Монгол оронд сэргэн тархаж буй халдварт өвчнүүд ба тэдгээрийн халдварыг хязгаарлахад Биокомбинатад үйлдвэрлэсэн вакцинуудыг хэрэглэсэн нь

Сүүлийн жилүүдэд Монгол оронд сэргэн тархаж буй халдварт өвчнүүд ба тэдгээрийн халдварыг хязгаарлахад
Биокомбинатад үйлдвэрлэсэн вакцинуудыг хэрэглэсэн нь
 

Сэргэн тархаж буй халдварт өвчнүүд ба тэдгээрийн хор хөнөөл:

Дэлхийн олон улсад болон Монгол оронд сүүлийн  хэдэн арван жилийн турш тохиолдож байгаагүй мал амьтны гоц халдварт өвчнүүд болох хонины цэцэг, адууны томуу, ямааны цэцгийн дэгдэлт сүүлийн жилүүдэд халдвар үүсгэгч вирусүүд   хаанаас гаралтай нь тодорхой бусаар манай улсын мал сүрэгт  тохиож Монгол улсын эдийн засагт үлэмж хор хөнөөл учруулав. Түүнчлэн мал бүхий иргэд, аж ахуйн нэгжүүдэд ч нилээд гарзтай байсан болно. Халдварын улмаас мэдрэмтгий мал амьтан үхэж хорогдох, өвчилж тарга хүчээ алдах, хээл хаях, уналга эдэлгээ даах чадваргүй болох, хоёрдогч халдвараар халдварлах зэргээр ихээхэн хохиролтой байсан болно. Эдгээр халдвар нь хүн амын хүнсний аюулгүй байдал,  хүн, мал амьтан ба тээврийн хэрэгслийн шилжих хөдөлгөөн, мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспорт, импорт зэрэгт шууд ба шууд бус нөлөөллөөрөө ч манай улсын олон салбарын бизнесийн үйл ажиллагаанд саад учруулж байсан болно. Зөвхөн Биокомбинатад үйлдвэрлэсэн вакциныг худалдаж авахад 2006 онд хонийг цэцгээс сэргийлэх амьд вакцин  2000000 (хоёр сая ) тун, шингэлэгчийн үнэ нийт 60 гаруй сая төгрөг, 2007 онд Адууны томуугаас сэргийлэх идэвхгүйжүүлсэн вакцин 4000  гаруй литрийн үнэ 190 гаруй  сая төгрөг, 2008 онд Ямааны цэцгээс сэргийлэх идэвхгүйжүүлсэн вакцин  2600 гаруй литрийн үнэд 80 орчим сая төгрөг зарцуулж байсан бөгөөд тэдгээр халдварт өвчнүүд дэгдсэн тухайн үед  вакцинуудын  нийт үнэд  330 гаруй сая  төгрөг зарцуулжээ. Халдвар дэгдсэн тухайн үеийн дараа ч тэдгээр халдварт өвчнүүдээс сэргийлэх вакцины нэмэлт захиалгыг Биокомбинатад  ирүүлж бид түүнийг нь  үйлдвэрлэн нийлүүлж  байсан болно.  Вакцинуудын  үнээс гадна тэдгээр халдварт өвчнүүдийг оношлох, хорио цээрийн дэглэм тогтоох, тэнд ажиллагсдыг байршуулж, хооллох, цалинжуулах,  ариутгал халдваргүйтгэлийн бэлдмэл худалдаж авах, түүнийг хэрэглэх, антибиоток худалдаж авах, вакцинжуулалтыг гүйцэтгэх ажлын хөлс, халдвар тараагч эх үүсвэр болох өвчилсөн буюу халдварласан мал, амьтдыг устгах, тэдгээрийн  нөхөн төлбөр  зэрэгт вакцины үнэтэй харьцуулахад хавьгүй өндөр зардал гаргасан байж таарна.

