилний буюу илүү их тоо хэмжээний хавсрага агуулж буй шингэлэлтийг хавсрагын бүрэн таньц гэж үздэг.
• Оношлогооны урвалд хавсрагын бүрэн таньцыг хоёр дахин өсгөж хэрэглэх нь урвалын үр дүнг илүү найдвартай болгодог.
Тайлбар: Урвалын үр дүнг энгийн нүдээр харж унших үед ойролцоогоор 80%-аас дээш цусны улаан эсийн задрал үүсгэж буй шингэлэлтийг хавсрагын жинхэнэ таньц гэж тогтоодог.
Энэ нь ямар нэгэн линз (томруулагч, тодотгогч шил), микроскоп ашиглахгүйгээр урвалыг уншихад уншиж буй хүмүүсийн нүдний харааны зөрөөнөөс шалтгаалж улаан эс 100% задарсан эсэхийг тогтооход эргэлзээтэй байдагтай холбоотой.
Савлалт:
Энэхүү биобэлдмэлийг 5-10 миллитрийн багтаамжтай туншил буюу цодонд савлана.
Шошгололт:
Тус биобэлдмэлийг савласан туншил буюу цодонгийн гадна хажууд наасан шошго нь үйлдвэрлэсэн улс, үйлдвэрлэгч байгууллагын нэр, барааны тэмдэг, биобэлдмэлийн үнэн зөв нэр, үндэсний стандартын дугаар, цувралын дугаар, хэмжээ, үйлдвэрлэсэн огноо, хүчинтэй хугацаа, хадгалах нөхцөл зэргийг илэрхийлэхүйц байх хэрэгтэй.
Хадгалалт:
• Таньцыг нь тогтоогоогүй, хадгалааслаагүй шинэхэн бэлтгэсэн хавсрагыг гүн хөлдөөгч дотор -400С буюу түүнээс доош хэмд хадгалах хэрэгтэй.
• Шингэн хэлбэрээр бэлтгэж, хадгалж, хэрэглэх хавсрагыг Ричардсоны хадгалааслагч уусгамалаар хадгалааслаж хэрэглэх нь зүйтэй.
• Ингэж хадгалаасласан хавсрагыг 40С-т 6 сар хүртэл хугацааны турш хадгалж болно.
• Хуурайшуулсан хэлбэрээр бэлтгэсэн хавсрагыг сэрүүн (+40С-+100С-т) ба хүйтэн ( -200С-оос доош хэмд ), харанхуй, хуурай байранд хадгална. Ийм нөхцөлд үйлдвэрлэснээс хойш 1 жил таньцаа алдахгүй хадгалагдана.
Тээвэрлэлт:
Тус биобэлдмэлийг зөөлөн материалаар хөдөлгөөнгүй жийрэглэж картон юмуу модон хайрцагт хийгээд хадгалах нөхцөлийг бүрэн хангахуйцаар тоноглогдсон сэрүүн хэлхээ бүхий тусгай зориулалтын тээврийн хэрэгсэлээр тээвэрлэнэ.
Санамж:
- Шошгогүй, хүчинтэй хугацаа нь дууссан, ердийн өнгө үзэмж нь өөрчлөгдсөн, уусваргүй хольцгүй, цодон, түүний бөглөө буюу туншилийн бүрэн бүтэн байдал ба битүүмжлэл алдагдсан, бичил биетнээр бохирлогдсон, зориулалтын бус газар хадгалсан хавсрагыг ХХУ-д хэрэглэхгүй байх нь зүйтэй.
- Ямар нөхцөлд хадгалсныг үл харгалзан хавсрагын таньцыг нь заавал тогтоосны үндсэн дээр урвалд хэрэглэж байх хэрэгтэй.
- Хавсрага нь нарны шууд тусгал, гэрэл, дулаанд мэдрэмтгий, амархан идэвхээ алддаг тул түүнийг хэрэглэх явцдаа ч байнга хөргөгчид (+40С-т) хадгалах нь чухал
- Хавсрагыг шингэлэх шингэлэгч уусгамал нь заавал хүйтэн (+40С-т хадгалагдсан) байх хэрэгтэй.
- Олон улсад веронал буюу барбитал буферийн уусгамалыг ХХУ-ын шингэлэгчээр ашигладаг.
- Худалдааны зориулалтаар үйлдвэрлэж байгаа эсвэл урт хугацааны турш хадгалах хавсрагыг хуурайшуулсан хэлбэрээр бэлтгэх нь чухал
АСКОЛЫН УРВАЛЫН ЭЕРЭГ ИЙЛДЭС
Тодорхойлолт:
Асколын урвалын эерэг ийлдэс нь мал, амьтны гаралтай эдүүдэд Bacillus anthracis-ийн гаралтай дулаанд тэсвэртэй эсрэгтөрөгчийг илрүүлж оношлох зориулалт бүхий Bac.anthracis-ийн эсрэгтөрөгчдийн эсрэг эсрэгбиеийг үлэмж хэмжээгээр агуулсан өвөрмөц үйлчлэл бүхий оношлогооны биобэлдмэл юм.
