БАТЛАВ.
БИОКОМБИНАТ ТӨААТҮГ-ЫН ЗАХИРАЛ
Б.ОНОЛБААТАР
БРУЦЕЛЛЁЗЫГ ОНОШЛОХ ХХУ, НУ-ЫН
НЭГДСЭН ЭСРЭГТӨРӨГЧ
Тодорхойлолт:
Энэхүү эсрэгтөрөгч нь бруцеллёзтой мал амьтдыг ийлдэс судлалын аргууд болох хавсрага холбох урвал (ХХУ), наалдуулах урвал (НУ)-аар илрүүлж оношлох зориулалттай өвөрмөц үйлчлэл бүхий оношлогооны биобэлдмэл юм.
Бүрэлдэхүүн:
ХХУ, НУ-ын нэгдсэн эсрэгтөрөгчийн үндсэн бүрэлдэхүүн хэсгүүд нь бруцеллийн идэвхгүйжүүлсэн эс 2%, тусгай найрлага бүхий шингэлэгч уусгамал, хадгалааслагч болно.
Гадаад байдал ба хэлбэр:
Энэхүү биобэлдмэл нь цэхэрдүү цагаан өнгөтэй, нэгэн жигд, уусваргүй хольцгүй, шингэн цийдмэг юм. Хэсэг хугацааны турш хөдөлгөөнгүй тавихад доод хэсэгт нь цагаан өнгөтэй бруцеллийн эсүүд тунаж, дээд хэсэгт нь өнгөгүй тунгалаг шингэн ялгарна. Цодонд савласан эсрэгтөрөгчийг сэгсрэхэд бруцеллийн эсүүд нь даруй салж нэгэн жигд цийдмэг болох ёстой.
Зориулалт:
Хүн, мал эмнэлгийн хэрэглээнд ашиглана. Бруцеллёзтой мал амьтанг НУ болон ХХУ-аар илрүүлж оношлох зорилгоор уг эсрэгтөрөгчийг ийлдэс судлалын шинжилгээнд хэрэглэнэ. Наалдуулах урвал нь илрүүлэгч урвал юм. Хавсрага холбох урвал нь баталгаажуулах урвал болно. Энэхүү эсрэгтөрөгч нь in vitro хэрэглээний зориулалттай.
Тун: Нэг сорьцыг нэг удаа шинжлэхэд
- ХХУ-д 1:50 шингэлэлтээс 25 µl-ээс 0.5 мл
- НУ-д 1:10 шингэлэлтээс 25 µl-ээс 0.5 мл
Тайлбар: Нэг сорьцыг нэг удаа шинжлэхэд шаардагдах эсрэгтөрөгчийн хэмжээ нь тухайн урвалыг ямар багтаамжинд тавихаас шалтгаалж өөр өөр байна.
Шингэлэлт: Энэхүү нэгдсэн эсрэгтөрөгчийг:
Наалдуулах урвалд хэрэглэх үед 1:20-аар шингэлнэ.
Хавсрага холбох урвалд хэрэглэх үед 1:100-аар шингэлнэ.
Урвал тавих зарчим:
Хавсрага холбох урвал.
ХХУ-ыг олон улсад түгээмэл хэрэглэгддэг аргын дагуу 2 үе шаттайгаар тавина.
o Эхлээд тухайн шинжлэх ийлдэс ба хяналтын зориулалттай стандарт ийлдсийг тэнцүү хэмжээний веронал (барбитал) буферийн уусгамалаар шингэлээд 580С-т 30 минут тавьж төрөлх хавсрагыг нь идэвхгүйжүүлнэ.
o Усан гахайны хавсрагыг мөн веронал буферийн уусгамалаар шингэлж хэрэглэнэ.
o Тухайн шинжлэх ийлдсийн сорьц ба хяналтын стандарт ийлдсэндээ шаардлагатай шингэлэлтүүдийг хийнэ.
o Дараа нь ийлдсийн шингэлэлтүүд дээр ажлын таньцаар шингэлж бэлтгэсэн хавсрага, эсрэгтөрөгчийн зохистой шингэлэлтүүдээс нэмээд холино.
o Анти хавсрага үйлчлэл, эерэг урвал, сөрөг урвалын хяналтуудыг хамт тавих хэрэгтэй.