Халдварын эх сурвалж:

Сэргэн тархаж буй гоц халдварын үед хамгийн ноцтой бөгөөд судлаж  мэдүүштэй асуудал нь халдварын эх сурвалжыг зөв тогтоох явдал чухал баймаар. Олон жил тохиолдоогүй эдгээр гоц халдварт өвчнүүдийг үүсгэгч вирусүүд хэдэн арван жилийн турш байгальд байж байгаад зарим хүмүүсийн таамагладагчлан нар, сарны хөдөлгөөн, тэдгээрээс цацарч буй туяаны идэвхижилтэй холбоотойгоор тодорхой үечлэлтэйгээр дахин сэргэв үү? аль эсвэл   хөрш зэргэлдээ ч юмуу аль нэгэн гадаад  улсын мал сүрэгт дэгдсэн халдварын үүсгэгч   ямар нэгэн халдвар тээгчээр дамжаад ороод ирэв үү?  эсвэл  хэн нэгэн этгээд зориудаар манай улсын мал, сүрэгт халдвар  тараасан биотерроризмын үйлдэл байв уу? гэдгийг сайтар үндэслэлтэйгээр авч үзүүштэй юм. Харамсалтай нь тэдгээр халдварт өвчнүүд дэгдсэн тухайн үед халдварын гарал үүслийн талаар нухацтай авч хэлэлцээгүй санагдана. Хонины цэцэг өвчин гарч эхэлсэн тэр үед ХХААЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар  ажиллаж байсан нэгэн бээр сурвалжлагчийн асуултанд халдварт үүсгэгч БНХАУ-аас дамжиж орж ирсэн  гээд  шууд л  хариулчихаж  байв. Тэгэхдээ халдварт үүсгэгчийг тараасан этгээдтэй уулзаж мэдээлэл авсан юмуу эсвэл Хятадад гарсан халдварын үүсгэгч вирустай Монголд гарсан халдварын үүсгэгч вирусийг харьцуулж гарвал зүйн шинжилгээ хийгээд Хятадаас орж ирснийг нь тогтоосон юмуу бүү мэд. Тухайн үед Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагад бүртгэгдсэн мэдээллээр  БНХАУ-д цэцэг өвчин гараагүй бөгөөд тус улстай зэрэгцэж оршдог  Вьетнам  улсад цэцэг өвчний дэгдэлт гарсан байгаа юм. Миний бодлоор тухайн  халдварын эх сурвалж нь тодорхой хугацааны үечлэлтэй давтагддаг зүй тогтол бус (Сэргэж буй халдварууд байгалийн жамаараа буюу хаа нэгэн газар халдварын үүсгэгч  байгаль дээр хадгалагдаж байгаад өөрсдөө аяндаа идэвхжээд байгаа бус, байгальтай зүй бусаар харьцах ч юмуу, хорлон сүйтгэх үйл ажиллагаа ч юмуу гэх мэт  заавал гадны буюу хүний ямар нэгэн санаатай бөгөөд санамсаргүй үйл ажиллагаатай холбоотой байгаа гэж би үздэг ), гариг эрхэсийн туяаны идэвхжил ч бус бөгөөд зориудын буюу санамсаргүй тохиолдлоор тархаасан үүсгэгч вирусийн халдалт байсан байх.  