Амьтны эрүүл мэндтэй холбоотой асуудлыг зохицуулах  хууль эрх зүйн орчны өөрчлөлт  ба  мал эмнэлгийн мэргэжлийн язгуур эрх ашиг

Амьтны эрүүл мэндтэй холбоотой асуудлыг зохицуулах  хууль эрх зүйн орчны өөрчлөлт  ба 
мал эмнэлгийн мэргэжлийн язгуур эрх ашиг

Монголын Мал эмнэлгийн холбооны дүрэмд зааснаар тус холбооны  гүйцэтгэх үндсэн үүргийн нэг  нь гишүүдийнхээ язгуур эрх ашгийг хамгаалах.

Гишүүд гэдэг  нь  гишүүн байгууллага,  гишүүн – малын эмч, хүндэт ба  дэмжигч гишүүн болно.

Гишүүн малын эмчийн язгуур эрх ашиг нь  мал эмнэлгийн шинжлэх ухааны мэдлэг, мэргэшил олгодог  сургуулийн бүрэн курсэд  4-5 жилийн турш суралцаж төгсөөд эзэмшсэн  малын эмч мэргэжилээрээ ажиллах. Өөрөөр хэлбэл мэргэжлийнхээ  ажил, үйлчилгээг эрхлэх.

Гишүүн байгууллагын язгуур эрх ашиг нь мал эмнэлгийн салбарын сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн төрөлжсөн, тухайн чиглэлийн ажил, үйлчилгээгээ  өвөрмөц  мэргэжлийн өндөр түвшинд, бие даан явуулах.

Хүндэт ба дэмжигч гишүүний язгуур эрх ашиг нь мал эмнэлэгтэй холбоотой ажил, үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд  хүлээж авах, сонирхогчийн буюу сайн дурын түвшний бус,  мэргэжлийн  харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, мал эмнэлгийн байгууллага болон малын эмчид  дэмжлэг үзүүлэх  гэх мэт байж болох.

“Язгуур эрх ашиг”  гэдгийг  утгачилж ойлговол тухайн мэргэжилтний ба  мэргэжлийн бусдаас өвөрмөц ялгаатай байх, өөр мэргэжлийн хүн хийх ёсгүй, зөвхөн тухайн мэргэжлийн хүн ба байгууллага л хийх ёстой, тухайн мэргэжлийнхэн нь бусад мэргэжлийнхэн буюу “сайн дурын уран сайханч”-аас хавьгүй өндөр, мэргэжлийн буюу профешнэл түвшинд хийж чаддаг ажил, үйлчилгээгээ бие даан  явуулах, хараат бус байлгах, ажил, үйлчилгээ үзүүлснийхээ хөлсийг өөрөө хүртдэг байх, хариуцлагаа бүрэн хүлээх, өөрсдийгөө хөгжүүлэх бололцоо, нөхцлийг бүрдүүлэх  гэх мэт болно.

Энгийнээр бөгөөд товчхоноор тайлбарлавал “ашигтай (ашиг), үндсэн (язгуур),  ашиг сонирхол ба эрх мэдлээ (эрх)” бие даан, бусадтай хуваалцахгүйгээр, дангаараа  эдлэх гэх утга гэж ойлговол зохино. 

Тэгвэл Одоо Монголын мал эмнэлгийн холбоо нь гишүүдийнхээ язгуур эрх ашгийг хамгаалж чадаж байна уу?.

Монгол улсын Мал эмнэлгийн мэргэжлийн салбарын эрх зүйн зохицуулалт, төр засгаас явуулж, үзүүлж байгаа бодлого, менежментийн   одоогийн байдлыг тодорхойлбол:

Хууль зүйн үүднээс:  Монгол улсын “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль” . Хуулийн нэрнээс үзэхэд. 

  1. Малын удмын санг хамгаалах,
  2. Малын эрүүл мэндийг хамгаалах 2 үйл ажиллагааг нэг хуулиар зохицуулж байна.

Төр, засгаас Мал эмнэлгийн үйл ажиллагааг бодлого, мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллаж буй бүтэц  тогтолцоо нь:  Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг, үржлийн газар.

Агентлагийн нэрнээс үзэхэд:

  1. Мал эмнэлэг,
  2. Үржлийн гэх хоёр өөр үйл ажиллагааг нэг бүтэц дотор оруулчихсан явуулж байна. Өөрөөр хэлбэл мал эмнэлэг нь үржлийн буюу мал зүйн мэргэжлийн “хавсрага” мэргэжил болжээ.