o Ингээд 37oС-т 30 минут тавина. Энэ үед ядахдаа эхний 10 минутын турш аяархан хөдөлгөн зайлж байх хэрэгтэй.
o Эсвэл 4oС-т 14-18 цаг тавина.
o Ингээд урвалын I шат дуусна.
o Урвалын I шат дууссаны дараа 2-3% мэдрэгжсэн улаан эсийг бүх шингэлэлтүүд дээр нэмнэ.
o Тэгээд 37oС-т 30 минут дахин тавина. Энэ үед дор хаяж эхний 10 минутын турш аяархан хөдөлгөн зайлж байх хэрэгтэй.
o Дараа нь 4oС-т 1 цаг орчим тавина.
o Энэ үед уусаж задраагүй улаан эсүүд доош нь тунах боломжтой. Ингэснээр урвалыг уншихад хялбар болно.
o Мөн эсүүдийг тунаахын тулд центрифугдэж болно.
o Ингээд урвалын II шат дуусна.
Тайлбар 1: Мэдрэгжсэн улаан эсийн хэмжээ ийлдэс, хавсрага, эсрэгтөрөгч тус бүрийн хэмжээнээс 2 дахин их байна. Өөрөөр хэлбэл ийлдэс, хавсрага, эсрэгтөрөгч тус бүрээс 25µl-ийг авч байвал мэдрэгжсэн улаан эсээс 50µl-ийг авна гэсэн үг.
Тайлбар 2: Олон улсын практикт тодорхой хэмжээтэй 2-3%-ийн хонины цусны улаан эсийг 100% уусган задалж чадахуйц, түүнтэй тэнцүү эзэлхүүнтэй, ажлын таньцаар шингэлсэн гемолизинтэй хольж бэлтгэсэн холимогийг мэдрэгжсэн улаан эс гэж нэрлэдэг.
Тайлбар 3: Мөн олон улсын практикт хавсрага холбох урвалыг тавихдаа шингэлэгч уусгамалаар нь веронал буюу барбитал буферийн уусгамалыг хэрэглэдэг. Цаашид Монгол улсын мал эмнэлгийн хэрэглээнд ХХУ-ын шингэлэгчээр энэхүү буферийн уусгамалыг хэрэглэж хэвшүүлэх нь зүйтэй. Энэ уусгамалын орчин маш тогтвортой байдаг тул ХХУ-ын орчин ч тогтвортой болно. Ингэснээр урвалын найдвартай байдлыг дээшлүүлнэ.
ХХУ-ыг үнэлэх:
Хонины цусны улаан эсийн задралын хувийг тогтоож ХХУ-ын үр дүнг уншина.
o 1:50 шингэлэлтэндээ 100% гемолиз үүсгэж байгаа сорьцыг сөрөг урвалтай буюу эрүүл
o 1:50 шингэлэлтэндээ 25-75% гемолиз үүсгэж байгаа сорьцыг сэжигтэй.
o 1:50 шингэлэлтэндээ 0% буюу огт гемолиз үүсгэхгүй байгаа сорьцыг эерэг урвалтай буюу өвчтэй гэж үзнэ
Наалдуулах урвал:
o Наалдуулах урвалыг 2 мл орчим багтаамжтай, тунгалаг шилэн буюу пластик хуруун шилэнд гүйцэтгэнэ.
o Урвалын шингэлэгчээр 0.5% фенолтой 0.15М буюу 0.85% NaCl-ийн уусгамалыг хэрэглэнэ.
o Шинжлэх ийлдсээ 1:5-аас 1:640 хүртэл дам буюу 2 дахин шингэлэх аргаар шингэлнэ.
o Хяналтын стандарт эерэг ийлдэсний зохистой шингэлэлтүүдийг бэлтгэнэ.
o Мөн шингэлэгч уусгамал + эсрэгтөрөгчийн хяналт тавина.
o Ажлын таньцаар нь фенолтой физиологийн уусгамалаар шингэлсэн наалдуулах урвалын эсрэгтөрөгчөөс бүх хуруун шилэн дэх ийлдсийн шингэлэлтүүд дээр тэнцүү хэмжээгээр нэмнэ. Өөрөөр хэлбэл хуруун шилнүүд дэх ийлдсийн эзэлхүүнтэй тэнцүү хэмжээтэй, ажлын таньцаар шингэлсэн эсрэгтөрөгчийг дээр нь нэмнэ гэсэн үг.