Учир нь цэцгийн үүсгэгч вирус Монгол орны  байгальд хэдэн арван жил хадгалагдаж байгаад сэргэсэн (Bacillus anthracis –ын  хоруу чанартай, спор үүсгэдэг омгууд шиг ), эсвэл тодорхой хугацааны үечлэлтэй давтагддаг зүй тогтол байдаг гэх зэрэг таамаглал нь батлах  үндэслэл багатай юм. Тодорхой судалгаа шинжилгээнд тулгуурлаж   баталсан үндэслэл л лавтай биш. Магадгүй халдварт өвчний гаралтын талаархи баримт бичиг, түүхийн судалгаа, архивын баримт бичиг, хүмүүсийн ам дамжсан ярианд түшиж гаргасан таамаглал, ажиглалтын үр дүн байж болох юм. Хэдийгээр иймэрхүү магадлалтай буюу магадлалгүй таамаглал, ажиглалт байдаг ч   түүнийг орчин үед халдварын эх сурвалжыг зөв тогтооход ашиглах үндэслэл болгож болохгүй.     Цаашид халдвар гарахаас сэргийлэх, халдвар нэгэнт дэгдчихсэн тохиолдолд түүнтэй тэмцэх арга хэмжээг зөв сонгох зэрэгт халдварын эх сурвалжыг зөв тогтоож байх нь чухал ач холбогдолтой байх болно. Халдварын эх сурвалжыг зөв тогтооход 1-рт: Монгол улсад байгаа ялангуяа, биотерроризмийн зориулалтаар ашиглаж болох бичил биетнүүдийн омгуудын бүртгэлийг хийх, 2-рт: Мал эмнэлэг, хүн эмнэлэг, мэргэжлийн хяналт, онцгой байдал зэрэг олон салбарын дунд бүрэн тоноглолтой, мэргэшсэн мэргэжлийн боловсон хүчинтэй бөгөөд тэнд бичил биетнүүдийн биохэвшил, ийлдэс хэвшил,  гарвал зүйг тогтоох чиглэлээр ажиллаж чадахуйц үндэсний хэмжээний  лаборатори байгуулах, 3-рт: Тухайн цаг үед гадаадын улс орнуудад дэгдсэн ,ялангуяа, Монгол оронд халдвар нь дамжиж болзошгүй  халдварын талаархи мэдээллийг Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага буюу OIE –ээс хугацаа алдахгүйгээр байнга авч байх талаар санаачилгатай ажиллахыг өдөөж    өөрийн саналаа 2008 онд Булган аймагт зохион байгуулагдсан Хөдөө аж ахуйн удирдах ажилтнуудын зөвлөлгөөний үеэр Мал эмнэлгийн салбарын мэргэжилтнүүдийн зөвлөлгөөнд оролцсон тухайн үеийн ХХААЯ-ны сайдаар ажиллаж байсан нэгэн бээрт хандан холбогдох эрх бүхий шийдвэр гаргах этгээдэд уламжилж өгөхийг хүсэж байсан болно. Гэвч өнөөдрийг хүртэл авч хэрэгжүүлсэн дорвитой арга хэмжээ алга л байна. Хэрэв дээр дурдаж санал болгосон ажлуудыг хэрэгжүүлсэн болбол    таамаглал дэвшүүлээд сууж байх  бус халдварын эх сурвалжыг зөв тогтоох чиглэлд  ихээхэн дэвшил гарч тодорхой үр дүнд хүрэх нь эргэлзээгүй.