Одоо мал эмнэлгийн ажлыг зохицуулж байгаа “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хуулийн

 

5.3.-т.  “Сум, дүүрэгт мал эмнэлэг, үржлийн үйлчилгээний нэгж ажиллах бөгөөд нэгж нь дараахь чиглэлийн үйл ажиллагаа эрхэлж болно:

5.3.1. мал эмнэлэг, үржлийн;

5.3.2. мал эмнэлгийн;

5.3.3. малын үржлийн.

         

7.4.-т.  Мал эмнэлэг, үржлийн мэргэжлийн ажил, үйлчилгээг малын эмч, мал зүйч гүйцэтгэнэ. Малын эмч нь мэргэжлээрээ ажиллах итгэмжлэлтэй байна

 

Дээр дурдсан хуулийн нэр, агентлагийн нэр, хуулийн зүйл заалтаас үзэхэд  Мал эмнэлгийн мэргэжлийн ажил, үйлчилгээ бие даасан дангаараа байх ёстой гэх “язгуур эрх ашиг” нь зөрчигдөж байна.

Мал эмнэлгийн мэргэжлийн ажил үйлчилгээ нь мал зүйн буюу үржлийн ажил үйлчилгээтэй холилдчихсон нийлчихсэн явж байна. Ингэхээр бие даасан, өвөрмөц  мэргэжлийн ажил үйлчилгээ байх ёстой гэх шаардлага алдагдаж байна.

“Мал эмнэлэг, үржлийн  мэргэжлийн ажил үйлчилгээг малын эмч, малзүйч гүйцэтгэнэ” гэхээр  нэг талаас  малын эмч нь мал зүйн буюу үржлийн  мэргэжлийн ажил үйлчилгээг ч гүйцэтгэж болно, нөгөө талаас  мал зүйч нь мал эмнэлгийн мэргэжлийн ажил, үйлчилгээг ч гүйцэтгэнэ гэх хуулиар зохицуулсан харилцаа үйлчилж байна.

Ингэхээр малын эмч, мал зүйч гэх хоёр мэргэжлийн аль нэгийг нь эзэмшчихсэн байхад л хоёр мэргэжлийн ажил, үйлчилгээг аль алиныг нь хийгээд явах боломжтой болчихож байгаа юм. Эндээс дүгнэж бодохоор  мэргэжлийн өвөрмөц мэдлэг олгодог мал эмнэлгийн ба мал зүйн  шинжлэх ухаан гэдэг ойлголт байхгүй ч юм шиг.

Нэг талаас мал эмнэлгийн шинжлэх ухаан нь үржил, мал зүй, ноос ноолуурын гарц, бүтэц, тэжээллэг гэх мэтийг  судалдаг ч юм шиг, нөгөө талаас мал зүйн шинжлэх ухаан нь мал амьтны халдварт, халдваргүй, паразит, хордлогот гэх мэт өвчин эмгэг, өвнүүдийн оношлогоо, эмчилгээ, сэргийлэлт, лабораторийн шинжилгээ, эм, биобэлдмэлийн үйлдвэрлэл, хэрэглээ гэх мэтийг судалдаг ч юм шиг  ямар ч ойлгомжгүй  байдалтай.

ХААИС нь мал зүйч бэлтгэх хуучнаар Зоотехникийн факультет буюу одоогийнхоор Биологийн нөөцийн менежментийн сургууль (БНМС), малын эмч бэлтгэх хуучнаар Мал эмнэлгийн факультет, одоогийнхоор  Мал эмнэлэг Биотехнолгийн сургууль (МЭБС)-ийн аль нэгийг нь бүрмөсөн хаах, эсвэл нэгийг нь нөгөөд нь нийлүүлэх шаардлагатай ч юм шиг болчихож.

Ер нь тэгээд мэргэжлийн язгуур эрх ашгийг хамгаалах, мэргэжлийн бусдаас ялгарсан буюу өвөрмөц байдал  гэж юуг хэлээд байна вэ гэвэл тухайн мэргэжлийн мэргэжилтэнд л байдаг бөгөөд өөр ямар ч салбарын мэргэжилтэнд байхгүй, тухайлбал, зөвхөн  малын эмч мэргэжилтэн танд л байгаа  өвөрмөц, нарийн мэргэжлийн мэдлэг, ур чадвар  л гэж ойлговол зохино.