o Аяархан сайтар зайлж жигд холилдуулна.
o Тэгээд 37oС-т 20 цаг тавина.
o Дараа нь урвалыг уншина
НУ-ыг үнэлэх:
Урвалыг наалдалтын зэргээс нь хамаарч 4 хувааж үнэлнэ.
o Наалдалтыг 0%-100%-ийн хооронд үнэлнэ.
o 100% наалдалтын хяналтыг фенолтой физиологийн уусгамалаар тавина. Өөрөөр хэлбэл хуруун шилэн дэх 100%-ийн наалдалт үүсгэсэн эерэг урвалтай сорьцны урвалын дээд хэсгийн тунгалагшилт нь ямар ч хольцгүй фенолтой физиологийн уусгамалтай адил тунгалаг байна гэсэн үг.
o 0% наалдалтын хяналтанд эсрэгтөрөгчийн шингэлээгүй ажлын таньцыг ашиглана. Өөрөөр хэлбэл хуруун шилэн дэх огт наалдалт үүсгээгүй сөрөг урвалтай сорьцны урвалын харагдац нь ажлын таньцаар шингэлсэн ямар ч хольцгүй эсрэгтөрөгчтэй адил байна гэсэн үг.
Ингээд дээр дурдсан 2 хяналттай харьцуулж урвалд үнэлгээ өгнө.
Нэг чагт (1+) = 25% наалдалт-сэжигтэй
Хоёр чагт (2+) = 50% наалдалт- сэжигтэй
Гурван чагт (3+)= 75% наалдалт-сэжигтэй
Дөрвөн чагт (4+)=100% наалдалт-өвчтэй
Өвөрмөц чанар:
o Энэхүү эсрэгтөрөгчийг наалдуулах урвалд хэрэглэх үед хуурамч эерэг урвал тохиолдох магадлалтай. Тиймээс НУ-ын эсрэгтөрөгчөөр ашиглахад өвөрмөц чанар нь өндөр бус.
o Харин тус эсрэгтөрөгчийг ХХУ-д хэрэглэх үед хуурамч эерэг урвал тохиолдох магадлал багатай. Тиймээс ХХУ-ын эсрэгтөрөгчөөр ашиглахад өвөрмөц чанар харьцангуй өндөртэй.
Мэдрэг чанар: Бруцеллёзыг оношлогоонд энэхүү эсрэгтөрөгчийг in vitro хэрэглээнд ашиглах үед хуурамч сөрөг урвал тохиолдох магадлал багатай. Мэдрэг чанар нь харьцангуй өндөр.
Аюулгүй чанар: Хүрээлэн буй орчин, хүн, мал амьтанд аюулгүй.
Эсрэг заалт: Ямар нэгэн заалт тэмдэглэгдээгүй.
Савлалт: Энэхүү биобэлдмэлийг 5-20 мл-ийн багтаамжтай цодонд савлана.
Шошгололт:
Тус биобэлдмэлийг савласан цодонгийн гадна хажууд наасан шошго нь үйлдвэрлэсэн улс, үйлдвэрлэгч байгууллагын нэр, барааны тэмдэг, биобэлдмэлийн нэр, цувралын дугаар, хэмжээ, фармокофейн дугаар, үйлдвэрлэсэн огноо, хүчинтэй хугацаа, хадгалах нөхцөл зэргийг илэрхийлэхүйц байх хэрэгтэй.
Хадгалалт:
Энэхүү эсрэгтөрөгчийг сэрүүн (+4oС-аас +10oС-т) харанхуй, хуурай байранд хадгална. Ийм нөхцөлд хадгалбал үйлдвэрлэснээс хойш 12 сар хүчинтэй.
Тээвэрлэлт: Тус биобэлдмэлийг зөөлөн материалаар хөдөлгөөнгүй жийрэглэж картон юмуу модон хайрцагт хийгээд хадгалах нөхцөлийг бүрэн хангахуйцаар тоноглогдсон сэрүүн хэлхээ бүхий тусгай зориулалтын тээврийн хэрэгсэлээр тээвэрлэнэ.
Санамж:
- Хэрэглэхийн өмнө аяархан, сайтар сэгсрэх хэрэгтэй.