Сүүлийн жилүүдэд  Монгол оронд дэгдсэн гоц халдварт өвчнүүдтэй холбоотой мэдээллүүд  ба тэдгээрийг  оношлосон нь:

Монгол орны зүүн зүгийн аймгуудад хонины цэцгийн дэгдэлт гарч эхэлсэн 2006-2007 оны үед  Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага буюу OIE –д бүртгэгдсэн мэдээллээс үзэхэд Монгол, Вьетнам улсад хонь, ямааны цэцэг өвчний дэгдэлт байжээ. Магадгүй тэр үед БНХАУ-д цэцэг өвчний дэгдэлт тохиолдсон байж ч болох бөгөөд тус улс OIE –ийн гишүүн бус байсан учраас мэдээлээгүй ч байж болох юм.  Хэнтийн Галшар, Сүхбаатарын Асгатад 2006.12.28-нд анх бүртгэгдсэн хонины цэцгийн халдварлалтыг 2006.12.30-нд Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторит (УМЭАЦТЛ) полимеразын гинжин урвалаар (PCR)  харьцангуй хурдан оношлосон байна.

Ховдын Булганд 2007.10.26-нд анх бүртгэгдсэн адууны томуугийн дэгдэлт, тархалтын үед Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага буюу OIE –д бүртгэгдсэн мэдээллээс үзэхэд Хятад, Египет, Энэтхэг, Япон, Монгол улсуудад адууны томуугийн  дэгдэлт байжээ.  Энэхүү адууны томууг 2007.11.14-нд Мал эмнэлгийн хүрээлэнд (МЭХ) цус наалдуулалтыг саатуулах урвалаар (ЦНСУ) Orthomyxoviridae бүлийн influenzavirus-ийн язгуурын H3N8 дэд хэвшлээр үүсгэгдсэн  гэж оношлосон тухай OIE –ийн мэдээллийн  санд байна. 