Ийм л үндэслэлээр энэ хавар явагдсан Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Төв, Говь-Алтай, Баянхонгор, Увс, Завхан зэрэг аймгуудын  малын эмч нарын “итгэмжлэлийн сургалт”-ын үед хэлж анхааруулаад байгаа миний үзэл бодол санал бол малын эмч нар та бүхэн минь мэргэжилгүй, эсвэл мал зүйн мэргэжилтэй хүмүүсийн хийж чаддаггүй өвөрмөц, нарийн мэргэжлийн ажил үйлчилгээг малчдынхаа болон мал бүхий аж ахуйн нэгжүүдийн эздийнхээ хүсэл, сэтгэлд нь хүрч нийцүүлэн  үзүүлж чаддаг, түүгээрээ бусдаас онцгойрч  ялгарч чаддаг болооч ээ, мал эмнэлгийн нэгжүүд бүхэн ямар нэгэн хэмжээний хүчин чадал бүхий лабораторитой болооч ээ, лабораторигүй мал эмнэлгийн нэгж гэдэг ойлголт яваандаа байхгүй болно  оо гэдгийг ойлгоорой гэх зэрэг яриа хийгээд байгаа нь бусдаас илүү   мэргэжлийн мэдлэгтэй,  мэргэшлийн ур чадвартай байж л мал эмнэлгийн мэргэжлийн  язгуур эрх ашгаа та бид хамгаалж чадах юм байна шүү л гэдэг ойлголтыг өгөх гээд байгаа нь тэр.

Жишээ нь, байгалийн буюу физиологийн жамаараа төллөж чадахгүй байгаа, бэрхтсэн эх малыг мэс заслын аргаар төллүүлэхийн тулд хийдэг Кесарын хагалгаа (C-section, Caesarian section, Cesarean section, Caesar,)-г  хийхийн тулд тухайн зүйлийн  мал, амьтны анатоми, физиологийн онцлог, байршил анатоми, мэс засалд бэлтгэх ажиллагаа, талбай бэлтгэх, ариутгал хийх, ерөнхий болон хэсэг газрын мэдээ алдуулалт, мэдээ алдуулагч эмийн сонголт хийх ба тунг тааруулах, мэс заслын хутга болон бусад багаж, хэрэгсэл, утас зүүгээ сонгох, бэлтгэх,  хэвлийн хананд зүсэлт хийх,  сав нээх, үүсгэсэн шархны цус тогтоох, төлийг гаргаж авах, эхэсийг ялгаж салгах, саванд оёдол тавих, хэвлийн хананд оёдол тавих, боолт тавих, шарх ариутгах, шархны биологийн  үе шатанд таарсан  эдгээх эмчилгээ хийх, шархаар дамжиж  болзошгүй халдвараас сэргийлэх гэх мэт  мал эмнэлгийн мэс заслын мэргэжлийн мэдлэг нь малчинд, мал зүйч буюу зоотехникчид байхгүй, ганцхан малын эмч та нарт байдаг мэргэжлийн өвөрмөц мэдлэг, мэргэшлийн нарийн ур чадвар юм.

Мал эмнэлгийн шинжлэх ухааны сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн бүх  салбарын, бүх түвшинд  үүнтэй ижил л мэргэжлийн мэдлэг, чадвараараа бусдаас ялгарч байж  та бид  мэргэжлийнхээ язгуур эрх ашгаа хамгаалж чадна.

Одоо Улсын Их Хурал, Засгийн газар болон  манай мэргэжлийн салбарынханы тодорхой түвшинд яригдаж хэлэлцээд эхлэчихсэн байгаа Малын эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн ерөнхий үзэл баримтлал, гол зохицуулалт нь мал эмнэлгийг мэргэжлийн нарийн ажил, үйлчилгээ гэдгийг  баталгаажуулж хуульчилахад чиглээсэй гэж хүсэж байна.

Манай улсад тогтсон уламжлалт ойлголтоор мал эмнэлэг гэдэг нь зөвхөн таван хошуу малд өвчин тусахаар эмчилдэг, эм вакцин тарьдаг л мэргэжил, ажил, үйлчилгээ гэдэг  нийтлэг ойлголт бий болоод төр, засгийн тэргүүнээсээ эхлээд  жирийн иргэд хүртэлх бүх хүмүүсийн толгойд гүн бат шингэчихжээ.

