Төрийн хэлхээ Эрдэм ном

Төрийн хэлхээ Эрдэм ном

“Төрийн хэлхээ-эрдэм ном, төрлийн хэлхээ-эцэг эх” гэх  хэлц үгийг ахмадууд маань олонтаа хэлдэг байлаа. Төрлийн хэлхээ гэдэг нь удам угсаа, хамаатан садан, үе удмын үргэлжлэл, залгамжлалыг  хэлж байна гэдгийг эрхбиш гадарлаж байсан. Төрийн хэлхээ гэдэг нь юуг хэлж байгаа талаар ойлголт  бараг байсангүй дээ. Төр  нь нийгмийн нийтлэг эрх ашгийг хамгаалдаг, нийгмийн бүх гишүүдэд үйлчилдэг шийдвэрийг гаргадаг, хууль ёс, уламжлалаар олгогдсон  эрхтэй засаглал, байгууламж гэдгийг хүүхэд насныхан  битгий хэл одоогийн төрд алба хаагчид ч ухаарч ойлгохгүй биз. Төрийн хэлхээ нь хууль, эрх зүйн актууд, төрд алба хаагчдын мэдлэг, туршлага, чадвар буюу эрдэм номоор дамжиж залгамж чанараа хадгалж авч явдаг юм уу, эсвэл танил тал, мөнгө хөрөнгө, авлигал, хээл хахууль, биеэ үнэлэлт, бөгс хонго долоох  мэтээр зуучлагдаж залгамжлагдан үргэлжилдэг юм уу гэдгийг манай өмнөх үеийнхэнээс асуусан бол “төрийн хэлхээ-эрдэм ном” гэх хэлц үгээр хариулах нь ойлгомжтой байж дээ. Харин өнөө үеийн Монголын төр, засгийн удирдагчид болон  жирийн иргэдээс “төрийн хэлхээ нь юу вэ?” гэж асуувал магадгүй 99% нь хөрөнгө мөнгө, авлигал, хээл хахууль, танил тал, биеэ үнэлэлт, рекетлэл  гэж хариулах нь тодорхой.   Утгыг нь хүүхэд насандаа гүйцэд ухаараагүй хэлц үгийн жинхэнэ мөн чанарыг  орчин үеийн Монголын нийгэм таны хийгээд  миний орой уруу  оруулж байна даа. Сүүлийн жилүүдэд төрийн болон төрийн оролцоотой алба, албан тушаалыг хэрхэн мэдлэггүй, мэргэшилгүй, ур чадваргүй этгээдүүдээр дүүргэж, тэд нь ч тийм төрлийн төрийн алба хаагчид хэрхэн яаж  төрийн ажлыг дампууруулан ажиллаж болохыг сонгодогоор нь харуулж байна. Өөрөөр хэлбэл төрийн хэлхээ нь эрдэм ном биш болсон үеийн тодорхой жишээнүүдийг төрийн ордон, яам, агентлаг, байгууллага, газар, хэлтэс зэрэг төрийн  улс төрийн, захиргааны, тусгай болон  үйлчилгээний бүтцээр ороод харахад л тайлбаргүйгээр шууд танилцаж болохоор болчихоод байна.  Нийгэм гэдэг том бодгалийн  бүх бүрэлдэхүүн хэсэг буюу эрхтэн, эдийн бүтэц, үйл ажиллагаанд задлан шинжилгээ хийж дүгнэлт өгөх мэдлэг, чадвар  мань мэтэд нь яаж байхав. Гэхдээ тодорхой, баримттай, үнэн зөв мэдээллийг нь олон жилийн турш мэдэж байгаа  нийгмийн зөвхөн нэг жижигхэн хэсэг нь  болох өөрийн мэргэжлийн салбарынхаа эргэн тойрон дахь төрийн оролцоо буюу төрийн бодлогын залгамж чанар, хэлхээ, үргэлжлэлийн талаар анзаарч байхад тэнд “төрийн хэлхээ нь эрдэм ном буюу хууль, эрх зүй, мэдлэг, мэргэшил, туршлага, ур чадвар юм” гэх ойлголт огт байхгүй. Зөвхөн манай мэргэжлийн салбарын эргэн тойронд тийм байгаа юм болов уу, бусад салбарууд дахь төрийн хэлхээ нь ямар байгаа юм бол гээд анзаарч сонирхохоор манай мэргэжлийнхтэй төстэй нь дэндүү элбэг юм.  Хэвлэл мэдээллээс ажиглаж байхад одоо төрийн гэх тодотголтой нийгэмд үйлчилж, нийтийн эрх ашгийг хамгаалж ажиллах ёстой нөгөөх байгууллага, албан тушаалтнуудтай нүүр учирсан бүхэн л  “Төрийн албаны тухай” хуулийн 3, 5 дугаар зүйлд заасан ангилалд хамаарч буй төрийн улс төрийн, төрийн захиргааны, төрийн тусгай, төрийн үйлчилгээний гэх 4 ангилалын алба, албан тушаалд ажиллагсдын үнэмлэхүй олонхи нь мэдлэггүй, чадваргүй буюу төрийн албыг зөвхөн өөрөөс нь дээшхи зэрэглэлийн ба төрийн өндөр  албан тушаалтанд үйлчилдэг гэж ойлгосон, хоосон толгойтой, тэгсэн мөртлөө дүр эсгэсэн, цүнх барьсан, ихэмсэг зантай, харилцааны наад захын соёлгүй,  ёс зүйгүй  байгаад  нь уурласан, бухимдсан, уулзахаас халгасан, аргаа барсан байдалтай байгаа нь илэрхий харагддаг.