2008.10.02-нд Дорнод аймагт анх бүртгэгдсэн ямааны цэцгийн дэгдэлтийн үед Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага буюу OIE –д бүртгэгдсэн мэдээллээс үзэхэд Хятадын Тайвань, Монгол, Оросын холбооны улс, Вьетнамд хонь, ямааны цэцгийн дэгдэлт байсан байна. Халдвартай ямаанаас авсан эмгэгт материалаас бэлтгэсэн сорьцыг  OIE-ийн  лавлагаа лаборатори болох Пирбрайт руу явуулж оношлуулахад 2009.04.16-нд полимеразын гинжин урвал (PCR)  ба вирус саармагжуулах урвалаар (ВСУ)  оношложээ.

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчнүүдтэй тэмцэхэд Биокомбинатын  гүйцэтгэж ирсэн үүрэг:                                                   

Биокомбинат ТӨААТҮГ нь 1923 онд үүсгэн байгуулагдаж, 1973 онд Бүгд Найрамдах Унгар Улсын техник-эдийн засгийн туслалцаатайгаар шинэчлэгдсэн, Монгол улсын биотехнологийн ууган бөгөөд хамгийн том үйлдвэр болно. Тус үйлдвэрт үйлдвэрлэдэг мал эмнэлгийн зориулалт бүхий вакцин, оношлуур, эсрэг ийлдэс зэрэг биобэлдмэлүүд нь Монгол орны мал сүргийг зарим гоц халдварт болон халдварт, тухайлбал: үхрийн мялзан, ямааны годрон, үхрийн цээж, хонины цэцэг, ямааны цэцэг өвчнүүдээс бүрмөсөн эрүүлжүүлэх, зарим гоц халдварт болон халдварт, тухайлбал: боом, галзуу, сүрьеэ, ям, бруцеллёз өвчнүүдтэй тэмцэхэд үлэмж хувь нэмрээ оруулсаар ирсэн билээ.           

Сүүлийн жилүүдэд дэлхийн байгаль, экологид гарч буй өөрчлөлтүүд болон биотерроризмтэй холбоотойгоор шинээр сэргэж буй гоц халдварт өвчнүүд, тухайлбал: манай улсад 2006 онд Сүхбаатар, Хэнтий аймгийн хонин сүрэгт анх оношлогдсон  гоц халдварт хонины цэцэг өвчин, 2007 онд Ховд аймгийн Булган сумын адуун сүрэгт анх оношлогдсон  халдварт адууны томуу өвчин, 2008 онд Дорнод аймгийн ямаан сүрэгт анх оношлогдсон гоц халдварт ямааны цэцэг өвчинтэй тэмцэж, халдварын тархалтыг хязгаарлах арга хэмжээнд Биокомбинат ТӨААТҮГ-т үйлдвэрлэдэг вакцинуудыг ашигласан нь үнэлж баршгүй хувь нэмэр оруулсныг  тэмдэглэх нь зүйтэй.