Тэгвэл одоогийн бидний хүсээд байгаа Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах тухай хуулиар манай ард түмний толгойд шингэчихсэн тэр ойлголтыг өөрчилж,  Мал эмнэлэг гэдэг нь мал амьтны өвчинг эмчлэх, оношлох, сэргийлэхээс гадна амьтны амар амгалан байдлыг хангах, эрхийг хамгаалах (animal welfare), амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүний аюулгүй бөгөөд баталгаат байдлыг хангах, амьтнаар дамжин хүнийг өвчлүүлдэг халдварт, инвази, хордлогот өвчнүүдээс хүн амын эрүүл мэндийг хамгаалах, амьтан болон амьтны гаралтай бүтээгдэхүүний худалдаанд баталгаа гаргаж дэмжлэг үзүүлэх гэх мэт маш өргөн хүрээг хамарсан үүрэг гүйцэтгэдэг мэргэжлийн ажил, үйлчилгээ юм гэдгийг баталгаажуулж хуульчилахад чиглэх шаардлагатай байна.

Дашрамд дурдахад “мал эмнэлэг” гэдэг нэр томъёо нь үгийн бүтцийнхээ хувьд  ч, манайд тогтсон хэллэг ойлголтынхоо хувьд ч дэлхий даяархи нэршил, ойлголтоос зөрөөтэй байгаа юм.

Мал гэхээр монгол хүний толгойд адуу, үхэр, тэмээ, хонь, ямаа гэдэг ойлголт л бууна.

Тэгвэл “мал эмнэлэг”-ийн ажил, үйлчилгээ зөвхөн таван хошуу малыг хамарч байгаа юу?  гэвэл, үгүй. Нохой, муур, тахиа, галуу, туулай, усан гахай, харх, хулгана, чоно, зээр  гэх мэт амьтад нь  “мал”  гэх ойлголтонд хамаарах уу?, эдгээр нь “мал” мөн үү?   гэвэл, бас л үгүй.

Гэтэл адуу, үхэр, тэмээ, хонь, ямаа болон нохой, муур, тахиа, галуу, туулай, усан гахай, харх, хулгана, чоно, зээр зэрэг бүхий л амьтны өвчинтэй, бүх амьтны гаралтай материал, бүтээгдэхүүн, сорьцонд  хийх шинжилгээ, судалгаатай  аль мэргэжлийнхэн, ямар мэргэжилтэн тулж ажиллаж байна вэ гэвэл мал эмнэлэг, малын эмч л харьцаж ажиллаж байгаа.

Тэгэхээр мал эмнэлгийн шинжлэх ухааны хамрах хүрээ нь таван хошуу малаар хязгаарлагдахгүй болоод байна аа даа!?.

Ингэхээр энэ нэршилтэй холбоотой асуудлыг  одоо шинээр боловсруулах  хуулиндаа ихээхэн анхаарч тусгах шаардлагатай байгаа юм.

Бидний  “мал эмнэлэг”, “мал эмнэлгийн шинжлэх ухаан”  “малын эмч”  гэж хэлж заншсан  мэргэжил, шинжлэх ухааны салбар,  мэргэжилтэнг дэлхий даяараа  “Veterinary medicine,Veterinary scienceVeterinarian гэж нэрлэдэг бөгөөд эдгээр  нэр томъёо нь яавч л таван хошуу  малын эмнэлэг, зөвхөн таван хошуу малын өвчинтэй холбоотой шинжлэх ухаан, таван хошуу малын эмч гэсэн ойлголт л лавтайяа биш байна.

 Veterinary, Veterinarian гэдэг нь animal medicine, animal hospital, animal doctor буюу амьтны эмнэлэг, амьтны эмч гэдэг утгыг илэрхийлэх нь түгээмэл ойлголт юм.

Ингэхээр шинээр боловсруулах хуулийн нэршилийг “Малын эрүүл мэндийг хамгаалах тухай” биш, “Амьтны эрүүл мэндийг хамгаалах тухай” гэх нь дэлхий нийтийн хэллэг, ойлголттой илүүтэйгээр нийцэх юм.

Зөвхөн олон улсыг даган дуурайх гээд байгаа ч юм биш.  Монгол улсад ч мал эмнэлгийн ажил, үйлчилгээний хамрах хүрээ нь аль хэдийн таван хошуу малаас халиад явчихсан байгаа шүү дээ.