Манай улсын иргэдийн олонхи нь төр гэдгийг бараг л “төрийн ордон” буюу бидний нэрлэдэгээр “саарал байшин”, тэнд ажилладаг хэдэн хүн гэх ойлголттой л байгаа. Тэгвэл иргэд бид төр гэдгийг  лав л байшин барилга, ширээ сандал, албан тушаал, машин тэрэг, өндөр хангамж гэж ойлгож болохгүй нь. Харин төрийн хууль, эрх зүйн актууд болон төрийн алба, албан тушаалд байгаа мэдлэг, чадвартай хүмүүсийг төр гэж ойлгоно гэхэд нэг их буруудахгүй байх. Ер нь хаана ч  алба ажил, үйлчилгээний чанар нь гүйцэтгэж буй мэргэжилтэн, ажилтны мэргэжлийн мэдлэг, мэргэшил, ур чадвар, сэтгэл зүтгэл, ёс зүйнээс хамаардаг. Төр хүчтэй, сул, төрийн алба сайн, муу гэх нь тэнд ажиллагсдаас л шалтгаалж буй үнэлгээ.

Эрдэм ном:

Төрийн ажлыг  хэлхэж уялдуулах  эрдэм ном гэдэгт сайтар үндэслэлтэй боловсруулж баталсан хууль, дүрэм, тогтоол, журам, заавар, эрх зүйн актууд л голлож хамаарах байх. “Сайн төрийн толгойд хууль, дүрэм, журам, муу төрийн толгойд дарга, ноён, түшмэл” гэх агуулгатай хэлц ч байдаг. Манайханд “эрдэм ном” гэхээр л “эрдмийн зэрэг цол” буюу магистр, доктор, академичийн үнэмлэх гээд хадуураад явчихдаг нэг гэм бий. Монголд  магистр, доктор, академичийн хавтас бол мэдлэг, мэргэшил, туршлага, ур чадвар буюу эрдэм номын  илэрхийлэл гэх утгаа аль хэдийн алдчихсан талаар зарим судлаачид олон жилийн турш бичиж байна даа. Тэдгээр эрдэмгүй эрдэмтдийг аттестатчилах, бүтээлийг нь шүүлтэнд оруулах, хэрхэн яаж цол, зэрэг авсан талаар нь мониторинг хийхэд ч болохгүй нь үгүй. Лавтайяа энд дурдаж байгаа эрдэм ном бол янз бүрийн бусармаг аргаар хүртчихээд байгаа  хуурамба эрдмийн зэрэг цол биш шүү л гэдгийг дахин тодотгох нь зүйтэй байх.  Товчхондоо сайн хууль, эрх зүйн актууд, мэдлэг, туршлага, ур чадвар, мэргэшлийг л төрийн хэлхээ эрдэм ном гэж үзсэн байх гэж бодож байна.

Төрийн ажлын залгамж чанар:

Хэдийгээр Монголын төрд тогтсон алс хэтийн бодлого байхгүй ч гэсэн соёлт хүн төрөлхтний жишгээс суралцаад, дээр нь газар нутаг, үндэснийхээ өвөрмөц онцлогыг тусгаад явж байхад дэлхийг дагуулдаггүй юм гэхэд, дэлхийн жишгээс хол хоцорчихгүй явах боломж байх нь ойлгомжтой. Тогтсон хэтийн бодлого, төсөөлөл байхгүй болохоор л төрийн албан тушаалд очсон мэдлэггүйчүүд нь юу хийхээ мэдэхгүй нэг хэсэгтээ будилж сууна. Тэгэж байтал нэг овжин этгээд, компаний захирал эсвэл гадаадын нэгэн “зөвлөгч” ирээд ийм тийм ажлыг хамтарч хийе, төсөл хэрэгжүүлэе гэхээр л тэднийг дагаад л намирах нь олонтаа. Бодлого, хөтөлбөр, чиглэлгүй юм чинь. Гадаадынхан болон наймаачдад мэдээж ашигтай. Харин Монголд үр дүн нь хэзээ хэрхэн гарах нь тодорхой бус, тооцоо, судалгаагүй баахан хэрэгт хэрэггүй ажил хийж хорлон сүйтгэл учруулна. Онол нь ямар байдаг ч гэсэн төрийн ажлын залгамж чанар гэдгийг өмнө нь тухайн чиглэлд явагдаж байсан төрийн ажил, үйлчилгээний зөвийг нь авч, бурууг нь гээж, хүрсэн түвшингээс нь бууруулахгүйгээр, дордуулахгүйгээр, чадвал жаахан ч гэсэн эерэг тал руу нь хөгжүүлээд явахад л болно гэж ойлгох хэрэгтэй байна. Чадамж байвал ойрын болон хэтийн хөгжлийн хөтөлбөртэй болох хэрэгтэй. Хэтийн хөгжлийн хөтөлбөргүй бол сонгуулиас сонгууль хүртэлх богинохон бодлын тоглолтын золиос болж, эсвэл хаашаа явж байгаагаа мэдэхгүй л гэлдэрсээр дуусах нь.

Төрийн албанд ажиллах шалгуур үзүүлэлт:

Төрийн албанд ажиллагсдад тавих хамгийн гол шалгуур нь тухайн ажил, үйлчилгээг гүйцэтгэх мэргэжлийн мэдлэг, туршлага, мэргэшил баймаар байна. Ингэхгүй байгаагаас л Эрээнээс “гахай” зөөж, зах дээр контейнэр түрээслэж, ноос, ноолуур Хятад руу зөөж,  ломбардаар мөнгө хүүлж, хууль бус газрын наймаа хийж, зөөлөн шороон хөрсөн дэх хулганы нүх, эсвэл зөгийн үүр шиг хэврэг чанаргүй барилга барьж, гадаадын эдийн засгийн алуурчдын гар хөл болж, харийн шашны ухуулагч, зуучлагч хийж, рекэтлэж, дээрэм хийж явсан этгээдүүд намууд болон улс төрчдийг “худалдаж аваад” л хаанаас гараад ирсэн нь бүү мэд нэг өдөр л төрийн албаны ажлын байранд ирээд суучихсан байх нь түгээмэл үзэгдэл боллоо. Мэдээж энэ бүхнийг хөхүүлэн дэмжигч, луйвар, хуйвалдааныг гардан зохион байгуулагч нь Монгол улсын Төрийн албаны зөвлөл, Төрийн өмчийн хороо гэх мэт субъектүүд. Зөвхөн хоёрхон жишээ дурдахад  манай мэргэжлийн салбарт төрийн бодлогыг хэрэгжүүлдэг нэгэн агентлаг, мөн л манай мэргэжлийн салбарт маш чухал үүрэгтэй төрийн өмчит нэгэн байгууллагын удирдлагыг 2005, 2008, 2011,  2012, 2014 онуудад Төрийн албаны зөвлөл, Төрийн өмчийн хорооноос сонгон шалгаруулахдаа бүх нэр дэвшигчдээс  мэргэжлийн мэдлэг хамгийн багатай, хамгийн бага туршлагатай буюу огт туршлагагүй, ажил олгогчийн гаргаж зарласан тухайн ажлын байрны шаардлагад нь хамгийн бага нийцэлтэй, өмнө нь төрийн албыг  маш муу  хашиж байсан буюу төрд огт ажиллаж байгаагүй этгээдүүдийг нь сонгон шалгаруулаад гаргаад ирж байсан. Энэ жишээнүүд бол авлигал, хээл хахуулийн үр дүн гэдэг нь хэнд ч тодорхой. Ийм байдлыг хүмүүс “хэвийн үзэгдэл” гэж үздэг  болцгоосон бололтой. Шүүхэд хандаад ч нэмэргүй. Бүгдээрээ мэдэж байгаа ч дуугүй гэлдэрсээр л. Энэ байдал нь төрийн албыг ч, улс орныг ч уруудал доройтол тийш хөтөлсөөр л  явж байна даа.