Хэрвээ эдгээр сэргэн тархаж буй халдварт өвчнүүдээс сэргийлэх вакцинуудыг Биокомбинатад үйлдвэрлэдэггүй байсансан бол гадаадаас вакцин худалдаж авах нь гарцаагүй бөгөөд Биокомбинатад үйлдвэрлэдэг вакцинуудын үнэтэй харьцуулахад хавьгүй өндөр буюу хэд дахин өндөр үнээр худалдаж авах нь тодорхой.  Энд л үндэсний аюулгүй байдлаа үндэстэн өөрөө хамгаалахын ач холбогдлын нэгэн жишээ оршиж байгаа бөгөөд Монгол улсын, Монголын мал эмнэлэг-Биотехнологийн үйлдвэрлэлийн, Мал эмнэлгийн салбарын, тус салбарт ажиллагсдын өрсөлдөх чадавхи ч  харагдана гэж бодож байна. Сэргэж буй болон шинэ тутам дэгдэж буй гоц халдварт өвчнүүдээс сэргийлэх вакцин үйлдвэрлэж чадаж байгаа нь зөвхөн Биокоминатын, тэр дундаа ганц хоёр хувь хүний чадавхийн асуудал бус Монгол улсын өрсөлдөх чадварын үзүүлэлт болно.    Манай төр засгийн эрх мэдэлтнүүдийн сонгууль болох дөхөхөөр буюу нэр дэвшиж байх үедээ  албан тушаалын төлөө үхэн хатан тэмцэж явахдаа  амны уншлага болгож хэрэглэдэг “ Үндэсний үйлдвэрлэл”-ээ дэмжихийн ач холбогдол ч бас эндээс харагдаж байх шиг. Манайхан гадаадынханыг их дуурайж, хүндэтгэж, иш татаж ярих дуртай хүмүүс шүү дээ. Тэгвэл та бидний хамгийн их жишээ авдаг Америкийн нэгдсэн улс гэхэд мал эмнэлгийн зориулалттай бүх вакцинаа дотооддоо үйлдвэрлэдэг гэж Айвогийн их сургуулийн дэргэд жил бүр  зохион байгуулдаг мал эмнэлгийн зориулалттай вакцины талаархи сургалтыг үүсгэн санаачлагч профессор Жеймс Рот 2006 онд  ярьж байсан болно.

Хонийг цэцгээс сэргийлэх амьд вакцин

Энэхүү вакцины үйлдвэрлэлд ашигладаг омгийг 1974 онд Унгар улсаас хүлээж авчээ. Тухайн үед уг омог нь хурганы бөөрний эсийн өсгөвөрт өсгөвөрлөгдөж дассан Перего нэртэй байсан. Биокомбинатын Вирусийн гаралтай биобэлдмэл үйлдвэрлэлийн цехийн эрхлэгчээр ажиллаж байсан Монгол улсын Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, малын эмч Л. Пэрэнлэй тэрхүү Перего омгийг хурганы төмсөгний эсийн өсгөвөрт өсгөвөрлөж дасган Перего-М нэртэй болгосноор   1977 оноос эхэлж Биокомбинатад хонийг цэцгээс сэргийлэх амьд вакциныг туршилтанд зориулж үйлдвэрлэж эхлээд 1978 онд хэрэглээний зориулалтаар 232000 тунг 04-р цувралаар үйлдвэрлэж байжээ. Үүнээс өмнө Монгол, Казакстанаас гаралтай хоруу чанартай омог ашиглаж хонийг цэцгээс сэргийлэх идэвхгүйжүүлсэн вакцин үйлдвэрлэж байсан баримт бий.  1981 онд Перего-М омгийг үйлдвэрлэлийн омгоор баталгаажуулж  үйлдвэрт хүлээлгэн өгсөн байна. Энэ үеэс уг омгийг ашиглаж үйлдвэрлэсэн вакцин хонийг цэцэг өвчнөөс найдвартай сэргийлж чадах нь туршилт судалгаагаар батлагдаж мал эмнэлгийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэлтийн арга  хэмжээнд хэрэглэгдснээр Монгол улсын хонин сүргийг цэцэг өвчнөөс бүрэн эрүүлжүүлэхэд зохих хувь нэмрээ оруулжээ. Хэдийгээр хонины цэцэг өвчний халдварлалт манай улсын хонин сүрэгт тохиолдохгүй устсан гэж үзээд хэдэн арван жил өнгөрсөн ч Биокомбинатад уг өвчнөөс сэргийлэх вакциныг нөөцийн зориулалтаар тодорхой тун хэмжээгээр жил бүр үйлдвэрлэж, вакцины үйлдвэрлэлд шаардлагатай хамгийн чухал бүрэлдэхүүн болох үйлдвэрлэлийн  омгоо зохих шинж чанарыг нь алдагдуулахгүйгээр барьж ирсэн байна. 1978 -1988 оны хооронд жилд 690000-1900000 тунг, 1989-1998 оны хооронд жилд 300000-600000 тунг, 1999-2006 оны хооронд жилд 20000-150000 тунг үйлдвэрлэж байжээ.   2006-2007 онд Сүхбаатар, Хэнтий, Төв аймгийн хонин сүрэгт тархсан цэцэг өвчний халдварлалтыг хязгаарлахад Биокомбинатад үйлдвэрлэсэн хонийг цэцгээс сэргийлэх амьд вакциныг хэрэглэсэн нь үлэмж хувь нэмрээ оруулсныг онцлон тэмдэглэж байна.