Тэгэхээр уламжлалт ойлголт, улс төрийн популизм, хуучинсаг сэтгэхүйгээсээ салахыг хичээгээд, шинэ зүйлийг харьцангуй хурдан хүлээж авдаг болоод  “амьтны эрүүл мэндийг хамгаалах тухай хууль”, “амьтны эмнэлэг”, “амьтны эмч” гэх нэршилийг нэвтрүүлж хэвшүүлж хэрэглэж сурцгаая.

Ер нь манай олонхи Монголчуудад, тэр дундаас малын эмч нарын олонхид маань  “өөрөө бүү сур, сурсан хүний үгэнд бүү ор” гэдэг “юм” тусчихаад ч байгаа юм шиг.

Ингэхээр шинээр боловсруулах хуулийнхаа  үзэл баримтлал, хамрах хүрээгээ нилээд өргөн хүрээнд харж,  тэлэх шаардлагатай байна гэх санаа юм.

Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллага буюу OIE-г англи хэлээр “World organization for animal health гэж нэрлэж байгаа юм. Эндээс ч амьтны эрүүл мэнд, амьтны эмнэлэг, амьтны эмч гэх утга  тодорхой харагдаж байна.

Гадаадын зарим орны “малын  эрүүл мэнд”  буюу “амьтны эрүүл мэнд”-тэй холбоотой хуулийг үзэхэд шууд аваад хэрэглэж болохоор ойлголт, нэршил байна.

Тэднээс суралцах хэрэгтэй гэж бодож байна.

Угаасаа “малын  эрүүл мэнд”  буюу “амьтны эрүүл мэнд”-ийг хамгаалах тухай ойлголт нь зөвхөн Монголд яригддаг бөгөөд  байдаг асуудал биш юм. Дэлхий нийтээр түгээмэл байдаг асуудал.

Өндөр хөгжилтэй орнуудад амьтны эрүүл мэндийг хамгаалах тал дээрээ нилээд сайн шийдлийг олчихсон байгаа юм.

Тиймээс тэднээс маш сайн буюу зөв суралцах шаардлага байна.

Манай улсад зөвхөн мал эмнэлэг төдийгүй олонхи шинжлэх ухааны салбар сайтар хөгжихгүй байгаа нь муу суралцдаг, хагас дутуу ойлгодог, таллаж мөчилж нэвтрүүлдэгээс ихээхэн шалтгаалдаг юм билээ. Хамгийн эхлээд л тухайн шинжлэх ухааны ихэнхи нэр томъёог утгачилж бус, үгчилж орчуулснаас агуулга нь гажуудаад явчихсан байдал олонтаа тааралддаг.

Зөвхөн Монголын шинжлэх ухаан гэдэг ойлголт байхгүй шүү дээ. Хууль ч гэсэн ялгаагүй. Тиймээс гадаадынханаас сайн суралцаад, дээр нь Монголынхоо онцлогийг нэмээд л явчих хэрэгтэй байна. Бүх л салбарт гадаадынханаас суралцаад, хуулаад, дуурайгаад л явж байгаа шүү дээ. Хамгийн гол нь сайн суралцах.

Жишээ нь, Шинэ зеландын амьтны эрүүл мэнд, амьтны гаралтай бүтээгдэхүүний худалдааг зохицуулсан хууль, эрх зүйн актанд  “амьтан”, “амьтны гаралтай материал”, “амьтны гаралтай бүтээгдэхүүн”  гэдгийг дараах байдлаар тодорхойлсон байгаа юм.

 

Animal means any member of the animal kingdom, and includes – any mammal, bird, finfish, shellfish, reptile, amphibian, insect, or invertebrate: but does not include a human being.

Орчуулбал: Амьтан гэдэг нь амьтны аймгийн бүх гишүүд. Үүнд  бүх  л сүүн тэжээлтэн, шувуу, загас,  далайн нялцгай биетэн, хэвлээр явагч,  газар уснаа явагч, шавьж, сээр нуруугүйтэн хамаарна. Харин хүн хамаарахгүй.

Animal material means any live or dead animal, or any tissue or other material taken or derived from an animal.

Орчуулбал: Амьтны гаралтай материал гэдэг нь амьд буюу үхсэн амьтан, ямар нэгэн амьтны гаралтай буюу амьтнаас авсан эд буюу бусад материал.