Төрийн албанд дурлах:

Төрд алба хаагч тендер бизнест оролцох, лицензи, зөвшөөрөл олгох, худалдаа наймаа хийх, их хэмжээтэй мөнгөн гүйлгээний гарын үсэг зурах, тусгай хангамж эдлэх зэргийг л хяналттай, хязгаартай, ил тод болгож, аль болохуйц тэдгээр дуршил төрүүлэгчид ойртуулахгүй байх нөхцлийг л бүрдүүлэх хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд төрийн албанд дурлах явдал багасна. Өнөөдөр төрийн албанд дурлагсад, шургалагсдын үндсэн зорилго нь наймаанд оролцох, авлигал авах, тухайн албан тушаалыг худалдаж авахад гаргасан зардлаа нөхөх, улмаар нэмж олох.  Түүнээс бус тухайн этгээдэд болон тэдний намд энэ салбарт зайлшгүй хэрэгжүүлэх ёстой ийм бодлого, хөтөлбөр байна. Түүнийг нь хэрэгжүүлэхэд уг хүний  мэдлэг, чадварын оролцоо чухал гэж явж байгаа төрийн алба хаагч үнэмлэхүй цөөнх л байх. Ялангуяа яам, агентлагыг бодлого, хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлдэг л бүтэц болгомоор байгаа юм. Ингэсэн тохиолдолд олонхи нь төрийн албанаас зугатдаг болох байх.

Өрсөлдөх дур:

Төрийн албанд хаа нэгтээ орон тоо гарах бүрт нэр нь цохиж явдаг этгээдүүд олон байх юм. Өмнө нь ч, одоо ч ажиллаж буй ажлын байрныхаа шаардлаганд тэнцэхгүй байсан/байгаа, өөрөөр хэлбэл хариуцаж байсан/байгаа ажлаа уналтанд оруулчихсан этгээдүүд төрийн албанд өрсөлдөх дур ихтэй байх юм. Эсвэл хаана хэзээ юу бүтээж, ямар ажлыг хэр гүйцэтгэж явсан нь тодорхойгүй этгээдүүд. Тэдний олонхи нь ажил олдохгүй байгаа, аль эсвэл ямар нэгэн ажил гүйцэтгэх чадваргүй хүмүүс л төрийн албанд ажиллах ёстой гэж ойлгодог бололтой. Аль эсвэл намын ухуулга сурталчилгаанд оролцсон хүмүүс нь мэргэжил огт харгалзахгүйгээр ямар ч мэргэжлийн удирдах ажлыг хийж болно гэх ойлголт бас байх шиг. Улс төрийн албан тушаалд хэн ч байсан болдог юм гэлцэх. Улс төрийн албан тушаалаас бусад төрийн албанд мэргэжлийн мэдлэг, туршлага, чадвартай бөгөөд бодлоготой нь л дурладаг болмоор байна.

Төрийн албаны тогтвортой байдал:

Төрийн албан хаагчид тогтвортой ажиллах ёстой гэдэг ч юуны өмнө одоогийн төрд ажиллаж буй хүмүүсийг бүгдийг нь төрийн албанаас чөлөөлөх хэрэгтэй. Учир нь одоо төрийн болон төрийн оролцоотой бүх байгууллагад ажиллагсдын үнэмлэхүй олонхи нь мэргэжлийн мэдлэг, ур чадвараараа шалгаран шилэгдэж тухайн ажлын байранд ажиллаж байгаа бус, танил тал, авлигал, хээл хахууль, биеэ үнэлэлт, рекетлэлийн замаар сонгогдож, томилогдсон гэдэгтэй маргах хүн гарахгүй байх.  Хэн нь хэний үед, хэнээр зуучлуулж, хэний бөгс хонго долоож, хэнд авлигал өгч орсноо тэд ч хоорондоо сайн мэдэлцэнэ. Олонхи нь дээрээс татаас, хамгаалалттай. Тэднийг бүрэн чөлөөлсний дараа тухайн ажлын байранд тавигдах шаардлагуудыг нь үндэслэлтэй гаргаж тавиад сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод явуулчихад төрийн алба нилээд цэвэршинэ дээ. Төрийн өмчөөр  бараа, ажил үйлчилгээ худалдаж авахдаа бүх оролцогчид жигд, тэгш  ханддаг гэх цөөхөн  үндсэн зарчмаа л төрийн албан хаагч сонгож авахдаа баримталчихад л үлэмж их дэвшил гарна даа. Түүний дараа төрийн албыг харьцангуйгаар тогтвортой байлгах хэрэгтэй гэж ярьж болно.

Төрийн албыг мэргэшүүлэх.

Саяхан ажил хэргийн шугамаар нэгэн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажилладаг хуульч, эрх зүйч мэргэжилтэй нэгэнтэй уулзах үед мэргэжлийн ажлын байранд тухайн мэргэжлийнх нь хүнийг ажиллуулах шаардлагын талаар түүний өөрийнх нь мэргэжлээр жишээ татаж хэлэхэд гайгүй ойлголт авах шиг болсон. Математикийн багш, эсвэл трактор, комбайны инженер мэргэжилтэй хүн шүүгч, өмгөөлөгч, прокуророор ажиллаж болох уу гэж асуухад болохгүй гэж хариулж байна лээ. Харьцангуй нарийн мэргэжлийн салбарын ажлыг мэргэжлийн хүн л хийх ёстой гэж бидний шаардаж буй нь түүнтэй утга чацуу болно.