Адууны томуугаас сэргийлэх идэвхгүйжүүлсэн вакцин

Энэхүү вакциныг 1989 онд анх Биокомбинатад туршилтын зориулалтаар үйлдвэрлэж,  1991 оноос хэрэглээний зориулалтаар үйлдвэрлэж эхэлсэн байна. 2003 он хүртэл өвчилсөн адууны эмгэгт материалаас ялгаж гаргасан  нутгийн омгуудыг  адууны томуугаас сэргийлэх идэвхгүйжүүлсэн вакцины үйлдвэрлэлд ашиглаж байсан бөгөөд тэдгээр омгууд нь адууны томуугийн үүсгэгч Orthomyxoviridae бүлийн influenzavirus-ийн язгуурын 1 ба 2 -р буюу H7N7 ба H3N8 дэд хэвшилд оруулдаг олон улсын  ангиллын дагуу аль дэд хэвшилд ордог нь тодорхой бус байлаа.  Харин 2000 оны үеэс Биокомбинатын мэргэжилтэн нар Японоос авчирсан Prague/56 (H7N7) ; Miami/63 (H3N8)  гэдэг олон улсад вакцин үйлдвэрлэлд ашиглагддаг хоёр омгийг 2003 оноос эхлэн адууны томуугаас сэргийлэх идэвхгүйжүүлсэн вакцины үйлдвэрлэлд оруулснаар нутгийн омог болох А/94-ийн хамт нийт гурван омгийн өсгөврийг вакцины найрлаганд оруулж байгаа. Энэ нь ч олон улсын жишигтэй нийцэж байгаа болно. Тухайлбал, Франц, Белги, Финланд, Хонконг, Итали, Нидерланд, Норвеги, Швед зэрэг улсууд адууны томуугаас сэргийлэх хөнгөн цагааны усан исэл адъюванттай  вакцины үйлдвэрлэлдээ Prague/56 (H7N7) ; Miami/63 (H3N8) гэх олон улсын хоёр омгийн хамт нутгийн омгуудаа ашигладаг мэдээлэл бий. Одоо Биокомбинатад үйлдвэрлэж буй адууны томуугаас сэргийлэх вакцины үйлдвэрлэлийн омгийн сонголт  нь дээр дурдсан орнуудын вакциныхтай яг адил зарчимаар явагдаж байгаа болно. Монгол улсад хамгийн сүүлд буюу 2007-2008 онд тохиолдсон адууны томуугийн дэгдэлтийн үед Биокомбинатад үйлдвэрлэсэн уг өвчнөөс сэргийлэх зориулалт бүхий  вакцины  хамгаалах идэвхийн талаар янз бүрийн эргэлзээтэй яриа гарч байсан нь үндэслэл багатай байсан болно. Учир нь тэр үед халдвар хэт эрчимтэй тархаж байснаас эрүүл адуугаа вакцинжуулсны дараа дархлаа тогтож амжаагүй байтал халдварлаж өвчлөх, эсвэл нэгэнт халдвар авчихсан нууц үедээ байгаа буюу хөнгөн хэлбэрээр өвчилчихсөн байх үед нь вакцин тарихаар сэдэрч адууны томуу өвчний эмнэл зүйн шинж тэмдэг илрэх явдал байдгийг вакцины идэвхит чанартай андуурах явдал зарим хэрэглэгчид болон мэргэжилтнүүдэд байсныг үгүйсгэхгүй. Адууны томуугаас сэргийлэх вакциныг 1991-2007 оны хооронд жилд 210-580 литрийг үйлдвэрлэж байсан байна. 2007-2008 онд Монгол орон даяар тархсан адууны томуугийн дэгдэлтийн үед манай улсын адуун сүргийн тодорхой хувийг халдвараас сэргийлэхэд энэхүү вакцин чухал үүрэг гүйцэтгэсэн болно. Гэхдээ чанарын бүх үзүүлэлтээрээ сайн бөгөөд халдвараас 100% буюу бүрэн хамгаалдаг вакцин дэлхийн аль ч улсад байхгүйг мэргэжил нэгтнүүд та нарт сануулахад илүүдэхгүй байх гэж бодож байна. Учир нь  аль нэгэн вакцины үйлдвэрлэлд ашиглаж буй  бичил биетний омгийн шинж чанар тухайн вакциныг ашиглаж сэргийлэх  гэж буй халдварын дэгдэлтийг үүсгэгч бичил биетний шинж чанартай хэзээ ч давхцдаггүй бөгөөд вакцины найрлаган дахь амьд омог буюу дархлаатөрүүлэгч шинж чанар бүхий  эсрэгтөрүүлэгчид хариу үзүүлэх уг вакцинаар вакцинжуулж буй вакцинжигч бодгаль бүрийн  биемахбодын дахлааны хариу урвалаа дайчлах чадамж нь  өөр өөр байдагтай холбоотойгоор 100% хамгаалалт олгодог вакцин гэдэг ойлголт байдаггүй. Нөгөө талаас вакцины үйлдвэрлэлд ашигладаг бичил биетний омгууд ба тэдгээрийн гаралтай хамгаалагч эсрэгтөрүүлэгчдийн бүх шинж чанарыг нь огт өөрчлөлт оруулахгүйгээр , үйлдвэрлэлийн технологийн бүх дамжлага ажиллагааг  нь өчүүхэн төдий ч зөрчихгүй байх гэдэг нь мөн л хаанахын аль ч үйлдвэрлэгчид байхгүй ойлголт. Гэхдээ гарч болох зөрчлийн зөвшөөрөгдөх хувийг давахгүйгээр сайн чанартай вакциныг үйлдвэрлэж чадах нь биобэлдмэл үйлдвэрлэлийн  ихээхэн туршлагатай, гарч болзошгүй болон нэгэнт гарчихсан алдаагаа олж харж чаддаг, мэргэжлийн өндөр мэдлэгтэй технологич  мэргэжилтнүүдтэй, мэргэшлийн өндөр ур чадвартай ажиллагсад бүхий  найдвартай үйлдвэрлэгчдийн л хийх ажил.   