- Шошгогүй, хүчинтэй хугацаа нь дууссан, ердийн өнгө үзэмж нь өөрчлөгдсөн, бөглөө ба цодонгийн бүрэн бүтэн байдал ба битүүмжлэл алдагдсан, бичил биетнээр бохирлогдсон, уусваргүй хольцтой, сэгсрэхэд бруцеллийн эсүүд нь салахгүйгээр наалдчихсан байгаа, нарны шууд тусгалтай буюу дулаан байранд удаан хадгалсан эсрэгтөрөгчийг хэрэглэж үл болно.
- Энэхүү эсрэгтөрөгчийг хөлдөөж болохгүй.
Боловсруулж, хянасан. Биокомбинат ТӨААТҮГ-ын Үйлдвэрлэл- Технологийн албаны дарга,
Ерөнхий технологич Ц.Өлзийтогтох
БАТЛАВ.
БИОКОМБИНАТ ТӨААТҮГ-ЫН ЗАХИРАЛ
Б.ОНОЛБААТАР
ЯМЫГ ОНОШЛОХ ХХУ-ЫН ЭСРЭГТӨРӨГЧ
Тодорхойлолт:
Ямыг оношлох ХХУ-ын эсрэгтөрөгч нь B.mallei-ийн халдварлалттай адууг ийлдэс судлалын арга буюу ХХУ-ын тусламжтайгаар илрүүлж оношлох зориулалттай өвөрмөц үйлчлэл бүхий оношлогооны биобэлдмэл юм.
Бүрэлдэхүүн:
Энэхүү эсрэгтөрөгч нь найрлагандаа B.mallei-ийн гаралтай эсрэгтөрөгчид, шингэлэгч уусгамал, хадгалааслагч зэргийг агуулна.
Гадаад байдал ба хэлбэр:
Ямыг оношлох ХХУ-ын эсрэгтөрөгч нь цайвар шаргал буюу цэхэр өнгөтэй, тунгалаг, уусваргүй хольцгүй, шингэн биобэлдмэл юм.
Зориулалт:
Зөвхөн мал эмнэлгийн хэрэглээний зориулалттай. Ямтай адууг ийлдэс судлалын шинжилгээгээр илрүүлж оношлох үед энэхүү эсрэгтөрөгчийг ХХУ-ын нэг компонентээр ашиглана. Тус эсрэгтөрөгч нь зөвхөн in vitro хэрэглээний зориулалттай. Ямыг оношлогоонд ХХУ-ыг баталгаажуулах урвалаар ашигладаггүй.
Шинжилгээнд хамрагдах амьтдын төрөл, нас, хүйс
Нас, хүйс харгалзахгүй бүх адууны цусны ийлдсийг ХХУ-аар шинжилж болно.
Таньц буюу шингэлэлт:
ХХУ-ын эсрэгтөрөгчийг 1:50 буюу 1:100-аар шингэлж хэрэглэхээр үйлдвэрлэж байгаа.
Урвал тавих журам:
ХХУ-ыг олон улсад түгээмэл, хэрэглэгддэг аргын дагуу 2 үе шаттайгаар тавина.
o Шинжлэх ийлдсээ веронал (барбитал) буферийн уусгамалаар 1/5 шингэлээд 56oС-т 30 минут тавьж идэвхгүйжүүлнэ.
o Адуунаас бусад битүү туурайтан амьтны ийлдсийг 63oС-т 30 минут тавьж идэвхгүйжүүлнэ.
o Тэгээд ийлдсээ хоёр дахин буюу дам шингэлэлтийн аргаар шингэлж бэлтгэнэ.
o Усан гахайны хавсрагыг сонгосон тухайн буферийн уусгамалаар шингэлж хэрэглэнэ.
o Ийлдэс, хавсрага, эсрэгтөрөгч тус бүрийн зохистой шингэлэлтүүдээс тэнцүү хэмжээгээр холиод 37oС-т 30-60 минут тавина.
o Эсвэл 4oС-т нэг хоног тавьж болно.
o Энэ нь урвалын I шат юм.
o Дараа нь 2-3% мэдрэгжсэн улаан эс нэмнэ.
o Ингээд 37oС-т 45 минут тавина.
o Энэ нь урвалын II шат юм.