Animal product, or product, means any animal material that has been processed (other than simply transported or stored in such a way as not to involve any alteration to its nature ) for the purpose, or ultimate purpose, of consumption or other use by humans or animals.

Орчуулбал: Амьтны гаралтай бүтээгдэхүүн буюу бүтээгдэхүүн гэдэг нь хүн буюу амьтны хангамж буюу бусад хэрэглээний зориулалтаар боловсруулсан (шинж чанарт нь ямар нэгэн өөрчлөлт оруулахгүйгээр хадгалалт, тээвэрлэлтийг хялбаршуулах арга замаас бусдаар)  амьтны гаралтай материал.

 

Манай улсын “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хуулинд  “1.1. Энэ хуулийн зорилт нь мал, тэжээвэр амьтны /цаашид “мал” гэх/ удмын сан, эрүүл мэндийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”   гэх зорилтын хэсэгт мал буюу амьтан гэдгийг мал, тэжээвэр амьтан гэж л тодорхойлсон байгаа.

Мал ба/буюу амьтан гэж юуг ойлгох вэ?   гэх талаар өөр ямар нэгэн  тодорхойлолт, тайлбарлал  байхгүй.

Иймээс шинээр боловсруулах хуулиндаа  цөөхөн ч гэсэн нэр томъёонуудыг аль болохуйц ойлгомжтойгоор бүрэн гүйцэд  тодорхойлохыг хичээх хэрэгтэй.

Амьтны эрүүл мэндийг хамгаалахын зэрэгцээ,  animal welfare  буюу амьтан хамгаалал, амьтны амар тайван байдлыг хангах, амьтны амар мэнд, амьтны эрх  гэх ойлголтыг хуулинд  оруулж зохицуулах  шаардлага тулгарч байна. Энгийнээр ойлговол амьтныг зовоож тарчлаахгүй байх, айлгаж сүрдүүлэхгүй байх, амьтантай зүй бусаар харьцахгүй байх, амьтны эрхийг хамгаалах  гэх зэрэг ойлголт юм.

Манай улсад хуульчилсан, тогтсон хэллэг, үйл ажиллагаа болж хэвшээгүй ч гэсэн уг нь уламжлалаар, манай өвөг дээдсийн үеэс Монголчуудад энэ тал дээр магадгүй  дэлхийн бусад үндэстнүүдээс ч илүү их байдаг  ойлголт байх.

Ямар нэгэн амьтанг өвчлүүлж үхүүлэхгүй ч гэсэн хөнгөн өвчлүүлээд аяндаа эдгэрчихдэг зарим өвчнөөс сэргийлэх ажил, үйлчилгээг хийгээд байдгийг  нөгөө талаас нь харвал тэр animal welfare  буюу амьтан хамгаалал, амьтны амар тайван байдлыг хангах, амьтны амар мэнд, амьтны эрхийг хамгаалж буй  асуудал ч юм шиг.

Монголчууд бол мал, амьтанг гэршүүлэх, сургаж номхруулах, эдлэж ашиглах, ашиг шимийг нь хүртэх талаараа үлэмж их туршлагатай ард түмэн.

Ер нь зарим гадаад орныхон мал, амьтдыг “ухаангүй” “амьд машин” шиг л үздэг шүү дээ. Ялангуяа, эрчимжсэн мал аж ахуй, сүүний фермийн эргэн тойронд тэр байдал илүү тод мэдрэгддэг. Жишээ нь цахилгаан саалтуур хэрэглэж байгаа нь эх мал буюу саалийн малын “ивлэх” буюу   “мал, амьтан ухаан”-аараа зохицуулдаг  үйлийг нь  огт авч хэлэлцэхгүй л байгаа хэрэг шүү дээ.

Одооноос animal welfare  буюу амьтан хамгаалал, амьтны амар тайван байдлыг хангах, амьтны амар мэнд гэдэг асуудлыг их ярьдаг, авч хэлэлцдэг болж байгаа нь тодорхой зүйлийн амьтад “ухаантай”  шүү!!!. гэдгийг хүлээн зөвшөөрч буй ч хэрэг юм шиг. 

Тиймээс энэ тухай ойлголтыг мөн шинээр боловсруулах хуулиндаа сайтар  ойлгомжтойгоор тусгаж өгөх нь зүйтэй байх.

 

Үндэсний шуудан сонин.
2013.05.17