Ямааны цэцгээс сэргийлэх идэвхгүйжүүлсэн вакцин

Уг вакцины үйлдвэрлэлд ХО-60   нэртэй нутгийн омог ашигладаг. Энэхүү омгийг 1955 онд Таджикийн Т.Я.Ванновский өвчилсөн ямаанаас гарган авсан байна. Биокомбинат уг омгийг 1961 онд хүлээн аваад 1974 онд туршилтын үйлдвэрлэлээ эхлүүлж эхний 01-04 цувралыг туршилтын байдлаар явуулж, мөн 1974 ондоо анх хэрэглээний зориулалт бүхий  ямааны цэцгээс сэргийлэх вакциныг 05-р цувралаар 173.5 литрийг, 06-р цувралаар 795 литрийг тус тус  үйлдвэрлэж байжээ. Үүнээс хойш ямааны цэцэг өвчин бүрмөсөн устсан гэж үзээд их хэмжээгээр үйлдвэрлэхийг зогсоосон бололтой. 1975 онд 07-р цувралаар 55 литрийг үйлдвэрлэснээс хойш 1976-2007 оны хооронд жилд 20-62.5 литрийг  нөөцийн зориулалтаар үйлдвэрлэж ирсэн байна. Дашрамд дурдахад  энэ дэлхий дээр вакциныг анх нээх бололцоог олгосон халдварт өвчин бол  цэцэг өвчин бөгөөд төрөл бүрийн амьтны цэцэг өвчнөөс сэргийлэх вакциныг ашигласнаар 1970-аад онд дэлхийгээс хүн, мал амьтны цэцэг өвчнийг бүрмөсөн устгасан гэж үздэг байлаа. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд мал амьтны цэцэг үүсгэгч вирусийн дэгдэлт дахиж байна. Гэхдээ 1970-аад онд цэцэг устсан гээд дахин хэзээ ч цэцгийн халдвар тохиолдохгүй болсон, Монгол улс цэцэг өвчнөөр тайван орон болсон гэж тэмдэглээд цэцгийн вакциныхаа үйлдвэрлэлийн  омог, үйлдвэрлэлийн технологи, үйлдвэрээ устгачихаагүй нь олзуурхууштай. Сонирхууштай бөгөөд шинжлэх ухааны үндэслэлтэй  мэдээлэл дуулгахад 2006-2007 оны зааг үед хонины цэцгийн дэгдэлт эхэлчихсэн байхад вакцины хэрэгцээ нэн яаралтай шаардлагатай байлаа. Вакцины шинэ цуврал үйлдвэрлэх нь эцсийн бүтээгдэхүүний чанарын хяналтын хугацааг оруулахгүйгээр тооцоход наад зах нь 40 хоног зарцуулахаар байв. Энэ үед вакциныг гадаадаас импортлох тухай ч ярилцаж байсан болно. Тэр үед би  цэцэг өвчний талаар бичсэн гадаадын ном сэтгүүл уншиж байгаад хонины цэцэг, ямааны цэцэг хоёулаа  Poxviridae-ийн бүлийн  Capripoxvirus-ийн язгуурын вирусээр үүсгэгддэг хэдий ч хонины цэцгээс сэргийлэх вакциныг ямаанд олгоход ямааг ямааны цэцгээс сэргийлдэггүй, харин ямааны цэцгээс сэргийлэх вакциныг  хонинд олгоход хонийг  хонины цэцэг ба ямааны цэцгээс сэргийлэх найдвартай дархлаа олгодог тухай олж мэдсэнээ хэлж тайлбарлаад тухайн үед улсын нөөцөд байсан 30 литр ямааны цэцгээс сэргийлэх идэвхгүйжүүлсэн вакциныг  Сүхбаатар, Хэнтий аймгийн хонины цэцгийн халдвартай бүс нутгийн тодорхой хэсгийн хонин сүргийг вакцинжуулахад ашиглаж болохыг ухуулж сануулахад шийдвэр гаргах эрх үүрэг бүхий ямар ч мэргэжилтэн ойлгож хүлээж авсангүй.  Тэгснээр уг 30 литр ямааны цэцгээс сэргийлэх вакцины хадгалах хугацаа дуусаад устгагдсан болно. Харин түүний дараахан Монгол улсад тодорхой хугацаагаар ирж ажилласан мал, амьтны цэцэг өвчний талаар судалгаа хийдэг  Шотландын Эдинбургийн Их сургуулийн судлаач Филипа Биэрдэд тэр тухай хэлж ярилцаад саналаа солилцоход  дээр дурдсан вакцинуудын солбицож хамгаалах чанар яг тийм байдаг тухай баталж байсан болно. 2008 оны 10-р сараас Дорнод аймгийн ямаан сүрэгт дэгдсэн ямааны цэцгийн халдварын тархалтыг хянаж хязгаарлахад Биокомбинатад үйлдвэрлэсэн ямааны цэцгээс сэргийлэх идэвхгүйжүүлсэн вакцин зохих үр нөлөөгөө үзүүлсэн болно. Уг вакцинаар тус аймгийн ямаан сүргийг бүрэн вакцинжуулснаар халдварыг тархаахгүй  голомтонд нь барьж устгаж чадсан гэж үзэж байна.

2009 оны 09 сар. Найрамдал зуслан. ОҮБХ.