Тайлбар: Хонины цусны улаан эсийн 2-3%-ийн тодорхой хэмжээ бүхий цийдмэгийг 100% бүрэн задалж чадахуйц түүнтэй тэнцүү хэмжээний гемолизиний тодорхой шингэлэлттэй хольж бэлтгэсэн цийдмэгийг “мэдрэгжсэн улаан эс” гэж нэрлэдэг.
Урвалыг уншиж үнэлэх:
Хонины цусны улаан эсийн задралын хувийг тогтоож урвалыг уншиж үнэлдэг.
o Улаан эсийн задралын хувийг тогтоохын тулд 1000 эр/м-д 5 минут центрифугдэнэ.
o 1/5 шингэлэлтэндээ 100% гемолиз (цус задрал) үүсгэж байгаа сорьцыг сөрөг урвалтай.
o 1/5 шингэлэлтэндээ 25-75% гемолиз үүсгэж байгаа сорьцыг сэжигтэй.
o 1/5 шингэлэлтэндээ 0% буюу огт гемолиз үүсгэхгүй байгаа сорьцыг эерэг урвалтай гэж үзнэ.
Аюулгүй чанар: Хүрээлэн буй орчин, хүн, мал амьтанд аюулгүй.
Эсрэг заалт: Эсрэг заалт үгүй.
Өвөрмөц чанар: Ямыг оношлохын тулд энэхүү эсрөгтөрөгчийг ХХУ-д хэрэглэх үед хуурамч эерэг урвал үзүүлэхгүй. Гэвч B.mallei-тэй эсрэгтөрүүлэгч чанараараа төстэй, солбицож урвалдах чанар өндөртэй зарим бактериудын халдварлалтын үед хуурамч эерэг урвал үзүүлэх магадлалтай. Тиймээс өвөрмөц чанар нь тийм ч өндөр бус.
Мэдрэг чанар:
Энэхүү эсрэгтөрөгчийг in vitro хэрэглээнд ашиглах үед хуурамч сөрөг урвал тохиолдож магад. Мэдрэг чанар тийм ч өндөр бус. Тиймээс ч ямыг оношлогоонд ХХУ-ыг илрүүлэгч урвалаар ашигладаг бөгөөд баталгаажуулагч урвал гэж үздэггүй.
Савлалт: Энэхүү биобэлдмэлийг 2-5мл багтаамжтай цодон буюу туншилд савлана.
Шошгололт: Тус биобэлдмэлийг савласан цодонгийн гадна хажууд наасан шошго нь үйлдвэрлэсэн улс, үйлдвэрлэгч байгууллагын нэр, барааны тэмдэг, биобэлдмэлийн нэр, цувралын дугаар, хэмжээ, фармокофейн дугаар, үйлдвэрлэсэн огноо, хүчинтэй хугацаа, хадгалах нөхцөл зэргийг илэрхийлэхүйц байх хэрэгтэй.
Хадгалалт:
Энэхүү эсрэгтөрөгчийг сэрүүн (+4oС-аас +10oС-т) харанхуй, хуурай байранд хадгална.Ийм нөхцөлд хадгалбал үйлдвэрлэснээс хойш 12 сар хүчинтэй.
Тээвэрлэлт:
Энэхүү биобэлдмэлийг зөөлөн материалаар хөдөлгөөнгүй жийрэглэж картон юмуу модон хайрцагт хийгээд хадгалах нөхцөлийг бүрэн хангахуйцаар тоноглогдсон сэрүүн хэлхээ бүхий тусгай зориулалтын тээврийн хэрэгсэлээр тээвэрлэнэ.
Санамж:
- Шошгогүй, хүчинтэй хугацаа нь дууссан, ердийн өнгө үзэмж нь өөрчлөгдсөн, бөглөө ба цодонгийн бүрэн бүтэн байдал ба битүүмжлэл алдагдсан, бичил биетнээр бохирлогдсон, уусваргүй хольцтой, тундастай, нарны шууд тусгалтай буюу дулаан байранд удаан хадгалсан эсрэгтөрөгчийг хэрэглэж үл болно.
- Энэхүү эсрэгтөрөгчийг хөлдөөж болохгүй.
- Тундастай эсрэгтөрөгчийг бүү хэрэглэ.
Боловсруулж, хянасан. Биокомбинат ТӨААТҮГ-ын Үйлдвэрлэл- Технологийн
албаны дарга, Ерөнхий технологич Ц.Өлзийтогтох