Бүрэлдэхүүн:
Энэхүү биобэлдмэл нь Bаcillus anthracis-ын гаралтай эсрэгтөрөгчдийн эсрэг эсрэгбиеийг үлэмж хэмжээгээр агуулдаг. Хадгалааслагчаар карболын хүчлийн уусгамалыг ашиглана.
Гадаад байдал ба хэлбэр:
Энэхүү биобэлдмэлийг хуурайшуулсан буюу шингэн хэлбэрээр бэлтгэж болно.
• Шингэн хэлбэрээр бэлтгэсэн ийлдэс нь тунгалаг, шаргал өнгөтэй, уусваргүй хольцгүй байна.
• Хуурайшуулсан хэлбэрээр бэлтгэсэн ийлдэс нь цайвар шаргал өнгөтэй, тодорхой хэлбэр дүрсгүй,сэвсгэр, хуурай нунтаг юм.
Зориулалт:
Зөвхөн мал эмнэлгийн хэрэглээнд ашиглана. Бүтээгдэхүүн байдлаар хэрэглэгддэг амьтны биеийн эдүүд дэх Bacillus anthracis-ын дулаанд тэсвэртэй эсрэгтөрөгчдийг тундасжуулах урвалаар илрүүлж оношлох зориулалттай. Энэхүү биобэлдмэл нь in vitro хэрэглээний оношлуур болно.
Урвал тавих журам:
Энэхүү урвалыг дараах дарааллаар гүйцэтгэнэ.
• Шинжлэх эдээс ойролцоогоор 2 гр сорьцыг авна.
• 1% цууны хүчил бүхий 5 мл физиологийн уусгамал бэлтгэнэ.
• 2 гр сорьцоо 5мл уусгамалдаа хийнэ.
• Тэгээд 5 минут буцалгана.
• Yүний үр дүнд үүссэн уусгамалыг хөргөөд, шүүлтийн цаасаар шүүнэ.
• Ингээд урвалд хэрэглэх сорьц буюу шүүгдэс бэлэн болно.
Тайлбар: Энэхүү шүүгдэсийг нэг талаас шинжлэх материал, нөгөө талаас энэхүү урвалын эсрэгтөрөгч гэж ойлгох хэрэгтэй.
• Жижиг нарийн хуруун шилэнд цөөн дусал асколын урвалын эерэг ийлдэс байрлуулна.
• Дээр нь шинжлэх шүүгдэснээс мөн цөөн дуслыг нэмж эерэг ийлдэснийхээ дээд хэсэгт давхарга үүсгэж үелүүлэн байрлуулна.
Тайлбар: Шүүгдэс болон ийлдсийг хольж болохгүй.
Холихгүйн тулд ийлдэс дээр шүүгдэсээ нэмэх үед хуруу шилний ханыг дагуулан маш аяархан хийх нь зүйтэй.
Урвалыг үнэлэх:
• Энэхүү тундасжуулах урвалын үр дүнг 15 минутад уншина.
• Ийлдэс ба шүүгдэсний зааг хэсэгт үзэгдэхүйц тундасжилтын цагираг үүсч бүрэлдэж байвал эерэг урвалтай буюу өвчтэй;
• Ямар нэгэн үзэгдэхүйц цагираг үүсч бүрэлдэхгүй бол сөрөг урвалтай буюу эрүүл гэж үзнэ.
• Урвалын үр дүнг хянахын тулд асколын урвалын эсрэгтөрөгчтэй (эерэг урвалын хяналт) болон физиологийн уусгамалтай (сөрөг урвалын хяналт) эерэг ийлдсийг урвалдуулж үзэх нь зүйтэй.
Аюулгүй чанар: Хүрээлэн буй орчин, хүн, мал амьтанд аюулгүй.
Эсрэг заалт: Эсрэг заалт үгүй.
Өвөрмөц чанар:
Боомыг оношлохын тулд асколын урвалд энэхүү эерэг ийлдсийг хэрэглэх үед хуурамч эерэг урвал хааяа тохиолдож магад. Учир нь энэхүү эерэг ийлдэс нь Bacillus-ын бусад зүйлүүдийн дулаанд тэсвэртэй эсрэгтөрөгчтэй урвалдах магадлал өндөр. Иймээс өвөрмөц чанарын хувьд дутагдалтай.
Мэдрэг чанар:
Мэдрэг чанар тийм ч өндөр бус. Энэхүү ийлдсийг in vitro хэрэглээнд ашиглах үед хуурамч сөрөг урвал хааяа тохиолдож магад.
Тайлбар: Өвөрмөц ба мэдрэг чанарын дээр дурдсан онцлогуудаас шалтгаалан асколын урвал нь боомыг оношлоход түгээмэл хэрэглэгддэггүй.
Савлалт: Энэхүү биобэлдмэлийг 5-50 мл-ийн багтаамжтай цодон ба лонхонд савлана.
Шошгололт: Лонх буюу цодонгийн гадна хажууд наасан шошго нь үйлдвэрлэсэн улс, үйлдвэрлэгч байгууллагын нэр, барааны тэмдэг, биобэлдмэлийн үнэн зөв нэр, үндэсний стандартын дугаар, цувралын дугаар, хэмжээ, үйлдвэрлэсэн огноо, хүчинтэй хугацаа, хадгалах нөхцөл зэргийг илэрхийлж байх хэрэгтэй.